ХООЛЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНД МОНГОЛЧУУД ТЭРГҮҮЛЖ БАЙГАА


Г.Лхагваа: Шуудхан хэлчихье. Хоолзүйн шинжлэх ухаанд монголчууд тэргүүлж байна. Бусад нь хуучин номоо дэрлэцгээгээд унтаж байгаа шүү.

 

Үндэсний шуудан сонин № 224\938\, 2010.9.20

Д.Пүрэвсүрэн

 “Хэрвээ ЮНЕСКО-д хоол бүртгүүлэх ёстой юм бол монголчуудын хүнс, тэдний шинжлэх ухаанч хоолзүй л тохирох байх. Өөр тэнцэх үндэстэн дэлхийд байхгүй”.

Тэрээр энэ үгийг их ёжлонгуй хэлсэн. “Европын дөрвөн улс нийлээд зөв хооллолтын жорыг ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа гэнэ” хэмээн хэлсэн үг маань түүнийг ингэж хариулахад хүргэж л дээ. Хоолзүйн шинжлэх ухаанд томоохон нээлт хийгээд байгаа энэ хүн бол Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа. Түүнтэй ярилцлаа.

 

Шуудхан хэлчихье. Хоолзүйн шинжлэх ухаанд монголчууд тэргүүлж байна. Бусад нь хуучин номоо дэрлэцгээгээд унтаж байгаа шүү.

 

-Та яасан итгэлтэй хэлж  байна вэ. Зөвхөн монголчууд л зөв хооллолтын зарчмыг мэднэ гэж үү?

-Монголын уламжлалт хоолзүйг судлахад гайхалтай, сонин зүйл гардаг юм. Юу гэхээр дэлхий нийтээр өнөөг хүртэл олж чадаагүй байгаа хоолзүйн шинжлэх ухаанч мэдлэгийг XIII зуунд монголчууд аль хэдийнээ үндэстний хэмжээнд хэвшүүлчихсэн байсан. Монголчуудын хоолзүйд шинжлэх ухааны гурван том баримтлал бий. XIII зууны хоолзүйн шинжлэх ухааны гол үндэслэл нь хязгаартай хоол буюу оюун санааны хоол. Тухайн үед монголчууд европчуудаас 5-6 дахин бага хооллодог байж. Энэ талаар В.Рубрук, П.Карпини зэрэг лам нарын групп Монголд ирж, хоёр жил гаруй тандан судалсан судалгаандаа тов тодорхой бичсэн байдаг. Энэ бол бидэнд бодит үнэнийг хэлж өгсөн, хамгийн зөв судалгаа. Марко Поло бол зүгээр л худалдаачин, юу ч хэлж мэднэ. Тэрнийх баталгаатай биш. В.Рубрук, П.Карпини нарын судалгаанд, “Энэ орон шиг ийм их уналга хөсгийн малтай орон өөр байдаг болов уу” гэж уулга алдсаныг дүгнэж үзвэл тэр цаг үед монголчуудын хоол хүнс элбэг байжээ. Хоёрдугаарт, манайхан байгалийнхаа үнэгүй зүйлд ам хүрдэггүй ард түмэн байсан, энэ нь бүр 1995 он хүртэл үргэлжилсэн байна. Сандурсын “Монголчуудын байлдан дагуулал” номын төгсгөлийн өгүүлбэрт “Бичиг үсэггүй, бүдүүлэг ард түмэн соёлт гүрнүүдийг яаж байлдан дагуулсныг одоо хүртэл олж мэдээгүй байна” гэсэн зөв дүгнэлт хийсэн нь өнөөгийн дэлхий түрүү үеийн монголчуудыг таньж мэдээгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Энэ номонд дэлхийг эзлэх тухай стратеги тактикийг  300 гаруй хуудсанд бичсэнийхээ дараа л харин дээрх зөв дүгнэлтийг хийж. Монголыг оруулаад дэлхийн бүх судлаачид Чингисийн байлдан дагууллын амжилт нь стратеги, тактикдаа л байна гэдэг. Үгүй юм байна. Стратеги тактик байлдаанд чухал гарцаагүй. Гэвч энэ нь оюун санааны хөгжлийн л нэг үзүүлэлт. Харин монголчуудыг оюун санааны хөгжилтэй, хүчтэй, туулах чадвартай, эрүүл мэндийн өндөр үзүүлэлттэй болгосон зүйл бол тэдний зөв программ хангамж буюу юуны өмнө хязгаартай хоолны нь дэглэм, чухамдаа оюун санааны хоол нь байсан байна. Энэ бол дэлхийн өөр хаана ч байгаагүй, одоо ч нээж олоогүй агуу ололт. Хоолыг багасгаж байж хүмүүний хөгжлийн бүх амжилтад хүрсэн нэг ч ард түмэн монголчуудаас өөр байхгүй.  Хувь хүмүүс бол олон бий.

-Хязгаартай хоолны дэглэм гэдэг нь бага хооллоно гэсэн үг үү?

-Хязгаартай буюу оюун санааны хоол нь би өөрийгөө биш гэдэсний микроорганизмыг хооллоод, тэдгээрийн синтезийн бүтээгдхүүн болох уураг, өөх тос, эрдэс, аминдэмээр физиологийнхоо хэрэгцээг хангах тухай эртний монголчуудын нээж олсон онол. Одоогоор ийм онол байхгүй л дээ. Хүний биеийн жингийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний микроб бидний гэдсэнд байгаа. Үүнийгээ монголчууд дулааны улиралд есөн сар тараг, айраг зэрэг амьд эс агуулсан бүтээгдэхүүнээр баяжуулдаг бүтцийг нь сайжруулдаг байж. Монголчуудын хоолзүйн хоёрдахь зарчим нь XVI зууны үед бүрэлдэж бий болсон махбодийн онцлогтой хооллолт. Энэ үед Дорно дахинд хүнийг танин мэдэх шинжлэх ухаан ихээхэн хөгжиж,махбодь, өвчин, улирлыг хий, шар, бадган гэсэн томъёоллоор авч үзсэн системийн онолыг бий болгосон юм. Эдгээр ойлголтуудыг  шинжлэх ухааны гранд доктор, профессор М.Амбага багш судлаад хий, шар, бадганы онол нь эсийн мембраны онолтой таарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр дорно дахины ард түмэн зөв хоололтыг эсийн мембраны төвшинд гаргаж тавьсан гэсэн үг. Дараа  нь би энэ асуудлыг энерги талаас нь судлаад хий, шар, бадганы онол мөн энергийн онолтой таарч байгааг анзаарсан юм. Дорно дахины энэ гайхамшигтай шинжлэх ухааныг монголчууд амьдралдаа бүтээлчээр олон зуун амжилттай хэрэгжүүлсэн. Хий бие махбодьтой хүнийг бид гамма-хүн, шар махбодьтойг альфа-хүн, бадган махбодьтойг бетта-хүн гэж томъёолоод, энергийнхээ шинж чанараар  хүн төрөлхтөн альфа, бетта, гамма, тэдгээрийн хосолсон   4 шинж, нийт 7 бүлэгт ангилагдана гэж үзсэн юм. Тэгэхээр зөв хооллолтын үзүүлэлт болж байгаа нас, хүйс, ажил хөдөлмөрийн онцлог, илчлэг гэсэн одоогийн үзүүлэлт огт буруу, огт хэрэггүй болж, үүний оронд махбодийн энергийн түвшин, бодисын солилцооны эрчим, хөдөлмөрийн нөхцлөөр бус махбодийн шинж чанараар нөхцөлдсөн илч зарцуулалт, мөн л махбодийн онцлогоор нөхцөлдсөн илч нөхөлтийн зарчмуудыг бид томъёолоод байгаа юм.  Энэ бол физик биеийн хооллолтын тухайд одоогийн онол баримтлалуудыг бүрмөсөн өөрчилсөн хэрэг. Харин хүний 7? Хүртэл хувийг энерги , 40 шахам хувийг физик бие эзэлнэ гэсэн бидний томъёоллоор бол энэ нь хэдий нэн хувьсгалч онол боловч бас л бодит хоолоор хөөцөлдсөн үзэл номлол болохоор цаашдаа “жинхэнэ оюунт” хүний шаардлагыг бас л хараахан хангахгүй. Нөгөө нэг зүйл нь монголын эрдэмтэн судлаачид хүнсний функционал буюу зохицуулагч үйлчлэлийг нээж олоод байна. Энэ бол хүнс судлалд бий болж буй хувьсгал юм. Хүнс бол дээд эм тан юм байна. Тэгэхээр шуудхан хэлчихье. Монголчууд хоолзүйн шинжлэх ухаанаар дэлхийд тэргүүлж байна. Бусад  улс орон бүгд унтаж байгаа.

-Тэгээд өнөөг хүртэл хүн төрөлхтөн хоолзүйн ямар шинжлэх ухаанаар явж байсан гэсэн үг вэ?

-10-аад жилийн өмнө дэлхийн эрдэмтэд хүнсний зохицуулагч үйлчлэлийг оллоо гэж ойлгосон бөгөөд Оросын академич Шендеров “Хүнсний функционал чанарыг олсон нь сансрын уудмыг эзэмшсэн, атомын эрчим хүчийг ашигласан, компьютер бүтээсэнтэй тэнцэхүйц юм” гэж дүгнэсэн. Учир нь хүнсний шинжлэх ухаан  өдгөөг хүртэл гагцхүү хүнсний чиглэсэн үйлчлэлийг судалсан, тиймдээ ч хүмүүнд эрүүл байх хоолны зөвлөмж өгөх чадваргүй байсан байна Тиймдээ ч буруу хооллолтоос болсон өвчнөөр дэлхий дүүрч байна шүү дээ. Кальц хэрэглэхээр ясыг сайжруулна, кальцийн шимэгдлийг D буюу нарны витамин сайжруулна гэх жишээтэй.  Энэ явцүү ойлголт эрүүл мэндийг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийх чадваргүй юм. Одоо харин хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрс усны эсийн мембранд үзүүлэх нөлөөллийг олж мэдсэнээр хүнийг эрүүл байлгах, өвчлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүр эмчлэх зэрэг 4 салангид үйл ажиллагааг нэг мөр хүнсээр хийж болох боломжтой болж байгаа юм.

Хүний зохицуулагч үйлчлэлийн шинэ онолоор бол ямар махбодьтой, ямар өвчтэй хүн, аль улиралд яаж хооллох тухай онол бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо сайн, муу хоол гэсэн ойлголт байхгүй. Тухайлбал, одоо хү бүр л сайныг нь гайхан өдөр бүр хэрэглэж байгаа 100 г зөгийн бал нь 4 бетта зохицуулагч үйлчлэлтэй тул намрын улиралд элэгний эсийг хамгаална,  харин аль улиралд элэгний цирроз, хавдрыг болон бүх архаг өвчнийг хүндрүүлнэ гэж үзнэ.

-Монголчуудын хоолзүйн эхний хоёр баримтлал нь хязгаартай буюу оюун санааны хоол, бие махбодийн онцлогтой хоол юм байна. Тэгвэл гуравдахь нь юү вэ?

  1. -Энэ бол улирлын онцлогтой хоол. Өнөөдрийн шинжлэх ухаанд гаднах темпратур 10 градусаар хүйтрэхэд махбодийн бодисын солилцоо 8.6 хувиар нэмэгдэнэ гэсэн ганц тоо л байна. Үүнийгээ хэрэглэж мэддэггүй. Саяхан манай нэг эрдэмтэн малчин монголчуудын бодисын солилцоог  судалсан диссертацаа Америкт хамгаалж л дээ. Түүний судалгаагаар монголчуудын бодисын солилцооны түвшин өвөл, зуны улиралд ижил гарчээ. Тэгээд бодисын солилцооны эрчимд агаарын хэм нөлөөлдөггүй гэсэн дүгнэлт хийгээд хамгаалчхаж. Гэтэл түүний судалгаагаар малчин монголчууд өвөлд зунаас өөх тосыг 42 хувиар их авч, харин зунд өвлөөс уургийг 17 хувиар их авч байжээ. Энэ юу хэлж байна вэ гэхээр илчлэг ихтэй өөх тосыг өвөл нэмүү хэрэглээд дээр нь гэрээ, бас хувцсаа зузаалчихсан, зуны дулаанд өөх тосоо багасгаад уургийг нэмж, хувцсаа, бас гэрээ нимгэлчихсэн нөгөө бичиг үсэггүй, бүдүүлэг” малчны маань бодисын солилцоо өвөл ч,зун ч нэг хэвийн байж л дээ.   Америк нь ч, монгол нь ч хоолзүйн шинжлэх ухааны хувьд нэг иймэрхүү. Энэ бол хүнсний зохицуулагч үйлчлэлийг монголчууд, ерөөс дорно дахины ард түмэн эрт дээр үеэс мэдэж амжилттай хэрэгжүүлсний бодитой жишээ, өнөөгийнхний хувьд бол ердөө гайхамшиг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд уургийг ихээр хэрэглэх нь ямар сайн буюу муу нөлөөтэйг шинжлэх ухаан мэдэхгүй байгааг хэдэн жилийн өмнөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмхэтгэлд тэмдэглэсэн байгаа. Бидний олсноор уураг олон бетта үйлчлэлтэй,  ихээр хэрэглэвэл эсийг хөөлгөх, таргалуулах, архаг өвчин, элэгний цирроз, хавдрыг хүндрүүлдэг байна.

- Энэ гурван төрлийн хооллох баримтлалыг өөрсдийн программ хангамжаа болгосны хэрэг яаж гарсан бол?

Түрүү үеийн монголчуудын туулах чадвар нь унасан мориноосоо гадна 1-2 хөтөлгөө морины хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлвэл 3 морины туулах газрыг 1-2 хоног юу ч идэж уухгүй, бас унтахгүй, мориноосоо буулгүй туулах чадвар гэсэн үг. Хүн төрөлхтөний түүхэн дэх дээд амжилт. Хүч чадал нь одоогийн дэлхийн рекорд тогтоосон нум сумнаас дөрөв дахин хүнд, дундаж харвалт нь 4 дахин хол. Энэ нь одоогийн дэлхийн аврагаас дундаж монгол 16 дахин хүчтэй байсан гэсэн үг шүү дээ. Эрүүл  мэндийн үзүүлэлт нь үнэхээр гайхмаар байж дээ. 60 настайдаа цэргийн алба хаан улс дамнан дээр өгүүлсэнээр довтолгох чадавхи,  25 км зайд мал амьтныг ялгах хараа, 60, 70-тайдаа ааруул зажилж идэх шүд гэхчилэн. Бага хооллохоор махбодийг бохирдуулахгүй учир эрүүл байдаг, мөн таргалахгүй учир биеийн жинд тархины эзлэх хэмжээ их, нөгөө нь гэдэсний хэмжээг багассан болон биеийн температурыг бууруулсантай дүйхүйц урт наслах боломжуудыг бага хоолны программ хангамжаар нөхцөлдүүлсэн байна. Бас биед шингэхгүй хоолыг одоогийнхоос наанадаж 5 дахин бууруулж чадсанаар өөрийгээ шатааж элээж дуусгах энтропи гэдэг үзүүлэлтийг мөн хэмжээгээр бууруулж, улмаар махбодийн ашигт үйлийн коэффициентийг мөн хэмжээгээр дээшлүүлэх боломжгэсэн үг.  Чингис хааны зарлигласнаар цэргийн хүнсийг ар гэр нь хангадаг байж. Өнөө үед ийм сүйтгэлийг ар тал бүүхэл улс даахад бэрх шүү дээ. Хүүхэд Украинд дайтаж байдаг. Эндээс хоол залгуулах болох нь.  Гэтэл тэд маань өнжин довтолгоод оройд хоногийн газар буюу зам харгуй харагдахгүй болуут хоноглохдоо чимх борцоор хооллодог байж. Ийм маягаар авч гарсан борцоорроо жил хооллочих жишээтэй. Энэ бол зөвхөн цэргийнхэнд хамааралтай юм биш. Жин тээгчид, мөргөлчид цөм л ийм хоолтой байж. Гэртээ суугаа нь ч ялгаагүй. Тэгэхээр өнөөгийн дэлхийд тэрбум гаруй хүн өлсгөлөн амьдарч байгааг аврах арга нь түрүү үеийн монголчуудын шинжлэх ухаанч мэдлэг юм. Ганц өлбөрөгсөд ч бус их зооглож эрт үхэгсэдийн гарц ч мөн энэ.

-Тэгэхээр зөв хооллолтын тухай дэлхий нийтийн ойлголт нойл хэмжээнд байна гэсэн үг үү?

-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Би энэ чиглэлээр тэтгэвэртээ суух хүртлээ ажилласан хүн. Дэлхийн шинжлэх ухааны номлолоор яваад байна гэсэн чинь тэр нь үнэндээ байнд ч үгүй банзанд ч үгүй юм байж.

-Өдгөө мэдээллийн эрин зуунд техник технологи асар хурдтай хөгжиж байхад хамгийн чухал зүйл болох хоолзүйн шинжлэх ухаанаа таньж мэдээгүй явж байна гэдэг сонин байна л даа. Түүнээс гадна монгол гэж жижигхэн улсын эрдэмтэд үүнийг нээчихлээ гэдэг гайхалтай санагдаж байна?

-Үнэн, үнэн. Яагаад вэ гэхээр техникийн шинжлэх ухаан бол /ер нь аль ч шинжлэх ухаан/ байгалийн шинжлэх ухааны хууль дээр л үндэслэнэ шүү дээ. Энэ байшин долоон баллын газар хөдлөлтийг даана гэсэн инженерийн тооцоогоор баригдсан бол түүнээ л даана. Харамсалтай нь хүнийг болохоор буруу төсөөлчхөж л дээ. Физик бие бол хүн гээд наанадаж 400 гаруй жил ойлгочхож. Тэгэхээр энэ нь эс, генийн хуулинд захирагдах болж байгаа хэрэг. Байгалийн шинжлэх ухааны, тухайлбал физик, техникийн хууль хүмүүнд тохирох эсэх тухай бодож ч үзэлгүй өдий хүрч.  Тэгээд “хүн” гээч физик биеэ сармагчинтай харьцуулж судлаад, өвөөгөө болгочхоод суугаад байж. Бидний онолоор бол хүн гээд байгаа махбодь буюу физик бие маань жинхэнэ хүний 30-40 хувь, үлдсэн 60-70% нь энерги. Тэгэхээр хүн энергээс үүссэн. Хүний бүх үндсэн шинж чанарыг энерги бие нь бүрдүүлсэн. Тиймдээ ч айлын 15 хүүхэд бүх үзүүлэлтээрээ эцэг эхээсээ өөр, өөр хоорондоо эрс тэс ялгаатай. Үүнийг эцэг эх маань “биеийг чинь төрүүлсэн, санааг чинь үгүй” гэж мэргэн томъёолжээ. Тэгэхээр хүн маань хүссэн ч, эс хүссэн ч, зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч Энергийн хуулинд, Термодинамикийн хуулинд захирагдана, мэдээгүй байхдаа ч захирагдаж л байжээ. Ийм л гамшгийн цаад гамшиг  хүмүүнд нүүрлэсэн байна. Хүнийг зөв таньж мэдээгүй байхад  ямар нийгмийн онол, эдийн засаг, сургаж хүмүүжүүлэх онол, ямар юмны нь анагаах, хооллох онол байхав дээ. Ийм л гажуудал гарч дээ.

-Шинжлэх ухааны энэ ололтыг түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Нэлээд ажил хийсэн дээ. Эх орны хэвлэл мэдээллээр бишгүй л их бичиж, ярьсан. Номнууд гаргаж, одоо вэб хуудас бэлэн болоод байна. www.Lkhagvaa.mn Олон улсын хуралд олон илтгэл хэлэлцүүлсэн. Одоо Гонконгод илтгэл тавина. Гадаадынхан ч хэлдэг л юм. 4 илтгэл хэлэлцүүлсний хойно Австрийн нэг эрдэмтэн “хачин юм аа, шинэ зүйл яагаад монголчуудаас гараад байна” гэж байсан.  Дээдсийнхээ гайхамшигтай шинжлэх ухааныг орчин үеийнхтэй холбосных. 

 

Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ

 

-Өдгөө манайхан зөв хооллолтыг цагаан хоолтой, цагаан хоолыг  бясалгалтай холбож ойлгодог болж. Гэхдээ энэ бүхнийг гадааадынхнаас суралцаж байгаа мэтээр хүлээж авдаг. Нэг ёсондоо бусад улс орон л зөв хооллолтын зарчмыг мэддэг гэж ойлгодог шүү дээ?

-Цагаан хоол бол жинхэнэ монголчуудын үндсэн өв, шинжлэх ухаан юм шүү. Агуу хүмүүс цагаан хоолтон байсан, одоо ч тийм байна. Жишээ нь, Эйнштейн. Тэрээр “Шинжлэх ухаанч шашин гэж байдаг бол тэр нь буддизм” гэж хэлсэн. Европт байгаа эрдэмтэн ийм дүгнэлт хэлнэ гэдэг амаргүй шүү дээ. Буддизм  бол шашин гэхээсээ илүү хэтийдсэн шинжлэх ухаан гэдгийг Эйнштейн ойлгосон хэрэг. Буддын шашны нэг гол онол бол хоосон чанар. Үнэн хэрэгтээ бүх зүйл бодитой оршдоггүй. Одоогийн онолын физикт дээд ертөнцийн хоосон орон зайн төсөөллийг сайн ойлгодог болсон шүү дээ. Чамайг бясалгал гэснээс үүдээд ийм яриа өрнөчихвүү дээ. Хоосон чанарыг уншиж ойлгохгүй, бясалгаж байж ойлгоно. Эйнштейн бясалгасны баталгаа нь цагаан хоолтон болсонд байна. Тэр үед цагаан хоолтон болно гэдэг гарцаагүй зүйлд тулгагдсаны шинж. Тэр нь юу байж болох вэ? Дээд бясалгал. Гэрэл, аялгууны буюу дээд бясалгалыг тэрээр бие дээрээ мэдэрснээрээ физикийн олон хэмжээс рүү нэвтэрч орсон байх магадлалтай. Германы суут эрдэмтэн Гегель, Эйнштейн хоёрын намтарт 1.5-2 жил хаана байсан нь мэдэгдэхгүй онгорхой зай байдаг юм гэнэлээ. Үүнийг Гитлерээс зугтан хаа нэгтээ орогнож, нуугдаж байсан гэж үздэг.  Үнэндээ энэ хугацаанд бясалгасан гэж үзмээр юм шиг байгаа юм. Бясалгасны баталгаа нь Эйнштейн харьцангуйн онолын томъёогоо гаргалгагүй шууд бичсэн гэдэг. Энэ нь Тэрээр олон хэмжээст физикийн вакуумд орж, хоосон чанарыг мэдэрсэн тэр үед шууд орж ирэх боломжтой. Бидний нээлтийн зарим нь ч бясалгалтай холбоотой. Тэгэхээр Эйнштейн: “Би Бурханы хүслийг л мэдмээр байна. Бусад нь аахар шаахар зүйл” хэлэх үндэстэй.Энэ аахар шаахар зүйлд түүний гарамгай нээлтүүд ч орж байгаа.

-Бясалгалаар дамжуулж цагаан хоолтон болж байгаа нь оюун санааныхаа шаардлагаар ингэж байгаа хэрэг үү?

-Тийм. Оюун санаа буюу ухамсар маань одоо энерги бие болж таарч байна. Тэгэхээр ухамсар ба материйн аль нэг нь анхдагч биш, харин хоёул нэг юм болж таарч байна. Үүнийг онолын физик ч зөвшөөрсөн. Бясалгал, ялангуяа дээд бясалгал  хийж байгаа хүн заавал цагаан хоолтой байхаас аргагүй. Учир нь та мөнхийн бие болох ухамсар буюу оюун санааны биеэ, эсвэл сүнсэн бие ч гэж болно, бясалгуулж, түүний хөгжлийг хангах гэж байна. Тэгэхээр энерги биеийг махаар хооллож, архиар ундалж, тамхиар утаж хөгжүүлэхгүй нь энгийн хүн бүрд ойлгомжтой. Зөвхөн бясалгалаар л хооллоно.  Яагаад цагаан хоол хэрэглэдэг вэ гэхээр бясалгуулах тэрхүү энерги биеийн болон физик биеийн цахилгаан-соронзон талбайг цэвэрлэх явдал юм. Нөгөөтэйгүүр 30-40 хувийн физик биедээ таарсан одоогийнхоос даруй 70% бага хэмжээний хоол нь цагаан хоол байх ёстой. Тархины хөгжил бол хүний хөгжил биш. Биеийн 70 хувийг эзэлдэг энергийн хөгжил л хүний хөгжлийг тодорхойлно. Ингэж хөгжсөн олон хүнийг бид харамсалтай нь олж хардаггүй. Бурхан Багш, Исус Христийг мэдэхгүй хүнгүй. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай байна. Тэднийг бид хий хоосон бурханчилж шүтэхээс биш энерги биеэ өөд татсанаар хүн бүр хөгжлийн энэ төвшинд  хүрч болно гэдгийг ойлгодоггүй.

-Хоолны тухай яриа маань эцэстээ бясалгал руу орчихлоо.  Бясалгал гэдэг чухамдаа хүний хөгжилтэй холбоотой ойлголт юм байна. Тэгэхээр яриа маань хоолноос хүн рүү шилжиж байна гэж ойлгож болох нь ээ?

-Бясалгал бол хүн дотоодынхоо мөн чанарыг нээж олох арга. Америкийн холбооны компани ажилчдаа өдөрт 15 минут бясалгуулахад хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгджээ. Зүүн тархи бүх ажлын 70 хувийг, баруун тархи 30 орчмыг бүтээдэг. Гэтэл америкийн эрдэмтэд бясалгалаар хоёр тал тархийг синхрон ажиллуулаад зогсохгүй асар их бүтээмж гаргаж болохыг судалжээ. Бясалгалын бясалгалын хүчээр дотоод мөн чанараа нээж олсны ачаар тархины ажиллагаа сайжирна. Бясалгалаар өөрийгөө хөгжүүлэх энергийн есөн төвшин бий. Нэгдүгээр төвшинг давъя гэвэл зуу гаруй энергийн хэлбэлзлийн төвшинд ухамсраа хөгжүүлэх ёстой. Ингэснээр физик биед хоёр хромосом нэмэгдсэний дайтай үр дүн гарах бөгөөд хүний авьяас билэг нээгдэнэ. Ингэхээр тархи маань бас үр дүнг нь хүртэж байна гэсэн үг. Угтаа бол ухамсар буюу оюун санааны бие маань хөгжиж, илрэл нь махан бодь дээр гарч байгаа юм. Ерөөс бүх зүйл энергийн төвшнөөрөө л ялгарна. Энэ нь хөгжлийн төвшин гэсэн үг. Өөр ялгаа бидэнд байхгүй.  Чи сэтгүүлч, би шинжлэх ухааны доктор гэдгээр ялгарахгүй.

-Эцэст  нь хоолзүйн шинжлэх ухаан 180 градус эргэсэн энэ үед  хүн ямар шат дарааллаар зөв хооллож сурах вэ?

-Дээр хэлсэнчлэн муу, сайн хоол гэж байхгүй. Махбодийнхоо энергийн онцлогт тохируулж, мөн хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолын баримтлалаар л хүн, өвчин, цаг улирал, хоолыг хамтад нь авч үзэ хооллоно. Энэ огт түвэггүй зүйл. Одоо хоёул үг олдож, үхэр холдсон хойно  гавьтай юу ярих вэ.  Нэг мөр ингэж тэгэж хоолло гэх хэцүү. Нийт хүмүүст хамааралтай зүйл бол цагаан хоол. Одоогийн цагаан хоол нь шар буурцгийн бүтээгдхүүнд суурилсан, эрүүл мэндийн маш сонирхолтой программ юм.  Шар буурцаг нь мах, сүүнээс 3-7 дахин их уурагтай, тэр нь тэдгээрийнхтэй адил төгс чанартай, харин мах, сүүнээс 3-4 дахин хурдан шингэцтэй.  Сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфорыг 2 дахин, төмрийг махныхтай адил хэмжээгээр агуулдаг хирнээ 100 граммдаа 200 мг хүртэл изофлавин хэмэээх антиоксидант буюу исэлдэл хориглогч бодис агуулдаг гайхамшигт хүнс гэж ойлгох хэрэгтэй. Бүх насныхны хүнсний хэрэглээ бол шар буурцгийн бүтээгдэхүүн байгаа юм. Манайханд мэдэхгүй юмаараа мэдэмхийрдэг нэг айхтар зан бий. Цагаан хоол муу л гэнэ. Монголчууд махгүй бол үхнэ л гэнэ. Үргүй болдог, нялхасын өсөлт зогсдог л гэнэ. Ийм цуурхалыг бүү тоо. Би биеэрээ энэ л хоолны мэргэжилтэн байна. Хаана юу болж байгааг би харж мэдэж байна. Бас миний өвчтнүүд шар буурцгийн хоолоор ямар болж байгааг мэднэ. Өнгөрсөн хавар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хамтран 4-5 жил шар буурцгийн цагаан хоолоор хоолосон, 45-аас дээш насны 67 хүмүүст судалгаа хийхэд 2 нь судасны багахан өөрчлөлттэй, бусад цоо эрүүл дүн гарсан. Тэдний ихэнх нь өмнө нь хүндхэн өвдөж байсан хүмүүс байсан шүү. Цагаан хоолтон махан хоолтноос зүрхний өвчнөөр өвчлөх нь 95% бага, мөн мах хэрэглэдэг 17 үндэстний дотор 15-д нь хавдрын өвчин өрнөлтэй байсан бол мах бага хэрэглэдэг болон цагаан хоолтой 35 үндэстэнд хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиол байгаагүй гэсэн америкийн эрдэмтдийн судалгаа бий.

Хоолны талаарх буруу программ, мэдлэг л биднийг алж байна. Шинжлэх ухааны нэр зээлдсэн аахар шаахар мэдлэг хүн төрөлхтөнийг бүр ч гайтуулж байна. Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(9 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.