Мунхагийг эргэцүүлэхүй


Мунхагийг эргэцүүлэхүй

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Зовлонгийн шалтгаан нь бидний мунхаг сэтгэлээс үүдэлтэй” гэж нэгэнтээ айлджээ.

Тэрээр мөн “ Энгийн хүн буян, нүглийг мэдэхгүй бол мунхаг. Бясалгагч хоосон чанарыг ойлгоогүй бол мунхаг. Гэгээрсэн мөртөө хоосон чанар /язгуур чанар буюу зөнгөөрөө оршихуй/-ыг оноогүй бол мунхаглал”, “Бурханыг таних нь дээд буян, мунхаглал бол хамгийн том нүгэл” гэжээ.

Бурхан Багшийн сургааль: “Энэ хүлээст амьдралын дунд хураасан бол барагдаж, бүтээсэн бол эвдэрч, учирсан бол хагацаж, төрсөн бол үхэж төгсдөг энгийн үнэнийг ухаардаггүй мунхаг сэтгэл, мөн үйл үрийн хуулийг ухаараагүй мунхаглал хоёроос бүх зовлон үүдэлтэй” (Бурхан Багшийн сургаал, Н.Энхбаярын орчуулга, 1996).

Мэдэхгүйгээ мэдээд авъя гэж мэрийлгүй зугтаж явдгаас хүний орчлон алдаагаар дүүрэн. Дорно дахинд үүнийг “мунхаг” гэх.

Зугаа цэнгэлд баясах, түүн үгүйд уйдах, нэр цолд дурлах, түүн үгүйд гутрах, магтаал сайшаалд хөөрөх, муушаал зэмлэлд гундах, олз ашигт эрэмших, түүн үгүйд бухимдах гээч ертөнцийн найман номын эхний дөрвийн араас унаж сунатлаа хөөцөлдөж, эцэст нь сүүлийн дөрвийг нь хормойлж хоцрохыг амьдрах гэж эндүүрэгч хүмүүн бодьгалын хөл, толгойн байр солигдохыг мунхаг гэх.

Ань гэж зүүгдэж, хайран гэж харам явсан бүхэн алдуурч одохуй  харуусал, гутрал, халаглал ч цөм салхинд  хийсэхийг гэгээрэл гэх. Үлдэж  хоцрох нь амар амгалан, зүгээр л орших. Мөрөөдөж хүсэх юмгүй, улайрч хөөцөлдөх шалтаггүй, улангасч довтлох ч эзэн юмгүй, дүрэлзэж дүвчигнэх балаггүй, дөл авалцсан сэтгэлээсээ салахыг  ертөнцийн хүн бид харин гуниг гэх. Харин ч энэхүү “агуу гуниг”-тай нөхцөхийг азтайд тооцох болтлоо мунхаг сэтгэлийг үнсэн товрог болгож, сэтгэлийн өвчнийг илааршуулж сэхээрүүлэх нь их тэсрэлтээс дэлхий үүсэхээс ч хэцүү болохоор өөрийгээ таньж эгээрэх нь элс шороог салгах лугаа адил болой. Ийм болохоор ертөнцийн уг мөн чанар нь зовлон, хүмүүний зовлонд эцэс төгсгөл үгүй ажээ.

Анзааржий байхнээ бурханлигт тэмүүлэгсдийн орь хүслэн, тодруулвал “хүн байхаас хүн болох” нь энэ төрөлтний магадгүй 99,999 хувьд хамаарах биз ээ. Нөгөө талаас нь төнхөж үзвэл мөнөөхөн хэмжээний төрөлтөн бээр хүн нэрийдэж явсаар хүн болж чадалгүй дуусаж байгаа бөлгөө. Энэ бол эрт эдүгээгийн бүх хүмүүний үүх түүх. 

Дуусаж дундрамгүй  ийм халаглал, эл гамшгийг ухаарсан нэгэн ус балгасан мэт дуугүй явж яахин зүрхлэх билээ.

Тиймдээ ч Бурхан Багш бээр: “Ертөнц надтай зохицохгүй, би ертөнцтэй зохирно” гэж айлдсан нь харсаар байгаад дуугүй яваад бай гэсэн үг хараахан биш болтой.

Амьдрал гээч жүжгийн дүрийг хоосон гэж ухаарах хүртлээ бид жүжигчин, бас үл мэдэгч байсаар байна гэвэл хүмүүний хичнээн төрлийг золигт гаргаад ч ухаарлыг олох нь үгүй. Ийм болоод л эхэлж ухаарсан нэг нь тэсгэлгүй дуугарч, толгой ганзгалсан бүхнийг онохгүйгээ мэдсээр атлаа хэлж сануулсаар л байх бөлгөө.

Мунхаг нь сэтгэлийн гэм учир ном тавиулж, сан  уугиулж, рашаалж угаал үйлдсэнээр болчих юм биш, чухамхүү тиймдээ л хамаг амьтны зовлонгийн шалтгаан болж буй хэрэг. Бид өөрсдөө хамаг амьтныг гэсэн бурханлиг түгээмэл хайр болж байж, бас өөрөө ном болж байж мунхагаас, сэтгэлээс гэтлэх нь магад.

Мунхагийг хоосон чанарын агаарт  ухаарлын илдээр тасар цавчихыг Догшин ноён хутагт Д.Равжаа ухааруулсан билээ.

Ухаарлын илд нь бидний гүйлгэж хараад ойлгочихдог “номч мэргэн арга”-аар олж хүртдэг зүйл бус тул түүнийг хүн бүрд атгуулахсан гэж Оройн Дээд Их Бурханаас эхлээд хүрд эргүүлэгч цаг цагийн гэгээрсэн мэргэд сэтгэлээ ихэд чилээжээ.

Ухаарлын илдийг онон барьж, бурханлиг сургааль номын үг, үсэг бүрээр ирлэн билүүдэж гэмээ нь сая “хүн” хэмээх өмчийн эзэн нь болохвий. Үүнд магадгүй нэг нас ч хүрэлцэхгүй байж мэднэ. Гэвч энэнгүйгээр үеийн үед сансрын харъяат байх нь бат нот тул хүмүүн-боолын гинжийг тасар татаасай билээ гэсэн  их хүслээ бусадтай хуваалцаж сууна.

ТӨӨРӨГ ЗАЯАНЫ ДУУЛЬ

Бүх юмс хоосон

Сайн заяаны ачаар

Бүрэн эрхийн хугацаа

Цагаа болоход дуусна

Бүүдэн сүүтэн амьдралын

Тооцоо данс дугуйлан

Бүтээх даавууны үнэ хүрч

Чармаа нүцгэн одно

Очих газар тодхон

Буян нүгэл будлихгүй

Олз хөөж явсан бол

Буян даанч зайдуу

Ойворгон нас гэнэдүү

Олох тавилан гундуу

Хуурмаг амьдралд татсан

Өнгийн солонго эндүү

Худал бүхнээс зуурсан

Хүний мөр андуу

Тамтаггүй хүсэл барьцгүй

Мөнгөнд дуршуу

Тарчигхан сэтгэл итгэлгүй

Өнгөнд шунуу

Тарьсан бүхнээ хураадаг

Үйлийн үр хуудуугүй

Там, бирд, адгуус

Хойд нас мадаггүй

Сэтгэл гэдэг увайгүй

Чөтгөрийн үйлд саймшрамхай

Сиймхий л гарвал эзнээ ч

Дөрлөөд хөтлөх эрэмшүү

Мэдлэг дадалд боомлигдсон

Сүнс нэн тарчлуу

Миниймсрэн өмчлөгч, чөтгөрийн зууч

Би үзэл тэрслүү

Хүсэл шунал, уур, мунхаг

Хүүдгэр зан эрдүү

Ариншингүй нэгэн амьддаа

Араатан шиг болчих нь ч элбэгжүү

Арын хаалгагүй үйлийн эрхээр

Амьдрал аанай гансруу

Өөртөө тавьсан энэ бүх урхины

Өгөөш нь хүн өөрөө

Үйлэндээ ороолдож

Өр төлөөсөнд унаж

Үхэх төрөх өвдөхийн

Үүрдийн зовлон отоостой

Амьдрал хэмээх

Арга эвийн тоглоом

Зах зээл гээч

Заяа хумслах шоглоом

Муур хулганы наадааныг

Билгийн илдээр таслаагүй хойно

Мунхагийн харанхуй нүүрлэсэн

Хүний төөрөг сүүмэндүү

Хайр дутдаг хорвоод хүн

Хатсан навч шиг гандуу

Хаа сайгүй налмайж

Хагдарсан өвс шиг сульдуу

Зангандаа өөрөө унаж

Замаа алдах хайран

Завсаргүй сансрын хүрдэнд

Залхатлаа тарчлавч авралгүй

Үдийн нарыг наранд бүү тооц

Үнэн үг хуудуугүй

Үүлшээд ирэхийг байг гэхгүй

Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц

Өвгөдийн захиас баараггүй

Өнчирч гансрахыг таашгүй

Бурханы хайрыг олоогүй л бол

Буцах зам төөрүү

Бууж мордох хорвоод

Будлих төөрөг дэндүү

Бүрлээчдийг үдэж хотлоороо

Бүлцэн бүлцэн зовхи, ухаарсан нь хэд

Бөгтийтлээ зүтгэсийм гээд диваажингийн бараа хол

Бүгд л ардаа сайхан хичээл үлдээлээ...

Бүх юмс хоосон

Сайн заяаны ачаар

Бүрэн эрхийн хугацаа

Цагаа болоход дуусна

 

2015 он



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.