САМАДИ


САМАДИ

 Их Багшийн айлдвар

Юу ч хийж байсан түүндээ бүрэн дүүрэн орших нь нэг үзүүрт самади. Зургаадугар төрлийн дээд мандалт сударт: “Гаднах дүрсээс салвал (хуран мэдэл эс үүсэх аваас) дияан хэмээмүй. Дотоод бодол самуурахгүй бол самади хэмээмүй” хэмээжээ (боть 6, тал 60).

Самади нь өнгөц, гүн 2 янз бий. Гэрэл харж, аялгуу сонсож байгаа нь мөн самади. Энэ нь өнгөц самади. Заримдаа зөвхөн дотоодоо мэдэрч, эргэн тойронд юу ч мэдрэхгүй (боть 6, тал 52).

Самадид ормогц бүх дэлхий алга болно. Бид зөвхөн гэрэл, эрх чөлөө л болж хувирна. Бие махбодь ч, хөрш чинь ч, бүр орчлон хорвоо ч оршихоо болино. Бурхан гэдгээ, эрх чөлөө гэдгээ мэдэх үнэхээр гайхалтай (боть 6, тал 53). Самади агуулаад удвал явах суух, унтах хэвтэх нь бүгд дияан болно (боть 6, тал 28). Самадийн утга санаа нь дотоодын маш гүн баяр баясал, номын баяслаар бялхахыг хэлнэ. Жинхэнэ самади танд билиг ухаан болон төгс баясгаланг өгөх болно. Самади агуулах үеийн энэхүү билиг ухаан болон төгс баясгалангаа ертөнцтэй хуваалцах буюу таныг гэсэн хэн нэгэн болон ойр дотныхондоо өгч хуваалцах хэрэгтэй. Зарим багш гүн самадид оршоод, гарч ирж ертөнцийг сэхээрүүлдэггүй. Маш гүн, маш дээд дэсийн самади агуулах үед заримдаа бие цогцоо мэдрэхгүй болж, энэ ертөнц дээр хэрхэн ажиллахаа мэдэхгүй болдог. Хүн зодвол нь өвдөхөө мэдрэхгүй. Хүн зэмлэвэл нь түүнийг тэвэрч үнсэх жишээтэй. Учир нь энэ ертөнцийн сайн муу, сайхан муухайг ялгаварлах сэтгэл үгүй болсон байдаг. Цаашилбал хэдэн өдөр, сар юм идэхгүй байж чадна. Бусдад туслах юм үгүй, хүн бүрийг өөртэйгээ адил баяр баясгалантай, сэтгэл ханамжтай байгаа гэж боддог. Та өөрөө номын баяслаар бялхаж байх тул бүх ертөнцийг бас төгс баясгалантай байна гэж бодох болно. Бид ийм  төгс баясгалант хүслэнт ахуйд байх боловч зовлон амсаж буй хүмүүс бас бий. Энэ самади сайн хэдий ч өөр нэг зүйл самадид хүрэхгүй юм. Үнэндээ самади олон ч энд 2 төрлийн нийтлэг самадийн тухай ярьж байна. Төгс гэгээрсэн багш болох буюу энэ дэсэд ойртоход эдгээрийг мэдэж авах хэрэгтэй. Бурхан Багш ном тавихаасаа өмнө бодь модны дор бясалгаад эхний самадийн ойлголттой болжээ. 49 хоног хуруун чинээ ч хөдөлсөнгүй, юу ч идсэнгүй, уусангүй. Исус цөлд 40 хоног хөдөлсөнгүй, юу ч идэж уусангүй. Мухаммед ертөнцийг гэгээрүүлэхээсээ өмнө бас ийм самади агуулжээ. Гэвч ийм самадигаас эрхбиш салах хэрэгтэй. Үүнээс хойш тэд өдөр бүр бясалгах болсон нь өөр нэг зүйлийн нэлээд энгийн самади болно. Та 24 цаг самадид байна, гэвч бас 24 цаг самадид байхгүй байна. Та төгс баясгалан дотор байхын хамт бас энэ ертөнцөд байх юм. Ингэхгүй бол энэ ертөнцөд туслах аргагүй. Энэ бол нэлээд дээд дэсийн самади юм. Ийм хүслэнт ахуйд хүрэх нэлээд бэрх. Эхний самадийг олох их бэрх байхад удаахийг олохын бэрхийг хэлээд яах вэ. Төгс гэгээрсэн багш болж хамаг амьтныг гэтэлгэхийн тулд самадийн хүслэнт ахуйг тархитайгаа хамжих хэрэгтэй болно. Самади танд дотоод хүч өгнө. Иймд та барилдлагат хүнээ адислаж чадна. Самади үгүй бол хэнийг ч адислаж чадахгүй. Тэднийг аварч, тусалж чадахгүй. Та хаа ч оршиж чадахгүй, өөрөөр хэлвэл нэг цагт олон газар илэрч чадахгүй. Эрүүл саруул ухаан (тархи)-гүй зовлонтой амьтантай нэвтрэлцэж чадахгүй, тэднийг ойлгох аргагүй. Тиймээс энэ 2 зүйл хүч (самади, тархи) бүрэн байх хэрэгтэй. Гэвч үүнийг олох нэн бэрх тул эртнээс нааш төгс гэгээрсэн хүн олон байдаггүй. Тоост хорвоод байх боловч басхүү ертөнцөд байгаагүй, самадид байх боловч басхүү самадид байгаагүй. Иймээс төгс гэгээрсэн багшийг олох гэдэг нэн бэрх. Учир нь тэд самади агуулснаа бусдад мэдэгдчихдэг нэг дэх зүйл багш биш. Эдгээр төгс гэгээрсэн багш бол богд, ариун сүнс. Тэд дотооддоо нам жим байхын хамт гаднах ажлаа шийдвэрлэж байдаг (боть 6, х 367-373).

Бурхан Багш бээр 8 гишүүнт зам мөрийн дотор зөв самадийг номложээ.

Буруу самади байх боломжтой учраас “зөв” гэж тодотгожээ. Ухамсраа алдаж тасрах юм бол буруу самади. Дотоод руугаа гүн орох үед гадна талыг умартаж ухамсраа алдах нь бий. Ердийн үед гадна талаа ухамсарлаж дотоодоо умартаж явдаг. Дотоодоо ухамсарлаад гадна талыг мартвал хөл толгой л солигдсон болохоос нөгөө л хүн хэвээрээ. Энэ бол буруу самади /Ошо Зам мөр, жам ёс, х 108/.

Будда: “Аль нэг туйлд автахгүйгээр гаднаа ч, дотроо ч бүрэн ухамсарлиг байх нь зөв самади. Дотоод ухамсрын чинь гэрэл туяарч, тэрхүү гэрлээр гадна тал чинь дүүрэх учиртай. Чухамдаа зөв самадид гадаад, дотоод гэсэн зааг арилдаг. Хуваагдал буюу хоёрдмол байдлаас даван гарах нь зөв самади” гэжээ /тэнд, х 108/.

Бие, сэтгэл хоёр уусан сүлэлдэж нэгэн айзмаар лугшин долгилж байхыг самади хэмээн Шантидэва Богд тодорхойлжээ (Ухаарал, Бясалгал, Гэгээрэл П.Бадралын орчуулга, 2010).

Шри Чинмой Богд бээр 3 төрлийн самадийн талаар дэлгэрэнгүй бичсэнээс хоёрыг нь онцолвол (Шри Чинмой Самади ба Сидхи, монгол орчуулга, 2010): Савикалпа самадийн үед хүн түр зуур эгэл жирийн ухамсраасаа гарч ухаан алддаг. Энэ самадийн үед та 1-2 цаг тэс ондоо ертөнцөөр зорчино. Тэнд бараг юм бүхэн гүйцэлдэж биелсэн байх нь харагдана. Энэ дэлхийд таны хувьд гүйцэлдээгүй мөрөөдөл, дуусаагүй ажил сая саяараа бий. Харин савикалпа самадид орох үед та бараг юм бүхэн гүйцэлдэж биелсэн байна. Савикалпа самадийн үед янз бүрийн бодол санаа эргэлдэх боловч тэдгээр нь танд нөлөөлөхгүй. Таны бясалгал хэвийн, тайван явагдаж, дотоод ахуй тань эрч хүчтэй байна. Харин үүнээс бага зэрэг дээшилж нирвикалпа самадид хүрээд сүнстэйгээ нэгдэж чадвал тэнд бодол санаа огт үгүй болно. Орчлон ертөнцийн хөдөлгөөн тэнд төгсдөг. Тэнд байгаль, дэлхий гэж үгүй, зөвхөн цаглашгүй Амгалан, Жаргалан л бий. Мэдэгч хийгээд Мэдлэг хоёр нэгдэж нэг болно. Юм бүхэн намуун дөлгөөн болж, хамгийн тэнгэрлиг дээд онгодын дотор та цэнгэн баясна. Баяр баяслын шалтгаан хийгээд тэрхүү баяр баяслыг эдлэн цэнгэгч нь та болно. Түүгээр ч зогсохгүй та өөрөө тэрхүү баяр баясал нь болно (тал 83-84).

Нирвикалпа самадид хүрээд бид нар ялгаа зөрөө гэгч тэр зүйлийн чанад гардаг. Тэнд оюун ухаан огт хэрэггүй болно. Нирвикалпа самадид ороод хамгийн түрүүн мэдрэх зүйл гэвэл зүрх маань хамаг орчлонгоос ч агуу уужим болохыг анзаардаг. Хорвоо дэлхий, орчлон ертөнцийг хязгаарлагдмал ухааны хүчээр харж төсөөлж байсан маань өөрчлөгдөж, бодит байдал дээр орчлон ертөнц гэдэг нь хязгааргүй уужим зүрхний маань дотор байгаа өчүүхэн цэгээс өөрцгүй болохыг харна. Нирвикалпа самадид цаглашгүй Жаргалан бий. Тэрхүү Жаргаланг хэмжиж, харьцуулж жишихийн аргагүй. Тэнд мэдрэх гуравдахь зүйл гэвэл Хүч, Шидийн хүчийг олсон бүх хүний хүчийг хамтатган нэгтгэлээ гэхэд тэр нь нирвикалпа самадид байх үедээ эзэмдэх Хүчтэй харьцуулахад юу ч болохгүй (тал 88-89). Өндөр дээд самадид хүрэх үед өрөөл бусдын бие даасан бодьгал чанар үзэгдэхээ больдог. Хүмүүс бидэнд хүн дүрээрээ бус далайд цутгах гол мөрөн адил ухамсрын урсгал байдлаар үзэгдэнэ. Гол горхи цутгаад далай болж хувирна. Самадид орохын тулд заавал гэгээрсэн байх шаардлагагүй (тал 92-93). Самади бол ухамсрын маш өндөр ертөнц (тал 10). Самадид хүрсэн хүн олон байдаг бол (тал 91) гэгээрэл нь Бурханы ухамсартай бүрэн төгс нэгдэхийн нэр (тал 64). Самадид орох нь бясалгалын цагаан толгойг мэдэхтэй адил (тал 91). Та самадид орох боловч самади таныг хувиргаж өөрчлөхгүй. Онгодыг олоод өндөр дээш хөөрнө. Яагаад гэвэл тэр үедээ та Бурхантай нэг байдаг. Гэвч биет ертөнцөд эргэж ирэхдээ жирийн л хүн болж хувирдаг. Харин ухамсраа хувиргах аваас хорвоогийн мунхагийн харанхуйд дахин хэзээ ч автахгүй (тал 97).

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.