1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ


Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа             

                 ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ

Герман, Япон хоёр

            тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч

           дэлхий, зүрх шархадсийм

Мал, хүн, хот балгас

           устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун

           өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

           хоёр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг

           үрсээр нь нэрийдсийм

Эцэггүй хоцорсноо мэдэлгүй

           тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас

          авлагатай хоцорсийм ...

                * * *

Гал атгаж цэрэг төрдөггүй 

Ган ширээж цэрэг болдоггүй

Эх оронтой хэн бүхэн

Элгэн хайраараа цэрэг болдгийм

Аз жаргалд хайртай бүхэн

Аваа өгөөнд цэцэн болж

Заавал дийлэхийг өөртөө даатгаад

Замгаа шүүрэн босдог юм

Гэнэгүй байсан зүүд цочроон

Гэмгүй явсан зүрх эмзэглээн

Түгшүүрийн дохио дорно зүгээс

Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд

Дуулга цагаан Алтай

Уулга алдан сүүрсч

Дуулим дорно тал минь

Ууцаа нугалам хотойсийм

Өстний сургаар унаагаа юүлээд

Өрхийн тэргүүн цэрэг болсийм

Явуулын хүн шиг уяа хоослоод

Яаруу гээч нь мордоод явсийм

Ган сэлмийн ир хялайвч

Чин сэтгэл дуулга болж

Гацсан замаг цэнэгээ баравч

Эр зориг цайз болж

Эх орны эр цэрэг

Их анд орос нөхөр

Газрын дөлийг атгаж унтраан

Гавъяа нэхэлгүй эрсэдсэн билээ

Булгих зүрхэнд эх орон

Буцлах цусанд эв олон

Алтан амиа бөхлөх юмтай

Аадрын үер шиг шаагисан эрс

Бууны сумаар мөндөр буусан

Бузар хэргийн зарга шүүж

Дайны талбарт эзний ёсоор

Дархан цолтой үлдсэн билээ

Хангал морьд дайнд омгорч

Хар үйлтэнд хамт өширч

Харайлт бүрдээ нутаг усаа

Харь хэлтнээс булааж байсийм

Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож

Эр цэрэг хүлэггүйдэн явгарч

Эх орны алхам газрын төлөө

Эрчилсэн цусаа тогтоох завгүй

Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө

Эмээл дээрээ үхэж байхад

Ингэн сүү шиг мэлмий тал минь

Элгэн дээрээ зовлонг тэвчиж

Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь

Итгэлтэйеэ манаж байсийм

Дайныг үүрч, дайныг туулсан

Тал, эр, морь гурав

Нэгэн хүйгээр амин холбоотой

Нутаг усандаа ээлээ өгч

Нэхэл хатуу тулаан дундаас

Нэрийг нь авч гарсийм

Үхэл сэхэл хоёрт

Гомдол баяр үгүй

Үүрэг хүлээсэн цэрэг

Энэ гурав байсийм

Цусаа юүлсэн амиар

Цулбуур алдарсан мориор

Цурам ч аниагүй талаар

Ялалт ирсийм

Ялалтын сүрээ туганд мандуулж

Ялсан урмаа дуунд шингээж

Явсан эрс буцаж ирсийм

Хонгио тэр үед дариа хоосолж

Хорвоо эмзэглэн амиа хоосолж

Аз жаргалын үнэ цэн

Асгарсан цусны төлбөр байсийм

Дарийн хороор хонгио зэвэрч

Дайны гамшгаар дэлхий гасалж

Амь юүлж, газар шархдаж

Аз жаргал буцаж ирсийм ...

Герман, Япон хоёр

         тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч

        дэлхий, зүрх шархадсийм

Мал, хүн, хот балгас

           устаагүй үлдсэн нь тоотой         

Маргаангүй хорьдугаар зуун

          өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

          хоёр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг

          үрсээр нь нэрийдсийм

Эцэггүй хоцорсноо мэдэлгүй

           тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас

         авлагатай хоцорсийм.

1975 он

 

 

 

Ленинградынхны баатарлаг үйлсэд зориулав.

                          ТАЛХ

Эхийнхээ шарилд сөхөрч уй тайлах бүсгүй

Энэ нутгийн заншлаар цэцэг өргөсөнгүй

Энгийн л нэг хөшөө гавъяа түүх бичсэнгүй

Эргэн тойронд нам гүм хэдэн хүн мэгшинэ

Эхдээ охин цэцэг бус талх өргөжээ

Эвийлэх зөөлөн сэтгэлтний харь элэг эмтэрчээ

Эх орны дайн хал амсуулсан зүрхэнд

Энэ хэрчим талх сум шиг харван иржээ ...

Галзуурсан ярга, хар дайн

Гал түймэр, далайн шуурга

Хүний хэлэнд шургалсан

Хамгийн аймшигт үгс

Түгшүүр зүдүүр алинтай ч

Талх хүч тэнцэнэ

Талхгүйдэж сая амь үхлийн хаалга татсан

Тамиргүйдэж амьдаараа тасын хоол болсон

Хон хэрээ толгой дээр нь сууж байхад

Хойчийн өдрийн талхны тухай л бодож байсан ...

Инээд хөөр, зол жаргал

Энх тайван, баяр цэнгэл

Хүний хэл өөрөө дурласан

Хамгийн нандин үгс

Тансагхан ариухан бүхэнтэй

Талх хүч тэнцэнэ

Үр нүдлэх тариан талбайд

Өнийн жаргал үүр шиг гийсэн

Талх, давстай зочноо угтаж

Далай цалгиам дуугаа түрсэн ...

Талх даанч өгөөмөр

Дайсан, нөхрийг ялгахгүй

Хар санаа шүглэсэн газар ч

Цагаан сэтгэл амлаж байдаг

Хайр ивээл хургасан газар ч

Цайлган эх шиг өрөвчхөн байдаг

Талхыг овог нэр шигээ

Том үсгээр хүндэлж бичдэг

Хазахдаа хайрлаж, үнэнийг ухаарч

Хатчихвал өр нь өмрөн шаналдаг

Амьдрал туулсан өтгөс

Зовлон даадаг нулимсаа

Атгахан талхны элтэрхийд

Зовхио юүлэн өгч байна

“Талх мандтугай"!

Ингэж хэлэх зүрхтэй

Ингэж тунхаглах эрхтэй

Эмгэд өвгөд

Эх орны дайныг

Энд өвдөглөж сууна.

* * *

Яруу найраг талх шиг энгүүн

Яг ижил ариухан тансаг

Ааг амт нь амилж бүрэлдсэн

Амьдралын зүйргүй нандин олз!

Яруу найраг, талх хоёр

Яг адилхан!

Амьдралыг найраг дуулдаг юм бол

Араанд уусах талхны шим хүч нь байг!

Аз жаргалыг найраг дуулдаг юм бол

Ач авралын ширхэг тариа сүлд нь байг!

Тариа – энэ домогт нэр

Таалалт хорвоод бийд чинь гялайлаа!

Тариа – энэ шидэт үр

Тансаг амьдралд ирсэнд чинь гялайлаа!

Талх – энэ эрхэм үгтэй

Төрөлх хэл минь баярлалаа!

Талх – энэ гайхам идээтэй

Таван ханат минь гялайлаа!

1983.11.4

 

 

         БҮСЛЭЛТИЙН ТАЛХ

               (найраглал)

Эх орны дайн, Ленинградын бүслэлт

Эрэлхэг есөн зуун хоногийг дэлхий мэднэ

“Бүслэлтийн талх” нэр нь хүртэл ийм байлаа

Бүлээн амиараа хэрчмийг нь сольж байлаа

Эргэн тойрон битүү бүслэгдсэн хотод

Эцсийн цус талхны төлөө урсаж байлаа

Ладог нуур дээгүүр талхны үнэр ханхийж

Лав хэдэн зуун онгоц битүү хамгаалжээ

“Амьдралын замыг амиараа хаа” гэж Гитлер

Аль хэдийнээс цухалдаад цөхрөнгөө баржээ.

Хоёр зуухан грамм

Хоногийн хоол их үнээр олдож байлаа

Баатарлаг үйл бүтээгсэд тэсч тэмцэж

Бараг нэг сая хүн өлбөрч үхлээ

Өлсгөлөнг фашизм Ленинград руу турхирч

Өдөр шөнөгүй есөн зуун хоног анав

Өлбөрөлд дуртай хар тас, үхлийн зэвт сум

Өөр бусад нь эндэхийн тэнгэрийг орхиж одов

Хаяа манасан үхлийн бузар дайрлага

Хамаг талхыг зэр зэвсэг болгож

Өлсгөлөн зажлуулж, өлбөрөл залгиулах сумны гарзгүй

Өстнөө таниулах нүгэлт мэх сонгожээ.

Хөлдүү талх хивэгийнх үү, буудайнх уу

Хэн ч ингэж бодож зүрхэлсэнгүй

/Ленинград Талхны эрхийн бичиг

1941 оны 10-р сар

Хоногийн норм 200 грамм\

 

/Ленинградын бүслэлт 1941 оны 9- р сарын 8-ны

өдрөөс 1944 оны 1-р сарын 27-ныг хүртэл

872 хоног үргэлжилж 1,5 сая гаруй хүн өлбөрч

үхжээ.\

 

Хэзээний цэргүүд гал тойрон сууж

Хичнээн ч юм тэвчээр гаргаж гэсэхийг нь хүлээнэ

Сайхан, дотно, гайхам үнэр хавиар нэг ханхийж

Салхи түүнийг дагуулан өлссөн хотоор хэснэ.

Үр тарианы институтийхэн

Үзэг барин хориглолтод орсон байлаа

Хар үхлийн бүслэлтийг талхаар сэт цохих

Хаа ч үгүй ийм төслийг шийдэж байлаа

Энэ дэлхийн тарианы дээж

Эдний ширээн дээр дэлгээтэй

Их гүрнийг тэжээх амьдруулах

Ирээдүйг хамтад нь шийдэж байлаа.

Тариа будаа цөм

Ялгуусан зэвсэг болов

Эх орныхоо үрийн санг

Эрдэмтэд биеэрээ хамгаалж байв

Өдөр шөнөгүй есөн зуун хоног

Үрийн агуулахаа хамгаалж байв

Өлсөх зовлонг тэвчих бэрх ч

Үр тарианаас ширхэгийг хороовол

Өөрийгөө шууд урвасанд тооцох

Өршөөлгүй хууль үйлчилж байв

Тарианы шидэт үнэр өлсгөлөн дундуур

Талхны үнийг мэдрүүлэх дамчин мэт байв

Үр тарианы эхэмсэг ганц ширхэг үр

Үхэл амьдралыг заагласан бат бэх цайз байв

Тариа хамгаалагчид өөрсдөө бүр өлсгөлөн

Талыг нь аминдаа илүүчилвэл тамын хар нүгэл

Тамир тэнхээ нь ердөө хатуужлаар сэлбэгдэж

Талхыг маргаашийханд үлдээхээр амь зууж байв

Өгөөмөр гээч нь ноогдлынхоо жаахнаас

/1941 оны 12 сарын 28. Жена өглөөний 12 цагт нас

барав.

Эмэг эх 1942 оны 1-р сарын 25-ны 3 цагт нас барав.

Лека 1942 оны 3-р сарын 17-ны өглөө 5 цагт нас

барав.

Вася өвөө 1942 оны 4-р сарын 13-ны шөнийн 2 цагт

нас барав.

Леша өвөө 1942 оны 5-р сарын 10-ны өдрийн 4 цагт

нас барав.

Ээж 1942 оны 5-р сарын 13-ны өглөө 7 цаг 30

минутад нас барав.

Савычевыхан үхэцгээлээ. Бүгд үхлээ. Ганц Таня

үлдэв.\

 

Өлссөн хүүхдэд илүүчилж байв

Энэ ертөнцийн бүх тариа цугларсан

Эрдэмтэн Вавиловын үрийн дээжийг

Хойч үедээ дамжуулж чадвал

Хоёрдугаар дайнд тэдний ялалт энэ байв

Иван амандаа нэг ч будаа халгаасангүй

Үнэрлэж зогсох хүүтэй хоёр зуун граммаа хуваалаа

Хөөрхийлөх гэтэл дуу нь гарсангүй

Хэд алхаад ойчлоо, дэлхий дууслаа ...

Халааг нь Петр гуаи авав

Хайран сайхан хорин есөн нөхөр нь

Үр тариагаа хамгаалсаар

Өлбөрч үхэцгээлээ

Хөөрхий Иванаас хойш хэдэн хоног

Хүйтний эрч бүр тачигнав

Галт шуурга бүслэлтийн тийш долоо хоног

Газар тэнгэрийн оч болон дүүлсээр байлаа

Аз болоход сум нааш ойртсонгүй

Ач болж улаан цэрэг халгаасангүй

Өөртөө тушаан ань гэж агуулахаа хамгаалж

Өнөөдрийг үзэх гэж чадлаараа тэмцсээр

Урт гээч амьсгаа авч сая нэг уужраад

Унасан хэвээрээ зул шиг жаргалаа

Эргэн тойрон нь нам гүм

Энд тэнд буун дуу холдож

Үрийн агуулах ирээдүйтэй үнэгчлэн

Үүрийн гэгээ Ленинградыг нөмрөн ирлээ ...

Зөвлөлтийн хүний сэтгэлийн хатанд

Зүдгүүр зовлон, гамшиг өөрөө сөхрөн унав

Иргэний үүрэг, хувийн тангараг, эр зоригийн өмнө

Эх орны хоёрдугаар дайн бууж өгөв

 

Хүн зонд ширхэг будаа үлдээгээд

Хөрстөд өөрийгөө өлбөрүүлсэн

Зөвлөлтийн хүний мөс, гүндүүгүй зан -

Зүйргүй энэ хүчит “зэвсгийн” өмнө

Дайсны Барс танк, мессершмидт хүчгүйдэж

Дайн хад мөргөсөн мэт номхров ...

Аз жаргал гэж юу вэ, энх тайван гэж

Адил эрхтэй үг юу вэ, талх тариа гэж

Орчлонд Ленинградчууд үнэнийг тангараглан зарлав

Октябрийн эх орон сүлдэндээ хоёуланг нь залав.

1989.11. 4

                  Энд дарж PDF хувилбараар үзнэ үү.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(14 цагийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(3 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД