ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ


Эх материал: Речь в Европарламенте, Потрясшая Мир • Джеффри Сакс 2025 оны 2-р сарын 25-ны өдөр

Джеффри Сакс америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор, 2002 – 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай зөвлөхөөр ажиллаж байсан.

Миний бие сүүлийн 36 жилд Зүүн Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улс, ОХУ-д болж буй үйл явдлуудыг нэн анхааран ажиглаж байгаа билээ. Би бээр 1989 онд Польшийн засгийн газрын зөвлөх, 1990 онд Ерөнхийлөгч Горбачевын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 1991-1993 онд Ельцинтэй, мөн 1993-1994 онд Украины Ерөнхийлөгч Кучматай хамтран ажилласан. Эстонид үндэсний мөнгөн тэмдэгт нэвтрүүлэхэд тусалсан бөгөөд хуучин Югославын хэд хэдэн оронд, ялангуяа Словенид тусалж, үйл явдлуудыг ойроос харж байлаа. Майданаас хойших үйл явдлуудыг 36 жилийн турш анхааралтай ажиглаж байна. Украины шинэ засгийн газрын гишүүд намайг Киевт урьсан ба үйл явдал өрнөсөн газруудаар явж, бүгдийг газар дээр нь харж танилцаж байлаа. Миний бие Оросын удирдагчидтай 30 гаруй жил холбоотой байгаагийн зэрэгцээ Америкийн удирдагчдыг сайн мэднэ. Заримтай нь дотно танилууд. АНУ-ын Сангийн сайд агснаар их сургуульд 51 жилийн өмнө макро эдийн засгийн хичээл заалгаж байсан, бид дотно найзууд байсан. Эдгээр хүмүүсийг би 50 жилийн өмнөөс сайн мэднэ. Энэ бүхнийг ярихдаа энд хэлэх зүйл маань зөвхөн миний үзэл бодол гэдгийг, хэн нэгний үг, үзэл суртал биш, харин хувийн ажиглалт, туршлагад үндэслэснээ хэлэх бодолтой байна. Энэ нь Европыг янз бүрийн байдлаар уналтад хүргэсэн гэх үйл явдлуудын талаарх миний ойлголт бөгөөд Украины хямрал төдийгүй Сербийг ч яриандаа хавчуулах болно. 1991 онд Ойрхи Дорнодод Ирак, Сирийг, Африкт Судан, Сомали, Ливийг хамарсан дайн дэгдсэн. Миний яриа таныг гайхшруулж ч магадгүй, бас эсэргүүцэхэд ч хүргэж мэднэ. Эдгээр бүх дайныг АНУ удирдаж зохион байгуулсан бөгөөд энэ бүхэн 40 гаруй жилийн хугацаанд болж өнгөрсөн. Үүнийг би 30 гаруй жилийн өмнө хэлсэнсэн бол илүү нарийвчлалтай байх байсан биз. АНУ 1990, 1991 он, ЗХУ задран унаснаас хойш одоогийнх шигээ хэний ч үзэл бодол, улаан шугам, санаа зовоосон асуудал, аюулгүй байдал, олон улсын үүрэг хариуцлага, бүр НҮБ-ын нөлөөг ч авч үзэх шаардлагагүй гэх болсон юм. Ингэж шулуухан хэлсэнд уучлаарай, та бүхнийг мэдээсэй л гэсэндээ тэр. Үнэндээ Чейни, Волф гээд та нарын мэдэх олон хүн тэр үед одоо Америкийн ертөнц ирлээ, бид хүссэн зүйлээ хийнэ, хуучин ЗХУ-ыг цэвэрлэж, холбоотнуудыг нь зайлуулж, Ирак, Сирийг арчиж хаяна гэцгээж эхэлсэн. Энэ үзэл бараг 33 жилийн турш АНУ-ын олон улсын бодлого байсаар ирсэн. Европ үүний төлөө өндөр үнэ төлсөн, учир нь энэ хугацаанд Европ өөрийн гэсэн олон улсын бодлогогүй, дуу хоолойгүй, эв нэгдэлгүй, тодорхойгүй, Европын гэх ашиг сонирхолгүй, зөвхөн Америкийн талыг л баримталж аяыг нь харж байсан. Ялангуяа 2008 онд, тийм ээ, 1991-ээс 2008 он хүртэл АНУ нэг туйлт бодлогын хүрээнд НАТО-г Брюсселээс Владивосток хүртэл алхам алхмаар тэлэх, энэхүү үйл явцад төгсгөл байх ёсгүй гэж шийдсэн. НАТО-г зүүн тийш тэлэх нь Америкийн нэг туйлт ертөнц гэсэн үг юм.

Хэрэв та хүүхэд байхдаа “Эрсдэл” хэмээх дипломат тоглоом тоглож байсан бол мэдэж байгаа. Би тоглож байсийм. Энэ нь самбарын бүх талбайд энх тайван тогтоох гэсэн санаа агуулдаг. АНУ цэргийн бааз нь байхгүй аль ч газрыг дайснаа гэж үздэг. Америкийн улс төрийн лавлахад төвийг сахих гэдэг үг бол бохир үг юм. Хэрэв та дайсан бол тийм ч бохир биш, ядаж л бид дайсан гэдгийг чинь мэдэж байгаа. Харин төвийг сахигч бол ямар нэг юм нууж байгаа гэсэн үг. Үнэхээр бидний дайсан мөн. Товчхондоо, энэ бол сэтгэлзүйн арга юм. 1994 онд Клинтон НАТО-г зүүн тийш тэлэх гэрээнд гарын үсэг зурснаар америкийн дээрх байр суурь албан ёсны болсон юм. Энэ төсөл 30 жил хэрэгжиж байна. Америк Британийн туршлагаар Украин, Гүрж улсуудыг энэ төслийн гол түлхүүр болгосон. Ийнхүү бид Британийн эзэнт гүрнийг дуурайж байгаа хэрэг. 1853 онд Оросыг Хар тэнгист хааж, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт нэвтрэх эрхгүй болгох гэсэн Британийн эзэнт гүрний ноёнтон, уучлаарай, Лорд Палмерстоны санаа Америкийн 21-р зууны төсөлд давтагдаж байна. Украин, Румын, Болгар, Турк, Гүрж улсууд Оросын хувьд Хар тэнгис дэх хаалт болж, Оросыг олон улсын эрхгүй орон нутгийн чанартай хүч болгон саармагжуулах зорилготой байв. Бзежинский энэ талаар маш тодорхой ярьсан. Бежинскийгээс өмнө Маккиндер энэ тухай ярьж байсан. Арлыг хянаж байгаа нь арлын эзэн болдог. Тиймээс энэ төсөл урт түүхтэй. Энэ нь Палмерстоноос эхтэй гэж бодож байна. Энэ бол нэг туйлт бодлогын тоглоомын нэг хэсэг байсан. НАТО-гийн тэлэлт 1999 онд эхэлж Унгар, Польш, Чех улсуудыг нэгтэгснийг та нар мэдэж байгаа. Орос улс дургүйцсэн. Эдгээр улсууд оросын хилээс хол байсан. Орос улс эсэргүүцсэн ч талаар болсон. Дараа нь Жорж Бушийг гарч ирэхэд 9-р сарын 11-нд Ерөнхийлөгч Путин түүнийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Удалгүй АНУ 2001 оны 9-р сарын 20-нд 5жилийн дотор 7 дайн хийхээр шийдсэн.

Дашрамд хэлэхэд, эдгээрийг Нетаньяхугийн дайн гэж нэрлэж болно. Зорилго нь ЗХУ-ын зарим холбоотнуудыг, Хамас, Хезболлаг дэмжигчдийг хэсэгчлэн устгах явдал байв. Нетаньяхугийн төлөвлөгөө бол зөвхөн нэг улс байх явдал. Тэр нь Израиль. Израиль бүх нутаг дэвсгэрийг хянана. Эсэргүүцсэн хэнийг ч болов бид орхино. Чухамдаа бид биш, манай анд нөхөр АНУ. Энэ нь өнөөг хүртэл АНУ-ын бодлого байсаар байгаа, өөрчлөгдөх эсэхийг нь би мэдэхгүй. НАТО-г өргөтгөх дараагийн шат 2004 он байсан. Энэ удаад 7 улс: Балтийн гурвав, Румын, Болгар, Словени, Словак. ОХУ их бухимдсан. Хүн бүрийн санаж байгаачлан Мюнхений бага хурал өнгөрсөн долоо хоногт болсон. 2007 онд Ерөнхийлөгч Путин “Гүйцээ, боль, зогс” гэсэн. Үүнийг тэрээр 2008 онд НАТО-г Гүрж, Украинаар өргөтгөх АНУ-ын санаатай уялдуулж хэлсэн хэрэг. Энэ бол америкийн том төсөл байсан. Би 2008 онд Нью-Йоркт ноён Саакашвили үг хэлэхийг сонсоод авгайдаа “Соня, энэ хүн галзуурчээ” гэж утасдаж байсан гээч. Сарын дараа дайн эхэлсэн. АНУ энэ хүүд “Бид Гүржийг аварч байна” гэж хэлж итгүүлсэн бөгөөд тэрээр Гадаад харилцааны зөвлөл дээр Гүрж бол Европын төв гэж мэдэгдсэн. Энэ бол төв биш, хатагтай, ноёд оо. Европын төвд ийм улс байхгүй. Шинэ үйл явдлууд Гүржид тус болсонгүй. Аюулгүй байдлыг нь хамгаалаагүй. Парламентын гишүүд тэнд зүгээр л айлчлал хийж байв. Европын улс төрчид Гүржийг сүйрүүлж байна. Аварч байгаа юм алга, сүйрүүлж байна. Бүрмөсөн сүйрүүлж байна. Хүн бүрийн мэдэж байгаачлан 2008 онд манай Тагнуулын төв газрын захирал асан Уильям Бернс Кондолиза Райст урт мэдээлэл хүргүүлсэн. Энэ бол НАТО-г өргөтгөх тухай биш юм. Бид үүнийг Жулиан Ассанжаас мэдэж авсан. Виктор Янукович 2010 онд төвийг сахих үзэл баримтлал хэрэгжүүлнэ гэж Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон. Орос улс Украины тухайд ямар ч газар нутгийн ашиг сонирхол, зорилго огт агуулж байгаагүйг би сайн мэднэ. Тэр үед би тэнд байсан. Орос улсад зөвхөн Севастополийн цэргийн баазыг 2042 он хүртэл 25 жилээр түрээслэх л хэрэгтэй байсан. Тэдэнд Крым, Домбасыг эзлэх төлөвлөгөө байгаагүй. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Путин Оросын эзэнт гүрнийг сэргээн босгож гэж байгаа тухай таамаглал огт утгагүй зүйл. Энэ бүхэн хүүхдийн суртал ухуулга. Уучлаарай. Олон жил өдөр өнжилгүй ярьсан үлгэрт итгэчихдэг болтой. Энэ бүхэн хүүхдийн үлгэрүүд юм. Хүүхдийн үлгэрүүд насанд хүрэгчдийн ярианаас илүү үр дүнтэй байдаг бололтой.

Тиймээс ОХУ-д ямар ч байлдан дагуулах бодол байхгүй. АНУ л энэ хүнийг түлхэн унагахаар шийдсэн. Үүнийг дэглэмийг өөрчлөх ажиллагаа гэдэг. АНУ зуу орчим ийм ажиллагаа явуулсан. Танай оронд, мөн дэлхий даяар олон ийм үйл ажиллагаа явуулсан. Тагнуулын төв газар амьжиргаагаа ингэж л залгуулдаг юм. Үүнийг сайтар мэдэж аваарай.

Энэ бол үнэнхүү ёс бус гадаад бодлого. Хэрэв та нөгөө талыг нь баривал Америктай хэлэлцэж чадахгүй. Таныг тэд түлхэн унагана. Нууцаар хийх нь дээр ч болохгүй бол шуудхан эл тод хийчихнэ. Тайлбар нь маш тодорхой. Бэдэнд буруу байхгүй. Тэд бол түрэмгийлэгч, дарангуйлагч, Гитлер гээд болоо. Ийм явдал Саддам Хуссейн, Асад эсвэл Путин хэн ч бай хамаагүй 2-3 жилд тохиолддог зүйл. Тэдэнд ингэх нь амар. Энэ бол Америкчуудын гадаад бодлогын хэллэгийн цор ганц тайлбар юм. Өөрсдөө бол цэвэр ариун. 1938 оны Мюнхений хэлэлцээр, Мюнхений тохиролцоо гэдэг нь энэ. Тэдэнтэй ярих нь утгагүй. Тэд бол хорон санаатнууд. Тэд бол эвлэрч болшгүй дайснууд. Энэ бол бидний хэвлэл мэдээллээр сонсдог америкийн гадаад бодлогын цор ганц нэр томъёо юм. Хэвлэл мэдээллийнхэн үүнийг тарни мэт давтацгаана. Учир нь тэднийг АНУ-ын засгийн газар худалдаад авчихдаг. 2014 онд АНУ-ын засгийн газар Януковичийг түлхэн унагахын тулд идэвхтэй ажиллаж байсан. Колумбын их сургуулийн маань хамтрагч Виктория Нуланд, АНУ-ын Элчин сайд Питер Пиат нарын утасны яриа алдагдсаныг хүн бүр мэддэг. Үүнээс илүү нотлох баримт гэж юу байх билээ. Оросууд яриаг бичиж авч интернетэд байршуулсан. Би тэдгээр хүмүүсийг бүгдийг нь мэднэ. Тэднийг сайн ажилласан гэж Байдены засаг захиргаа тушаал дэвшүүлсэн. Энэ бол тэдний хийдэг ажил. Майданы дараахан украинчууд намайг урьсан. Украины шинэ Ерөнхий сайд эдийн засгийн хямралын талаар ярилцъя гэхээр нь би Киевт очсон. Тэд надад Майданы талаар ярьж, бас үзүүлсэн. Майданы бүх оролцогчдод АНУ мөнгө төлсөн талаар тэд надад ярьсан. Аяндаа гарсан хувьсгал юм байх. Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, тэр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаанаас гэнэт гараад ирсэн юм бол? Тийм сүрхий зохион байгуулалттай ажил юуны тулд хийгдээ вэ? Тэр олон автобус хаанаас ургаад гараад ирэв? Тэдгээр үй май оролцогчид хаанаас гэнэт бий болчхов? Энэ жирийн хэрэг биш. Зохион байгуулалттай энэ үйл явдал Европ, АНУ-ын иргэдээс бусдад нь тов тодорхой зүйл. Дараа нь Минскийн хэлцээрүүд. Ялангуяа Минск-2 бол Украины дорно хэсэг дэх оросоор ярьдаг иргэдийн эрхийн асуудлыг хөндсөн хэлэлцээр. ОХУ-ын Өмнөд Карелийн автономит улсын загвараар хийгдсэн. Энэ хэлэлцээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр санал нэгтэй батлагдсан ч АНУ, Украин зөвшөөрөөгүй. Нормандын үйл явцын батлан даагчаар ажиллаж байсан Герман, Франц хоёр нүдээ аниад өнгөрсөн. Европ хариуцлагаа үл ухамсарлан огт хэрэггүй охин компанийн үүрэг гүйцэтгэж, бүх зүйл Америкийн нэг туйлт үйлдэл болон хувирсан. Трамп ялж зэвсэг нийлүүлэлтээ нэмсэн. Дараахан нь Украины Домбассын бөмбөгдөлтөд олон мянган хүн хохирсон доо. Минск-2 гэрээ хэрэгжилгүйгээр ингэж төгссөн. Дараа нь Байден Цагаан ордонд ирсэн. Энэ бүх хүмүүсийг би сайн мэднэ. Тэ үед би Ардчилсан намын гишүүн байлаа. Одоо аль ч намын харъяалалгүй, учир нь хоёулаа адилхан. Танайд ч адилхан, ардчилагчид хамгийн аймшигт дайн өдөөгчид болж хувирсан бөгөөд энэ бүх хугацаанд танай парламентын гишүүдийн олонх нь энх тайвны төлөө ганц ч санал өгөөгүй. Ингээд 2021 оны сүүлээр Путин Европ, АНУ-ын аюулгүй байдлын тогтолцооны асуудлаар хоёр санал гаргасан нь сүүлчийн оролдлого нь байв. АНУ. 2021 оны 12-р сарын 15. Мөн 2022 оны 1-р сар. Би Жэйк Салливантай утсаар цаг хиртэй ярилцаад “Жэйк, чи НАТО-г Украин руу тэлэхгүй байхаар, наадуулыгаа дайн хийлгэлгүй ятгаач” гэсэн. Тэрээр “Санаа зоволтгүй. НАТО Украин руу тэлэхгүй” гэв. Би, Жейк, үүнд хэвлэл мэдээллийг ашиглаж болохгүй юу” гэхэд “болохгүй, нийтэд мэдээлж болохгүй” гэв. Би “Жэйк, сайнаар дуусахгүй энэ дайныг юуны төлөө эхлүүлнэ вэ” гэв. Тэр "Санаа зоволтгүй” гээд “дайн болохгүй” гэдгээ давтлаа. Эд нар ухаалаг хүмүүс биш. Надад итгээрэй, тэд ухаалаг хүмүүс биш. Би тэдэнтэй 40 гаруй жил хамт ажилласан. Тэд зөвхөн өөртэйгөө л ярьдаг, өөр хэнтэй ч ярьдаггүй. Тэд Байдены дагаж мөрдсөн баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэ нь Оросыг хэрхэн өдөөн хатгах стратеги юм. Тэд оросыг хэрхэн өдөөх, хэрхэн нурж унахад хүргэх, эсвэл дэглэмийг нь хэрхэн өөрчлөх, хэрхэн үймээн самуун дэгдээж эдийн засгийн хямрал үүсгэх тухай л боддог. Ийм л хүмүүсийг та нар холбоотноо гээд байна. Би Салливантай бухимдмаар удаан, гадаах хүйтэн жаварт нэг цаг ярилцлаа. Зугаалах гэж гараад аргагүйн эрхэнд ахиад ийм яриа болчихсийм. “Жэйк, дайн эхлүүлэх хэрэггүй. Дайн л биш шүү” гэхэд “Дайн болохгүй Жефф” гэдэг юм байна. Дараа сард нь юу болсныг бид бүгд мэднэ. Тэд хэлэлцээрээс татгалзсан. НАТО-гийн нээлттэй хаалганы бодлого гээч увайгүй тэнэг санаа. НАТО хүссэн газраа хөндлөнгөөс оролцох эрхтэй гэсэн үг. Хөрш нь үг дуугарах эрхгүй. Ингээд л дайн эхэлсэн. Путин энэ дайнд ямар зорилготой байсныг хэлээд өгье. Тэд Зеленскийгээс төвийг сахихыг шаардаж байсан бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойш долоо хоногийн дотор болсон юм. Энэ бол суртал ухуулга бишийг ойлгох хэрэгтэй. Тэд ОХУ хэлэлцээрийг тасалдуулж Украиныг булаан авах зорилготой гэсэн цуурхал дэгдээсэн. Хатагтай, ноёд оо, асуудлын үндсийг ойлгохыг хичээгээрэй. НАТО-г Оросын хилээс хол байлгах нь тэдний сонирхол байсийм. НАТО бол АНУ юм, өөр юу ч биш, илүү ч үгүй, дутуу ч үгүй. Бас нэгэн маш чухал зүйлийг хэлэх нь зүйтэй. Яагаад тийм сонирхол бий болчихсон юм бэ? Хятад, Орос нийлээд Рио Гранде юмуу Канадын хил дээр цэргийн бааз байгуулахаар шийдсэн бол АНУ зүгээр ч нэг уурлаад суухгүй 10 минутын дотор дайн хийх байсан. Учир нь АНУ 2002 онд баллистик пуужингийн гэрээнээс нэг талын санаачилгаар гарч, улмаар цөмийн зэвсгийн хяналтын системийг зогсоогоод байлаа. Үүнийг ойлгох нь маш чухал. Цөмийн зэвсгийн хяналтын систем нь анхны цохилтоос урьдчилан сэргийлэх оролдлого дээр суурилдаг. Баллистик пуужингийн гэрээ нь үүний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бид 2002 онд баллистик пуужингийн гэрээнээс нэг талын санаачилгаар гарсан. Энэ нь Оросыг цэргийн буфер бүсээс нь салгасан бөгөөд үүнийг би цөмийн зэвсгийн хяналтын систем нуран унасантай холбон тайлбарлаж байна. АНУ пуужин илрүүлэх системийг 2010 оноос Польш, Румынд суурилуулж эхэлсэн. Орост мэдээж таалагдаагүй. 12-р сарын 21, 1-р сарын 2-нд АНУ Украинд пуужингийн систем байрлуулах санаагаа зарласан бөгөөд Блинкен 2022 оны 1-р сард АНУ хаана ч пуужингийн систем байрлуулах эрхтэйгээ Лавровт хэлсэн. Одоо Герман дахь дунд тусгалын пуужингууд руу буцаж очъё. АНУ 2019 онд дунд тусгалын цөмийн зэвсгийн гэрээнээс нэг талын санаачилгаар гарснаар энэ зэвсгийн хяналтын ямар ч систем байхгүй болов. Зеленский 7 хоногийн дараа “Тохиролцъё” гэсэн. Энэ бүхнийг би нэг бүрчлэн маш нарийн мэднэ. Учир нь би бүх талуудтай дэлгэрэнгүй ярилцсан нэгэн. Турк зуучилж, Ерөнхийлөгч Путин баталж, сайд Лавровын танилцуулсан баримт бичиг хоёр 7 хоногийн дотор боловсруулагдсан. Би зуучлагчдын ажлыг нарийвчлан ажиглахаар Анкарт очоод байв. Гэтэл Украин гарын үсэг зурахын өмнөх өдөр хэлэлцээрээс нэг талын санаачилгаар гарав. Юу болов гэтэл АНУ тэг гэсэн юм байна. Учир нь Их Британи бялуун дээр чихэр нэмжээ. Тэд үнэнч гэдгээ баталгаажуулахаар Боджог дөрөвдүгээр сарын эхээр Украин руу илгээсэн байна. Тэр саяхан тэнд дахиад л иржээ. Хэрэв аюулгүй байдлын баталгаа тань Борис Жонсоны гарт байгаа юм бол Бурхан биднийг өршөөх болтугай. Кир Стармер бүр ч дордуулж орхив. Үүнийг төсөөлөхийн аргагүй. Ийм л юм болсон доо. Борис Жонсон тайлбарласаар л байв. Вэбсайтаас харвал энд Украин биш, барууны гегемонизм моринд нь мордчихсон давхиж яваа. Барууны гегемонизм.

Майкл бид хоёр 2022 оны хавар Ватиканд ажлын хэсэг дээр уулзаж, Украинд болж буй энэ дайнаас сайн зүйл гарахгүй гэдгийг тайлбарласан баримт бичиг боловсруулсан ба даруйхан тохиролцохгүй бол өчүүхэн жижиг зүйл ч үй олон хүний аминд хүрэхийг, цөмийн зэвсэглэлийн эрсдэл ихэсч, дайнд ялагдах магадлал өндөр гэдгийг гаргаж тавьсан юм. Бидний бичсэн зүйлээс нэг ч үг өөрчлөлгүй хэлж байна. Тэрхүү баримт бичгийн тухайд бид алдаа гаргаагүй. Үүнийг бичсэнээс хойш, АНУ нөгөө талаа хэлэлцээрээс гаргаснаас хойш сая орчим украин хүний амь үрэгдсэн буюу хүнд шархаджээ. Америкийн сенаторууд төсөөлөхөд ч бэрх, ёс суртахуунгүй хүмүүс. Америк хүн үхэхгүй учраас бид мөнгөө маш сайн ашигласан гэж хэлсэн гээд бод доо. Энэ бол цэвэр төсөөллийн /прокси/ дайн. Миний хажууд байсан сенаторуудын нэг Блюментал дээрх үгийг бүгдэд сонсогдохоор хэлсэн. Америк хүн үхээгүй! Ийм юм байж болох уу. Одоо өнгөрсний ёроол руу эргэж харъя. Бүх зүйл бүтэлгүйтсэн. Тэр төсөл бүтэлгүйтсэн. Төслийн агуулга нь Оросыг буулгаж авах явдал байсан бөгөөд Орос оршин тогтнохгүй гэж хэлсэн Збигнев Бжезинскийн 1997 оны мэдэгдэлд бүрэн итгэлтэй байцгаасан. Америк өөрийгөө давуу гэж итгэсэн. Бид ялна. Бид сүрдүүлнэ. Тэд тулалдахгүй, цэрэг татахгүй, гол цохилт бол SWIFT, энэ бүхний дараа тэд босч ирж чадахгүй гэцгээсэн. Эдийн засгийн хориг арга хэмжээ, ингээд сөхөрнө. Хай Марс систем, F16 тэднийг өндийлгэхгүй. Би 70 жил ийм л юм сонсож байлаа. Ямартаа ч 56 жил сонссон юмдаг. Утгагүй зүйлийн талаар өдөр бүр л ярьдаг хүмүүс. Миний улс орон, манай засгийн газар надад ийм л ойр танил юм. Сайн танил. Би украинчуудаас учирлан гуйж байсан. Тэдэнтэй холбоотой өөрийн гэсэн түүх надад бий. Би тэдний зөвлөх байсан. Би Украины эсрэг биш, эсрэгээрээ, бүрэн украин хүн. Би тэдэнд “Амь нас, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрээ аварцгаа. Төвийг сахи. Америкчуудыг бүү сонс" гэж хэлдэг байв.

Хенри Киссинжерийн хэлсэн алдарт үгийг иш татдаг байв. Тэр ингэж хэлсийм: “АНУ-ын дайсан байх нь аюултай, найз нь болвол үхэж мэднэ”. Европынхонд үүнийг давтан хэлье: “АНУ-ын дайсан байх нь аюултай, найз нь болвол үхэж мэднэ”. Трампын талаар хэдэн үг хэлье. Трамп ялагдагч байхыг хүсдэггүй хүн. Энэ дайн дуусч таарна. Трамп болон Ерөнхийлөгч Путин нар дайныг зогсоох тохиролцоонд хүрнэ. Хэрэв Европ үүнийг үргэлжлүүлэн өдөөж галдсаар байвал асуудал мэдээж өөр, гэлээ гээд дайн дуусна. Энэ санаагаа хөтөлбөрөөсөө авч хаяарай. Хамт ажиллагсаддаа дууссан гэж хэлээрэй. Трампад нэр хүнд чухал учраас энэ дайн дуусна. Хамаг учир үүнд л байгаа юм. Хийгдэж байгаа яриа хэлэлцээрүүд Украиныг аврахын тулд юм. Дарааллаараа Европ хоёр дахь нь. Хэлэлцээр болж байгаа тухай аймшигт мэдээний ачаар ядаж л танайхны хувьцаа сүүлийн өдрүүдэд өссөн. Энэхүү мэдээг эдгээр хананы дотор илт айдастай угтаж авсан. Уг нь та нарын хувьд энэ бол хамгийн сайхан мэдээ баймаарсан. Би ятгахыг хичээсэн боловч тэд сонссонгүй. Би Европын хэд хэдэн удирдагчтай холбогдохыг хичээсэн. Ихэнх нь намайг сонсохыг хүсээгүй. Тэдэнд би Киев рүү битгий яв, Москва руу яв, тэндхийн хамтрагчтайгаа ярилц гэж хэлсийм. Та нар бол Европ. 20 их наяд долларын эдийн засагтай, 450 сая хүн амтай. Та нар Оросын эдийн засгийн түнш нь байх ёстой. Энэ бол жам ёсны зүйл. Хэн нэг тань АНУ “Nord Stream-2” /Хойт урсгал-2/-ыг дэлбэлсэн гэвэл би түүнтэй таатай ярилцмаар байна. Европт өөрийн гэсэн гадаад бодлого хэрэгтэй. Русофоби /Оросыг үзэн ядах/-д суурилсан гадаад бодлого биш шүү. Оросын болон Европын байр суурийг харгалзан үзэж, Америк болон түүний байр суурийг ойлгож, АНУ Европ руу довтлохоос, магадгүй АНУ Данийн нутаг дэвсгэрт цэргээ оруулахаас зайлсхийхийсэн, бодит байдалд суурилсан гадаад бодлого. Би тоглоогүй байна. АНУ ч бас тоглоом болгохгүй. Европт одоогийнх шиг биш, өөрийн гэсэн гадаад бодлого хэрэгтэй. Бид ноён Трамптай тохиролцож буулт хийх болно. Энэ яаж төгсөхийг мэдэх үү. Мэдэнгүүтээ над руу залгаарай. Америкчуудыг Европын толгойд бүү гарга. Өөрийн хүмүүсийг томилж хариуцуул. Өөрийн гэсэн гадаад бодлоготой байгаарай. Та нар Оростой урт удаан ойр амьдрах хүмүүс. Тиймээс Оростой тохиролцоонд хүрээрэй. Хэлэлцэх асуудлын тань жагсаалтад аюулгүй байдлын ноцтой асуудлууд орсон байна. Ямартаа ч зэвсэг бүү далай. Оросыг үзэн ядах нь та нарын ч, тэр тусмаа Украины аюулгүй байдалд огт нэмэр болохгүй. Нэгэн Америк хүний тэнэглэлээс болж Украинд сая сая хүн хохироод байна. Та нар гарын үсгээ зурж, бусдаас чангаар алга ташсан. Энэ юу ч шийдэхгүй. Орост Европ руу довтлох санаа байхгүй. Энэ бол гол зүйл. Үүнийг ойлгоход та нарт амаргүй байх биз. Ямартаа ч Орос Европт довтлохгүй. Илүү ноцтой асуудлууд байсаар байна. Оросын хувьд гол асуудал нь АНУ байсан. Орос том гүрэн, дэлхийн хамгийн том цөмийн хүчин. Орос улс эхнээсээ л АНУ-ын нэг туйлт бодлогыг дургүйцдэг. Гэвч одоо бүх зүйл шийдэгдэх талдаа байгаа нь тодорхой байна. Европ Оростой хэлэлцээр эхлүүлэх ёстой. Учир нь АНУ Европ дахь сонирхлоо хурдан алдах бөгөөд та нар дараагийн мянган жил Оростой хамт амьдрах болно. Та нар юу хүсч байна вэ? Балтийн орнуудын аюулгүй байдал уу? Тэд юуны өмнө оросыг үзэн ядахаа зогсоох нь дээр. Энэ юу юунаас илүү чухал. Эстонид орос хэлээр ярьдаг иргэдийн 25 орчим хувь нь орос үндэстэн байдаг. Латви улсад ч мөн адил. Хөршөө бүү өд, ердөө л энэ шүү дээ. Энэ хэцүү биш. Огтхон ч хэцүү биш. Тэдэнд “Цээжээ бүү дэлд” гэж зөвлөмөөр байна. Ердөө л энэ. Эстонид Оросын задран унахыг хүсч байна. Тэгнэ гэж үү? Хэрэггүй дээ. Ингэвэл энэ дэлхий дээр амьд үлдэж чадахгүй. Харилцан хүндлэл байж л амьд гарч чадна. Хэлэлцээр л амьдрах зам тань болно. Хэлэлцээрийн ачаар амьд үлдээрэй. Орос хэлийг бүү шоовдорло. Хүн амынх нь 25 % орос хэлээр ярьж байхад хориглох гэдэг маш муу санаа. Орос улс шиг аварга том гүрэнтэй хиллэж оршихоос хойш орос хэлийг албан ёсны хэл болгох нь харин ч зөв байлтай. Бага сургуульд орос хэл заах нь Оросын Ортодокс сүмийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Бид насанд хүрсэн хүмүүс шиг аашлах хэрэгтэй, байнга хүүхэд шиг аашилж болохгүй. Энэ миний хэлэх дуртай үг. Томчуул хүүхдүүдээс ч дор тэнэг аашилдаг. Өөр нэг зүйл гэвэл би Сергей Лавровыг 30 жил мэднэ, түүнийг гадаад хэргийн гайхалтай сайд гэж хүндэлдэг. Түүнтэй ярилц, хэлэлцээр хий, санаа бодлыг нь сонсож санал дэвшүүл. Хамгийн чухал нь хашгирч, дайн өдөөхөө зогсоож, Оросын хамтрагчтайгаа ярилцаж, АНУ-ыг ширээнд хамт суугаач гэж гуйж гувшихаа боль. Та нар ширээнд тэдэнтэй хамт суух шаардлагагүй. Та нар бол Европ. Европынхон Оростой нэг ширээнд суух хэрэгтэй. Хэрэв АНУ нэгдье гэвэл тэр л биз. Гэхдээ тэднийг гуйх хэрэггүй. Дашрамд хэлэхэд, Европчууд Оростой ярилцахдаа Украиныг ширээнд суулгах гэх ямар ч шаардлага байхгүй. Та нарт түүнтэй түүнгүй маш олон асуудал, бүр тулгамдсан асуудлууд зөндөө байгаа. Гадаад бодлогоо хэнд ч бүү даатга. АНУ, Украин, Израиль, ер хэнээр ч бүү мэдүүл. Өөрийн гэсэн гадаад бодлого баримтал. Энэ л чухал. Профессор Г.Лхагваа орчуулав.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(2 цагийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(2 цагийн өмнө)
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Эхийн хайрыг зүйрлэвэл үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт.
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ