ЗҮҮДЭЛЖ СЭРСЭН ШҮЛЭГ

Намайг орчлонд ирээгүй гэж боддоо шүлэг минь

Найргийн тэнгэрт хур дутаж ган болох байсан

Нахиалж төлжих моддын мөчир гандан хувхайрч

Наргил даргил амьдралаас инээд хулжих байсан

Насаараа би хүмүүнд шүлэг бэлэглэж яваа юм

Найраг төрүүлж насны өглөг барих гэж

Найр хавтгайрч хаанд өргөгдсөн амттай зүүдээ ч орхисон

Нартаас диваажинд аавтайгаа хуучилсан аагтай бодлоо ч орхисон

Өөртэйгээ ярьж үйлээ үзэн дуншиж

Үхсэн амьдаа сонжиж сэрэхэд чи төрсөн

Үйлийг үүрч, үгний хор буцалгаж, эсвэл

Үхтэл дурлаж, үлгэр шиг жаргал надад эрхэлж байхад чи төрсөн

Гадаа хэн нэг нь агсам тавьж

Гансны толгойгоор аав тогшоод авахад чи төрсөн

Ганц л би найрагч юм шиг үүлгэртэн гэргий дуншиж, цай дэвэрч

Галын хайчаар ээж татаад авахад чи төрсөн

Галнаас, архинаас, галзуугийн гөлрөх харцнаас

Ганц сайн шүлэг хайрла гэж гуйж явсан

Газарт хэдийн шингэсэн цогцоос бас төрөх үрээс

Гарцаагүй шүлгэн хүү төрүүлж аль гэж гувшиж явсан

Ядаргаатай эхээс төрсөн сульдаатай шүлэг байхгүй

Ядаж хэн нэгийг чинь согтуудаа бичээгүй

Харин шүлэг минь чи өөрөө хөлчүү байж мэднэ

Хайранд норж дурлалд нэвчсэн халамцуу байж мэднэ

Замбуулингийн бүх салхиар шуурч чи төрсөн

Жалга жалгын усаар булхаж чи төрсөн

Жаргал зовлон хоёуланг дуншуулж

Цаст цагаан Алтайдаа хөлс чийхруулж төрсөн

Насаараа би хүмүүнд өглөг бодож яваа юм

Наргил даргил амьдралд хүмүүнийг уйдаахгүй гэж

Намрын уйтай нууранд шувуудыг тогтоох гэж

Найраг эсгэж шүлгэн сүү залгилуулах гэж

Насаараа би ботгоо тойглох ингэ шиг яваа юм

Харцганд ассан бүргэдийг нулимс унагатал уясааж

Хан тэнгэрийн хурыг аяндаа асгатал баясааж

Харь гаригийн бүсгүйг ирж сааттал шившиж

Халуухан хардалт нөмгөн хайрыг агсамнуулж шүлэг бичих сайхаан

 

1993.8.23



     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли