Л.ДАМДИНСҮРЭН
Монгол улсын хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер, техникийн шинжлэх ухааны доктор /D.Sc./, профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэн Украин улсын Одесса хотын Хүнс, хөргөлтийн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг 1969 онд сүү, цагаан идээний технологич инженерийн төгссөн. “Монгол бяслагны микробиологи, технологийн судалгаа, чанарыг сайжруулах хувилбарууд” бүтээлээр 1979 онд Болгар улсад доктор /Ph.D/, “Монгол цагаан идээний үйлдвэржсэн технологийн шинжлэх ухааны үндсүүд” бүтээлээр 2002 онд техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан. Ном, сурах бичиг 25, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 150 гаруйг Монгол, Англи, Орос, Испани, Болгар хэлээр нийтлүүлсэн, Шинжлэх ухаан, технологийн 8 төсөл удирдаж хэрэгжүүлсэн, 8 доктор /Ph.D/-ын ажил удирдаж хамгаалуулсан, шинэ бүтээлийн 15, бүтээгдэхүүний загварын 7 патент эзэмшдэг.
НОМЫН ЦАЦАЛ
Хүн өөрөө цаг хугацааны бүтээл бөгөөд чухамхүү хоёр зуун дамнан хөдөлмөрлөж туурвих түүхэн тохиолыг бүтээлч эрч хүчээр ухамсартай хэрэгжүүлсэн хүн л тухайн цаг үеийнхээ тодотгол болж байдаг жамтай. Үүнийг би профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэнд бүрэн хамаатуулан хэлж, бас бичиж үлдээх завшаан тохиосонд баяртай байна.
Бид Украины Одесса хотын Хүнс, хөргөлтийн дээд сургуулийн нэг үеийн оюутнууд бөгөөд Дамдинсүрэнг арван естэйгээс нь 41 жил мэдэх анд нөхрийн хувиар энэхүү томоохон хувь хүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнс судлалын шинжлэх ухааны урьдаа барьдаг эрдэмтэн төдийгүй шилдэг сурган хүмүүжүүлэгч болтлоо өсөж өндийснийг нь харж бахархаж явдаг нэгэн. Хүн болох багаасаа гэдэг мэргэн үг түүний хувьд их оносон шиг санагддаг. Оюутан байхаасаа л шилдэг сурлагатан байж, хичээл ном, эрдэм судлал, удирдан зохион байгуулах гээд аливаа ажил, асуудлын шийдвэрийг олон хувилбараар түвэггүй олдог хурц шаламгай ухаан түүний төрөлхийн нь мөн чанар бөгөөд дээр нь уйгагүй хөдөлмөрч, шаргуу хичээнгүй чанарыг өөртөө бий болгож чадсан нь бүхий л амжилтын нь үндэс болсон гэж би боддог. Тэрээр хүнсний аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын оргил үе болох 1970-аад онд яамны хэлтсийн дарга, 80-аад оноос 10 гаруй жил орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллахдаа авъяаслиг удирдагч болохоо илтгэн харуулж, Талх, чихрийн комбинат, Улаанбаатарын сүүний үйлдвэр, аймгуудын хүнсний үйлдвэр, 3 аймагт мах боловсруулах үйлдвэр, сав боодлын шинэ үйлдвэрийг барьж байгуулах, хүч чадлыг нь бүрэн авахуулж ашиглах, Мах, консервийн болон Спирт, балбурмын комбинат, бусад олон үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл гээд одоо бодоход дэндүү нүсэр, асар том ажлыг удирдан зохион байгуулж хийлцэхдээ сүү хатаах, боловсруулж чанартай удаан хадгалах болон хөргүүрийн гээд орчин цагийн олон арван шилдэг технологиор үйлдвэрлэлийг шинэчилж, хүнсний сав боодлын цоо шинэ үеийг эхлүүлсний дээр аймгийн хүнсний үйлдвэрүүдийн барилга, зарим тоног төхөөрөмжийн зураг төслийг дотооддоо хийж, мөн үйлдвэрлэн суурилуулах болсон нь эх орны инженерийн боловсон хүчний мэргэжилдээ өсөж өндийх, хүчээ сорих сайхан боломж болсон юм. Үе үеийн шилдэг сэхээтний хөдөлмөрийн үр шим, түүний дотор Л.Дамдинсүрэнгийн сүүлийн 10 гаруй жил удирдаж ажилласан Монгол улсын хүнсний аж үйлдвэр хөгжлийнхээ оргил үед хүрсэнийг 1990 оны үйлдвэрлэлийн 10-15 хувийг л өнөөдөр үйлдвэрлэж, хүнснийхээ 80 хувийг гаднаас оруулж байгаагаас бэлхнээ харж болно. Би Л.Дамдинсүрэнгээс гурван удаа ажил хүлээж авсан нь их бэлэгшээлтэй ховорхон тохиолдол байсан ба ингэж би түүнийг орлон зүтгэж байхдаа хийж бүтээсэн бүхнээр нь өөрийн эрхгүй бахархдаг, тулгамдсан асуудлаар шуурхай, оновчтой шийдвэр гаргах чадварыг нь биширч хүндэлж ирсэн билээ. Удирдах ажилтны энэ чухал чанараар нь би бээр бидний үлгэр дуурайл болсон домогт хүн, эдүгээ Монгол улсын хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд агсан П.Дамдин, тэгээд Л.Дамдинсүрэнг зүй ёсоор онцолж нэрлэмээр байна. Олон гайхамшигтай хүмүүстэй гар нийлж ажилласны хоёр нь эд нар юм. Эдгээр хүмүүсийн хийж бүтээсний ачаар өнөөгийн Монгол хараахан гал алдачхаагүй, тогоогоо харлуулчхаагүй яваа.
Тэр үед одоогийнх шиг хэдэн санал молигодож авснаараа ч юмуу хэдэн бор төгрөг хандив нэрээр хахуульд өргөснөөрөө бус чухамхүү хэн удирдах авъяас чадвартай нь хүчээрээ шалгарч удирдагч болж байсныг тухайн бие хүнийг тодруулах үүднээс хэлэхгүй өнгөрч түвдсэнгүй. Үүнийг удирдагч хүний байгалийн шалгарал гэмээр ч юмуу даа. Миний нөхөр ингэж авъяас чадвар, хүч хөдөлмөр, үнэнч шударга байдал, удирдагч хүний зангарагатай, далайцтай чанараа өөрийгээ нээж байж өөрөө олж авсан юм.
Аж ахуйн нүсэр ажлын хажуугаар хэн хүн зориглодоггүй эрдэм судлалын ярвигтай ажлаас нүүр буруулалгүй, харин ч техникийн шинжлэх ухааны докторын зэрэгт хүртлээ бүтээлч хөдөлмөрлөсөн нь өөрийгээ хэрхэн хөгжүүлсний тодотгол юм. Дэлхийд ганц хувь сүү, цагаан идээний монголын үндэсний технологийн шинжлэх ухааны үндэслэлийг анх түрүүн судалснаараа ард түмнийхээ суу билгийн нэгээхэн гахамшгийг нээн илрүүлж, энэ нь хүнс судлалд төдийгүй эртний монголчуудын судлалд цоо шинэ зүйл болсон юм. Гарт нь алтан гулдмай атгуулж нүд аниагүй л бол нь унхиагүйгээр нь цоллож элэнц дээдсээ гутаагсад эл бүтээлээс чухамдаа түрүү үеийнхэн маань наанадаж өнөөгийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд сэтгэж, хийж хэрэгжүүлж, зарим талаараа давсан болохыг үзэж болно. Тиймдээ ч өнөө хаа ч байхгүй гүүний айраг, сүүний нэрмэл архи, өрөм, шар тос, ээзгий, цэвэр монгол хөрөнгийн тараг, ааруул хурууд, бүх төрлийн хольсон тос, ингэний сүүн бүтээгдхүүнийг зохион бүтээж дэлхийн дээд амжилт тогтоосон эртний суут бүтээлийн шинжлэх ухааны мөн чанарыг тайлах нь эртний монголчуудын оюун санааны тайллыг хийж байгаа хэрэг юм. Бүтээл бүхэн өөрийн гэсэн цаг хугацааны үнэлгээтэй болохоор түүний шинжлэх ухааны докторын диссертацийн албан ёсны шүүмжлэгчийн хувьд би ийм тодорхойлолт өгч чадах юм. Л.Дамдинсүрэнгийн бүтээл миний тодорхойлолтоор дутахгүй байж болох ч уг бүтээл гараагүй бол нь Монгол түмэн маань элэнц дээдсийнхээ тухай шинжлэх ухаанч мэдлэгээр гуранхайтан дутах байсныг өчсүү.
Тэрээр өнөөгийн хүнсний аж үйлдвэрийн салбарын төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд эх оронч бүтээлч саначилгаараа ихээхэн тус болж буй цорын ганц хувь хүн ч байж мэдэх бөгөөд “Монгол улсын хүнсний бодлогын тулгуур асуудлууд” бүтээл нь төрийн нүүрийг тахалж, түмний үрсийг сургаж бэлтгэх үнэхээр тулгуур бүтээл ч байж болох юм. Ийм нэгэн бүтээлч сэхээтэн байгаагүйсэн бол нь монголын төр, түмэн яасан их юмаар дутах байж вэ гэсэн бодол төрж байна. Энд анд нөхрийн хувиар хэрэглэсэн миний хувийн хэтрүүлэг огт байхгүйгээр барахгүй харин ч түүний бүх туурвил бүтээлээс энэ номонд орсон өчүүхэн хэсгийг ч болов тогтож тайлбарлаж чадахгүй байгаадаа харамсаж байна. Түүний хэдэн арван ном зохиол, нэг сэдэвт бүтээл, өгүүлэл, илтгэл, ярилцлага, удирдаж хамгаалуулсан олон доктор, магистрын эрдэм судлалын ажил, одоо хийж байгаа олон ажил, түүний дотор олон нийтийн сонгуульт ажлуудыг нэг хувь хүмүүнд хамаатуулан авч үзвээс хирээс хэтэрсэн гэмээр дүр зураг гарна. Харах төдий дүгнэлт ийм байхад энэ бүхнийг цогцлоон бүтээсэн нөр их хөдөлмөр, оюуны үнэлэмжийг нэмж тооцвол нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, монгол профессорын хөрөг томрон харагдах буйзаа.
Ахмад үеийн бүтээлч, эх оронч сэхээтний нэгэн томоохон төлөөллийн хөдөлмөр, бүтээлийн тухай номын цацал ийм буюу.
Гүррагчаагийн Лхагваа
Техникийн шинжлэх ухааны доктор, профессор
2006 он, Улаанбаатар