ОЮУНЫ ХООЛ


Г.Лхагваа

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор

“Ариусахуй Бясалгахуй” сонин (№1, 2010)-д өгсөн ярилцлага

Хэвлэл мэдээллийн алба эрхэлж буй сэтгүүлч бид хүний оюуны ертөнцөд ухааныхаа савны хэрээр “ҮР”суулгаж , ургуулсан ургацынхаа шимийг хүртэж суудаг хариуцлагатай хэрнээ халширмаар ажилтай улс. Микрофон бариад телевизийн дэлгэцнээ гарч буй хөтлөгч, микрофоны цаанаас сонсогчиддоо хандаж буй радио сэтгүүлч,сонины хуудаснаа уншигчидтай ярилцаж буй нийтлэлч хэнбугай ч нэг л зорилго өвөрлөж явдаг нь хүний үзэгдэж, баригдахгүй оюуны ертөнцөд үндэс сайтай ”үр суулгах”, “Ямар үйлийн үр таринав, тийм ургац хураадаг” хэмээн ярилцдагтай агаар нэг ажгуу.

Манай сонины 10 жилийн ойн номын баярт оролцсон олон эрдэмтэн докторууд чухам энэ талаар өгүүлж байсны заримаас танилцуулъя.

Техникийн шинжлэх ухааны доктор (D.Sc.), профессор Г.Лхагваа багш өөрийн мэргэжлийн үүднээс энэ асуудалд сонирхолтой дүгнэлт хийж ярьсан юм.

Г.Лхагваа: Арван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Ариусахуй Бясалгахуй” сонин үнэхээр их буянтай үйлс бүтээдэг талаар бахдан ярьж, баяр хүргэхийн гол учир бол энэ сонин жинхэнэ оюун санааны хоол үйлдвэрлэдэг цорын ганц хэвлэл гэдэгт байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухаан, бас хүмүүс бид физик биеийг хүн гэж ойлгочхоод, түүнийг удирдаж буй тархинд очиж байгаа юм болгоныг оюун санааны хоол мөн гэсээр уджээ. Энэ бол харамсалтай буруу үзэл юм. Хүн хэмээх бодгалын тухай онолыг арай өөр байх  ёстойг бид нэгэнт ойлгож эхэлсэн. Бидний ухамсар буюу оюун санаа маань жинхэнэ БИ мөн бөгөөд сүнс, үнэн, мөн чанар гэх мэт үгсээр тодорхойлогдож буй бүхэн оюун санаанд хамааралтай. Уг утгаараа энэ нь энергид хамаатай гэсэн үг.

Хүн хэмээх бодгалын 70 хүртлэх хувь нь энергиэс бүтэх агаад энерги нь хүний үндсэн шинж чанар буюу авъяас чадвар, сонирхол, оюуны чадавхи,бие бялдар зэрэг бүхнийг багтаан илэрхийлнэ. Айлын арван хүүхэд хоорондоо үндсэн шинж чанараараа эрс тэс өөр байдгийн учир бол энергээс үүдэлтэйг хэлж буй хэрэг юм. Эцэг эх маань:”биеийг чинь төрүүлснээс санааг чинь төрүүлээгүй“ гэлцдэг нь энергийн тухай монголчуудын маш зөв томъёолол, хууль мөн. Эцэг эхийн  төрүүлж буй бие маань хүн хэмээх ойлголтын 30-40 хувь болж гени, эсэд харъяалагддаг бол үлдсэн 70 хувь нь энергийн болон термодинамикийн хуулиудад захирагдана. Эндээс хамаарах хууль нь хүртэл ийн ялгаатайг харж болно.

            Танай сонины тухайд би бээр энэ 70 хувьд ногдох энергийн бие, ухамсар хийгээд оюун санааны биеийг хооллож байгаа утгаар нь сайшааж хэлсэн хэрэг. Энэхүү энерги бие зөвхөн эергүү мэдээллээр хооллодог. Эергүү мэдээллийн дотор оюун санааны хамгийн сайн хоол болох зүйл нь хайр энэрэл, өршөөл нигүүсэл, өглөг буян, хариу нэхэлгүй бусдад туслах, үйлчлэх явдал юм. Танай сонины нийтлэлийн ерөнхий агуулгыг аваад үзвэл чухамдаа энэ чиглэлийнх байдаг. Хүний жинхэнэ оюун санаа буюу энерги биед үйлчилж буй эергүү нийтлэл, сургаал, айлдвар, мэдээлэл нь бүхэлдээ оюун санааг зөв хооллож, сайн тэжээж  байна гэсэн үг юм.

          Цаашлдаад өнөөгийн хүмүүсийн бахархал болгодог бүх зүйл, түүний дотор Эго буюу Би хэмээх өвчин нь бүр даамжирсан, энэ нь угтаа оюун санаагаа алж устгаж буй аймшигтай хор хөнөөлт өвчин буюу мэдээлэл юм. ДОХ энэ тэр дэргэд нь юу ч биш. Хүүхдээсээ хөгшдөө хүртэл ийм өвчнөөр дэлхий нийтээрээ өвчилжээ. Шинжлэх ухаан, улс төр, за ер нь гайгүй яваа гэж өөрийгээ үнэлдэг хэн бүхэн “Би”-гийн өвчнөөр бүр гамшгийн хэмжээнд өвчилсөн байдаг. “Би”-гээр хэчнээн их өвчлөх тусмаа оюун санааны тураал, тамирдал, доройтлын доод хэмжээнд хүрдэг аюултай. Танай “Ариусахуй Бясалгахуй” сонины нийтлэлийн бодлого, нийтэлж буй зүйлс Би үзлээс ангид байдаг юм. Энэхүү бардамнал, бахархал, омогшил, гайхуулал, бие тоох үзэл бол физик биеийнхээ “Би-г өөгшүүлдэг гэмтэйн дээр оюун санаагаа хорлож байдаг. Хүн гээд байгаа физик бие дөнгөж 30-40 хувь байтал бид тэр өчүүхэн хэсгээ тэжээх гэж мэдлэг нэрээр жаахан юм цээжилсэн, багахан амжилтанд хүрсэн, хэдэн ном, диссертац бичсэнээ өөрийгөө хөгжүүлж байна гэж эндүүрч, үүгээрээ өвчилж, тэр нь  “Би”-гийн өвчин болчхож байгаа хэрэг. Тэгвэл түүний цаана энергийн хуулиудаар зохицуулагдаж хөгждөг оюун санаа, ухамсар, сүнс, энерги хэмээх үнэхээр аугаа юм буйг ойлгодоггүйгээсээ болоод өнгөн талын өчүүхэн бие дээрээ төөрөлдөчхөөд сууж байгаа улсыг л ХҮН гээд байгаа хэрэг. Угтаа хүн төрөлхтөн дампуурчхаад байгаа гэсэн үг.

Сүүлийн үеийн судалгаагаар бие махбодийн талаарх бүхий л мэдээлэл /бие махбодийн эрхтэн, эд, эс, атом, молекул бүрийн талаарх мэдээлэл/ эсийн ДНХ-д бус харин түүний голограммд хадгалаастай байдаг нь тодорхой болсон. Эсийн голограмм гэдэг нь нарийн энергийн программ юм. Гэтэл шинжлэх ухаан маань хүн, сармагчин хоёрын ДНХ ердөө 2 хувийн зөрөөтэй тул хүн сармагчнаас үүссэн гэх үхширмэл үзлээсээ салж чадаагүй байна. Физик биеийн эс, гени юуг ч тодорхойлж чадахгүй, учир нь хүний 30-40% хүрэхтэй үгүйтэй зүйл.

Сэтгэн бодох үйл явц нь торсион буюу мушгиа орон зайг эргүүлдэг бөгөөд сайн бодол санаа нь нэг тийшээ эргүүлдэг байхад муу бодол санаа нь нөгөө чиглэлд эргүүлдэг. Тэгэхээр муу бодол санаа нь торсион орныг нар буруу эргүүлдэг гэсэн үг юм. Мөнгө олсон 100 бизнесмений 96 нь дампуурдаг тухай судалгаа байдаг. Энэ нь мөн л сэтгэн бодоход гарсан алдааны уршиг юм. Үүнээс өөрөөр байх боломжгүй. Өнөөгийн эдийн засгийн хямрал гээд байгаа маань мөн л сөргүү мэдээлэл, сэтгэн бодох ажиллагааны үр дүн /дампуурал/ болохоос бидний ганц мэддэг гэх, бас түүнийгээ буруу ойлгодог зүйл болох “эдийн засаг”-ийн асуудал ердөө ч биш. Энэ дампуурал цаашлаад дэлхийн сүйрлээр төгсөх хүртэл хүн төрөлхтний сөргүү мэдээллийн үр уршиг хязгааргүй үргэлжилнэ. Үүнийг Сөргүү энергийн хууль буюу Муу үйл үрийн хууль гэж нэрлэж болно. Бид байгалийн шинжлэх ухааны хуульд л хүссэн ч, эс хүссэн ч захирагдана.

Хамгийн энгийн жишээ авъя. Мэдээллийг бид тархиар дамжуулаад хүлээж авахдаа эергүү, сөрөг, саармаг 3 хэлбэрээр бодолд оршоон удирддаг байна. Жишээ нь, уурлах, хэт баярлах, айж цочих зэрэг сэтгэлийн таван хөдөлгөөн таван цул эрхтэнд нөлөөлнө гэж уламжлалт анагаах ухаанд тодорхойлсон нь маш зөв юм. Уурлахад элгэнд дөрвөн ”чи” хэмээх энергийн хэмжүүрээр сөргүү энерги сууна гэж томъъёолсон байхад өдгөөх шинжлэх ухаан энэ талаар огтоос ойлголтгүй, үүнийг олж тогтоох арга чарга ч үгүй байх жишээтэй.

Сурв: “Чи” гэдэг нь ?

Г.Лхагваа: Нэг “чи” хэмээх энергийн хэмжүүр нь 0,32 см хэмжээтэй. Тэгэхээр нэг удаа багахан уурлахад хасах 1,3 см хэмжээний сөргүү энерги элгэнд сууна гэсэн үг. Сөргүү энерги тэнд буусан л бол заавал сэдэрч өвчин болох хууль үйлчилнэ. Өөр юу ч бус зөвхөн өвчин эмгэг, гэмтэл согог л болно. Энэ мэтчилэн ходоодонд буух сөргүү мэдээллийг 8 чи, дэлүүнд буух өвчний урт 7 “чи” байхыг заасан нь буй.

Сурв: Элэгнээс дэлүүнд дамжина гэсэн үг үү?

Г.Лхагваа: Үгүй ээ. Буддын  сургаалд 84 мянган нисваанис буюу сэтгэлийн гэм гэж ярьдаг нь энэ бүгд мэдээлэл агаад тус бүр өөр хэмжээстэй. Тэгвэл энэ 84 мянган бүдүүвчилсэн мэдээлэл хүний таван цул, зургаан сав эрхтэн нэг бүрт хэчнээн оногдохыг бодоод үз л дээ! Өөдрөг 11 сэтгэл буюу эергүү мэдээлэл /энэрэнгүй, нигүүлсэнгүй, сүжиглэнгүй, амирлангуй, өгөөмөр, ачлалт, уур уцааргүй, шуналгүй, ухаалиг, хичээнгүй, ичиж эмээх сэтгэлтэй/-ээс танд хэд нь байна, ёзоорын 6 нисваанис гэгдэх сэтгэлийн гэм /шунал, тачаал, уур хилэн, омог мунхрал, эргэлзээ, буруу үзэл/-ээс хэд байна, ойрын 20 нисваанис /хэрцгий, өс санах, үнэнээ нуух, цухалдуу, атаархуу, харамч, башир, дээрэлхүү, бусдад хөнөөлтэй, ичгүүргүй, идэвхгүй балай, догшин ширүүн, сүжиггүй, залхуу, сэрэмжгүй, мартамхай, мэдрэмжгүй, олон зүйлд алсарсан/ байна уу, үгүй юу сонжоод үзээрэй. Нисваанис гээч сэтгэлийн гэмүүд нь сөргүү мэдээлэл, буруу бодол, яриа, үйлдлүүд юм. Мэдээлэл нь биологийн биеийн хүлээж авч буй онцлогоос хамааран эергүү, сөргүү, саармаг энергийн хэлбэрээр  махбодод буудаг бол хүч нь сэтгэлийн хүлээж авч буй хүчтэй эн тэнцүүгээр бие эрхтэнд шууд нөлөөлнө. Тэрхүү авсан бүх мэдээлэл 100 триллион эсийн программ болдог гээд үзэхээр хамгийн ноцтой сурвалж энд байгаа хэрэг. Өдгөө физик биеийн хувьд өвчингүй хүн алга, ажил, амьдрал нь бүтэж буй хүн үгүй байгаагийн эх үндэс бол буруу мэдээллээр өөрийгөө программчилж байгаад оршино. Эсийг судлаад дуусч буй мөртөө программыг нь өдий болтол олсонгүй. Үнэндээ 70 хувийн энерги биеийг физик биетэй нь хамт бүрэн бүтэн судлаагүй нөхцөлд өдгөө цагийн философ, нийгэм, эдийн засаг, анагаах, сурган хүмүүжүүлэх ухааны онол бүгд өрөөсгөл гэж хэлж болно. Эсийн онол ч өөрөө зөвхөн физик биеийнх юм.

Сурв: Дэлхий нийтээр ийм болсон нөхцөлд зайлах арга зам байна уу?

Г.Лхагваа: Муу бүхний уг язгуур болох гурвын хорын нэг бол үл мэдэх мунхагийн харанхуй гэдэг. Тэгвэл нэгэнт хуулиа мэдсэн нөхцөлд сайнд тэмүүлж муугаас зайлсхийх арга зам байнаа. Жишээ нь, би тийм юманд дургүй эсвэл дуртай гэдэг нь зөвхөн таны бодол, танд үйлчилж буй мэдээлэл. Бусдад үүнийг тулгах учиргүй. Гол нь бидний бодол санаагаар бүх юм ялгаварлагдаж байгаад л учир байна. Энэ физик бие маань иймэрхүү тулга тойрсон бодлоор ороогдож байдаг болохоор эцсийн эцэст ХҮН маань ийм өчүүхэн амьтан болчхож байгаа хэрэг. Үүнээс гарах арга зам бидэнд өөрт маань бэлэн буй бөгөөд энэ нь төгөлдөржих зам юм. Энэ нь юуны өмнө хүн болох зөв замыг сонгож зөв хуулийг дагах, цаашлаад муу мэдээллийг саармагжуулж хүлээн авах, эсвэл үргэлж сайн мэдээлэл өөрөөсөө гадагш дамжуулахаас эхэлнэ. Түрүү үеийн хүмүүс арван цагаан буян буюу эергүү мэдээлэл болох энергийг эрхэмлэж, 10 хар нүгэл /сөргүү мэдээлэл/-ээс зайлсхийж явснаар ядаж сайн төрөл олох боломжийг амьд ахуйдаа бүрдүүлж чадаж байсан нь одоогийн биднээс зарчмын ялгаатай юм.

Хэдийгээр сайн төрөл /термодинамикийн хуулиар энерги хувирах үзэгдэл/ олох ухаан нь өнөөгийн бидний ухаанаас хол давуу ч энэ нь хүмүүний хувьд дэндүү өчүүхэн түвшин юм. Хүмүүний 70 хувь нь энерги, мөнх орших хуульд захирагдах учраас өөрийгээ хөгжүүлэхүйц энергийн хуулиар замнавал хүн төрөлхтний өнөөгийн гамшгийг эцэслэж болох л доо. Өөр арга зам гэж үгүй.

Сурв: Бурханы шашин мууг сайнд урвуулна гэдэг дээ?

Г.Лхагва: Угтаа тийм. Сайхан л байна шүү дээ гэж бодох аваас тийм энергиэр өөрийгөө цэнэглээд бас программчилна гэсэн үг. Муу бүхнийг ухамсартайгаар сайнд урвуулах боломж хүн бүрд бий, ерөөс хүн гэдэг ийм л байх ёстой биз дээ.

Сурв: Телевизээр мэдээлэхээс аргагүй сэрэмж мэдээ их цацаж байна. Түүнийг үл тоох гэсэн үг үү, аль эсвэл?

Г.Лхагваа: Мэдээллиийн зуун энэ тэр гэдэг цол гуншин чинь өөрөө мэдээллийн хүчирхийлэл гэдгийг хүн төрөлтөн ч, хэвлэл мэдээллийхэн маань ч ойлгоогүй нь даан ч харамсалтай. Хүнийг алах бусад бүх аргыг мэддэг хирнээ сөргүү мэдээллээр алах аргыг шинжлэх ухаан олж тогтоогоогүй хирнээ үүнийг энэ зорилгоор ашигласаар байгаа юм л даа. ОХУ-ын уураг тархи судлалын хүрээлэнгийн захирал проф. Медведев бичихдээ: “18-р зууны үеийн бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл хэмжээгээрээ 20-р зууны бизнесмены авч байсан мэдээлэлтэй тэнцүү юм байна. Гагцхүү мэдээлэл өөрөө маш их өөр болжээ” гэж дүгнэжээ. Маш зөв дүгнэлт. Харамсалтай нь мэдээлэл сөргүү болохоороо ямар үр нөлөөтэйг  шинжлэх ухаан ойлгоогүй байна. Энэ нь физик болон оюун санааны биеийг хоёуланг нь хордуулдаг, бузарладаг, бүр алдаг гэсэн үг.

Сурв: Хортой хоол гэсэн үг байх нь ээ?

Г.Лхагваа: Бид зөвхөн ам уруу хийж байгаа юмаа хоол гэж ойлгодог. Оюун санаанд хүчээр болон шууд бусаар хийж буй мэдээлэл бүхэн хоол мөн. Эергүү мэдээллээр өөрийгөө программчлаад зөвхөн агаараар, усаар хооллодог, эс бөгөөс огт юм идэж уудаггүй өч төчнөөн хүн байна. Тэд амьд эрүүл саруул явж байна. Гэтэл зөвхөн шинжлэх ухааны нэр зээлдэж физик бие дээр суурилсан гэх мэдлэгтэй хүмүүс үүнийг огт харахгүй, ойлгохгүй. Тэнэг байх нь нэг хэрэг, харин хажуугийнхыгаа харахгүй сохрохыг нэмэхлээр гамшиг болноо доо. Бүх юм программ буюу мэдээлэл, хар үгээр  санаа бодлын асуудал мөн.

Сурв: Цөвийн цагт дандаа л сайн юм ярьж байна гэж юу байхав. Мууг сонсгож байж сайн болох учир бий шүү дээ?

Г.Лхагваа: Дийлэнх мэдээ сөргүү болсон гэдгийг эрдэмтэд нэгэнт нотлоод байна.

Сөргүү мэдээллийн үр уршгийн нэг ноцтой баримт гэвэл 2001 оны мэдээгээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын 1000 хүн тутамд ногдох өвчний ихсэлт шизофрени 4 дахин, өтлөлтийн солиорол 7 дахин, оюуны хомсдол 13 дахин, архинд донтол 25 дахин,невроз 29 дахин өссөн баримт бий. Энэ нь хүний тухай ойлголт буруу, мэдээллийн учрыг олоогүйгээс болсон, тухайлбал хэвлэл мэдээлийнхэн оюун санааны хоолыг хүмүүст буруу өгсний эцсийн үр дүн гэж хэлж болно. Энэ бол мунхагийн харанхуй гээч гэмээс үүдэлтэй аюултай нүгэл хилэнц юм. Ер нь буян, нүгэл буюу эергүү, сөргүү энергийн хуулийг ойлгочихвол хүн, гэр бүл, эх дэлхий маань диваажин болох юм шүү дээ. Ганц жишээ авъя. Хүнс үйлдвэрлэгч бүрийг хянаад, улсыг дүүртэл лаборатор байгуулаад ч бүтээгдхүүний чанарыг баталгаажуулж дийлэхгүй. Харин үйлдэгч нь буян, нүглийг ойлгочихвол чанарын асуудал нь гадны ямар ч хяналтгүйгээр аяндаа шийдэгдэх юм.

Сурв: Мэдээллийн эрин гэж их ярьж байгаа өдгөөх нөхцөлд мэдээллийн бодлогыг эрс өөрчлөхөөр дэлхийн эрдэмтдийн хийж буй судалгаа шинжилгээ байна уу?

Г.Лхагваа: Байхгүй. Хүн гэдэг ойлголтонд дэлхийн эрдэмтэд гүнзгийрч хүрч амжаагүй байна. Мэдээллээ ойлгоогүй явна. Араг ясны физик махбодийг хүн гээд ойлгочихсон, хэвлэлийнхэн өөрсдийгөө дөрөв дэх засаглал гэж дөвийлгөчихсөн л тууж явна. Үнэндээ бол засаглал гэдэг чинь хүчирхийллийн механизм шүү дээ. Өөрсдийгөө хүчирхийлэгчид гэж ойлгож байгаа бол хөөрхийлөлтэй нүгэл хийж байнаа даа тэр улс. Үнэндээ оюун санааны хоол өгөхөд ямар ч хүчирхийлэл хэрэггүй. Дайсан гэж байгаа бол нөхөр гэсэн ойлголт бий болно. Тэгвэл буддын гүн ухааны үүднээс нөхөр дайсан, сайн муу, сайхан муухай гэсэн ямар ч ойлголт байхгүй. Ертөнц дээр оршин буй бүхэн мөн чанараараа хоосон юм. Гагцхүү таны бодлоос бүх юм үүдэлтэй гэж номлосон нь бий. Ийн бодвоос буддизмын шинжлэх ухаан ямар аугаа гэдэг нь эрхгүй танигдаж байгаа биз?! Чухам үүнээс үүдэн хоосон чанарын онол буюу 4-өөс наанадаж 170 хэмжээст орох онолыг айлдсан шинжлэх ухаан бол буддизм юм. Гэтэл орчин цагийн шинжлэх ухаан өөрөөс нь хавьгүй хол давсан буддизмыг шинжлэх ухаан гэж хэлж чадахгүй л сууж байна.

            Хүн өөрийн ухамсар буюу энергин биеэ хөгжүүлж Будда, Исус, бурхадын зиндаанд хүрдэг гэдгийг ойлгохгүй байна гэсэн үг. Тэд бол өөрсдийн 70 хувийн энергийн биеэ хөгжүүлж тэр зиндаанд хүрсэн жирийн хүмүүс юм. Одоо цагт жирийн хүнээс аугаа их бурханы зиндаанд хүрсэн их бие хүн бидний дунд амьдарч байна.

Хүний хөгжил гэдэг бол ухамсар, оюун санааны төгс төгөлдөршил, жинхэнэ Би–гийн, энергийн биеийн хөгжил гэдгийг дээрх жишээ харуулж байгаа юм. Оюуны биеэ хөгжүүлснээр жинхэнэ ХҮН болохоос бус физик биед харъяалалтай тархийг хөгжүүлээд мундаг хүн болно гэвэл тун өрөөсгөл ойлголт болно. Одоо хүн төрөлхтөн нэгэнт физик биеийн онолоор явж буй учир шууд буруутгах аргагүй. Байгалийн шинжлэх ухааны хууль биднийг захирдаг учрыг мэдсэн нөхцөлд буруу явбал бүр ч их нүгэл болно. Уншигчдын хувьд хэлэхэд энэ бүх сөрөг мэдээллээс холхон яваарай. Таныг сайн сайхнаар цэнэглэж авч явах программ мэдээлэл үнэндээ энэ цагт ховор байна.

Сурв: Сонсохгүй, мэдэхгүй аваас хоцрогдчих юм биш үү?

Г.Лхагваа: Яалаа гэж? Та тэр бүх сөрөг мэдээлэл бүхүй хоолоор  өөрийгөө хорлосондоо л хоцрогдсон болохгүй юм бол өөр юугаар яаж хоцрох юм бэ. Хэрэв хүн бүр ингэж чадах юм бол хүссэн хүсээгүй зарим мэдээллийн хэрэгслүүд оршин тогтнохын тул эергүү мэдээллийн хойноос хөөцөлдөхөөс өөр аргагүй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Сурв: Цаг үе маань цөвүүн юм даа?

Г.Лхагваа: Хамгийн амархан юм бол та бүх мэдээллээс сонгож хүлээн авч сурах явдал юм. Сонгодог зохиол бүтээл, сэтгэл амраах сайхан дуу хөгжим, кино урлаг бүгд байна шүү дээ.

Сурв: Та оюун санаа буюу хүний хөгжлийн талаар, оюун санааны хоолны талаар бидний мэддэггүй олон зүйлийг хэлж ярилаа.

Г.Лхагваа: Төөрөлдчихөөд яваа болохоос угаасаа оюун санаагаа хөгжүүлэхгүй гэсэн хүн бий гэж бодохгүй байна. Энэ бүхэнд нэг эергүү хоол л дутаад байгаа хэрэг. Танай сонины эергүү мэдээллийг хүлээж аваад явах чиг замаа сонгоод эргэлтгүй явж байгааг алийг тэр гэхэв.  

   Ялангуяа шинжлэх ухааны мэдлэг гээчээр оюун ухаан нь бага бохирдсон хүмүүс маш амархан сэрж, түргэн өөдөлж хөгждөг юм шиг ажиглагддаг. Бурхад, хутагт хувилгаад, сахиусан тэнгэрүүд гэдэг ойлголт нь энерги биеийнхээ хэлбэлзлийг өндөр төвшинд хаа хүртэл хөгжүүлж чадсан гэдгээр нь тодруулсан нэршил гэж хэлж болно. Үүнд ямар ч шашин алга. Хөгжлийн хэмжүүр үзүүлэлтүүд гээд ойлгочих. Хүмүүс бид ертөнцийн иргэд боловч бидний 70 хувийн оюуны бие маань энергийн хуулиар мөнх амьдрах настай. ”Энерги устаж үгүй болохгүй” гэдгийг нэгэнт хуулинд заасан байтал бид физик биедээ захирагдаж “нэг амьдрах настай” гэж зүтгээд байх. Физик бие үхэж буй учраас бид үхэж байна гэж хардаг. Үнэндээ шинжлэх ухаан ингэж зааж сургасан учраас харж байгаагаа л үнэмшихээс бус цаашихыг нь мэддэггүй. Тэгвэл энергийн хуулиар бол хүн та мөнх юм. Хүн өөрийн физик биеэ ашиглаад оюуны биеэ хөгжүүлж чадваас төгс төгөлдөр болж чадна.  Гэтэл нэг амьдрах нас гэж номлочихсон учраас хүмүүс толгойгоороо хөл хийсэн бусармаг нийгмийн төөрөлдсөн хүмүүс болсон хэрэг. Засаглал, нам, эвсэл холбоод, парламент бүгдээрээ физик биесийн тоглоомууд юм. Хэрэв оюун санаагаа хөгжүүлвээс энэ мэт тоглоом шиг гунигтай бохир юм үнэндээ үгүй. Физик биеийн бүх юмс материаллаг руу чиглэсэн байна. Харин өөрийн оюун санааныхаа гүн уруу харвал онхи өөр ухаарлыг олж авах болно. Үүний тулд хөгжлийн, энергийн хуулиуд бэлхнээ байж байна. Үүнийг дагасан хүн бүхэнд сайны хувь ногдох учиртай.

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(9 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.