ДЖОН МИРШАЙМЕРИЙН ОНОЛ БА ВОЛЬФ МЕССИНГИЙН ЗӨГНӨЛ
Жон Миршаймер
Путины алхам шийдвэрлэх үедээ ирж, барууныхны тартагтаа тулсан айдас биеллээ
олж байна.
Джон Миршаймер нь Чикагогийн их сургуулийн улс төр судлалын профессор, Олон улсын
валютын санд олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн. Тэрээр “Довтолгооны зүй
тогтлын онол”-ыг үндэслэгч. Энэхүү онолын гол санаа нь “өнөөгийн олон улсын харилцаа
нь үндэсний эрх ашгийг сохроор баримталсан түрэмгийллийн систем” гэж үзэх явдал юм.
Тэрээр олон улсын харилцааны нэрт онолчдын нэг, “Аугаа их гүрнүүдийн улс төрийн
эмгэнэлт явдал” номын зохиолч, энэхүү хямралыг хэдэн арван жилийн өмнө урьдчилан
таамаглаж байсан эрдэмтэн юм. Тэрээр “Израилийн лобби ба АНУ-ын гадаад
бодлого”(2007), “Удирдагчид яагаад худал ярьдаг вэ”(2011),“Агуу төөрөгдөл”(2018),
“Улс орнууд хэрхэн сэтгэдэг вэ: Гадаад бодлогын оновчтой байдал”(2023) зэрэг номын
зохиогч. Олон улсын харилцаанд “Эдийн засгийн хүчилтөрөгчийг нь бусад орнууд хянаж
байхад ганц ч их гүрэн тэсч үлдэж чадахгүй” гэсэн эртний их гүрнүүдийн геополитикийн
зарчим байдаг. Энэ бол Ромоос Их Британи хүртэлх бүх эзэнт гүрнийг сүйрүүлсэн суурь
зөрчил юм. 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойших 33 жилд АНУ энэхүү зарчмыг
баримталж ирсэн. Саяхнаас энэ үзэл баримтлал сүйрлийнхээ ирмэгт хүрээд байна.
Вашингтоныг хамгийн ихээр айлгаж буй энэ зарчмыг нь Владимир Путин түргэтгэлээ.
Тэрээр үүнийг Хятадтай 4 триллион ам. долларын эрчим хүчний гэрээг үзэглэсэн гарын
үсгээр л хийчихлээ. Энэ их мөнгөн дүн ирээдүйн горьдлого төдий зүйл биш, яг одоо
урсаж эхэлсэн бодит мөнгө, дэлхийн хүчний газрын зургийг өөрчилж буй үйл явдал юм.
Миний бие Олон улсын валютын санд олон жил ажиллахдаа санхүүгийн хяналтын дотоод
механизм хэрхэн ажилладгийг харсан бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд
хаалттай, эсвэл олон нийтэд үнэн зөв мэдээлэхээс зайлсхийдэг юм.
АНУ-ын Сангийн сайд Джанет Йелин урьд өмнө байгаагүй, төсөөлөөчгүй хямралтай
тулгараад байна. Дэлхийн бүх төв банкууд дахь долларын нөөц улирал дутамд 2–3%-иар
унаж байна. Барууны санхүүгийнхэн тогтворжуулах арга чарга хайх хооронд Путин Си
Жзиньпинтэй хамт түүхийг цоо шинээр эхлүүллээ. Энэ бол хуйвалдааны онол биш, яг энэ
цагт үед хэрэгжиж буй бодит үйл явдал. Хүн бүхний насан туршаа ойлгож мэдэж байсан
дэлхийн зарчим нүдэн дээр маань өөрчлөгдөж байна. Энэ хүртэл хэрхэн явж ирснийг
ойлгохын тулд 24 жилийн өмнөх рүү буцъя. Владимир Путинийг 2000 он, унаж сүйрсэн
эдийн засагтай орон угтаж байхад барууныхан түүнийг Оросын түрэмгийлэгч нэр зүүлгэн
дайрч давшилж байв. 1990-ээд онд барууныхны тулгасан хүндрэлээс шалтгаалж ОХУ-ын
дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэл 40 % буурч, 10 жилд эдийн засаг нь 2 дахин
унаад байв. Энэ бол АНУ-тай тохирсон зөвшилцлийн уршигт үр дүн байлаа. Путин АНУ-
тай харилцаагаа сайжруулахад анхаарч байв. Тэрээр 2001 оны 9-р сарын 11-нд бага Джорж
Буштэй утсаар ярьж, Абал Кайдагийн талаар тагнуулын мэдээ өгөх, Афганистаны дайнд
зориулж төв Азийн гарцыг нээх санал тавьсан ганц удирдагч байв. Гэтэл хариуд нь 2002
онд АНУ стратегийн тэнцвэрийг барьж байсан 30 жилийн хугацаатай пуужин эсэргүүцэн
хамгаалах гэрээнээс дангаараа гарч буйгаа мэдэгдэв. Энэхүү шийдвэрийн дэлхийн
тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийн үнэ цэнийг хэмжиж хэлэх аргагүй юм. 2004 онд
Украинд болсон улбар шар хувьсгалын үеэр АНУ-ын Конгрессоос санхүүждэг Ардчиллын
Үндэсний Сангаас Украинд ардчиллыг дэмжих нэрээр 65 сая доллар, Москвад талтай гэж
үзэн Украины албан ёсны Засгийн засгийн газрыг түлхэн унагаахад 65 сая доллар
зарцуулсныг нууцаас гарсан баримт бичгүүд одоо баталж байна. Хэрэв Орос улс ийм
хэмжээний зардлыг АНУ-ын хил залгаа Мексикийн засгийн газрыг өөрчлөхөд зарцуулсан
бол юу болохыг төсөөлөөд үз дээ.
2008 он. Бухарест хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны
мэдэгдлээс үгчлэн ишилье: “Украин, Гүрж улсууд НАТО-гийн гишүүн болно”. Энэ нь
1990 онд Горбачевт Германыг нэгтгэсний дараа НАТО зүүн тийш нэг инч ч тэлэхгүй гэсэн
тодорхой амлалтыг зөрчсөн юм. Жорж Вашингтоны Их сургуулийн Үндэсний аюулгүй
байдлын архивын баримт бичгүүд үүнийг баталж байна. Эдгээр нь Оросын онол биш,
Америкийн архив юм. Тэр жил буюу 2008 онд Гүрж улс Өмнөд Осетид халдсан билээ.
2009 онд нийтлэгдсэн Европын Холбооны бие даасан мөрдлөгийн тайланд “Гүрж улс
цэргийн ажиллагаа эхлүүлсэн” гэж дүгнэжээ. Гэвч барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
үүнийг Оросын түрэмгийлэл гэж хэдэн сарын турш дүрслэн үзүүлсэн. 2011 он. Ливи улс.
ОХУ хүмүүнлэгийн нислэггүй бүс байгуулахыг зөвшөөрөхийн тулд НҮБ-ын Аюулгүйн
Зөвлөлд санал өгөхөөс татгалзахаар тохиролцсон. Үр дүн нь юу болсон гээч. НАТО
Ливийг долоон сарын турш бөмбөгдөж, 9700 удаа байлдааны нислэг үйлдэж, Муаммар
Каддафиг түлхэн унагаж цаазалсан. Путин хүмүүнлэгийн тогтоолыг барууныхан
дэглэмийг өөрчлөх хүчирхийллийн хэрэгсэл болгон ашиглахыг харснаасаа хойш тэдэнд
итгэл алдарчээ. 2014 он. Украинд болсон Майданы төрийн эргэлт. АНУ Украины ард
түмний ардчилсан хүсэл эрмэлзлийг дэмжихэд 5 тэрбум долларын тусламж үзүүлснийг
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд олон нийтийн өмнө хүлээн
зөвшөөрсөн. 5 тэрбум. Украины шинэ засгийн газрыг хэн бүрдүүлэх талаар түүний
ярилцаж, Яценюк бол “манай хүн” гэж тэрээр Арсений Яценюкийг дурдан ярьж байсан
утасны бичлэг алдагдсанаас 3 сарын дараа Яценук ерөнхий сайд болсон. Оросын хариу
үйлдэл нь Крымийг нэгтгэсэн явдал байв. Яагаад? Учир нь Севастополь бол бүлээн усанд
оршдог тэнгисийн цэргийн ганц бааз юм. Энэхүү тэнгисийн цэргийн бааз тэнд 230 жил
байсан. Москва энэхүү стратегийн боомтыг хянахыг НАТО-д зөвшөөрөх бодолгүй байв.
2014-2022 он. Минскийн хэлэлцээрүүд хүчин төгөлдөр болсон. Франц, Герман улсууд
эдгээр энхийн хэлэлцээрийг баталгаажуулсан. 2022 оны 12-р сард Ангела Меркель
Daidzeit сонинд өгсөн ярилцлагадаа Минскийн хэлэлцээр бол Украин байр сууриа
бэхжүүлэхэд хугацаа хожих стратеги, хуурамч хэлэлцээр байсныг хүлээн зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, Барууныхан уг хэлэлцээрийг хуурамч гэдгийг эхнээсээ мэдэж байж. Тэд
энх тайвны тухай хэлэлцээрийг дайнд бэлтгэх тактик болгон ашигласан хэрэг. 2022 он.
Украинд довтлохоос 3 сарын өмнө Орос улс Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн албан
ёсны баталгаа хүссэн албан бичиг явуулсан байна. Вашингтон үүнийг авч хэлэлцэлгүй
шууд эсэргүүцсэн. Төрийн нарийн бичгийн даргын орлогч Антони Блинкен саналуудыг
хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэв. Ийм л юм болж. Одоо АНУ-ын Сангийн сайд
Жанет Елен хамгийн хэцүү асуудалтай нүүр тулаад байна. Тэрээр одоо АНУ-ын нөөцийн
сангийн бондыг Хятад улс худалдаж аваасай гэж залбирч суугаа. Харамсалтай нь
Вашингтон хятадын компаниудад 347 тэрбум долларын татвар ногдуулж, хориг арга
хэмжээ авчхаад байж байна. 347 тэрбум доллар. Энэ бол сангийн сайдын тэвчээрийг барж
буй толгойн өвчин. АНУ-ын 2024 оны төсвийн алдагдал 1.7 их наяд долларт хүрчээ. Аль
нэг улс АНУ-ын өрийг худалдаж авах замаар энэ алдагдлыг санхүүжүүлэхийг горьдох л
үлдээд байна. Хятад улс л хэдэн арван жил АНУ-ын нөөцөөс 3 их наяд доллар худалдан
авч амь тавихаас нь хамгаалж байсан байдаг. Яг одоо Елены стратеги үгүйсгэх аргагүй
бодит байдалтай тулгараад байна. Ухаантай хүн бол банкныхаа эзэнд эдийн засгийн дайн
зарлаж болохгүй л баймаарсан. 3 их наяд доллар. Энэ бол аймшигтай тоо. Хятадын гарт
байгаа АНУ-ын бондын эзэмшил 2013 онд 11.3 их наяд доллар байсан бол 2024 оны 10-р
сард 775 тэрбум доллар болж буурчээ. Энэ нь арван жилийн хугацаанд 40%-иар буурсан
үзүүлэлт бөгөөд энэ хурд улам бүр нэмэгдэж байна. Зөвхөн 2024 онд Хятад улс өөрийн
нөөцөөс 87 тэрбум долларын бонд зарсан. Хятад улс энэ мөнгөөр Путины төлөвлөсөн яг
тэр зүйлийг хийж байна. Тэрхүү валютыг оросын эрчим хүчний дэд бүтцэд хувиргаж
байна. Сибир - 2 хийн хоолой жилд 50 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах юм.
Гэрээний нийт үнэ 30 жилийн хугацаанд 400 тэрбум доллар. Оросоос Хятад руу 400
тэрбум доллар АНУ-ын долларын системээс гадуур урсаж байна. Энэ бол барууны
хэвшмэл стратегийг бусниулж байгаа хэрэг юм. АНУ, Барууны орнуудын Оросын эсрэг
тавьсан хориг арга хэмжээ бүр нь (31700 хориг) Вашингтоны урьдчилан сэргийлэх гэж
оролдож буй долларгүйжилтийг хурдасгадаг. Бодлогын нуралтыг харъя. Сүйрэн унаж
буй стратеги № 1. ОХУ-ын төв банкны 300 тэрбум долларын нөөцийг царцаасан явдал.
Вашингтон үүгээрээ Москваг гацаана гэж тооцсон нь үнэнхүү харалган бодлого байв. Улс
төрийн дур зоргоор бусдын хөрөнгийг царцаадаг, булааж авдаг оронд найдах боломжгүйг
олон улс сайн ойлгосон. Үүнийг харсан даруйд Саудын Араб, Энэтхэг, Бразил валютын
зах зээлээ төрөлжүүлж эхэлсэн.
Сүйрэн унаж буй стратеги № 2. Оросын банкуудыг SWIFT системээс хасах бодлого. Үр
дүн нь юу болов? Орос, Хятад улсууд жилд 80 их наяд гаруй юанийн гүйлгээ хийгдэх SIPS
хэмээх хил дамнасан банк хоорондын төлбөрийн системийг бий болгох ажлыг
хурдасгасан. 2023 онд Орос, Хятадын худалдааны 25% нь юаниар хийгдсэн бол 2024 оны
10-р сар гэхэд энэ үзүүлэлт 90%-иас давсан байна.
Сүйрэн унаж буй стратеги № 3. Оросын нефтийн дээд үнийг баррель дутамд 60
доллараас хэтрүүлэхгүй барих бодлого. Путин ердөө нефтийн чиглэлээ өөрчилж Энэтхэг,
Хятад руу хөнгөлөлттэй үнээр гаргасан. Энэтхэг улс 2024 онд Оросоос импортолсон 1.6
сая баррель түүхий нефтийг дахин боловсруулж Европт ашигтайгаар борлуулсан. Европ
эцэст нь Оросын газрын тосонд өндөр үнэ төлсөн. Сүйрэн унаж буй стратеги № 4. ОХУ-
д технологи нийлүүлэх хориг. Хятад улс тэр даруй хоосон орон зайг дүүргэсэн. Хятадаас
ОХУ-д нийлүүлэх хагас дамжуулагч чипний экспорт 2024 онд хориг арга хэмжээ авахаас
өмнөх түвшинтэй харьцуулахад 34%-иар өссөн. Huawei компани одоо барууны орнуудын
зарахыг хориглосон 5G технологийг ОХУ-д нийлүүлж байна. Эдгээр буруу стратегиуд
өөрсдөд нь хүссэнийх нь эсрэг үр уршиг авчирч, эргэлт буцалтгүй тэрхүү уршгийг нь
Елен одоо амсаж сууна. Түүнд Америкийн алдагдлыг санхүүжүүлэхийг Хятадаас аядуухан
гуйх л үлдлээ. Ядаж байхад АНУ-ын Худалдааны яам хятадын компаниудыг хориг арга
хэмжээний жагсаалтад долоо хоног бүр нэмж оруулсаар байна. Сангийн яамны 2024 оны
төсөвт бондын зах зээлийг тогтворжуулах үйл ажиллагаанд зориулж 850 сая ам.долларыг
тусгайлан хуваарилсан нь АНУ-ын бондод эргэлзэх хэрэггүй, аюулгүй хэвээр байгаа гэж
гадаадын худалдан авагчдад ойлгуулах зориулалтай. Вашингтон бодлогыг эсэргүүцсэн
улсын хөрөнгийг хурааж чадна гэдгээ өдөр бүр харуулж байгаа ч Путин энэ динамикийг
төгс ойлгож байгаа учраас саяхан долларгүы худалдааны төлөвлөгөөгөө түргэсгэв. Цаг
хугацаа түүний талд байгааг тэрээр анзаарч буй нь мэдээж. Хоног хугацаа өнгөрөх тусам
долларын систем бүтцийн хувьд суларч байна. Олон тооны улс доллараас зайлсхийсэн
хоёр талын худалдааны механизмыг бий болгож байна. Төсвийн алдагдлыг нөхөх хугацаа
дуусах дөхөх тусам Елены стратеи тогтворгүй болж, 2025 оны төсвийн алдагдлыг
нөхөхөд шаардлагатай 2.1 их наяд долларын гадаад санхүүжилтийн эрэлд мордоцгоож
байна. 2.1 их наяд доллар. Гэвч уламжлалт худалдан авагчид нэгэн зэрэг хойш суусаар л.
Япон иенийг хамгаалахын тулд долларын эзэмшлийн нөөцийг буурууллаа. Хятад улс
стратегийн шалтгаанаар таналт хийж байна. Персийн булангийн орнууд евро болон алт
руу төрөлжиж байна. Үр дүн: АНУ төсөөлөхийн аргагүй, бүтцийн хувьд өндөр хүүтэй
тулгарч байна. Учир нь тэдний бондын эрэлт буурч байна. Энэ нь тус улсын 34 их наяд
долларын өрийг төлөх зардал эрс нэмэгдэж байна гэсэн үг юм. Холбооны өрийн хүүгийн
төлбөр 2024 онд 892 тэрбум долларт хүрсэн. 2026 он гэхэд жилд 1 их наяд доллараас
давна гэж тооцож байна. Зөвхөн хүү нь 1их наяд доллар. Энэ нь батлан хамгаалахын
нийт төсвөөс ч их юм. Яг энэ хүнд үед Путины хятадтай хийсэн эрчим хүчний гэрээнүүд
хүчтэй цохилт болж байна. Олон улсын валютын санд удаан ажилласан, АНУ-ын
Чикагогийн их сургуулийн улс төрийн бодлогын профессор миний бие 2014 онд Foreign
Affairs /олон улсын харилцаа/ сэтгүүлд “Украины хямралд барууныхан буруутай” нийтлэл
хэвлүүлэхэд над руу айхтар дайрч давшилцгаасан. Намайг Путины өмгөөлөгч, Оросын
суртал ухуулагч гэцгээсэн. Нийтлэлийн гол агуулга нь: НАТО-г Оросын хил рүү тэлэх нь
цөмийн зэвсэгтэй агуу гүрэнтэй дэмий шөргөөлцсөн өдөөн хатгалга байсан бөгөөд зөвхөн
Путин биш, Оросын ямар ч удирдагч үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо
хамгаалах нь зүйн хэрэг. Энэ бол үзэл суртал биш, харин агуу гүрнүүдийн зан авир дээр
суурилсан олон зууны бодит дүр зураг юм. Би 1823 оны МОНРО-гийн үзэл баримтлалыг
иш үндэс болгосон. Тэр үед Вашингтон Европын орнууд бөмбөрцгийн баруун хагаст
хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй гэж мэдэгдсэн. 1962 онд Зөвлөлт Холбоот Улс Кубад
пуужин байрлуулах гэхэд АНУ үүнээс урьдчилан сэргийлэхийн оронд цөмийн дайн хийх
эрсдэлд бэлэн байсан. Кеннеди Флоридагаас 9 милийн зайд байрлуулах Зөвлөлтийн
пуужинг эсэргүүцсэн. Одоо болохоор Орос улс Москватай шууд хиллэдэг орнуудад
НАТО-гийн цэргийн байгууламжуудыг бий болгож байна. Украин Москвагаас 300 милийн
зайд оршдог. Орос улс хариу үзүүлвэл барууныхан яах байсан бэ? Олон улсын
харилцааны тэргүүлэгч эрдэмтэн, Харвардын их сургуулийн Стивен Валд үүнтэй төстэй
үндэслэлүүдийг гаргаж тавьжээ. 1990-ээд онд ОХУ-д зөвлөхөөр ажиллаж байсан
Колумбын их сургуулийн эдийн засагч Жеффри Сакс тухайн арван жилийн барууны
бодлого Оросын дургүйцлийг хүргэснээр дараагийн алхам ямар байхыг баримтжуулсан
байдаг. Эдгээр эрдэмтэд ердийн нэг онолчид биш. Барууныхан их гүрний үндсэн
зарчмуудыг үл тоомсорлосноор энэхүү хямралыг системтэйгээр өдөөсөн. Их гүрний
өрсөлдөөний тухай миний онол таамаглаж байснаар минь ёсчлон хэрэгжиж байна. Олон
туйлт систем бол ирээдүйн таамаглал биш, энэ цаг үе юм. Та бидний мэддэгчлэн дэлхийн
дэг журам хоёр үндсэн тулгуурт суурилдаг. Саяхан Путин хоёуланг нь нэгэн зэрэг
дэлбэлсэн. Эхний тулгуур: Газрын тос – Доллар. 1991 онд Никсон алтан цонхыг хааж,
Киссинжер 1974 онд Саудын Арабтай хэлэлцээр хийснээс хойш 50 жилийн турш систем
дараах систем ажиллаж дэлхийн бүх газрын тосыг доллараар худалдах болсон. Хэрэв
Бразил Саудын Арабаас газрын тос худалдаж авбал түүнд доллар хэрэгтэй. Япон Катараас
хий худалдаж авъя гэвэл бас л доллар хэрэгтэй. Энэ нь америкийн валютын байнгын
зохтмол эрэлтийг бий болгосон. Энэхүү эрэлт нь АНУ-д сүйрлийн инфляцгүйгээр мөнгө
хэвлэх боломж олгосон. Дэлхий ертөнц эрчим хүч худалдан авч энэ их зохиомол долларыг
шингээж байв. Энэ бол Америкийн эзэнт гүрнийг тэтгэсэн шидэт заль мэх байсан юм. 50
жилийн турш Вашингтон энэ шидэт заль мэхийг эзэмшсэн. АНУ долларыг хайр найргүй
үрэн таран хийх боломжтой болсон. Гэтэл саяхан юу болсныг хар даа. Путин Хятадтай 4
их наяд долларын эрчим хүчний гэрээ байгуулж, төлбөрийг доллар оролцуулалгүй юань,
рублээр хийж байна. Долларын системд огт хамааралгүй 4 их наяд. Энэ нь дэлхийн нийт
эрчим хүчний зах зээлийн ойролцоогоор 20% -тай тэнцэх бөгөөд дараагийн 30 жилд
долларыг бүрэн алгассан худалдан авалт дэлхийг хүлээж байна. Ингээд дуусчихгүй.
Хагас зууны турш газрын тосны долларын худалдааг дэмжиж ирсэн холбоотон Саудын
Араб 2024 оны зургадугаар сард АНУ-тай байгуулсан 50 жилийн онцгой гэрээнээсээ
татгалзахаа зарласан. Тэд одоо газрын тосны борлуулалтад Хятадын юанийг хүлээн авч
байна. Арабын Нэгдсэн Эмират улс ч мөн ийм алхам хийж, Орос улс Энэтхэгт газрын
тосоо рупигээр худалдаж байна. “Нефть - Доллар систем” гэнэт уналтад ороогүй. Үүнийг
улс орнууд гэрээ хийх бүрдээ системтэйгээр цуцалж байна.
2 дахь багана: Нөөцийн хамгийн гол хөрөнгө болох төрийн сангийн үнэт цаас. Хэдэн
арван жилийн турш АНУ-ын төрийн сангийн үнэт цаас /бонд/ нь дэлхий дээрх хамгийн
аюулгүй хөрөнгө гэж тооцогддог байв. Дэлхийн өнцөг булан бүрт төв банкууд
нөөцийнхөө дийлэнх хэсгийг АНУ-ын үнэт цаасаар хадгалж байлаа. Энэ нь Вашингтонд
зохиомол бага хүүгээр их хэмжээний алдагдлыг санхүүжүүлэх боломж өгсөн юм. Гэвч
Барууны орнууд 2022 онд Оросын 300 тэрбум долларын нөөцийг царцааснаар АНУ-ын
бондын аюулгүй байдлын энэ хүртэлх ойлголтыг бүрмөсөн үгүй хийсэн. Дараах тоо
баримт нь хэрхэн чимээгүйхэн зугтаж эхэлж буйг харуулна. Дэлхийн долларын нөөц 2001
онд бүх төв банкны нөөцийн 73%-ийг эзэлж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 58 % болж
буурчээ. 58 % нь сүүлийн 28 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээ юм. Энэ мөнгө
хаачив? Гурван үндсэн чиглэл бий. Алт. Төв банкууд 2023 онд 1.07 тонн алт худалдаж
авсан нь түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Хятад улс албан ёсны нөөцөө
225 тонноор нэмэгдүүлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар бодит худалдан авалт үүнээс
хамаагүй их байх боломжтой. Орос улс 2014 оноос хойш алт, Хятадын юанийг
системтэйгээр нөөцөлж байна. Дэлхийн нөөцөд юанийн эзлэх хувь 2024 онд 8 %-д хүрсэн.
Энэ нь бага мэт санагдаж болох ч 2016 оноос 400%-иар өссөн үзүүлэлт бөгөөд өсөлт
хурдацтай байна. Юань одоо дэлхийн олон улсын төлбөрийн 11%-ийг эзэлж, Японы
иенээс давсан. БРИКС-ийн орнууд өр төлбөрийн хувилбарыг бий болгож байна. Энэ бол
ирээдүйн онол биш. Энэ үйл ажиллагаа яг одоо идэвхтэй явагдаж байна. Шанхайд төвтэй
БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк 2015 оноос хойш 33 тэрбум ам.долларын зээл олгожээ.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ нь Дэлхийн банк болон ОУВСанг оролцуулалгүй
дэд бүтцүүдийг дангаараа санхүүжүүлж байна. 2024 оны 10-р сард Оросын Казань хотод
болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 34 улс уг эвсэлд нэгдэх сонирхлоо
илэрхийлсэн. 34 улс шүү. Үүнд Саудын Араб, АНЭУ, Иран, Египет, Этиоп, Аргентин
зэрэг улсууд багтаж байгаа бөгөөд хэрэв бүгд нэгдвэл БРИКС дэлхийн хүн амын 46%,
дэлхийн ДНБ-ий 37%-ийг эзлэх болно. Путин уг уулзалтын үеэр гишүүн орнуудын төв
банкуудыг долларыг завсрын валют болгон ашиглахгүйгээр хооронд нь шууд холбох
БРИКС ГҮҮР-ийн төлбөрийн системийг танилцуулсан. Орос улс 2024 он гэхэд төлбөрийн
өөр системийг ашиглан 400 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Энэ бол
Барууныхан хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бодит байдал юм. Ажил хэдийн эхэлчихсэн.
Дэлхий ертөнц үүнийг хараахан бүрэн ойлгоогүй л байна. Путины гарын үсэг зурсан
саяхны гэрээнүүд туршилт биш. Эдгээр нь долларын системээс гадуур явагдах асар их
худалдаа бөгөөд эдгээр орнуудын төв банкууд гурван арван жилийн дотор долларын
системийг халах юм. Барихад 5 жил шаардагддаг хийн хоолой, 20 тэрбум долларын
хөрөнгө оруулалт шаарддаг шингэрүүлсэн байгалийн хийн байгууламжууд. Эдгээр нь
эргэлт буцалтгүй хэрэгжих төслүүд юм. Хятад улс одоогоор өдөрт 11 сая баррель газрын
тос импортолж байна. Хэрэв үүний зөвхөн 30%-ийг доллараар биш юаниар төлбөл жилд
120 тэрбум долларыг АНУ-ын мөнгөн тэмдэгт болгон хөрвүүлэх шаардлагагүй болно.
Үүнийг 30 жилээр үржүүлбэл юу болох вэ? Энэ бол Путины саяхан гарын үсэг зурж
хурдасгасан эрчим хүчний томоохон гэрээнүүд юм. Энэ дүн шинжилгээ танд таалагдаж
байгаа гэж найдъя. Учир нь энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүмүүст ойлгуулахыг
хүсдэггүй тэр үнэн. Үүнийг би та нарт судалгаа дүгнэлт, бодит жишээгээр танилцуулж
байна. Та асуудлыг заль мэх, төөрөгдүүлэлт, завсрын будлиангүйгээр бүрэн зургаар нь
шууд хүлээн авч байна. Путин эрчим хүчний хэлэлцээрүүдээр долларгүйжүүлэлтийг
хурдасгаж байна. Энэ таны түрийвч, өдөр тутмын амьдралтай хэрхэн холбох вэ? Америк
доллар зохиомол эрэлтээ алдаж, эцэстээ худалдан авах чадварыг нь бууруулна. Хэрэв та
доллараас хамааралтай орны хүн бол бүх хадгаламж тань доллараар хадгалагдах бөгөөд
таны баялаг чимээгүйхэн багасч байгаа гэсэн үг. 2022, 2023 онууд дахь мөнгөний ханшны
бууралт зөвхөн COVID-оос болоогүй. Энэ нь доллар давуу байдлаа алдаж эхэлсний анхны
илрэл байв. Дэлхий эрчим хүчний худалдаанд зарцуулах долларын хэмжээ багасахад их
хэмжээний доллар эргэлдэж цөөн бүтээгдэхүүний араас хөөцөлддөг. Энэ бол түр зуурынх
биш, бүтцийн инфляц юм. Эрчим хүчний төлбөрөө харл даа. Европт байгалийн хийн үнэ
2022 онд 400%-иар өссөн. Учир нь Европын орнууд Оросын хямд нийлүүлэлтийг зогсоож,
Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг өндөр үнээр худалдаж авахаас өөр аргагүй
болсон. 400%. Герман айл өрхийн халаалтын сарын төлбөр 125 еврогоос 500 евро болж
өссөн. Эдгээр нь геополитикийн хориг арга хэмжээний бодит уршиг, хэцүү үр дагавар
юм. Одоо эрчим хүчний худалдаа доллараас гадуур хийгдэж байгаа тул уршигт үр дагавар
улам нэмэгдэх нь ойлгомжтой. АНУ инфляцгүйгээр төсвийн алдагдлаа санхүүжүүлэх
чадвараа алдаж байгаа нь хоёр боломжийн нэгийг сонсоход хүргэнэ. Засгийн газрын
зардлыг их хэмжээгээр бууруулах эсвэл инфляц үргэлжилж иргэдийн худалдан авах
чадвар буурна. Энэ хоёрын хослол байх магадлалтай ч хадгаламж тань хэдэн мянган
милийн зайд болж буй геополитикийн динамикаас болж чимээгүйхэн үнэ цэнэгүй болсоор
байх болно. Юанаар төлбөр хийх Саудын Арабын шийдвэр нь таны долларын
хадгаламжийн үнэ цэнэд шууд нөлөөлнө. Путин, Си Жзиньпин нарын эрчим хүчний
хэлэлцээр нь таны банкны дансыг бензинээр дүүргэх, тээвэрлэлт шаарддаг хүнсний
бүтээгдэхүүн худалдан авах, гэр орноо халаах зардалд нөлөөлдөг. Гэхдээ таны ойлгох
ёстой зүйл гэвэл энэ үйл явц хямрал биш шилжилтийн үе юм. Ганц ч гүрэн дангаараа
ноёрхдоггүй олон туйлт ертөнц нь дунд болон жижиг орнуудад бодит давуу талуудтай.
Хүйтэн дайны үед эвсэлд нэгдээгүй орнууд хоёр эвсэлтэй хэлэлцээр хийж, илүү сайн
нөхцөлтэй болж чадаж байсан. Энэтхэг үүнийг гайхалтай хийсэн. Югослав ч мөн адил.
Египет АНУ-тай Зөвлөлт Холбоот Улсын эсрэг тоглож, хоёулангийх нь тусламжийг авч
байсан. Одоо энэ тоглоом эргэж ирлээ. Казахстан Европтой худалдааны харилцаагаа
хадгалахын зэрэгцээ Хятадтай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж болно.
ОУВС хүлээн авах боломжгүй нөхцөл тавьсан тохиолдолд Беларусь улс БРИКС-ээс
хөгжлийн санхүүжилт авах боломжтой. Армени улс янз бүрийн геополитикийн хүчний
төвүүдийн хооронд тэнцвэрийг хадгалж чадна. Олон туйлт байдал нь сонголтуудыг бий
болгодог бол сонголтууд нь өрсөлдөөнийг бий болгодог бөгөөд өрсөлдөөн нь стратегийн
хэлэлцээр хийх чадвартай хүмүүст ашиг тусаа өгдөг. Таны хувьд дүгнэлт тодорхой. Олон
янз байдал. Хэрэв бүх хадгаламж тань доллараар байгаа бол валютын ханшийн
хэлбэлзлээс үл хамааран бодит үнэ цэнээ хадгалж үлдэх бусад валют юмуу алт эсвэл
хөрөнгө оруулалтыг авч үзээрэй. Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Энэ бол
геополитикийн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх явдал юм. АНУ дэлхийн нөхцөл
байдлыг заадаг байсан нэг туйлт дэг журам төгсөж байгаа нь АНУ-ын ач холбогдол үгүй
болсон гэсэн үг биш, хүчирхэг хэвээр байгаа учраас л бусад гүрнүүд энэхүү туйлын
ноёрхлыг эсэргүүцэх хэмжээнд хүрч өсч байгаатай холбоотой.
ДЖОН МИРШАЙМЕРИЙН ОНОЛ БА ВОЛЬФ МЕССИНГИЙН ЗӨГНӨЛ
Дж. Миршаймерын улс төр, эдийн засгийн онол, судалгааг В. Мессингийн
зөгнөлтэй харьцуулвал сонирхолтой давхцал бүхий дүр зураг харагдаж байна.
Вольф Григорьевич Мессинг (1899-1974) Польшид төрсөн, 1939 онд Зөвлөлт Холбоот
Улсад очиж амьдарчээ. 1944 оны 3-р сарын 7-нд Сталины өрөөнд Мессинг түүнтэй 3 дахь
удаагаа 4 цаг ярилцахдаа 80 жилийн дараа ЗХУ задрах тухай хэлжээ. 1965 онд бүтээлч
сэхээтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр “26 жилийн дараа агуу гүрэн улс буу дуугаргалгүй
задран бутарна”, 1973 оны 11-р сард ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев Мессингийг хүлээн
авч 3 цаг ярилцах үеэр “Ставрополиос гаралтай, улаан мэнгэтэй залуу удирдагч 70 жилд
бүтээсэн бүхнийг сүйтгэнэ” гэсэн нь М.Горбачёв ажээ. Тэрээр цааш нь ОХУ-ыг дэлхийн
агуу гүрэн болгох хүний нэр нь П үсгээр эхэлсэн, Нева мөрний тариачны гаралтай, герман
боловсролтой нэгэн байхыг хэлэхэд Л.Брежнев ихэд гайхаж: “Би түүнийг мэднэ.
Нийгмийг аюулаас хамгаалахын хошууч, одоо Ленинградад ажиллаж байгаа” гэхэд нь
Мессинг “Чухамхүү тэр хүн л миний сүүлчийн зөгнөлийг 2025 онд хүлээн авах болно”
гэжээ. Тэрээр 2014 онд Крымийн хойгийг цус урсгалгүй эргээж авахыг, 2022 онд эхлэх
гамшигт мөргөлдөөн олон жил үргэлжилж, Оросын цэргийн ажиллагаа 2026 онд болох
үйл явдлыг тодорхойлох тухай, 2026 онд дэлхийг өөрчлөх том үйл явдлууд болох тухай,
ОХУ шинэ дэлхийн төв болох тухай, энэ хүртэлх зам маш хүнд, барууныхны эсрэг
ганцаар зогсох тухай зөгнөж ярьжээ. Мессинг 1970 онд Дорно дахины судалгааны
хүрээлэнгийхэнтэй ярилцахдаа “Өрнө ба дорны сөргөлдөөн дараа зууны (2000) 20-иод
онд дээд цэгтээ хүрнэ гэсэн нь одоо бүхний нүдэнд эл байна.
Мессинг “Ган гүүр” нэрийн дор Оросоор дамжиж Европ – Азийг холбосон “Торгоны зам”
бүтэхэд нэг туйлт дэлхий задран унана гэжээ.
Брежнев 2026 оны үйл явдлыг тодруулаач гэхэд Мессинг “3 үйл явдал дэлхийг өөрчилнө”
гэсэн нь:
1. Төмөр бүргэд (АНУ)-ийн уналт. Америк дэлхийн хямралтай нүүрэлдэж дэлхийн
тэргүүлэгч гүрний байр сууриа алдана.
2. Хойт луу (Хятад)-ны мандалт болж, ОХУ ба дорнын орнуудын шинэ холбоо үүснэ.
3. Гуравдахийг гагц тухайн үеийн төр баригч (ОХУ) мэдэх учиртай болохоор танд
хэлж боломгүй байна гээд 2025 оны 2-р сарын 26-нд төр баригчид дамжуулах
дугтуйтай бичиг өгснийг тусгай хамгаалалтанд авч 52 жил хадгаалаад нэрлэсэн
хугацаанд нь гардуулжээ.
Мессинг эдийн засгийн асуудлыг маш нарийвчлалтай зөгнөсөн байна.
Долларын ханшны нуралт зайлшгүй. Би долларын системийн сүйрлийг маш нарийн
харж байна.
2026 оны 5-р сарын 15. 14:23 цагт АНУ-ын хамгийн эртний банкуудын нэг болох
Хамилтон банк дампуурна. Рубль, долларын ханш 1:1 болох ба долларын уналт цааш
үргэлжилнэ.
16:45 цагт Холбооны нөөцийн сангийн яаралтай хурал. 18.00 цагт 2 их наяд доллар
оруулах оролдлого. 20:30 цаг. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр сандар үүсч индексүүд
40%-иар буурна. 5-р сарын 16-ны өглөө доллар нэрлэсэн үнэнээсээ 10 цент болж унана.
Шинэ валют түүхэн нэрээ сэргээж Алтын гэнэ. Сагс дүүргэлт: 40 % алт, 30 % эрчим хүч,
20% ховор металл, 10 % хүнсний бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Үнэт цаас гаргагч нь
Екатеринбург хотод төвтэй Евразийн Төв Банк болно. Анхны ханш нь 1 Алтын 10 грамм
алттай тэнцэнэ. Валютын ханш Алтын : Юань 1:3, Алтын : Рупи 1:10, Алтын : Европын
шинэ мөнгөн тэмдэгт 2:1 байна.
Мессинг мөн криптовалютын хувьсгалыг зөгнөжээ. Математикийн алгоритм дээр
суурилсан дижитал мөнгө цаасан мөнгийг орлох боловч Барууныхны хяналтад зориулж
бүтээсэн шиг биш. Орос улс квант шифрлэлтэд суурилсан өөрийн чөлөөт системийг бий
болгоно. Алтны стандарт зайлшгүй. Фиат мөнгө нурсны дараа дэлхий ертөнц алт руу
эргэн орно. Орос улс үүнд бэлэн байна. Түүний алтны нөөц 2026 он гэхэд 15,000 тонноос
давна. АНУ-ын алт аль эрт зарагдсан байх тул буцааж нөхөх боломжгүй. Ийнхүү Мессинг
түүний үед санаанд оромгүй байсан эрчим хүч, газрын ховор элемент сагс дүүргэлтийн
50%-ийг эзлэхийг, төсөөлөх аргагүй байсан криптовалютыг хүртэл зөгнөж хэлжээ.
Дашрамд дурдахад, бүх зөгнөл нь биелсэн гэгдэгч 16-р зуунд амьдарч байсан францийн
алдарт зөнч Мишель де Нострадамус “Азийн хүч сулрахыг хэзээ ч үзэхгүй. Ямартаа ч Их
мянганаас холгүй Их Долоогийн тоо бүрэн журамлагдах хүртэл.” хэмээн зөгнөсөн нь бий.
Их мянганаас холгүй Их Долоогийн тоо гэдэг нь 2025 он байх магадлалтай. Бүрэн
журамлагдах гэдэг нь энэ онд болж буй нийгэм, улс төр, эдийн засаг, цэрэг дайн, цаг
уурын асар өөрчлөлтийн үеийг хэлж буй болтой. Тиймээс 2025 он дараа оны дүр зургийг
тодорхойлох болох нь ээ.
Орчуулж бэлтгэсэн:
Техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.), профессор Гүррагчаагийн Лхагваа
ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн докторант Эрдэнийн Сувд
2025 оны 12-р сарын 26.