БНМАУ-Д ХӨНГӨН, ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ


БНМАУ-Д ХӨНГӨН, ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН

САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙН

 БАЯРЫН ХУРЛЫН ИЛТГЭЛ

 

Илтгэгч: Ойг зохион байгуулах комиссын дарга,

БНМАУ-ын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн

ерөнхий захирал Г.Лхагваа

Хүндэт нөхөд өө!

 

Манай оронд улс төр, нийгэм, эдийн засгийн  өөрчлөлт, шинэчлэлт эргэлт буцалтгүй  болж, ардчиллын нөхцөлд амьдарч хөдөлмөрлөх таатай боломж бүрдсэн энэ үед бид БНМАУ-д  хөнгөн, хүнсний  аж үйлдвэр  үүсч хөгжсөн 60 жилийн түүхийн цомгийг дэлгэн харж байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт ажилчин, ажилтан, инженер-техникчид болон энд хуран чуулж буй хүндэт зочид,  төлөөлөгч та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, хүн зоноо гэсэн чин сэтгэл, ариун хөдөлмөрийн эздэд гүн хүндэтгэл, талархал илэрхийлэхийг хүлээн авч соёрхоно уу.

Үндэсний аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэхэд чиглэсэн манай орны төр, засгийн бодлогын үндэс нь анхалж хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт соёолон бэхжиж, улмаар эдгээр салбарын хамт олон манай орны ажилчин ангийн ууган нь болж бойжсон нь бидний туйлын бахархал билээ. Аж үйлдвэр, ажилчин анги, инженер- техникийн боловсон хүчний ямар ч өв уламжлал байгаагүй, хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүй, дундад зууны үеийн хоцрогдол ноёлсон Монгол оронд  үндэсний аж үйлдвэрийг бий болгох нь мэдээж амар хялбар байгаагүй ээ. Энэхүү бэрхшээлийг чадан ядан гэтэлж, аажим боловч  урагшилсан  он жилүүдийн түүхийн цомог нь амжилт ололт, алдаа эндэгдлийн аль  алиныг багтаажээ.  

1924 он Улаанбаатар хотноо мал нядалгааны газрыг жилд 200 мянган гогцоо өлөн гэдэс ашиглах, 1000 шахам пүү саван, 200 шахам пүү хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах хүч чадалтай болгож, архины онц эрхийг улсын мэдэлд аван 1930 оны эхээр Улаанбаатарт арьс, шир, ноос боловсруулах хэд хэдэн фабрик, завод бүхий аж үйлдвэрийн комбинат, Хатгалын ноос угаах үйлдвэр, Төмрийн завод зэрэг үйлдвэрүүдийг барьж байгуулснаар хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн тулгын чулууг тулж, манай орны аж үйлдвэрийн ууган салбар гал голомтоо бадраасан юм.

Дотоод, гадаад нөхцөл байдал эх орон, хүн ардад маань түүхэн бэрхийг тулгасан гуч, дөчөөд оны хамгийн хэцүү, айхавтар тулгамдсан он жилүүдэд ч шинэ залуу ажилчин ангийн маань  гарыг цэрэг арми, хөдөлмөрчин олон цөм харж хүлээж байсан билээ.

Шинэ залуу ажилчин анги маань 1940 он хүртэл  тавхан жилд хоол хүнс, хувцас, хэрэглээний зүйлийн үйлдвэрлэлийг даруй 1.5-2.9 дахин нэмэгдүүлж ард түмнийхээ итгэлийг дааж чадахаа харуулсан юм.

Хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн цагаас үндэсний боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд улсаас ихээхэн анхаарч байсны үрээр мэргэжлийн гэгдэх салбарын бүхэл бүтэн армийг бүрдүүлж чадсан нь урагштай бүхний уг сурвалж болсон билээ. Дэлхийн дайны сүүдрээс үүссэн үлэмж хохирлыг даван туулж хөгжлийн хоцрогдлыг  арилгах, сэргээн босголтын их хөдөлмөр өрнөсөн дөч, тавин онд манай ажилчид унтах нойр, идэх өмсөхөө хязгаарлан, өөрийгөө мартаж, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэн жинхэнэ эх оронч, баатарлагаар хөдөлмөрлөж  байж ширээж хатаасан ган шиг хатуужсан билээ.

Дэлхийн II дайны эхний жилүүдэд Улаанбаатарын ноос угаах болон шүдэнзний үйлдвэр, спирт, пивоны заводыг шинээр байгуулж, Алтанбулагийн  булигаар, Ерөөгийн модны завод зэргийг өргөтгөн шинэчлэсний дээр Улаанбаатарын мах комбинатыг 1943 онд барьж эхлэн 1946 онд ашиглалтанд оруулжээ. Энэ бүхэнд ЗХУ-ын тусламж   шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Ингэж хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1945 онд 1940 оныхоос 1.4-4.3 дахин өссөн байна.

Бүтээн босголтын урам зориг нь улмаар туршлага болон өсөж бойжсон хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын хамт олны хөл дөрөөнд, гар ганзганд хүрсний жишээ гэвэл анхдугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг амжилттай биелүүлж 1952 оныг 1947 онтой харьцуулахад гэрийн эсгий 124.4 хувь, хром, шевро, гутал 126.9 хувь, том шир 102.5 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 177.8 хувь, цөцгийн тос 205.3 хувь, загас 5.4 дахин, давс 8.4 дахин, спирт 5.3 дахин, пиво үйлдвэрлэлтийг 3.5 дахин нэмэгдүүлсэн явдал юм. Улсын аж үйлдвэрийн хэмжээгээр 1930-1940 онд хөрөнгө оруулалт 13 сая гаруйхан төгрөг байсан бол 1958-1960 онд зөвхөн хөнгөн, хүнсний аж үйлдвэрт гэхэд л 847 сая төгрөг болж, 1960-1965 онд хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн  үндсэн фонд бараг 2 дахин өссөн байна.

Манай улс болон ЗХУ, социалист  бусад  орнуудтай хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт тогтоосон хамтын ажиллагаа, эдгээр орноос үзүүлсэн техник - эдийн засгийн туслалцаа нь өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэр төрөл, чанарыг сайжруулахад чухал хүчин зүйл болсон юм. Хөнгөн, хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэснээс хойших 10 жилийн хугацаанд салбарын хамт олны бүтээлч сэтгэлгээ, тууштай хөдөлмөрийн үр шим шингэсэн олон үйлдвэр эх орны маань энд тэндгүй хана шийрлэж хаяа тэлсний дотор Эрдэнэт, Дорнодын хивсний комбинат, Улиастай, Сайншанд хотын мах боловсруулах үйлдвэр, Эрдэнэт хот болон 10 аймгийн төвд байгуулсан хүнсний үйлдвэрүүд нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, орон нутгийн хүнсний хангамжийг сайжруулах талаар авсан арга хэмжээний нэг хэсэг болсон юм. Мөн түүнчилэн Үслэг эдлэлийн үйлдвэр, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Талх, чихрийн комбинат, Сүүний үйлдвэр, хуурай сүү, сав баглаа боодлын цехийг Улаанбаатар хотод, зарим сум, суурин газрууд, нийслэлийн дүүргүүдэд талх, боов, ундаа, хиам, үйлдвэрлэх жижиг цехүүдийг байгуулав. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын Хивсний үйлдвэр, Ноосон нэхмэлийн үйлдвэр, Сынүлжмэлийн нэгдүгээр үйлдвэр, Улаанбаатар мах, консервийн болон Зүүнхараагийн хүнсний комбинат, Талхны нэгдүгээр үйлдвэр, Гурилын зарим үйлдвэрийн өргөтгөл болон хуучин сүүний үйлдвэрийг хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр болгох техникийн шинэчлэлт, Архи, пивоны комбинатын ундааны шугам, сүү хүлээн авах тасгүуудын тоног төхөөрөмжийг солих зэргээр техник-технологийн ихээхэн ажил хийгдлээ.

Өнөөдөр бид бүх төрлийн ноосны 80 гаруй хувийг, бэлтгэлийн арьс ширийг үндсэнд нь бүрэн боловсруулах хүч чадлыг бий болгосноор арван жилийн тэртээд дэвшүүсэн зорилтоо хэрэгжүүлэв.

Одоо ямаа, тэмээний ноосон болон зөөлөн савхин эдлэлийн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн шаардлагыг хангаж, эрэлт хэрэгцээ нь өссөөр байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарт жил тутам олон арван нэр төрлийн бүтээгдэхүүний жор орцын норм, стандарт, техникийн нөхцлийг шинэчилж, бүтээгдэхүүний 60 гаруй хувийг шинэчилсэн жор, технологиор үйлдвэрлэж, чанарын нэгдүгээр ангийн бүтээгдэхүүний таваарын бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин бараг 2 дахин өсчээ. Одоо хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбар улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Бид туулж өнгөрүүлсэн замаа эргэн харахдаа ахмад үеийн маань эр зориг, хичээл зүтгэл, чин сэтгэл шингэсэн бүхнийг бишрэн хүндэлж, хөнгөн, хүнсний аж үйлдвэрийг үүсгэлцэн, хүн ардынхаа тусын тулд салбарын хөгжлийг дэмнэлцэн урагшлуулж явсан ахмадуудынхаа халааг нэр төртэй залгамжилж, тэдний бүтээж амжаагүйг гүйцээж, дутууг нь дүүргэж дулимгийг нь залруулах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг ногдож байгааг гүнээ ухамсарлаж байна. Манай орны түүхийн тодорхой үе шатанд бий болсон бэрхшээл, гажуудал, ээдрээ нь хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарыг тойрч өнгөрөөгүй бөгөөд захиргаадалтын үеийн алдаа завхрал сүүдрээ үлдээсэн билээ. Бидэнд үйлдвэр хөгжүүлэх туршлага бага байсан хийгээд тухайн цагийн өнгө аяс, түүхийн хүрдийн эргүүлэгт автан тэр бүр бие даасан бодлого баримталж чадаагүйгээс үйлдвэр, аж ахуйн газрыг байгуулахдаа монгол орны өвөрмөц байдлыг тэр болгон харгалзаж үзэлгүй, үйлдвэрийн хашаанаас гаднах аливаа зардал, онцлогийг үл харгалзсан дутуу дулимаг тооцоогоор биеэ хуурч, аль болохоор төвлөрүүлэх, зээлийн хөрөнгөнд шүтэн бэлэнчлэх бодлого баримтлан хэт том үйлдвэр байгуулах шохоорхолд автаж энэ нь сүүлдээ үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулахад хүргэсэн байна. Зарим үйлдвэр, аж ахуйн газрууд маань бие дааж ажиллах чадваргүй болтлоо хөрөнгө, санхүүгийн туслалцаа, улсын гар харж сурчхаад төлөвлөгөөт даалгаврыг тооны үзүүлэлтээр хангах зорилтыг урьдал болгодог байснаас бүтээгдэхүүний чанар сайжруулах, нэр төрөл олшруулах талаар тавьсан зорилт туйлын хангалтгүй байгааг та бид сайн мэдэж байгаа. Нөгөө талаар дээрээс зааж зааварладаг буруу арга барил нь та биднийг хүлцэнгүй харж суугчид болгон номхотгож, идэвхгүй, арчаагүй цаашилбал оюун санааны зогсонги байдалд ортол мохоосон, бид ч өөрсдөө зоригтой, дайчин, шийдэмгий ажиллаж чадааүй нь одоо юугаар ч нөхөж баршгүй хохирол амсахад хүргэж байна. Захиргаадалтын үеийн туйлдаж  хөшсөн нийгэм- эдийн засгийн удирдлагын буруу арга барил нь бүхнийг чөдөрлөж дөнгөлөөд зогсоогүй бүр завхруулж амжсан бөгөөд эдийн засгийн болхи дорой  механизм, тус болхоосоо ус болох нь илүүтэй элдвийн хууль дүрэм заавар зэрэг нь үйлдвэр, аж  ахуйн газрын бие даан ажиллах санаачилга, шаардлагыг бүрэн хааж  боож, бүтээгч хамт олныг бүхэлд нь хориглолтонд оруулсан билээ.

“Улсын”, “Социалист” гэсэн сүржин тодотголтой, үнэн хэрэг дээрээ хэний ч бус, хямгадаж  хамгаалах өөрийн гэх оносон эзэнгүй хөөрхий өмч бидний гүжирмэг гарын аяыг даагаагүй бөгөөд  “дайчин шахуу” гэгдэх цаасан дээр цовхочсоор шооны нүх шиг дураараа буудаг “төлөвлөгөө” гээчийн хойноос хүнтэйгээ хамт хөөцөлдсөөр элэгдэж дуусч байв. Түүхэн хөгжлийн явцад  гарсан  алдаа дутагдал нь тухайн нөхцөл байдал, МАХН-д гарч байсан сөрөг үзэгдлүүдтэй холбоотой хэдий ч аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарыг үүсгэн хөгжүүлэхэд МАХН-ын гүйцэтгэсэн үүргийг манай ажилчин анги зүй ёсоор үнэлж үзэх нь дамжиггүй. Өөрчлөн байгуулалт манай оронд эрч далайцтай явагдаж, улс төрийн нам, эвсэл, холбоонд шинээр бий болон, эх орныхоо хөгжилт цэцэглэлтийн төлөө ухааны цэцээ уралдуулж,  нэгэн үзүүрт сэтгэлээр сайн сайхан ирээдүй руу тэмүүлж байгаа сайн цагийн аясыг бид зөвхөн аялдан дагах бус, энэ их үйл хэрэгт хүч, оюунаа сорих зориг шулуун, эрмэлзэл төгс байна. Ийм ч учраас ажилчин ангийн эрх ашигт нийцсэн аливаа үүсгэл санаачилгыг бид дэмжих болно. Өнөөдөр бид хөнгөн, хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэхдээ туулж өнгөрүүлсэн замнал, хийж бүтээсэн зүйлээ дэвэргэн магтах гэсэнгүй, харин оршиж буй алдаа дутагдалд бодитой дүгнэлт өгч шүүмжлэлтэй  хандан, өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн салбарын хөгжлийн хэтийн төлвийг шинжлэх ухааны үндэслтэй нарийн нягт тооцож, тодорхой чиглэлтэй ажиллах шаардлагатай тулгарч байна. Манай орон нэг хүнд ногдох газар нутаг, мал, баялгаараа бусдаас дутах юмгүй ч бидний удирдлага, зохион байгуулалтын муугаас хөдөлмөрчдийг мах, сүүн бүтээгдэхүүнээр гачигдуулсаар байна. Аж үйлдвэрийн бараа, савхин болон нэхий эдлэл, дээл, хувцас малгай, гэрийн бүрээс зэрэг өргөн хэрэглээний бараа ховор хомс хэвээр байна. Үүний хамт үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүн маань чанарын хувьд хөдөлмөрчдийн таашаалыг хүлээж чадаагүй, ховрын эрхээр борлодгийг ч нуух газаргүй юм. Зарим төрлийн савхин ба ноолууран эдлэлийг эс тооцвол зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үндсэндээ байхгүй байна гэж хэлж болно.  Улс орон маань зах зээлийн эдийн засагт шилжих нэн хариуцлагатай үед тулж ирээд  байна. Шилжилтийн ийм үед юуны өмнө техник, технологийн хоцрогдолд орсон олон үйлдвэр бидний сэтгэлийг түгшээж байна. Түүхий эд, үндсэн, туслах, материал, сэлбэг хэрэгслийн үнийн өсөлтийг дааж чадахгүй алдагдалд орж хаагдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нь чанар зах зээлд өрсөлдөх чадваргүйгээс эдийн засгийн хувьд мөхөсдөж туйлдах тийм үйлдвэрүүдийн лайг хэндээ үүрүүлэх билээ. Ийм л шалтгаанаар олон зуун жирийн ажилчин ажилгүйдэж,  амжиргааны нь хэм  хэмжээ алдагдаж, нийгэмд нэмэлт бухимдал бий болох сөрөг үзэгдэл нэгэнт бодит зүйл болоод байна. Ажилчин хүн найдвартай ажлын байр, амьдралын түвшний баталгаагүй байгаа нь өнөөдрийн хамгийн эмзэг асуудлын нэг гэж үзэх ёстой. Энэ нь хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын үндсэн эрх ашгийг хөндөж байгаа учраас үүнийг бид үйл ажиллагааныхаа онцгой чиглэл гэж үзвээс зохино. Хөнгөн, хүнсний зарим  үйлдвэрлэлийг мухардлаас гаргах, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг хэсэгчлэн шийдэхээс эхлээд зах зээлийн нөхцөлд зохицох төдийгүй бие даасан чадварлаг ажиллагаанд түргэн сурч, бүр байнгын хэвшил болгож  эзэмших хүртэл олон шинэ зорилтыг хойшлуулалгүй шийдэхийг цаг үе бидэнд тулгаж байна.

Цагийн ийм  эргүүлгэнд овсгоо самбаа, мэдлэг мэргэжил, чадвар цөм уралдах бөгөөд уралдаан одоо л жинхэнэ утгаараа илрэн гарч  байна. Уралдах чадвартай тэр хүн, тэр хамт олон, тэр үйлдвэр л амьдрах чадвартай байх болно. Уралдаан биднээс урьд хождынх шиг цаас,  амлалт шаардахгүй, харин амилсан бүтээл, ард түмнээр үнэлэгдэх бүтээгдэхүүн, яс чанар шаардаж байна. Харамсалтай нь хирийн юманд амар хялбар цочихоо больчихсон бидний хэт амирлангуй байдал, оюун санааны түгжигдэл нь хаяа түшиж хаалга балбаж байгаа зах зээлийн эдийн засгийн харанга дохиог хүлээж авахад нэг талаар нууц  “гох дэгээ” болж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ нь бас олон үйлдвэрт ажилчдын өөрсдийн нь зүй ёсны шаардлагаар илэрч байгаа юм. Үйлдвэр, хамт олны  бие даасан үйл ажиллагааг туйлын зорилт болгохгүй бол, тэдгээр нь зах зээлд өөрийн гэсэн бие даасан бодлого явуулж чадахгүй бол, хүн бүр өөрийгээ өөрчилж ажиллахгүй бол нь бид өөрсдийгээ шуудхан шинэ цагийн гологдол болгож орхино. Амьжиргааны ийм чадварыг бид өөр хаанаас ч биш өөрөөсөө л хайж олох ёстой болж байна. Удирдлагын зоригтой өөрчлөлтийг тунхагласаар чамлалтгүй хугацаа өнгөрсөн хэдий ч үр дүн нь ил харагдах үйлдвэр, аж ахуйн газар харамсалтай цөөн байна. Эн түрүүнд үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг доривтой өөрчлөн сайжруулахгүйгээр, гарын тойм, нүдний баримжаагаар үйлдвэрлэл явуулж, сургаар хөтөлж удирддаг муу зуршлыг халж  шинжлэх ухааны удирдлагад зоригтой шилжихгүйгээр үйлдвэрлэлд өөрт нь өөрчлөн байгуулалт явагдах боломжгүйг мэдвэл зохилтой.

Хөгжсөн орны туршлагыг ажвал, хөөрцөглөн давхиж, уралдан ярьж, онолдон цэцэрхэхэд бус харин алдаснаа онож харж,  ажлаа олж хийхийг эрхэмлэх бус уу. Тэгвэл бид үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг бүх шатанд орхигдуулснаар бүтээгдэхүүний чанарыг баллаж тавьчхаад эцэст нь энэ бурууг техник, технологийн хоцрогдолд, болмооргүй бол нь нийгмийнхээ гажуудалд бүрэн чихэж орхиод амиа хаацайлж суух нь үнэнд яав ч нийцэхгүй.

Бид ийнхүү өөрт бэлэн байгаа материалын болон оюуны нөөц бололцоогоо дэмий, арчаагүй хязгаарлаж орхиод бусдын гар харсан бэлэнчлэх сэтгэлгээнд бузгай нэрвэгдсэн нь өнөөдрийн түгжигдмэл байдлын нэг гол шалтгаан болж байна. Зүйрлэвэл энэ нь үүцээ задлан идэж зориглохгүй хуршааж суухаас юуны өөр вэ. Төлөвлөгөөнд шахагдан амь тэмцэхдээ технологийн горимыг бусниулж, хугацааг саан улмаар хийсвэр бүтээмж буюу чанаргүй нэмүү бүтээгдэхүүн  бий болгох талаар тэргүүн туршлагын гэрчилгээг бидэнд бүгдэд нь олгож болох байхаа. Гэтэл бид ийм алдаагаа засаж залруулахыг бодохын оронд азийн барын мөрөөсөлд умбаж, дээгүүр санаж хийрхээд дэргэдэхээ мартахыг цээрлүүштэй байна. Манай үйлдвэрүүдийн техник, технологийн хувьд гэвэл нэлээд нь цагийн шаардлага, гарын аяа даахаа байсан нь үнэн. Бид техник, технологийн шинэчлэлтийг хичнээн түргэн хийж чадвал өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хангамж, чанарыг төчнөөн түргэн өөрчилж, улмаар дэлхийн түвшинд хүргэж чадна. Ийм болохоор өрнөдийн техник, технологид шүтэх, гадаадын хөрөнгө оруулалтанд түшиглэх шаардлага заавал гарна. Харин техникийн бодлого явуулахдаа нэг үе амны уншлага болж байсан өнөөх өндөр хүч чадалтай орчин үеийнхээсээ аль болох татгалзаж өөрийн нөхцөлд тохирсон бага, дунд хүч чадалтай авсаархныг илүүд үзэх шаардлага  бий болж байна. Ерөөс хөнгөн, хүнсний боловсруулах үйлдвэрийн авсаархан хүч чадлыг түүхий  эдэд нь, хэрэглэгчдэд нь ойртуулах, өөрөөр хэлбэл сум, бригад, суурьт хүргэхийг эрмэлзэх болно. Энэ нь хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хандлагыг үндсэнд нь тодорхойлж байгаа юм. Манай үйлдвэрүүдэд бий болсон томсгох доривтой сэтгэлгээ, үрэлгэн ажиллагааны үр дагавар болсон том цэлгэр байр сав, том мундаг техник гэхчилэн өртгөөр зодож үйлдвэрлэл явуулах арга барил ноёрхож улмаар үйлдвэрлэлийн идэвхитэй хэсэг буурсныг хойшдын үйлдвэрлэл, зохион байгуулалтанд онцгой анхаарах ёстой. Юухныг ч болов ашиглаж авсаархан үйлдвэрлэл ажиллуулчхаж  сурах нь юу юунаас чухал байна. Үйлдвэрлэл зохион байгуулалтад сэтгэлгээний ийм нааштай өөрчлөлт ялангуяа хоршооллын чиглэлээр идэвхжиж байгаа нь баярлууштай хэрэг юм. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт өмчийн олон хэлбэрийг хослуулан, хоршооллын болон хувийн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болох ёстой. Бид хүн ардынхаа тусын тулд хийж бүтээж байгаа бүхнийг талархан дэмжээд зогсохгүй ахмад үйлдвэрүүд маань өрсөлдөгчөө бий болгож, олон жил ноёрхсон өөрийн монополиос татгалзаж, алдаа дутагдлын сургамж, амжилт ололтын туршлагаа шинэ тутам үүсч байгаа дүү үйлдвэртэйгээ ний нуугүй хуваалцаж, тэдэнд тусалж ажиллах шаардлагатай байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нэг гол чиглэл нь хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал мөн. Энд нэгэнт байгаа хүч чадлаа чадварлаг ашиглахын зэрэгцээ гадаадын техник, технологийн дэмжлэг авч асуудлыг шийдэх чиглэл давамгайлах ёстой гэж үзэж байна. Зах зээлийн эдийн засагт шилжих эхний бэлтгэл ажил болгож нэгдэл, комбинатын доторхи үйлдвэрүүд болон үйлдвэрийн доторхи цех, тасгийг бие даалгах чиглэлээр шуурхай ажиллах шаардлагатай байна. Ингэж үйлдвэрлэлийг аль болох хэсэгчлэн задалж бие даалган, өмчийг эзэмшигчдэд ойртуулахгүйгээр, аж ахуйн ажлыг өөрсдийн нь нуруунд зоригтой үүрүүлж өгөхгүйгээр дээшээ харж нэхэж шаардахыг эрхэм болгодог суумгай сэтгэлгээг халж чадахгүйд хүрнэ.

Өмч задлах тухайд бол өмч эзэмшигч нь эхэлж тухайн үйлдвэрлэл, хэсэгт ажиллагч хүн өөрөө байх ёстой гэдэг үзэл баримтлалыг бид бүрэн дэмжиж байна. Харин ашиггүй үйлдвэрлэл хувь хүнд орчуутаа ашигтай болчихдог тухай гэнэхэн ойлголт хэт давамгайлвал ашиггүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс шууд хасах замаар хэрэгцээг хохироож “ашигтай” ажиллахад хүргэдгийг бодолцох ёстой. Ийм байдлыг гагцхүү урамшууллын хөшүүргээр засаж болдгийг зах зээл хөгжсөн орнуудын туршлага харуулж байна. Ер нь өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг оновчтой бодож олсон эдийн засгийн урамшууллаар  л өөд татаж чадна. Зах зээлийн харилцаанд шилжихэд бидний гол анхаарах, магадгүй бараг цаг алдаад байгаа нэг чухал зүйл маань хүнээ, ажилчнаа, инженэрээ, эдийн засагчаа бэлтгэх асуудал юм. Одоогийн нөхцөлд үйлдвэрлэлийг бие даан удирдаж чадах хүн хуруу дарам цөөн байна. Энэ ажлыг удирдлага, ажилтнууд, ажилчид гэх мэт тодорхой дэс дараалалтайгаар  ойрын хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай юм. Энэгүйгээр бид ямар ч ахиц дэвшилд хүрэхгүй, харин ч үйлдвэрлэлээ дампууралд оруулж мэдэх юм.

Нөхөд өө!

Эх орныхоо нэн хариуцлагатай хэсэгт ажиллаж байгаа манай ажилчин ангийн ууган хэсэг болох хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хамт олны ухамсартай бүтээлч үйл ажиллагаа нь хүн ардынхаа өдөр тутмын амьдралын нүүр царайг нэлээд хэмжээгээр тодорхойлж байна.

Бидний ажлын алдаа, онооны аль нь ч хөдөлмөрчдийн маань бухимдал, эсвэл талархлаар илэрхийлэгдэж байдгийг манай хамт олон гүнээ ухамсарлаж, ажил үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, чанарыг дээшлүүлэх зорилтоо нэр төртэй биелүүлэх нь чухал байна. Зах зээлд шилжих дуулиантай, сэтгэлийн хөөрөл ихтэй, алдаж онож ч мэдэх энэ үед аль болох монгол хүний уужуу тайвуу, ухаалаг, хүлээцтэй хэв төрхөө эрхэмлэж ажиллах нь чухал  байна. Үйлдвэрийнхээ  хувь заяаг өөрсдийн гарт хэрхэн баттай байлгаж, ирээдүйг нь хэрхэн яаж шийдэхийг та бидний хамтын оюун ухаан мэднэ. Бидний алгуурласан хором бүр нийгэмдээ хохирол авчирч, чанаргүй бүтээл, сэтгэлгүй үйлдэл  бүхэн улсынхаа хөгжилд саад тотгор болох нь дамжиггүй. Бидний сууригүй гишгэж хальтрахын тоогоор эх орон маань дайваж, хөгжлийн суурь муутай эдийн засаг нь доголдох юм шүү гэж ухаарч байвал энэ нь чухамхүү бүтээлч эх оронч сэтгэлгээ болох биз ээ. Улс орноо бид гагцхүү өөрийнхээ гараар, бяр тэнхээ, хүч хөдөлмөрөөр, оюун ухаанаар өөд татах учиртай болохоор, гаднаас хэн нэгэн зочин сэтгэл зовнин давхиж ирээд бидний дутуу үлдээснийг гүйцээж, эхлээгүй алгуурласныг амжуулж өгөхгүй нь мэдээж болохоор, бид өөрсдийгээ хэнд ч лаахайдаж орхих боломжгүй  учраас эх орон маань надгүйгээ,р би өөрөө Монгол оронгүйгээр хэцүүдэх юм шүү гэж эмзэглэн бодож, түүнийгээ ажил болгож байвал хариуцлагатай байгаагийн шинж мөн. Ардын хувьсгал маань далан настайгаа золгох түүхэн үйл явдлын хувь тавилан бүрдсэн хонин жил буюу 1991 он та бидэнд амжилт, баяр, аз жаргал бэлэгдэн хүлээж байна. Эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, хүн ардынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх эрхэм үйлстээ улам их амжилт олохыг хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт хамт олонд хүсэн ерөөе.

Төрөлх Монгол оронд маань сайн сайхан бүхэн арвижин дэлгэрч, айл өрх бүр аз жаргал түвшин, энх амгалан байх болтугай.                         



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.