ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ


“ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ” ОНОЛЫН БАГА ХУРАЛ

 

Илтгэгч: БНМАУ-ын Хүнсний үйлдвэрийн

нэгтгэлийн  ерөнхий захирал Г. Лхагваа

1991.05.17

 

Хүнсний хангамж, түүнийг тойрсон асуудлууд сэтгэл ихээхэн зовоож буйг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. 

Хүнсний хангамжийг сайжруулах асуудал нь юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй болгон үйлдвэрлэлийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг импортын хараат байдлаас гаргах, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн зохистой бодлого явуулах, үйлдвэрлэлийг жижигрүүлэх, задлах, хувьчлах, өрсөлдөгчийг бий болгох, хэрэглэгчдэд ойртуулах, түүхий эдийг аль болох түшиглүүлэх, арвич хямгач ажиллагаанд дээд зэргээр сурах, жор орцыг боловсронгуй болгох, нэр төрлийн зохистой бодлого явуулах, үйлдвэрлэл дэх мэргэжлийн удирдлагыг зохих түвшинд зохион байгуулах, үйлдвэрлэл-тээвэр-худалдааны нэгдсэн системийг зохих ёсоор бүрдүүлэх, хөдөлмөрчдөд хэрэглээний соёл эзэмшүүлэх зэрэг олон талт цогц бодлого, үйл ажиллагааны нийлбэр юм.

Энэ бүх бодлого, үйл ажиллагаанд өнөөдөр шинжлэх ухааны үндэслэл дутагдаж, асуудалд иж бүрэн хандах дадлага үгүйлэгдэж буйгаас шалтаглан аливаа байгууллага, хүмүүсийн санаж сэрэхийн хирээр энд тэндээс нь цойлдон барьж авч алаг цоог шийдэж, энэ завсарт зарим хэсэг нь хаягдаж гээгдсээр хүнсний хангамжийн цогц систем манай оронд бүрэлдэн тогтолгүй өдий хүрлээ.

Хүнсний хангамжийн тухайд хууль зүйн хийгээд эдийн засгийн үндэс бүрэлдэж бий болоогүйгээс энэ асуудлыг нийтийн дунд дэмий хавтгайруулан цалгардуулж, үнэн хэрэгтээ сайн дурын хэрэг болгосон нь дээрх уршгийг үүдсэн гол шалтаг байж болох юм.

Ямар ч атугай манай орны хүн амын хүнсний хангамж сүрхий доголдож, 1989 оны байдлаар физиологийн нормын хангамж уургаар 87.3хувь, өөх тосоор 68.8 хувь, нүүрс усаар 86.3 хувь, нийт илчлэгээр 81 хувь болж байна. Уураг, өөх тос, нүүрс усны хэрэглээний харьцаа 1:0.7:3.5 болж байгаа нь хэрэглээнд төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, цөцгийн тос ихээр дутаж буйг харуулж байна. Дээрх хугацаанд цагаан идээ, цөцгийн тосоор хүн амын физиологийн нормын дөнгөж 46.7-48.8 хувийг хангаж байхад үнээний ердөө 50.5%, бог малын 28.6-54%, ингэний 17.9%, гүүний 34% нь саалинд хамрагдаж байна.

Хүнсний ногоо, төмс, жимс, өндөг зэрэг өдөр тутмын хэрэгцээт хүнсний зүйл физиологийн нормын дөнгөж 35.4-58.5 хувийг хангаж байна. Энэ хангамж одоо буурсаар байна. Иймээс төмс, хүнсний ногоог махаар орлуулах хандлага аяндаа бий болж байна.

Хүнсний хангамжийг сайжруулахад манай үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын хувь нэмэр багагүй байгаа ч гэсэн чиглэсэн зорилготой, алсын хараатай үйл ажиллагаа явуулах талаар бид өөрсөддөө нааштай үнэлгээ өгөх боломжгүй байна. Хүнсний үйлдвэрлэлд мэргэжлийн удирдлага байхгүй буюу эсвэл ор нэрийн төдий оронцоглож, энэ нь эцэстээ үйлдвэрлэлд шинжлэх ухааны тухай ойлголтыг бүр үгүй хийж орхиод үйлдвэрлэлийн удирдлагыг ажилчдад шилжүүлэхдээ гарын тойм, нүдний барижаагаар ажиллах зарчмыг тулган хүлээлгэж, диплом, энгэрийн тэмдэгтэй инженер, техникчид маань юмны дүн нурууг тоймлон болгоодог, цагаан халаат нөмөрсөн эргүүлийн хүн, хангамж залгуулах төдий гүйдэг нярав болчхоод байгаа нь одоо ямар ч “хувьсгал”-аар өөд татах аргагүй тийм хүнд байдалд үйлдвэрлэлийг оруулчихсан талаар бид өчигдөр нэгтгэлийн зөвлөлийн хурал дээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан.

Инженер - техникчдийн маань үндсэн хэсэг нь үйлдвэрлэлд сохроор хандахдаа зөвхөн шинжлэх ухааныг алга хийгээд зогсоогүй импортод шүтэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сүрхий оосорлогдож, нэхэх шаардах арга барил эзэмшсэн нь өнөөгийн амар бус үед улс орны байдлыг ч хүндрүүлж байгаа нь баталгаа шаардлагагүй үнэн гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ.

“Амьдрал хайр дээр тогтдог” гэж өчигдөрхөн дуулж явсан залуус маань амьдрал өнөөдөр “гурил, мах хоёр дээр тогтох” болоод байгааг ухаарах аяс мэдрэгдэж байна. Тэгвэл бид хүнсний нөөцийг нэмэгдүүлэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах асуудлыг үнэн хэрэгтээ шахалт шаардлагаар зохицуулж байснаас биш чухамдаа “хүн”, “хэрэглээ” гэдгийг чин сэтгэлээсээ ухаарч, үүнд ажлаа ягштал захируулж чадсан билүү?

Бид чинь хүний хэрэгцээний хомсдол дээр тоглож, хоол хүнсний нь гачигдлаар тохуу хийж, дутуу гуцууд нь нүдгүй тулгахдаа чанарын тухай бодохоо огт больсон юм биш биз?

Дангаар ноёрхох зарчимд хэт дулдуйдаж “манай үйлдвэр доголдвол энэ хавийнхнаар зогсохгүй улс орон даяар хэцүүдэх юм шүү” гэж эмзэглэн бодохын оронд хүнсээр тэртэй тэргүй гачигдсан хөөрхийсийн амыг асуух аястай арга барил хэвшчиж байгаа юм биш байгаа?

Улсын материал, улсын үйлдвэр, ерөөс улсын гэсэн болгоноор туйлж буйлж, өөриймсгийг гээсээр хүнийрхүү болж, өөрт нь амьдрал залгуулж буй ажлын байр нь ч сүүлдээ “хар нүднээс хөмсөг гадуур” гээч болж байгаа юм биш биз? Чимх ч болов гурил хэмнэж, үмх ч болов хоол илүү зэхэх ухаанд манай үйлдвэрүүд хир сурсан билээ?

Өнөөгийн хүнсний хангамжийн түвэгтэй байдалд олон дүгнэлт, олон хариу хайж болох боловч өөрсдийн үйл ажил, овсгоо, самбаа, оролдлого санаачлагатай холбон үзэж өөр нэгнийг чичиж заалгүйгээр өөртөө хариуцлага ногдуулаад үзэхэд юуны буруу байх билээ.

Салбарын тархи, нүд, чих болж байх ёстой эрдэм шинжилгээний байгууллагын ажилд суурь судалгаа үгүйлэгдсээр ирсний дээр үйлдвэрлэлийн гол гогцоо, амин чухал асуудал тэр бүр зохих шийдлээ олж чадахгүй байна.

Үйлдвэрлэл маань шинжлэх ухаанаар өлсөж цангахыг мэдэхгүй шахам болтлоо аж ахуйн ажилдаа түүртэн дүлий дүмбэ болоход хүрчээ. Ерөөс үйлдвэрлэл, шинжлэх ухааныг өнгөрсөн хугацаанд холбож байсан дорвитой ажил гэвэл үйлдвэрлэлийн явцуу дамжлагыг ямар нэг хэмжээгээр хөнгөвчлөх, бүтээгдэхүүнийг чанарын III ангиас яаж ийж гаргах явдал байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь түр зуурын, амь аргацаасан ажил болж, үйлдвэрлэлд ч, салбарт ч олигтой үр дүн өгсөнгүй. Энэ нь магадгүй, инситут маань үйлдвэрүүд өөрийг нь уулгалаж угтахаар, үгүйлэгдэж хайхаар ажиллаж чадаагүйтэй ч холбоотой байж болох юм. Бас нэг хэсэгтээ мөнгө хөөцөлдөхөд хүрч судалгааны ажлын чанарт нөлөөлсөн тал ч байж болох юм. Ямар ч гэсэн үйлдвэрлэл, шинжлэх ухаан хоёр манай салбарт нэг дор оршин тогтнож чадаагүй, дор хаяад бие биеэ үгүйлж, хүсч хүлээж байдаг тийм эрэлт хэрэгцээ хараахан бүрэн бий болоогүй байна. Энэ бол бидний ажлын бас л нэг өрөөсгөл тал, өөр хэнтэй ч хуваалцах ёсгүй салбарын хувийн дутагдал юм. Дээр нь сургалтыг нэмж нэрлэх учиртай.

Одоо шинжлэх ухааны сэдэвт ажлыг төслийн хэлбэрээр гүйцэтгэж, тухайн асуудлыг иж бүрэн боловсруулах болж байгаа нь ялангуяа салбарын суурь судалгааг хөгжүүлэх таатай боломж бүрдүүлж байна. Энэхүү төслийн ажил нь эн түрүүнд түүхий эдийн судалгаанд чиглэх ёстой. Боловсруулах гэж буй зүйлээ таньж мэдсэнийхээ хирээр хэрхэн боловсруулах тухай асуудлыг шатлан шийдвэрлэж чадах юм. Ингэсэн цагт л импортоор олж авсан технологийн сэтгэлгээнээсээ аажим салж болох юм. Гэвч бэлэнчилж сурчихсан мань мэтэд импортын сэтгэлгээ нүүрлэчихсэнийг залруулахад онолын судалгаа дутаад чадахаа байсан гэвэл үнэндээ өрөөсгөл болно. Орц нь гурилтайгаа тэнцэх шахсан элсэн чихрийг багасгах гэвэл ердөө амсаж үзэх л төдий санаачлага хэрэгтэй бус уу. Гэтэл бидний бодлогогүй үйл ажиллагаа нь монгол хүний амт таашаах чанарыг бүрмөсөн өөрчилж тавьчхаад, элсэн чихрээс өөрийг амт гэж мэдрэхгүй болгочихсон төдийгүй чихэр шижин, тарга  гээд олон өвчнийг бид Монгол оронд хүнсээр дамжуулж өдөөсөн байна шүү дээ.

Талхны төмөр хэвийг ширмээр сольчихвол олон арван тонн ургамлын тос, бас чамгүй их ажиллагааны зардал, ариун цэвэр хожихсон. Гурилын балбурамыг сэрүүнд нь, төмснийхийг дулааны улиралд хэрэглэвэл чихрийн чанарт сайн нөлөөлөх таамаг бий. Махыг хадгалах, автомашинаар тээхдээ Монгол орон маань цасаар баяныг ухаарвал хорогдлыг бууруулах монгол сэтгэлгээ нь европ технологийг баяжуулахсан.

Зуухандаа хатаж буй боов, камертаа мартагдан ууршиж буй хиамны агаарт дэгдэх чийгний дусал бүрийг гурил, махаар орлуулан нөхөхийг ухаарахад онолын судалгаа заавал дутагдах юм гэж үү. Дээр дурдсан төслүүдийн хүрээнд салбарын нэлээд гол шийдвэрлэх асуудлууд хамрагдах боловч үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг туршилт шинжилгээний түвшинд хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Энэ талаар үйлдвэр, институтийн хооронд туйлын сайн тохиролцоо шаардлагатай байна. Үнэндээ өнөөдөр ямар асуудлыг ямар түвшинд шийдэхийг ягштал төлөвлөчхөөд эрдэм шинжилгээний байгууллагаас салахаа байчихсан тийм газар, тэндээс ажлаа төлөвлөх, гэрээ байгуулах, хүнээ товлохыг шаардаж байгаа үйлдвэрийн газар, энэ тухай сэтгэл зовниж яваа эрдэм шинжилгээний нэгж  ховор байна. Нэг тийшээ дагаж хошуурдаг заншлаараа цөм төслийг дагаад гүйлдэх үү, эсвэл тулгамдсан асуудал дээрээ зарим нь тогтох уу, хэрэв тийм бол зохион байгуулалт, санхүүжилт ямар байх вэ гэдгийг нухацтай бодмоор байна. Мөн төслүүдийн хүрээнд тэдэнтэй үйлдвэрлэл, үйлдвэрийн газрууд хэрхэн холбогдохыг тодруулж авч үзэх шаардлагатай байна. Төслийг төлөвлөсөн хэмжээнд дуусгасны дараагийн шатны ажил ч тодорхойгүй байгаа. Нэгэнт туршлагатай болж, эхний төслийг хэрэгжүүлсний дараа боловсон хүчний цаашид тогтвортой ажиллах асуудал ч сэтгэл зовоохгүй байж таарахгүй. Мөн үйлдвэр, эрдэм шинжилгээний институт болон хүнсний үйлдвэрийн салбарын сургалт эрхэлсэн байгууллагын ажлын уялдаа ямар байх нь бас л тодорхойгүй байна.

Үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг туршилт шинжилгээний түвшинд шийдэх, боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх асуудлыг бүхэлд нь сургалтын төв хариуцаж болох юм. Салбарын техник, технологийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын асуудал ч эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажлын хүрээнд багтаж, байраа тэнд л олох ёстой гэж үзэж байна.

2000 он гэхэд манай орны хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл хэрхэн өөрчлөгдөхийг хэн, аль байгууллага хэлэх ёстой юм бэ? Өнөөдрийн хүсээд байгаа шинэчлэлтийг ямар техник, технологиор шийдэх ёстой вэ? Ер нь энэ салбарын хэтийн төлвийг  яаж төсөөлөх вэ? Хүнсний хангамжийн бодлого ямар байх ёстой вэ? Өнөөгийн хангамжийн байдлыг яаж огцом өөрчлөх вэ? Зах зээлийн үнийн судалгаа, шинжлэх ухаан - техникийн мэдээллийн ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? Энэ бүх асуудлыг судалдаг газар, үүнд хариу хайж, чиглэл боловсруулдаг шинжлэх ухааны ажил гэж байх ёстой. Тэгвэл үүнийг цаг үеийн моод дагаж төслөөр шийдэх үү, шинжлэх ухаан, сургалтын бааз газар нь хариуцах уу, эсвэл эрдэм шинжилгээний хамтлаг байх уу гэдэгт хариу олох л хэрэгтэй байна. Бид ойрын жилүүдэд хүнсний үйлдвэрийн салбарын импортын хамаарлыг багасгах асуудлыг шийдэх бодолтой байна. Юуны өмнө элсэн чихэр, талхны хөрөнгө, ургамлын тос, балбурам, өтгөрүүлсэн ба хуурай сүү, цөцгийн тос, ундааны бэлдмэл, нимбэгний хүчил, пивоны зөрөг цэцэг, цаасгүй чихрийн үйлдвэрлэл зэрэг биднийг импортоос хараат болгосон нэлээд асуудлыг хэсэгчилэн шийдэж тус тусын чиглэлээр шинэ үйлдвэр байгуулах боломжийг судалж байна. Олон үйлдвэрт техник, технологийн шинэчлэлт хийж, Улаангомын махкомбинат, Баян-Өлгийн мах боловсруулах үйлдвэр, Баянхонгор, Хөвсгөл, Багануур, Сүхбаатар, Сэлэнгийн хүнсний үйлдвэр, хүүхдийн сүүний үйлдвэр, Багахангайн экспортын махны үйлдвэрийг ашиглалтанд оруулахын хамт пиво, спиртын үйлдвэр нэмж барихаар төлөвлөж байна.

Энэ бүх үйлдвэр, түүний дотор цоо шинэ дэд салбарууд үүсч бий болохыг ч эрдэм шинжилгээний ажил болон сургалтанд анхаарч, одооноос чиглэл хандлагаа тодорхойлох ёстой гэж үзэж байна. Хүнсний үйлдвэрийн машин байгууламжийн үйлдвэрлэлийн хандлагыг тодорхойлохын дээр тус салбарт суурилуулан ашиглах тоног төхөөрөмжийг аль болох цөөн орон, пүүсээс авч, улмаар тэдэнтэй хамтран засвар, үйлчилгээний ажлыг өөртөө зохион байгуулах чиглэлээр тууштай бодлого баримталж ажиллах шаардлага чухал болоод байна.

Салбарын хэмжээнд арвилан хэмнэлтийн боломжийг судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр гэхэд л маш үр дүнтэй томоохон ажлууд хийх боломжтой байна.

Зөвхөн чихэр боовны үйлдвэрт хэвийн боовыг цагаан мөөхийгээр солиход л үйлдвэрлэлт даруй 30-аад тонноор нэмэгдэж, бүтээгдэхүүн нь хэрэглээний шаардлагад илүүтэй нийцэж, цөцгийн тос 15 т, идэшний тос 30 тонныг хэрэглэгчид шууд өгөх боломжтой болно.

Маахуур, ул боов, Өег, I-р гурилын боорцгийг цагаан мөөхий, ковришкаар соливол нэг тонн бүтээгдэхүүн тутмаас дунджаар 120 гаруй кг цөцгийн тос, 500 орчим кг идэшний тос хэмнэх боломж бий. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага ч ийм байна. Элсэн чихрийг 10 хувиар бууруулан жорыг нь өөрчилчихвөл 2200 тонноор импортыг багасгаж болно. Махны гарцыг нэг хувиар нэмэгдүүлэхэд 600 тонн буюу Улаанбаатар хотын 11 хоногийн хэрэгцээ гараад ирнэ. Махкомбинатуудад махны хорогдлыг нэг хувиар нэмэгдүүлэх буюу хорогдуулахад даруй 150 орчим тонн мах болно. Ийм байдлаар Дорнодын махкомбинат 1990 онд экспортын махыг түргэн ачуулсны ачаар өмнө нь байнга дутдаг байсан мах энэ онд 120 тонноор давсан байна. Өөрөөр хэлбэл тэнд 10 гаруй жил ийм нөөцийг алджээ. Жил бүр 40 шахам сая литр тослогтой сүүг газар урсгаж, 1.5 сая литр шингэн сүү үрэгдүүлж байна. Сүүлчийнх нь 30 орчим тонн сайн чанарын хүнсний уураг юм.

Махны үйлдвэрүүдэд 300 тонн хүнсний уурагтай тэнцэх малын цусны 10 гаруйхан хувийг хүнсэнд ашиглаж байна. Цусны сийвэнгийн болон шингэн сүүний уургийг өртгөөр нь тооцвол хамгийн хямд, тухайлбал шинэ сүү, гахайн махныхаас 3.8 дахин, үхрийн махны уургаас 2.5 дахин хямд, шар сүүний уураг нь эдгээрээс 70-100 дахин хямд байна. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ийм нөөц буюу онож нэрлэвэл замбараагүй ажиллагааны гээгдэл эдийн засгийг огоорсон бидний бүдэг харааны оноо хараанд тусч өгөхгүй олон жил амьсгал хураажээ. Бид үйлдвэрлэлийн ашгийг арвитгах хамгийн чимхлүүр боломжоос эхлээд шинжлэх ухааны хөшүүргийг ашиглахын оронд улсын татаас руу уралдан уухайлан зүтгэдэг увайгүй, амь татуу албаны хүмүүжил, бүр зан чанарын хоцрогдолд сүрхий автжээ.

Ерөөс манайд эдийн засгийн ухаан гээч нь олохын тулд бус зөвхөн хав дарахын тулд бүрэлдэж торнисон болохоор хоцрогдлын цүнхээл гэж байдаг бол түүний ёроолд тунасан, хэзээ ч дээр нь хөвж цухуйх аргагүй лаг шавар аятай болжээ. Ийм болохоор өнөөгийн өөрчлөлтийн нөхцөлд ч өндийж босох тэнхэлгүй, хармын атигар гарын нь хумс алгаа нэвт атгаастай байна. Нэгэнт эдийн засаг гэдэг маань ийм л хойно гэсэн шиг институт маань өнөөг хүртэл энэ тухай зүүдэлсэнгүй.

Ингэж шинжлэх ухаан өөрөө асуудалд иж бүрэн хандаж чадалгүй өрөөсгөлөөр догонцож яваа нь бидний бүтэлгүйдлийн бас нэг шалтаг ч болсон байж мэднэ. Шинжлэх ухаан гэдгийн талаар манай үйлдвэрүүд зориуд нэг сайн бодож үзээсэй билээ. Тосыг нь гаргаж аваагүй бүрэлдсэн бүлээн тараг хор болно. Тосыг нь гаргаж авсан өрөм, уураг мөн түүхий сүүний ээдэм бадган арилгана. Шинэ уураг, түүхий сүүний цөцгий нь тамиржуулж судал тасарныг залгана. Түүхий сүүний хоормог, уураг, цөцгий, цөрөм нойр ихэсгэж бадган үүсгэнэ. Хонины сүү хийг даравч зүрхний өвчин, бадган, шар ус амьсгалгүй болох хийгээд хорхойт өвчин үүсгэнэ. Монгол шар тос өвчин бүхнийг засна. Цагаан арвай тамир засч, шээс, шар бадган, тагшуурга, цэр, амьсгал амаргүйг арилгаж арьсны өвчинг засна. Буудай хий, шарыг арилгана. Сарлагийн мах хий арилгах боловч халуун өвчинд хортой. Хонины мах бадган арилгаж, ямаа гахайн халуун цангааг дарах ба туулайн мах ярыг сарниулан маханд орсон ясыг ховхолно. Загасны тархи эмэгтэйн тачаалыг үүсгэж, хониных толгой эргэх болон тархи хөдөлснийг анагаана гэх буюу уушиг бүхэн уушигны өвчинд, элэг, дэлүү бүхэн элэг, дэлүүний өвчинд тустай гэх зэргээр ардын маань хайрласан ухаан биднийг өөд татаад явчхаар байна.                                                         

Эндээс бид нэр төрлийн бодлогын чиглэл, тусгайлсан хоолны хөгжлийн хандлага, ерөөс үйлдвэрлэлийн чиглэлээ тодорхойлчхоор байна. Ийм нүд, чих болсон чиглүүлэгч шинжлэх ухаан бидэнд дутагдаад байна. Ерөөс бид хэрэглээний судалгааг анзааралгүй өдий хүрсэн тал бий. Хүн амын 70 хувь нь залуучууд гэдгээс хүнс тэжээлийн хөгжлийн бодлого эхлэх ёстой. Ийм залуучууд ямар хоол хүсч, юунаас ой нь гутаж, юуг хүлээж авах чадваргүй байгааг мэдэхгүйгээр, тэдний ажил хөдөлмөр, амьдрал ахуйн өөрчлөлтийг сонирхолгүйгээр өөхтэй мах, сүүтэй цай, тостой боовоор хэрэглээг хир удаан барьж тогтоох билээ.

Ахиад л биднийг тойрсон эзэнгүй асуудлууд.

Ул боов, боорцог хэдэн жилийн настайг хэн тодорхойлж, хэн зөв чиглүүлж явах ёстой юм бэ? Илчлэг багатай, тусгай зориулалтын бүтээгдэхүүний төрж бойжих тохироо хэдийд бүрдэх вэ? Жорын нийгмийн хийгээд эдийн засгийн үр дагаврыг хэрхэн үнэлж сурах вэ?

Бид үйлдвэрлэлийг удирдах арга барилдаа хэрэглээг дагаж хийгээд дагуулж хөгжих зарчмыг ухамсартайгаар хэрэгжүүлж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Сургалтанд хэлний боловсролыг орхигдуулсан буюу ор нэр болгож ирсний гайгаар нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчин маань шинжлэх ухаан-техникийн хамгийн наад захын мэдээллийг ч хүлээн авах чадваргүй байна.

Ойрын жилүүдийн сургалтанд зах зээлийн чиглэл давамгайлах болох нь тодорхой. Одоо бид хүнээ бэлтгэж амжилгүйгээр зах зээлд сургаар шилжихэд хүрч байгаа нь ахиад л алдаа, онооны дэнсийг савчуулж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр зах зээлийн сургалт гэдэг нь нэг хоёр удаагийн дайчилгааны чанартай хомроголон хийх ажил биш болохоор байнгын сургалтын тухай, сургалт явуулж чадахуйц мэргэжлийн байгууллага, боловсон хүчний тухай бодох л хэрэгтэй болж байна.

Нэг үгээр бидний хэвшмэл сэтгэлгээнд салхи оруулж, гүйлгээ ухаан чимх чимхээр нэмж өгөхөд шинжлэх ухаан, сургалтын байгууллагад ачааны хамгийн хүнд, хамгийн түрүүч нь ногдох ёстой болж байна.

Тэгэхээр бид салбарын ийм тулгамдсан хийгээд шийдэх ёстой асуудлаар санал бодлоо хуваалцахад энэ удаагийн ярилцлага тус болно гэж найдаж байна

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.