ЭР ЦЭРГИИН ДУУЛЬ

ЭР ЦЭРГИИН ДУУЛЬ 

 

Герман, Япон хоёр

                       тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч

                       дэлхий, зүрх шархадсийм

Мал, хүн, хот балгас

                       устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун

                        өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

                        хоёр галзууг номхруулж

 Төчнөөн айл өрхийг

                        үрсээр нь нэрийдсийм

Эцэггүй хоцорсноо мэдэлгүй

                        тоглоомдоо улайрсан үрс

 Эх орны дайнаас

                       авлагатай хоцорсийм

 

            *   *   *

Гал атгаж цэрэг төрдөггүй

Ган ширээж цэрэг болдоггүй

Эх оронтой хэн бүхэн

Элгэн хайраараа цэрэг болдгийм

Аз жаргалд хайртай бүхэн

Аваа өгөөнд цэцэн болж

Заавал дийлэхийг өөртөө даатгаад

Замгаа шүүрэн босдог юм

 

Гэнэгүй байсан зүүд цочроон

Гэмгүй явсан зүрх эмзэглээн

Түгшүүрийн дохио дорно зүгээс

Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд

Дуулга цагаан Алтай

Уулга алдан сүүрсч

Дуулим дорно тал минь

Ууцаа нугалам хотойсийм

Өстний сургаар унаагаа юүлээд

Өрхийн тэргүүн цэрэг болсийм

Явуулын хүн шиг уяа хоослоод

Яаруу гээч нь мордоод явсийм

Ган сэлмийн ир хялайвч

Чин сэтгэл дуулга болж

Гацсан замаг цэнэгээ баравч

Эр зориг цайз болж

Эх орны эр цэрэг

Их анд орос нөхөр

Газрын дөлийг атгаж унтраан

Гавъяа нэхэлгүй эрсэдсэн билээ

Булгих зүрхэнд эх орон

Буцлах цусанд эв олон

Алтан амиа бөхлөх юмтай

Аадрын үер шиг шаагисан эрс

Бууны сумаар мөндөр буусан

Бузар хэргийн зарга шүүж

Дайны талбарт эзний ёсоор

Дархан цолтой үлдсэн билээ

Хангал морьд дайнд омгорч

Хар үйлтэнд хамт өширч

Харайлт бүрдээ нутаг усаа

Харь хэлтнээс булааж байсийм

Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож

Эр цэрэг хүлэггүйдэн явгарч

Эх орны алхам газрын төлөө

Эрчилсэн цусаа тогтоох завгүй

Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө

Эмээл дээрээ үхэж байхад

Ингэн сүү шиг мэлмий тал минь

Элгэн дээрээ зовлонг тэвчиж

Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь

Итгэлтэйеэ манаж байсийм

Дайныг үүрч, дайныг туулсан

Тал, эр, морь гурав

Нэгэн хүйгээр амин холбоотой

Нутаг усандаа ээлээ өгч

Нэхэл хатуу тулаан дундаас

Нэрийг нь авч гарсийм

Үхэл сэхэл хоёрт

Гомдол баяр үгүй

Үүрэг хүлээсэн цэрэг

Энэ гурав байсийм

Цусаа юүлсэн амиар

Цулбуур алдарсан мориор

Цурам ч аниагүй талаар

Ялалт ирсийм

Ялалтын сүрээ туганд мандуулж

Ялсан урмаа дуунд шингээж

Явсан эрс буцаж ирсийм

Хонгио тэр үед дариа хоосолж

Хорвоо эмзэглэн амиа хоосолж

Аз жаргалын үнэ цэн

Асгарсан цусны төлбөр байсийм

Дарийн хороор хонгио зэвэрч

Дайны гамшгаар дэлхий гасалж

Амь юүлж, газар шархдаж

Аз жаргал буцаж ирсийм ...

Герман, Япон хоёр

                 тэр жил галзуурахад

 Газар, элэг өмөрч

                 дэлхий, зүрх шархадсийм

 Мал, хүн, хот балгас

                устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун

                 өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

                хоёр галзууг номхруулж

 Төчнөөн айл өрхийг

                 үрсээр нь нэрийдсийм

Эцэггүй хоцорсноо мэдэлгүй

                тоглоомдоо улайрсан үрс

 Эх орны дайнаас

                  авлагатай хоцорсийм.

1975 он

 

Ленинградынхны баатарлаг үйлсэд зориулав.

                     ТАЛХ

Эхийнхээ шарилд сөхөрч уй тайлах бүсгүй

Энэ нутгийн заншлаар цэцэг өргөсөнгүй

Энгийн л нэг хөшөө гавъяа түүх бичсэнгүй

Эргэн тойронд нам гүм хэдэн хүн мэгшинэ

Эхдээ охин цэцэг бус талх өргөжээ

Эвийлэх зөөлөн сэтгэлтний харь элэг эмтэрчээ

Эх орны дайн хал амсуулсан зүрхэнд

Энэ хэрчим талх сум шиг харван иржээ ...

Галзуурсан ярга, хар дайн

Гал түймэр, далайн шуурга

Хүний хэлэнд шургалсан

Хамгийн аймшигт үгс

Түгшүүр зүдүүр алинтай ч

Талх хүч тэнцэнэ

Талхгүйдэж сая хүн үхлийн хаалга татсан

Тамиргүйдэж амьдаараа тасын хоол болсон

Хон хэрээ толгой дээр нь сууж байхад

Хойчийн өдрийн талхны тухай л бодож байсан ...

Инээд хөөр, зол жаргал

Энх тайван, баяр цэнгэл

Хүний хэл өөрөө дурласан

Хамгийн нандин үгс

Тансагхан ариухан бүхэнтэй

Талх хүч тэнцэнэ

Үр нүдлэх тариан талбайд

Өнийн жаргал үүр шиг гийсэн

Талх, давстай зочноо угтаж

Далай цалгиам дуугаа түрсэн ...

Талх даанч өгөөмөр

Дайсан, нөхрийг ялгахгүй

Хар санаа шүглэсэн газар ч

Цагаан сэтгэл амлаж байдаг

Хайр ивээл хургасан газар ч

Цайлган эх шиг өрөвчхөн байдаг

Талхыг овог нэр шигээ

Том үсгээр хүндэлж бичдэг

Хазахдаа хайрлаж, үнэнийг ухаарч

Хатчихвал өр нь өмрөн шаналдаг

Амьдрал туулсан өтгөс

Зовлон даадаг нулимсаа

Атгахан талхны элтэрхийд

Зовхио юүлэн өгч байна

“Талх мандтугай”

Ингэж хэлэх зүрхтэй

Ингэж тунхаглах эрхтэй

Эмгэд өвгөд

Эх орны дайныг

Энд өвдөглөж сууна.

*                  *                   *

Яруу найраг талх шиг энгүүн

Яг ижил ариухан тансаг

Ааг амт нь амилж бүрэлдсэн

Амьдралын зүйргүй нандин олз

Яруу найраг, талх хоёр

Яг адилхан

Амьдралыг найраг дуулдаг юм бол

Араанд уусах талхны шим хүч нь байг!

Аз жаргалыг найраг дуулдаг юм бол

Ач авралын ширхэг тариа сүлд нь байг!

Тариа – энэ домогт нэр

Таалалт хорвоод бийд чинь гялайлаа!

Тариа – энэ шидэт үр

Тансаг амьдралд ирсэнд чинь гялайлаа!

Талх – энэ эрхэм үгтэй

Төрөлх хэл минь баярлалаа!

Талх – энэ гайхам идээтэй

Таван ханат минь гялайлаа!

1983.11.4


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(14 цагийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(3 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

Хуанли