АНГИЙН ХҮҮХЭД


Доктор (Ph.D), профессор, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн тэргүүлэх инженер, улсын шилдэг зохион бүтээгч Гончигийн Гомбо 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит технологийн дээд сургуулийг сүү боловсруулах үйлдвэрийн технологич инженерийн мэргэжлээр төгссөн. “БНМАУ-ын сүү боловсруулах аж үйлдвэрийн технологийн сонголтын ашигтай хувилбар, байршлын оновчлол” бүтээлээр 1985 онд Герман улсын Гумбольдтын их сургуульд доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ном сурах бичиг  24, шинжлэх ухааны бүтээл 18, эрдэм шинжилгээний өгүүлэл 45 гаруйг туурвиж, шинэ бүтээл бүтээгдхүүний загвар 13-ыг баталгаажуулж 12 бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

           

        АНГИЙН ХҮҮХЭД ГОМБО

Намар оройн бороо шиг зөөлхөн сэтгэлтэй

Наргил модны шаргал жимс шиг туяатай

Налуу хар халимагаа шүлсээрээ тордсон

Надад, нөгөөд үе үе Тэрбиш гэж зураг үзүүлсэн

Алтайгаас ирсэн гэх 46 размерийн

Авсаархан шавил жаал айлын ганц хүү гэх

Анхалж  Зенит авч охидын дүрс гуйж татсан

Арван наймтай сэргэлэн баньд

Ангийн хүүхэд Гомбо


Нөхрийгээ элэглэсэн энэ мөрүүд 1999 онд түүний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх үед санаанд буусансан.  1965 онд бидний 25 залуус Одесса хотын Хүнс, хөргөлтийн дээд сургуульд суралцах зураг тавилан нийлснээс хойш олон он жилийг нэг ангийнхан гэлцэн, тэр л бага залуу цагийн хир буртаггүй тансагхан сэтгэлээр нөхөрлөж өнгөрөөжээ. 

Оюутны байр Щепкина 2 хэмээх гудамнаа Хар далайн эргээс холгүйхэн байрлаж, манай Хоргын арван жилийн Магван багштай орос хэлний институт хамт сурч төгссөн гэх Сүрэнхүү гээч биднээс ахимаг нэгэнтэй Гомбо нэг байранд орос оюутнуудтай суух. Тэр үеийн орос, монгол хэлний зузаан хүрэн толь бичгийг арван жилд байхдаа цээжилчихсэн, хичээл номондоо их сайн,  гялалзсан залууг бид “шар” Гомбо гэж  хочилсноос хойш энэ тодотгол алба, амины алинд ч түүнийг дандаа сайн сайхнаар тодотгож  байсан.

Гадаадад сурах бидний хэсэг оюутан 1965 оны 7-р сарын 13 /мягмар гариг/, 14,15-нд орос хэл, хими, физикийн шалгалт өглөө. Энэ жилээс конкурс гээч өрсөлдөөнт шалгалт эхэлсэн юм билээ. 1965 оны 8-р сарын 5-ны 16.40 –д Хүнсний үйлдвэрийн яамнаас оюутны тэтгэлгийн 1587 төгрөг 72 мөнгийг авч ийм их хөрөнгийг анх удаа л гартаа барьж үзсэн нь тэр билээ.

8-р сарын 10-нд Сүүний үйлдвэр дээр 2 цаг гаруй хуралдаад дараа нь үйлдвэр үзсэнээр бид хүнсчин болох гараагаа, 9-р сарын 1-ний өдрийн 9 цагт Одесса хотын Хүнс, хөргөлтийн дээд сургуулийн 422 тоот өрөөнд дун цагаан халимаг, улаа бутарсан царайтай, биерхэг сайхан эр, өрөөсөн гараа дэлхийн 2-р дайнд өргөчихсөн профессор Воблый багшийн хичээлээр  оюутны гараагаа эхэлж билээ.

Сургуулийн ректор ЗХУ-ын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Дэлхийн хөргөлтийн холбооны ерөнхийлэгч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор В.С.Мартиновский, устөрөгчийн бөмбөг бүтээлцсэн эрдэмтний нэг гэгдэх, хоёр ч шинжлэх ухааны доктор цолтой, профессор Рашкован, ЗХУ даяар сурах бичгийг нь үзэж судалж байсан эрдэмтэд болох Дикис, А.Н. Мальский, А.Ф.Фан-Юнг гээд нэр хүндтэй олон багш биднийг  өөрийн үр сад шиг загнаж зандарч, шахаж шаардаж, хайрлаж өрөвдөн байж “хоолтой” маань залгуулсан билээ.

9-р сарын 9-нд оюутны анхны цалин 58 рубль 20 копейк авч, тэр даруйдаа л хүн бүр бугуйн цаг авч, дараахан нь Гомбо маань Зенит, бусад нь янз бүрийн аппарат аван  фото зургийн хорхойтнууд болцгоож олон ч удаа нойргүй хонож зураг үйлдвэрлэсэнсэн. Тэр үед дан хүрэн, ногоон өнгийн зураг моод болж, сүүлд өнгөт зураг угаацгаасан нь дажгүй болсон юмдаг. Одессад барааны их том “хар” зах байх. Нутгаас чирж очсон ганц савхин хүрмээ тэнд борлуулна. Өглөө 5-6 цагийн үед л зах явцгаах боловч хүнээр сэрээлгэх гэж бараг үгүй, хэзээний л босцгоосон гүйлдэж  байх. Харин хичэээлтэй үед дуудуулахгүй л бол барагтай сэрэхгүй хүүхэд цагсан.

Гомбо сурлага сайтай, багын л гялалзсан гавшгай, сайхан сэтгэлтэй, тусч, харамын сэтгэлгүй, эвсэг найрсаг хүүхэд байсан, тэр л зангаараа үлдсэндээ. Одессын оюутнаас эхэлсэн замын хүзүү сүүлд  бид хоёрыг Германы аспирантын замаар алхуулсан юм. Хумбольдын их сургуульд докторын зэрэг хамгаалахад нь би Элчин сайдын яаманд томилогдож очоод 7 хонож байлаа. Тэгээд намайг Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулснаар нөхрийнхээ онцсайн үнэлгээтэй, нэр төртэй хамгаалсан судалгааны ажлыг шүүлцэж, бас бахархаж суусан билээ.

Г. Гомбын холч соргог ухаан, далайцтай дайчин шийдэмгий чанар, эрэлхийлэгч, хэрэгжүүлэгч бүтээлч санаачлагатай үйл хэрэг нь түүнийг Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн захирал, ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн захирлаар ажилласан үеийн жишээнээс тод харагддаг юм.

Хүнс, биотехнологийн сургуулийг танигдахааргүй болгож хөгжүүлэхдээ тэрээр сургалтыг кредит тогтолцоонд шилжүүлж хөтөлбөрийг хоёр удаа шинэчилсний дээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний, компьютерийн, хүнсний химийн зэрэг орчин үеийн лаборатор, мөн Монгол-Солонгосын Шим тэжээл судлалын төвийг байгуулан сургалт, судалгаа-шинжилгээний шинэлэг томоохон баазыг бий болгосон юм.

2002 онд Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт Хоол боловсруулах замын өвчний эмчилгээ-сувиллын хоолны нүсэр төслийг  6 багш, 65 оюутан, 4 эмч, 5 сувилагч, 2 лаборантын бүрэлдэхүүнтэй  6 сарын турш хоёр ээлжээр хийж гүйцэтгэсэн нь тухайн цаг үеийн боломжтой харьцуулахад үнэхээр далайцтай, шийдэмгий зоримог хүний л хийж чадах ажил байсан билээ. Манай оронд анхалж хэрэгжсэн энэ ажлын эрсдлийг давхар тооцвол уг ажлын талаарх төсөөлөл аяндаа ойлгогддог юм. Үр дүн нь сайн гарлаа.

Сувиллын хоол хэрэглэсэн өвчтний 75%-д нь өвчний субъектив зовиур 3 дахь хоногоос буурч хоолны шингэц сайжрах,  дуршил нэмэгдэх, тайван унтаж амрах зэрэг эерэг үзүүлэлтээр илэрч, өвчтний цусанд АлАТ 27,5%,  АсАТ 30%  буурсан ба сийвэнгийн трансфераза ферментийн идэвхжлийн түвшин өндөр идэвхжилтэй өвчтнүүдэд 3,8-5 дахин буурчээ. Эмчилгээний шууд үр дүнгээс гадна нийгмийн нэг чухал асуудал уг төслийн явцад тодорхой болсон юм. Эмчилгээнд хамрагдсан 390 өвчтний тухайд дээрх 6 сарын хугацаанд 19,5 сая төгрөг, 143 цагтай тэнцэхүйц ар гэрийн эргэлтийн зардал, чирэгдэл хэмнэгдсэн байна. Үүнийг улсын хэмжээнд төсөөлвөл хэдэн тэрбум төгрөгийн ар гэрийн эргэлт, өөрөөр хэлбэл ядмагхан өрхийн орлого маань чухам хаашаа урсаж байгааг олж илрүүлсэний дээр үүнийг залруулах боломжийг ч уг төслийн хэрэгжилт харуулсан юм. Тэрээр мөн 4 багш, 1 эрдэм шинжилгээний ажилтан, 1 магистрант, 12 оюутныг хамруулсан  “Сурагчийн үдийн хоол” төслийг нийслэлийн “Орчлон” дунд сургуульд тэр ондоо хэрэгжүүлсэн нь улсын хэмжээнд анхдагч шинэ ажил байлаа. Ийнхүү манай орны хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хийгээд хоолзүйд эмчилгээ-сувиллын болон сурагчийн хоол гэсэн шинэ чиглэлийн эх тавигдсан юм. Нөгөөтэйгүүр олон тооны багш, оюутан, магистрантыг хамруулан судалгааны төсөл хэрэгжүүлсэн нь сургалтын арга барилд гарсан үнэмлэхүй шинэ зүйл байсан юм.

Шинийг байнга эрэлхийлж, сэдэж санаж явдаг нь түүний ажил, амьдралд хэвшил болсон зүйл байв. Дээр нь уйгагүй хөдөлмөрч зан чанар нь эрэлхийлснээ амилуулж  ажил хэрэг болгох нөхцлийг бүрдүүлж байсан юм. Монголын хүнсчдийн холбооны ажлыг олон жил сайн удирдаж, хүндхэн бэрхшээлийг давж бүтээсэн бүхэн нь хойч үед үлдэж хоцорсныг нөхөд дурсан ярих буйзаа хэмээн энд зөвхөн өгүүлбэр хавчуулав.

Профессор, доктор Г.Гомбын туурвисан “Монгол үндэстний хүнс хоол” хэмээх шинжлэх ухааны доривтой бүтээл нь уламжлалт хоол хүнсээ шинжлэх ухааны хийгээд түүхэн бодит талаас нь авч үзэж туурвисан манай орны хувьд анхдагч томхон оюуны өмч болсон юм.

Миний бие номын эхийг гар бичмэлээр нь болгоосон анхны уншигч байж ардынхаа эрдмээс өлгийдэж бөөцийлснийг нь хурайлалцаж, сэтгэлийн их таашаал авч, номч нөхрөөрөө бахархаж, мэргэн дээдсийнхээ цэгцтэй сургаалиар ухааныхаа сүвийг олонтаа ухаж сэтгэсэн билээ. Монгол үндэстний хүнс хоолны талаар нарийвчилан авч үзэж уламжлал болон шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг нэгэн дор харьцуулан тулгаж судалсан бүтээл ихэд үгүйлэгдэж байсан өнөө цагт энэ туурвил мэндэлсэн нь үнэндээ цасан дороос яргуй нүдлэх мэт содон байж билээ.

Энэ бүтээл нь уламжлалыг нэгтгэн авч үзсэн талаасаа

Профессор, доктор Г.Гомбын “Монгол үндэстний хүнс хоол” номонд “Улаан идээ буюу махан хүнсний товчоон” гэсэн бүлгийг гүнзгийрүүлэн судлах судлах тухайд л гэхэд өчнөөн  шинэ санаа гарч байна. Заримыг дурдвал:

- Нас гүйцсэн амбан шарын махыг борцолж давсагт нь багтааж хадгалдаг боломж,  энэ зориулалтаар үхрийн давсгийг тусгайлан боловсруулдаг технологи

- Борцны хэрэглээг эмийн тунгийн халбагаар зохицуулдаг тухай санаа, борцны уургийн ус холбох чадварын талаар дэвшүүлсэн асуудал

- Хонины “өөхөн сүүл - тосон сүүл - уураг сүүлний тосны найрлагын гүнзгийрсэн судалгаа

- Бэлчээрийн монгол малд түүний оноосон “байгалийн зохицлоор шалгарч эх газраасаа ургаж хувилсан шидэт амьтан” гэсэн томъёоллыг бэлчээрийн малын бодисын солилцооны асар их эрчмийн үзүүлэлттэй холбож гүнзгийрүүлэх

- Бугын мах зуны халуунд өмхийрч гутдаггүй, түүнд шороо наалддаггүй гэсэн нэн шинэ мэдээ

-  Турж үхсэн малд зөвхөн чацархайны өөх л үлддэг гэсэн санаа, үүнтэй холбоотойгоор мал амьтны тодорхой эд эрхтний тэсвэрт чанар, түүгээр нөхцөлдсөн  хийгээд улмаар түүгээр дамжуулан эмчилгээний өвөрмөц шинж чанар

- Зохиогчийн санал болгосон махан хүнс хоолны ангилалзүйг үндэслэн энэ ангилалд хэрэглээний гол чиглэлийг хамруулах үүднээс цаашид махыг билэг чанараар нь ангилах боломж

- Махан хоол үйлдэх технологид “энэрэх горим” гэж зохиогчийн нэн оновчтой онож нэрлэсэн дулааны боловсруулалтын уламжлалт аргад өгсөн шинжлэх ухааны дүгнэлт  үнэлэмж, тухайлбал элэгний сорсыг галын гурван “зүрх” бадамлан үүсгэх дөлний торгон үзүүрийн доорхи хоёр дахь дөлний дунд утаа тортоггүй, хэт илчтэй бус зөөлөн хэмээр шарах, эс бөгөөс нил улаан туяаны илч аажим суларсан нурманд болгох, энэчилэн тухайн горимыг уламжлалт битүү хоолонд чулууны халалт – хөрөлтийн хэмээр зохицуулах тухай санаа

- Махан хоолны хэрэглээнд настан, эмэгтэйчүүд, хүүхдийн хувийг шинжлэх ухааны үндэстэй ангилан хуваарилах гэсэн зөв зүйтэй оролдлого

- Номонд дурдсан хүнс хоолны төрлүүд нь чухам монголчуудын хэрэглээний хэдий үед хамааралтай болох, мөн хоол хүнс, тэдгээрийг бэлтгэх аргын ялгааг  бүс нутгийн онцлогоор ялгавартай авч үзэж судлах

- Махыг усанд дүрж хөлдөөх замаар хадгалалтын үеийн хими-физикийн хувирлууд, ялангуяа исэлдэлтийн явцыг сааруулах боломж

- Эр малыг эрт буюу оройтуулж хөнгөлөх нь махны шинж чанарт хэрхэн нөлөөлөх асуудал

- Үхрийн хуурсан халуун цус  гэдэсний гүйлгэлтийг зогсоодог гэсэн шинэ санаа

- Ууцыг чанахдаа иссэн тараг, айргийг нийт усыг цайлгах хэмжээтэй хийж хүчиллэгийг нэмэгдүүлэн зөөллөх арга хэрэглэдэг уламжлалт технологи.

Ингээд тоочоод байвал барагдашгүй. Эл бүтээл нь түүний сэтгэлгээний цар хүрээ, шинжлэх ухааны арга барил, шингээсэн хөдөлмөрийн үнэлгээ, түүнийг бүхэлд нь тодорхойлж чадахуйц барьцтай, үлдэцтэй, доривтой түүхэн гэрч гэж хэлж болно. Хүнийг бүтээл нь мөнхөлдөг гээч энэ болой.

Бид хоёр оюутан ахуйгаас эхлээд эх орныхоо хүнсний үйлдвэрийн удирдлага, бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээ, сургалт гээд бүхий л салбарт хамт ажиллаж, өчнөөн жил нөхөрлөхдөө ам муруйж үзээгүйг би зориуд хэлмээр байна. Энэ бол нөхрийн маань бас нэгэн үнэлгээ юм. Түүний ухааны цараа, өндөр шаардлагыг мэдэрч гар нийлж ажилласан олон хүн энэ сонирхолтой хувь хүний талаар, хувийн эрх ашиг гээч өчүүхэн төдий ч ойлгоц түүнд байгаагүй харин эх орныхоо төлөө хийж бүтээх шудрага шулуун нэгэн явсан талаар олон зүйлийг хэлэх биз ээ. Он жилийн нугачаанд нуруутай байж, бүтэн мөр, бүтэн нэртэй үлдэнэ гэдэг хүн болсны хэргийг бүтээж  байгаа нь энэ ажгуу.


Г.Лхагваа

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор



                                                   Номын эхийг болгоогчийн өчил

Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Г.Гомбын туурвисан “Монгол үндэстэний хүнс, хоол” хэмээх номын эхийг гар бичмэлээр нь болгоосон анхны уншигч байх хувь тохиосонд олзуурхаж, ардынхаа эрдмээс өлгийдөж бөөцийлснийг нь хурайлалцаж, сэтгэлийн их таашаал авч, номч нөхрөөр нэгэнтээ бахархаж, мэргэн дээдсийнхээ цэгцтэй сургаалиар ухааныхаа сүвийг олонтаа ухаж сэтгэв ээ.

            Монгол үндэсний хүнс, хоолны талаар нарийвчлан авч үзэж, уламжлал ба өнөөгийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг нэгэн дор харьцуулан тулгаж судалсан бүтээл ихэд үгүйлэгдэж байсан өнөө цагт энэ туурвил мэндэлсэн нь цасан дороос яргуй нүдлэх мэт авай.

            Профессор Г.Гомбын эл бүтээл танин мэдэхүйн онц сонирхолтой цогц мэдлэгийг өргөн олон уншигчдад хүргэх төдийгүй залуу судлаачдыг шинэ санаагаар цэнэглэхүйц ач тустай болсныг онцгойлон дурдах нь зүйд нийцэх буй заа.

            Зохиогч номоо туурвихдаа эрдэм судлалын олон арван бүтээл, ном зохиолыг монгол, орос, герман, англи хэл дээр шүүрдэн судалж, тоо баримт хийгээд харьцуулсан дүгнэлтээр баяжуулсан нь нэн олзуурхууштай тод содон зүйл болжээ. Энэхүү номыг толилох ахуйд шинэ санаа хийгээд өмнө өгүүлсэн содон сонин зүйлийг мэргэн уншигч Та эрхбиш ажиглаж, анзаарах аваас юутай олзтой.

            Г.Гомбын энэ бүтээл нь монгол үндэсний хүнс, хоолыг уламжлалын дагуу “Цагаан”, “Улаан”, “Ногоон”, “Шар”, “Хар” хэмээх ангиллаар авч үзэж, агуулга утгын нь хувьд гүнзгийрүүлэн судалгааны баримт сэлтээр баяжуулсан нь ерөөс өнөөгийн монголчуудад хамаатай эрдэм мэдлэгийн хуримтлал мөн гэлтэй.

            Хүнс, хоолыг бэлтгэх уламжлалт арга, ур-дүйг өнөөгийн шинжлэх ухаан, технологийн үр дүнгээр шинэтгэн баяжуулж үйлдвэрлэлийн ур ухаанд шилжүүлэх олон сайхан санаа, шинжлэх ухааны зарим таамаглалыг зоригтой дэвшүүлснийг нэн олзуурхаж, их хөдөлмөрийн нь шан болгож зохиогч нөхөрт талархал дэвшүүлье.

Ном дор мөргөтүгэй!

Проф.,док.(Sc.D.)  Г.Лхагваа

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ