ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР


                                                         

2022 он, Улаанбаатар хот

 

                                                             

 

                                     

 

                  “Эцэг, эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө

                   захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч

                    үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна”

                                                 Гүррагчаагийн Лхагваа

 

ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР

 

“Хүний чадах сайн бүхэнд эцгийнхээ нэрийг дуурсгана”, “Ханийнхаа нэрийг дараагийн

зуунуудад хүн төрөлхтний дунд мөнхөлнө” гээд өөртөө ам гарчихсан энэ хоёр хүч насан

туж сэтгэлд долгисч, магадгүй амьдралын минь утга учир болсон буй за.

Эцгээсээ хорин долоотой балчраараа хагацаж барьц алдсан билээ. Ажил амьдралд хөл

тавиад дөрвөн жилийн нүүр л үзэж байсан үе.

Надад үнэндээ алдар нэр, албан тушаал, олз ашиг, өрсөлдөөн энэ тэрээс холхон амьдрах

завшаан тохиосийм. Сурагч ахуйд конкурс энэ тэр байгаагүй, өөр өөрийн боломжоор

тааваараа сурцгааж, ажиллаж ахуйд бидний үеийнхний нийтлэг зорилго болж байсан улс

орноо үйлдвэржүүлэх, орчин үеийн хөдөө аж ахуй, газар тариаланг цогцлоох, шинжлэх

ухаан, боловсрол, анагаах ухаан, урлаг, спортыг хөгжүүлэх гээд асар далайцтай, орон

даяар зориглон шуударсан нүргээнт ажлын төлөө хүн бүр хоёргүй сэтгэлээр зүтгэж, зарим

маань бүтэн нойр гэдгийг мартахад хүрч байсан их бүтээн байгуулалтын он жилүүд

байлаа.

Ганц хүнсний аж үйлдвэрийн салбар гэхэд л 1970-1990 онд Улаанбаатарын мах,

консервын комбинат, Дархан, Дорнодын махкомбинат, Улиастай, Сайншанд мах

боловсруулах үйлдвэр, Улаанбаатарт Талх, чихрийн болон Архи-пивоны комбинат, Сүү

боловсруулах үйлдвэр, Савангийн үйлдвэр, Нийлэг сав боодлын үйлдвэр, Хүүхдийн сүүн

тэжээлийн үйлдвэр, Хүнсний засвар угсралтын үйлдвэр, Дархан, Эрдэнэт, Дорнодын

 хүнсний болон Зүүн хараагийн  спирт, балбурмын комбинат, 9 аймгийн шинэ хүнсний

үйлдвэр, Улаанбаатарын талхны үйлдвэр, зарим аймгийн хүнсний үйлдвэрийг

шинэчлэхийн хамт шинэ үйлдвэрүүдийн техник-технологийн үйл ажиллагааг жигдрүүлэх,

хүч чадлыг нь бүрэн ашиглахаас эхлээд мянга мянган мэргэжлийн ажилчид, инженер-

техникийн ажиллагсдыг сургаж бэлтгэх, бүтээгдхүүний жор, технологи, стандартыг бий

болгох, лабораторийн хяналт, төлөвлөлт - эдийн засгийн урамшууллын болон

бүтээгдхүүний чанарын удирдлагын шинэ систем, хөдөлмөр зохион байгуулалтын

бригадын систем нэвтрүүлэх гээд ёстой л “Нууц товчоо”-нд гардаг шиг “орондоо орох

завгүй”, цаг нарыг мэдэхгүй шахам ажиллацгааж байсан цаг.

1990-ээд оны сүүлээр Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирлаар миний бие,

нэгдүгээр орлогч захирлаар Дэмчигжавын Охиноо, орлогч захирлаар Шандарын

Чойжилсүрэн бид нарын ажиллах үед цаг хүндэрчихсэн, улсын эдийн засаг доройтож,

ажил мэдэхгүй залуусын гарын сарвуугаар улсын гадаад валютын нөөц (100 сая гаруй

ам.доллар) хувийн өмч мэт урсан алга болоод үйлдвэрүүд түүхий эд, тоног төхөөрөмж,

сэлбэг хэрэгслээ олж авч чадахгүй болж бүгд дампуурлаа.

Хүн амын хүнсний хангамжийг тасалдуулчихгүй гэж бид чадлаараа л хичээж байв.

Хүнсний аж үйлдвэрийн салбар түүхэндээ анх удаа бие даан 1990 оны ханшаар 1.1 сая

ам.долларын экспорт, 802.1 мянган ам.долларын импорт, мөн 1358.4 мянган ам.долларын

бартерийн худалдаа хийж, 1991 оны хүндхэн үед ургамлын тос 20 т, 120 т идэшний тос, 30

т ундааны бэлдэц, хиам, спирт, балбурам, нүүрс хүчлийн хийн болон ундаа үйлдвэрлэх

тоног төхөөрөмж, хөргөлт, чихэр, сүү савлах машины сэлбэг, редуктор, насос, махны

үйлдвэрлэлийн шугам, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл импортолж хүнсний

үйлдвэрүүдийн хэвийн ажиллагааг хангаж ажилласан юм. Финлянд улсын хөнгөлөлттэй

зээлээр Багахангайд европын стандартыг хангасан экспортын махны үйлдвэр байгуулах,

үүний тулд барилга угсралтын ажлын 1.6 сая ам.долларын хөрөнгийн асуудал, 1.2 сая

ам.долларын зээлийн урьдчилгаа төлөх ажлыг шийдвэрлэж, үйлдвэрийн тоног

төхөөрөмжийг худалдааны болон гаалийн татвараас чөлөөлүүлэх, татан авах зэргээр

ажилласны үр дүнд 1994 онд үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулсан ба

санаачилж хөөцөлдсөний үр дүнд Финляндын буцалтгүй тусламжаар инженер-техникийн

ажилтан 30 хүнийг 3 сараар тус улсад мэргэжил дээшлүүлэн сургаж бэлтгэсэн юм.

Монгол улсын мах, сүүний үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар НҮБ-ын экспертизийн

мэргэжилтнүүд болон мөн Япон улсаас мэргэжлийн 5 групп урьж ажиллуулан тус бүрийн

дүгнэлт тайлан гаргуулсны үр дүнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дархан

хотын махкомбинатад махыг хөлдүүгээр савлах үйлдвэрлэл байгуулж, Улаанбаатарын

сүүний үйлдвэрийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн ба үйлдвэрүүдэд

 100 сая ам.долларын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн

билээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор талх, нарийн боов үйлдвэрлэх 104

төхөөрөмж, хөргөгч шүүгээ 54-ийг импортоор авч нийлүүлж, хэрэглээний шаардлагыг

харгалзан Шарын гол, Төв аймагт архины үйлдвэрлэл, Дарханд давсны үйлдвэр

байгууллаа.

1991 онд хүнсний аж үйлдвэрийн ажиллагсдын цалинг 30%, үйлдвэрүүдээс нийгмийн

асуудлаа шийдэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг 40 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хүнсний

зарим бүтээгдхүүнд албан ба гүйлгээний татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох

байгууллагуудтай хамтарч шийдэхийн зэрэгцээ Боловсролын яамтай хамтран хөнгөн,

хүнсний үйлдвэрийн техникум, техник мэргэжлийн сургуулиудын барилгын асуудлыг

шийдвэрлэлээ.

Засгийн газарт 13 асуудал оруулж 10-ыг шийдүүлж, Л.Дамдинсүрэн, Г.Гомбо нартай хамт Хүнсний хууль боловсруулах ажлыг эхлүүлж, Хүнсчдийн холбоог үүсгэн байгуулж, Хүн ба Хүнс сэтгүүлийг бий болгосон юм.

Зах зээлд шилжих хүндхэн үеийн хамгийн гол ажил бол хүнсний үйлдвэрүүдийн удирдах

ба инженер-техникийн ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх явдал байсан

бөгөөд 1991-1995 онд дотоодод 98 хүнийг 569 хүн/өдөр, мөн БНХАУ, Финлянд, ХБНГУ,

Итали, Францид 350 хүнийг 11760 хүн/өдрийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд

хамруулсан байна. Мөн БНХАУ, Турк улсад тэдгээр орны зардлаар 4 оюутныг сургах

ажлыг эхлүүлжээ.

Миний бие Монгол улсад хөнгөн ба хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 60 жилийн ойг

тэмдэглэх комиссын даргаар ажиллаж, бид түүхэн ойг амжилттай зохион байгуулсан

билээ.

Миний ажлын арга барилд хамаатуулж болох зүйл бол ялангуяа удирдах ажилтан хүн бүх ажлыг өөртөө овоолж, бусдынхаа хариуцлагыг сулруулдгийн чанх эсрэг хамт ажилладаг хүмүүстээ бие дааж

шийдвэр гаргах, шинийг сэдэх, эрх чөлөөтэй ажиллах боломж өгч итгэл хүлээлгэдэг, хөдөлмөрийг нь зөв үнэлж урамшуулахыг чухалчилдаг байсан. Нэгтгэлийн ерөнхий захирлаар томилогдсоноос 3 хоногийн дараа эдийн засгийн урамшууллын шинэ журмыг өөрийн гараар бичиж анхны тушаал гаргасан ба яамны ажлын өмнөх арга барилаас үйлдвэрүүдийг удирдахыг хэвээр үлдээж, харин бид өөрсдөө тэдэнд үйлчилж

үйлчилгээний үнэлгээнээс цалинжих, үйлчилгээнээс олсон орлогын 15%-ийг ажилтан тухайн валют, дотоодын үйлчилгээ бол төгрөгөөр тооцож урамшуулал болгон авах болсон юм. Компаний зохион байгуулалтаар ажиллахдаа төвүүдийн дарга, удирдлага нь хүн ажилд авах, халах мэтчилэнг өөрсдөө бие дааж шийдэх болсон. Мөн ажилд шаардлагатай  олон жилийн судалгаа мэдээллийг эхэлж хийж авдаг заншилтай. Энэ нь нөхцөл байдлыг таамгаар бус бодитоор олж харж дүгнэх бололцоо өгдөг байлаа.

 

                          [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(8 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(9 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(8 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.