СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Эх материал: Сергей Караганов Как Россия победит в новой мировой войне
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас Г.Лхагваа товчлон орчуулав.
Профессор Сергей Караганов – улс төрч, эдийн засагч мэргэжилтэй. ОХУ-ын Гадаад болон Батлан хамгаалах бодлогын зөвлөлийн хүндэт дарга. Брежневийн илтгэлийг бэлдэж, ерөнхийлөгч Горбачев, Ельцин, Путин нарт зөвлөж байжээ. Профессор Карагановын үзэж буйгаар дэлхийн шинэ дайн эхэлсэн бөгөөд Орос улс хүлээцтэй байдлаасаа салж, цөмийн зэвсэг ашиглах ёстой гэж үзэж байна.
Проф. Караганов: Манай улс хэт хүлээцтэй хандаж буйд би Засгийн газартаа сэтгэл дундуур байгаа. Напалеоныг тойрсон 22 орон, дэлхийн 2-р дайн, одоо Украин гээд европыхон бидэнд гурван дайныг тулгасан. Дэлхий одоо шинэ дайны босгон дээр байна.
Миний санал болгож буй зүйл бол европын гол цэгүүдэд энгийн тактикийн зэвсгээр цохилт өгөх. Тэгээд зогсохгүй бол цөмийн зэвсэг хэрэглэж далайцтай цохилт өгөх. Хэрэв бууж өгөхгүй бол европын зарим орон устах болно. Энэ бол миний байр суурь. Ийм юм бүү болоосой гэж би бурханд залбирч байна.
Минийхээр европын дээд зиндааныхан ухаан самуурч галзуурсан байна. Тэд түүхийн сануулгыг умартсан. Тэдгээр дээд зиндааныхан хариуцлага гэж юу болохыг мэддэггүй хүмүүс. Иймээс эхэлж тэднийг цээрлүүлэх ёстой. ОХУ цөмийн хүчийг европын зиндаархагчдын эсрэг хэрэглэж тэднийг цээрлүүлэх ёстой. Хүн ард бус, харин эрээ цээргүй гэмт үйлтнүүд цээрлэл хүртэх ёстой.
Бид одоогоор энэ асуудлыг хэлцэж байна. Шийд гарах байх. Би өргөн хүрээтэй цөмийн дайны тухай яриагүй байна.
Тэд дэлхийн 500 жил дарлан мөлжиж ноёрхлоо тогтоосон. Энэхүү дарлал ихэрхэлд цэг тавих цаг болсон. Одоо тэд өшөө авалтдаа улайрчхаад байна. АНУ түүхэн өшөө авалтын замаар явж буйг бид хүлээн зөвшөөрөөд сууж байх боломжгүй.
Проф. Глеен Дийсен: Украины дайныг эхлүүлчхээд төлөвлөснөөр нь болохгүй болохоор хариуцлагыг Европт тохох, ядаж хариуцлагын хэсгийг ч болов тэдэнд үүрүүлэх гэж байна. Энэ зуур АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулах бодолтой байх шиг. Гэвч нааштай юм юу ч алга. Та Аляскийн санааг юу гэж үзэж байна.
Проф. Караганов: Аляскийн санаа бол зүгээр л онигоо. Эрүүл ухаанаа алдсан европын удирдлагууд ард иргэдээ том дайн руу түлхэж байна. Тэднийг түлхэн унагахгүйгээр зүгээр анхааруулаад сууж болохгүй. Энэ зөьхөн Украины дайн биш. Энэ бол хуучинсаг ухаангүй барууныхны өдөөж буй дэлхийн дайн. Өшөө авалт юм. /Европын орнууд өмнөх дайнуудад ялагдаж байсныхаа өшөө авалтыг авах санааг Караганов хэлж байх шиг байна ГЛ/. Энэ бол ухаангүй явдал мөнөөс мөн. Хуучинсаг барууныхан энэ санаагаа үргэлжлүүлсээр байвал тэд устгагдана, дэлхий устах болно. Үүнээс хэрхэн зайлсхийхийг л бид бодсоор ирсэн. Минскийн процессийн 3 жил үүнд л чиглэж байсан. Энэ бол маш том алдаа байсныг бид одоо ухаарч байна. Аляскт Трамп санал болгоод дайныг түр зогсоож болох ч дайн хэсэг хугацааны дараа дахиад л дүрэлзэнэ. Иймд Аляскийн санаа гээч нэг бол алдаа, эсвэл занга байсан байх. Би ойлгоогүй. Нэг цагт ОХУ, АНУ хэл амаа ололцлоо гэхэд үүнд Европ оролцохгүй. Бид бүрэн хэмжээний цөмийн дайнаас сэргийлэхийн тулд эхэлж дайснуудаа цээрлүүлэх ёстой. Хүйтэн дайны үед ч байгаагүй гэмт хэргүүдийг одоо тэд үйлдэж байна. Ийм харгислалыг заавал цээрлүүлэх учиртай. Нэг зүйлийг сануулмаар байна. Оросууд бидэнд европын газар нутгаас ганц дюм ч хэрэггүй. Эсрэгээрээ, бид европыхноос холхон явахыг боддог. Юуны өмнө Украины асуудлыг даруй цэгцлэх ёстой. Бид сайн цэргүүдээ, удирдлагуудаа хамгаалах учиртай. Бид эхэлж 40 жил, магадгүй 50 жил улирч хуучирсан цэргийн үзэл баримтлалаа өөрчлөх ёстой. Жишээ нь, цөмийн дайнд ялагч байхгүй гэх үзэл. Энэ бол тэнэглэл. Үгүй, ялагч бий. Бид цөминй зэвсэг хэрэглэх үзлээ ч харж үзэх ёстой. Бидэн рүү технологи, эдийн засаг, хүн амаараа давуу орон довтолвол заавал цөмийн зэвсэг хэрэглэх хэрэгтэй. Ерөнхий командлагч зарим үүргээ хил орчмын цэргийн анги нэгтгэлүүдэд өгмөөр байгаа юм. Тэд тухайн байдлаас хамаарч бүх боломжоо, түүний дотор цөмийн зэвсгийг ч ашиглах талаар бие дааж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.
Европ бол хүн төрөлхтний түүхэн дэх бүх хорон санаа, бүх дайн, бүх хомроглон устгалт, бүх муу муухайн үүр уурхай. Бид Европт дайран орох бодолгүй. Аюулгүй байдлаа яаж хамгаалахаа тэд өөрсдөө бодож олох ёстой. Бид тэдний дотоод хэрэгт оролцохгүй. ОХУ бол европын биш Евразийн орон. Бид зарим гадаад эх сурвалжаа Палестинаас, агуу Византигаас, мусальманы хийгээд буддын ертөнцөөс авсан. Манай нийгмийн гадаад улс төрийн үндэс, соёл бидэнд Монголын агуу эзэнт гүрнээс ирсэн. Европ харин бидэнд өмнөх хоёр дайн, коммунизмыг өгсийм. Европ бол бидний өнгөрсөн түүх. Тэднээс холхон байхыг л боддог доо.