АЛЬ БОЛОХ БАГА ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ


Цаг төр, хүмүүс сэтгүүл № 01/2008                       

            Эрүүл хүнс, зөв зохистой хооллолтын талаар тэр бүр ярьдаггүй, төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд монголчууд хоол хүнсэндээ гойд анхаарал тавьдаг болсон. Ингэхээс ч аргагүй болтлоо нийгэмд аюулын харанга дэлдсэн  аймшигт үйл явдал үүсээд байгаагаас тэр шүү дээ.  Эрүүл хүнс гэж юу болох, хүн яавал өвчин тусахгүй эрүүл амьдарч болох талаар ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн багш, текникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваатай уулзаж ярилцлаа. Тэрбээр зургаа нийтлүүлэхээс татгалзсан тул бид зочноо хүндэтгэн хүсэлтийг нь зөвшөөрсөн юм.        

 

-Эрүүл хүнс хэрэглэх талаар судалгаа шинжилгээ хийж байгаа тань шиг доктор хүмүүс илүү мэдээлэл, мэдлэгтэй байж эрүүл амьдардаг болов уу гэж бодож байна. Энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Эрүүл хүнс гэдэг сэдэв өнөөдөр хүн бүхний амны уншлага болчихсон. Гэтэл дэлхий ч эрүүл хүнс гэдэг тодорхойлолтоо төдийлэн сайн мэдэхгүй явж байна. Эрүүл хүнсийг бид арай өөрөөр ойлгож эхэлж байгаа. Хоол хүнс тухайн хүний бие мах бодийн, өвчний, мөн цаг улирлын онцлогт яаж зохицох вэ гэдгээс энэ бүхэн ихээхэн хамаарна. Энэ гурван зохицлыг хоолоор  гүйцэтгэж чадаж байгаа бол энэ өөрөө эрүүл хүнс. Эрүүл хүнсний ерөнхий ойлголтыг бид ингэж авч үздэг. Энэ нь дэлхийд байхгүй ойлголт шүү. Тэгэхээр бидний томъёолж байгаагаар хүнийг альфа, бетта, гамма гэсэн гурван төлөвд авч үзэж болно. Эсийн мембраны төлөвийг альфа, бетта, гамма гэж ангилдаг юм. Бид энэ ангиллыг удахгүй гаргаж тавина. Хүнсийг, бас цаг агаарыг ч альфа, бетта, гамма гэж ангилж болно. Дээр үед хий, шар, бадган гэж хүн дээр ч, өвчинд ч, цаг улирал дээр ч авч үзэж байсан юм. Энэ чинь өөрөө альфа, бетта, гамма төлөв гэсэн үг. Өвөл бол бетта улирал. Хавар бетта, зун гамма, намар нь альфа улирал гэх мэт. Бид энэ гурвын нийтлэг шинж, төлөв байдлыг мэдээд авчихлаа. Одоо тэгвэл махбодид яаж зохицуулах ёстой вэ гэдэг нэгдүгээр асуудлын чинь хариу дорхноо гараад ирнэ.

-Өөрийгөө ямар мах бодитойг яаж мэдэх хэрэг вэ?

-Үүнийг “Монос” анагаах ухааны дээд сургууль дээр током программаар компьютерт тодорхойлж байгаа. Энэ тодорхойлолтын цаана энергийн үзүүлэлт байгаа. Хүний  70 орчим хувийг энерги бүтээдэг. Ингэхээр шар махбодитой хүн энэ улиралд ямар хоол хэрэглэвэл өвчнөөс урьдчилан сэргийлээд эрүүл байж болох вэ гэдгийг хэлж болох нь. Шар махбодитой гэхээр хүн альфа махбодитой байж таарах нь. Одоогийн улирал нь бетта. Тэгвэл энэ хүний өвлийг давахаар эсийнхээ түвшинд хуримтлуулж авсан ханаагүй тосны хүчил өвлийг барж дуусгаад өвлийн турш зарцуулагдаад одоо бол бетта төлөвтөө автоматаар шилжиж байгаа юм. Ингэвэл эрүүл явна гэдэг онолыг олж байгаа хэрэг.

-Тэгэхээр хүн ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж болох нь ээ?

-Тийм. Бид ойрын үед үүнийг хийж чадна. Нэгэнт л компьютер дээр хүнээ тодорхойлдог болчихсон юм чинь тухайн хүнд тохирох хоолыг нь тэндээс гаргаж ирэх нь. Энэ тохиолдолд өнөөгийн зоогийн газрууд, хоолны цэс хэмээх тулган шаардах бичгээс, шинжлэх ухаанч бус хандлагаасаа дэлхий даяараа сална гэсэн үг.

-Зөв зохистой хооллох талаар, ямар хоол хүнс хэрэглэвэл өвчин тусахгүй байх вэ гэдэг ч юм уу, тэр талын судалгаа байдаг уу?

-Энэ бол ганцхан Монголын асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнийг мэдэхгүй байгаа учраас өвчтэй байгаа юм. Энэ нь  өнөөгийн шинжлэх ухаан буруу байна аа гэсэн үг. Аз болоход бид шинжлэх ухааныг зөвтгөх зөв зам дээр байна. Биднийхээр энэ хүндрэлтэй асуудал биш ээ. Яагаад гэвэл бид ерөнхий онол номоо олсон. Үүнийгээ хэрэгжүүлэх арга замаа мэдэж байгаа учраас хэцүү байдлаас гарах гарц бий гэж хэлж болно. Хүмүүс хоолноос шалтгаалж л өвчилж байна. Юу идэж байгаагаа мэдэхгүй, ямар улирлаа мэдэхгүй, ямар хүн болохоо мэдэхгүй болохоор яаж өвчингүй байх юм бэ. Тийм учраас өнөөдөр эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн хойно нь эмчлэх энэ гурван том асуудалд дэлхийн даяар тэрбум, тэрбумаар нь мөнгө урсгаад ч үр дүнгүй байна. Тэгэхээр зөв хооллолтын талаар ярья гэвэл монголчуудын уламжлалт хоолны шинжлэх ухааны мэдлэгийг л ярих хэрэгтэй.

-Уламжлалт хоол оо?

-Тийм ээ. Энэ бол маш том шинжлэх ухааны мэдлэг гэдгийг судалгааны дүнд олж мэдээд байна. Дэлхий  үүнийг мэдэхгүй. Монголчууд XIII зууны үед хязгаартай хоол унд хэрэглэж хэвшсэн байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн хүнээс таваас, зургаа дахин бага хооллож оройдоо ганцхан аяга хоол идээд, эрүүл байж болно гэдэг шинжлэх ухаан. Нэлээд олон жилийн өмнө Павловын шавь Разенков гэдэг эрдэмтэн “Хүний гэдэс дотор гэдэг маш их өвөрмөц механизм юм. Гэдэсний микрофлор гэж байдаг. Энэ дотор байгаа амьд бичил биеүд маш их үүрэгтэй. гэдгийг анх хэлсэн. Гэтэл түүний эсрэг хүн хэдий чинээ илчлэг зарцуулсан бай, төдий чинээ буюу 100 хувь хоолоор нөхнө гэсэн номлолыг 200 жилийн өмнө бий болгосон. Үүн дээрээ дэлхий өнөөдрийг хүртэл хатуу зогсчихсон. Тэгэхээр энерги нөхдөг эх үүсвэр нь дан ганц хоол болоод явчихаж байгаа юм. Ийм ядмагхан төсөөллийг бий болгоод тэрнийхээ хүрээнд онол ном  гаргасан. Үүнээс л хамаг юм буруудсан хэрэг. Монголчууд тэгвэл эсрэгээрээ аль дээр үед Разенковын онолыг дэвшүүлж, амьдралд хэрэгжүүлжээ.

-Яагаад эсрэгээрээ гэж?

- Разенковын хэлснээр хүний гэдэсний хэвлийд байгаа бичил амьд биеүд өөрөөсөө уураг болон бусад шим бодисуудыг ялгаруулдаг юм байна.    Америкийн хэсэг эрдэмтэн үүнийг бас нотолсон. Гэдэсний энэ бичил биет хоногт наад зах нь 80 г төгс уургийг нийлэгжүүлж цусанд шахдаг гэж томъёолсон. Монголчууд үүнийг аль X зуун гэхэд олж мэдээд, XIII зуунд хэвшүүлчихэж. Бидний өвөг дээдэс хоолондоо маш их анхааралтай ханддаг байсан байгаа юм. Хоногт ганц аяга хоол идэхдээ биеийн жингийн 3.2 хувийг эзэлж байгаа гэдэсний амьд бичил биетүүдийг хооллох санаа сэдсэн байна. Энэ бол хэтийдсэн том ухаан юм. Хавар мал төллөнгүүт л цагаан идээнд ороод намар орой болтол есөн сарын турш цагаан идээ идэж гэдэс цайлгадаг байж. Тиймэрхүү байдлаар  хэдэн зуун жил хооллосон. Чингис хааны байлдан дагуулалтын амжилт, дэлхийн эзэн болсныг стратеги тактиктай холбон бичсэн 300 гаруй ном байдаг гэж академич Ч.Далай багш бичсэн.  Үнэн хэрэгтээ нэгдүгээр зэргийн ач холбогдолтой зүйл нь стратеги тактик биш, бидний судалж ойлгосноор бага хооллож өөрийгөө тэсвэр тэвчээрт сургах, яавал эрүүл байх вэ гэдгийг олон зуунаар туршаад бага хоолоор л эрүүл байх боломжтой гэсэн маш зүйтэй онолыг олжээ. Английн эрдэмтэн Ирвинг Фишер цагаан хоолтон тэсвэр тэвчээрээрээ махан хоолтноос хоёр дахин,  хүчээ сэргээх чадвараар тав дахин илүү болохыг судалж тогтоосон байна. Тэгэхээр түрүү үеийн монголчууд саяхныг хүртэл цагаан хоолтон байжээ гэж ойлгож болно. Махчин монголчууд гэдэг яриа одоогийн бидэнд л хамаатай. 

-Одоо тэгтэл бид өдрийн гурав хооллож байна?

-Өө, тийм. Өглөө хоол хийгээд өдөр нь халааж идчихээд , орой нь бас махаар хооллоно. Эртний монголчуудын хувьд энэ бол гутамшиг байж. Ийм бохир заваан юмыг тэд үнэндээ төсөөлж байсангүй. Тэр үеийн монголчууд шар махбодийн үүсэлтэй байсан. Эрс тэс цаг уурын байдал, гадаа голдуу хөдөлмөр эрхэлдэг энэ бүхэн нь монголчуудад халуун махбодь бүрэлдэн төлөвшихөд нөлөөлсөн. Тийм учраас үндсэн чанараараа тэр үед  бүр 100 хувь шар махбодийн гаралтай хүмүүс байж. Энэ шар махбодийн дотор оюуны хамгийн дээд потенциал агуулагдаж байдаг. Тийм болохоор европчууд дийлэнхдээ бадган талдаа, азиуд хий талдаа, энэ дунд монголчууд халуун махбодитой, шар махбодитой хүмүүс бүрэлдэн тогтжээ.

-Монголчууд махсаг гэдэг яриа хожуу үүссэн гэж байна. Монголчууд тэгвэл  үүх түүхээ судлаад таны ярьсан хэлснийг хүн болгон мэдээд хоолоо багасгавал хамгийн эрүүл зөв хооллолт болох уу?

-Уг нь тэр шинж рүүгээ ойртоно л доо. Гэхдээ тэр боломжгүй зүйл шүү дээ. Яагаад гэвэл эрт үеийнхэн шиг өөрийгөө захирах чадвар, тийм оюун санааны хүч бидэнд байхгүй. Ухамсар нь хэтэрхий доройтчихсон. Ухамсраа хөгжүүлэх аргаа өнөөдөр дэлхий олоогүй байгаа юм чинь бид яаж хөгжүүлж чадах билээ дээ. Манай их сургуулийн эрчим хүчний профессор Х.Сүхбаатар багш гэр бүлийн математик загварыг гаргасан. Үүгээрээ маш сайхан нээлт хийсэн. Хүний эцэг эхээс  өвлөж болох зүйл буюу генийн юм нь дээд тал нь 41 хувь байна гэж.  Генетикийн үүднээс бол 30 хувь гэдэг шүү дээ. Тэгэхээр 30-40 хувьд л хэлбэлзэх нь. 60-70 хувь нь тэгвэл юу байж болох вэ? Энэ бол бидний ухамсар буюу энерги юм. Дэлхийн хүмүүс үүний дотор монголчууд бид энергиэ мартчихсан улс. Дэлхийн бүх хүн төрөлхтөнд яг наадхыг чинь номлох гэхээр ухамсрынх нь түвшин хүрэхгүй байна. Хүрдэг цөөхөн хүн бий л дээ.

-Танаар жишээ авъя л даа. Та цагаан хоолтон. Цагаан хоолтой хүмүүсийн идэж ууж байгаа бүхэн тэгвэл амьдралын зөв хэрэглээ мөн үү?

-Эрүүл хоолны тухай ярья гэвэл цагаан хоолны тухай л эхэлж ярина. Махан хоолны тухай үнэхээр ярьж боломгүй. Бид зөвхөн хоол хүнсэнд байгаа уураг, өөх тос, нүүрс ус,  амин дэм гээд баахан л юм судалж байна. Хоол амилуулах ухааны чиглэлд бид боломжийн алхмуудыг хийгээд байна. Дэлхийгээрээ үүнийг ягштал судалчихсан. Үүнээс цааш юу байж болох вэ гэхээр тэрхүү хоол хүнсэнд шингэсэн орчны энерги,  тэрийг хийж байгаа хүний энерги гэхчлэн энэ бүгдийн дүнд тухайн бүтээгдэхүүний молекулын болон огторгуйн бүтцэд оролцдог зүйл огт судлагдаагүй үлдсэн байна. Энэ бүхэн нийлж байж сая хоол хүнсний энерги мэдээллийн шинж чанар, үзүүлэлт гарах ёстой юм байна. Энэ бол хоол хүнсний амь юм.  

-Та хоёр ч судалгаан дээр ажиллаж дууслаа гэж байсан?

-Бид нэлээд хэдэн судалгаа хийсэн л дээ. Ясны бодисын солилцоог сайжруулах  нь Монголд айхавтар төвөгтэй асуудал болчихсон байна. Улсын хэмжээгээр гэж хэлж болохгүй ч нэг цэцэрлэг дээр түүврийн аргаар хийсэн судалгаагаар ясны байдал нь эрүүл гэж хэлэх хүүхэд 3-5  насны хүүхдүүд дунд 14-хөн хувь байсан. Энэ байдал давтан судалгаагаар нотлогдож байгаа. Энэ бол хоёр л цэцэрлэг дээр хийсэн судалгаа. Гэхдээ бидэнд айхавтар юмны дохио өгч байна. Мэдээж хоол хүнстэй холбоотой. Сүү, цагаан идээ бараг хэрэглэхгүй,  чихэр, боов, ус ундаа, гурилан бүтээгдэхүүн хэрэглэж байна. Дараагийн судалгаа бол хүүхдийн шүдийг хоолоор бэхжүүлж болох уу гэсэн асуудал. Болно гэсэн хариу гарсан. Бас л хоол хүнстэй холбоотой. Шүдийг ааруул хатуу юмаар бэхжүүлж болно гэдгийг монголчууд л мэддэг. Хоол хүнсийг эрүүл мэндтэй холбосон маш олон судалгааг манай сургуулийн эрдэмтэн судлаачид хийж байгаагийн дотор  “Монос” анагаах ухааны дээд сургуультай хамтарсан олон судалгаа бий. 

-Манай уншигчдад та ямар хоол хүнс хэрэглэх нь зөв талаар зөвлөгөө өгөөч?

-Ямар хүн бэ, ямар өвчтэй вэ гэдгийг эхлээд мэдэх хэргтэй. Хоорондоо энэ бүхэн маш уялдаатай. Автоматаар зохицуулж байдаг юмыг салангид авч үзсэнээс болоод системийн хандлага байхгүй болчихоод байна л даа. Ийм хоол унд сайн, тэр нь муу гэсэн өрөөсгөл ойлголт үнэхээр төрүүлж болохгүй. Харин нэг зүйл зөвлөхөд хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсанаас бидний хамаг юм бурууддаг. Монголчуудын хоол бол ерөнхийдөө хүчиллэг талдаа. Мах, сүү, цагаан идээ, гурил, нарийн боов бүгд хүчиллэг. Шүлтлэг гэдэгт ус, хүнсний ногоо, зарим жимс орно. Гэтэл үүнийгээ бид хамгийн бага хэрэглэдэг. Үүнээс болоод бие махбодь хүчилшиж байгаа юм. Энэ бол хамаг салстуудаа чулуу болгоно гэсэн үг. Өөрийгөө чулуун илжиг болгоно гэсэн үг.  Чулуун илжиг гэдэг ийм томъёолол баруунд байдаг юм. 60 хувьд нь та шүлтлэг хоол хэрэглэж байвал та өвчин зовлонгоос урьдчилан сэргийлж чадна. Нөгөө талаас даавар үйлдвэрлэгч салстуудыг эрхэмлэх ёстой. Үүнийг Оросын эрдэмтэн Угелов хэвлийн хөндийд  бас нэгэн тархи суулгасан нь салст орчин юм гэж айхавтар зөв томъёолсон. Янз бүрийн кола, ундаа, жүүс гээд хүчиллэг хүнс ихээр хэрэглээд байх юм бол тэр нь чулуужна. Тийм учраас үүнийг болгоох хэрэгтэй. Буцалгасан болгоод ууж байгаа ус судас хатууруулах хамгийн гол дайсан. Усны боловсруулалт хийгдээгүй эрдэс судас хатууруулж байгаа юм.

-Буцалсан ус их уу гэж эмч нар зөвлөдөг шүү дээ?

-Энэ буруу. Бидний идэж байгаа бүхэн тэр чигээрээ ус шүү дээ. Тэрийг тооцохгүйгээр шууд хоёр литр ус уу гэдэг чинь судсаа бөглө гэсэн үг. Тэгэхээр тэр эрдсийг боловсруулахыг л ундны усны боловсруулалт гэдэг юм байна.  Яаж боловсруулах аргыг ч бид олж эхэлж байна. Аль болохоор ширгээсэн ус, нэрмэл ус, эсвэл утаа униаргүй, байгалийн цэвэр орчинд байгаа цас, мөсний усаар ундлах хэрэгтэй. Цай их уудгаа ч болих хэрэгтэй. Усны эрдсийн үйлдлээр хатуурсан судсанд нэрмээс болж ханасан тос холестерин нөлөөлж байгаа болохоос биш, яг судас хатууруулж байгаа нөхцөл нь холестерин биш гэдгийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр зөв хоолох тухайд ийм зарчмуудыг юуны өмнө баримтлах хэрэгтэй. Тэгээд аль болох бага хооллох хэрэгтэй. Сэтгэл санаагаараа л хоолло. Сэтгэл санаагаа зөв байлга. Бодол санаа маань махбодийн генератор болохыг бид олсон. Би өнөөдөр хоол муутай, ядарч байна гэж бодвол  ядарна. Яагаад гэвэл таны энэ бодол мэдээлэл учраас та махбодийнхоо 100 тэрбум эсийг тэгэж удирдаж байгаа юм. Цай холдчихлоо одоо толгой өвдөнө гэсэн программ өгсний дараа 10 минутын дараа толгой өвдөнө. Ийм элдвийн программаа устгах хэрэгтэй. Хэрэв аминдаа л  хайртай бол шүү дээ.     



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ