НОГООН ЭРЭЛ СЭТГҮҮЛИЙН СУРВАЛЖЛАГЧТАЙ ЯРИЛЦСАН НЬ



 

Сурвалжлагч: Таныг ШУТИС-д багшилж байсан гэж сонссон. Яагаад ажил мэргэжлээ орхиж байгаль орчны төлөө хувь нэмрээ оруулж эхэлсэн нь надад сонин байна?

- Хоёр жил гаруйн өмнө эргээд нэг харахнээ нь 60 гарсан нас маань дэмий нэг өнгөрөөгүй байлаа. Гүйцэтгэх, удирдах, дипломат гээд сонирхолтой олон ч ажлыг гадарлах болж, яруу найраг бүтээж, шинжлэх ухааны олон сайхан нээлт хийх аз тохиосны дотор сармагчны хүрээнд эргэлдсэн хүний онолын энергийн талыг нь олж харах боломж  бүрдэж, нэгэнт хүмүүний Үндсэн хууль нь эс гени бус энергийн хуулиуд болоод ирэхээр үүнийг дагаад философ, нийгмийн хийгээд сурган хүмүүжүүлэх ухаан, хүн болон сэтгэл судлал, өвчин хийгээд эмчилгээний онол, хоолзүй, хүнсний үйлдвэрлэлийн технологи гээд хүн төвтэй бүх судлал 180 хэм эргэх ёстой болсон юм. Ийм байдлаар хүн өөрийгээ эмчлэх, өөрөөсөө өндөр температур гарган авахаас эхлээд хүний түүхэнд байгаагүй нэн шинэ сонин нээлтүүд бий болсон хэрэг.

Гэвч энэ бүхэн нь хүн төрөлхтөн оршин буй тохиолд л ач тустай болохоос хүнгүй ертөнцөд юун хэрэг болох билээ. Биднийг амар тайван унтаж амарч, сонгууль хийж, хурдан морь, машин уралдуулан тогложий байх зуур сүүлийн 40 жилд Монгол орны дулаарал дэлхийнхээс 1,8 дахин давж, сумдын 92%, газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж, бэлчээрийн 78% нь талхлагдаж, ургамлын 50% нь дахин сэргэхээргүй болж, усны 30% нь ширгэж, мөнх цасны 40% нь хайлж,  бэлчээрийн даац 2 дахин хэтэрч, сүргийн бараг 50% нь ямаа болчихсон байж. Сэрээд харахад ийм л байлаа. Ингээд л яасан их унтсанаа, одоо сэрэх цаг болсныг ойлгосондоо.

 Сурв: Хүмүүсийг сэрээх мэдээ мэдээлэл чухал юмаа даа?

- Байгаль орчны асуудал хариуцсан ялангуяа орон нутгийн холбогдох хүмүүс мэдээлэл муутай л сууцгааж байх шиг. Тэгэхээр иргэдийн хувьд ямар байх нь ойлгомжтой биз дээ. Хүмүүстэй ярилцаж суухад: “Ийм аймаар болчихсон юм уу. Одоо бид яах вэ” гэцгээж байна. Иргэд байгаль орчны төлөө юм хийхэд бэлэн байна. Даанч мэдээлэл дутмаг байна. Байгаль орчны багц хууль  батлагдаад жил гаруй болж байхад иргэдэд хүрээгүй л байна. Иргэн өөрчлөгдөхгүй л бол үнэндээ улаан шугамыг давчхаад явж байгаа байгаль орчны доройтлыг өөрчилж чадахгүй шүү дээ.

Сурв: Байгаль орчны тухай багц хуулийг улам боловсронгуй болсон талаар магтацгаадаг. Гэтэл монголын хууль нэг өдрийн настай гэдгээр батлагдлаа, мартагдлаа гэдэг нь болж байна уу даа?


- Магтаал багадахаар сайн хууль болсон юм билээ. Ийм хуультай, тэр нь хэрэгжиж байж л монголчууд бид амьдрах эрхтэй болно гэж бодож байна. Хүн бүр өдөр өнжилгүй эрүүгийн хэрэг хийгээд байхгүй. Харин хүн байгальтай салшгүйгээр холбогдож,  өдөр бүр агаар амьсгалж, усаар ундалж, газар хөрсөн дээр алхаж гишгиж, ухаж сэндийлж бүхий л аргаар түүн дээр амьдрал залгуулж байна. Бид өдөр дутам, секунд дутамд зөвхөн байгалийг түшин амьдрах мөртөө шавхан ашиглахаас өөрийг мэддэггүй, үүнийхээ төлөөсөнд юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй. Ерөөс хэрэглээ бол ухамсартай шууд хамааралтай үзүүлэлт. Ухамсар нь өөрөө хүнийг тодорхойлогч юм. Өнөөгийн дэлхий, үүний дотор монголчууд бид үнэн аймшигтай, балмад хэрэглэгчид болсон. Энэ бол хүн хүн биш болсоны баримт нотолгоо. Дэлхийн хүний эрхэм ариун чанар буюу хүн байх чанар дунджаар 10 хувь. Томхон эрдэмтэд, хөгжмийн зохиолч, зураач, зохиолч, яруу найрагчдын цөөнх нь 90 хувь, долоон тэрбум хүний дийлэнх нь 3 хувь. Гэтэл үхрийнх 40 %,  гахай, нохойнх 30 %, буга, хун шувуу 20 %, нугас 8 %, бар 4 %, арслангийнх 3% байх жишээтэй. Тэгэхээр бид хүн байх эрхэм ариун чанараараа арслан, барын хэмжээнд  хүрчихжээ. Ийм хүмүүсийн гарт байгаа гээд бодохоор энэ байгаль дэлхий харин ч өдий зэрэгтэй үлгэн салган дэнжигнэж байгаа нь их юм.

Сурв: Манайхан уламжлал гэж ярьдаг.  Байгаль орчиндоо хэрхэн ээлтэй амьдрах уламжлалыг таны үеийнхэн л сайн мэднэ дээ? 

- Хүмүүний амьдралын ул мөр, тэдний байгаль орчинд үлдээж буй ул мөр нь тухайн хүний амьдралын чанарын үнэлгээ юм.

Түрүү үеийн нүүдэлчин монголчууд нь ардаа ямар нэгэн ул мөр үлдээлгүй амьдрагсдын гайхалтай үлгэр жишээ. Тэд ардаа бууц, жорлон, ухсан нүх, үнс нурам, сүйтгэсэн ой, бохирлосон гол ус, тэр бүүхэл нэр алдар ч үлдээхээс зайлсхийж явжээ. Энэ бол бүхэлдээ гэгээрсэн, ухаарсан, юунд ч уягдаагүй, байгаль орчиндоо ая зөнгөөрөө зохицон амьдрах гүн ухаан юм.

Бэлчээртээ тохирсон зөв бүтэц бүхий сүрэг малтай, урин цагт цагаан идээ голлосон зөв хоол хүнстэй, малын бүх ашиг шимийг хаягдалгүй ашигладаг технологитой, хэрэгцээгээ өөрөөсөө бүрэн хангадаг өрх гэрийн үйлдвэрлэлтэй, хамгийн бага нэн ухаалиг хэрэглээтэй, 1995 оныг хүртэл самар, жимс, сонгино гээд  байгалиас үнэгүй ашиглаж болох ямар ч зүйлд гар, ам хүргээгүй шунал хүслийг тэвчсэн ухаантай, буян ба нүглийг (эергүү, сөргүү энергийн хууль) таньж мэдсэн менежменттэй, нүүдлийн үлэмж өв соёлтой Монгол гээч эх орон, хүн зон олон зуунаар зутраа нь үгүй аятай сайхан аж төрж байжээ.

Энэ зарчмаар амьдарсан тэд өнөөгийн бидэнд энэ улс орныг мянган жилийн тэртээх байдлаар нь хүлээлгэн өгчээ.

Харин 30-хан жилийн дотор үлдээсэн бидний ул мөр хар балаг тарьж, Монгол орон цааш хир удаан тэсэж үлдэх вэ? гэсэн асуултын тэмдэг иргэн бүрийг шалгааж байна.

Хүн бүр өөрсдийн экологийн ул мөр буюу амьдралынхаа чанарыг үнэлж, аль болох ардаа мөр үлдээхгүй буюу ядаж хамгийн бага ул мөр үлдээх зарчмыг гүн ухаанаа, зорилгоо болгон ань гэж амьдарч гэмээ нь эх оронтойгоо үлдэж болохнээ.

Сурв: Шинэчлэлийн Засгийн газар Байгаль орчны яамаа өөрчилж ногоон хөгжлийн гэсэн хачир нэмж өгсөн. Анхнаас буруу бодлого гольдролоор явчихсан болоод хүч хүрэхгүй байна уу. Эсвэл өөр шалтгаантай юм уу, дорвитой ажил хийж чадахгүй л байх шиг санагддаг юм?

-Монголыг удирдаж байгаа хүмүүс нь өөрсдөө үндсэн асуудлаа мэддэггүй, ойлгохгүй бол ганц яам яах ч билээ дээ. 10 гаруй жилийн өмнө л бэлчээрийн 70 гаруй хувь талхлагдчихсан, ургамлын 50% дахин сэргэхгүй болсныг монголын 11, ОХУ-ын дөрвөн хүрээлэнгийн арван жилийн судалгаа баталгаажуулсан юм билээ. 15 хүрээлэнгийн 10 жилийн их ажил шүү дээ. Хөвсгөл нуурын олон улсын судалгааны 10-аад жилийн том ажил байна. Гэтэл үүнээс хойш болсон хэд хэдэн сонгуулийн үр дүн гээд байгаа юм маань малын толгой хэт ихэсч, ямааны орон болчихлоо. Тэгэхээр эрдэмтэн судлаачдын хэрэггүй ганц орон, бүх иргэд нь унхиагүй, дуулгаваргүй  парламентийн гишүүн болох сонирхолтой ганц орон болчихсон хэрэг биш үү.

Одоо зөвхөн шарилж гээч ургамалтай, иргэд нь харшилтай болчихсон эх орныг бид харж сууна биш үү.

Сурв: Дэлхийн хэмжээнд ч гэсэн мөсөн далайнууд их хэмжээгээр хайлж байгаа шүү дээ?

- Америкийн Сансар судлалын хүрээлэн (НАСА), ОХУ, бусад судалгаагаар дэлхий дулаарч Хойд мөсөн далай хайлж байна. Гурван жилийн өмнөх судалгаагаар Монголын газар нутгаас хоёр дахин их мөс хайлчхаад байгаа гэнэ. Америкийн судлаачдынхаар Хойт мөсөн далайн дулаарлын 50% нь өөрөөсөө явагдаж буй нь аюултай үзэгдэл юм байна. Дэлхийн цэнгэг усны 10 хувийг эзэлдэг Грийнландын тэр их мөс өнгөрсөн жилийн зун гэхэд гуравхан хувь болчихлоо. Дэлхий ийм л болчихлоо. Асар хурдтай байгаа дэлхийн дулаарлаас монголынх 1.8 дахин их гээд боддоо. Монгол орны жилийн дундаж температур 1940 оноос хойш 2.140 C хэмээр нэмэгджээ. Хүмүүс нь юу ч болоогүй юм шиг идэж, ууж, унтаад, төр засаг нь юу ч хийж чадахгүй байгаад харамсч байна. Мөнх цастай гарч болохын аргагүй байсан ууланд одоо явган хүн бүү хэл машинтайгаа төвөггүйхэн гарчхаж байна. Таван жилийн өмнө жуулчид 30 км газарт хоёр Делика машин дуусгаж, ЗИЛ 130 машин хоёр өдөр явж очдог байсан нутагт саальчид үнээгээ усан бороонд саахаа нэгэнт мартжээ . Монголын дулаарал үнээ сааж байгаа хүмүүст л амар болж.

Сурв: Зөвхөн судалгаа гэлтгүй одоо нөхцөл байдал шууд нүдний өмнө илхэн харагдах болсон. Нутагтаа оччихоод толгой сэгсэрч ирэх олон хүнтэй таарч байлаа. Таны хувьд аль нутгийнх вэ. Хамгийн сүүлд нутагтаа хэзээ очив?

- Архангайнх. Дөрвөн жилийн өмнө нутагтаа очсон. Мөн ноднин хараад гарсан. Хөдөө орон нутгаа ийм болчихсон чинээ бодсонгүй. Манай нутаг ган гэж мэддэггүй газар. Дэлхийн их усны хагалбар газарт тооцогддог. Хөхөлбөр том уулсын жалга бүр устай, бараг л бүх гол нь харзтай. Өдий насанд нутаг маань 4 жилд 2 удаа айхавтар гандахыг харлаа. Жуулчны гэрт буутал ямар нь юм бүү мэд нисдэг амьтан гэр дүүрчихсэн, унтах аргагүй. Хувцас хунараараа битүүлж байж ганц шөнийг арай гэж өнгөрөөсөн. Монголчууд бид бүх муу муухайдаа нүд дасжээ. Хаана л явна, хар алагласан ямаан сүрэг. Уруудах эхний шалтгаан энэ л болоод байна.

Сурв: Гэтэл эсрэгээрээ Хятадууд цөлжилтийн эсрэг авч буй төрийн бодлогын хүрээнд ямааныхаа тоо толгойг багасгаж зориудаар устгалд орууллаа шүү дээ?

-Тэгэлгүй дээ.  Цөлжилтийн эсрэг зөв бодлого яах аргагүй энэ. “Мал аж ахуйн урт сүүдэр” хэмээх НҮБ-ын үнэлгээний 2006 оны тайланд тэмдэглэснээр нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй дулааруулагч метан (намгийн хий) хийний 23%, 300 дахин дулааруулагч азотын дутуу ислийн 65%-ийг ялгаруулдаг мал аж ахуй ялгаруулдаг юм байна. Бид мал аж ахуйтай улайран зууралдсаар эх дэлхийгээ, эх орноо дулааруулж сөнөөхөд хүрч байна.

Зөвхөн усны ул мөрийг нь авч үзэхэд 1 кг үхрийн мах 15 тонн цэвэр усаар бүтдэг байна.

“Дадал зуршлаа өөрчилцгөөе” НҮБ-ын 2008 оны гарын авлагад бичсэнээр дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой.

Шуудхан хэлэхэд мянгат малчид та нар минь үүнийг ойлгоосой билээ.

Эх орноо санаатайгаар дуусгах дайсан нь гадныхан бус бид өөрсдөө. Харийнханд буруу бүү өг өө.

Сурв: Төрөөс ноос, ноолуур, арьс ширэнд татаас өгөөд эхэлчихсэн учраас цаашдаа малын тоо толгой нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Таны бодлоор үүнд ямар арга хэмжээ авбал зохистой бол?

 - Бэлчээрийн даацыг тогтоож, малын хөлийн татвар бий болгомоор байна. Монголын байгаль, бэлчээр, усыг сүйтгэж байгаагийнх нь хувьд татвар ногдуулах нь зүйд нийцнэ. Мянгат малчин гэх хөөрөгдлийг зогсоож тэднийг буятан болгох хэрэгтэй. Ямар амьдралын хэвшил гэхээрээ 21-р зуунд ч дуусч болдоггүй юм бэ. Хөдөөд орчин үеийн амьдралын үнэр ч алга. Сумын төв нь малын төв болчихсон. Газрыг ашиглалтанд оруулж чадахгүй байсаар дуусах нь. 3000 хүн амтай төвлөрсөн газарт 5 айл алдаг оног хүнсний ногоо тарьж байх жишээтэй. Амьдрах өөр олон арга бий шүү дээ.

Сурв: Малчдын хувьд дэлхийг дулааруулахад айхавтар нөлөөтэй юм байна. Харин суурин амьдралын хэв заншилтай бидний хувьд?

- Амьдралын хэвшлээ бүрмөсөн өөрчлөх шаардлага, оршин тогтнох асуудал хоёр шууд хамааралтай. Би судалгааны жишээ хэлье. Цэвэр ус бол дэлхийн юунаас  ч илүү үнэтэй цэнтэй зүйл. Дэлхийн бүх усны 1% нь цэвэр ус. Монгол орны усны нөөц хомс. Гэтэл бидний голлон хэрэглэдэг 1 кг үхрийн мах бий болоход 15415 л ус, 1 кг хонь, ямааны маханд 8763 л, 1 кг гахайн маханд 5988 л, 1 кг тахианы маханд 4325 л, 1 кг өндгөнд 3265 л, 1 ш гамбургерт 2400 л, 1 кг шоколаданд 17 100 л, 1 кг талханд 1608 л, 1 л сүү бий болоход 1020 л, 1 кг жимсэнд 962 л, 1 кг төмсөнд 387 л,  хүнсний ногоонд 322 л, 1 аяга кофенд 140 л, 1 аяга цай бий болгоход 35 л цэвэр ус зардаг байна. Энэ нь мал тэжээх, үр тариа ургуулахахаас аваад бүтээгдхүүн болж гарах хүртэл зарцуулж буй ус. Үүний дээр үйлдвэрлэл, тээвэр, хүн хүчний бүх зардлыг нэмбэл, дээр нь хүнснийхээ 70 гаруй хувийг импортоор авч валют гадагш урсгадаг, мөн тэдгээртэй хамт Монголд дахин боловсруулах боломжгүй  асар их сав боодлын хог новш гаднаас оруулж ирдэг бүтэлгүй хэрэгцээгээ бодоод үзвэл идэж уух зүйл маань хоолой давах аргагүй их өртөг, сүйтгэл, үр дагавартай аж. Ийм болохоор хүн бүр өөрийн экологийн ул мөр, амьдралынхаа чанарыг үнэлж, эх дэлхийдээ хир ээлтэй амьдарч буйгаа ухаарах цаг болжээ. Аль болох бага худалдан авах, бага хэрэглэх гэхчилэн экологийн ул мөрөө багасгаж, амьдралын чанараа сайжруулвал иргэн, эх орон аль аль сайн сайхан болохвий.

Сурв: НҮБ-аас энэ жилийн байгаль орчныг хамгаалах өдрийн уриа болгож “Бод, ид, хэмнэ” гэсний учир энэ байх нь ээ?

- Тийм. НҮБ-аас 2008 онд гаргасан “Дадал зуршлаа өөрчилье” номонд нүүрсхүчлийн хийд шилжүүлж тооцсоноор махан хоолтон жилд 6,7 тонн, цагаан хоолтон 1,2 тонн, ногоо хоолтон 190 кг хүлэмжийн хий ялгаруулж дэлхийг дулааруулдаг байна.  

 Идэхийн өмнө бод гэдэг энэ. Мал аж ахуй дэлхийн дулааралд нөлөөлж байгааг мэдсэн цагаас л,  байгалийн байдлыг мэдэрч эхэлсэн цагаас нэг ч гэсэн хүн гэж бодоод цагаан, сүүлд ногоо хоолтон болсон. Монголд байгаль дэлхийд ээлтэй, цагаан ба ногоо хоолтой олон мянган хүн бий. Яруу найрагч Урианхай гээч эх орноо гэсэн халуун сэтгэлтэн ганц хүний хөдөлгөөн үүсгэж л байсан. Ганц хүний хувь нэмэр гээд чамлашгүй. Хожуу ч гэсэн ухаарсандаа баярладаг. Тэгээгүй бол би гэдэг амьтан балмад хэрэглэгч хэвээр нүгэл хураагаад л явж байх байлгүй. Ногоо хоолтой боллоо гээд нүднээс гарчхаж уу. /инээв.сур/

Сурв: Цагаан хоолтон болсноос өөрөөр яаж дадал зуршлаа өөрчилсөн бэ. Хотод байхаас илүүтэй хөдөө амьдраад байгаа нь бас нэг өөрчлөлт үү?

- Том том яригсдаар энэ дэлхий дүүрэн. Өчүүхэн ч болов зөв юм хийж эхэлмээр. Машинаа тавьчхаад хоёр жил нийтийн тээврээр явсан. Гэтэл намайг хараад Лхагваа чааваас машин унаагүй, явган нүцгэн гэж ярьдаг гэсэн. Энэ бол бидний сэтгэлгээний тэр л хэмжүүр. Хэдхэн жилийн настай том машин хөлөглөж, чулуун шалан дээр унаад хагарчих хаш хөөрөг зөрүүлж, байдгаараа гоёж гоодсон харагдаж, хийсэн бүтээснээрээ бардамнаж цээжээ дэлдэж явахыг минь үзвэл олон хүн баярлана. Гэтэл ажил хөөцөлдөж давхидаг бизнесмэн биш, замын түгжрэлд нэмэр болж, хүлэмжийн хий ялгаруулсан шиг ажил гэрийн хооронд машин унах хэрэг надад алга. Худлаа тансаглал, илүүц хэрэглээгээр яахав. Ухамсраа гээж хүн дуурайх нь адгууслиг явдал. Нэг л өдөр өөрийгөө харсан чинь ноолуур, булган малгай, нэхий дээлээр гангарсан 21-р зууны сэхээтэн байсан. Ухаарсан даруйдаа л бүгдээс нь салж амарсан даа. Амь амьдрал мэт санаж явсан мах, айргаа ч мартсан.

Сурв: Та энэ өөрчлөлт эргэн тойрныхонд хэрхэн нөлөөлсөн бол?

-Үр хүүхэд, зарим ахан дүүс, найз нөхөд маань цагаан, ногоон хоолтон болсон. Нойроо дийлдэггүй нь сэргэг болж, өвчин зовлон тоочих нь багасч ам сайтай л байгаа. Миний охин, бас дүү нарын цагаан хоолтон 2 охин нь эрүүл чийрэг хүүхэд төрүүлж, эх нь цагаан хоолоороо дорхноо тэнхэрчихсэн. Манайхан чинь мэддэггүй юмаа мэдэмхийрч, бусдад тулгадаг. НҮБ-аас уриалж байгаагийн дагуу амьдралынхаа хэв зуршлыг өөрчлөх л хэрэгтэй.

Сурв: Байгаль орчны төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл өвөртлөж буй манай сэтгүүлийн уншигчдад хандаад та юу хэлэх вэ?

- Эх дэлхий, эх орон, өөрийнхээ хийгээд үр удмынхаа төлөө бүх хүн амьдралын зуршлаа бага ч атугай өөрчлөөсэй. Байгаль орчны нэг сэтгүүлээс “нэг квадрат метр” аян зохиож байгааг уншлаа. Жишээ нь, шүршүүрт орохыгоо гурван минут багасгачихвал 660 метр квадрат талбай газрыг тордож сэргээсэнтэй дүйцэнэ гэжээ. Миний хувьд энэ хэвшил өчнөөн жилийн өмнөх. Миний бие есөн жил гаруй цагаан, ногоон хоол хэрэглэснээр 3,8 сая метр квадрат газрыг хөрсний доройтол, бохирдлоос хамгаалсан буюу ийм хэмжээний газрыг зүлэгжүүлсэнтэй тэнцэхүйц ул мөр үлдээсэн байх юм. Нэг хүн гэлтгүй юм байна шүү. Байгаль орчинд аль болох ул мөр бага үлдээх, болж өгвөл түрүү үеийн монголчууд шиг ардаа мөр үлдээлгүй амьдрах нь амьдралын маань чанарын үзүүлэлт юм байна. Үүнийг ойлгоосой, тэгээд амьдралынхаа чанарыг үнэлж зөв амьдраасай гэж ихэд гуйж хүсч байна.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(9 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.