ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ – ХАМТ ОЛНЫ ЗОРИЛТ


“ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ – ХАМТ ОЛНЫ ЗОРИЛТ”

 

БНАГУ-д сурч буй  оюутны зөвлөгөөнд

ЭСЯ-ы нарийн бичгийн дарга

Г.Лхагваагийн хэлсэн үг

 

                       1989.10.28                                                                            Көнигсвустерхаузен

 

Оюутан залуус аа,

Нөхөд өө,

Манай гаригийн он цагийн давтамжинд маргааш олонтой хорвоогийн улбаа нэхэн довтолгож, эрдмийн богцондоо олз омог дүүргэн ээлжит уулзалт хүртэлх нэгэн жилийг бид ардаа эвхэж тавилаа. Харь газрын тэнгэр ивээн тэтгэж, хамаг хүч оюунаа дайчлан, эрдэм мэдлэгийн эрэлд хатан, эргэх замаа ирээдүйтэйгээ болгоож яваа манай цог золбоот оюутан залуус энэ нэг жилд олон түүхт үйл явдлын гэрч боллоо. Дэлхийн II дайны хөлд хотуудын 30-50% аж үйлдвэрийн 40% нь үнсэн товрог болсон орныг хүлээн авч, дэлхийн тэргүүний хөгжилтэй арван орны нэгэнд дэвшүүлсэн түүхэн замнал, ололтыг анд нөхдийнхээ хамт баяр хөөр дүүрэн тэмдэглэж байна.

Нөхдийн тусыг мартдаггүй монгол сайхан заншлаараа энэ аугаа их хүн ард, эх орны өмнө сэтгэлээ, итгэлээ дэвсэн биширч, биднийг эх орондоо урьж залан авчирч нүдийг маань нээсэн ачийн хариуд хүнлэг чанараа, хөдөлмөрийн шимээ өргөн барьж, “БНАГУ, түүний эгэл жирийн иргэн тантай ах дүүгийн, анд нөхдийн, багш шавийн алтан барилдлага түшлээ” гэж сэтгэлээ уудлан, уужлан хэлэх эрхтэй боллоо.

Анд нөхдийнхээ ач тусыг ийнхүү агаар ус шиг шимтэн дээжлэн хүртэж, даруй та нөхдийн сурах аяны замыг нээсэн 800 гаруй нөхөд маань энэ орны сүлдэт үнэмлэхийг хүч хөдөлмөрийнхээ шан болгон хоёр гардаж аваад хүн ардынхаа итгэл хүлээн ажиллаж байна.

Хүнд нэг насны нь амьдралыг бэлэглэхээс өөр буян үйл гэж юу байхсан билээ. Үүний төлөө залуус маань баярлавч баршгүй ээ.

Бидний хийж бүтээж, санаж сарвайж яваа бүхэн маань эх орон, зон олныхоо тусын тулд, энх тунхын тулд, ирээдүйнхээ төлөө юм шүү гэсэн чин сэтгэл, шударга үйлсийнхээ ачаар манай оюутан залуучууд өөр өөрсдийн тэмцлийн талбарт чамламгүй амжилт оллоо.

Оюутан нөхдийн маань өдрийн бодол, шөнийн зүүд болсон сурлагад тодорхой, тогтвортой ахиц гарч байна. Шинжлэх ухааныг өөрийн өмч болгон эзэмших хүндтэй алба хашиж, бие сэтгэлээ зориулж яваа нөхдийн маань 37% нь онц буюу сайн дүнтэй суралцлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй 2.6% дээгүүр байгаа юм.

Эдний дотроос олон анд нөхөд маань бүр цойлон тодорч эх орныхоо нэрийг бүтэн авч яваа нь үнэхээр баярлууштай хэрэг.

Гумбольдтын их сургуулийн Л.Болдхуяг, Анар, Алтанзул, Чингүнжав, Үйлдвэрчний хөдөлгөөний дээд сургуулийн Д.Буянтогтох, Д.Болд, Г.Ганбаяр, О.Баяраа, Залуучуудын дээд сургуулийн Я.Төмөрбаатар, Б.Мишигдорж, Д.Гэрэлчулуун, Дрездений техникийн их сургуулийн Г.Энхтуяа, Ч.Пүрэвсүрэн, , Лейпцигийн их сургуулийн Д.Чимгээ, Йенагийн их сургуулийн Д.Саруул, Т.Арслан…

Бидний үлгэр дууриал болсон ийм залуус, онц сурлагатнууд, хөдөлмөрлөж ч чаддаг, үр шимийг нь үзэж хүртэж ч чаддаг, түүнээсээ урам олж урагш тэмүүлж байдаг сайчууд олширч, эх үрны алтан хараацайнууд далиа улам алсад даллан эр бор харцгын хүч жигүүрэндээ хураан улам өндөрт тэмүүлж байгаа нь үнэхээр бахархалтай.

Оюутан залуус маань үйлсдээ үнэнч байж, зорьсондоо хүрэх гэж өөртөө ташуур өгөн урагш тэмүүлж байдгийн гэрч нь сурлагаа өмнөхөөс ахиулсан 60 оюутан нөхдийн амжилт болно. Энэ үр дүн нь сургуулиас хасагдагсдыг өмнөх оноос 4 дахин багасгах гол сэжүүр болсон байна.

Та нарын дундаас 59 анд чинь оюутны ширээг орхиж инженер, эмч, эдийн засагч, үйлдвэрчний болон залуучуудын удирдах ажилтны албан тушаал хүлээн авч, эх орныхоо бүтээлч сэхээтний армийг тоо, чадвараар сэлбэн өглөө.

Одоо тэд бусдыг зааж, чиглүүлж, сургаж, хүн болоод ажлыг өөд татаж өөрчлөлт шинэчлэлтийн үүд хаалгаар багтан өөрийгөө ч шинэчлэх лут бодолтой өчигдрийн оюутныхаас огт өөрийг сэтгэж завгүй яваа.

Манай хамт олны өөдрөг бүхэн үүгээр тоочиж дуусахгүй.

Монголын оюутны II чуулганы төлөөлөгч Дрездений техникийн их сургуулийн эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга М.Батбаяр, ДЗО-ы их наадамд оролцсон аспирант Г.Цэрэнчимэг нар бидний итгэл бахархалтай хамт энэ тасалгааны дулаан өнгийг бүрдүүлж, хамт олны хайраар, харцаар шагнуулж байна.

Үйлс маань дандаа нар хур тэгшхэн өөдрөг, навч цэцэг ижилхэн өнгөлөг, сайн бүхэн дэлгэрч цогцолсон, саар бүхэн дийлдэж тонилсон өөгүй нэгхэн байж бас л чадсангүй.

Юуны өмнө эзэн өөрөө хичээж байж заяа нь дагаж өөдөлдгийг эрхбиш бид саналтай.

Одоо 60 оюутан 96 хичээлийн өрөнд баригдаад дээснээс нарийн дөрөөн дээр дэнжигнэх аядан тогтнож байна. Тэд нарыг зүйрлэвэл салхи бүүхэл саваагүй нэгний амаараа үлээх ая пянг ч даамгүй болчхож.

Халлегийн их сургуулийн С. 7 шалгалтын өрөнд даруулж дараагийн хичээлийн жилийг үзжээ. Энэ чинь бүтэн жил унтаж байсан юмуу эсвэл бүр цагааендаа гарсан хүний ажил байлтай. Их эрдэм хүрааж эмч болох хүн ийм байх хэрэг үү? Халлгийн их сургуулийн У. өгсөн шалгалтынхаа 80 хувьд унаж, нийт шалгалтын 86 хувийг тэнцээгүй буюу хойшлуулсан байна. Ваймарын Н. 10 шалгалтын 5-ыг өгөөгүй, 2-т нь унан тусан байж өр салжээ.

Дрездений С. сурлагаар ч, хүний мөсөөр ч дээрхээс хавигүй дор байдалтай байна. Залуу хүний хийморь лундаа гундах гэдэг үнэхээр тоогүй хэрэг. Одоо 5 шалгалтын өртэй хүмүүст олигтой өөдрөг юу бодогдох билээ. Энэ нь үнэндээ 400 хүнд хоёр, гуравхан тохиолдох баримт боловч нийт оюутны 20 хувь нь унан бүдрэн урагшилж байгааг бид хэрхэн тайлбарлах вэ?

Тийм болохоор сурах хөдөлмөрийг зорилгоо, амин чухал хэрэгцээгээ болгохгүйгээр, өөрөөсөө хүч олж, өөртэйгээ тэмцэл хийж, өөрийгөө ялж дийлж гарахгүйгээр арван жилээс улиглаж ирсэн аргацаасан, идэвхгүй аргаар амжилттай сурч алс нь гэнэт гялалзаж аяндаа тодрохын чинээ санаж явах нь үнэндээ гоомой хэрэг, туйлын эндүүрэл болох биз ээ.

Манай зарим залуучууд хөдлөх гэдийхийг тэнцүүлсэн шиг яаж ийж ядаргаанд орчихгүйгээр биеэ нөөх нь байсаар байгааг юугаар байлбарлах вэ. Ийм аминчхан аргаар хүн оюуныхаа чадавхийг нээж, өөрийгээ таних боломжгүй юм. Тиймдээ ч 9 хүн оюутны эрх эдлэх боломгүй болж, сургуулиас чөлөөлөгдсөн байна. Ийн зовиургүй амь зуухаар шийдсэн оюутны тоонд Илменаугийн О, Магдебургийн Г, Райхенбахын С, Лейпцигийн Б, Берлиний ЭЗДС-ийн С, Дрездений Э, Гумбольдтын их сургуулийн Т нар оржээ. Энд нэг талаас сурах арга барил эзэмшээгүй, хувийн зохион байгуулалтгүй, биеэ нөөдөг, юмыг цаг хугацаанд нь хийж хэвшээгүй, маргаашийн олонд найддаг өөрийн дутагдал, багш хамт олонтой болон халамжлан хүмүүжүүлэгч герман оюутантай зангаа авалцаж, заншлаа зохицуулж  ажиллаж чадаагүй явдал доройтлын гол шалтгаан бөгөөд нөгөө талаас хамт олны зүгээс өөр хоорондоо тавих шаардлага, хяналт хангалтгүй, хувиа хичээж амиа аргацаан амь зууж, нөхрийнхээ хувь заяаг бага сонирхож, бусдынхаа төлөө санаа бага зовж  байгаатай холбоотой гэж үзэх үндэс бий.

ХЗЭ-ийн үүрийн товчооны гишүүдийн 60 хувь нь хариуцсан оюутантайгаа тодорхой ажиллаагүй дэмий л нэр хэмээж байжээ.

Оюутны ХЗЭ-ийн үүрийн удирдлага хүнтэй ажиллах ажлыг сүрхий орхигдуулж, нарийн бичгийн дарга нар товчоогоо сахилгатай, харицлагатай байдлаар сайтар удирдаж чадахгүй байгаа нь салан задгай байдлыг өөгшүүлэхэд нөлөөлж  улмаар идэвхгүй болоод залхуурч хойргоших тийм л эрх чөлөөг хэтрүүлж эдэлсэн, зорилго багатай хэт чөлөөт иргэнд улам таатай байдал бий болгож байна.

Эвлэлийн байгууллагын ажил доошилж байгаагийн жишээ элбэг байна. Илменаугийн оюутны 20% /үүрийн н/б дарга нь Давааням/, Гумбольдтын эвлэлийн үүрийн 22% /үүрийн н/б дарга нь Ю.Болд/, Халлегийн 25.7%, /үүрийн н/б дарга нь Цацрал/, Дрездений 40% /үүрийн н/б дарга нь М.Батбаяр/, Карл-Маркс хотын оюутны 50% /үүрийн н/б дарга нь Батсайхан/ муу сурч байна.

Шалгалт хойшлуулах дутагдлыг сүүлийн жилүүдэд бид арилгаж чадсан. Гэтэл өнгөрсөн хичээлийн жилд нийт 2041 шалгалт өгсний 41-ийг, үүний 80 хувийг хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулсан дутагдал 4 эвлэлийн үүрт гарсны гол нь Карл-Маркс хот, Халлегийнхад ногдож байна.

Эвлэлийн үүрүүдийн 40 хувь нь сурлагын амжилтыг өнгөрсөн оны хүрсэн түвшингээс бууруулжээ.

Форст хотын /эвлэлийн үүрийн н/б дарга нь Амартүвшин/ оюутны 90 гаруй хувь нь сурлагын нэлээд бэрхшээлтэй хичээлийн жилийг давав.

Н.Шархүүхэний удирдсан хамт олны тэн хагас нь сургуулиас гологдоход хүрч байхад эвлэлийн үүр тэдэнтэй тодорхой ажиллахын оронд дутагдлыг даамжруулсан байна. Тус үүрийн оюутан Н, З, Райхенбахын Г, Магдебургийн Э, Дрездений С, Б, Фельтений А, Карл-Маркс хотын И нар боломжоо олигтой шавхахгүй бол оюутнаас огцроход ойрхон ирчхээд байна.

Илменаугийн Д, Лейпцигийн О, Гумбольдтын Н, Йенагийн Х, Дрездений Т, Б, Халлегийн О, Б нар улирсан байна.

Одоо 60 оюутан 96 шалгалтын өртэй байна. “Оюутны оронцог” гэж нэрлүүштэй болсон зарим нөхөд өөрөөсөө гүйх ухаан эрж олж л залхаг байдлыг эмнэн засах цорын ганц боломж байгаа юм.

Энэ улс мэргэжлийг найрамдлын бэлэг болгон шагнадаг буюу эсвэл ар гэрийн гачигдал, аав ээжийн хөөцөлдлөгөөр эзэмшдэг мэт зарим нөхөд эндүүрэмгүй байлтай.

Олон шатны депутатын цохолтоор буюу удам судрынхны гавъяаны хариуд сурах эрх эзэмших боломжтой манай сургалтын системийн олон нүхтэй шүүрээр савирч унахдаа БНАГУ-д тулж тогтсон нэгэн бий гэж  бид хараахан итгэхгүй байна.

Гадаад оронд залуус та нарыг сорлон шилж, ухааны нь цэцийг тэнсэн болгоож, олон аавын хүүхдийг тоосондоо булж тодорсон оюуны охийг олж оноож ируулсэн биш үү.

Оюутан бол бүтээлч эрэл хайгуулын хугацаат алба бөгөөд зүй нь энэ хэдхэн жилд алхаг залхагийг тэвчиж, цаг хугацааг өрсөж, зовлогоо зовоож чадсан тэр хүн л шинжлэх ухааны сан хөмрөг уруу гар лавхан дүрж, эрдмийг атгаж, хормойлж цуглуулж  авч чадна.

Саяхан та нартай оюутны ширээ хувааж суусан Лейпцигийн Ө.Давхарбаяр, Г.Цэрэнчимэг, Дрездений Ц.Гантөмөр гээд оюутны бүтээлч амьдралын үлгэр жишээг та нар мартаагүй байгаа.

Дипломын ажлаараа шууд дэд эрдэмтний зэрэг хамгаалсан Дрездений Энхмандах, хоёр дээд сургууль зэрэг дүүргэж эрдэмтэн болсон Файбергийн Д.Баяраа, докторын ажлаа бэлэн болгоод байгаа эрдэмтэн Дрездений Ц.Болдсүх, Ж.Алагаа, Гумбольдтын Бат, Б.Цэрэндаш.

Бахархан дууриах хүмүүс, бүтээлч эрэл хайгуулын амьд жишээ та нарын дундаас өөрийн хүч хөдөлмөрөөр ингэж тодорсон.

БНАГУ-д төгссөн ахмад оюутны ажлын үр шимийг Бямбаа гуай, Пэрэнлэй гуай нарын бүтээлийн жишээн дээр харах боломж бидэнд олдсон. Улс ардын аж ахуйн хоёр том салбарын 3 таван жилийн хөрөнгө оруулалтын асуудлыг гардан хариуцаж, барилга байгууламж, үйлдвэрийг сүндэрлүүлэх юм гэж Пэрэнлэй гуай тухайн үедээ бодоогүй ч явсан байж мэднэ. Тэгэхдээ бүр мэргэжлээсээ огт өөр чиглэлээр шүү дээ. Эх орон мэргэжлийн хүндээ ингэж найдаж, ингэж итгэдэг.

Та нөхөд мөн нам, ард түмний ийм итгэл хүлээж энэ газар ирсэн, ийм итгэл хүлээхээр энд бэлтгэгдэж байгаа.

Харамсалтай нь зарим оюутан өөртөө итгэл муутай, “би юу гийгүүлж базаахав”, “надгүйгээр болох л байлгүй” гэсэн аятай идэвхгүй, эх орноо бүүхэл өөрийнхөө талхны тухай ч өөдтэйхэн зориг гаргаад бодчих унхиагүй, хэрэв ингэж бодож гэмээ нь бодлоосоо хий халширч айж сүрдээд өөрөө өөртөө аяндаа буугаад өгч байна.

Алдуул захуул амьтан аятай сул чөлөөтэй байх хүсэлдээ бидний зарим нь ингэж ялзарч доройтож байна. Биеийн амрыг харсан зөөлөн амьдралын тухай санаархал, эрэл сурал болж, болж өгвөл нь өөрийнхээ талхны төлөө бусдыг турхирч тавиад амаа томхон ангайж  өгөхийг л арай ядан өөртөө үүрэг болгож авах болчимгүй хүсэлдээ ялзарч доройтож байна.

Оюутан нэрийдсэн ийм хүмүүс өнөөдрийн чөлөөт цагийг үүрдийн жаргал мэт эндүүрч, даврахдаа хичээлдээ ч явж хүрэхээс түвэгшээн унтаж  амрахыг эрхэмлэх болжээ.

Халлегийн их сургуулийн У, Райхенбахын Э, Халлегийн О, Лейпцигийн нийтийн хоол, зочид буудлын сургуулийн О, Ч, Карл-Маркс хотын техникийн их сургуулийн Р нар хичээлээ араар нь тавихдаа санаа нь зовдоггүй байна.

Биднийг сургууль, багш нар хэрхэн үнэлж байна вэ?

Г ухаалаг хэдий ч идэвх чармайлт нь хорионд орсон /Райхенбах/. О хичээлд идэвхээ тордож цагаа бариуштай. Мөн хамт олныхоо тусыг өөрөө олж авууштай байна /Оёдлын инженерийн сургууль/. Н хичээл нь хөнгөдөж  байх болтой. Жаахан л хичээвэл сайн сурахад түвэг алга /мөн сургууль/.

У хэт олон талын сонирхолтой хүн юм. Цаашид зорилгондоо гол анхаарлаа төвлөрүүлүүштэй. Идэвх, санаачлага, сахилга бат сайн /Лейпцигийн нийтийн хоол, зочид буудлын сургууль/.

Н хичээл дээр хэт дуугай, томоотой, хэлний мэдлэгээ ахиулж, байгалийн ухааны хичээлд илүү анхаарах. Сахилга батаар үлгэр жишээч /Форстын инженерийн сургууль/.

Г шинэ ангийнхантайгаа өдий хүртэл холбоо тогтоож чадсангүй, тийм хүсэл сонирхол ч байсангүй. Тэрээр суралцах хугацаандаа 6 шалгалт дахин өгөв /мөн сургууль/.

У багшийнхаа хийгээд нөхдийнхөө тусыг авч, өөрөө хичээвэл сайн сурч чадна /мөн сургууль/.

Б сурах арга барилаа өөрчилж чадахгүй бол сургуулиа төгсөхөд бэрхшээлтэй /мөн сургууль/.

С-ийн дүн бололцооноосоо хавигүй доогуур байна /Халлегийн их сургууль/.

Б сурах сахилга хангалтгүй, хэлний мэдлэг хүрэлцээгүй, ерөөс анагаахын мэргэжлээр сурахад бэлэн бус, бусдын тусламжаас татгалздаг /Халлегийн их сургууль/.

Дүгэрнямын Батнасан шургуу хөдөлмөрийнхээ хүчээр гадаадын нийт оюутанд сайхан үлгэр дууриал үзүүлж байна /мөн сургууль/.

Сургууль багш нарын нүдэнд Монгол оюутны дүр зураг ийн бууж байна. Харамсалтай нь энэ бол жүжгийн дүр бус оюутны дүр учраас нийтээрээ Батнасангийнх шиг л нийтлэг сайн дүр бүтээх ёстой бус уу.

Анагаах гэхэд л Оюунчимэг шиг, Л.Одонтуяа, Ган-Өлзий шиг, Тэгшбаяр, Батнасан шиг, бас Амаржаргал шиг, эсвэл олон жил ажиллаж ерөнхий эрдмээс хөндийрсэн хир нь идэвх зүтгэлээрээ амжилттай сурч, 10 жилийн алтан медальтнуудаас хол түрүүлсэн Доржпагма шиг шилдэг дүр бүтээхээр зориглох нь чухал байна.

Жүжигчин хүн дүрд хувилахын тулд хичнээн хүч хөдөлмөр гаргаж, арга чарга олдог билээ, түүнтэй адил жинхэнэ оюутны дүрд хувилахын тулд мөн тийм хүч өөрөөсөө олохгүйгээр, ерөөс дүрдээ итгэхгүйгээр, дүрийнхээ учир начрыг олж авахгүйгээр сургуулийн хаалга татсан л бол хасагдталаа юм уу үлгэн салган өргүүлж дэвштлээ оюутан гэж нэрийддэг нөгөө л хуучин жүжиг тавьж өөрийгээ хуурч суух болно.

Дахин хэлэхэд дүрдээ хувилж үнэмшилтэй тоглох нь олон оюутанд чухал байна.

Хичээлдээ түүртэх оюутанд зөгнөхийн ухаан заяахгүй, хийлсэн бөмбөлөг шиг салбадайд сэтгэхийн ухаан тогтохгүй, аргацааж болдог шалгалтаар ажлын дөрийг хөтлөхгүй, айж гардсан дипломоор амьдралын дөрөөнд дөрөөлөхгүй ээ. Тийм болохоор Ваймарын Д.Эрдэнэбат шиг, ЭЗДС-ийн Х.Булган, Ч.Батболд шиг, Форстын Ц.Амартүвшин, Дрездений Г.Эрдэнэсувд шиг, Лейпцигийн Ж.Халиунаа, Г.Одонтуяа, Гумбольдтийн Б.Анхбаяр, Фрайбергийн Д.Энхбат шиг уйгагүй, хичээнгүй сайн дүр бүтээх, үүний тулд бэлнээс ганц толгойгоо хоёр болтол ачаалж, бийгээс ганц биеэ хүний юм шиг дайчлах нь олон оюутанд амин чухал хэрэгцээ шаардлага болж байна.

Ерөөс оюутны дүрийн талаар эвлэлийн үүрүүд, хамт олны хүрээнд сайтар тунгаан ярилцах нь чухал байна. Сүүлийн жилүүдэд оюутны эвлэлийн байгууллага, залуучуудын үйл ажиллагааны өрнөлтэй уялдан хамт олон бүрэлдэж төлөвших үйл явцад нааштай үр дүн гарч байна.

Хамт олон нь хамтын оргилсон амьдрал дунд төлөвшдөг. Оюутны зөвлөлгөөн, эрдэм шинжилгээ - онолын бага хурал, семинар, урлаг, спортын баяр, “Мэдлэг ур чадвар, чөлөөт цаг” үзэсгэлэн, эх орноо сурталчлах төрөл бүрийн ажил, бусад оронд сурч буй оюутны хамт олныг харилцан урьж спортын уулзалт зохиох, хамт олноороо баяр хөөрөө хуваалцах, энэ бүх олон талт ажлыг манай залуучууд хялбархан хийж  чадах болж хэвшсэнийг зориуд сайшаан тэмдэглэж байна.

Хамт олны оргилж дүрэлзсэн хамтын амьдрал гэдэг энэ. Ийм нэгэн хамтын амьдралын хүрээнд бид эвд орж, бие биенээ олж харж ойлгож дэмжиж, анд нөхдийн барилдлага, зүрх сэтгэлийн гагнаасыг олж  авч байгаа юм. Ийм нэгэн хамтын амьдралын хүрээнд залуус маань өөрсдийн зохион байгуулах авъяас чадвараа туршиж, сорьж, нээж  үзүүлэх хамгийн таатай тохиол бүрдэж байгаа юм.

Өөрөөр хэлвэл манай мэргэжлийн боловсон хүчин, тун удахгүй хүн хийгээд ажлыг удирдан зохион байгуулах тэр хүмүүсийн гол шинж чанарыг оюутан байхад нь бүрдүүлж тогтоох сайхан боломж манай эвлэлийн байгууллагуудад нэгэнт бий болоод байна.

Гэвч бүхэлд нь авч үзвэл эвлэлийн ажлын далайц өнгөрсөн жилүүдийнхээс буурах хандлагатай байгаад дүгнэлт хийх ёстой. Ажлын дүн нуруу хэдийгээр нааштай талдаа өөрчлөгдөж, сахилга батын зөрчил барагдах хандлагатай байгаа боловч энэ нь тайвшрах шалтаг болж чадахгүй юм.

Эвлэлийн үүр бүх ажил, эрх мэдлээ гартаа, хараандаа, хамт олныхоо хяналтанд байлгаж чадахгүйд хүрвэл ахиад л бахь байдаг хуучин байдалдаа эргэж, хүн бүхэн өөр өөрийн салаа замаар өөр өөрийн бодлыг тээхэд хүрнэ.

Эвлэлийн хамт олон гишүүдтэйгээ тулж ажиллах явдал нэн чухал байна.

Бидний дундаас замбараагүй байдал, ёс суртахууүны хүмүүжлийн доголдол хараахан устаж арилаагүй хойно хүнтэй ажиллах зорилт байнга тэргүүн зэрэгт тавигдах болно. Өнгөрсөн 2 жил хагаст оюутны хамт олны дунд сураг нь нэгэнт алдарсан сахилга журмын ноцтой зөрчил, тухайлбал архидан согтуурч балмад танхай өдүүлсэн хэрэг Гумбольдтын Н, С, Дрездений Д нарын найруулж тавьсан “жүжгээр” эхэлж, улмаар Гумбольдтын их сургуулийн монгол оюутанд цаашид зочны байр олгохгүй байх хяслаар шувтарчээ. “Жүжигчид” ч өөрсдөө БНАГУ-д сурах эцсийн боломж эдэлсэн байна. Идэвхгүй ажиллагааны уршгаар 18 оюутан янз бүрийн шатны арга хэмжээ авагджээ.

Форстын Б, Г, Б нар сургуулиа төгсөөд 3 сар БНАГУ-д зугаа цэнгэл хөөцөлдөж бас бус хэрэг мандуулаад авчээ. Тэдний хэн ч хэл ам татлалгүй мөрөөрөө сурч чадаагүй бөгөөд араасаа дутагдлаараа цоллуулан буцах учиртай байж.

Райхенбахын Э бүтэн 7 хоногийн хичээлийг хувийнхаа зорилгод завшжээ. Ийм болохоор бид байдал хараахан сайн сайхан болчихсон шиг санаа амирлангуй байх боломжгүй юм. Ийм хүмүүс оюутны гологдлын дансанд нэрээ дэвшүүлж, өөртөө өстэй юм шиг өөрөө өөртөө чөдөр тушаа болж байгаа юм. Төгссөн нэр зүүлээ ч тэдэнд үнэмлэх нь ахдаж, мэргэжлийнхээ боол болон улс, сургуулийн нэрийг гутаах нь бий. Төгсөгчдийн зарим нь чих халууцуулсаар байгааг хэлэх хэрэгтэй.

Даруй 30 мянган маркийн өндөр үнээр бэлтгэгдэж, манай залуусыг оюутнаас мэргэжилтэн болгоход БНАГУ жил бүр 2 сая гаруй маркийн буцалтгүй тусламж олгож, дээр нь манай улсаас жилд даруй хагас сая төгрөг нэмж зарж байхад муу сурч, хагас дутуу мэргэжил эзэмших эрх дархтай хүн хэн ч зүйд үнэнхүү нийцэхгүй бөгөөд төр түмэндээ хонзогногч л эс бол эрх биш нэгийг бодох ёстой.

 Нөхөд минь, 3 сая төгрөг гэдэг чинь манай бүхэл бүтэн нэг сайн нэгдлийн жилийн орлого шүү дээ. Нэг үгээр энэ чинь хэд хэдэн нэгдлийн малчдын хүйтэнд хөрж, халуунд халж, биднийг энд сургах гэж хал үзэж, халуун чулуу долооно гэхчээр болж, зүтгэж яваа тэр хүмүүсийн бүтэн жилийн хөлс шүү дээ.

Ийм их хөрөнгөөр идэх юм, эдлэх эд авчраад овоолчхын оронд та нарт тааж өгчхөөд энэ улс зарим иргэндээ нүдээ чичлүүлж, муу үг дуулж сууна шүү дээ.

Тэгэхээр сурах бол хувийн хэрэг огт биш, тухайн хэн нэгний хүслээр эвтэйхэн зохицох зүйл ч биш, харин үүрэг, тэгэхдээ бүр хоолойд хутга тавьсан гэж нэрлэдэг шиг тийм шахуу үүрэг гэж ухаарваас зохилтой.

 

Нөхөд өө,

Түүхэн үйл явдлыг тосон золгох 1990 он та биднийг амжилт баяртай нь, аз жаргалтай нь хүлээж байна.

Эх орны маань өөрчлөн байгуулалтын үйл хэрэг та бидний шинэчлэгдэхийг хүсэн хүлээж байна. Хариуцлагатай, сонирхолтой цаг үе маань манай залуусын чухамхүү загатнасан газар маажин, хүсэл тэмүүллийн эгзэгтэй сонин өөш тавин өгч сэтгэл зүрхийг өөрийн мэдэлгүй эзэмдэн байна.

Цагийн сонинд оодон хатгах залуу нас, бие сэтгэлийн урам юутай их вэ.

Бид улс орноо гэсэн өөдрөг өвийг үзэл бодолдоо үлдээж хоцроогүй бол, унасан газар шороондоо хайр хадгалж яваагүй бол энэ хир өөрчлөлтийг мэдрэхгүй ч өнгөрч чадах л байсан биз ээ.

Эх оронч бүтээлч үзэл бидэнд ус, агаар шиг хэрэг болж байна.

Эх оронч үзэл бидний мөнхийн бахархалт дагуул байх ёстой. Хөгжилтэй оронд сурах, магадгүй ганц олдох завшааныг яаж эх орондоо тус болохуйцаар ашиглахсан билээ гэсэн бодолдоо бид шаналж явах аваас хийж бүтээх, олж мэдэхийн их урам зориг аяндаа бадран хөлсөж, ийнхүү зориглон хөдлөж гэмээнэ бид эх орныхоо тусын тулд сурдгийг сурч, чаддагийг ижилхэн чаддаг болоод харьж  болноо.

Ойлгохгүй өнгөрсөн хичээл бүрийн тоогоор нийгэмдээ хохирол авчирч, тэнцээгүй шалгалтын тоогоор улсынхаа хөгжилд саад тотгор болж, хасагдаж гэмээ нь бидний ач тусаа үзүүлэх байсан ажлын тэр хэсэг миний халааг бэлтгэж бүтээлийн хугацааг нөхөх хүртэл доголдож, наад зах нь 10 жил саатах юм шүү гэсэн ухамсар бидний бүтээлч эх оронч үзлийн маань нэг хадаатай хэсэг байх ёстой. Өөрөөр хэлбэл бидний суурьгүй гишгэж халтирахын тоогоор эх орны маань хөгжил доголдох юм шүү гэж ухаарч байхад энэ нь өөрийгөө хэт өргөмжилсэн хэрэг огтхон ч биш харин бүтээлч эх оронч хайр мөн гэж хэлмээр байна.

Улс орноо бид гагцхүү өөрийн гараар, бяр тэнхээ, хүч хөдөлмөр, оюун ухаанаар өөд татах учиртай болохоор, гаднаас хэн нэгэн хүн тавтайяа морилон ирж бидний дутуу үлдээснийг гүйцээж, эхлээгүй алгуурласныг амжуулж өгөхгүй нь мэдээж болохоор, бид хэнд ч  өөрсдийгөө лаахайдаж орхих аргагүй болохоор эх орон маань надгүй л бол хэцүүдэх юм шүү гэж эмзэглэж  бодох учиртай.

Ийм бүтээлч эх оронч үзлийн дөл ямагт өөдөө бадран дүрэлзэж, бидний сэтгэлийн тэнхээгээр тэжээгдэж байхад бид алзахгүй ээ.

Сэтгэлийн ийм бадарсан дөлийг атгаж дээш өргөхийн оронд өөрийгөө голж чамлах, хөгжил дэвшил надгүйгээр учраа олох мэтээр өөртөө амсхийх чөлөө өгөх, юунд ч огт падгүй мэтээр мөрөөрөө сажлах, их үйл хэргийн сүүдэрт нь суумгай хоцрохын аль аль нь бүтээлч эх оронч сэтгэлгээний түймэрт шатаж  ариусах ёстой.

Хааяагүй өнөөдрийн гол зүйл болж байгаа өөрчлөн байгуулалт нь зөвхөн нийгмийн амьдралын хүрээнд явагдах үйл явц төдийгүй хувь хүнийг, түүний дотоод ертөнцийг, ертөнцийг үзэх оюун санааны нь ертөнцийг хувьсгах үйл явц болох нь тодорхой юм.

Энд эцсийн дүнд нийгмийн идэвхтэй байр суурийн тухай асуудал яригдаж байна.

Энэ нь та нөхдийн хувьд эн түрүүнд “тооцов” гэдэг үнэлэлтээр өөрийгөө хуурч дундчуудын эгнээнд сажлах нүх сувгийг хааж хамхиад, энэ зам дээр бүр хорио цээрийн тэмдэг тавьж зогсоохоос эхлээд оюутныг зүгээр нэг оюутан бус харин ирээдүйг дархлагчдын халаа бэлтгэгдэж байгаагийнх нь хувьд тэдэнд өндөр шаардлагыг хамгийн хатуу үнэлгээтэй жигд хослуулан сургаж хүмүүжүүлэх, энэ шаардлагаас ухрагчдыг манай сэхээтний армид алхуулахгүй байна гэсэн үг юм.

Үүний тулд оюутанд нэр дэвшсэн хүн бүрт өөрт нь ийм нөхцөл байдалд зохицохуйц өөрчлөлт заавал хэрэгтэй.

Энэ нь манай оюутан залуучуудын тухайд зорилгод хүмүүжих, хөдөлмөрч ухамсарт хүмүүжих гэсэн нэгдсэн жор байх нь тодорхой байна.

Энэ нь сурах хөдөлмөрт хандах хандлагыг эрс өөрчилж, зарим оюутны хувьд загас баригчтай зүйрлэж болохуйц диплом баригчийн ухамсраас цогцлоон бүтээгчийн, бүр соён гийгүүлэгчийн байр сууринаас ирээдүйдээ хандсан ухамсарт үйл ажиллагаанд шилжих өөрчлөлт байх ёстой. Ийм өөрчлөлт нь  эн түрүүнд бидний 60 гаруй хувийг эзэлж байгаа дундчууд, дундаас доош суралцагсдад хамрах ёстой.

Давтан хэлэхэд дээрх нөхөд амирлангуйгаас ангижирч зорилгод хүмүүжих, идэвхгүй хөшүүнээс эх оронч бүтээлч сэтгэлгээнд шилжих талаар өөртэйгээ, сурсан муу заншил бүхэнтэйгээ “дайн” зарлах шаардлагатай байна. Өөртэйгээ хийх ийм нэгэн дайнд ялагч, ялагдагчийн аль аль нь тухайн хүн өөрөө байх бөгөөд гагцхүү ялагч нь ухамсартай орчин үеийн залуу иргэн хүн, ялагдагч нь өнөөгийн хүн дүр төрх өөрт нь нялзаж шингээгүй өчүүхэн дорой нэгэн байх болно.

Өөрчлөн байгуулалт манай цог золбоот залууст ухаан уужлан тэлэх урь болон үлээж, урьдын буруу дадал, өнөөдрийн гашуун шүүмжээс ангижрахад эм болон туслах болтугай.

Залуус та нарт амжилт бүтээл, аз хийморь, улам улам өөдлөн дэлгэрэхийн өлзий ерөөл бэлэгдье.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.