БАДГАН МАХБОДЬТОЙ ХҮНИЙ ХООЛНЫ ХЭРЭГЦЭЭ БАГА ГЭСЭН ҮГ


/”Бизнесийн мэдээ” сонин, №10/025, 2003/

Сурв: Таныг хүнсний хэрэглээний талаар нэлээд “эсэргүү” саналтай явдаг хүн гэж дуулсан. Үүнээс яриагаа эхлэх үү?

 

Г.Л: Дэлхийгээрээ хүнсний хэрэглээний онол, ном нь буруу байгааг олон судлаачид хүлээн зөвшөөрч байгаа.

Сурв: Яагаад тэр билээ?

Г.Л: Энэ нь “илчлэгийн онол” гээч “бордооны онол”-ын үр уршиг л даа. Тодруулбал, өдөрт 3.000 ккал илчлэг авч байх ёстой гэсэн санаа. Ийм хэмжээний илчлэг авахгүй бол өлсөж, турж үхнэ, хэцүүднэ гэдэг онол юм. Энэ нь цаанаа шинжлэх ухааны үндэслэл муутай, хүмүүний зарцуулсан бүх энергийг зөвхөн хоолоор нөхөх тухай болхидуу баримтлал юм л даа.

Сурв: Илчлэг .... гэвэл “зуу” татчихаад байхад л хэрэгцээ бүрэн хангагдах юм биш үү?

Г.Л: Илчлэгээр хөөцөлдвөл юу ч татаад байсан болох л доо.

Сурв: Таныхаар бол хоолны онол ямархуу байх ёстой вэ?

Г.Л: Би жаахан өөр үзэл баримтлалтай гэмээр юм уу даа. Сүрхий зөрүүд гөжүүддээ биш, судалгааны үр дүн л ийм юм хэлээд байгаа хэрэг. Монголчуудын уламжлалт хоолзүйг судлахаар сонин юм их гардаг. Түрүү үеийн монголчууд харин жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй хоолтой байсан юм билээ. Хоолзүйн 3 том баримтлалтай байжээ.

Сурв: Жишээ нь...?

Г.Л: Хязгаартай хоол. Энэ нь одоогийн яриад байгаа илчлэгийн 20-25 хувийг аваад л түүгээрээ бие махбодийнхоо хэрэгцээг хангачихна гэсэн үг. Тэгж ч байсан. Энэ чинь XIII зуунд гэхэд хэзээний хэрэгжчихсэн байсан зүйл.

Сурв: Дараа нь...?

Г.Л: Цаг улирлын онцлогтой хоол. Цаг улирал юуг  шийддэг юм бэ гэхээр хүний махбодийн төлвийг өөрийнхөө жамаар өөрчилж байдаг юм байна. Үүний эсрэг нь хоолоор үйлчилнэ гэсэн үг.

Сурв: Гурав дахь нь....?

Г.Л: Махбодийн онцлогтой хоол. Хүн чинь үндсэндээ хий, шар, бадган гэсэн гурван махбодид л хуваагддаг, үүнээс өөрөөр байдаггүй юм байна.

Сурв: Махбоди гэдгийг арай тодруулахгүй юу?

Г.Л: Энэ нь эсийн мембран, махбодийн энергийн тухай өргөн ойлголт юм. Ярианы сэдвийн тухайд бол хүмүүний энерги хуримтлуулах, зарцуулах шинж чанар юм гэж бид ойлгож байна. Хооллолт нь илчийн зарцуулалтыг л нөхөх гэж байгаа юм бол махбодийн онцлогт тохирсон, махбодийн онцлогоос хамаарч илч зарцуулалт, хуримтлуулалт нь ямар байна гэдгийг мэдсэн хооллох онол байх ёстой. Түүнээс биш хүн болгон 3.000 ккал, эсвэл бага шиг ажил хийсэн нь  банахан шиг... гээд байвал элий балай юм болноо доо. Энэ илчлэгийг тооцож суудаг хүн ч байхгүй, тийм боломжгүй. Тэгэхээр энэ илчлэгийн онол нь судалгаанд л хэрэгтэй, хэрэглээнд бол тэнцэхгүй.

Сурв: Махбодийнхоо тухай хүмүүс өөрснөө мэдэх боломжтой юу?

Г.Л: Болно. Өөрөө бол  бадган махбодитой юм байна. Өөрөөр хэлбэл энергийн дотоод хуримтлал ихтэй, гадагшаа зарцуулалт багатай. Би бол шар махбодийнх. Энергийн зарцуулат арай их, дотоод хуримтлал арай багатай. Тэгэхээр бид хоёрын хоол жаахан өөр байх нь.

Сурв: Жишээлбэл ямар байх ёстой гэж ...?

Г.Л: Өөрт чинь бол хоолны хэрэгцээ хамгийн бага гэсэн үг. Цагаан хоол ч гэх юмгүй, хоол бараг хэрэглэхгүй бай гэсэн үг л дээ. Надад бол өдөртөө ганц аяга хоол байхад болох жишээтэй.

Сурв: Гурав дахь нь ямар махбоди байдаг гэлээ?

Г.Л: Хий махбоди. Энэ бол илчлэгийн зарцуулалт арай ихтэй. Махбодийн өөрийнх нь үндсэн шинж чанар тийм юм. Хоол гэж ярьж байгаа нөхцөлд /уг нь хоол гэж яримгүй юм л даа/ бид хоёроос арай ахиухан хооллож бай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, миний хэмжээ нэг аяга бол хий махбодитой хүнийх  аяга хагас байх жишээтэй.

Сурв: Бидний иддэг зүйлийг хоол гэхгүй өөрөөр юу гэх юм бэ?

Г.Л: Хоол гэдэг бол өнөөдрийн бидний мэддэг  шиг зүйл биш байх нь. Хэмжээ нь л гэхэд өнөөдрийн бидний хэрэглэж байгаагаас дор хаяж 4-6 дахин бага байх нь. Та бидний идэж хэрэглэж байгааг “хоол” гэхээсээ “бордоо” гэвэл утга нь арай илүү дүйх юм.

Сурв: Махбодиудыг яаж мэддэг хэрэг вэ?

Г.Л: Энэ чинь шинэ юм биш. Дорнын ангаах ухаанд байсаар ирсэн уламжлалт онол байхгүй юу. Бидний олж нэмэрлэсэн шинэ зүйл гэвэл нь махбодийн онолыг хүний энергийн тухай гайхамшигтай онол болохыг хэлсэн явдал. Хүний энергийн шинж чанар нь гадна талдаа илэрчихсэн байдаг. Хүнийг хараад л энэ хүн ийм тийм гээд мэдэж болно. Өөрөөр хэлбэл энергийн гадна илэрсэн байдлыг уншиж тайлна гэсэн үг.

Сурв: Та миний талаар нээрээ яриад байна уу, эсвэл зүйрлэсэн юм уу?

Г.Л: Үгүй, үгүй зүйрлээгүй. Энерги нь гадна талдаа ил болохоор мэдэж ядаад байх юм байхгүй. Махбодийн шинж төрх нь харагдаж л байгаа хэрэг. Энергийн шинж чанараар бүх юм тодорхойлогдож байдаг. Үүнийг цааш нь хөгжүүлээд анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага “Хий, шар, бадган эсийн мембрант байгууламж” гэсэн үнэхээрийн гайхамшигтай онол бий болгосон. Энэ онолыг олон талаас нь ухаж үзэх юм бол дэлхийн шинжлэх ухаан жинхэнэ шинжлэх ухааны дүрийг олж чадахаар байгаа юм.

Сурв: Таны яриад байгаа чинь йогийн ухаантай холбоотой юу?

Г.Л: Холбоогүй. Ерөөсөө л өөрийнхөө сэтгэл санааг, махбодийг удирдах, үүнтэй л холбоотой юм. Монголчуудын хоолны онцлог олон байдгийг түрүүнд хэлсэн. Наад зах нь сардаа дөрвөн өдөр нийт ард түмнээрээ цагаан хоолтой өнждөг, жилийн есөн сард нь цагаан хоол хэрэглэдэг гэх мэт.  Энэний ач тус жигтэйхэн их.

Сурв: Одоо чинь ид хавар цаг. Бид ямаршуу хоол идэж уувал зүгээр бол?

Г.Л: Хаврыг энергийн баримжаагаар бол бадган улирал гэж ярьдаг. Хүний бие махбодийн хувьд эсийн мембран өвлийн хүйтнийг давж туулан ханаагүй тосны хүчил нь исэлдэж дуусаад, эсийн мембран хатуу “бетта” төлөвтөө шилжчихсэн байгаа үе. Хоёр хүйтэн чанарын юм, махбодийнхоо талаас ч, цаг улирлынхаа талаас ч хавсарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадна агаарын температурын нэг нөлөө, дотор талаасаа хоолны температур хоёрын дунд л хүн оршиж байгаа хэрэг. Хүн нь ч, улирал нь ч хүйтэн  талдаа шилжчихсэн үед үүнийг бүлээнбилэг чанартай хоолоор зохицуулах хэрэгтэй. Билэг чанар гэхээр халаасан, буцалгасан гэдгээс өөр. Жишээ нь, хонины мах, сүү бүлээн, ямааны мах сэрүүн атал сүү нь халуун билэг чанартай. Өдийд антиоксидант бодисын хангамж, дархлааны систем суларсан байдгаас үл исэлдүүлэгч бодис, аминдэм хэрэгтэй боловч ургамлын тос мэттэй хавсрахгүй дангаар нь хэрэглэвэл ангижралтын процессийг лавшруулж зохимжгүй болно. Хоол ундны халуун, бүлээн, хүйтэн сэрүүн гэдэг бол гайхамшигтай билэг чанар юм. Эсийн мембранд чухамхүү хүрч, үйлчилж, өөрчилж байдаг шинж чанар нь энэ. Хоолны бүлээн, халуун чанар гэхээр зарим нь феодализмын үеийн юм гэх шиг юм ойлгож хэлдэг. Тийм биш. Уураг, өөх тос гэдэг чинь өөрөө бүдүүлэг юм байхгүй юу. Өөх тос нэг граммыг шатаах юм бол 9.3 ккал  илчлэг өгдөг гэж дэлхий даяараа ганцхан ийм мэдлэгтэй байгаа. Гэтэл өөх тос өөрөө дөрвөн янзын илчлэг өгдөг юм байна гэдэг нь одоо бидэнд ойлгогдож байгаа. Үүний дотроос малын өөх бол сэрүүн талдаа чанартай, ургамал-самрын тос ч юм уу, адууны мах өөх, гүүний айраг  саам бол халуун билэг чанартай. Чухамхүү ийм зүйлс л энэ улирлын хоолонд хэрэгтэй.

Сурв: Өдийд чинь адууны мах хэрэглэхийг монголчууд хорьдог шүү дээ. Хуршсан, муудсан гээд л...?

Г.Л: Хадгалж чадаагүй махны тухайд бол тийм л дээ. Гэхдээ заавал адуу гэх юу байхав. Ургамлын тос байж байна. Хонины мах ч гэсэн бүлээн чанартай учраас өдийд илүү тохиромжтой.

Сурв: Бидний яриаг өрнүүлэх өөр сонин юм юу байна вэ ?

Г.Л: Онол ном бүхэлдээ өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Хүн гэдэг ойлголтод тохирсон хоолтой байх ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр хүний тухай онол нь өөрчлөгдөх шаардлагатай. Хүний онол бүхэлдээ буруу, дэлхий даяараа буруу байна. Ийм учраас хүнтэй холбоотой бүх шинжлэх ухаан өнөөдөр буруу явж байна гэж үзэх үндэстэй.

Сурв: Таныхаар бол хүн гэдэг ойлголт ямар байх вэ?

Г.Л: Өнөөдрийн шинжлэх ухаанд хүн гэдэг маань ерөөсөө физик биеийн л ойлголт л доо. Физик биеийн дээр ухамсар бие, түүгээр нөхцөлдөж үүсч  байдаг энерги бие гэж байх ёстой юм байна. Гол биеүүдийг нь тэглэчхээд физик биетэй л хоцорч. Тэгэхээр үнэн хэрэг дээрээ араг ясны онолууд л хэрэгжиж  байгаа гэсэн үг. Үүнд та нарын мэргэжил ч мөн адилхан хамаарагдана. Сэтгүүлзүй энэ тэр л гэнэ. Энэ чинь ерөөсөө онолоо олоогүй, хүнээ буруу томъёолсон учраас буруу замаар л явж байна. Буруу онолтой юм бүхэн хүмүүнд гай болох л юм хийж чадахаас бус хэрэгтэй юм бараг хийхгүй. Онол ном нь буруу учраас хүний энергийг хямраах, хүнийг муу муухайд уруу татах л юм ихэнхдээ хийцгээж байна. Үүнээс болоод олон өвчин үүсч байгааг автобусны жолоочоос өгсүүлээд сэтгүүлчид та нар хүртэл цөм мэдэх ёстой. Хүний тухай онол нь буруу учраас өнөөдөр хүн төрөлхтөн философ ч үгүй яваа юм байна. Хүн судлал, сэтгэл судлал ч өөрчлөгдөх хэрэгтэй болж.

Сурв: Таны төсөөллөөр бол хүнийг юу, ямар амьтан гэж үзэх ёстой бол?      

Г.Л: Өөрийгөө ухамсрын удирдлагаар жолоодож, тэр ухамсраа өөрөө эергүү энерги болгож чаддаг бодгалыг хэлэх ёстой. Гэтэл өнөөдөр бидэнд энергийн тухай ч, ухамсрын тухай ч ойлголт байдаггүй. XVII зууны үеийн Францын философч Декарт эхлээд буруу тодорхойлсон юм байна лээ л дээ. “Сэтгэл санаа нь биегүй, бодит бус зүйл болохоор шашинд л хамаатай. Энэ физик бие чинь л бидний судлах ёстой юм” ” гэчхэж. Үүнийг хүмүүс хүн судлалын эхлэл боллоо гээд л хөөрөгдчихсөн хэрэг. Барьцтай юмтай ноцолдох нь шинжлэх ухаанд хамгийн хялбар зүйл учраас бүгдээрээ л амар хялбарыг нь сонгож таарнаа даа. Ингээд л хамаг гайг үүдчихэж л дээ.

Сурв: Таны яриа ч гэсэн идеалист тал уруугаа жаахан хэлтийгээд байх шиг...?

Г.Л: Ямарт нь ч багтдаг байг, би шинжлэх ухааны л юм ярьж байна. Үүнийгээ би баталж нотлоод бас хэрэгжүүлж хийж чадна. Энэ үндсэн дээр бид эмчилгээ, өөрийгөө эрүүлжүүлэх цоо шинэ технологи хүртэл гаргачхаад, өнөөдөр өвчнийг эмгүйгээр эмчлэх боломж бүрдүүлж байна. Тийм болохоор бид өнөөдөр тодорхой юмны тухай л ярьж байгаа хэрэг.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ