БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ


БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ

Бурхан Багш бээр айлдруун. Хүү минь, шавь минь чи сонс. Юу гэвээс миний сургаал номлолыг 2600 жилийн дараа чи тайллаа. Нэлээд нь та нарын шинжлэх ухаантай таарч буй нь азтай тохиол. Ухамсрыг номлосноороо буддын шинжлэх ухаан бөгөөс та нарын мэддэгийг ардаа орхисон. Ухамсрыг онон барьсан нь хүн төрөлхтний түүхийн нэн гайхамшиг билээ. Би бээр “Хүн бие махбодьтойгоо ижилсвэл үнэ хүрэхгүй” гэсэн дээ. Энэ бол та нарын яриад байгаа хүний шинжлэх ухаан гээч зүйл. Оюун ухаантайгаа ижилсвэл арай дээрдэнэ. Энэ нь эрдэмтэн судлаачид. Харин ухамсартайгаа ижилсвэл цаглашгүй болно хэмээсэн буй. Энэ нь үе үеийн гэгээрсэн мэргэд бөлгөө.

Их хөлгөний гэгээрэл аргад суурилдгаас хүч дутмаг. Харин Зэн бол арга үгүй арга, тэнсэлгүй хоосон чанар учир төдий чинээ их хүч эрхшээх юм. Ялгаа нь энэ. Тиймийн учир миний бие “Ертөнц зовлон. Ном бол ертөнц, бас л зовлон” хэмээсэн. Энэ нь аргыг номлосон хэрэг. Арга нь хүч учраас аргаар үйлдсэн бүхэн өчүүхэн дорой, бас сансрын хүлээсэнд уяж барих шалтгаан болдог.

“Их хөлгөнийхэнд заасан ном маань атга навчны дайтай. Харин миний мэдэх зүйл их ойн навчтай адил” хэмээн Анандад айлдсаныг ухаж тайлсан чинь тун сайшаалтай. Тэрхүү их ойн бүх навч бол Зэн юм. Их хөлгөний бурхан Маха Гашибыг Зэнгийн бурхан, улмаар Зэнгийн нэгдүгээр багшид өргөмжлөн залж, Анандад их хөлгөнийг тохоосон минь учиртай. Энэ нь тухайн үеийнхнээс Зэнг нуусан хэрэг огт биш, шалтгаан нөхцөл бүрдэх болоогүй байсийм. Анандыг асуухад нь би хэлсэн дээ. “Чи болвоос бодол үгүй байхыг мэдэхгүй. Дуу үгүй байхыг мэдэхгүй. Үйл үгүй байхыг мэдэхгүй”. Тийм болохоор тэр бээр ойн бүх навчтай нэгэн зэрэг хүрэлцэж чадахгүй. Харин Зэн бүх оршихуйтай нэгэн зэрэг хүрэлцэж чадна. Энэ чинь Ухамсар юм шүү дээ. Ухамсрыг эрхшээх нь Зэн юм. Ухамсар бол миний бүх сургаалын охь шим. Ухамсар бол цэвэр тунгалаг хоосон чанарын бүтээл мөнөөс мөн. Энэ үүднээс “Бодол үгүй нь хоосон чанар, төгс дээд ном, түүнээс Гурван цагийн хамаг бурхад төрсөн” гэдгийн учир энэ. Бодол үгүй чанарыг Зэнгийн эш онол гэхийн учир энэ. Гадагшаа өнгийхийг бүрмөсөн орхисон тэр л цагт эрх чөлөөг олж авна гэсний учир энэ. Зэн бол эсрэг үйлдэл, хариу урвал биш, зохирол. Зохирол бол үргэлж одоод байхуй. Тухайн тохиолыг яг буй байдлаар нь, оюун сэтгэхүйн гуйвуулагагүйгээр толь мэт тусгах зарчим юм. Бүгдийг анзааралгүй зөнгөөр нь орхих нь арга үгүй төгс арга юм. Аргаар аз жаргалд хүрэхгүй. Аргаар гэгээрэхгүй. Гагц арга үгүй аргаар бүх юмтай болно. Үнэн зам мөр гээч энэ юм. Эл учир Зэн, Их хөлгөн хоёрыг зүйрлэн үзэж үл болно. Арга, арга үгүй арга хоёул яахин нэг дор орших билээ дээ.

Миний бие юуг номлосон бэ гэвээс “Сайн цагийн Будда залрах үед их хөлгөнийхөн төдийгүй хамаг амьтан гаслангаас аврагдана” хэмээсэн. Энэ ямар гаслан гэдгийг чи олж мэдсэн нь сайшаалтай. Хамаг амьтны гаслант зовлон гээд байгаа тэр зүйл болвоос тэд төрөл авч, сансрын хүлээсэнд уягдаж, цаг хугацааны тойрогт гацахыг хэлсийм. Үүнийг шавь чи хамаг амьтны мөнхийн зовлон гэж оносон нь сайн хэрэг. Ганц цаг хугацааны тойргоос сугаран гарч байж сая мөнхийн зовлонг ардаа үлдээнэ. Энэ л миний номлосон тэр зүйл. Хамаг амьтны эл тусыг бүтээх номыг би бээр Зэн хэмээн айлдсан. Бурханы ном доройтсон адаг тэр цаг дор тэнсэлгүй эл номын үг үсэгт эзэн бологсод гарахыг ч айлдсан. Тэд шагшаабадын ариун ёсоор машид ариуссан, бясалгал төвлөрлөөр олсон гайхамшигт увдист нар байхыг, тэд нэг Буддагаас буяны үндэс залгах бус түг түмэн Буддагаас буяны үндэс залгахыг, тэд нэг Буддад өргөл хүндлэл үзүүлэх бус түг түмэн Буддад өргөл хүндлэл үзүүлэхийг бас заасан. Тэд л хамаг амьтныг сансрын хүлээсээс ангижруулж цаг хугацааны тойргоос гэтэлгэн мөнхийн ертөнцүүдэд хүргэж чадна. Учир нь тэд бөгөөс гэрлийн мөн чанарыг эрхшээгсэд юм. Арга үгүй аргыг эрхшээгсэд юм. Мөн чанар хэмээгч дотоодын Гэрлээ даруй үзэж Будда болж бүтэгсэд юм. Үй май амьтан тэдний Гэрэлд багтсанаар энэ нас дуусахын цагт цөм чөлөөлөгдөх юм. Хамаг амьтны түүхэн дэх энэхүү алтан цаг үе яг одоо тохиож байна. Зэн бол агшин зуурын гэгээрэл. Энэ нь Зэнгийн Их Багшийн хүч юм. Зэн нь агшин зуур гэгээрч, улмаар хамаг амьтныг чөлөөлж, орчлон хорвоог адислагч ном үгүй ном, арга үгүй арга. Сүнс хэмээгчтэй болвоос арга, номоор бус гагц арга үгүй энэ л ном бусаар буюу ухамсраар харьцах боломжтой. Та нарын ярьдаг Эйнштейний энергийн хууль хүмүүн бодгалийн хувьд ухамсрын хөгжлийн хууль, сүнсний хувьд цаг хугацааны тойргоос гарч чөлөөлөгдөхүйн хууль юм. Гэрлийн хурдыг хоёр дахин давсан тэр хурд л чөлөөлж чадахыг мэдсэн чинь талархууштай. Иймийн учир миний бие айлдсан. Энэ юу гэхээр, нар, сар, од эрхэст урсах эрчим та бидний дотоодод ч урсаж буй. Ухамсрын үүд хүн бүрд буй. Бясалгаж ухамсраа сэрээ. Өөрөө өөртөө Гэрэл бол. Бусдын төлөө ассан Гэрэл бол. Айлдвар маань биеллийг олж, дэлхийн хүмүүс сэрцгээж, ухамсар нь дээшилж буйг нэн магтууштай. Энэ бол “Би бээр ертөнцийн бодгаль бүртэй нэг чанарт болов” хэмээсний учир энэ. Бид цөм гэрлийн буюу бурханы мөн чанартайн хувьд, хоосон чанартайн хувьд нэг юм. Орчлонгийн бүх юм эн тэнцүү гэхийн учир энэ. Би бээр хэлэхдээ, миний бүтээсэн мөр хүн төрөлхтний гэтлэхүйн мөр болно хэмээсэн. Энэ бол гэрэл буюу гэгээрэл юм. Зэн юм. Өөрөө өөртөө гэрэл бол гэхийн учир энэ. Харин Зэнгийн хувьд энэхүү гэрэл хэмээх гэгээрэл нь бусдын төлөө ассан гэрэл байж хамаг амьтныг сансрын хүлээсээс чөлөөлөх болой. Орчлон ертөнцийг адислах болой.

Гүррагчаагийн Лхагваа

2025 оны 12 дугаар сарын 26. Улаанбаатар хот

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ
Ухамсартайгаа ижилсвэл цаглашгүй болно.
(2 цагийн өмнө)
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
2026 оноо эрүүл энх, аз жаргалтай сайхан угтаарай.
(4 өдрийн өмнө)
ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүмүүний нууц бол сэтгэл. Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт бийг мэдэх болно.
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЦЭЦЭГ ТОССОН БҮСГҮЙ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР