ЗЭНГИЙН 6-Р ҮЕИЙН ИХ БАГШ ХҮЙ НӨН БОГДЫН ГЭГЭЭРЛИЙН СУРГААЛИАС


ЗЭНГИЙН 6-Р ҮЕИЙН ИХ БАГШ ХҮЙ НӨН БОГДЫН ГЭГЭЭРЛИЙН СУРГААЛИАС

         Мунхагийн төөрөгдлийн гол үндэс нь хүмүүний сэтгэл 2 зүйл түйтгэрт автаж, өөрийн мөн чанараас холдсоноос болдог. Эхнийх нь нисваанис буюу бодол, нөгөө нь мэдэгдхүүний түйтгэр буюу сайн муу зүйлд хэт автах /Д.Болдбаатар Дияан, х 6/.

Гадаад юманд хэт автах нь сэтгэлийн хувирал, харин түүнээс үүдэлтэй бодол буюу нисваанис нь сэтгэлийн үзэгдэл төдийхэн юм.

Тайлбар: энэ хоёр зүйл түйтгэр нь өөрийн мөн чанар /бэлгэ чанар/ болох уг сэтгэлээс тусгаар, түүнийг бохирлож юмуу өөрчилж чадахгүй тул тэрхүү Бурхан, сүнс ер юу гэж нэрлэнэв тэрхүү бэлгэ чанар маань цэвэр ариунаараа байж байх ба түүнтэй бид шууд учран золгох юм. Бурханыг гаднаас бүү хай, дотоодод тань буй гэдэг энэ. Уг сэтгэлээ таньж, түүнтэй учрахыг Бурханы хутгийг олох гэнэ.Уг сэтгэлийг оносон даруй:

         Нэг ном гээч нь хамаг ном, хамаг ном хэмээгч нь нэг ном болохуйн ёсонг ухаж ойлгоод саад тотгоргүй хөрвөж чадах сэтгэлийг Билэг хэмээнэ /х 66/.

Тайлбар: Бүх юм өөрийн сэтгэлээс төрдөг, ийм шалтгаанаар тухайлбал хамаг ном гэгдэх 84 000 нисваанис төрөх жишээтэй. Уг буюу жинхэнэ сэтгэлээс тусгаарлаж буй эдгээрийг арилгаад цаана нь гарах буюу уг /жинхэнэ/ сэтгэлээ онож чадвал хамаг ном нэг болж буй хэрэг мөн. Жинхэнэ сэтгэлээ онохыг Бурхан чанар буюу Бэлгэ (Мөн) чанартайгаа учрах гэж нэрлэж байна.

         Өөрийн уг (жинхэнэ) сэтгэлийн шалтгаан огторгуй мэт өргөн уудам, хүрээ хязгаар, хэмжээ дамжаа гэж үгүй, хөх, шар, улаан цагаан өнгө үгүй, дээр доор, урт богино үгүй, мунхаг болоод баясгалан үгүй, буян нүгэл үгүй, эх адаг үгүй. Үүнийг Их Маха гэнэ /х 65/.

         Бодь хутаг(төгс гэгээрэл) гэдэг нь үтэр түргэн өөрийн сэтгэлийг таньж, өөрийн уг бэлгэ чанар (Бурхан чанар)-тай учраад хамаг номуудын чанар угаас тотгоргүй гэдгийг ухаж, тэр нь төрөхгүй мөхөхгүй юм гэдгийг мэдэхэд оршино /х 53/.

         Буяныг ч сэтгэхгүй, нүглийг ч бодохгүй /х 59-60/, аливаа сайн муу бодлыг үлдээлгүй гээсний эцэст үлдэх  тийм гэж нэр оноохуйяа бэрхтэйг өөрийн бэлгэ чанар (мөн чанар) гэнэ /х 134/.

Тайлбар: “бодол үгүй = би үгүй = хоосон чанар = нирваан”гэж ойлговол энэ нь угтаа 4 зүйлийн эрэл бус нэг л эрэл болж таарна.

         Сэтгэлийнхээ бэлгэ чанарыг таньж чадвал бүгд Бурханы хутгийг олмуй. Үтэр оногч уг сэтгэлийг олмуй /х 71/. Эс оновоос Бурхан ч хамаг амьтнаас өөрцгүй, ганц бодлоор онох үед хамаг амьтан Бурханаас өөрцгүй болно. Тиймийн тул хамаг ном өөрийн тань сэтгэлд бийг мэдтүгэй /х 70/.

         Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт тань байгааг олж үзэх болно /х 60/.

         Эртнээс нааш хамаг Бурхад гагцхүү өөрийн бэлгэ чанарын мөн биеийг дамжуулж, олон дээдийн багш нар гагцхүү өөрийн бэлгэ чанарын уг сэтгэлийг уламжилж ирсэн билээ /х 57/.

         5-р Дээдийн Багш нь Хүй Нөнд: “Өөрийн сэтгэлийг танилгүй номонд суралцаад тусыг олохгүй.

Чи уг сэтгэлээ таньж өөрийн бэлгэ чанартай учирсан болохоор дайныг дарсан баатар, тэнгэр хүмүүний багш, Бурхан хэмээгдэж болно” гэжээ /57/.

         5-р Дээдийн Багш Хуан Мэй бээр даруй түргэн өөрийн бэлгэ чанар лугаа учрахыг номлохоос бус дияан, машид тонилохуйн ном номлодоггүй байсан. Учир нь сүүлчийн 2 нь арга учраас Бурханы ном биш. Бурханы ном бол хоёргүй арга. Буяны үндэс нь 2 янз: ашид хийгээд ашид бус.

Харин Бурханы мөн чанар нь ашид ч бус, ашид бус ч биш тул үл тасармой. Үүнийг л Бурханы номын хоёргүй чанар гэж нэрлэдэг. Бурханы мөн чанар нь буян ч бус, нүгэл ч бус болой. Өөрөөр хэлвэл хоёргүй, ялгамжаагүй мөн чанар нь Бурханы мөн чанар юм /х 62-63/. Хоёр үгүй чанарыг Бодит чанар гэнэ. Энэхүү бодит чанарын суурин дээр аливаа ишийн номуудыг байгуулж өөрийн бэлгэ чанар лугаа учрагтун /134/.

         Аливаад хуран мэдэл үгүйгээр сэтгэлийг үүсгэ /х 56/.

         Бусдын хилэнц буяныг хараад авахгүй гээхгүй, хуран мэдэхүй үүсгэхгүй, сэтгэл нь хоосон мэт байж чадсаныг Их Маха гэнэ /х 66/.

Намайг хоосны тухай номлолоо гээд хоосонд хуран мэдэхүй үүсгэж хэрхэвч болохгүй шүү.

Хоосон сэтгэлээр бясалган суух нь эш үзүүлсэн хоосонд /хуурмаг хоосонд/ хуран мэдэхүй үүсгэсэн хэрэг болно /х 65/. Эндүүрэлд автагч элдэв бодолгүй хоосон сэтгэлээр бясалган сууж өөрийгээ их гэнэ. Үүнийг яахин билиг барамидийн аргаар үйлдэж байна гэх билээ /х 66/.

Билиг нь ухаан мэдэл болой. Ямагт ухаан мэдлээр үйлдэхийг билгийн явдал гэнэ. Барамид нь эвдрэхүйн номоос хагацаж нөгөө эрэгт хүрэхийг хэлнэ /х 67/.

Маха (Их) билиг барамид нь их ухаан мэдлээр (билгээр үйлдэх) нөгөө эрэгт хүрнэ гэсэн үг. Түүнийг сэтгэлээр үйлдэн хэрэгжүүлэх нь гол болно. Амандаа уншиж сэтгэлдээ хэрэгжүүлвэл ам, сэтгэл харилцан нэгдэнэ. Чухам энэ л мөн чанарыг Бурхан гэх бөгөөд өөрийн бэлгэ чанараас хагацсан өөр Бурхан гэж үгүй /х 64-65/.

         Хуран мэдэхүй үүсгэсэн нь нисваанист сэтгэл, үүсгээгүй нь бодь сэтгэл болно /х 68/.

         Билиг барамидын арга нь  /хуран мэдэхүй үгүй сэтгэл үүсгэх бодь сэтгэлийн арга/ ханьцашгүй, дээр үгүй, оршил үгүй, одохуй үгүй, ирэхүй үгүй бөгөөд Гурван цагийн хамаг Бурхад түүнээс төрсөн билээ /х 68/. Их билгийг хэрэглэж 5 цогц, нисваанисын тоосыг эвдэгтүн /х 68/. Үүнийг мэдэгч нь Бурханы хутгийг олж, 3 хорыг ч 3 суртал болгон хувиргаж чадна.

Миний энэ арга ганц билгээс 84 000 ил онолыг төрүүлж чадна. Учир нь ертөнцийн хүн 84 000 нисваанисын түйтгэрт автаж байдаг /х 68/.

Билгээр ажин шинжихэд дотор гаднагүй тунгалагжиж, өөрийн уг сэтгэлийг таньж чадна.

Миний номлох ном бол өөрийн бэлгэ чанараас эс хагацна. Хамаг арга ном нь өөрийн бэлгэ чанараас үүдэн гарч чадвал жинхэнэ сахил, самади, бэлгэ билгүүн тэр болохыг мэдтүгэй.

Нэг ном гээч нь хамаг ном, хамаг ном хэмээгч нь нэг ном болохуйн ёсонг ухаж ойлгоод саад тотгоргүй хөрвөж чадах сэтгэлийг Билэг хэмээх /х 66/ ба хамаг номууд амирлахад ямар мөрийн зэрэг байх вэ (х 130).

         Хуран мэдэлд автахгүй, элдэв дэмий бодол төрөхгүй, өөрийн бэлгэ чанарыг ашиглан билгийн нүдээр аливааг болгоож, хамаг номыг /84 000/ авахгүй гээхгүй байх нь бэлгэ чанар лугаа учралдан Бурханы хутгийг олж буй хэрэг юм /х 68/.

         Хамаг номуудыг үзэж мэдээд (84 000 гэгдэгч бүхнийг харах, үзэх, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэхүйд) сэтгэлд хуран мэдэхүй эс үүсэх нь нисваанисаас хагацсан гэгч болой.

Аливаа бүхэнд энэ аргыг хэрэглэхэд тухайн зүйлд хуран мэдэхүй үүсэхгүй, гагцхүү сэтгэлийг ариусган, тийн мэдэхүйн 6 чуулганыг 6 үүдээр гаргаж, 6 оронд оршиж чадвал (хүмүүний бие нь хэрэм, гаднаа нүд, чих, хамар, ам, биеэр хүрэлцэх зэрэг 5 үүдтэй, дотроо сэтгэлийн үүдтэй) нисваанисын түйтгэр үгүй, ирж очих чөлөөтэй, тотгоргүй түргэн нэвтрэх нь Билиг самади (сэтгэлд хуран мэдэхүй эс үүсгэн нисваанисаас хагацах нь Билиг самади), Магад тонилохуй мөн ба нисваанисаас хагацсан явдал болно.

Нисваанисаас хагацсан энэ аргыг оногч нь хамаг номуудад нэвтэрч, Бурхадын орныг үзэж, Бурханы сууринд хүрмүй /х 72/.

         Өөрийн сэтгэлийн газраас (уг сэтгэлээс) бодь чанар түүнчлэн ирээд их гэрлийг үүсгэн, гадагш 6 үүдийг ариусган гийгүүлснээр 6 хүслийн хамаг тэнгэрүүдийг эвдэж чадмуй /х 81/.

         Гадагш харан ахуйд хуран мэдэхүй үүсгэхгүй, сэтгэлдээ ямагт зөв үзэл төрүүлж, нисваанисын тоосыг өөртөө халдаахгүй явах нь өөрийн бэлгэ чанартай учирсан хэрэг болно /х 70/.

         Хамаг орнуудыг (үзэгдэл юмс) үзээд сэтгэл эс самуурах нь Дао /х 89/. Гадна талдаа сайн муу хамаг зүйлд элдэв бодол төрөхгүй нь Дияан, дотоодод бодол самуурахгүй нь Самади /х 89/.

         Дотор гадна оршихгүй, ирж очих чөлөөтэй, хуран мэдэхүйн сэтгэлээс ангижирч, аливаад саадгүй түргэн нэвтэрч чаддаг энэхүү явдлыг анхааран авах нь Билгийн судраас огт өөрцгүй билээ /х 70/.

         Билиг оюунаар аливааг шинжиж яв /х 69/.

         Хүй Нөн Их Багш 6-р үеийн дээдийн багшийн суудлыг горилж агсан Хүй Минд ном уламжлахдаа: “ Чи нэгэнт аргын төлөө ирсэн бол элдэв бодлыг таягдан хаяад сайн анхаар. Би чамд ном номлосугай” хэмээхэд тэр бээр удтал бодлыг эс төрүүлэн суужээ. Хүй Нөн Богд түүнээс “Буяныг ч сэтгэхгүй, нүглийг ч бодохгүй энэ агшинд чухам аль нь таны жинхэнэ мөн чанар байна вэ” хэмээн асуух тэрхэн зуур гэгээрэн, энэхүү нууц дохио, нууц утгаас өөр нууц бий юу гэхэд Хүй Нөн “ Чамд өгүүлсэн бүхэн угаас нууц бус. Хэрвээ чи сэтгэлээ ажиж явбал нууц өөрт чинь бийг олж үзэх болно” гэхэд Хүй Мин “Би он удаан шавилан суусан боловч өөрийн мөн чанарыг огт таньж чадаагүй явжээ” гэв /х 59-60/.

Их Багш Чин Хай Бурхан чанарын тухай айлдахдаа:

“Бурхан болсоны дараа сайн, муу аль нь ч байхгүй болохоор 6-р үеийн Их Багш Хүй Нөн сайныг ч бодохгүй, мууг ч бодохгүй нь Бурхан чанар мөн гэжээ” (3, х155).



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй