ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ


/ Ариусахуй, Бясалгахуй сонин №, 52, 2004/

Сурв: “Өвчүүний цаагуур шидчих юм” гэдэг ойлголт арай өөр болсон гэж та хэлэв үү?

Г.Л: Орчин үеийн түвшинд хоол төдийгүй хүн хийгээд хүнтэй холбоотой асуудлыг арай өөрөөр  ойлгодог болж байна. Хүний мөн чанар яагаад  дээрдэж, доордож  байна, юугаар нөхцөлдөж буй зэрэгт бидний ойлголт өөр болж буй нь бага бус ололт юм. Ухваас бүх юм мэдээлэлтэй холбоотой гэдэг нь одоо нэгэнт хэлж болохоор болж байна. Мэдээлэл гэдэгт бидний үзсэн харсан, сонссон дуулсан, мэдсэн сурсан, ярьсан хөөрсөн, өмссөн зүүсэн, идсэн уусан, ерөөс биднийг тойрон хүрээлж буй бүх юм, бидний хийж үйлдэж буй зүйл цөм хамаарна.   Энэ мэдээлэл гээчийг юу юм бэ гээд цааш задалбаас эергүү, сөргүү, саармаг энергийн утга гарах юм. Эцсийн задаргаа нь энерги мөн. Арай ойлгомжтой болж байгаа биз?  Жишээлбэл, танай сонинг уншаад хүн сайхан сэтгэгдэл төрүүтээ эергүү энерги аваад өөрөө сайн эрчмээр цэнэглэгддэг байх нь. Эсэд нөлөөлж эсийг удирдаж байна гэсэн үг. Хэрэв муухан мэдээлэл унших юм бол сөргүү энергээр цэнэглэгдээд эс тэр мэдээлэл /программ/-ээр удирдагдана. Тэгэхээр эсийн удирдлага бол мэдээлэл байх нь. Энэ дүгнэлтээр бид өнөөгийн шинжлэх ухаанд тайлагдаагүй олон асуудалд хариу оллоо гэж ойлгож байгаа.

Сурв: Эс гэдгээ тодруулахгүй юу?

Г.Л: Бүх юм эсээс бүтдэг. Нэг эс гэдэг бол химийн том фабрик юм. Хүний тархи гэхэд л 16-17 тэрбум эсээс бүтдэг. Махбоди нь ойролцоогоор 70 живаа эсээс бүтнэ. Бүх ажиллагаа нь эсийн түвшинд явагдаж, зохицогдож байдаг автоматжсан систем бол хүн. Үүнээс улбаалаад  хоолны тухай ойлголт өөрчлөгдөх болж байна. Энерги алдсан гээд хоолоор цэнэглэдэг ойлголт буруу гэсэн үг. Хүн бол өөрөө өөрийгөө цэнэглэх түвшинд хүрсэн тийм нарийн зохион байгуулалтай биологийн систем юм байна. Хоолноос энерги авах нь гадны буюу экзорген хангамж  төдий юм. Монголчуудын дээр үеийн хооллож байсан мэдлэг-ухаан бол гайхамшигтай жишээ мөн. Юу гэвээс эхлээд сэтгэлийг цатгадаг байж. Хүн өөрийнхөө энергээр сэтгэлийг цатгах учрыг мэддэг байсан байна. Энэ нь “харсан бол идсэн, амссан бол цадсан” гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл сэтгэл бол энерги үүсгэгч генератор гэж бид үзэж байгаа юм. Гуанзанд орохдоо хүн тийм тийм хоол идэхгүй бол цадахгүй  гэж бодоод, ийм сөргүү энергээр эсийг программчлан удирдсан нөхцөлд амар “цадна” гэдэг ойлголт байж таарахгүй. “Цай холдлоо, одоо  ч толгой өвдөнө дөө” гэсэн бодлоор тийм энергийг өөртөө “тарингуутаа” л хүний толгой дорхноо өвдөнө. Энэ онолыг мэдсэн түрүү үеийн монголчууд эхлээд сэтгэлээ цатгачхаад дараа нь гэдэснийхээ бичил биетийг жаахан хооллодог байж. Хүний гэдсэнд биеийн жингийн 3,2 %-тай тэнцэх хэмжээний өт хорхой язганаж, амаа ангайгаад байж байдгийг нэгэнт тогтоосон зүйл. Эднийг ямар зорилгоор цатгаж байгаагаа эртний монголчууд мэддэг байсан байна. Энэ их боломжийг ашиглаад өөрт хэрэгтэй уураг, аминдэм, эрдэс бодис гаргаж авахыг элэнц дээдэс маань ойлгож  байж. Нэгэнт өөрт хэрэгцээтэй тэжээлийн зүйлийг гэдэснийхээ бичил бүтцээр дамжуулан гаргаж авах гэж байгаа бол тэднийг юугаар тэжээх вэ гэдгийг мэдэх учиртай. Таны түрүүлж асуусан шиг өвчүүний цаагуур шидчих юм болгон надад хэрэг болох уу, үгүй юү гэдгийг мэддэг байсан гэсэн үг. Ер тэр үед хээр тавьж нутаглуулдаг байсантай холбоотойгоор хүнийг маш нарийн судалсан байжээ.

Судалгаанаас үзвэл 13-р зууны монголчууд оройд ганц аяга хоол иддэг байж. Энэ нь тухайн үеийн европынхноос 4-6 дахин бага гэсэн үг. Тэр үед Монголд ирж байсан европ лам нар манай нутгийн заншлаар хооллоод өлсөж үхэх шахаж байсан бэрхшээлийг их нарийн тэмдэглэж үлдээсэн байдаг.  Гэтэл монгол хөтөч болохоор хоногийн газарт хүрээд ганц аяга хоол иднэ гэдгээ мэддэг, тэгээд дасчихсан, хоолны тухай ийм энгийн ойлголттой, эд эс нь ингэж програмчлагдсан байж. Эндээс монгол, европ хүний хооллолтын талаар тэнгэр, газар шиг өөр ойлголт харагддаг. Чухам энэ шинж чанар нь монгол хүний туулах чадварыг хөтөлгөө морины хэмжээнд хүртэл хөгжүүлж, монголчуудыг шинээр  “бүтээсэн” гэж хэлж болно. Одоогийн бидний сохроор таамаглан мэдэмхийрхдэг шиг “махчин монгол” хараахан биш байжээ.

Зай завсаргүй мах зооглон “жаргаж” байгаа эдүгээ цагийн монголчуудын гэдэс ходоодон дотор юу болж байгааг мэдэх аргагүй болжээ. Бичил биет нь юу зооглоод юу үйлдвэрлэж  байгааг ч хэлэх эцэсгүй. Одоогийнх шиг эсэн бусын хоол ундаар бордуулсан гэдэс ходоодны бичил биетүүд юу үйлдвэрлэдэг бол?  Тааварлахад бэрх, сайнаар бодох ч аргагүй. Энэ бол зөвхөн монголчуудад бус  хүн төрөлхтөнд хамааралтай.

Эрт цагийн монголчууд өвлийн гурван сард жаахан мах идсэн гэдэс ходоодоо “бузартсан” гэж үзэж “гэдэс цайлгах” хэмээх сүрхий ойлголтыг бий болгосон байжээ. Энэ нь шинжлэх ухааны хэлээр бол бичил организмын бүтэц өөрчлөгдлөө, хэвд нь оруулахгүй бол болохгүй боллоо гэсэн санаа байж. Тэгээд тэрхүү ходоодныхоо бичил биетийг хавар, зун, намаржин цагаан идээгээр хязгаартай хооллоод бүтэц нь сайжрахыг “гэдэс нь цайлаа” гэж үздэг нь бичил биетийн бүтэц нь бидэнд ашигтай юм гаргаж өгөх чадвартай боллоо гэсэн ойлголт байж. Үүнийгээ “хоол”, “хооллох” гэнэ. Энэ бол дэндүү гүн гүнзгий, далд холын ухаан байсан байгаа биз? Одооны бидний нүдээрээ харж, гараараа бариад том том хазаж үмхэлж байж сэтгэл ханадаг байдлаас эрс өөр заншил юм.

Сурв: Тэр үеийн  юмыг одоогийнхтой харьцуулбал үлгэр шиг санагдаж байна. Тиймээс эдүгээ бид яавал зохилтой вэ?

Г.Л: Түрүүн би цухас дурдсан даа. Хүн эхлээд  сэтгэлээ номхотгох учиртай. Хүссэн, харсан бүхэндээ үл тачаах гэсэн үг. Бурхны шашны сургаалд номлосончилон “нисваанисын сэтгэлээ номхотгох” гэдэг нь хооллоход хүртэл хамаатай юм байна. Хэт идэж архидах нь арилшгүй том үйлийн үр гэж сургадгийг санахад илүүдэхгүй. Тийм ийм юм сайн, ид, уу гэсэн өдгөө цагийн номлол нь хүний загатнасан газар нь маажиж, хүсэл шуналыг нь дэврээжээ. Физиологийн тийм их нүсэр хэрэгцээг зохиомлоор бий болгочихжээ. Иймээс миний яриад байгаа хооллох ухаан эдүгээ хүн хүлээж авахад бэрхтэй, “идэж уухын жаргалд умбах” хүсэлтний хувийн эрх ашигт харшлах сэдэв болжээ. Хоол байгаагүй байхад бий болгоод хоолонцор болсноо зөвтгөдөг. Тэгсэн мөртөө архи байгаагүй байхад олоод уугаад архичин болсон хүнийг буруутгадаг. Тамхичин болсон хүнийг бас пөөх паах гэдэг. Гэтэл байгаагүй хоолыг олоод хоолонцор болсноо сайн сайхан гэдэг. Ингэж амтны ноёрхолд орохыг хүний ухамсрын мөхөл сөнөл гэж ойлгоод ухамсрын  дайсан бол амт юм гэдгийг ухаарсан нь 13-р зууны гайхамшигт монголчуудын шинжлэх ухааны том нээлт байжээ. Амтыг толгой дээрээ суулгаснаар хүн гэдэг бодгалын анхдагч стандарт буюу жишиг хэмжүүр алдагдсан байна. Амтны ноёрхол тогтсоноор хүний ухамсрыг уусган алга хийж хүний яс чанар ч алдагдсан байна. Тиймээс өөрийнхөө дуртай бүхнийг зөвтгөж, бусдыг нь үгүйсгэдэг одоогийн мэдлэг нь дэлхийн асар том бизнес болон хувирчээ. Одоо үүнийгээ бүхүй л  салбарт өмгөөлж хамгаалдаг болж. Наад захын баримт гэхэд pH нь хамгийн дээд зэргийн хүчиллэгийг заадаг ундаанууд үйлдвэрлээд хүнийг хүчилжүүлж, чулуужуулж байгаа энэ гэмт хэргийн эсрэг ямар ч тэмцэл алга. Хүн төрөлхтнийг сөнөөж байгаа ийм зүйлтэй эвлэрч байгаа биш үү? Бүх судалгаагаар энэ бүхэн нотлогдоод байхад ямар ч засгийн газар хэн ч дийлэхээ больжээ. Үүнээс олж байгаа бизнесийн ашиг, түүнээс татвар авч амьдарч байгаа засгийн газар эвсэхээс аргагүй. Дэлхийн асар том бизнес нь хүнийг зүйл дуусгаж байгаа өчүүхэн баримт энэ.

Сурв: Та чухам аль ундааг нь яриад байна? Хийжүүлсэн ундаа юу?

Г.Л: Аль нь ч ялгаагүй. Бүх төрлийн ундаануудыг судлахад “хор” гэсэн нэг л дүн гардаг. Нөгөө талаар анорганик бодисыг нь шүүж эрдэсгүйжүүлээгүй ус бүхэн  судас бөглөдөг гэж үзэж байна. Өдгөө зүрх судасны өвчин ихэссэн нь нэг талаар үүнтэй холбоотой. Үүнээс гарах арга зам бол хүн өөрөө удирдлагатай амьтан гэдгээ ухаарч чадах ухаан юм. “Миний бодол санаа энерги үйлдвэрлэдэг юм байна, тэр энерги нь миний сайн муу явахыг үүддэг байх нь” гэдгийг ухаарах ухаан юм. Сөргүү муу муухай мэдээлэл ихсэх тусам хүний мөхөл ойртоно. Одоо үнэндээ бид робот, хагас робот хүн болжээ. Үүнээс жинхэнэ хүнд шилжих процесс явагдах учиртай юм. Энэ бол зөвхөн хооллох тухайд бус. Өдгөө цагийн өчүүхэн ухамсрын түвшний хүний хооллолт нь адгуус араатан амьтны хооллолтоос дэндүү дор  оржээ.

Сурв: Европынхон биднээс урт насладаг биш үү?

Г.Л: Европынхоны биднээс давуутай нэг юм бол хувиа борлуулж довоо шарлуулах үзэл юм. Энэ нь хүнийг энергийн хямралд бага оруулдаг. Манайхан шиг тэр энэ ах дүү, садан төрөл, сум орон гэж огт санаа зовдоггүй. Энэ нь энергийн алдагдал, хямрал багатай  байна  гэсэн үг. Биднээс давуу тал нь энэ. Ерөнхийдөө тэндхийн хүн ард бадган махбоди давамгайлсан байдаг учраас манайхыг бодоход сэтгэлээ барих чадвар, бас тэсвэр тэвчээр илүүтэй. Монголчууд бол шар махбоди давамгайлсан улс. Гэхдээ одоогийн залуучуудын хувьд хий махбоди давамгайлж байна. Энэ бол хүн төрөлхтний доройтож буй шинж мөн. Өөр нэг үзүүлэлт бол хүн 25 нас хүртэл ёстой атал одоогийн байдлаар ердөө 14-16 насаар л хязгаарлагдаж байна. Энэ арван насны түвшинд хүний яс чанар төдий хэмжээгээр буурч доройтож байна гэсэн үг юм.

Европынхон хүнсний ногоог хоол хүнсэндээ их хэрэглэдэг давуу чанар нь хүчилжиж чулуужихаас сэргийлдэг тустай. Тэхдээ эрдсийн бөглөрөл ихтэй. Манай хөдөөгийнхөн зөв хооллодог боловч өдөрт олон арван литр цай уудгаас болж эрдсээр судсаа бөглөж нас нь богиносдог урхагтай. Манай мэргэжилтнүүд эрдэс ихтэй ус сайн гэж номлодог нь маш буруу гамшиг нүүрлүүлсэн сурталчилгаа мөн. Гэтэл энэ нь хүмүүнд шингэх чадваргүй, биологийн бус бодис учир хүнийг чулуужуулдаг гэсэн ойлголт одоо бий болоод байна. Тэр ч байтугай малын цусны төмөр хүнд шимэгддэггүй гээд бодвоос усных шимэгдэхгүй нь тодорхой бус уу?

Сурв: Йодтой, алттай, төмөртэй ус, гурил гээд байгаа маань ийм байдаг байх нь ?

Хүнд йод, төмөр дутагдаж байгаа нь үнэн. Дээр үед йод, төмөр дутагддаггүй байж. Яагаад гэвэл гэдэснийхээ бичил биетийг зөв тэжээж, зөв ажиллуулж, хэрэгцээтэй бүхнээ гаргаж авч байсан учраас далайгаас хол монголчуудад йод, энэ тэр дутагдаж байсангүй. Нөгөө талаар угаасаа бага идэж байсан учраас бие махбоди бохирдох үндэс байсангүй. Бодисын солилцооны эрчим үргэлжид сул буурай байсан учраас илч нөхөлт, элдэв өөрийгөө шатаах үзэгдэл байсангүй.  Махбодын ашигт үйлийн коэффициент биднийхээс хавьгүй өндөр байсан байна. Махбодийн өөрийгөө элээж шатааж дуусгадаг илүүдэл илчлэг асар бага байжээ. Ийм том шинжлэх ухааныг бий болгосон гайхамшигт ард түмэн бол монголчууд юм шүү дээ.

Сурв: Хүний нас улам богиносоод байна гэсэн үг  үү?

Г.Л: Богиносох ёстой. Яагаад гэвэл хүн төрөлхтний энергийн хууль зөрчигдсөнд байгаа юм. Хүний яс чанар, чадвар багасана гэсэн үг. Дараагийн төрөлдөө өчүүхэн бага энерги дамжуулж байгаа учраас хүний яс чанар сайжрах үндэсгүй юм. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй гамшиг мөн. Шинжлэх ухааны ойлголт нь буруу учраас ийнхүү хүн төрөлхтөн буруу замаар будаа тээжээ. Эрүүл мэнд гэдэг нь авч байгаа мэдээлэлтэйгээ шууд хамааралтай асуудал мөн. Ингэж бодоод эргэн тойрноосоо авч байгаа мэдээллээ цэгнээд үз дээ? Энэ бүх сөргүү мэдээллээс хэн хаашаа зайлах билээ? Гагцхүү ухаарч чадсан хүн энэ хорвоод өөрийгөө сэхээтэй авч явах цаг иржээ. Хичнээн хурдан ойлгож чаднав төдийчинээ хурдан сэхэл авах учиртай.

            Сурв: Ухаарч танин барих, сэтгэлээ номхотгон явдал үйлээ төвшитгөх гэдэг ийнхүү хүн төрөлхтний амьдралын хууль жам ажгуу. Юуны ч тухай хэнтэй ч  ярилцсан үүдэх уг нь ийн нэг сурвалжтай, нэг эхтэй байх юм. Гагцхүү та бидний ухааны цараа, өөрийгөө ялах эрдэм тэр бүхний түлхүүр юм уу даа.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(9 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.