МОНГОЛЫН ЗАЯАГ ТЭНГЭР ТҮШДЭГ


МОНГОЛЫН ЗАЯАГ ТЭНГЭР ТҮШДЭГ

Украин  улсын Одесса хотноо Цэргийн инженерийн дээд сургууль төгссөн Д.Бадарч 2001 оны 9-р сард надад хандаж 100 асуулт хариулахыг хүссэн юм. Д.Бадарчийн  “Монголын заяаг тэнгэр түшдэг” ном 2005 онд хэвлэгджээ. Асуултын эл номын сэдэвт хамааралтайгаас  нь олзуурхан авч энд толилуулъя.

 

 

1. Монголчууд хүн төрөлхтөнд ашиг тустай юу хийсэн, ашиггүй юу хийсэн бэ?

Бага хоол ундаар биеийн их энерги хожиж эрүүл байх ухааныг олж оюун санааны хоолыг зуун зуунаар амьдралд хэрэгжүүлсэн, ухамсар амтанд уусдаг тухай онолыг олж үндэсний гал тогоотой байхаас ухамсартай зайлсхийсэн, хувь хүний хөгжлийн цорын ганц үзүүлэлт болох махбодийн энергийг хямгадах ухааныг үндэстний хэмжээнд төлөвшүүлсэн зэрэг хүн төрөлхтний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ард түмэн юм. Үндэстний түвшинд олон зуунаар мөрдөгдсөн энэхүү шинжлэх ухааныг үгүй хийснээрээ хойч үе хүн төрөлхтний өмнө буруутай.

 

 4.  Чингисийн үеийн Монгол хүчирхэг байсны нууц нь юу вэ ?

Эртний монголчуудын нэн давуу тал бол оюун санааны хоолоор дамжуулж өвлөсөн сэтгэлийн хат, туулах чадвараа унасан мориноосоо давуу бүр хөтөлгөө морины хэмжээнд хөгжүүлсэн үнэт чанар байсан.

 

5. Монголын төр сүүлийн 400-гаад жил яагаад суларсан бэ ?

Их байлдан дагуулалтын дараах Монгол гүрний биологийн угтвар нөхцөл нь хүмүүсийн бие махбоди байлдан дагуулалтын үе дэх оюун санаа, сэтгэлийн хөөрөл, хүч энергийн шавхан дайчлалтын үед давамгайлж шарын  төрх буюу мембраны альфа төлвөөс нэгэнт зорилт хангагдсан, оюуны хөөрөл дарагдсан, хэм амирлангуй , нойрмог идэвхгүй бадган төрх буюу эсийн мембраны бетта төлөв давамгайлсан горимд шилжсэнтэй холбоотой.

 

7. Өнөөдөр алтны үйлдвэрийн сайн ажилчнаас 3 дахин бага цалинтай УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн захирлууд ( дийлэнхи нь ) тэр ажилчнаас илүү тансаг амьдраад байгаагийн учир юунд вэ?

 

Өнөөдрийнхээс илүүтэй өөр хүнлэг нийгмийг хүн төрөлхтөн хараахан олж чадаагүйнх. Өнөөдрийнхийг нь Черчиль оргүйгээс дээр гэж хэлсэн байдаг шүү дээ.

11. Соёл, ёс  суртахууны өрсөлдөөний шинэ зуунд бид юугаараа өрсөлдөх вэ ?

Ёс суртахууны тухайд бол ирэх зуунд өрсөлдөөд байх юм дэлхийгээрээ байхгүй байх болов уу. Соёл иргэшлийн тухайд бол нүүдлийнх илүү жин дарах байх.

 

17. Улс орны хөгжлийн хурдац нийгмийн байгууллаасаа хамаарах уу?

Хөгжил гэдэг маань үндэсний орлогоор хэмжигддэг төдий зүйл  мөн бол энэ нь нийгмийн байгууллаас хамаардаггүй юм байна. Дэлхийн энэ их үгээгүй ядуучуудын эх орон чинь зах зээл, капитализмаас өөрийг мэдэхгүй, дуулаачгүй юм шүү дээ. Үйлдвэрлэх хүчний хөгжлийг хэлдэг бол арай өөр асуудал. Сүүлчийнх нь техникийн үсрэнгүй хөгжлийг үүдэхдээ хүнийг үнэт зүйлс (ухамсар ба  энерги бие, ёс суртахуун, соёл, язгуур ахуй гм) -ээс нь салгасан гэвэл энэ чинь хөгжил мөн үү гэж уулга алдахад хүрээд байна. Дөрөвдүгээр галвын үеийн тэр их хөгжил сөнөсөн юм шүү дээ. Нийгмийн хөгжлийг хүний хөгжил гэж үзвэл энэ нь чухамхүү тогтвортой, зөв хөгжил. Хүний хөгжил нь хэдэн дээд сургууль төгссөн нь бус махбодийн нь энерги, ухамсрын хөгжил болой.

 

19. Газар хувьчлах талаар таны бодол. Түрээслэх, хувьчлах хоёр нь хугацаанаас хамаараад ижил болчихож болиоор юм шиг?

 

Оюун санаа нь энерги үйлдвэрлэгч юм . Энэ талаас нь авч үзвэл хамгийн том үйлдвэрлэгч хүч бол оюун ухаан өөрөө юм. Өмчинд суурилсан оюун ухааны үйлдвэрлэж буй энерги нь чөлөөт хөгжлийн хувьд боогдмол, хэлбэрийн хувьд явцуу, сөргүү илэрхийлэлтэй байх магадлал их тул хүний энергийн агуулгыг хялбархан өөрчилдөг. Нэг үгээр,  өмчийн харилцаа л хүнийг өөрчлөхөд голлон оролцохдоо үр уршиг талаасаа бол бидний төсөөлж мэдэж байгаагаас хавигүй өөр. Хатуухандаа, өмч маань хүн өөрийгээ (энергээ буюу хувь заяагаа) эвдэхэд нь илүү дөхөмтэй үйлчилдэг гэж хэлж болох юм.

18. Хаант засагтай орнууд үндэснийхээ язгуур эрх ашгийн төлөө тавих анхаарал нь арай илүү юм шиг. Нэг ёсондоо засаг төрөөс ангид ажиллагаа идэвхтэй явагддаг юм шиг.

Хааны ч юмуу парламентийн засаглал гээд байгаа маань хүн төрөлхтний доройдлын шатанд үүссэн, аргацаасан, арчаагүй л юмны нэг байх.

21. Монголчууд хүлэгдмэл биш сэтгэлгээтэй хүчирхэг ард түмэн учир нилээд хүчтэй удирдагч (лидер) шаарддаг байж болох юм. Эзэн Чингисийн үеийг ардчилсан засаглал гэж үзэж болох уу?

Хүчирхэг ард түмэн гэдэг байлдсан, ялсанаар тодорхойлогдохгүй. Гагцхүү ухааныхаа сүвийг хэрхэн нээснээр л үнэлэгдэх байх. Энэ талаасаа бол дээр нэг дэх асуултанд хариулсанаар, тухайлбал монголчууд гурван их ухааныг олж нийт үндэстний хэмжээнд олон зуунаар гажилтгүй хэрэгжүүлсэн цорын ганц ард түмэн байж хүн төрөлхтнөөс тухайн үедээ өөрийгээ хавигүй урагш хөгжүүлсэн хэрэг. Ийм тохиолдолд бол хүчтэй зангарагтайгаасаа илүү ухаантай удирдагчийн тухай яригдах байх. Чингис хаан дэлхийг нэг эзэнтэй болгож байж л амар жимэр байж болох тухай санаагаа тухайн үеийн нөхцлөөс ургуулан өөрийнхээрээ бодож олсон болов уу.

22.  Бид эзэн Чингис, сайхан унаган байгаль гэж хашгирсаар байгаад тэр нь бахархал бус сагсуурах солиорол болж байх шиг. Өнөөгийн жирийн ард түмнээрээ яаж бахархдаг болох вэ ?

Бахархах ард түмэн гэдэг нь хэдэн сод хүн, хүчтэн, авъяастан төрүүлсэн ч юмуу хир хангамжиай тансаг байсан нь бус оюун санааны дээд түвшинд хэрхэн ухаалаг амьдарсан үндэстэн бэ гэдгийг хэлэх биз ээ.

25. Нүүдлийн соёл иргэншлийг та юу гэж үздэг вэ ? Энэ ер нь хэрэгтэй зүйл үү, хэрэггүй зүйл үү ?

Нүүдлийн бие даасан соёл иргэншлийн хүрээнд бий болгосон шинжлэх ухаан, соёл, урлаг нь хүн төрөлхтний үнэт зүйлсийн нэг мөн. Хүн төрөлхтний авралын нэг хувилбар нь энэ соёл иргэншил байна гэдэгт эрдэмтэд илүү итгэлтэй болсоор байна.

26. Монголын соёл урлагийг дэлхийн бусад орнуудынхтай харьцуулбал бид хаахна нь явна вэ ?

Үндэстний түүхийн турш бүтээгдсэн соёл урлагийг харьцуулах хэмжүүр гэж үгүй.

30. Шинжлэх ухаанд танин мэдэхүйг тархинд хамааруулж байхад Монголчууд элэг зүрхийг нэмж оруулж  ойлгодог нь ямар учиртай вэ ?

            Хувь хүний хөгжлийн зүй тогтлыг олж мэдэхэд монголчуудын оруулсан хувь нэмэр их. Хүний хөгжлийг энергийн хөгжил гэж үзэж, энэ онолыг амьдралд хэрэгжүүлж байсан ард түмний нэг. Энерги нь оюун санааны бүтээгдхүүн мөн болохыг дээр хэлсэн. Монголчууд дорно дахины ард түмний нэгэн адил элгийг сүлд орших орон, зүрхийг амьдралын үндэс буюу сүнс орших орон гэж үзэж танин мэдэхүйд хамаатуулан уламжлалт анагаах ухааны томхон баримтлалыг үүдсэн байдаг.

31. Бид Монгол хүн гэдгээ юугаар бусдад таниулж ойлгуулах вэ ?

Монгол улс бодитойгоор оршин тогтож байгаа нь биднийг аяндаа бусдад таниулж байгаа хэрэг.

34. Рок, поп урлаг гэж ер нь юу вэ ? Урлагаар хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Рок  поп урлаг  хүнийг ямар тал уруу нь хөгжүүлэх вэ ?

Хүний сэтгэл зүрхэнд ойр тааламжтай байгаа бүхэн махбодийг эергүү энергээр дүүргэж, сөргүү энергийг саармагжуулсанаар бүр эмчилгээний нөлөө үзүүлдэг юм. Урлагийн аливаа төрлийг эзэмшиж буй хүн энэ хуулийг мэдэж байгаасай, тэгснээр буян нь илүү арвижиж, зорьсон нь бүтэлтэй болно гэж хэлмээр байна.

 

35. Өнөөгийн эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд юу саад болж байна вэ ?

Хүний олон живаа эсийг удирдаж буй зүйл нь мэдээлэл юм. Үүнийг орчин ахуй гэж хэлдэг.  Өнөөдрийн мэдээллийн зуд эсийн ажиллагааны гажилтыг илүүтэй үүдэж байгааг стресс буюу хөнөөл гэж нэрлэдэг. Ийм буруу мэдээллийн хүрээнд эсүүд буруу ажилласнаас цагаас эрт хөгшрөх, өсөлтийн хугацаа богиносох, өвчин залуужих, залуугаараа бууралтах, махбоди өөртөө харших, сэтгэл санаа хувирах гээд олон гамшиг бий болдог. Тэгэхээр эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд энэ бүхэн саад бэрхшээл үүднэ гэсэн үг.

 

36. Хэл гэж юу вэ ? Монгол хэлийг бусад хэлтэй харьцуулахад хэр зэрэг баялаг, сэтгэлгээ үйлдлийг заасан чанар нь ямар төвшинд гэж ойлговол зохих вэ?

 Хэл бол үндэстний өөрийгээ баталгаажуулж буй хэрэгсэл, соёлын хамгийн том өв.

 

 

37. Өндөр боловсролтой мөртлөө хүмүүжилгүй, хүмүүжилтэй мөртлөө боловсролгүй хүмүүс байх юм. Аль нь чухал вэ?  Бид хүн ардаа эхлээд хүмүүжүүлэх үү, эсвэл боловсруулах уу?

Хүмүүжил нь боловсролтой үндсэндээ хамааралгүй. Хүмүүжил орчноосоо хамааралтай тул боловсрол олж авч буй орчин нь нөлөөтэй болохоос боловсрол нь өөрөө бол мэдлэг, мэдээлэл л юм. Миний бие хулгай хийхгүй байгаа нь боловсролтой минь холбоотой бус хүмүүжлийн маань ач. Боловсрол нь хоол олж идэх хэрэгсэл байхад хүмүүжил бол хүн байх хэрэгсэл мөн.

38. Монголд яагаад Европынх шиг үйлдвэр хөгжөөгүй юм бэ ?

Яагаад европынх шиг үйлдвэржсэн байх ёстой гэж. Жишээлбэл, европчуудад биднийх шиг нүүдлийн соёл иргэншил үгүй биз дээ. Нүүж, тархай бутархай амьдарч байгаа бол хэдийдээ үйлдвэржих билээ. Ер нь үйлдвэржсэний хэрэг багахан гарсан юм. Үйлдвэржилт нь хүнийг зөвхөн хэрэглэгч болгож хувиргахдаа хүнийг бүрдүүлэгч дээд бие  болох ухамсар ба энерги биеийг дарангуйлж хүний мөн чанарыг алга хийсэн юм шүү дээ.

39. Бид өөрсдийгөө авъяаслаг ард түмэн гэдэг. Тэгвэл тэр авъяасаар үйлдвэрлэж гарсан зүйл юу байна?

Оюун санаа, авъяасыг заавал нэг гутал хувцас, малтуур магадгүй онгоц болгож хувиргах тухай буюу бодитой гарт барьж мэдрэх зүйл болгосноор зорилго хангагдахгүй биз ээ. Оюун санааг бясалгал болгож хувиргаснаар өвчнөөсөө салж болохыг, өөрийгээ чөлөөтэй удирдахыг дорно дахиныхан аль эрт мэдэж хэрэгжүүлсэн.

 

41. Бид бичиг үсэгт аль эртнээс нилээд сайн тайлагдсан мөртөө үндэсний үйлдвэрлэл, техникийн талаар бараг байхгүйтэй адил зөвхөн хэрэглэгч болжээ. Боловсрол эзэмших, үйлдвэрлэл хөгжүүлэх хоёрын аль нь амархан бэ?

Боловсролын бүх шатны сургалт нь мэдлэг олгодог. Мэдлэгийг үйлдвэрлэх хүч болгох нь хүн бүрд хүртээлтэй байдаггүй. Мэдлэгээ төгс төгөлдөр болгож хөгжүүлж чадсан хүнд л хамаатай.

44. Монголчууд гадаадад ажиллахаараа гологдох нь бүү хэл магтагдаад байдаг. Энэ нь цалин хөлсөндөө юу, эсвэл зохион байгуулалтандаа юу?

Магтуулж шагшуултлаа ажилладаг бол сайн л хэрэг. Бүх юм сэтгэлээс хамааралтай байдаг юм. Сэтгэлээ засах гэдэг нь амжилтын үндэс.

46. Өндөр хөгжилтэй орнуудад 30 жил зүтгэж байж хуримтлуулсан бизнесмений хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө  мөнгийг Монголд 5 жилд бий болгодог бизнесийг ямар бизнес гэх вэ ?

Бизнест хөрөнгийг хэдий хугацаанд хуримтлуулах тухай ойлголт байхгүй. Бусад оронд үйлдвэрлэл маш бага ашиг дээр тогтож байдаг учраас хуримтлал мөд бий болдоггүй тал бий. Гэвч тэдгээр оронд жилийн хүү нь манай сарынхтай тэнцэхүйц банк зээлийн хамгийн таатай нөхцөл байдаг. Тэгэхээр манайд байхгүй нөхцөл нөгөө талд, тэдэнд байхгүй зарим нөхцөл (ашгийн түвшин арай илүү) манайд бий. Манайд биенес эрхлэх нөхцөл туйлын хүнд, тухайлбал далайд гарцгүй, импортын бараа татан авах зам хол, үнэ өндөр, татварын дарамт их гм. Ер нь мөнгө олсон 100 биенесмений 95 нь дампуурдаг тухай дэлхийн статистик мэдээлдэг. Ийм өндөр эрсдэлтэй ажил. Тэгэхээр хялбар мөнгө олдог тухай ойлголт үнэнд нийцэхгүй.

47. Нэг Монгол хүн Америк ч юмуу, Япон хүнтэй  харьцуулахад бараг илүү ажиллах чадвартай мөртөө, арван Монгол хүн болоод ирэхээрээ нөгөө арван хүнээс дор ажилладаг. Энд ямар учир байна ?

Ийм статистикийн мэдээ судалгаа байхгүй. Ажлын арга барилын тухайд бид ерөнхийдээ гологдох талдаа гэж хэлж болно. Чимхлүүр, уйгагүй, махруу, зорилгоо ухамсарласан үйлдэл монголчуудад дутмаг гэж хэлж болно. Энэ нь юуны өмнө суурин суумгай ажлын туршлага суух боломж хэзээнээсээ хомс, хоёрдож монголчууд энергийн үндсэн төрхөөрөө шар махбодид хамааралтай. Өөрөөр хэлбэл оюуны чадавхи өндөр, энэ хэлбэрийн ажил эс бөгөөс түргэн шуурхай, хөдөлгөөнтэй ажилбар, спорт зэрэгт илүү тохиромжтой гэсэн үг. Зах зээлийг шалмаг мэдэрч цөөхөн жилд түүн лугаа зохицож чадсан нь үүний тод жишээ л дээ.

48. Бид гадны бараа болгоныг шүтдэг. Өөрсдөө хийж чадахгүй болохоороо тэр үү? Бусад ихэнх улс өөрийнхөө барааг голж шүүмжилж байгаад хэрэглээд байх юм. Учир юунд вэ ?

Гадны барааг шүтсэндээ бус хэрэглээнд хөтлөгдсөндөө байх. Нэгэнт хүний тухай онол буруу учраас хүнийг одоо хэрэглээ ( буруу, зөв нь хамаагүй  ) нь удирдаж байгаа юм. Ийм буруу удирдлага нь өнөөгийн нүсэр том зах зээлийг бий болгосон ба үүнийг хөгжил гэж эндүүрээд байгаа хэрэг л дээ.

50. Би хувьдаа үндэсний үзлийг үндэсний үйлдвэрээс дээгүүр т авьдаг хүн. Бидэнд үндэсний үзэл хир зэрэг байгааг барагцаалан хэмжиж болох уу?

Үндэсний үзлийг үндэсний үйлдвэрлэлтэй харьцуулах нь хаашаа юм. Үндэсний үйлдвэрлэлгүйгээр амьдарч болж байсан шүү дээ. Харин үндэсний үзэлгүйгээр өнөөгийн Монголын хувь тавилан ямархан байх байсныг хэлэхэд хэцүү. Харин ялангуяа даяарчлалын нөхцөлд үндэсний үзлийг дэвэргэх бус үндэсний ухамсрыг илүү төлөвшүүлэх нь тустай бус уу.

52. Шинжлэх ухаан, үйлдвэр  хөгжихийн хэрээр байгаль төдий чинээ сүйдсээр ирлээ. Шинжлэх ухаан байгальд унаган баялгийг нь тэр чигээр нь эргүүлэн хийж өгч чадах уу?

Техникийн болон суурь ба хавсрага ухаан (хими, физик, математик гм) -ны тулгуур онол нь зөв учраас хөгжиж чадсан байна. Тэгэхээр бусад нь суурь онолгүй юмуу тэр нь буруу учраас хөгжөөгүй гэж ойлгож болно. Хөгжсөнд тооцогдох шинжлэх ухааны салбар нь үнэндээ байгалд харшлахаас бус сэргээхэд хэцүү болох нь харсаар байтал илт байгаа биз дээ. Ийм л юм болж.

53. Хүн төрөлхтнийг хүнд хүчир хөдөлмөрөөс нь ангижруулахад цөөн тооны хүмүүсийн нээлт бүтээлүүд үүрэг гүйцэтгэсэн ч, дийлэнх олохийгоо залхуу, сэтгэн бодох чадварыг нь удаашруулаад байх шиг ?

Хүнийг нэгэнт сэтгэн бодох үүргээс нь санамсаргүй байдлаар (буруу онолын гай дайрсан хэрэг) чөлөөлж "хэрэглэгч" болгоод үүргийг нь өөрчилчихсөн юм чинь энэнээс өөрөөр байх аргагүй. Харамсалтай хэдий ч өөр арга үгүй. Тиймээс хүмүүс тэргүүлэх ухамсартай хүнийг аялдан дагах инстинкттэй болчихсон юм байна.

 

54. Манай улсын эрдэмтэн, инженер, ажилчин гурав Кирилёвын ёгт үлгэрийн цахлай, илжиг, загас гурав шиг өөр өөр тийшээ зүтгэсээр өдийг хүрлээ. Яаж нэг зүгт хамтран ажиллуулах вэ ?

Хамтран ажиллах гэдгийг чинь зорилго л нэгтгэнэ биз дээ. Юм бүтээх, хосгүйг  бий болгох, зах зээлд давамгайлах, мөнгө олох, яахав бусдын л зиндаанд хоцорчхолгүй явах, тэднийг дуурайгаад үзэх, өнөөдрийн талх залгуулах гээд үй май зорилгын алинд нэгдэхээс хамаарахаас биш цөмөөрөө дэлхийд нэрээ дуурсгана гээд зүтгэвэл бүтэхгүй шүү дээ.

55. Монголчуудыг ажиглахад тал бүрийн юм мэдэх талаараа нилээд сайн, харин нэг юмыг дагнан мэдэх талаараа дунд зэрэг байдалтай байдаг. Энэ нь өнөөгийн нийгэмд хэр зэрэг зохицох вэ ?

Энергийн шинж төрх нь шар махбодийн талдаа хамрах монголчуудын онцлогийг дээр дурдсан. Энэ бол монголчууд магадгүй дэлхийн шинжлэх ухааныг залах, залруулах ч түүхэн үүрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь харвал эзэн Богд Чингис хаан маань хэзээний мэндэлчихсэн, бүр нээлт бүтээлээ хийчихсэн ч байгаа юм билүү. Дашрамд хэлэхэд монголчууд дэлхийг оюун ухаанаар байлдан дагуулах цаг холгүй, энэ нь Чингис хааныхаас арай өөр аргаар бүтэх зүйл гэдэгт би итгэж явдаг даа.

57. Монголчууд бид яагаад бие биедээ итгэхгүй амиа бодогч болсон бэ?

Энэ бол зах зээлийн хамгийн энгийн бөгөөд хатуухан хуулийн нэг.

58. Атаархал шунал гэж юу вэ ?

Атаархал, шуналын аль аль нь муу энергийн суурин дээр үүсдэг тул монголчуудын энергээ хямгадахыг чухалд үздэг арван цагаан буян, арван хар нүглийн онол амьдралд байнга хэрэгжиж байдгийн сөргүү жишээ нь энэ юм.

60. Бидний амьдрал онол, хар ухаан хоёрын алинаар нь явж байна вэ?

Амьдралын онол нь хүнийхтэйгээ хамт гажуудсан гэж олон хэлэгдсэн. Нийгмийн хууль гээд байгаа маань амьдралын хар ухааны цуглуулгыг онол гэж нэрлээд хуулчихсан хэрэг л дээ.

61. Өрнө дорнын гүн ухаан, шинжлэх ухааныг хэрэв байр эзлүүлбэл алийг нь дээгүүр тавих вэ ?

Дорнын гүн ухаан нь хүний язгуур онолтой тохирно. Түүнийг араг ясны онол болгосноо хөгжүүлчихсэн мэт эндүүрч байж.

62. Монгол ухаан гэж бий юу ? Хэрэв байдаг бол тайлбарлана уу?

Ухаан буюу оюун санаа нь махбодийн энергийн түвшний тухай ойлголт л доо. Тухайлбал, үндсэн төрхөөрөө монголчуудад шарын, Азийн бусад орныхонд хийн, европынхонд бадганы төлөв голлоно. Тус бүрд нь давуутай буюу дутмаг тал бий. Тэгэхээр үндэстэн ч юмуу хүн бүрд өөрийн гэсэн ухаан бий.

63. Амьдрал гэж юу вэ ?

Амьдралыг материаллиг талаас нь авч үздэг өнөөгийн, харин оюун санааны талаас нь авч үздэг дорнын эртний гүн ухаан гэж бий. Алийг нь сонгож амьдрал гэж нэрлэх нь хувь хүний хэрэг.

64. Амьдрах ухааныг бид хэр зэрэг өвлөн авч өвлүүлэн үлдээдэг вэ ?

Амьдрах ухааныг материаллаг талаас нь өвлүүлэхээс өөр боломжгүй мэт үзэх нь одоогийн баримтлал юмуу даа.

65. Та гүн ухааны болон шинжлэх ухааны 5 суутныг нэрлэ гэвэл хэн хэнийг хэлэх вэ ?

 Күнз, Нагаржунай, Карл Маркс ч юмсан уу, Ньютон, Эйнштейн ч гэнэ үү үй олон суутныг нэрлэж болох ч гүн ухааны хувьд бол хүний тухай онолыг үүдсэн, шинжлэх ухааны бусад салбарын тухайд бол махбодийн энергийн хийгээд хүний хөгжлийн онолыг нээсэн Бурхан Багш л хамгийн том суутан байх болов уу.

66. Эх орон гэж юу вэ ? Эх орон хаанаас эхэлдэг вэ ?

"Би"-гийн аливааг өмчлөх үзлийн хүрээнд соронзон долгионы мэдрэмжийн ачаар эцэг эх, хань үр хүүхэд, ахан дүүс гэхчилэн хүний  сэтгэлийн ойр дотно өмч бий болж, хайр хүндэтгэл, бүр салж хагацахын аргагүй өөрийн сэтгэл санааны тасархай болдгийн нэг нь эх орон гэж болох биз ээ. Өөриймсэг цэнэг үүсгэж байгаа бүхэн нандин, харам, хүндлэлтэй байдаг.

67. Монголд шашны шинжлэл хэрэгтэй юу? Олон шашин орж ирж байгаа нь зөв үү?

Миний ойлгож мэдсэнээр хүн төвтэй шинжлэх ухааны оргил нь Буддизмын хүрээнд бий болсон мэдлэг юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд бий болсон хамгийн гайхамшигтай ололтын нэг  мөн. Бусад шашны талаархи миний ойлголт дутмаг тул аливааг дүгнэж хэлэх  боломжгүй болно.

68. Бидэнд яагаад өөртөө үл итгэх үзэл тогтчихсон юм бэ ?

Өөртөө итгэх, үл итгэхийн аль нь монголчуудад давамгайлж буйг би хэлж мэдэхгүй. Ер нь энэ бүхэн энергийн хуулинд захирагддаг юм. Ойрын жишээ авъя л даа. Шээс хүрэхэд ойр бие засах боломжгүй бол сандарч тэвддэг биз дээ. Хичнээн сандрах тусам шээсийг төчнөөн хүчтэй энергээр хүчлэн гаргана. Хэрэв тэгэсгээд юманд бодолгүй орхичихвол энерги эсрэгээр үйлчилнэ. Тэгээд хэдэн цагийн дараа л шээс хүрч байснаа санах жишээтэй. Цай холдлоо, одоо толгой өвдөнө гэж бодуут  энергийн үйлдлийн хүчээр тэр дороо толгой өвдөөд цай уусны дараа намдана гэдэг бодлыг дагаж намждаг. Өөртөө итгэлтэй байх гэдэг нь энергийн ийм онол өөрт тустайгаар хэрэгжих нөхцөл болдог.

69. Есүс, Будда, Мухамед гэсэн архи тамхи харагдахгүй юм. Чингис гэдэг нэрийг ийм жижиг рекламанд ашиглах ямар вэ ?

Ямар нэрийг юунд тохируулан хэрэглэх нь хувь хүний сүсэг, ёс зүйгээр голдуу зохицогдох биз ээ.  Архи, тамхийг дангаар нь муу муухай зүйл гэж үзэх нь өрөөсгөл болох байх. (Би өөрөө аль алийг огт хэрэглэдэггүй, ер нь үзэн ядах талдаа  хир нь зөв хэрэглээг өөгшүүлдэг нэгэн). Өөрөөр хэлбэл, өнөөгийн бүх хэрэглээг буруу гэж үзэх нь зүйд нийцнэ. Тийм болохоор өөрийн дургүй хэрэглээг муулаад, бусад нь ямар буруу байсан ч өөрт таалагдахын хирээр дэмжээд байж боломгүй. Жишээ нь, хүн гэдэг бодгалд өөрийн автомат систем заяагдсаны ачаар өөрөөсөө хооллож, ундалж, өөрийгээ ариусгаж байхаар бүтээгдэж. Тэгэхээр ерөөс хоол унд бол саваагүй хэрэглээ л болохоос махбодийн үндсэн хэрэгцээ биш болох нь. Ийм л юм шүү дээ.

70. Энэ ертөнц дээр яагаад шашин үүссэн юм бэ?

Бүлэглэх үзлээс нам үүсч болж байхад нигүүсэх үзлээс шашин яагаад үүсч болохгүй гэж. Бидний хэвшсэн ойлголтын хэмжээнээс шинжлэх ухааны нь талыг барьж ойлгох аваас шашны мөн чанарын ухагдахуун арай тодорхой болмоор шиг байгаа юм. Бурханд залбирна гэдгийг аваад үзье. Буддын ухаанд бурханы тухай ойлголт нь бодит хүнийхтэй тохирно. Тэдгээр бурхад гэгдэгч бодит хүмүүс нь өөрийгээ хөгжүүлсэн, асар их энергийн чадавхи эзэмшсэн хүмүүс юм. Энерги хадгалагдах хууль ёсоор энерги устаж үгүй болохгүй, харин нэг хэлбэрээс нөгөөд шилжих ёстой тул нас барснаар хүн дуусаж үгүй болохгүй нь. Тэгэхээр тэр хүмүүсийн энергийн долгионтой залбирлын хүчээр татагдан нийлэх магадлалтай гэсэн үг. Олны шүддэг уул ус ч ялгаагүй. Хүмсийн сайн энерги хуримтлагдсан байх үндэстэй учраас сүсэглэх аваас тэр сайн энергийн хүчинд нийлж болно. Төвд номын үг өгүүлбэр нь долгионы учрыг мэдэж зохиогдсон байх тул үүнийг монголоор орчуулж уншвал хүнд халдамжгүй. Жишээ нь зүрхний тарни гэхэд л Ум га га за за рим рим суухаа гэж зүрхний цохилтын долгионд тааруулсан байх жишээтэй. Тэгээд ч тарнийн үйлчлэх (унших) хүчийг “чи” гээч хэмжигдхүүнээр илэрхийлсэн байдаг юм билээ.

71. Дэлхийн гайхамшиг  Их цагаан хэрмийг  барьсан, бариулсан ард түмний талаар та юу хэлэх вэ ?

Дэлхийн гайхамшгуудыг тэр цагийн хүнд нөхцөлд бүтээсэн хэнбугайг ч бишрэн хүндэлвээс зохилтой. Тийм гайхамшгийг бүтээхэд түлхэц болсон гадны хүчин зүйлийн талаар асууж байгаа бол нь өөр асуудал. Ихэнх цайз цамхагийг дайснаасаа хамгаалах зориулалтаар босгосон байдаг.

72. Сүүлийн үед хүний мөс их муудлаа гэх. Хүний мөс гэж юу болох, ямар улсад хүний мөс сайтай байдаг вэ ?

Хүнийг мөс, жудаг талаас нь авч үзвэл хааяагүй тааруухан үзүүлэлт гарах биз ээ. Хадны бичиг хэмээх номонд өнөө цагийн зургийг урьдчилан харж буулгахдаа "хот балгас араатнаар дүүрнэ" гэсэн байдаг юм билээ. Хэдэн зууны өмнөх төлөгт  өнөөгийн бид ийн буусан хэрэг. Өөрөөр хэлбэл тэр үеийнхэнийг стандартын хүн гэж үзвэл бид тэр стандартаас ихээхэн гажиж, мэргэ төлгөнд араатан гэж буусан хэрэг. Хүн энергээ хямгадаж чадаагүйн харгайгаар ийн доройтсон гэж хэлж болно.

77. Авъяас гэж юу вэ ?

Авъяас бол тухайн хүнд энергээр нөхцөлдөж заяасан өв хөрөнгө.

80. Хүн техник хэрэглэлгүйгээр оюун бодлоороо юмыг хэмжиж тайлбарлах боломж бий юу ?

Оюун ухааны хөгжил буюу гэгээрэлд хүрэх нь хүн бүхэнд боломжтой зүйл. Энэ зүй тогтлыг Бурхан багш нээчихсэн байгаа. Үүнийг хүн төрөлхтөн ухаараагүйгээс  хүмүүнд өөрт нь дэвшил гарахгүй байгаа хэрэг.

81. ШУТ-ийн шинэ  нээлт ололт бүрийг  эхлээд зэр зэвсэгт хэрэглэсээр ирлээ. Эдгээр нь хүн ба экологийн эсрэг үйлдэл болдог. Үүнээс хүн төрөлхтөн хэзээ ангижрах бол?

Шинжлэх ухааны нээлт нь зөв онол, баримтлалтай салбарт л гардаг. Техникийн онол, хууль нь үнэнхүү зөв учраас зэвсэг байна уу, ер техниктэй холбоотой бүхэнд байнгын дэвшил гарч байх учиртай. Бусад салбарт энэ нь үндсэндээ боломжгүй юм.

82. Унаган байгальтай байгаа нь монголчуудын байгалиа хайрлах нандин уламжлал уу, эсвэл хүнд аж үйлдвэр хөгжөөгүйгээс үү?

Байгал дэлхийгээ хайрлах ухаан буддийн шашинтай орнууд, түүний дотор манай оронд илүүтэй хөгжсөн байсан. Уул, ус, овоог тахих шүтэх гэдэг нь үнэн хэрэгтээ олон хүний сэтгэлийн цэнэгээр цэнэглэж амь оруулах гэсэн үг. Энерги хичнээн их байх тусам ямарваа юм төчнөөн их амилдаг гэсэн үг. Ийм том шинжлэх ухааныг олж мэдээд уул усыг хүртэл амь оруулж байсан ард түмэн бол монголчууд. Одоо тэр агуу шинжлэх ухааны мөр дэлхийд  үлдсэнгүй. Тийм болохоор дэмий л гасалж гонгинохоос өөр яах билээ дээ.

Шинжлэх ухаанаас гажсан аливаа юманд төгсгөл гэж бий.

 

85. Өнөөдөр өндөр хөгжсөн орны физик, математикчид дорнын гүн ухаан, түүний бэлэгдэл, танин мэдэхүйн шалтгааныг өрсөлдөн судлах боллоо. Учир юунд вэ ?

Дорнын номлол бүрд шинжлэх ухаан нэвт шингэсэн гэж хэлж болно. Түүнийг өнөөгийн онол номлолоор тайлах боломжгүй юм. Бороо оруулах, хариулах нь хамгийн энгийн үйлдэл болтлоо хөгжсөн шинжлэх ухаанаас суралцахгүй бол өнөөгийн мухардлаас гарах аргагүй юм. Үүнийг барууны зарим эрдэмтэд зөв олж харж, дорнын шинжлэх ухаан уруу тэмүүлцгээж байна.

86. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг . Сайнаар бэлэгшээх, муу ёрлохын ард бодит байдал бий болдог уу?

Амны бэлгээр гэдэг нь аливааг сайн сайхнаар төсөөлөхийн нэр. Энэ нь махбодийн энергийг хямгадах, сайн байлгахтай утга нэг зүйл. Тийм болохоор муу муухай юмыг ч цагаатгаж, уучилж бодсоноор өөрт нь энергийн хямрал бий болохгүй, харин ч энергээ сайн байлгана гэсэн үг.

87. Ухамсар анхдагч, матери анхдагч гэсэн маргаантай асуудлын хувьд Монголчууд урьд үед ямар байр суурьтай байсан, өнөө ямар байна вэ ?

Ухамсар бол энерги юм. Энэ энерги материд шингэж, хүмүүнд бол амь оруулдаг гэж ойлгож болно. Чингэвээс матери анхдагч болно.

88. Бид өөрийн философитой улс мөн үү ? Бусад улс оронд ямар байна вэ ?

Хүнийг зөв төсөөлөхөөс нааш монголын ч бай, хүн төрөлхтний ч бай ерөөс  философын тухай яриа байж боломгүй.

91. Монгол хүний хоолны дэглэмийн талаар таны санаа бодол ?

Монголчууд 13-р зуунд тэр үеийн европынхноос даруй 5 дахин бага хоолоор махбодийнхоо хэрэгцээг өлхөн хангаж байсан байдаг. Би дээр оюун санааны хоолны тухай, энэ нь монголчуудын шинжлэх ухааны үндэстэй том ололт байсан тухай дурдсан санагдана. Одоо болохоор соёл иргэншлийг дагаад гэхүү, буруу онол номыг дуурайгаад гэхүү, монголчууд дэлхийн хүмүүсийн нэг адил буруу хооллож, түүнийгээ "зүй зохистой" хооллолт гэж ухаараад явж байгаа хэрэг. Монголчуудын хоолзүйн сургааль нь "Хоногт Бурхан багш нэг хоолтой, хүн төрөлтөн хоёр, араатан гурван хоолтой" гэсэн баримтлал байсан юм шүү дээ. Одоогийн бордооны онол биднийг араатан, түүнээс доош зиндаанд аваачсан хэрэг.

92. Уур уцаар, нүгэл хилэнц, инээд гэж юу вэ ?

Инээд нь эергүү, уур уцаар, нүгэл хилэнц нь сөргүү энерги, сөргүү энерги л өвчин эмгэг, гай зовлон уддаг гэж ойлгож болно.

 

95. Амьдрал хайр дээр тогтдог гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж байна гээд хатуужил  суулгалгүй  хэрэгцээгүй хүн болгоод байх шиг. Энэ нь хэдий хувь хүний асуудал боловч төр шашин үүнийг чиглүүлэх үүрэгтэй юу?

Хүнийг сүнс буюу цөм энерги нь тодорхойлдог юм. Хүний доройтлыг тэгэхээр энергийн доройтол, энергээ хямгадаж чадаагүй хааш яаш явсаны харгай гэж үзэх ёстой. Хүний төлөвшилд орчин чухал нөлөөтэй ч өөрийгээ гаргуунд нь гаргасан хүнд сайны нөлөө тусахгүй. Хүн хөгждөг тухай түрүүн ярьсан даа. Энэ нь дээд сургууль төгсөхийн нэр биш. Харин энергээ хөгжүүлэхийн нэр. Тэгэхээр хүний хүмүүжлийг хангах хамгийн энгийн мэдлэг одоо хир бий болоогүй байна.

96. Хүн өөрийгөө өөрчлөхөд (сайн тал уруугаа) нөлөөлөх гол хүчин зүйл нь юу байж болох вэ ?

Хүн өөрийгээ өөрчлөх гол хүчин зүйл нь энергээ хямгадах, улмаар хөгжүүлэх явдал болно.

97. Эмэгтэй хүний ямар зан чанар танд таалагддаг вэ ?

Ер нь хүн, түүний дотор эмэгтэй хүн, эх хүний уужуу тайвуу сэтгэл, налгар, намбалаг байдал нь гэр бүл төдийгүй орчин тойрондоо ач тус, өгөөжтэй байдаг нь Энергийн хуулийн хөдөлшгүй зүй тогтол мөн.

98. Нууц амраг байж болно, болохгүй гэдэг. Нууц амрагтай хүнийг завхай зайданд хамааруулж болох уу ?

Сэтгэл санааны зөв түвшинд бий болсон аливаа зөв харилцаа нь хүнд сэтгэлийн буюу энергийн дэм өгдөг. Гэхдээ хүн сэтгэлийн ийм дэмийг гэр бүлдээ өгч, тэднээсээ авч байх нь амьдралын гол зарчим мөн.

100. Эрх чөлөө гэж юу вэ ?

Эх орон, тусгаар тогтнолоос илүү эрх чөлөө гэж үгүй. Бүх монголын нутаг бидний өмч, миний өмч болохоор түүнээс баян нь үгүй.

Энэ бол тархиар удирдуулсан хүний тухай өнөөгийн ойлголтоор өгч буй хариулт юм шүү. Уг нь дотоодоосоо жинхэнэ Би-гээ олчихвол тэр цагт жинхэнэ эрх чөлөөг олох юм л даа.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ