ХӨХӨӨ ИЖИЙН ЗАР

Ачит эмэг эх Ц.Аюушжав Тандаа зориулах хүүгийн нь өчүүхэн хайрын өргөл энэ болъюу

Түргэн тусламжийн дохио

Түгшүүрийн улаа нэхэн довтолгоно

Төрөх үхэхийн дуудлага

Төрийн сонор яаран дэлдэнэ

Орон гүрнээрээ тосож авдаг

Нялхасын хувь дээдийн хязгааргүй

Олон түмнээрээ түшиж бөөцийлдэг

Өтгөсийн буян өглөгийн хязгааргүй

Амь бүхнийг аргадан хаацайлж

Анагаах ухаан өнөө ч завгүй

Амьсгал бүрийг ачлан хамгаалж

Ариун үйлстэн нойрсох завгүй

Үхэх төрөхийн алинд ч эмчийн нэхэлтэй

Үйзэн хорвоод хүний тус үнэтэй

Хөтөлгөө морьтой "түргэн тусламж"

Хөндийн хөрсийг язлан довтолгож

Хүний эрэлд жалга дамнан

Хөлчүү юм шиг агсчуулж айсуй

Тэртээ хярд дэлдэх чимээнээр

Дээлийн ханцуй углан өндийж

Энгэртээ тугдайх үрээ хучаад

Эмэг эх нөмгөн цомцойно

Онгон зүүдтэй нойроо хасаж

Олны чимээнд хоосон барж

Манай гадуур тойрч одтол

Манасан нойроо түмэндээ өргөнө

Шөнөөр довтлох хурдан морьтон

Согтуу л биш бол яаруу элч

Өвчтөн хуучтанд доовтрын зар

Үр төрөхөд эмээгийн зар

Хавь ойрын төрөх эхийн

Хайр бишрэл цог шиг ноцож

Хаа холоос уулс дамнан

Харуулдсан нүд өвөрт нь хононо

Яагаад ч юм миний зөн

Явахад нь дагадгүй ганц совин

Хөтөлгөө морьтон дотны танил

Хөхөө ээжийн яаруу алба

Аль нэгтээ айлын эгч

Араг түшин хөлсөндөө нэвчиж

Төрөх үхэхийн тэмцэл дунд

Төөрөг заяагаа таамнан байгаа

Ил галын дөл цоргилон

Эн тэндгүй хүүхэд тарайн нойрсож

Эцэг нь мод толгойгоо улайстал сорж

Эр хонины нэхий барилж суугаа...

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хойд Тэрхийн уулс

Цуурай хадаан доргино

Хөтөлгөө морьтон өгсөхөд

Хулжааж алдсан нойроо

Хол ойрын бүсгүйчүүл

Хумьж ядан хөрвөнө

Аюушжав гуаи ашгүй

Гэртээ байж таарчээ гэж

Айл саахалтын бүсгүйчүүл

Амсхийх шиг болно

Хөөрхий муу тэр

Түргэхэн хөнгөрөөсэй гэж

Хүн бүр сэтгэлдээ

Тус бодож хоцорно

Хоёр есийн жаварт

Хацраас оч бутрам

Холын одны баримжаа

Уулс дамнан цайвалзана

Хос морьтон яаруу

Үгний солиогүй адгаж

Холын одны жаврыг

Туурайн галтай эвхэж

Хором зайны хожоотой

Бүүрэг дээр асна

Дуншуулж суугаа эхийн дэргэд

Дуугаа хураан цай богшоож

Элч морьтны чимээ горилон

Энэ айл аврал нэхнэ

Алсын одоор баримжаа аван

Аргаа баран дороо займчиж

Хүүгийн эцэг явган бохирч

Хөрзөн аргал галд үйнэ

Эхийн тэвчээр хад чулуу

Ээлээ өгсөн хат товруу

Ёо гэхийг цээртэйд бодсон

Ёс төртэй монгол гэргий

Тугалын зэлнээс саяхан салсан

Дуншиж байхдаа ч саалиа манасан

Үрээ гэж өвчнөө нуусан

Өвчин бүүхэл үхлээ нуусан

Орчлонгийн час халуун хайр

Оочиндоо гал зуусан бүсгүй

Хоймроор зулсан үрсээ сэрээчихгүй гэж

Хоолойдоо шаналангаа залгин тэвчинэ

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хол ойрын уулс

Цуурай хадаан доргино

Хотны ноход боргон

Айл саахалт хөлсөж

Хонгор эхийн зовиур

Хөнгөрөх шиг болно...

Хөхөө ижийн минь

Хөдөөдөө ижилссэн

Хөрслөг сэтгэл

Хүнийг гэсэн илч асаана

Хүж шиг уугиж

Хөрзөн шиг буугиж

Хайр ивээл түгээн

Хойд Тэрхдээ ноцно

Хөхөө ижийн минь

Хөдөөдөө хөрвөжсөн

Хүрэн зүрх

Хүнийхтэй хамт цохилно

Хүн мал ч гэхгүй

Хүний өөрийн гэж ялгалгүй

Амьд бүхний төлөө адил хэмээр

Ар Тэрхдээ булгилна

Ойр хавийн үрсийн

Өрлөг нэгэн эх болж

Очир Хайрханаа тойрон

Хичнээн чиг төрөв дөө

Орой магнаг шөнийн

Одон дунд жийгүүлж

Олноо гэсэн сэтгэлдээ

Хичнээн чиг жаргав даа

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хойд Тэрхийн уулс

Цуурай хадаан доргино

Эрчээ огшоон эргэх

Морьтон хоёрын чимээнээр

Эх үр амарчээ гэж

Эгч нар зэрэг уужирна

 

1988.1.26 Берлин-Шарнхорст

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли