ГАР ГАНЗГАНД ХӨЛ ДӨРӨӨНД


Ачит аав таныхаа 70 насны ойд зориулав.

 

ГАР ГАНЗГАНД ХӨЛ ДӨРӨӨНД

(дурдатгал)

Тэр үедээ ихээ шохоорхоцгоож байсан будмал хүрэн нийлэг цамцаа олны хөлд тавьж өгөөд ажилчдын өргөн зугаалгаас цээж нүцгэрэи буцаж ирсний дараа  төдөлгүй намайг цехийн дарга болголоо. Албаны хувьд хэн гээч нь болж байгаагаа ч сайн төсөөлөхгүй болохоор тушаал дэвшсэнд баярлах юм юу ч байсангүй. Чухам аль нь хэдийд хэрэг болохыг мэдэхгүй хуучирсан хэдэн хавтас “ажил” гэж нэрийдэн хүлээж авсны маргааш ажилчдын сарын цалингийн урьдчилгаа авч тараах хүний талаар үйлдвэрийн даргын өрөөнд ширүүхэн маргаан болов. Надад ажлаа өвлүүлсэн нөхрийн маань “хонины” ээлж таарсан бололтой. Энэ дугараа хүлээсэн сүрхий ажил үйлдвэрийн маань удирдах хүмүүсийн зүрхэнд орсон “ялтай” алба болох нь илт ажээ. Барагтайхан зүслэх болоод удаагүй арав гаруй нөхөд маань асуудлыг түс тас шийдэхдээ намайгаа таван зуут ч бөөнөөр нь тоолж барьж үзээгүй өчүүхэн амьтан гэж яахан санах билээ. Миний тухайд хатуухан энэ шийд намайг ихээхэн хирдхийлгэсэн боловч би зөвшөөрсний тэмдэг болгон үг дуугүй гарч явахдаа араас минь гудиггүй харцаар үдэн амиа хоохойлох хүмүүст дотроо гоморхож, дэмий л тоо тоолж мэдэхгүй биш дээ гэж цухас бодож зүрхэллээ. Комбинатын захиргааны зүг хөл тавьсан хойноо л хаана хэн гээчид очиж яваагаа сураглах хэрэгтэйг ойлгов. Оройн таван цаг өнгөрч намрын бүүдгэр орой харанхуйлах дөхжээ. Ажил тарсан ч ажилчид хэдэн зуугаараа цалингаа хүлээцгээж байлаа.

Мөнгөний касс комбинатын төв байрны гуравдугаар давхарт байрлах агаад ямар нэгэн ховор бараанд горьдоцгоох мэт олон хүн шилээ даран зогсжээ. Кассанд хүрч очуут зүрх хүчтэй дэлсэж байгаа нь аяндаа мэдрэгдэнэ. Долгорсүрэн гуайг урьд нь танихгүй болохоор бидний хооронд болсон товч бөгөөд албархуу байдал төдөлгүй дуусч “нэг зуун долоон мянган төгрөг, за тоолов уу” гэсэн няравын дууг кассны нүхэн цонхоор осолдохгүй л сонссон шиг билээ. Миний араас цагаан халаат бариулж хоёр дамжлагчийг туслуулахаар ирүүлсний учир ийм ажээ. Би мөнгийг тоолж мэдэхгүй кассчны амаар хүлээж авсан юм. Сандрахдаа гар чичирч хөлс дааварлаж байв. Долгорсүрэн гуайг гүндүүгүй нэгэн гэж бодож завдаагүй хир нь түүний өгсөн 1, 3, 5, 10-тын боодолтой дэвсгэртүүд халаат дүүрээд хальж асгарах гэж байхад зөвхөн хувьж авахаас өөрийг бодох аргагүй байсан билээ. Энэ явдлаас хойш ганц цагийн дараа долоон мянган төгрөг  хэрхэн  төлөхөө бодолхийлэн эцгийнхээ хэдэн малын тооцоог цээжиндээ баримжаалан мухардаж ширээний ард түгжүүлсэн мэт суусансан. Гэвч санаа сайт нөхөд илүү тоологдсон мөнгийт эргээж өгснөөр ердөө 700 төгрөгийн мухар өр үлдэхэд хүн яаж баярлаж чаддагийг тэгэхэд би үзсэн билээ. Би дамжлагын ажилчнаар яг нэг сар ажиллаж аминдаа л зүтгэж хичээсний хүчээр долоон зуун төгрөгийн хөлс бичигдэж, инженер болсоор анхны цалин авах гэж их л баяртай явсан юмсан. Гэвч өргүй бол баян гэж ёстой л үнэн үг ажээ. Надад сольж өмсөх хувцас, өөрийн гэсэн хөнжил гудасны аль ч байгаагүй хир нь өргүй үлдсэндээ хөхүүн байлаа. Эцэг, эхдээ гай тарьчхаагүйдээ урамшиж, харин ч тэднийгээ өргөж тэтгэнэ дээ гэж бодлоо. Хамт олонтой болж амжаагүй явсан болоод ч тэрүү намайг ойлгох гэж хэн ч зовсонгүй. Тэр үед бид хоёрхон жил болж буй шинэ үйлдвэрийг хөл дээр нь зогсоож төлөвлөгөө биелүүлэх гэж эцэс төгсгөлгүй зүтгэцгээн ажлаа бодож хүнээ мартаж байсан цагсан. Харамсалтай нь хориод жилийн хойно үйлдвэр маань төлөвлөгөөг тэр үеийнхээс хэд дахин илүү, бас арай төвөг багатай биелүүлдэг болсон ч ажлын арга барил тэр үеийнхээрээ уламжлан үлджээ...

Цехийн ажил тун муухан байв.Улсын төлөвлөгөө гэж байдаг, тэр нь заавал биелүүлэх хууль юм байна гэдэг нь аяндаа байдлаас ойлгогдоно. Тэгээд ямар үнээр ч хамаагүй төлөвлөгөө биелүүлэхийн тулд бид ч, ажилчид ч олон цагаар сунгуу ажиллаж, тэгээд бас л дөнгөхгүй байв. Хүнтэй ажиллах гэдгийг хэн нэг хүн хаа нэгтээ тэр комбинатын захиргаа хавьд л мэддэг юм шиг энэ тухай бодогдох ч үгүй, бас төлөвлөгөө шиг шахаж шаардах ч үгүй ажээ. Харин хэл чимээ өгөлгүй өглөө ажилдаа байхгүй хэн нэгнийг нөхөх нэг том ажил л “хүн” гэдгийг бидэнд эрхгүй сануулдаг байв. Өөрсдөө ч болов дамжлагын хүний дутууг нөхөж зогсоод шугам хөдөлснөөс хойш хүний тухай бодохоо болино. Тэгээд он солигдох тэр орой ажилчдаа цөмийг нь комбинатын сүлд модны наадамд явуулчхаад (энэ л миний тэнд ажилласан хугацаанд хүний төлөө тавьсан томхон анхаарал байсан болтой) Бадрал инженер бид хоёр тохирсноороо идэшний тосны шугамын зарим хэсгийг оройжин ажиллуулж төлөвлөгөөнөөс тасарч байгаа хэсгийг нөхөж хийгээд онтой уралдаж комбинатын захиргаанд мэдээллээ.     

Төлөвлөгөө биелүүлэхийг ийнхүү өөрсдийн “хар ухаанаар” бусдыг ажиглан байж сурсан билээ. Сургууль дөнгөж төгсөж ирсэн залууст ажлын нэр, авах цалин хоёрыг ягштал заасан тушаал гаргаснаар боловсон хүчинтэй ажиллах ажил үндсэндээ дуусдаг зуршил одоог хүртэл хэвээр үлдэж “дадал” гэж нэрлүүштэй болсон энэ муу зуршил дотроос мэргэжлийн залуус гагцхүү өөриин хүч оролдлогоор өндийж босохдоо харамсмаар их хугацаа алдах ажээ. Төлөвлөгөөний хойноос хамгийн муйхар дан ганц «зүтгэл» хэмээх арга хэрэглэн хөөцөлдөхдөө үйлдвэрлэлийг хэрхэн удирдах болон явцад нь яаж хяналт тавих тухай тэр үедээ одоогийнхтой нэгэн адил огт бодож төсөөлөхгүй байв. Арга барилын дутагдлаас бий болсон “алба залгуулах”-ын уршиг одоо ч биднийг сандаргасан хэвээр байгаа билээ. Алба залгуулаад албан тушаалын цалингаа бүрэн авч байснаа бодоход харамсах боловч энэ нь боловсон хүчнээс өөрөөс нь гэхээсээ юуны өмнө манай нийт ажлын арга барилаас хамаарах тул өнгөрснөө нэг удаа цагаатгах эрхтэй гэж бодно. Харин хэт орой, бүр 15 жилийн дараа арай нэг олдсон “ажлын дөр”-ийг бусаддаа ашиглуулахгүй хувийн өмч мэт хав дарвал алдас болох биз ээ.

Хэдийгээр ажлын тухай лавхан ойлголттой болж чадаагүй ч зүтгэлийн хувьд бол олон жил ажилласан нөхдөөсөө чамлалтгүй зүйл сурч авлаа. Хамт олныг удирдан зохион байгуулах талаар тодорхой юу ч хийж чадаагүй хир нь олны хүч оломгүй далай гээчээр цехийн төлөвлөгөө биеллээ. Эдийн засгийн хөшүүн хойрго механизм, ёстой л “там” гэж дотроос нь гарахын аргагүй үлгэрийнх шиг хатуу хар дөнгө мэт болжээ. Улсын төлөвлөгөө биелсэн гээд хамт олонд урамшил хөхүүл юу ч алга. Ер нь төлөвлөгөө тасалчихвал муухан үг дуулах, биелүүлчихвэл дотроо л баяртай явах юм биз дээ.

Комбинат тэгэхэд эдийн засгийн урамшууллын шинэ системд шилжиж ороогүй байсан юм. Комбинатын доторхи үйлдвэрүүд нь аж  ахуйн дотоод тооцоонд шилжээгүй болохоор бидний  инженерүүд удирдлага, ажилчдын хооронд дамжуулагч болж, үүрэг даалгавар санал хүсэлтээс эхлээд амьдралаар тавигдсан бүх асуудалд ёстой л сохроор хандаж байлаа. Өөрөөр хэлбэл үйлдвэр цехийн захиргаа нь ажилчдын хамт олон, комбинатын удирдлагын хооронд тавиад удсан эвдэрхий “модон гүүр” мэт агаад нуруугаар нь ачаа дамжиж байгаагийх нь хувьд тэдэнд шан хөлс төлөх ажээ. Би ийм нэгэн “модон гүүрний” нэг нэлээд бахим “банз” мэт байх буюу уначихвал нь учиргүй үгүйлэгдэх юм ер үгүй билээ. Үүнээс хойш үндсэндээ манай орны нийт үйлдвэр, аж ахуйн газрууд эдийн засгийн урамшууллын шинэ системд шилжиж, цэвэр бүтээгдэхүүнээр тооцох аж ахуйн боловсронгуй аргыг туршиж, хамт олноороо хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадад хамаарах болж, ажиллах хүчний хүрэлцээ хангамж сайжирч, ажил зохион байгуулах нөхцөл сайн сайхан талдаа өөрчлөгджээ. Гэвч үйлдвэр аж ахуйн газрын эдийн засгийн албад бэлэн байгаа зүйл, нэгэнт бий болсон байдлыи тухай мэдээ гаргаж, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн араас дагасан “бүртгэгч” хэвээр үлдэж эдийн засгаар “удирдах”ажил хойш тавигджээ. Үйлдвэрлэлийг бүхэлд нь удирдахын тулд түүний шат, дамжлага, технологийн үйлдэл бүрийг хэрхэн удирдах аргыг олох ёстой, энэ нь үнэндээ эн тэргүүиий зүйл гэдгийг эдийн засагч ч, технологич ч нэг л ойлгож өгөхгүй байсан ба одоо ч мөн тийм л байгаа юм. Ойрын ганц жишээ гэхэд бүх төрлийн бүтээгдэхүүний  хэвийн хорогдол үнэхээр “хэвийн” байгаад хяналт тавих хамгийн ердийн арга ч одоо хир нь хаа нэгтээ нэвтэрснийг би мэдэхгүй бөгөөд зөвхөн дээд байгууллагаас хэзээ нэг цагт тогтоосон тооны хувиар үржүүлж, хасаж суухдаа энэ чинь үнэхээр ийм юм гэж үү, ихэсчхээгүй байгаа, бууруулах боломж бий болов уу гэж өөрөөсөө асуухгүй ажээ. Технологийн дамжлагын хаягдалд анхан шатны бүртгэл нэвтрүүлэх нь эрдэм шинжилгээний дорвитой ажил мэт хүлээгдэнэ. Технологийн үйлдлийг дураараа хялбарчлах, орхигдуулах, хугацааг нь саах замаар нэлээд нь бий болж байгаа хөдөлмөрийн “хийсвэр” бүтээмжид урамшин, түүнийг дагаж өсөх төлөвлөгөөг тоон үзүүлэлтээр биелүүлэхийн тулд ахиад л технологийг бусниулан тонгочуулж дураар аашлах явдал газар авчээ. Хожим  нь  би  намын  төв байгууллагад салбар хариуцан  4  жил шахам ажиллахдаа үйлдвэрлэлийг аюул уруу хөтөлж байгаа энэ нэгэнт хэвшсэн буруу зуршилтай хэрхэн тэмцэх талаар хирдээ багагүй бодож байлаа.

Удирдах, урсах хоёрт даанч төстэй юм үгүй хир нь алба залгуулж, ажил амжуулахыгаа “удирдаж” байгаа гэдэг ойлголтоор сольж, тэгэж хатуу ухаараад, хавийн юм бүгд рүү үсчин, энд тэндэхийн ажлыг хамж хийн өөрийгөө бөөн ачаагаар дарж, түүнээ үнэнч зүтгэж байгаад тооцон бахархаж явдаг сэхээтэн, үйлдвэрлэлийг удирдах хэвшмэл зөв арга барил дутсанаас өөрсдийн дураар буруу зөв хийж сурсан тэр хүмүүсийн үйл ажиллагааг оройтсон ч гэсэн засах л хэрэгтэй, гэхдээ энэ бүх шатанд ухамсартай үйл ажиллагаа явуулахгүйгээр үгээр ярьж тайлбарлаад бүтэх зүйл хараахан биш болжээ. Үйлдвэрүүдийн ажиллагаанд бий болсон бодит байдалд хир чадлаараа хийсэн дүгнэлт дээрхийн хөдөлшгүй баримт болсон билээ. Нэгэн үйлдвэрийн технологийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай 23 багаж, хэмжих хэрэгслээс дөнгөж 3 нь үйлчилгээнд бэлэн, үүнээс ердөө ганцыг зориулалтаар нь ашиглах ажээ. Ийм болохоор тухайн үед технологийн дамжлагын  19 нь зөрчилтэй явагдах жишээтэй л байсан юм.

Өөр нэгэн үйлдвэрлэлд технологийн нийт 35 шаардлагатай тавигдахаас тал хувь нь хэрэгждэггүй ба энд чанарын тухай мэдээж ярихын ч хэрэг алга. Тэнд технологийн онц чухал 4 дамжлага ажиллагаа номоороо явагдаж байгаа эсэхийг үйлдвэрийн удирдах ажилтнуудын хэн нь ч хянаж мэддэггүй дэмий л ажилчдаасаа асууж   сураглах ажээ.

Зэргэлдээ үйлдвэрт нь технологийн ажиллагааны 29 цэгт лабораторийн удирдлага, хяналтыг ямар нэг байдлаар тогтоох шаардлагатай байтал дөнгөж 5 нь ор нэр төдий байдаг, тэр нь болохоор үйлд-вэрлэлээсээ хоцорсон, тэгээд тэд лабораторийн хяналтгүйгээр үйлдвэрлэл явуулаад өдөр өнгөрөөх ажээ.

Үйлдвэрлэл дэх техникийн удирдлага “асвар” гэсэн нэр томьёондоо бүрэн захирагдаж, өөрөөр хэлбэл эвдлэхийг ердийн хэрэг, харин эвлүүлэхийг бол харуцлагатай зүйл гэж хатуу ухаарч, зас-вар гэсэн хуучирсан нэр томьёоллын хүрээнд л ажиллаж байна.

Ийнхүү техникийн үйлчилгээ тордолтыг эвдрэх, эвдлэхээс өрсөж зохион байгуулчхаад техникийн “насыг” уртасгах гол ажлаа орхигдуулснаас байнгын асар их засварын ажлыг аянд нь бий болгожээ. Инженер - техникчдийн сэтгэлгээг мэдээж ажлын зохион байгуулалтынх нь хамт үндсээр нь өөрчлөн тавихгүйгээр үйлдвэрлэлийн жигд хэвийн ажиллагааны тухай ярихад хүнд болжээ. Миний ажил танилцсан бараг л бүх үйлдвэрт бие биеэсээ дээрдэх юм үзэгдээгүй бөгөөд дээрх дутагдал ээлжлэн давтагдана. Гагцхүү мах, консервын комбинатын яс боловсруулах үйлдвэрт л бусадтай төсгүй, өөр зүйл, өөр арга барилыг олж харж болно. Харамсалтай ч, байдал үнэндээ ийм л байсан, өөрөөр хэлбэл ийм болгочихсон байлаа. Энэ бол одоогоос хоёрхон жил хүргэхгүйн өмнөх явдал юм.

Тэгээд юу болов оо. Технологийг дураараа буюу төлөвлөгөөнд шахагдан бухимдахын хирээр хялбарчлан сааж богиносгох нь байнгын санамсаргүй зүйл болж хувираад зарим газарт улсын төлөвлөгөө учиргүй ихээр, бүр 4-5 хувиар давж биелэх болов.

Технологийн замбараагүйтлээс шалтгаалан нийт үйлдвэрийн 80% нь түүхий эд, үндсэн материалын зардлыг, 90 хувь нь туслах материалыг, 70 хувь нь түлш, уур усны зардлыг хэтрүүлэн заржээ. Ингэж үйлдвэрт технологийн ажиллагаа гүнзгий хямраад бүтээгдэхүүний чанар зөвхөн “цаасан” дээр л дээшилжээ. Эдийн засгийн удирдлага аанай л технологийн доголдлыг бүртгэж дээрхи тоог гаргасаар сууцгаалаа. Яамны коллегид хувийн захидал бичлээ. Тэд үүнийг анхааралтай дамжуулж уншжээ. Удирдах байгууллагын даалгавар, албан бичиг хойно хойноосоо цувлаа. Үйлдвэрийн дарга нартай ярилцлагууд зохиолоо. Зарим үйлдвэрийн ажилчидтай уулзаж  ярилцлаа. Дутагдлыг газар сайгүй нүдэн дээр нь хэлж ойлгуулах гэж хирдээ чармайлаа. Үйлдвэрийн удирдах ажилтнуудын семинарыг тусгайлан хийлээ. Инженер-техникийн ажилтнуудтай мэргэжлийн удирдлагын асуудлаар төрөлжсөн ярилцлагууд зохиолоо.

Харамсалтай  нь нэг ч  ажил байрнаасаа олигтой хөдөлсөнгүй. Энэ хэвшлийг амар өөрчилчих зүйл биш болжээ. Үйлдвэрлэл дэх  мэргэжлийн удирдлага гэж юу болох, тэр нь тухайн хэсэгт хэрхэн зохион байгуулагдсан байх тухай асуултад 400 гаруй инженер-техникийн ажилтан тодорхой хариулах үггүй, өдөр дутмын жижиг сажиг аж ахуйн ажил л ярьцгаана. Тэднийг алга юм гэхэд үйлдвэрлэл чухамдаа “мэргэжлийн удирдлагагүйдэж хохирох” нь барагтай үгүй болжээ. Тэгвэл юуны төлөө мэргэжлийн хүн бэлтгэдэг байнаа?  Аж ахуйн аар саар ажил хөөцөлдөгчийн диплом гэж байхгүй байтал сургууль төгссөн ихэнх нөхдийн үнэмлэх яагаад ийм болж хувирна вэ? Сэтгэл зовоосон асуудлаар санал солилцох зорилгоор аж үйлдвэрийн салбарын инженер-техникийн ажилтнуудад инженерийн хувьд хувийн захидал бичлээ. Зарим нь сонор соргог хүлээн авч, хамтарч ажил зохиосон бөгөөд эхний үр дүн гарсан билээ. Төмөр зам (2 удаа), барилга, цэргийн хэвлэх үйлдвэр, “Говь” комбинат, Савхин эдлэлийн үйлдвэрийн урилгаар инженер-техникийн ажилтнуудтай үйлдвэрлэлийн мэргэжлийн удирдлагын асуудлаар ярилцав. “Говь” комбинатын удирдлага уг асуудлыг бүр хурлаар хэлэлцсэн бөгөөд бэлтгэл хангахад нь би биечлэн оролцож, илтгэлүүдийг талаар нэг бүрчлэн ярилцаж, гарах шийдвэрийн талаар зөвлөлгөө өгөн хуралд нь оролцов. Тэд юуны өмнө үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад тохирсон хяналтын систем тогтоох  зөв эхлэлийг тавьсан юм. Ганц жишээ сэтгэлд тод үлджээ. Үйлдвэрийн нэг машины реле шатдаг шалтгаанд хяналт тогтоох оролдлого хийснээр тэр нь хөх оч хаясны дараахан удалгүй шатаж байгаа нь тодорхой болж, энэ нь бохирдлоос болж буйг тогтоожээ. Тэгэнгээ төхөөрөмж хөх оч хаяхыг анхааралтай ажиж тэр үед нь цэвэрлэгээ хийснээр урьд онд нь 16 реле шатсан бол 1984 онд 3 болж буурчээ. Релег Япон улсаас авч байлаа. Энэ нь нэг алхам болсон боловч харамсалтай нь, релений цэвэрлэгээг (хөх очийг хүлээлгүй) хэн хэдийд хийх хяналтын хатуу журам тогтоогоогүйгээс нэг релегээр төдийлэн удаан ажиллаж чадахгүй байгааг бид анзаарлаа Ийм аргаар тэд гарц байнга алдаж байсан шалтгааныг технологийн гол дамжлагад илрүүлж учрыг нь олж залруулсан юм. Ажлын “шинэ арга барил”-ын эхний үр дүнд хүн бүхэн урамтай байв. Дараагийн  шатны  ажлын  тухайд би  тэдэнд удаах утгатай зөвлөгөө өгсөн юм. «Хүнсний инженер намайг ноосон эдлэлийн Говь комбинатад технологичоор томилоход сэтгэл нэг их зовох юм алга. Учир нь бүх ажиллагааны технологи одоо сайн муу ч цаасан дээр нэгэнт байгаа болохоор тэр дагуу ерөнхийлэн ажиллахад мэргэжил бус харин бичиг үсэгт тайлагдсан байх нь чухал. Ийм болоод үйлдвэрт олон жил ажиллласан идэвх зүтгэлтэй нэгнийг мэргэжилгүй ч хаа нэгтээ технологичоор томилдог нь технологийг ойлгодоггүйгээс үүдсэн нэг ёсны үйлдвэрлэлийг доромжлон гутааж байгаа хэрэг билээ. Технологчид үйлдвэрлэлийн “манаач сахиул” мэт болж хувирснаас асуудал одоо ингэж тавигдахад хүрчээ. Зүй нь ноос ноолуур, арьс ширийг бүсчилсэн технологиор сортлон паартаар боловсруулж, лабораторийн шинжилгээний дагуу тухайн түүхий эдийг боловсруулах технологийн хувилбарыг технологчид тэр дор нь боловсруулж технологийн даалгавар болгон мөрдүүлдэг болсон нөхцөлд л би “Говь” комбинатад ажиллах чадваргүйгээ мэдэх болно» гэдгийг зөвлөлөө. Ингэхээр үйлдвэрлэлд лабораторийн удирдлага бий болгох хэрэгтэй нь ойлгогдоно. Түүхий эдийн шинж чанараас хамааран паартаар боловсруулах технологийн хувилбарыг сонгон бий болгосноор шилдэг дэвшилтэд технологийг үүдэж чадна. Бас үйлдвэрлэлийг удирдах тухай одоо л ам нээж ярьж болно. Тэгвэл өнөөдөр лаборатор маань ямаршуухан байгаа билээ?  Бэлэн болсон бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээтэйгээр худалдаанд борлуулахаар авдаг журамтай учраас л тухайлбал, хүнсний үйлдвэрт лаборатор гээч юм байж байх жишээтэй. Харин үйлдвэрлэлийг хянаж удирдах үүрэгтэй лаборатор одоогоор уг салбарт харамсалтай нь байхгүй билээ. Лабораторийн ба технологийн удирдлага байхгүйгээс хүнсний нэг үйлдвэрт 1983 онд ихээхэн материал, түүхий эд хэтрүүлж зарцуулсан дутагдал гарч  бөөн шүүмжлэл дагууллаа. Шүүмжилсэн, шүүмжлүүлсэн хоёрын аль аль нь уг дутагдлын урхагийг ололгүй ерөнхийд нь “хариуцлагагүй явдал” гэдэг дээр л ам нийлж байв. Энэ явдлаас хойш 3 сар өнгөрөөд байхад үйлдвэр их ажил зохиож байгаа нэрийн доор гаднаас ирэх түүхий эдийг бүгдийг нь жижиг сажгийг ч үлдээлгүй пүүлж, цааш нь тавьж олгохдоо ч грамм миллитрийг тооцсоор байсан боловч үр дүн гарсангүй. Намын Төв Хорооны III бүгд хурал дээр шүүмжлэгдсэн дутагдлыг арилгах асуудлыг Аж үйлдвэрийн хэлтэс шууд авч үзэх хэрэгтэй боллоо. Технологийн үзлэгээр бол болж байгаа юм цөөхөн ажээ. Адаглаад хүнсний үйлдвэрт ажилчид цаг зүүдэггүй, тасалгаанд цаг үгүй атал бүх ажиллагааг цаг, минутаар явуулах технологийн заавар баталсан нь хэнд ч хэрэггүй цаас болжээ. Литрийн савгүй, эталон жишиц хэмжүүргүй байхад ус хийж зуурмаг зуурахыг уг зааварт цэцэрхэн заасан нь хүн тоож үзэх үнэгүй зүйл болж ширээ рүү хумьж чулуудахын үндэс болжээ. Гурилын болон цөцгийн тосны чийглэгийг лабораторид тогтоодог атлаа юуны тулд ийм ажил хийж буйгаа мэдэх хүнгүй байлаа. Гурилын чийглэг ихсэх дутам зуурмагт орох усны хэмжээ буурах байтал арвын хувингаар нэгэнт хутгасан усыг зуурмагийн тогоо руу огт юу ч бодолгүй юүлэх ажээ. Технологийн зөрчил газар авчээ. Технологийн тооцоогоор үйлдвэрлэлийг хэрхэн удирдах арга барилыг мэдэхгүй байгаа нь дээрх байдалд хүргэжээ. Юуны өмнө лабораторийг сэргээж замыг нь олуулах хэрэгтэй. Ингээд залруулах нэлээд арга хэмжээ авсан юм. Үр дүн нь эхний сард л илт болсон билээ. Тэгэхэд бүр аргаа бараад ажлаа өгөхөд бэлэн, тэр ч байтугай ингэж гуйгаад гүйж явсан чаналгын бүтээгдэхүүний цехийн мастер эмэгтэй сарын дараа гэхэд л ажиллах бөөн урамтай инээж суулаа. Технологи бариад ажилласан дор л материалын хэтрэлт арилж, чанар дээшилжээ. Лабораторийн болон технологийн удирдлага, хяналт бий болгох анхны оролдлого бидний нэхээд байсан үр дүнг ингэж тэр дор нь өгсөн юм. Гэвч үүнийг бусад үйлдэрийнхэн ойлгохгүй өдөр дутмын ажилдаа нухлагдсаар л байв. Ийнхүү Намын төв байгууллагын салбар эрхэлсэн хэлтсийн шууд удирдлагаар үйлдвэрлэлийг бүх нийтийн ил тод хяналтад оруулах ажил эхэлсэн ба хүн бүхэн чухамхүү учир шалтгааныг нь тухайлж сонирхоогүй энэ ажил дээд байгууллагын даалгаврын хүчээр сүрхий эхэлсэн боловч тэгэсхийгээд зогслоо. Улаанбаатар, Дархан, Дорнодын хүнсний үйлдвэрүүдэд биечилэн технологийн үзлэг хийж ажил танилцсан бөгөөд ийм үзлэгээр гагцхүү хаана технологийн   үйл   ажиллагаа   зохих     горимоороо  явагдаж  байгааг олох л хамгийн хүнд нь байсан юм. Удирдлагын буруу арга барил нэгэнт ийм байдалд хүрчихсэн, одоо амархан засашгүй зүйл болжээ. Ялангуяа технологийн удирдлага орхигдсон нь ажилчдыг аяндаа гарын тойм, нүдний баримжаагаар ажиллаж, өөрийн бодлоор үйлдэхэд сургасан нь залруулахад хамгийн хүнд бэрхшээл болжээ. Диплом өвөрлөсөндөө сэтгэлээр цадаж яваа залууст ажлын дөр таниулдаг арга барил алга байгаа нь үйлдвэрлэлийг ингэж “нугасалж” тавих шалтаг болсон юм. Үүнийгээ би гоомой дүгнэлт гэж үздэггүйн учир нь хот, хөдөөгийн 10 гаруй үйлдвэрийн 400-аад инженер, техникийн ажилтантай чухамхүү уг сэдвээр, үйлдвэрлэлийг мэргэжлээр удирдах асуудлаар хийсэн ярилцлага, уг ярилцлага намайг ихэд хирдхийлгэн сэтгэлийг минь туйлын түгшээснийг иш баримт болгож байгаад билээ. Ярилцлага хийсэн 400-аад хүний дийлэнх нь таваас дээш жил үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа боловч үйлдвэрлэлийг удирдах өөрийн гэсэн тодорхой арга барил эзэмшсэн байдал үнэн хэрэгтээ ажиглагдаагүй юм. Зарим үйлдвэрийн газрын шуурхай зөвлөлгөөнд оролцож үзэхэд өндөр мэргэжлийн хүмүүс ажил гардан хариуцагчийн байр сууринаас асуудалд хандахын оронд үг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь цөөнгүй тааралдав. “Цөөнгүй” гэдэг үгийг энд зүтгэл ихт нөхдийн сэтгэлийг бодож хэт үгүйсгэхгүйгээр хэлж байгаа юм. Жишээ хэлье. Дорнодын хүнсний комбинатын намын үүрийн бүх гишүүдийн хуралд оролцохоос уучлал хүсч (би чинь тэгэхэд Намын төв хорооны төлөөлөгчөөр очсон хүн шүү дээ) томилогдоод удаагүй байгаа комбинатын ерөнхий инженерийн хүссэнээр түүний удирдаж хийлгэсэн инженер-техникийн удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцлоо. Уг зөвлөлгөөн дээр үйлдвэрлэлийн анхан шатны нэгжийн удирдах нөхдөөс комбинатын захиргаанд хандаж шийдүүлэхээр тавьсан 34 асуудлын нэгээс бусад нь мэргэжлийн боловсон хүчний өөрийн нь хариуцаж шийдвэл зохих, чухамдаа үүний төлөө л цалин авч буй асуудал байсан юм. Би тэдэнд асуудал бүрийг тодруулж, яагаад өөрийн нь хариуцах ёстой зүйл болохыг нотолсон юм. Тухайн 34 асуудлын хүрээнд яригдаж байгаа ажлыг хэрхэн яаж удирдах талаар ч ярилцсан. Бид эндээс “удирдах” гэдгийн учрыг ойлгох шиг л болсон. Ерөнхий инженер дажгүй ойлгож, өөрийн одоог хүртлэх бусдаас дам сурсан арга барилд шүүмжлэлтэй дүгнэлт хийж, үнэхээр л баярласан байв. Хүний нүдийг эхэлж нээхгүйгээр, хэрхэхийг нь ягштал хэлж өгөхгүйгээр, чиглүүлж чадахгүйгээр зөвхөн хоосон, муйхар, чиг зүггүй, утга учиргүй бухимдан шаардах нь хүнийг зөвхөн эвддэг гэж боддог. Ажил тэр дороо бүтсэн мэт байх боловч үүнээс илүү зүйл үгүй бизээ. Манай төлөвлөлтийн дутагдлын үндсэн илрэл нь “нэмэлт үүрэг даалгавраар”, санах сэрэхийн тоогоор албадаж ажил явуулахад хүргэсэн явдал юм. Сүүлчийнх нь зөвхөн ажил завхруулж, хүнийг эвдэж, буруу арга барил ноёрхоход хүчээр хүргэдэг хортой зүйл гэдгийг олон жил гүйцэтгэх ажил хийсэн хүний хувиар батлах боломжтой гэж боддог. Ажил явуулах нэрийдлээр үүрэг даалгавар өгч, үнэн хэрэгтээ ажил завхруулдаг газар авсан хуучин арга барил анх төлөвлөлтийн дулимагийг нөхөх зорилгоор гарч ирсэн ч байж болзошгүй бөгөөд энэ харамсалтай аргаас шүд зуун салах цаг нэгэнт болжээ. Иймээс ч удирдлагын арга барилаа боловсронгуй болгохыг цаг үе биднээс нэхэж шаардаж байна. Энэ заалтыг удирдлага болгон чухам яаж боловсронгуй болгох тухай л би сэтгэл зовнин өгүүлж буй нь энээ.

Салбарын техник, технологи, эдийн засгийн удирдлага хэдийгээр төгөлдөржих шатандаа байгаа ч гэсэн боловсон хүчин, албан тушаалтны удирдлагын арга барил олон жилийн өмнөхийг давтсан, уян хатан бус хэт мугуйд хэвээр байсаар байна. Давтан нуршихад, зүтгэл, хөөцөлдлөгө, овсгоо өнөөдрийн аж ахуйн удирдагчийн гол арга барил болон ноёрхож, самбаа сүйхээгээр ажил бүтээх хүртэл их цаг алдаж, гол нь гэвэл удирдах ажил овсгоогүй хэн нэгний хэрэг биш мэт болжээ. Тэгвэл боловсон хүчин бүр мэргэжлийнхээ хүрээнд ажлаа даруй хялбархан удирдаж болох уян налархай иэгдмэл арга барил бий болгоход болохгүй зүйлгүйгээр барахгүй бас ч ухамсар, чин сэтгэл гаргаж, байдалдаа жинхэнэ ёсоор  дүгнэлт  хийж  чадвал   хүнд  биш гэдгийг  батлан

хэлэх байна. Болгох ч ёстой, өөр зам гэж үгүй билээ. Бодит шалтгаанаар тухайн үедээ үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг орхигдуулсан зарим дутагдлыг одоо давтаж болохгүй  нь мэдээж хэрэг. Үйлдвэрлэлийн удирдлагын хэвшсэн журамгүй, юугаар эхэлж яаж дуусах, яаж бүгдийг тодорхой хянах, удирдлагыг үйлдвэрлэлийн явцад хэрхэн зохион байгуулах асуудал тодорхой болоогүй, ийм бодохоор удирдах ажил зөвхөн тухайн нөхцөл байдлаар тодорхойлогдож, өөрөөр хэлбэл хэвшсэн биш урсгалын байдалтай, эмх замбараагүй, хөл гараа олоогүй гэж дүрсэлж болохоор байгаа юм. Энэ нь П.Дамдин даргын хэлдгээр “цэргийн үйл ажиллагааны хэлээр бол эхлээд бүх хүмүүст хөл гарыг нь жигд олуулж сургах, хөгжмийн хэлээр бол нэг нотоор бүх өнгийг жигд цэвэр дуугардаг болгохтой адил” юм. Үүний тулд ажил удирдах, хөтлөх аргачлал зааврыг албан тушаал, технологийн ажиллагаа бүрд бий болгох шаардлагатай нь харагдаж байна.

Өнөөдөр ийм хатуу тогтсон журамгүй учраас ажлыг хүн бүр өөрийн үзэмжээр явуулж, явцын дунд арга барилаа олж авдаг байна. Ийм нэгэн “арга барил” гээч практик алхмын явцад боловсон хүчин зөвхөн өөрийн хүч оролдлогоор өсч, ихэнхдээ үйлдвэрлэлийн удирдлага, түүний дотор мэргэжлийн удирдлага орхигдон цалгардаж ирсэн билээ. Тэгвэл халат нөмрөн үйлдвэрлэлийг дэмий тойрч эргэлдээд учраа олохгүй цаг нөхцөөх нь мэргэжлийн удирдагчийн бус харин алба залгуулагчийн арга барил гэдгийг тогтооход хүнд бишээ. Алба залгуулахын тухайд бол харамсалтай нь мэргэжил шаардагдахгүй биз ээ. Тиймдээ ч зүтгэлийг нь үнэлж мэргэжил, боловсролгүй хүнийг ч цехийн дарга, үйлдвэрийн технологичоор томилох нь элбэг бий. Энэ нь нөгөө талаас үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлага гээч юмны тухай бидний ойлголт туйлын бүдэг байгаагийн тод жишээ мөн. “Мугуйдах”, “зүтгүүлэх” нь “ажил амжуулж алба залгуулах” ойлголтод хамрах ба харин хэзээ ч “удирдах” тухай ойлголтод дөхөж очихгүй, түүгээр ч барахгүй шууд харшлах юм. Үүнтэй холбогдуулан хэлэхэд намын ажлын арга барилыг боловсронгуй болгох талаар ихийг хийх шаардлагатай гэж боддог. Одоо бол захиргааны ажлыг хавсайдах буюу заримдаа урдуур нь орж булаан авч хийх нь хааяагүй их байгаа. Миний бие намын төв байгууллагад ажиллахдаа сурсан заншлаараа мөн ийм захиргааны ажлаар улайран хөөцөлдөж, өөртөө зав чөлөө олж санаачлахын хирээр хариуцсан салбарынхаа тулгамдсан асуудлыг хөндөж тавих, үүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, утга учрыг нь янз бүрийн хэлбэрээр таниулах зэргээр хүнтэй ажиллах аргыг ажлынхаа завсарт сүвэгчилж байв.   Хүнтэй ажиллах ажилд ахицтай хэлбэр нэвтрүүлэх гэж оролдсоны дотор нийслэлийн хүнсний үйлдвэрийн ба намын байгууллагын дарга нар, инженер-техникинн ажилтнууд, мөн хот, хөдөөгийн зарим үйлдвэрийн ажилчид, эдийн засагчид, инженер механикчид, инженер-техиологич, лабораторийн ажилтнуудтай тус бүрчлэн үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг сайжруулах, арга барилыг боловсронгуй болгох асуудлаар давхардсан тоогоор 29 удаа уулзаж ярилцлага зохион, уг асуудлаар аж үйлдвэрийн салбарын инженер-техникчдэд захидал  илгээж, үүнийгээ өгүүлэл байдлаар нийтлүүлж, хэд хэдэн үйлдвэрт мэргэжлийн удирдлагыг сайжруулахад биечлэн тусалж, сүүлийн 5 жилд (1981-85) хэвлэлд 30 гаруй өгүүлэл нийтлүүлж, хариуцсан салбарын  хамт олны өмнө тодорхой асуудал дэвшүүлэн тавьж, “Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн үе шатанд  хүнснии үйлдвэрлэлийн уламжлалт технологийг хянаж сайжруулах нь”, “Хүнсний хангамжийг сайжруулахад үйлдвэр, эрдэм шинжилгээний байууллагын зорилт”, “Үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг сайжруулах нь” бүтээл нийтлүүлж, Хүн ам, хүнс тэжээл, Хүнс тэжээл хэмээх мэргэжлийн ном хэвлүүлж, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны коллегид захидал илгээх зэргээр ажиллаж байсны дээр намын анхан шатны байгууллагын орон тоо, цалингийн схемийг санаачлан боловсруулсан билээ. Хүнсний нийт үйлдвэрт технологийн үзлэгийг биечилэн хийж дутагдлыг заан, арилгах арга замын талаар зөвлөлгөө өгөхийн зэрэгцээ зарим үйлдвэрт хяналтын үйлдвэрлэл явуулах ажлыг эхлүүлсэн юм. Чухамхүү тийм нэгэн хяналтын үйлдвэрлэлийн явцад л технологи, төлөвлөгөөний хооронд бий болсон зөрүү тодорхой болж, технологийг нугасалж тавьсан “шахуу дайчин” нэртэй үндэслэл муухан төлөвлөгөө нь бүтээгдэхүүний чанарыг “баллах” нэг үндсэн шалтгаан болж, одоо эсвэл  технологийг ягштал мөрдөөд чанартай тодорхой зүйл хийх, эсвэл энэ тухай ярихаа болиод төлөвлөгөөний тоотой хөөцөлдөхийн алин болохыг шийдэх ёстой болсон юм. Ийм нэгэн байнга өсөж байдаг төлөвлөгөөний үр дүнд тухайлбал, гурилын зуурмагийг 15 минут сойх технологи гэхэд төлөвлөгөөнд шахагдан сойлтып хугацаа нь буурсаар сүүлдээ үгүй болж, улмаар зуурмагийн дотор явагдах биохимийн процесс тасалдсанаас бүтээгдэхүүний үнэр, амт, өнгө, бүтэц бүрэлдэх боломжгүй болдог байна. Үүнийг бид хамгийн аюултай, бас хортой зүйл гэж ойлгохоосоо үйлдвэрлэлийн үйл ажиллагааг завхруулж, тэнд ажиллагч хүнийг, нийгмийн нийт хөдөлгөгч хүчийг буруу, бүдүүлэг арга зуршилд хүчээр хэвшүүлж, дараа нь засаж залруулахын цагт асар хүч хөдөлмөр, хугацаа шаардах болгож байгаа гэж бодох ч сөхөөгүй, өнөө маргааш хоёрт шахуулж “уухилснаар” нөгөөдөр асар сайхан болчихно гэж яарч давчуурах нь олонтаа бөгөөд үүгээрээ бид дараа үеийн өмнө алдас хийж байгаа биз ээ. Зүй нь бид хойч үедээ ажлын ягшсан сайн хэвшмэл арга барил хүлээлгэн өгч гэмээ нь хамгийн чухал нь энэ л байхсан болов уу. Ер нь ямар ч хүн халаа авах өгөхдөө нөгөөдөө ажлын арга барил л хүлээлгэн өгөхийг чухалчлахаас биш эхэнд дурдсанчилан ач холбогдол багатай, учир нь бага олдох хэдэн тоо, цөөн хавтас өгч авалцах нь учир дутагдалтай мэт. Аливаа шинэ ажлыг түүнд  дасаж дадахын хирээр өөрийн ойлгоц төсөөллөөр  явуулах  хэрэгтэй болдгийг нуух хэрэг алга.

Жил хагасын өмнөөс Элчин сайдын яаманд дипломат ажилтан болж, оюутан залуучуудтай ажиллах цоо шинэ ажил хариуцах болсноор миний үйл ажиллагааны сонирхолтой үе эхэллээ. Дипломат албанд хүчин зүтгэхийн чинээ өөртөө итгэлтэй явсангүй. Итгэлийг нэгэнт хүлээсний эцэст шинэ ажилдаа гавшгайлан орсон билээ. Жил хагас гэдэг ажил бүтээхийн тухайд бас ч чамгүй хугацаа ажээ. Ажлаа хаанаас нь эхлэхийг бодоод суух хэрэг ч байсангүй.  Оюутан, сурагчдын тухайд энэ нь хүнтэй ажиллах ажил учраас өндөр зохион байгуулалт,  тогтсон тодорхой журам, энэ бүгдийн эцэст ам,  ажлын нэгдэл хэрэгтэй байгаа нь тодорхой байв. ХЗЭ-ийн үүр    хэмээх нэрийг зүүлгээд орхисон тэр байгууллагыг чухамхүү хамт олныг удирдан зохион байгуулагч болгохгүйгээр, тэднийг эрх мэдэлтэйгээр асуудалд хандах, бас шийдэх чадвартай, хамт олны жинхэнэ   удирдагч болгохгүйгээр хамт олон бүрэлдэж төлөвшихийн тухайд санахын ч хэрэг алга. Бид ажлаа эндээс эхэллээ. Одоо ХЗЭ-ийн    үүрүүд  хэнийг шалгаруулан урамшуулах, улируулан суралцуулах, хэнд замын  зардал олгуулахаас эхлээд оюутны    асуудлыг    бие даан   шийдэх болж, оюутанд тегсөлтийн  ба  аттестатчилгын  тодорхойлолт    гаргах   болов.    Үүрийн    дарга, товчооны    гишүүдэд урамшил бий болгов. Оюутан бүрийг нэр заан хариуцаж ажиллан, өөрөөр хэлбэл хүн бүр эзэнтэй болж, 2 сар тутам хариуцсан оюутантайгаа    хэрхэн    ажилласан      тайлан      гаргах    болов.    Оюутныг хамт    олны    зөвөлгөөн    мэтийн    томоохон    арга      хэмжээг    хариуцаж     зохион     байгуулах,    эх    орноо      сурталчлах өдөрлөг   зохиолгох  зэргээр   идэвхжүүлэхийн   зэрэгцээ     удирдан зохион байгуулах ажлын дадлага олгоход    чиглэсэн    системтэй  ажил   зохиолоо.  Анхны  шилдэг  бүтээлийн   үзэсгэлэн,     өдөрлөг, бусад ажил зохиож, үндсэн курсийн оюутан бүрийг мэргэжлийнхээ  хүрээнд дагнаж  мэргэжих сэдэвтэй  болгох,  оюутны    эрдэм шинжилгээний бага хурал  хийлгэх  “үйлдвэрлэл дэх  мэргэжлийн удирдлага” сэдвээр төрөлжсөн ярилцлага,    зөвлөлгөөн    зохиох, дипломын нь ажилтай урьдчилан  танилцах  зэргээр  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүрэн ажлыг эхэллээ. ХЗЭ-ийн үүрүүдийг ЭСЯ-ны анхан шатны нэгжийн хэмжээнд албан ёсоор бэхжүүлж, тэдгээрийн    ажлын   талаар ЭСЯ-ны    хурлаар хэлэлцэх,  ажлаар доголдож байгаа хэсэгт ХЗЭ-ийн хорооны товчоо газар дээр нь хуралдах зэргээр ажилд нь тодорхой туслаж ажиллав. Мэдээлэл, хяналтын системгүйгээр   бүх   ажил   цаасан дээр хоцорно. Тийм ч   учраас   ХЗЭ-ийн 18   нэгжээс сар бүр    16 үзүүлэлтээр,      ажлын     тайланг     жилд    2   удаа    24    үзүүлэлтээр, сурлагын    мэдээ   ба   уралдааны    дүнг   4 маягтаар 2 удаа авч  ЭСЯ-наас тэдэнд 54 үзүүлэлтээр  хяналт тавих  болов.   Бид удирдлагын  арга  барилын  хамгийн гол  зарчим   болох гүйцэтгэлийн хяналтыг ингэж бий болгосон юм. Гэхдээ бид тэдэнд нэхэл дагал болсон цаасан баримт бий болгоогүй, харин бүх үзүүлэлт, хүснэгт, тодорхойлолтыг стандартын маягт оруулсан юм. Энэ нь зөвхөн үзэг аваад бөглөнө гэсэн үг. “Зохион байгуулалт бол хүчийг арав дахин нэмэгдүүлдэг юм” гэсэн сургаалыг өөрийн эрхэлсэн ажлын төлөө санаа тавьж явсан 16 жилд сайтар мэдэрсэн билээ. Үзсэн харсан маань өөрт өчүүхэн туршлага болон хуримталж, сүүлд сургалт боловсролын салбарт залуучуудтай ажиллах үед нэг адил их тус болж, ажлыг өөд татах алхмыг бид богино хугацаанд хийж амжсан билээ. Шинэ ажлын арга барилыг өөрчлөн сайжруулах зорилгоор жил хагасын хугацаанд ажилдаа 50 гаруй шинэ зүйлийг санаачлан нэвтрүүлэх шаардлага гарсан нь уг ажлын түвшин доохно байсны баримт гэлтэй.

Мөн хугацаанд улс ардын аж ахуйн судалгаа, мэдээлэл 19-ийг боловсруулсан нь өнгөрсөн 4 жилийн дүнтэй тэнцжээ. 40 шахам лавлах материал шинээр бэлтгэсэн нь үүний өмнө байсангүй. ХЗЭ-ийн хороо гэдэг байгууллагад өөрийн гэсэн юм юу ч алга, хөдөлвөл л бусдын гар царай харах ажээ. Надтай таарсан ажил бүхэн ийм болчхоод бусад бүх ажил сайн сайхан гялалзаж байдаг гэж бодоход зориг нэг л хүрэхгүй байна. Ажил гэдэг маань ер нь иймэрхүү л болоо юм биш байгаа гэж бодоход ч бас хэцүү. Гэвч үнэн бол үнэн л шүү дээ. Гэхдээ цалин горьдоод гараа хумиад суучихсан нэгнийг хаанаас ч олохгүй, эрвийх дэрвийхээрээ зүтгээд зүтгээд олигтой үр дүнгүй байх нь олонтаа бөгөөд үүнийг зөвхөн ажлын арга барилтай холбож үзүүштэй.

Харамсалтай нь байгууллага, хүн бүхэн арга барил гэж ярих, лоозогнох атлаа ажлаа юунаас эхлэхээ сэтгэхэд нь их хугацаа хэрэгтэй байгаа бололтой ажиглагдана.

Миний бодлоор бол даанч чухал энэ зорилт биелэгдэнэ гэж бодохоос, бүх газар бүх хүмүүст шинэ арга барил бий болно гэж бодохоос их бага ч гэсэн сэтгэлээ зориулж яваа сэхээтний хувьд надад үнэндээ сайхан санагдаж байна. Хүн хүчээр яаж ч зодлоо гэсэн арга барил нь хуучин бол алхам ч урагшилж чадахгүй биз ээ...

Арван зургадугаар жаран өндөрлөж эцэг минь дал, хүү нь дөчин нас хүрлээ. Дүү нар маань дор бүрнээ амьдралд нүдээ нээжээ. Охин тань хэдхэн хоногийн өмнө таны хорин хоёр дахь ачийг төрүүллээ. Таны сэрүүн тунгалаг ахуйд жолооны сургуулийн хаалга татсан цагаас арав гаруй жил тээврийн  замд аялсан хүү тань унаган нутгийнхаа анхны “Саятан” жолооч боллоо. Хүүхдүүд нь амьдралд хир чадлаараа үнэнч зүтгэж, дор бүрнээ ажил хөдөлмөрийн захаас шүүрч, эрвийх дэрвийхээрээ арван долоо дахь жарантайгаа золгож байна. Хөдөлмөрт дурлах нь хязгааргүй их аз жаргал бөгөөд түүнд хүчээ шавхаж өгөөд ард нь баяр баясгалан тэвэрч хоцрох нь хүмүүнд ногдсон их хувь заяа ажээ. Амьдральш хударганд тэрэгний морь шиг зүтгэсний тань учир ийм байжээ. Хүү нь биеийн алжаалаа хөдөлмөрт дурласан зүтгэлээр тайлж, аавдаа өгсөн тангаргаа гүйцээх гэж хичээж явна. “Эцгийнхээ дэргэд жаргалтай явсан минь” хэмээх анхны дурдатгалаа хоёр жилийн  өмнө үр ач нарт тань өвлүүлэн бүтээж, таныхаа дурсгалд зориулсан яруу найргийи хоёр дахь номыг жил хагасын өмнө уншигч олныхоо оюунд өргөн барилаа. Ээждээ зориулсан яруу найргийн гурав дахь ном маань “Газрын амьсгал” нэртэйгээр ээжийн маань жаран насны ойтой уралдаж гарахаар хэвлэлд шилжсэн. Уг номын хоёр дахь бүлэг нь “Аавын тоглож өссөн алаг толгод” хэмээжээ. Чадах бүхнээ аавдаа, ээждээ зориулах гэсэн хүүгийн нь сэтгэл ийм бөлгөө. Ажил үйлс, амьдралынхаа бүх урам зориг, сүүлийн 10 жилд туурвисан таван ном, эрдмийн гучин гурван өгүүллээ Таныхаа мэндэлсний далан насны ойд өргөн барья!

Хүүгийн нь амьдралын утга учир оршсон энэ бүх зүйл, үүний дотор уран бүтээл, эрдмийн бүтээлүүд маань ажил албаны цагаас минь нэг ч хором хороолгүй бүтсэн билээ. 1987 оны 1 дүгээр сарын 8, Берлин хот



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.