Энергийн хуулийг мэдвэл өөрийгөө төгс удирдан хөгжүүлж болно


Г.Лхагваа: Энергийн хуулийг мэдвэл өөрийгөө төгс удирдан хөгжүүлж болно

Өдрийн сонин 2008-07-22

Техникийн шинжлэх ухаа­ны доктор, профес­сор Г.Лхагваатай ярилц­лаа. Түүний нээсэн "Дүү­риймаагийн хууль" бидний үнэн хэмээн итгэж явсан амьдралын талаар цоо шинэ ойлголтыг өгөх бол­но. Магадгүй та эргэл­зэн тээнэгэлзэж ч болох юм. Гэхдээ, маш сонир­холтой байх болно, ойр­тоод суугаарай.

-Таны гаргасан "Дүү­рий­­маагийн онол"-ын та­лаар ярилцлагаа эхэлье. Энэ талаар та манай ун­шигчдад тайлбарлаач?
-Бид хүнс суд­лалын чиглэлээр нэлээд зүй­лийг хийж байна. Хүнс су­дална гэдэг бол хүнтэйгээ зайлшгүй холбогдож байдаг. Мөн анагаах ухаан, биологи зэрэг олон салбар шинжлэх ухааны нийлбэр дээр холбож энэ ажлыг хийх хэрэгтэй болж байна. Ингэж судалж байх явцдаа бид хүн төрөлхтөнд үйлчилж байгаа хоолзүйн онолууд нь буруу болохыг тогтоогоод байна. Хоолзүйн онол яагаад бу­руудав гэхээр хүний өөрийнх нь мөн чанарыг харгалзаж үзээгүйд байна. Хүн гэдэг маань өөрөө том энергийн биет, биологийн маш нарийн ав­томат систем. Хүнийг маш бага су­далсан. Өнөөгийн шинжлэх ухааны бий болгосон мэдлэгийн 95% нь амьд бус зүйлд хамаарах ба амьд биетийн судлал ердөө 5%, үүнээс хүний судалгаа 1% байна. Ийнхүү хүнээ ойлгоогүйгээс болоод жишээ нь хүний зар­цуулсан энергийг 100 хувь хоолоор нөхнө гэсэн онол гаргачихсан, энэ хүрээндээ л зогсчихоод байна. Энэ бол хүн төрөлхтнийг доройтуулсан хамгийн адгийн онол. Үүнийг ганц бид хэлээд байгаа ч юм биш, дэлхийн олон эр­дэмтэн санал нийлнэ. Энэ онол ямар нөхцөлд өөрч­лөгдөж зөв онол болох вэ гэхээр хүний өөрийнх нь боломж, энергийн чадавхийг олж мэдээд, тэдгээрийг хүн хэрхэн ашиглаж чадах вэ, түүнээс үлдсэн хэсгийг нь хоолоор нөхнө гэвэл бодитой болох юм. Хүний зарцуулсан энергийг 100 хувь хоолоор нөхөх юм бол хүний энергийн болон биологийн чадавхийг 100 хувь дарангуйлж байна гэсэн үг. Хоол буюу гадны энергиэр хүний өөрийнх нь энергийг дарангуйлж байна гэсэн үг.

-Яг өөрийнхөө энер­гийг хөгжүүлээд амьдарч байсан хүмүүс ер нь байдаг уу?
-Эртний монголчууд маш зөв амьдарч байжээ. Өөрийн­хөө энергийг хамгийн түрүүнд тавьж байсан байна. Энергиэ хөгжүүлж, цэвэр ариун байл­гаж чаддаг байж. Эртний мон­голчуудын шинжлэх ухаанд оруулсан том хувь нэмэр юу гэхээр "Ухамсар бол амтанд уусч үгүй болдог юм байна" гэсэн том онолыг олж хөг­жүүлсэн явдал юм. Амт гэдэг нь хоол. Ухамсраа л алдах юм бол араатан болно. Ухамсрыг авч үлдэхийн тулд хоолноос нүүр буруул гэсэн үг. Ингээд л түрүү үеийн­­хэн маань амттанаас зоригтойгоор татгалзсан байгаа юм. Өвлийн улирлын хоол гэхэд өглөө нэг, хоёр аяга унд ууж, өдөржин хоосон яваад орой ганцхан аяга махан хоол иддэг байж.

-Ингэж ухамсраа хад­галж үлдсэн хүмүүс юунд хүрсэн юм бэ?
-Ганц аяга хоолоо сонгино сар­мисаар ч амтлахгүй, хоол­­ны шунал тачаалаа дарж чадсан. Үүнийхээ хүчинд өчүүхэн бага хоолоор нөх­цөлдсөн айхтар тэсвэр тэв­чээрийг эсийнхээ түвшинд бий болгож чаджээ. Нэг хоёр хоног юу ч идэхгүй, унтахгүй явж чаддаг. Тэр үеийн бөх­чүү­дийн домгийг та нар мэдэж байгаа. Өөрийнхөө биологийн цэвэр энергийг ашиглаж байх юм бол хүн эрүүл, хүчтэй, тамир тэнхээ­тэй, тэсвэр тэв­чээртэй байд­гийг үзүүлсэн цорын ганц ард түмэн бол монголчууд юм. Гэтэл одоо­гийн бөхчүүдийг хар. Наад­мын бэлтгэлд гарч байна гээд бараг сууриар нь хонь хаших нь холгүй байна. Ингэж идэж ууж байгаа улсад хүч тамир байхгүй. Тэсвэр тэвчээр ч байхгүй. Жаахан ноцолдоод л амьсгаадаад сүйд болж байх жишээтэй. Энэ бол 100 чавганц уралда­хад нэг нь түрүүлдэг л зарчим шүү дээ. Би олимпын эрх авсан шиг­шээ багийн тамир­чидтай уул­захдаа "Та нар амжилт гаргах боломжгүй ээ. Та нар медаль авчирч ча­дах­гүй. Яагаад гэхээр та нарын шинжлэх ухаан чинь буруу байна. Тэсвэр тэвчээр чинь евро­пын­хонд хүрэхгүй байна. Хүч тамир чинь болоогүй байна. Муу юм зөгнөж байгаа юм биш, та нарын бүх юм чинь буруу учраас амжилтад хүрэхгүй" гэж хэлсэн. Дасгал­жуу­лагч нар нь ч байсан. Бидний гаргасан хоолзүйн онол бол монголчуудын олон зууны амьдралын туршла­гаар нотлогдсон, лаборатори сайтай учраас зөв юм. Гай­хамшигтай эрүүл, тэсвэр тэвчээр, хүч чадалтай байх онол.

-Тэгээд яах вэ?
-Үүний цаана ямар асуу­дал байх вэ гэхээр хүн энер­гийнхээ түвшнээр л хооллох ёстой. Ийм шинэ онолыг бид дэвшүүлж байгаа юм. Энер­гийнхээ дотоод хуримтлал, зар­­­цуулалтын түвшнээр хоол­­­лоно. Түүнээс биш би амтай гээд олдсон бүхнээ ходоод уруугаа чихээд байж болохгүй. Энэ онолоор бол зарим хүнд огт хоол ундны хэрэгцээ байхгүй юм. Ерөө­сөө энергийн онол, түүнийг биологийн систем дээр хэр­хэн хэрэглэхийг олсон гэж хэлж болно.

Бид нэлээд судалгаа хийж, бас их зүйлийг олж байгаа. Хүний онол гэхэд л одоогийнхоос нэлээд өөр байхаар ойлгогдож байгаа. Өнөөгийн онолоор хүн гэдэг тодорхойлолт нь эр, эм бэл­гийн эс нийлэхийг хэлнэ гэсэн хүүхэд ч хэлчихэж мэдэх зүйл байгаа. Хүний тухай, өвчний тухай, тэр бүү хэл хоолны тухай шинжлэх ухаа­ны энэ тодорхойлолтууд нь дэндүү үхээнц дорой, гаднаас нь хараад тоочсон төдий зүйл юм. Гэтэл дорно дахины уламж­­лалт шинжлэх ухаанд эр, эм бэлгийн эс, дээр нь таван махбодь, сүнс нийлж байж хүн болно гэж их айхтар томьёолсон байна.

-Сүнс үү?
-Сүнс гэдэг нь хүний цөм энергийг л хэлж байгаа юм. Сүнснээс айж эмээгээд байх асуудал байхгүй. ОХУ-ын Хромов гэдэг эрдэмтэн 13 сүнсийг барьж аваад шил­шүүлж суулгасан байдаг. Америкт сүнсний хэлбэр, хэмжээ, өнгийг нь тодор­хойлсон байгаа. Хөгжсөн ор­нуу­дад сүнс судлалын институт ажилладаг. Тэд гагцхүү сүнснийхээ мөн чанарыг ойлгоогүйд л хэргийн учир байгаа юм. Түүнээс гадна бид хүн гэ­дэг автомат системийг өөрийг нь ажиллуулаад ямар ч эм тариа, зүү төөнүүр, бариа засал гээд илүү дутуу юм­гүй­гээр өөрийгөө бүрэн эрүүл­жүүлэх боломжтой юм байна гэдгийг олсон. Олон ч хүн үүний үр дүнг амссан. Хүний биеэс асар өндөр температур гаргаж авах үзэгдлийг бид нээж олсон. Ингэснээр хич­нээн жилээр эмчилдэг халд­варт өвчнийг хэдхэн хоногт эмчилчихнэ гэсэн үг. Өөрөө өөрийгөө илааршуулна гэсэн үг. Энэ бүх шинжлэх ухааны шинэ мэдлэгийг арав гаруй жилийн өмнө бурхан болсон ханийнхаа нэрээр нэрлэж, тэр хүний л төлөө чадан ядан судалж, хайж яваа ухаан­тайшуу юм л даа.

-Тэгэхээр хүн хоол идэх шаардлагагүй гэсэн үг үү?
-Хүмүүнд хоол идэх шаард­лага угтаа бол байхгүй юм. Үүнийг анагаахын шинж­лэх ухааны гранд доктор, про­фессор Амбага багш тайл­сан байгаа. Энгийнээр тайл­бар­лахад, хоолноос уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван шимт бодисыг олж авч, тэдгээрийг задлах, ан­гижруулах, исэлдүүлэх зэрэг үй түмэн үйл ажиллагаа бид­ний амны хөндийгээс эхлээд хэв­лийн хөндийд явагдаж байдаг. Эдгээрийг эцсийн бүтээг­дэхүүн болтол нь зад­лаад, түүнээсээ хүний бие дэх 50-100 триллион эсэд шаардагдах бодисыг ний­лэгжүүлж байдаг. Дээрх гур­ван тэжээлийн бо­дисыг эцсийн бүтээгдэхүүн болтол нь задлаад, энэ хи­мийн энергийг биологийн энерги болгох про­цесс яваг­даж байгаа юм. Энэ бол учир тоймгүй их зар­дал­тай, их үрэлгэн, маш удаан, бас мах­бодийг учиргүй их туйлдуул­даг процесс юм. Уг нь хэдхэн электрон, протоныг сугалж авахын тулд л ийм нүсэр ажиллагааг зохиож олсон хэрэг юм байна. Тэр элект­рон, протоныг заавал хоол­ноос бус нарнаас, салхи­наас, чулуунаас, ер дуртай л юм­наасаа сугалаад авчих бо­лолцоотой. Сэтгэл санаа нь махбодийн генератор боло­хыг бид олоод байна. Энэ генератор энерги үйлдвэр­лэнэ. Зөв сэтгэлээс эерэг энерги төдийгүй электрон, протоныг авч болно. Ийм маягаар хоол, ундгүй амьдардаг 60 орчим мянган хүн дэлхий дээр байдаг гэдэг. Тэр хүмүүс яагаад амьдраад байна гэхээр экектрон, про­тон гэдэг зүйлийг сэтгэлээ­сээ, бусад зүйлээс сугалж чаддаг авч биологийн хэрэг­цээгээ хангаж чаддаг хэрэг. Нэг чулуу олж аваад "Миний төрсөн газрын чулуу байгаа юм. Энэ л надад энерги өгдөг юм" гээд бодчих юм бол гүй­цээ. Бодол санаа махбодийн генератор болох тухай онол нь маш ач холбогдолтой нээлт юм. Бодол санаа бол хоол ундыг ч орлоно. Тэр генератор ажиллаж байхад бидний энерги дундрахгүй. Бодол санаа байгаа газарт түүнд харгалзсан эерэг, сөрөг, саармаг утгатай энерги байнга үйлдвэрлэгдэж байдаг. Сайн бодлоор сайн энерги, муу бодлоор муу энерги үйлд­­­­вэрлэнэ. Эцсийн дүнд энэ генераторыг хэрхэн ажил­­­луулснаас бүх зүйл ха­маарна. Зөвхөн идэх уух бус бүр хувь заяа маань хамаар­на.

-Хүн бүр шууд л идэж уухаа зогсоогоод, өөрийн­хөө бодол санаагаар удир­даад явж чадахгүй шүү дээ?
-Хүсвэл чадна. Дээрх хууль үйлчилнэ.

-Чадахгүй байх аа?
-Чадалгүй яах вэ. Гэхдээ одоог хүртэл мөрдөж байгаа онолоор бол чадахгүй. Тэр боломжгүй зүйл. Харин шинэ онол бий болчхоод байхад яагаад чадахгүй байх билээ.

-Жишээ нь, би хоол унд идэхгүй явъя гэж бодъё. Тэгвэл өөрийнхөө дотоод энергийг яаж удирдах вэ?
-Одоо бид бүхэл бүтэл өөрийгөө удирдах системийг олоод байна. Нэгдүгээрт, бодол санаа чинь генератор юм бол та генератороо зөв ажиллуулж гэмээнэ хувь заяагаа ч удирдаж чадна. Та­ны ажил ч бүтэмжтэй, амьд­рал ч сайхан, бүх зүйл чинь дардан замаар явна. Та бодол санаагаа хямраагаад, буруу ажиллуулаад л байх юм бол өөдтэй юм ерөөсөө болохгүй. Хамгийн эхний ээлжинд өвчин зовлон, гэмтэл согог гээд уруудаж доройтох юм чинь эхэлнэ. Таныг генератор бу­руу ажиллаж байгаа юм чинь аргагүй. Таны бодол санаа энерги үйлдвэрлэж буй гене­ратор. Энэ энергийг хэн нэгэн гаднаас өгч байгаа юм биш, та өөрөө үйлдвэрлэж байгаа юм. Гаднаас нөлөөлж байгаа зүйл нь энэ бүх мэдээлэл. Өөрийгөө удирдахын тулд нэгдүгээрт бодол санаагаа удирдах хэрэгтэй. Хоёдугаарт энэ бүх сөрөг мэдээлэл таныг бузарлаж байдгийг мэдэж авах хэрэгтэй гэсэн үг.

-Гаднаас авч байгаа мэ­дээлэл үү?
-Гаднаас авч байгаа мэ­дээлэл. Үүнд уншсан, сонс­сон дуулсан, үзсэн харсан, мэдсэн, сурсан, идсэн уусан, өмссөн зүүсэн бүх мэдээлэл орно. Эдгээрээс та муу муу­хайг нь түүж уншаад, үзэж хараад байвал өөрийгөө л хорлож байгаа хэрэг. Үүнийг л хүн бүр мэдчихвэл бүх зүйл аятайхан болно. Одоо бид ямар аймаар мэдээлэл дунд сууж байна вэ. Хүмүүсийг ийм байдалд оруулж байгаа хүмүүс шиг дээдийн нүгэлтэн гэж байхгүй. Энэ нүглийн хариуг бид амсдаг юм шүү дээ.

-Яаж?
-Бидний тархины баг­таам­жийг хальс болгоод цувибал 9.5 сая км урт болно гэж эрдэм­тэд тооцоолсон байдаг. Энэ урт хальсан дээр бид өдөр дутам асар их мэдээлэл бичиж байдаг. Энэ бүх мэ­дээлэл энергийн хуулийн дагуу хэзээ ч устаж алга болдоггүй.

-Монголчууд сайн са­нааны үзүүрт шар тос гэдэг. Зөв явбал зөөлөн зам­буу­лин гэж дуулдаг. Энэ фи­лософи юм биш үү?
-Яг тэр чинь байхгүй юу.

-Хүн дандаа сайн сайхан юм бодоод явбал сайн энер­­ги үйдвэрлэж байна гэж ойлгож болох уу?
-Нэгдүгээрт, сайн энерги үйлдвэрлэж байна. Хоёр­дугаарт та бичлэгээ маш сайн хийж байна гэсэн үг. 9.5 сая км урт бичлэг энергийн түв­шинд хийгдсэн учраас баларч сохордоггүйд хамаг учир бий, үүний дотор аз заяа, эсвэл гай гамшиг агуулагдаж байдаг. Энерги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэг­дүгээр хуулийн хоёрдугаар заалт үйлчилдэг учраас мөнх хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Мөнх шүү! Сая, тэрбум жил хадгалагдана гэж боддоо. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн өнөөдрийн аюул бол энергийн хуу­лийг умарт­сантай холбоотой юм. Энер­гийн хуультай холбогдоогүй уч­раас хүний, нийг­­мийн, эдийн засгийн өнөө­­­гийн бүх хууль, онол буруу юм. Тий­мээс дэлхий өнөөдөр аргаа барж байна. Ардчилал гэж хошуурцгаалаа нэг л бол­доггүй, коммунизм энэ тэр гэж явлаа бас л бол­сонгүй. Бо­лох­гүйг нь мэдээд байгаа хэрнээ болдог юм ерөөсөө олдохгүй өнөөг хүрч байна. Улам л доройтоод байдаг. Энергийн хуулийг мэдээгүй учраас цаашаа улам л доройтно. Монгол­чуу­дын энергийн томьёоллыг өөрөө сая зөв хэлчихлээ. "Сайн санааны үзүүрт тос, Санаа сайн бол заяа сайн. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных". Энэ бол бо­дол санаа эерэг байна, сайн мэдээллээр хангагдаж бай­гааг хэлж байна. Ганц бодол санаа бус бие, хэл, сэтгэлийн бүх үйл нь энергийн хуулийн хэрэгжилтийг тодорхойлно. Дээрхийн эсрэг дандаа муу юм бодоод, дандаа муу мэ­дээлэл аваад, ховлоод, хут­гаж үймүүлээд, элдвийн юм зохиож гүтгэж доромжлоод, шүүмжлээд, хүсэж шунаад, өс хонзон өвөрлөөд, атаа жөтөө өвөрлөөд байвал энэ бүхэн таны тархины бичлэгт мөнх зоогдоно. Яагаад ч, хэзээ ч арилахгүй.

Энэ мэт сөрөг мэдээлэл, үйлдэл бүр нь тэр дороо таны биеийн 50-100 трилион эсийн удирдлагын программ бол­чих­дог. Таны эд эс дандаа ийм хар буруу зүйлийн удирд­лагатай болчихож байгаа хэ­рэг. Тэгээд таныг шууд за­маар хорлож байна гэсэн үг. Мөнхөд хорлох зүйл бол тархины чинь бичлэг. Санаа муутай, муу зүйл ярьж, хийж байгаа хүний ажил үйлс хэзээ ч бүтэхгүй. Өнөөдөр гайгүй байж магадгүй ч үеийн үедээ өөдлөхгүй. Яагаад гэхээр өөрийгөө гутаах, зүйл дуусгах, устгах зүйлээ өөрөө хийгээд тар­хиндаа хадгалчихсан байгаа хэрэг шүү дээ. Энэ бол энер­ги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэгдүгээр хуульд хамаардаг учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй, алга болохгүй. Үүнийг ойлгоогүй учраас хүн төрөлхтөн буруу замаар будаа тээсэн хэрэг юм.

-Сүнсийг хүний биеийн цөм энерги гэлээ. Энерги устаж алга болохгүй бо­лохоор муу явдалтай хү­мүүсийн сүнс дараа дараа­гийн үедээ ч нөлөөлж, муу явна гэж ойлгож болох уу?
-Дараагийн үе гэдэг нь үр удмаас гадна та өөрийгөө үнэн зөв ойлгож мэдэж байх хэрэгтэй. Энэ хуулийг мэд­дэггүй учраас хүн төрөлхтөн буруу программчлагдсан бай­гаа юм. Термодинамикийн нэгдүгээр хуулийг ойл­гоогүй, биологийн систем дээр яаж хэрэглэх учрыг нь мэ­дэлгүй, техникийн хууль гэж бодсоноос хүн төрөлхтөн буруудаж уруудаж байгаа юм. Энэ хуулийн заалт бидэн дээр бүрэн хэрэгжинэ. Одоо ч хэрэгжиж байгаа. Нас барс­ны дараа ч хэрэгжинэ. Сүнс өөрөө дээд төгс зүйл, бохирдохгүй, ариусах хэрэг сүнсэнд байхгүй, устахгүй, төрөхгүй. Харин бидний дадал зуршил л сүнсээ дагуулж диваажинд ч, тамд ч байж байдаг.

-Нас барсны дараа ч гэсэн үү?
-Тийм ээ. Бид өнөөдөр нэг зүйлийг олоод байна л даа. Эцэг, эхээс өвлөж авч болох юмны хамгийн дээд хэмжээ нь 41 хувь болохыг ШУТИС-ийн профессор Х.Сүхбаатар гэр бүлийн математик загварыг тооцоод гаргасан. Тэгвэл үлдсэн 60-аад хувь нь юу байна вэ. Хүнийг 100 хувь гэвэл цаана үлдэх 60 хувь нь ухамсар юм уу энерги, сүнс гэдэг ойлголт юм. Энэ хувийг бид өнөөдөр ойролцоогоор хэлж чадах болсон нь маш том амжилт юм. Өнөөдрийг хүр­тэлх философи, анагаах ухаан, хүн судлал гээд нийг­мийн бүхий л шинжлэх ухаан ген, эс хоёр буюу хүний 30-40-хөн хувийг бүрдүүлж бай­гаа зүйл дээр суурилж байна. Тэгэхээр хүнийг төлөөлж чадахгүй байна шүү дээ. Хүний 60-аас дээш хувийг нь ал­га болгосон болохоор өнөөд­рийн онолууд ердөө махан бодын, хатуухан хэлвэл араг ясны онол бол­чихсон хэрэг. Бидний 60-70 хувийг эзэлж байгаа ухамсар нь энерги юм бол устаж үгүй болохгүй нь ээ. Хүнийг устаж үгүй болохгүй гэдгийг би хэлж байгаа юм биш термодина­микийн нэгдүгээр хуулийн хоёрдугаар заалт хэлж байна. Хүн бүрийг нэрээр нь заагаад "Чи устаж үгүй болохгүй" гэсэн байна. Хүн төрөлхтөн үүнийг мэдчих юм бол да­раагийн асуудал нь термо­динамикийн хуулийн гурав­ду­гаар заалт болно. Нас барахад таны 60-70 хувь нь мөнх үлдэж харин нэг хэлбэ­рээс нөгөөд шилжинэ гэж уг хуульд заасан байна. Ямар хэл­бэрт шилжих вэ гэдгийг таны 9.5 сая км тархины соронзон бичлэг шийдвэр­лэнэ. Үүнийг өнөөдрийн мөнгөтэй баян амьдрал ший­дэхгүй, гуйлга­чин ядуу байсан ч нөлөө­лөх­гүй, зөвхөн тар­хиндаа ямар бичлэг хийсэн нь шийдвэр­лэнэ. Тэр бичлэг юуг хариуц­даг юм гэхээр бидний өнөө­гийн долгионы түвшин ямар байхыг хариуцдаг. Бид­­ний суугаа газар, зам­буулин хор­воо бол орши­хуйн ганц л хэлбэр. Үүнээс дээш маш олон сайн нарийн энер­гийн түвшин байна. Би хаана нь хүртэл өөрийгөө хөгжүүлж чадна, амьд ахуй­даа болон нас барсныхаа дараа тэр түв­шиндээ татаг­даж очно. Нүд аньсны дараа араас дэлхийн бүх номыг уншуу­лаад надад ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэхээр миний тархины цахил­гаан соронзон бичлэ­гийг хэн ч, юу ч өөрчилж ча­дахгүй. Ийм айхтар бичлэг хийснээ бид харамсалтай нь мэддэг­гүй. Биднийг энерги учраас мөнх, олон амьдарна гэдгийг дээрх хууль заагаад байна шүү дээ. Энергийн хуулийг мэдэхгүй­гээс болж өнөө мар­гаашийн зүйлээр улайрч хөө­цөлдөн мөнх амьдралаа ан­заарахгүй бай­гаад бидний гай зовлон­гийн шалтаг орших нь ээ. Сайн бичлэг хийж авах нь чухал. Өөрийгөө шинжлэх ухааны мэдлэгээр удирдах болом­жийг алдаж болшгүй нь. Ингэ­сэн цагт хэлбэрийн шил­жил­тийг зөв хийж чадна.

-Нас барсны дараа лам нарын уншлага тус болох­гүй гэлээ. Гэтэл ламын уншиж байгаа ном монго­лоор ч бай, түвдээр ч бай дандаа хүмүүнд сайн сайх­ныг ерөөж байдаг гэдэг. Бурхны энэ ном ер нь ямар тустай эд вэ?
-Энэ бол өөр асуудал. Нэгэнт хийгдсэн цахилгаан соронзон бичлэгийг юу ч өөрчлөхгүй. Түүнийг өөрчилж чадах ганцхан зүйл байдаг нь цахилгаан соронзон баллуур. Энэ нь дээд бясалгал гэсэн үг. Аялгууны бясалгал ч гэдэг. Дашрамд хэлэхэд Чингэс хааны гэрээслэлд "Аялгууны бясалгагч нараа хайрлаж яваарай" гэсэн зүйл байдаг гэж дуулсан. Агуу Чан Чун бумбатай 7 сар хамт байхдаа бясалгасан байх учиртай. Бясалгал нь аялгууных байс­ныг гэрээслэл нь хэлж байна. Миний дуулсан гэрээслэл үнэн бол Аялгууны буюу Арьяабалын бясалгал хийсэн хэрэг. Энэ дээд бясалга­лаар бясалгавал хувь заяаны тань зураг төөрөг бүхэлдээ юмуу, баллаж чад­сан хэм­жээгээр өөрчлөгдөнө.

Дээд бясалгал хийдэг хүн бол тэрхүү цахилгаан сорон­зон баллуурыг гартаа ат­гаж байгаа хэрэг юм. Өөр ийм хүчтэй баллуур гэж орчлонд үгүй. Ламын уншиж айлдаж буй ном бол энергийн түв­шинд хөгж­сөн шинжлэх ухаанч мэдлэг юм. Буддын сур­гаалд уурла­хыг элгэнд муу гэсэн байдаг. Уурлахаар эл­гэнд 3-4 чи гэдэг энергийн хэмжүүрээр хэмжсэн гэм согог сууна. Нэг чи нь 0.32 см. Ийм хэмжээний энергийн сөргүү долгион таны элгэнд суулаа гэсэн үг. Энэ бол элгийг аяндаа өвчлүүлнэ. Үүнийг эрүүлжүүлэх тарнийг үгийн долгионы хэлбэлзлийг нь тааруулан байж "Ум дагийний хум мамаа бизъяа сууха" гэж номлосон байдаг. Ийм учраас яах аргагүй энергийн түвшинд бий болсон тарни эмчилгээ гэж үзэж болно. Түвд хэл дээр байгаа шашны номыг тэр хэл дээр нь номлох ёстой юм билээ. Ингэхгүй бол үгийн долгион өөрчлөгдчихнө. Ойлгохын тулд л орчуулж болох байх.

-Дэлхийгээс гадна ухамс­рын өөр өөр түвшин байдаг гэлээ. Тэгвэл дал­дыг хардаг, гоц авьяаст­нуудыг энергиэ хөгжүүлсэн хүмүүс гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Яг яаж хөгжүүлэхээ мэдэж хөгжүүлсэн нэг байхад өөрийнх нь авьяас маягаар илэрсэн нь бий байх. Йогийн их олон төрлийн бясалгал байдаг. Эдгээр дотроо олон түвшинтэй. Наахна түвшинд хүрэх, ид шидийг олох гэх мэт ихэвчлэн байхад өндөр түвшинд хүрэх, гэгээрэх бя­салгал ч байна. Ямар бясал­гал хийснээсээ хамаарч хүн ухамсрынхаа түвшинд тө­дийгүй физик биеийн түвшинд хөгжинө гэсэн үг. Дээд түвш­ний бясалгал хийсэн бол дээд түвшинд хүртлээ хөгжих бо­ломжтой.

Гоц авьяастан гэж та асуу­­лаа. Бөө бөөлнө гэж бай­на. Бас л шинжлэх ухааны үндэстэй зүйл. Ассур буюу Одот ертөнцийн наагуур түв­шинд энергиэрээ харьцаж байна гэсэн үг. Энэ бол бо­ломжтой зүйл. Бидний дээхнэ буй одот ертөнцийн захыг нь шагайхад л дөрөв дэх хэм­жээст орчихно. Энэ бол хяз­гааргүй зүйл. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор байдаг тэр их аварга хэм­жээст орчхож байна гэсэн үг. Энэ үед хүний бүх авьяас чадвар ил гардаг. Тэнд бүх зүйл бодлоор бүтдэг. Бөө нар үүнийгээ цааш нь хөгжүүлэх юм бол хамаагүй өндөр түв­шинд хүрэх боломжтой.

-Гэгээрнэ гэж ярьдаг. Гэгээрсэн хүмүүс өөрий­гөө 100 хувь удирдаж, хүс­сэнээрээ байж чаддаг гэ­сэн үг үү?
-Гэгээрнэ гэдэг нь хүмүү­ний билгийн буюу гурав дахь мэлмий нээгдэнэ гэсэн үг. Хүмүүс Бурханы мэлмий гэ­дэг. "Бидний дотор бурхан бай­на" гэж гэгээрсэн хүмүүс бүгд хэлсэн байдаг. Энэ нь хүмүүнд өөрт нь агуу их хүч чадал, билиг авьяас байна гэдгийг хэлж байгаа хэрэг. Бурхан л гэвэл шашин гэж ойлгож болохгүй. Авьяа­саа нээж бурхны түвшинд хүр­сэн хүмүүс олон байна. Бур­хан Багшийг аваад үзье. Хан хүү, улсыг удирдах ёстой хүн. Тэрбээр хаан суухаас гэ­гээр­лийг эрхэмд үзэж гэ­гээ­рэхээр шуудран хаан ширээгээ, улс орноо орхиод гараад яв­чихсан бодит хүн шүү дээ. Найр наадам, жаргал цэнгэлд ум­баж байх ёстой тэр хүн бүр адармаатай хэцүү замыг сонгож, ядарч зүдэрч, өлсөж цангаж, доромжлуулж гутаал­гаж явсаар эцэст нь гэгээрээд "Хүн бүрийн дотор Бурхан байна" гэж айлдсан байдаг. Хүн бүхэн, бүр алуурчин ч гэсэн гэгээрч болно. Мял Богд гэж манайхан ярьдаг. Ха­раалын ном үзээд баахан амьтан алчихсан хойноо гэ­мээ ухаараад бясалгалын мөр хөөж нэг насандаа гэгээрсэн нэгэн. Гэгээрэл гэдэг бол бодитой зүйл. Одоо хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа Төгс гэгээр­сэн их багш Чин Хай байна. Өмнөд Вьетнамд төрсөн, барууны хэд хэдэн оронд өндөр боловсрол эзэмшсэн. Гэв гэнэт л энэ миний зам биш, би гэгээрэх ёстой гээд бясалгаж, хамгийн дээд хэм­жээнд гэгээрсэн тэр хүн өнөө­­­дөр амьд сэрүүн байна. Тэгэ­хээр хүний хөгжил нь ухамс­рын хөгжил, энергийн хөгжил болохоос махан биеийн хөг­жил, тархины хөгжил төдий өнөөгийн ойлголт огт биш юм байна.

-Гэгээрсэн хүмүүс энер­гиэ дээд хэмжээнд хүртэл хөгжүүлж чаджээ. Тэгвэл яагаад мөнх амьдрахгүй байна?
-Мөнхрөх гэдэг утгыг бид ойлгохгүй байна. Өнөөдөр бид төрөх, өвдөх, үхэхийн үнэнд гүйцэгдсэн хүмүүс. Бид гэгээрч чадаагүй учраас л "үнэн" гээд байгаа энэ зүйл­тэй хүссэн хүсээгүй зуурал­дана. Үүнийг сансрын хүлээ­сэнд баригдах уягдах, хүлээс­лэгдэх гэдэг.

Бидний там гэж нэрлээд байгаа тэр зүйл бол энергийн долгионы 22 муухан түвшинг хэлнэ. Тамд унавал аймшиг­тай гэдэг. Аймшиг нь юундаа байна гэхээр орж үзэчхээд гараад ирэх үзмэр төдий юм биш. Энерги устаж үгүй болох­гүй гэсэн хууль хүчинтэй байх болохоор тэрхүү энер­гийн долгионы түвшинд очсон нэгэн хичнээн жилийг тэнд суугаа билээ. Энергийн хуу­лийг л ойлговол хүн шууд өөрчлөг­дөнө. Бид мөнх гэд­гийгээ умартаад байна. Мөнх гэдэг нь бид сүнснийхээ түвшинд мөнх болохоос махан бие бус.

-Би болохоор одоо амь­­­дарч байгаа махбодь дээрээ л жишиж асуусан юм л даа?
-Энэ физик биеийн 30-40-хөн хувь дээр л төвлөрч бодоод бай­хаар үүнээс цаашаа сэтгэж чадахаа больчихно. Нас барсан ч 60-70 хувь минь үлдэнэ, түүний дараа хэлбэ­рийн өөрчлөлтийг шийднэ гэж хуулийн дагуу ойлговол бүх зүйлээ өнөөдрөөс зохицуулж болно. Тэр цагт өөрийгөө хөгжүүлээд нэгдүгээр түвш­ний дээр гарчих юм бол наа­шаа бууж иртэл мөдгүй шүү дээ. Хоёр дахь түвшинд гарвал магадгүй сая жил ч тэн­дээ байх болно. Гуравыг давчих юм бол сансрын хүлээс­нээс бүрмөсөн чөлөөлөг­дөнө. Хэзээ ч наашаа бууж ирэхгүй. Мөн­хийн амьдрал буюу ухамс­рын амьдралаар амь­дарна гэсэн үг. Энэ нөх­цөлд төрөх, өвдөх, үхэх гэдэг зүйл худлаа болоод явчихна. Ийм маягаар бид бүгдийг нь өөрөө өөрчилж болох нь бай­на шүү дээ. Амархан байгаа биз. Бид мөнх гэд­гийгээ умартаад байна. Мөнх гэдэг нь бид сүнснийхээ түвшинд мөнх болохоос махан бие бус.

-Та бид хоёрын ярилц­лагыг уншсан хүмүүс өөрийн­хөө чадах хэмжээ­гээр үүнийг мөрдөөд бя­салгаад явбал ямар үр дүнд хүрэх вэ. Ингэж болох уу?
-Бололгүй яахав. Хүрэх үр дүн ойлгомжтой. Сайн санааны үзүүрт тос гэдэг шиг хувь заяа чинь сайн байна. Бүх эерэг мэдээллийг л цуг­луулж байвал энэ хуу­лийн сайн заалтаас гажихгүй.

-Та яг хэзээнээс эхлээд энэ чиглэлийг судалж, со­нирхож эхэлсэн бэ?
-Нэг их удаагүй. 1996 оноос л эхэлсэн болов уу.

-Таны амьдрал яг энэ хэлээд байгаа хууль, оно­лоороо явж байгаа юу?
-Яг л энэ онолын дагуу явж байгаа.

-Жишээ нь, би таны хооллолтыг сонирхож бай­на л даа?
-Би нэг хэсэг идэх уухаа урьдынхтай нь харьцуулвал бараг үгүйтэй адил болгочих­сон байснаа ШУТИС-д ирс­нээсээ хойш бас нэг нэр­лэхэх аядаад жаахан нэмүү иддэг болсон. Гэхдээ хуучин­тай адил тэгж иднэ гэж байх­гүй. Одоо миний хувьд хоол байх, байхгүй нь ач холбогдол багатай.

-Ямар нэгэн асуудал гарахгүй юу?
-Гарахгүй, гарахгүй. Та нар туршаад үзээрэй. Гадуур явж байсан чинь нэг хүн "Лхаг­­­ваа гуай, би таны номыг уншаад өлсөөд үхэх шахлаа" гэж байна. Тэгэхээр юмныхаа мөн чанарыг нь ойлгохгүй болохоор үр дүнд хүрэхгүй. Лхагваа гуай нэг юм хэлсэн байна, бүтэхгүй байхаа, яа­хав үзээд алдъя гэдэг прог­раммаар ажиллавал бүтэхгүй. Би бодол санаанаасаа энерги авах юм байна гээд хуучин программаа өөрчилчихвөл юу ч танд саад болохгүй. Тэгээд өөрийгөө завгүй хоёр хоног байлгаад хоолоо багасгачих. Хоногт 3-аас доошгүй хоол­лох учиртай, монгол хүн мах­гүй бол үхнэ, өлсвөл өвдөнө гэхчилэн хэрэггүй програм­маар эсийг удирдаж байхад сайн сайхныг үзэхгүй ээ. Дэлхий нийтээрээ хэнд ч хэрэггүй программыг тархин­даа суулгасан байдаг. Энэ бүх программ л цагаа боло­хоор хоолоо нэхээд, хоол идэхгүй л бол тамирдаад ядраагаад эхэлдэг. Амралт дөхөөд ирэхээр ядарсаар бай­гаад, ажлын хамгийн сүүл­­­­чийн өдөр сульдаж үхэх дөхсөн хүн ажлаа өгөөд очоод хэвтээд өгдөг. Ийм эмзэг муухай программтай. Надад ийм программ байхгүй уч­раас би хүмүүс амарчихсан өдөр ч ажиллаж л сууна. Надад "амарна" гэсэн прог­рамм байхгүй учраас үүнээс болж ядрахгүй. Монголчууд бас "Цай холдлоо, толгой өвдөнө" гэсэн программтай. Цай уух­гүй бол 10 минутын дараа хү­чээр толгой өвдөнө. Бид тол­гойд байгаа бүх хуу­чин буруу прог­раммыг авч хаяж цоо ши­нэ программ суулгах хэрэг­тэй.

-Танд ямар нэгэн өвчин бий юу. Энэ онолоор яваад өөрийнхөө өвчнөөс анги­жирсан уу?
-Хүсвэл би өөрийгөө эм тангүй өөрөө эм­чилж чадна. Өөрөө өөрийгөө эмчилдэг онол гаргачхаад хэнээс юу гуйж суух вэ. Яаралтай мэс заслын өвчин л биш бол. Өөр нэг зүйл бий. Бид энергийг ашигтай ажилд хувиргах боломжийг олсон. Эсийг шинээр программч­лахад ашиглаж бас болно. Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх бүхэл бүтэн цогц систем бий болчхоод байна. Өөрийгөө өвчингүй байлгах гэсэн бодол надад байхгүй. Би өвчиндөө хайртай. Мөнх амьдрахаа мэдсээр байж энэ махан бодтой зууралдаад байх со­нирхол алга. Би нүд аньсны дараах шилжилтийг хэрхэн хийхийг ойлгосон, хаана очих, яахаа мэдэх болохоор са­наа зовох зүйл алга. Өөрөөр хэлбэл энергийн хуулиуд надад ач тус болж байна.

Д.Оюунтуяа

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ