Ганболдын Баяраа найрагч


ДӨРВӨН НҮДТЭЙ ДЭЛХИЙ

 

Архангайн Тариат (Хорго)-ын Ганболдын Баяраа найрагчийн 29 насны гал цог, хийморь сүлд цогцолсон хоёр дахь ном. Өөрийн оролдлогоор бичиг үсэг гадарлах болсон залуугийн уран бүтээлийн ховорхон олзоос хүртэж сууна. Сүнсний дуудлага бол мэдлэгээс хол түрүүлдгийг түүний яруухан шүлгүүд илтгэнэ. Амьсгаа бүхэнд хүлхүүлж, судас бүхэнд лугшдаг яруу сайхан найраг аа гэж…

 

Сэтгэлийн их орон зайд солонго татаж давалгаалсан

Сарны бүтэн тамгатай Тэрхийн Цагаан нуур минь

Галвын цэнхэр уулсын цэцгэн гоёлт хормойг ноолсон

Галын тарнитай газрын нүдэн нуур минь

Дэндүү чиг сайхан үлгэрийг аминчилж надад л хуучилсан

Дээдийн ариун сүнстэй дэлхийн гангараа минь

Согоон жимээр бороо цайрах хавраар

Солонгонд завилсан лусын алтан буулт ч билүү та минь…

 

Баяраа найрагчийн ингэж шүлэглэсэн Тэрхийн Цагаан нуурандаа намаржмаар байсан ч завдалгүй аанай л нүүдлийн шувуу шиг бууж мордоод ирлээ. Сайхан нутгийн минь дөрвөн улирлыг чимсэн нэгэн найрагчийн онгодтой шүлгээр дайлуулсан шигээ би бээр уянгын цэнхэр хорвоод уусаж шингээд ирлээ.

 

Намрын хөнгөн уйтгарт газрын нүд хүлэгдэхэд

Нарыг ижийтэй минь аргамжиж өнжөөдөг

Завилсан тэнгэр шиг өвгөд минь дээлээ орхиод буцахад

Зангирсан цагаан манангаа даалгүй сөхөрч өмөлздөг

Хуучин судар шиг Мандал Толгой та

Хүн сүнстэй дэлхий мөн өө

Насны уяан дээрээс сүүдэр үргээж үүрссэн

Найргийн омголон морьд мөн өө

 

Архан талд нь өвөлжиж, өвөрт нь зусаж ноолсон багахан толгойг би сая л ухаарч гярхай найрагчаас ичингүйрсэн шиг нэг сайн ажиж авлаа. Хаа сайгүй л байдаг нэг жижигхэн товцогоос дэлхийн дайтай ийм шүлэг түүх гэдэг үнэнхүү сайн найрагчийн хийдэг ажил мөнөөс мөн дөө. Тэрхийн цагаан нуур, ер  бүх шүлэг нь нуурнаасаа, уулнаасаа, сэтгэл дотроосоо цанхаалж, дэлбэрч тэсрэн гарч байгаа нь юмсын дотоод мөн чанарт ууссаных аа.

 

Босоо төрсөн унага шиг

Бодлоос минь үүрсдэг

Он цагийн омруу сууж бууралтсан

Нүүдлийн цэнхэр орчлонд дуудаж залбирах

Нарны сүүтэй уул юм шүү...

 

Уул усаа ингэжий нэг хэвлүүхэн дуулсан найрагч хүүгийн үгийн аясаар сэтгэл эргэцэж, дэргэд нь байсаар атал нутгаа харин ч бүр саначихлаа гээч. Эцэг эхийг нь хар багын сайн мэдэх нөхөд юмсан. Тэдэнд минь хүмүүний бүү хэл газар усны сэтгэл эвэлгэх үр заяажээ.

 

Аавыгаа санасан сэтгэлийн уулнаас

Алдуул хэдэн адуу өвс хазалж сонсогдоно

Өнийн тэртээ суугаа ижийгээ нэг санахад

Өвсний үзүүрийн салхи хүнддэх шиг санагдана

Аавын минь суугаа зүгийн салхи

Сэврээж тавьсан тохомны үнэртэй

Аавын минь суугаа тэр зүгийн өглөө

Хазаарын сур хөлөрсөн шүүдэртэй…

Ижийгээ зүүдэлж хоносон шөнө

Ижий гөрөөс янзгалж хонодог юм гэнэлээ

Сүү, нар хоёрын энгэрээс

Сүүдэр өөрөө хальтирч унадаг юм гэнэлээ

Тоонын цамхаг шүргээд өнгөрөх тогоруун цуваа

Тэнгэрийн цагаан сүү дусаагаад явчхаж

Элэгдэхийн харам тавилангаас би

Эвий муу ижийгээ хаана нуултай билээ

Ботгон нүднийхээ болор цөцгийнд

Бурхадаар мануулж нуусан юмсан

Гараад орохын чөлөөнд ижийгээс минь

Газрын дайтай эмтэлж аваад явчхаж…

Будант орчлонгоос буцахын зарланг

Бурханы шувуу зууж иртэл

Хайрын бурам ижийдээ

Галын тарни шиг

Ганц шүлэг биччих л гэж

Нойроо би шөнийн эрвээхэйд ганзгалаад

Тэнгэрийн цаад руу үлээчихвээ…

 

Яруу найргийн хүрдэнд түмэнтээ эргэсэн хорвоогийн эцэг эх бүх л яруу сайхнаар хахаж, ачийг нь хариулчих чин зүрхний үг үлдээгүй мэт санасансан, үгүй юмсанж. Эхийн тухай ийм гүнзгий, гүн бясалгал, яруу сайхан, үлэмжийн хайр хосолсон шүлгийг өөр хэн бичлээ гэсэншүү юм бодонгоо нэн ч хөхөн баяслаа.

 

Насны аагинд согтуу омголон морьтой залуус

Нарны сормуусан дээгүүр дуулж давхилдсан наадам

Өдөр нэвт гэрэлтэх монгол охидын үзэсгэлэнд

Өндөр тэнгэрийн нүд унаж дурлам наадам...

 

Г.Баяраагийн шүлэглэсэн ийм содон сонин монгол наадмаар Архангай зунжин намаржин бялуурч, Суврага Хайрханы төрийн тахилга, Буур хэмээх Жамъян аврагын 110 жилийн ойн баяр цэнгэл гээд наймдугаар сарыг хөлчүүртэл наадаж байх юмсанж.

 

Ганцаардлын ямбууг цуулж

Гал асаахсан

Сээмэн улаан нарыг

Сэтгэлийнхээ тоононоос зүүхсэн

Өчигдрийн бороонд норсон цамцыг чинь

Өвөртөө хатаахсан

Наалинхай чиний ертөнцөд эрх дураараа

Намрын унага мэт босоогоороо унтахсан…

Үүдээ битгий түгжээрэй

Ургаж гүйцсэн удвал цэцэг бүсгүй минь

Бурхадын сормуус тэврэлдээд эхлэхээр би

Бодь гөрөөс мэт тэнгэрийн өвс зуугаад очно шүү

Онгон одод цамцаа тайлж нүцгэрэхэд

Оргуул салхи мэт цэцгийн гэрэл хулгайлаад очно шүү

Өрхөө завсартай бүтээчхээрэй

Үзэмний халуун дарс минь

Шар согоодын үнэрт залуу марал цанхаалаад ирэхэд

Загасны бүжиг саран дээр эргэнэ шүү…

Намайгаа санавал тэртээх уулсыг саравчлаарай

Наран тогоруудын одох зүгт би суудаг юм шүү

Намрын өвсөөр захиа тэрлэж явуулаарай

Уруул уруулын чимээнд сар үнэгчилсэн

Үлгэрийн зүүд тэр л хавруудыг зуун жилээр тамгалаарай…

Чамтай уулзсан тэр үдшийн бороо

Норсон гэзэгнээс чинь тэнгэр ханхалж

Сүүдэр хэрчсэн инээдийн чинь айлгүйд

Сэтгэлийн товч шилбэнээсээ мултарч

Гал хөвсөн зүггүй алаг нүдэнд чинь ухаан баларч

Яг тэр зогсож байгаа газраа нам үхмээр байсан…

Хачин чимээгүй үхэл шиг шөнөөр

Зүрхээ лаа болгон асаагаад

Хаа сайгүй чамайгаа хайгаад олсонгүй

Харин тэгтэл чи минь

Харцан дотор минь дарс залгилж суусан байж…

Тэнд л гэрэлтэх Долоон Бурханы нэгийг чамдаа өмчилье

Тэнгэрлиг хайрын онгон сахиусаа

Бүжин хонгор зүрхэнд чинь зүүж өгье

Цас ханзарч цэцэглэх аз жаргалын хавраа

Зүрхний чинь цэнхэрхэн гэгээвчээр нуугдаж харъя

Гуних дургүй эмнэг цагаан сэтгэлээ задгайлж

Ганц л чинийхээ харцан дор борооший

Хязгааргүй хүслийн омголон цагаан унагаа

Халуухан сэтгэлийн чинь наранд аргамжъя…

 Галзуу хайрын солиотой онгод. Тэнгэрийн агсал дэлдэж мордон зайдан уначхаад хийсгэж яваа найрагч бол бурханлиг сүнс юм. Найрагч нь “үхээд” шүлэг нь үлдэхийг гүн бясалгал гэдэг. Үүнийг бас сэтгэлээс ангижрахуй гэх. Сайн шүлгийг сүнсний ийм тансаг мэдрэмжээр бичдэг. Сэтгэлийн хүлээс алдарч ертөнц алга болон хязгааргүй эрх чөлөөнд умбах ийм нэгэн гайхалтай бясалгал найрагчийн урланд өрнөдөг бөлгөө. Мөч бүхэнд үхэж, мөч бүрд гэгээрч байх бурханлиг заяа найрагчид бий.

 Баяраа найрагчийг Моцарт, Бетховен, Пушкин шиг хосгүй нэгэн гэлтэй. Дээд өндөр төвшнөөс буусан тэнгэр язгуурт нэг нь ийм ховорхон авъяасыг тээж ирдгийм. Гайхалтай яруу найрагчдын буугаад мордсон дуулим замбуулинд найргийн тамгаа бардамхан дарчхаад буцлаа даа.

Чамд ах нь дээд диваажинд ордон зааж өгнөө. Тэнд цагийн дөрвөн улиралд яруу найраг цанхаалж, хайрын түрлэг дөрвөн зүг найман зовхисоос цаглашгүй гэрлээр бүүвэйлж, Бурханы айзам аялгуу хотол даяар уянгалан дуурьсаж байдгийм.

 Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Гүррагчаагийн Лхагваа

 2016 оны 10 дугаар сарын 10

 Г.Баяраа найрагчийн хөрөг шүлгээс толилуулав.

 

Чойномтой хөөрөлдсөн шүлэг

Сондгой тэнгэрийн ирмэг дээр

Согтуу болтой нэгэн шүлэгч

Бийр тулж зогсоно

Өвсөн дундаас юм эрэх мэт

Үгийн зөвийг сарны нүднээс түүнэ

Хаа нэгтэй төмөр гинж хархийх мэт болж

Хачин жигтэй цочиж зогтусна

Дахиад л гэж бодохоос

Даардас хүрэх юмаа хүү минь

Үнэнээс уг нь би айж яваагүй л дээ

Үхлээс бүр ч айсангүй

Тэгэхдээ үнэнийг хэлэхэд

Төмрөөс л айгаад байх юм

Үнэний өрхөн завсарт нуугдсан

Үнэгэн чөтгөр хүмүүс л айлгаад байх юм

Газраас ганц сөөм дээс олоод өвөртөлчөөгүй байж

Гарын ганц хуруу улсын санд дүрэх зүрхгүй явж

Алтан төрийн минь хүзүүнд сандайлагсдын өмнө

Арчаагаа алдан тойг нугалж толгой гудайхаас л айх юм

Сүнс хүртэл дагжин чичрээд

Санаа амар хоёр сормуус тэврэлдүүлж болохгүй юмаа

Шүлэг бичих ялыг шүүдэг хууль хатуу

Сүүтэн дэнгийн гэрлээс ч айдаг болсон хүн дээ би

Төмөр, худал хоёр янагласан тэр жилүүд

Тэнгисийн давалгаанд алгадуулсан модон завь мэт хувь төөрөг

Шоронгийн өлөн тоосыг элгээрээ долоож

Сөөвөн ижийгээс өөр таньдаг хүнгүй болоход

Тал сарны гэгээ хумигдсаар далдарч

Тавилангийн ганзага тасарч унахад

Бийр архи хоёр л хань болж

Бэтгэрсэн зовлон, ганцаардлаас дундалж өгсийм

Хуйларч эргэх наад хөх нүдэн хорвоо чинь нуулгүй хэлэхэд

Өнгөний хорвоо шүү, мөнгөний хорвоо шүү

Зусрын хорвоо шүү, садрын хорвоо шүү

Худлын хорвоо шүү, хутган үймүүлэгчдийн хорвоо шүү

Зуудаг ч бай нохойноос бүү ай хүү минь

Зусарч бялдууч л сүнсийг чинь бузарлана

Өлслөө өлслөө гээд

Чоно чоноо барьж иддэггүй юм

Хилэгнэлээ хилэгнэлээ гээд

Бүргэд бүргэдээ тэнгэрээс түлхэж унагадаггүй юм

Ширэм буцлам халуун гал руу инээж түлхдэг

Шийдсэн нэгний зүрх төмөр болсон байдгийм

Нэр алдар мөнгөний төлөө тэд

Нүдээ ухаад чөтгөрт худалдаж чаддаг юм…

Хөөрхий Чойном од усанд ойчтол санаа алдаад

Хун шувуу мэт зүүдний тооноор нисчихвээ

Магад хэзээ нэг цагт Чойном тантай би

Мөнгөн хундага заавал тулганаа, тулгана

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.