ХООСОН ЧАНАР


ХООСОН ЧАНАР

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: “Хоосон чанар бол Нирваан. Бүх хүсэл, эрэл, идэвхийллээс хоосорч чөлөөлөгдсөн гэсэн үг. Нирвааны эрэл хүсэл ч замхран арилсан төлөв (Хоосон чанар, БНСУ, WOW 757)

                Их Багшийн хамгийн дээд өглөг соёрхлыг энэ л үед хүртэх юм.

Бурхан Багш: “Хоёр туйлаас хараат бус, нэр тэмдгээс хэтийдсэн утгыг Хоосон чанар /номын агаар/ гэнэ (Өдөр дутмын ариусал, АГ 2, Алтангэрэлт судраас, х 167).

Ошо Богд: “Будда бээр таны хийсвэр сэтгэлийн зорилт, тэмүүлэл, бүхий л ирээдүйг чинь авч хаяад эцэст нь бидний салах нэн дургүй, хамгийн дотноссон 'би' хүртэхүйг хүртэл үгүй болгодог. Ингээд танд дан ганц цэвэр ухамсар үлдэх ба та цэвэр ариун, гэм зэмгүй, цагаан цайлган, онгон хоосон болдог ба Будда үүнийг Нирваан гэдэг. Нирваан нь аливаа зорилго, зорилт бус таны хоосон чанар. Хэрэв та бүхий л амьдралынхаа турш цуглуулсан зүйлүүдээ хөсөр хаяж, дахин хуримтлуулахаа зогсоож, аливаа юмс үзэгдэлтэй зууралдахгүй, харамч шунахай сэдэл, үйлдлүүдээ зогсоовоос дотроос тань хоосон чанар оргилон гарч ирнэ (Ошо Гайхамшигт хүмүүстэй хийсэн уулзалтууд, УБ, 2014, х 33). Тавилгаа цөөлвөл гэрт орон зай нэмэгдэхтэй адил. Хоосон чанар, нирваан, би-үгүй төлөв таныг орхиогүй, дотоодод тань байсаар байгаа. Будда танд ухамсартай амьдрахыг зааж өгч байна. Ухамсар танд эд зүйл өгөхгүй, аливаа зорилтоо биелүүлэх арга хэрэгсэл болохгүй, зөвхөн тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг үгүй болгодог. Энэ бол ухамсрын бодит үнэ цэн юм” (мөн тэнд, х 34).

Их Багш Чин Хай: “Хоосон чанарын тухай сонсох нь их хувь, ойлгох нь агуу хувь, ухаарах нь онцгой хувь ерөөл, харин онох нь эгнэшгүй хувь ерөөл. Энэ нь төгс чөлөөлөлт болой. Хоосон чанарыг бие, хэл, сэтгэлээр мэдэрч онох үед юмс Бурханы тааллаар бүрэн төгс хэрэгжиж эхэлнэ. Бүхий л юмс үзэгдэл хоосон чанартай. Мөн үг өөрөө хоосон чанартай. Хоосон чанарыг оносноор 4 цаглашгүй их хүч илт хуран цугларч таны цаглашгүй мөн чанар илэрнэ. Эдгээр 4 нь: асрахуй, нигүүсэхүй, баясахуй, үл хайхрахуй болой. Энэ 4 их хүч сэргэхэд билиг танхай болно (Их Багшийн дотоод айлдвар).

Хоосон чанарын номыг анхааран сонсох нь 10 галвын турш өглөг, шагшаавад (ёс зүй), хүлцэнгүй, хичээнгүй, самади барамидыг дадуулан бүтээснээс ч илүү их буяны чуулганыг хураана. Гэтэл 10 галвын турш хоосон чанарын номыг бусдад номлосон буян үүнээс ч их, харин энэ нь хоосон чанарыг 1 секунд бясалгасан лугаа харьцуулахад өчүүхэн бага (Зопа Ринбүүчий ламтны айлдвар “Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, 2006, тал 276).

Их Багш Чин Хай:

“Хүмүүн бид чинь:

         энэ бие цогцос ч биш, сэтгэл ч биш.

         Хийж буй зүйл, сурч буй зүйл маань ч бид биш.

         Толгойгоо эргүүлүүлж өөрсдийгээ гээд итгэчихсэн зүйл ч бид биш.

         Хэрэв өөрсдийгээ ийм маягаар ойлгох юм бол бидэнд угтаа оршихуй байхгүй юм (Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ, тал 145).

Энэ юу гэсэн үг вэ гэхээр мөн чанартаа хүмүүн бээр эзэн бие үгүй хов хоосон орон зай юм.

  “Гагцхүү дотоодод маань юу ч үгүй хов хоосон болох үед Оройн Дээд Их  Бурхан бидэнд билиг ухаан болон хайрыг цутгаж өгөх юм. Бидэнд юм бүхэн байна, гэвч бид юу ч үгүй болно. Яг хоосон сав шиг хирнээ дотор нь Бурханы билиг ухаан дүүрэн агуулагдах болно” (боть 6, х 379).

Үүний тулд юуны өмнө билиг ухаан нээгдэх болон төгс гэгээрлийн хамгийн аюултай дайсан болох 'би' үхэх ёстой.

“Үнэндээ бол ертөнцөд оршин байдаг зүйл гэж нэгээхэн ч үгүй. Энергийн бөөгнөрөл болон хайрын орон зай л гэж байдаг, тэр нь заримдаа янз бүрийн хэсэгт хуваагддаг. Энэ нь цахилгаан гүйдэл нь чийдэн, дамжуулагч утас, микрофон гэх мэт өөр өөр зүйлд оршдогтой адил юм” (Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ, тал 53).

Аръяабалын номын цогцыг бясалгахад аливаа бодис хоосон чанартай, чих, нүд, бодол биеийг хэрэглэхгүй, төрөхгүй устахгүй, хиртэхгүй, ариутахгүй юм (боть 6, х 60).

Шри Чинмой Богд: “Өндөр дээд самадид хүрэх үед өрөөл бусдын бие даасан бодьгал чанар үзэгдэхээ больдог. Хүмүүс бидэнд хүн дүрээрээ бус далайд цутгах гол мөрөн адил ухамсрын урсгал байдлаар үзэгдэнэ. Гол горхи цутгаад далай болж хувирна. Самадид орохын тулд заавал гэгээрсэн байх шаардлагагүй” (Сидхи ба самади, тал 92-93).

Хоосон чанар бол буддизмын гүн ухааны суу билгийн оргил болсон номлол юм.

Бурхан Багш бээр: “Бүх юмс уг мөн чанараараа хоосон бөгөөд бидний сэтгэлийн нэрийтэл төдийхэн, тэдгээр бүх юмс шүтэн барилдсаны учир хоосон чанартай, шүтэн барилдахуй хийгээд хоосон чанар нь нэгэн сургаалийн салшгүй хоёр тал” (Зопа Ринбүүчий ламтны айлдвар “Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, 2006, Ч.Хатанбаатарын орчуулга, тал 13).

Бурхан Багшийн “Хамаг юм өөрийн уг мөн чанараар эс бүтсэн бөгөөд хоосон чанартай” хэмээх номлолыг дараах байдлаар ойлгох юм (Бурхан Багшийн сургаал, Н.Энхбаярын орчуулга, 1996, тал 56-69). Үүнд:

 Энэ ертөнцөд бүх юм цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд буй болж, мөн цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд байхгүй болох тул юмст өөрийн мөн чанар гэж үгүй, бүгд хоосон чанартай. Ийм учраас ертөнцийн бүх юм хоорондоо шүтэн барилдсан, нэгдмэл юм.

 

 Их Багш Чин Хай: “Гэгээрснийхээ дараа би ертөнцийн хамаг амьтан бие биетэйгээ шүтэн барилдсаныг олж харсан билээ. Бидний мөн чанар нэгэн ижил, бид бүгдээрээ нэгдмэл юм(Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ, 6 дахь хэвлэл, 2007, тал 53).

  Энэ ертөнцөд бүх юм цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд буй болж бүтэх тул өөрийн гэх мөн чанаргүй, хоосон чанартай, тиймээс бүх юмсын хооронд өчүүхэн ч ялгаа байхгүй, ертөнцийн бүх юм хоорондоо ижил тэнцүү (Юмсыг сайн муу, сайхан муухай, буруу зөв, бузар ариун, мөнх мөнх бус гэх нь зөвхөн тэдгээрийг харж буй хүмүүний сэтгэлийн үүтгэл төдий).

Ийнхүү хамаг юм хоосон чанартай, хоорондоо шүтэн барилдсан, нэгдмэл юм.

Аливаа юмс өөрийн мөн чанараар бүтээгүй, шалтгаан нөхцлийн уялдаанд бүтсэн учир хоосон чанартай. Мунхаг билгүүн 2 тусдаа, орчлон нирваан 2 ондоо ч хоосон чанарын агаар ав адилхан. Анги ялгаа үгүй, хил хязгаар үгүй, арвижих хомсдох нь үгүй (Бурхан Багшийн сургаал, Н.Энхбаярын орчуулга, 1996, тал 168). Юм бүхэн хоосон чанартай, би хэмээх зүйл үгүйгэж сүслэн бишрэгч бол бодь сэтгэлтэн. Бурхан чанар бол номын чанар. Номын чанар хоосон (Агнистын гэгээ 2, тал 178). Хоосон чанар нь Бурхан Багшийн жинхэнэ бие /дармакая/ юм. /мөн тэнд, х 146-149/.

Ертөнцийн юмс мөн чанаргүй учир бие даан оршиж эс чадна, хоорондоо холбоотой, нэг нь нөгөөгөөсөө шалтгаалан оршдог. Ийнхүү хамаг юм хоосон чанартай, хоорондоо шүтэн барилдсан, нэгдмэл юм.

 Энэ ертөнцөд бүх юм цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд буй болсон, өөрийн мөн чанаргүй, хоосон чанартай тул тэдгээрийг оршин буй хэмээн нотолж болохгүй. Тэдгээр нь цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд буй болж үнэхээр оршин буй тул бас огт байхгүй гэж хэлж болохгүй. Энэ ертөнцийг цаг зуурын юмуу эсвэл бодит чанартай гэж болохгүй (мөн тэнд, тал 59, 61). 

Хоосныг оргүй хоосон биш, оршихуйн түгээмэл чанар гэж ухаарснаар үгүйгэх үзлээс гэтэлнэ. Үзэгдлийг хэлхээ холбоонд нь ухаарснаар бие даасан мөн чанар үгүйг ухаарч бодитчилох үзлээс ангижирна. Хоосон утгаар үгүйсгэж туйлшрах, үзэгдэл утгаар ахуйчлах /бодитжуулах/ туйлшралыг тус тусад нь арилгаж, хоосон чанарыг юмсын харилцан шүтэлцлээс илрүүлж чадвал төөрөгдөлд үл автана.

Бодь сэтгэлтэн юмс үзэгдлийг байгаа гэж бодох юм бол тэр нь би, амьтан, сүнс, бодьгал гэсэн үзэл болно. Бодь сэтгэлтэн юмс үзэгдлийг байхгүй гэж бодох юм бол тэр нь мөн би, амьтан, сүнс, бодьгал гэсэн үзэл болно. Бодь сэтгэлтэн юмсын тухай буруу ойлголтонд автахгүй шигээ юмс үгүйн ойлголтонд ч үл автана. Энэ сургаалыг орчлонг гатлах сал гэж ухаарсан хүн юмс үзэгдлийн буйд уягдахгүй,  тийм бол буй буст уягдах учиргүй. Тийм учир бодь сэтгэлтэн юунд ч оршихгүйгээр сэтгэгтүн! Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, оногдохуйн аливаа утганд бүү барьцалд! Бодь сэтгэлтэн бодол бүхнээс ангижирч, бодь хутгийг сэтгэгтүн! Өнгөнд оршилгүй сэтгэ! Дуунд оршилгүй сэтгэ! Үнэр, амт, хүрэлцэхүйд оршилгүй сэтгэ! Юмст оршилгүй сэтгэ! Учир нь оршихуй тэр бүхэн эс оршихуй бөлгөө.

Харин цаг хугацаа, нөхцөл шалтгааны хооронд бүх юм хувирч өөрчлөгдөн байснаараа эс байна. Үүнийг ямарч хүч өөрчилж эс чадна. Энэ бол ертөнцийн цорын ганц хувиршгүй үнэн.

 

Хоосон чанарын тухайд юуны өмнө энэ хүлээст амьдралын дунд хураасан бол барагдаж, бүтээсэн бол эвдэрч, учирсан бол хагацаж, төрсөн бол үхэж төгсдөг энгийн үнэнийг ухаардаггүй мунхаг сэтгэл, мөн үйл үрийн хуулийг ухаараагүй мунхаглал хоёроос бүх зовлон үүдэлтэйг ойлгох юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бээр эх дэлхий устах эсэх талаарх асуултанд: “Үүссэн бүхэн цагаа болохоор устах нь дамжиггүй” (Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ,  тал 21-23) гэж хариулжээ. Тэгэхээр дэлхий хүртэл устах нь Хоосон чанарын онол ёсоор болох хэрэг. Харин хугацааны хувьд эртэдсэн байж болох бол энэ нь хүмүүн бидний үйлийн үрийн шалтгаантай холбоотой. Үүний өмнө дэлхийд дөрвөн ч удаа галав юүлж, Лимур, Атлантын агуу соёл иргэншлүүд устаж, Грек-Ромын гайхамшигт соёл улмөргүй арилж, Чингисийн их гүрний сураг тасарснаас эхлээд биднийг зөвхөн хоосон чанарын жишээ л тойрон хүрээлж байдаг. “Хамаг юм өөрийн уг мөн чанараар эс бүтсэн бөгөөд хоосон чанартай” хэмээх номлолыг бясалгаж (бодож эргэцүүлж) Үнэнийг ухаарваас “Би” хэмээн дөвийх үзлээсээ ангижирч, шунал хүслээсээ чөлөөлөгдөж, амьдрал хийгээд амьд явахын учрыг таньж, хүний төрхийг олж, сэтгэлийн амар амгалан лугаа учрах нь байна.

Бясалгах нь тухайн агуулгад уусан нэгдэхийн нэр. Өөрөө тэрхүү үнэн болж хувирахын нэр. Хоосон чанарыг бясалгалаа гэхэд Оршихуй нь хоосон чанар болно гэсэн үг (Ухаарал Бясалгал Гэгээрэл П.Бадралын орчуулга, 2010, тал 156).

 

Хоосон чанарыг бясалгаснаараа нэгдүгээрт: хүмүүн бээр өөрөөсөө эхлээд бүх юм өөрийн мөн чанараараа бүтээгүй, иймээс бүх юмсын хооронд өчүүхэн төдий ялгаа үгүй, ийнхүү ертөнцийн бүх юм хоосон чанартайг ухаарах юм. Хоосон сэтгэлийг дагасан сэтгэлийн амьтан болчхоод хоосон бүхний араас хөөцөлдөж хүсэл шуналын ёроолд живсэн хүмүүн бээр энэ үнэнийг ойлгох хүртлээ амьдрал хэмээн нэрийдсэн хоосон зэрэглээн дунд төөрч будилсаар байх юм. Хоосон чанартай сэтгэлд хөтлөгдсөн бүхэн зөвхөн хоосон дунд дуусна гэсэн үг.

Мил Богд бээр айлдахдаа: “Ахуй орчлонгоос сэтгэл ангижирч, үл хураах, үл хийх, үл учрах, үл төрөхүйн хоосон чанарыг бясалгах нь гүрэм заслын дээд хэлбэр мөн” гэжээ (Мял Богдын гэгээрсэн түүх, 2007, П.Бадралын орчуулга, тал 253).

Шанзун Ервава: “Өглөө мөнх бусыг санаагүй бол өдрийн хугаст энэ ертөнцийн харъяат, өдрийн хугаст санаагүй бол үдэш оройдоо ч түүний харъяат. Энэ ертөнцийн харъяат байгаа цагт юу ч хийсэн гэгээрлийн үйл болохгүй” (Амьдралын хүлээснээс ангижрахуй, 2007, П.Бадралын орчуулга, тал 100).

Урьд нэгэн эр хоосорч ядуурсан баян хүнтэй таараад учрыг асуувал “хоосон Мяларайвыг дууриачихсан чинь хоосорчихлоо” гэж гомдоллосон гэдэг. Учрыг нь ололгүй дуурайчхаж л дээ. Манай нэг бясалгагч “Авшиг гэдгийг авчихсан чинь ажил ч үгүй, алдар нэр ч үгүй, орох орон ч үгүй болчихлоо. Сайхан байнаа” гэсийм. Энэ хоосрол бол ухаарал.

Энэ хорвоогийн бүх юмс зөвхөн нөхцөл бүрэлдэхийн үр дагавар бөгөөд нөхцөл бүрэлдэж буй болсон бүхэн мөнх бус.

Мөнх бустай хөөцөлдөх нь бүтэлгүйтэл, хүний амьдралын буруу зам юм бол мөнх юм бидэнд байдаг билүү? Бий. Дээр дурдсан эгэл амьдралын 8 санаа, дээр нь уур хилэн, атаа жөтөө, дайсагнал үзэн ядалт, өмчирхөл, өрсөлдөөн, ерөөс буддизмд үздэгээр 84000 нисваанис (муу сэтгэл) буюу ертөнцийн хор бүхнээр бохирдож бузартсан сэтгэлийг юуны өмнө хүсэл шуналын хүлээсээс чөлөөлж, түүн дээр битүү дарсан тоосыг арчиж ариусгаад харвал цаана нь халхлагдан буй нэг зүйл, тухайлбал харанхуй мунхаг сэтгэлд хүлэгдэж бие хэмээх гянданд хоригдсон жинхэнэ өөрийгээ олж авах юм. Энэ нь оюун санаа, ухамсар буюу сүнс юм. Бидний дотоод бурхан буюу бурхан чанар маань юм. Бидний уг мөн чанар маань юм. Энэ бол үүсэл, устал аль нь ч үгүй, үхэхгүй төрөхгүй, өвдөхгүй, өтлөхгүй, үүрд мөнх оршдог чанар юм. Угтаа энэ бол та өөрөө юм. Ертөнцөд хүн, амьтны төрлийг олсон ч, бирд буюу өлсгөлөн сүнс болж төрөөд зовж зүдэрсэн ч, тамд унасан ч, бузартсан бие махбодь, хорвоогийн шунал тачаалын хир буртаг дүүрсэн ёроолд унасан ч гэрэл гэгээ цацраасан хэвээр мөнх орших тэрхүү чанар юм (Бурхан Багшийн сургаал, тал 78). Засаж залруулах юм гэж огт үгүй төгс төгөлдөр чанар юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсанчилан энэ бол бидний далай лугаа чанар юм. Далайн шуурга усан онгоц живүүлж, хүмүүс яаж амиа алдсан ч энэ нь далайн гадаргууд болж буй төдий үйл явц юм. Далайг өчүүхэн ч сандааж эс чадна.Ошо Богдын хэлсэнчилэн энэ бол бидний огторгуй чанар юм. Үүл зангирч, цахилгаан нижигнэж, аадар шаагивч огторгуйд падлийгүй, тэрээр ийм юм болж буйг мэдрэхчгүй. Энэ лугаа хүмүүн бид далайн шуурга, үүл, аадартай хөөцөлдсөөр дуусдаг. Харин жинхэнэ далай, огторгуй маань огтхон ч үл өөрчлөгдөнө. Ошо Богд бичиж байна: “Хэдийнээ бурхан атлаа бурхан болох гэж ядаад л. Хэдийнээ хаан атлаа хаан болох гэж шаналаад л. Ямархан инээдтэй. Унасан морио эрж яваа хүн яаж олох вэ" (П.Бадралын орчуулга Чанадын чанадад, 2008, тал 122).

Хүн бүр Бурханы мөн чанартай (Бурхан Багшийн сургаал, тал 81). Тиймээс бүх юм нэгдмэл юм.

Хүмүүн бид сэтгэлд хөтлөгдсөөр уг мөн чанараа мартжээ. Гэгээрэх нь энэхүү үнэнийг ухан ойлгож, сэтгэл санааны хүсэл шуналаас ангижирна гэсэн үг (Бурхан Багшийн сургаал, Н.Энхбаярын орчуулга, 1996, тал 59).

Их Багш Чин Хай: “Сүнс хэзээ ч төрөл арилждаггүй. Сэтгэлгээний зуршил, хүсэл шунал, сэтгэлийн хүлээс маань л төрөл арилждаг. Хэрвээ хүмүүн бид сүнсээ таньж мэдэн гэгээрч, бид болоод хамаг ертөнц хоорондын шүтэн барилдлагыг мэдчих юм бол хаана ч дахин төрөл авахгүй. Бид хэзээ ч төрөхгүй, хэзээ ч үхэхгүй” (Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ, 6 дахь хэвлэл, 2007, тал 53),

Бясалгалын нь талаарх асуултад Мил Богд: “Энэ бол хөлгөн бүхний дээд, эгэл амьдралын 8 санааг салхинд хийсгэгч хэмээх шашны ёсон” гэж хариулжээ ((Мял Богдын гэгээрсэн түүх, 2007, П.Бадралын орчуулга, тал 168). Эгэл амьдралын 8 санаа гээч нь зугаа цэнгэлд баясах, зугаа цэнгэл үгүйд уйдах, алдар нэрд дурлах, алдар цол үгүйд гутрах, магтаал сайшаалд хөөрөх, муушаал зэмлэлд буурах, олз ашигт эрэмших, олз омоггүйд бухимдах зэрэг болно. Мил Богдын агуйд нь ирж хоол нэхээд  юу ч олоогүйдээ уурссан ганзага хоосон анчид түүнд “Адгийн боол ч чамаас арай дээрийг идэж гайгүйг өмсдөг”гэж тавлахад нь тэрээр “Би хорвоод ховорхон аз заяатай хүн. Гадна талын хоол хүнс, хувцас хунар, нэр төрийг гаргуунд нь гаргаж, дотор сэтгэлийнхээ л хортон дайсныг амьд ахуйдаа ялан дийлэх тул энэ Замба тивд над шиг эр зоригтон, эрүүл ухаантан олдох болов уу даа” (мөн тэнд, тал 182) гэж хариулжээ.

Бурхан Багш 7 жил, Есүс Христ Энэтхэгт 13 жил, Мил Богд Төвдийн агуйд халгайн зутангаар хооллож ундлан 9 жил, Их Багш Чин Хай Энэтхэгт 4 жил гаруй, үүнээс 2,6 жилийг нь Гимлайн ууланд бясалгаж дээд гэгээрцгээжээ. Хоосон чанарыг ойлгосноороо амьдралынхаа утга учир гэж эрхэмлэж явсан бүхнийг салхинд хийсгэж, сэтгэлийнхээ хортон дайсныг амьд ахуйдаа ялан дийлж, өөрсдийгээ хамаг амьтны тусын тулд өргөл болгон байж дотоод мөн чанараа нээх нь үнэхээр эр зориг, эрүүл ухаан юм.

Хоёрдугаарт: хоосон чанарыг бясалгаснаараа хоосон чанарыг онох юм. Хоосон чанарыг оносноор бид юуг ойлгох вэ? “Хамаг юмс хоосон чанартай. Үүсэх ч үгүй, устах ч үгүй, хиртэх ч үгүй, цэвэрших ч үгүй, дундрах ч үгүй, дүүрэх ч үгүй болой... Зовлон үгүй. Зовлонгийн шалтгаан үгүй. Зовлонг хорьсон нь үгүй. Хорих зам ч үгүй. Бэлгэ билиг ч хоосон болохоор олдох хийгээд алдах юм нэгээхэн ч үгүй. Бодьсадва нарт олдох юм үгүй тул энэхүү билгийн хүчээр элдэв төөрөгдлөөс салж, гаслангуйн нойрноос сэрэх бөлгөө. Энэ бол оршихуйн гүн рүү орсон билгийн хараа. Түүнд би гэх зүйл үл олдоно. Би байхгүй бол хэн төрж, өтөлж, өвдөж, үхэх билээ. Тэгэхээр зовлон гэж үнэндээ байхгүй. Зовлон байхгүй юм чинь түүний шалтгаан ч, түүнийг хорьсон нь ч, хорих зам нь ч байхгүй. Энэ үнэнийг илэрхийеэ нээж чадвал зүүд нойрноосоо сэрэх болно. Оршихуйн үнэн бол хоосон чанараас өөр юу ч биш” (Ухаарал, Бясалгал, Гэгээрэл Агнистын гэгээ №7, 2010, тал 380-381, 383). Хоосон чанарыг онох нь хүмүүний хөгжлийн дээд шатанд хамаарна. Юмс үзэгдэл хоёр талтай. Хүмүүний тухайтад нэг нь Хоосон чанар, нөгөө нь Шүтэн барилдлага. Бүх юм, үүний дотор хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйл нь гагцхүү буян ба нүгэлд хураагдана. Энэ бол Шүтэн барилдлага буюу Үйл үрийн хууль. Эергүү ба Сөргүү энергийн хууль ч гэж болно. Бидний бие, хэл, сэтгэлийн үйл нь буян ба нүглийн аль нэгтэй шүтэн барилдах юм байна. Та сайн үйл, сайн үг яриа, сайн санаа бодлоор буяныг бүтээнэ, эсрэгээр бол нүглийг хураана гэсэн үг.Тэгэхээр дээрх 3 үйлийг эергүү болгосноор хүн хэмээх системийн энерги нь хэлбэрийн хувьд эергүү болох нь ээ (Термодинамикийн 2- р хууль ёсоор системийн энерги хэмжээний хувьд тогтмол байдаг. Тэгэхээр сэтгэл бүхий биологийн систем болох хүмүүний тухайд энергийн хэлбэр зонхилох үүрэгтэй байна). Ингээд биеийн үйлийг цэгцэлж (идэвхийллээс зохиролд хувирах гм), хэлний үйлийг зохистой болгож (үг яриаг зохистой болгох, цөөлөхөөс эхлээд дуу хурааах гм. үйлдвээс цаана нь сэтгэлийн үйл үлдэнэ. Сэтгэлийг номхотгож дадуулахаас эхлээд бүр сэтгэл үгүйн түвшинд хүрэхэд сая аливаа юмны нөгөө тал болох хоосон чанарыг онох юм. Үйлийн үрийг давж аливаа юмны нөгөө тал болох хоосон чанартай нүүр тулна. Угтаа оюун санаа, ухамсар буюу сүнс тань үлдэхдээ өөрийн уг гарвал төрх чанараар илэрнэ гэсэн үг. Энэ бол та бүхий л оршихуйтай, бурхантай нэгдэж буй үйл явц юм. Та огторгуй мэт, далай мэт зах хязгааргүй өргөсөн тэлнэ гэсэн үг. Гайхамшиг ингэж бүтдэг байна. Та тэр чигээрээ хайр болж хувирах юм.

Үүнийг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бээр: “Хэрвээ бид үйл үрийн хүрдийг эвдлэн зайлж чадваас үхэх нь үгүй, төрөх нь үгүй, амьдрал үгүй, үйлийн үр үгүй, гагцхүү азжаргал, амар амгалан л ноёрхох оршихуйн тэр хэмжээст хүрнэ” (Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ, 6 дахь хэвлэл, 2007, тал 60) гэж айлджээ.

Сансар, нирваан хоёрыг нэгэн чанарт ухаарснаар сансарт ч авталгүй, нирваанд ч уягдалгүй хамаг амьтны тусын тулд уйдалгүйеэ залрах нь Бурхан Багшийн жинхэнэ гайхамшиг мөн.

Зовсон амьтныг аварч, бохирдсон орчлонг цэвэрлэе гэсэн бодол хийгээд идэвхийлэл Түүнд байхгүй. Гэвч урьдын нигүүсэл буяны хүчээр амьтан тус бүрийн язгуур төлөв, санаа бодолд аяндаа тохирох жам ёсоор орчлонгийн эцэс хүртэл тусална. Энэ бол Бурхан Багшийн замнал.

Толь мэт билиг билгүүн нь ертөнцийг сэтгэлгүйеэ тусгадаг. Тиймээс Бурхан багш хэн нэгний өөдлөхийг хараад баярлахгүй, уруудахыг хараад шаналахгүй.

Түүний нигүүсэлд шунал тачаал үгүй тул аливаа зүйлд үл уягдана. Энэ бол гэгээрлийн мөн чанар (Агнистын гэгээ 2, тал 146-149).



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ