АРГАЛ ТҮҮСЭН ИЖИЙ

АРГАЛ ТҮҮСЭН ИЖИЙ

Газар тамгалсан малын хишиг

       хөх аргал

Гантай тулга таалсан тэнгэрийн өглөг

       хөх хомоол

Наранд эрхэлж бороонд туньсан

       галын бурхан

Намар хаврын зэрэглээнд ижийг минь

       ачаатай тэмээ шиг хөвүүлсэн

Нар жарган жаргатал араг

       дэнхийтэл үүрүүлж зүтгүүлсэн

Нас намбыг нь хүртэл

       алхаанд нь аажуухан дүйлгэж

Над уруу ижийг минь тэртээ холоос

       дэнхэн дэнхэн яаруулсан

Аяа, тэр л яруу тансаг

       зүүд шиг зураг шивнэсэн

Аргал гээч найраг хурсан

       бүхэл бүтэн орчлон

Амгаланы цаад амгалан ижийг минь

       баярлуулсан даргай хөх аргал

Ачтаны цаад ачтан гэрийг минь

       гялайлгасан галтай хөх аргал

Адгуугийн цаад адгуу аавыг минь

       тайтгаруулсан салхитай хөх аргал

Арчаагүйн цаад арчаагүй намайг

       бүлээцүүлсэн нартай хөх аргал

Аяа надад ижийг минь таниулсан

       нутгийг минь нүдлүүлсэн

Аргал гэдэг илч хурсан

       бүхэл бүтэн амьдрал аа

Намар хаврын зэрэглээнд ижийг минь

       ачаатай тэмээ шиг хөвүүлсэн

Намайг яруу сайханд

       ангасан ботго шиг живүүлсэн

Нарны хооронд бидэн хоёрыг

       гүнгэр гангар дүйлгэсэн

Насны хоёр амийг

       араг үүрүүлж жаргаасан

Намайг ижийг минь бараадуулж

       нэгэн орчлонг ухааруулсан

Намайг бараадуулж ижийд минь

       нэгэн уярал хайрласан

Аяа аргал түүсэн өдрүүд минь

       ижийгээ хань татаж

Алагхан толгодоо элээн

       найраг түүсэн өдрүүд минь

1993.8.18 Улаанбаатар

 

 

"Монгол эх урийн заяа тавилан шиг гал ноцсон хайр, ачлал энэрэл,шаналал цогцолсон ёс суртахууны эрхэм дээд чанарыг газар сайгүй олохгүй биз ээ".

"Эх үрийн дуулал" номоос, 1993 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(13 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(17 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(17 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли