Монгол улсын хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин агсны мэндэлсний 90 насны ойд


Монгол улсын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн,

хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавъяат

ажилтан, Шинжлэх ухаан, технологийн их

сургуулийн хүндэт доктор Паавангийн Дамдин агсны

мэндэлсний 90 насны ойд зориулав.

 

 

Гүррагчаагийн Лхагваа

Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирлаар

ажиллаж байсан, техникийн шинжлэх ухааны доктор, профессор

 

Монгол улсын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн,

хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин ба

их бүтээн байгуулалтын он жилүүд

(Монгол улсын хүнсний аж үйлдвэр)

 

Монгол улсын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин хэмээх алдар гавъяа нь ард түмний дунд мөнхөрсөн, ховорхон төрдөг чадварлаг удирдагч, заяамал гэмээр нэн гайхалтай авъяас, сэтгэлгээний өргөн цар хүрээ, дайчин шуурхай ажил хэрэгч, уйгагүй хөдөлмөрч, бүтээлч чанарыг хослуулсан хүчирхэг цогцлоон байгуулагч нэгэн бээр түүхэн хувь заяагаар нэгэн үед бидний дунд байж, аж үйлдвэржсэн эх орныг маань бий болгох, цэцэглүүлэн хөгжүүлэх их үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр өөрийгөө умартан зүтгэсэн билээ. Ийм агуу хүмүүсийг түүх төрүүлдгийг бидний үеийнхэн харж биширч байлаа.

Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн их бүтээн байгуулалт, хөгжлийг удирдан манлайлсан П.Дамдины түүхэн гавъяаг мартаж үл болно.

1968 оны 1-р сарын 26-ны өдрөөс Монгол улсын Хөнгөн ба Хүнсний үйлвэрийн яамны сайдаар томилогдон ажилласан цагаас тэрээр хүнсний аж үйлдвэртэй 30-аад жилийн ажил амьдралаа холбосон билээ.

Түүний удирдсан хүнсний аж үйлдвэрийн салбар 1990 он гэхэд улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 25 хувийг үйлдвэрлэж, улсын экспортын 20 шахам хувийг бүрдүүлж хөгжлийнхөө  оргилд хүрсэн байлаа.

200,0 мянган тонн гурил үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах Улаанбаатар, Сэлэнгэ, Булган, Мөрөн, Улаангом, Хэнтий, Хархорин, Дарханы гурилын үйлдвэрүүд, ээлжинд 100 т мах үйлдвэрлэх Улаанбаатарын мах, консервын комбинат, хоногт тус бүр нь 50 т мах үйлдвэрлэх Дархан, Дорнодын махкомбинат, жилд 100 сая литр сүү үйлдвэрлэх хүч чадалтай, тухайн үедээ 62 сая литрийг боловсруулж байсан Улаанбаатарын сүүний үйлдвэр, мөн Зүүнхараа, Улаанбаатар, Хархорины спиртийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн 3 сая 423 мянган литр спиртээр 4,9 сая литр архи, Улаанбаатарын Архи, пивоны комбинатад 6,8 сая литр пиво, улсын хэмжээгээр 66,7 мянган тонн талх, 32,7 мянган тонн нарийн боов,  15 000 тонн чихэр, 7.5 сая литр ундаа, 400 т пүнтүүз, 155 т цагаан давс, 50 т хүнсний цуу, 80 т жан, 10 т хоол амтлагч, 600 т гурилын уураг, 5300 т балбурам, 10,2 сая ширхэг гарын саван, 3300 тонн эдийн саван, 18 сая нимгэн картон хайрцаг, 90 сая шошго, 5 сая полиэтилен уут, 500 т полиэтилен хальс, 3 сая хуванцар лонх үйлдвэрлэж, малын мах, боловсруулсан өлөн гэдэс, гурил, архи, спирт, пиво, гоймон, махан консерв, гурилын уураг, ясны гурил, ясны буталмал, эврийн гурил, малын хатаасан цус, малын хатаасан цөс, биобэлдмэл зэрэг 100 гаруй сая ам.долларын бүтээгдхүүн экспортолж байлаа. Зөвхөн Улаанбаатарын мах, консервийн комбинатын хөргүүрийн багтаамж гэхэд л нэг зэрэг 16 000 тонн махыг хөлдүүгээр хадгалах хүч чадалтайн дээр жилд 38280 т тураг мах, 3690 т хиам, 1677 т махан консерв, 1158 т идэшний тос, 5652 т ясны буталмал, 475 т эврийн гурил, 262 т цусны гурил, 560 т ясны гурил, 1 сая тун ферментийн бэлдмэл зэрэг 10-аад нэрийн биобэлдмэл, Улаанбаатарын Талхны үйлдвэр, Талх, чихрийн комбинат нь хоногт 200 тонн талх, Талх, чихрийн комбинат дангаараа жилд 7500 т чихэр, 5000 т гоймон, 6550 т жигнэмэг, өрмөнцөр, 1200 т жимсний чанамал үйлдвэрлэж байсныг жишээ татвал хүнсний нэг л үйлдвэр, түүний үйлдвэрлэлийн баримжаа гэхэд одоогийн хүний санаанд буухгүй биз ээ.

Сайд, МАХН-ын дээд удирдлагад хүнсний аж үйлдвэрийг тэргүүлэн ажилласан 1960-1990 онд гол нэрийн хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл 4.4 – 8.4 дахин нэмэгдсэн юм.

Улсын хүнсний үйлдвэрлэлийн ийм үлэмж цар хэмжээ нь П.Дамдин даргын нөр бүтээлч ажлын салшгүй хэсэг юм.

1970-1990 онд Улаанбаатарын мах, консервын комбинат, Дархан, Дорнодын махкомбинат, Улиастай, Сайншанд, Өлгийн мах боловсруулах үйлдвэр, Улаанбаатарт Талх, чихрийн болон Архи-пивоны комбинат, Сүү боловсруулах үйлдвэр, Савангийн үйлдвэр, Нийлэг сав боодлын үйлдвэр, Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, Хүнсний засвар угсралтын үйлдвэр, Дархан, Эрдэнэт, Дорнодын хүнсний болон Зүүн хараагийн  спирт, балбурмын комбинат, 9 аймгийн шинэ хүнсний үйлдвэр, Улаанбаатарын талхны үйлдвэр, зарим аймгийн хүнсний үйлдвэрийг шинэчлэхийн хамт шинэ үйлдвэрүүдийн техник-технологийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хүч чадлыг нь бүрэн ашиглахаас эхлээд мянга мянган мэргэжлийн ажилчид, инженер-техникийн ажиллагсдыг сургаж бэлтгэх, бүтээгдхүүний жор, технологи, стандартыг бий болгох, лабораторийн хяналт, төлөвлөлт - эдийн засгийн урамшууллын болон бүтээгдхүүний чанарын удирдлагын шинэ систем, хөдөлмөр зохион байгуулалтын бригадын систем нэвтрүүлэх гээд ёстой л “Нууц товчоо”-нд гардаг шиг “орондоо орох завгүй”, цаг нарыг мэдэхгүй, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Дашдаваагийн тэмдэглэснээр “залуус нь амрахыг мэдэхгүй”, ахмад нь “өтлөх завгүй”  ажиллаж байлаа.

П.Дамдин хожим дурсахдаа: “Миний чадахгүйг чадах, мэдэхгүйг мэдэх, дутууг минь гүйцээж, дундуурыг дүүргэж байсан салбарын хамт олон, олон нөхөд, инженер-техникийн ажилтнуудын шууд оролцоотойгоор манай хүнсчид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ. Тиймээс ч хамт олны дундаас БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ө.Даанжуур, П.Лонжид, О.Дорлигсүрэн, Г.Халтархүү, Төрийн шагналт Г.Тодхүү, Ж.Цэрэндэндэв, Ж.Алимаа, Д.Сувд, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан П.Даш, Б.Цэдэв, Б.Нэргүй, Ж.Дашдаваа, Л.Сүжигт, Д.Дулмаа нарын хөдөлмөрийн сайчууд салбарын их үйл хэргийг манлайлсан юм” гэж бахдан хэлсэн байдаг. Хүнсний үйлдвэрийн салбарт түүнтэй хамт ажиллаж байсан Л.Дамдинсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, 23 хүн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан хэмээх эрхэм дээд цол хүртжээ.

Гар ажиллагаатай мал нядалгааны цөөхөн газар, техник-технологи нь хоцрогдож, барилга нь хүртэл гарын ая даахаа байсан аймгийн хүнсний үйлдвэр, спирт, пиво үйлдвэрлэх ганц хоёр завод төдийхнөөр хязгаарлагдсан салбарыг дэлхийн хэмжээний орчин үеийн хүнсний үйлдвэрлэл, шилдэг техник-технологийн түвшинд хүргэн улсын аж үйлдвэрийн томоохон салбар болтол хөгжүүлсэн нүсэр ажлын явцад яамны орлогч сайдаар ажиллаж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнгийн тодорхойлсноор “хөнгөн, хүнсний загвар” бий болсон ба удирдлагын бүх шатанд ажлын хийдэл гаргахгүйгээр хэн ямар ажлыг ямар хэмжээнд хариуцахыг нарийн зохицуулсан журам, стандартуудыг боловсруулж хатуу хяналт тавьж мөрдүүлсэн юм.

 Тус яамны сайдаар ажиллаж байсан Ж.Дулмаа агсны тодорхойлсноор “хатуу үүрэг даалгавар – хяналт – биелэлт – үр дүн” бол Дамдин сайдын ажлын нэг гол арга барил бөгөөд цалгар назгай байдлыг тэвчдэггүй зарчимч удирдагч байсан. Дамдин сайд бол дайчин, хийе гэснээ заавал хийж гүйцээдэг, үүний тулд цуцалтгүй зүтгэдэг, удирдлагад нь ажилладаг хүмүүст хатуу зарчимч шаардлага тавихын зэрэгцээ бас халамжтай сайн удирдагч бөгөөд яамны сайдаар 19 жил, МАХН-ын Төв хороонд 10 гаруй жил ажиллахдаа улсынхаа аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлсон нэрт удирдагч” хэмээн тодорхойлжээ.

П.Дамдингийн гярхай ухаан, далайцтай сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцыг олон хувилбараар хурдан сэтгэж олдог онцгой арга барил нь яамны сайд байсан Ж.Дулмаа, Г.Найдан, Н.Дагвадорж, орлогч сайд Л.Лхагваа, Л.Дамдинсүрэн, хөнгөн, хүнсний үйлдвэрийн олон дарга, удирдах ажилтнуудад магтууштай сайн өвлөгдсөн ба ийнхүү залгамж халаагаа сайтар бэлтгэх нь удирдагч хүний хамгийн шилдэг үзүүлэлт гэж үзэх учиртай.

П.Дамдин салбарын боловсон хүчний асуудлыг онцгойлон авч үзэж, хүнсний үйлдвэрлэлийн техник мэргэжлийн сургууль, политехникумыг байгуулж, Политехникийн дээд сургуульд дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчид, инженер-техникийн ажилтныг техник-эдийн засгийн  тусламж үзүүлсэн тухайн улсад нь явуулан сургаж дадлагажуулах зэргээр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлсний ачаар хүнсний үйлдвэрийн 5 ажилчны 2 нь давхар мэргэжилтэй, 3 хүний 1 нь ТМС-ээр бэлтгэгдсэн, 1200 гаруй инженер – техникийн ажилтан бүхий боловсон хүчний нөөц бүрдсэн юм.

Үйлдвэрлэл, шинжлэх ухаан гэсэн хосмол тогтолцоог бий болгоход чиглэсэн далайцтай ажлын хүрээнд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийг байгуулж, түүний харьяанд Хүнсний үйлдвэрийн туршилт судалгааны төв, Картон сав боодлын үйлдвэр, НҮБ-ын тусламжаар Тоног төхөөрөмжийн оношлогооны төвийг байгуулж, стандартын бус тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн, зураг төсөл зохиож хэрэгжүүлэх болсны дээр институтийн харъяанд ХБНГУ-ын төхөөрөмжөөр тоноглогдсон тооцоолон бодох төвийг байгуулж хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн тайлан балансыг нэгтгэж гаргах болсноор ажлыг ихэд хялбарчилж, тооцоолон бодох техник ашигласан аж үйлдвэрийн анхны салбар болсон юм.

Хөнгөн, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтээс Монэнзим, Хүнсний, Ноосны болон Арьс ширний туршилт судалгааны төвүүдийг өрх тусгаарлаж бие даалган ажиллуулсан нь судалгааны ажлыг үйлдвэрлэлд ойртуулсны дээр шинжлэх ухааны судалгааг үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болгосноор бүтээгдхүүний чанарыг зарим талаар дэлхийн жишигт хүргэхэд нөлөөлсөн  алсын хараатай алхам байсан төдийгүй салбарын эрдэмтэд олноор төрөн гарахад нөлөөлсөн юм.

Дамдин сайдын далайцтай хурдан сэтгэлгээ, ажлын хурдыг яамны сайтар бэлтгэгдсэн хамт олон, үйлдвэрүүдийн сайн удирдлага, салбарын инженер-техникийн 1200 ажилтан, үйлдвэрлэлийн мэргэшсэн 14400 ажилчин байсан тулдаа л гүйцэж байсан байх.

Дамдин сайд 1974 онд Москва хотноо ЗХУ-ын Хүнсний үйлдвэрийн яамтай хэлэлцээр хийсэн нэгэн айлчлалыг тод санаж байна. Лейн сайдаар 3 асуудлыг буцалтгүй тусламжаар шийдүүлсний нэг нь Налайхын лонхны үйлдвэрийн иж бүрэн шугам байсан ба дараа жил нь Лейн сайд нэмж хатуу улаан буудайн гоймонгийн шугам бэлэглэснийг Зүүнхараагийн Спирт, балбурмын комбинатад суурилуулсан юм. Гадаадын ажил мэргэжлийн холбоотой хүмүүсийнхээ дунд их нэр хүндтэй байсны нэг жишээ энэ юм.

Хувийн өндөр зохион байгуулалттай, алдаа мадаг, сул тал гэж үгүй, өө сэв хайгаад ч олдохооргүй тийм нягт нямбай, маш хүнлэг, ёстой шалгарсан удирдагч байсан даа. 2000 оноос 3 жил дамнан сунжирсан сүржин шалгалтаар 30 жил нам, төрийн удирдах ажил хийсэн хугацааны нь зөрчил 188 төгрөг болж байсан жишээ бол түүнд улс, ард түмний эрх ашгаас дээгүүр зүйл гэж байгаагүйг нотолно.

Улс эх орон, ард түмнийхээ төлөө ухамсарт амьдралаа бүрэн зориулагсдыг үе дамжуулан мэхийн хүндэлвээс зохилтой. Энэ үүднээс өнөөдрийн энэ ажиллагааг сайшаагууштай.

Дамдин сайд үйлдвэрийн ажилтан, ажилчид, яамны ажиллагсдын нийгэм, соёлын асуудлыг цогцоор шийддэг байсны дүнд Улаанбаатарын Мах - Гурилын комбинатын ажилчдын Соёлын ордон, Биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэг, ажилчдын амралтын “Баянгол” цогцолбор, 240 ортой хүүхдийн зуслангийн “Нарс”  цогцолбор, бүх үйлдвэрт эмнэлгийн үйлчилгээ, 2 ээлжээр ажилладаг хоолны газар, мөн үйлдвэр дундын нэгдсэн туслах аж ахуй,  яамны ажилчдын орон сууц, гадаадын мэргэжилтнүүд байрлуулах зочид буудал, яамны барилга угсралтын контор, автобаазтай байлаа.

Ажлын асар эрч хүч, хурд, далайц, тэсрэлттэй ажиллах арга барил, асуудлыг олон талаас нь нарийн бодож боловсруулан цаг алдалгүй шийдвэрлэдэг ажил хэрэгч чанар, гүйцэтгэлийн хатуу хяналт, цагтай уралдаж, заримдаа цаг хугацаанаас өрсөж байна уу гэмээр ажилладаг нөр хичээнгүй, хүчирхэг дайчин чанар, хувийн өндөр зохион байгуулалт, эмх цэгц, цэвэр цэмцгэр соёлтой зан чанар, юмыг жижиг сажиг гэлгүй анзаардаг гярхай ухаан Дамдин даргын бэлгэдэл имиж байсан юм.

Аливаад соёлтой, гоо сайхны мэдрэмжтэй ханддаг, хүнийг ч, үйлдвэрлэлийг ч ингэж удирддаг байсан. Гярхай ухаанаас нь үйлдвэрийн газрын өлөн тоос ч үзэгдэлгүй өнгөрөхөөргүй тийм эрхэм чанар нь бүх шатны ажиллагсдын харааны өнцгийг өөрчлөхөд тусалсан гэж би боддог. Халаасны алчуур нь хүртэл толбогүй цав цагаан. Энэ л гэхэд надад насан үүрдийн хичээл болсийм. Шилмэл удирдагч хүн төрмөл, бас төгс байдаг юм билээ.

 Захирах захирагдах нь зүйн хэрэг боловч “би” гэх үзэл, ихэмсэг зангүй, загнах нь хүртэл өөрийгөө голж суралцахад хүргэдэг хичээл байсан, наанаа уурласан мэт харагдавч цаанаа болохоор өөрөө огт уурлаагүй байдагсан. Тийм л гэгээлэг, ховорхон тохиодог агуу удирдагч. Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэн дурсахдаа: “Дамдин сайдаар загнуулаад өөрийгөө голж ухаан суудагсан” гэжээ.

Хэн нэгэн өвдөх, асуудалд холбогдох, алдаа мадаг гаргахад ууч өршөөнгүй ханддаг, буруу зөвийг ухаалгаар тунгааж өмгөөлөн хамгаалдаг, чин сэтгэл гаргаж тусалж дэмждэг хүнлэг энэрэнгүй нэгэн байлаа.

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Дашдаваагийн дурссанаар “ Ажлын төлөө зүтгэж, зөвтөж буруудахын алинд ч  П.Дамдин сайд үнэн мөнийг ялгаж чаддаг, их өмөг түшиг, нөмөр нөөлөг байлаа” гэжээ.

Сайн удирдагчийг гагц ажил бүтээл талаас нь бус арга барил, хувь хүний талаас авч үзэх нь өнөөгийн болон хойч үеийнхэнд тустай гэж үзэж миний бие П.Дамдин даргын ажлын арга барилд хамаарах зарим зүйлийг зориуд тэмдэглэж байгаа билээ.

“Түүхийг зохиодоггүй, үнэн бодит зүйл түүх болдог” гэсэн үгээ Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн Монгол улсын түүхэн хөгжилд, түүний дотор П.Дамдингийн гавъяат үйлсэд зориулан хэлжээ. Тийм ээ, П.Дамдингийн ажил үйлс, амжилт бүтээл бол Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн түүх билээ.

Ярьж буйг маань сонсож, бодож суугааг маань мэдэж байдаг сүнс, ухамсрын мөн чанар хүн бүрд үүрд хадгалагдаж байдаг хуультай.

Бурхан Буддагийн хуулиар юмсын мөн чанар хаанаас ч ирээгүй тул үүсэхгүй, хаашаа ч одохгүй учир устахгүй юм. Тэгэхээр юу болох вэ? Энерги хадгалагдах хуулиар орчлонгийн бүрэн энерги тэгтэй тэнцүү. Бурханы болон байгалийн шинжлэх ухааны хуулийн алинаар ч хүн, амьтан цөм үүсэл, устал үгүй мөнхийн үнэний хэлбэрүүд юм. Орчлонгоос хүн бүүхэл ялаа шумуул ч бүрмөсөн алга болоогүй гэсэн үг. Беллийн теоремоор квант механикийн хууль үйлчилж байхад орон зайн бус холбоо байдаг ба бөөм бүхэн өөр орчлонгийн бөөмүүдтэй ямар ч энерги зарцуулахгүйгээр агшин зуурын холбоо тогтоох замаар нэгдсэн том систем үүсгэдэг, атомын бүрдэл болох эгэл бөөмсийн нэгэнд гарсан  хувирал бүхэн нь орон зай, цаг хугацааг давж бусад бөөмст нөлөөлж байдаг хуультай. Ухамсар нь материаллаг ертөнцөд ч, орон зайд ч, цаг хугацаанд ч хязгаарлагдахгүй бөгөөд бүх юмсын мөнх мөн чанар юм.

Ийм болохоор таныг байхгүй мэт бодох нь эндүүрэл тул биднийгээ сонсон байгаа танд мэхийн ёсолъё.

Хийж бүтээсэн бүхэндээ нэгэнт мөнхөрсөн таныг хойч үедээ алдаршуулан үлдээх хүсэл тээсэн сайн үйлсийн эзэд - Монгол ардын намын удирдлага, бүх хүмүүст мэхийн ёсолъё.

Таны удирдаж ажилласан салбаруудын төлөөлөл, их түүхийн барин тавин гэрч болсон хүмүүс энэ танхимд эрхэм гавъяаг тань сэтгэл хөдлөн дурсахдаа цаасан дээр бүрэн буулгаж хүчрэхгүй ч бүтээн байгуулалтын тэдгээр дуулиант он жилүүдийг  таныхаа хамт сэтгэлдээ бүрэн буулгаж бахдан байцгаана.

Хамт ажилласан бидэндээ улс орон, ард түмнээ гэсэн эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, зохион байгуулах, цогцлоон бүтээх ажлын арга барил гээч их өвийг өвлүүлсэн агуу удирдагч, ажил, амьдралд бахдам дурдатгалтай, эгцэлж харах бүтэн нүүртэй, эргэж харах бүтэн мөртэй явахын үнэт хичээл заасан их багш хэмээн хүндэтгэж, энд хүрэлцэн ирсэн хийгээд ирж амжаагүй хүмүүсийн өмнөөс Танд мэхийн ёслоё.

Баярлалаа.

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Паавангийн Дамдин агсан 1967-1979 онд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа аж үйлдвэр, барилгын салбарыг удирдан ажилласан он жилүүдэд манай орны хөнгөн аж үйлдвэр эрчимтэй хөгжсөн билээ.

П.Дамдины санаачилга, тууштай үйл ажиллагааны ачаар японы техник, мэргэжилтний туслалцаа авч 1975 оноос 2-3 жилийн хугацаанд туршилтын үйлдвэрлэл явуулсны эцэст 1981 онд 1000 т ямааны ноолуур, 200 тонн тэмээний ноос боловсруулах ноосон эдлэлийн Говь комбинатыг байгуулсан нь манай орны аж үйлдвэрийн түүхэн үйл явдал болсон юм.

1967 онд 1,1 сая ширхэг шевро үйлдвэрлэх Улаанбаатарын Шевроны үйлдвэр,

1968 онд 500 мянган метр эсгий, 450 мянган хос гутал үйлдвэрлэх Эсгий, эсгий гутлын 2-р үйлдвэр,

1969-1970 онд тус бүр 2000 тонн ноос угаах Чойбалсан, Өлгий хотын Ноос угаах үйлдвэр,

1970 онд Арьс ширний үйлдвэрүүдийн засвар угсралтын үйлдвэр, 2,0 сая лонх үйлдвэрлэх Налайхын Шилний үйлдвэрийн өргөтгөл,

1971 онд Улаанбаатарын Хивсний үйлдвэр /1979 онд өргөтгөснөөр 480 мянган метр квадрат хивс үйлдвэрлэх болсон/,

1972 онд 1,5 сая ширхэг нэхий боловсруулж, дээл үйлдвэрлэх Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, 300,0 мян.ш бээлийний шеврет хийх Бээлийний шевретийн цех, 500,0 мян.ш хүүхдийн хувцас хийх Хүүхдийн хувцасны 2-р үйлдвэр, 1972 ба 1982 онд 3,0 – 5,2 сая ширхэг эдлэл хийх Шаазангийн үйлдвэрийн өргөтгөл,

1973 онд 400 т цавуу хийх Халиман цавууны үйлдвэр,

1973 ба 1990 онд 1,3 сая метр даавуу, цэмбэ, драп, хөнжил үйлдвэрлэх Ноосон нэхмэлийн үйлдвэрийн өргөтгөл,

1974 онд 2 сая ширхэг дотуур сүлжмэл хувцас үйлдвэрлэх Сүлжмэлийн 1-р үйлдвэр,

1975 онд Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв,

1977 онд 340 т хиймэл шир хийх үйлдвэр, 360,0 мян.ш үхрийн шир боловсруулах Хром-юфтийн үйлдвэр,

1978 онд Улаанбаатарт 6000 т ноос угаах угаах үйлдвэр,

1979 онд Ноосны үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, туршилтын төв, 180,0 мян.ш бод малын шир боловсруулах Улны ширний үйлдвэрийн шинэчлэл,

1980 онд 5 сая ширхэг бог малын арьс боловсруулах үйлдвэр,

1981-1984 онд 1.3 сая м2 хивс үйлдвэрлэх Эрдэнэтийн Хивсний үйлдвэрийн 1 ба 2-р ээлж,

1982 онд 3000 т ээрмэл хийх Ээрмэлийн үйлдвэр, 3,5 сая хос гутал хийх Гутлын үйлдвэр,

1983 онд 1 сая ширхэг гадуур сүлжмэл эдлэл хийх Ноосон сүлжмэлийн үйлдвэр, арьс ширний өөдсөөр 300,0 мян,ш цамц, 10,0 мян.ш жижиг эдлэл хийх үйлдвэр,

1986 онд 1 сая ширхэг үслэг эдлэл хийх үйлдвэр,

1987 онд 3300 м2 гар хивс, 3000 ш ороолт, алчуур хийх Ноосон жижиг эдлэлийн үйлдвэр, 300,0 мян.ш оёмол хувцас хийх Хатгалын оёдлын үйлдвэр,

1988 онд 480,0 мян. хувцас, 180,0 мян. ш жижиг эдлэл үйлдвэрлэх Савхин эдлэлийн оёдлын шинэ үйлдвэр, 440 т эсгий, 1000 т гутлын түрийний эсгий хийх Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр,

1989 онд 650,0 мян. м2 хивс үйлдвэрлэх Чойбалсан хотын Хивсний үйлдвэр, 1,2 сая м эсгий, 700,0 мян. хос гутал үйлдвэрлэх Улаанбаатарын Эсгий, эсгий гутлын шинэ үйлдвэр, 700,0 мян.ш нэхий боловсруулах Улаангомын үйлдвэр, 1 сая хос гутал хийх Эрдэнэтийн Эсгий гутлын үйлдвэр, 800,0 мян.м цэмбэ, хөнжил хийх Өлгийн цэмбэний үйлдвэр, тус бүр 65,0- 70,0 мян.ш ажлын хувцас хийх Зуун мод, Багануурын Ажлын хувцасны үйлдвэр,

1993 онд 750 т тэмээний ноос, 90 т сарлагийн хөөвөр боловсруулах Монгол-Америкийн хамтарсан үйлдвэрийг байгуулагдаж, бараг дундад зууны үеийн үйлдвэрлэл дэлхийн жишигт хүрч, зөөлөн савхи, нэхээсгүй даавуу, зулхай зэрэг  олон шинэ технологи нэвтэрч, 1960-1990 онд угаасан ноос, эсгий, эсгий гутлын үйлдвэрлэл 1,7-7,7 дахин, нэхмэл, сүлжмэл 4,1-31,0 дахин, шевро, савхин гутал, дээл, цамц 1,5-37,3 дахин нэмэгдэж, мал аж ахуйн түүхий эдийг үндсэнд нь дотооддоо бүрэн боловсруулж, хүн ардыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангаж чадсан байна.

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 жилийн өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.