ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР

ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР

(Бидэн хоёр)

                            Эрдэнэ засгийн шуранхай

                                      саранд хадан цуурайлж

                            Энэ дэлхийг барьцаалан

                                      би чамд дурлачихсан байсан

                            Эр борын түрлэг

                                      дөрвөн далай цухалдуулж

                            Инжиндээ нар амлан

                                      чи надад дурлачихсан байсан

                                        (Эрдэнэ засгийн шуранхай, 2000)     

Бидэн хоёрын бүтээсэн “Эрдэнэ засгийн шуранхай" шүлгийн мөрүүд энд цуурайтаж байна. Ингэж цуурай хадуулах гэж амьдарцгаасан юмсан. Ханиа дагуулж явахдаа түүнийг минь харсан хүмүүн бүүхэл хангай дэлхий, газар лус  ч баярлана даа гэж их л хөхүүн бодож бахархдагсан. Тэр минь миний нутгийн уул усыг мөн ч олон баярлуулсан юмсан. Хүн төрөлтний түүхийн турш биесээ хайж ядаж байж арай нэг учирсан юм шүү дээ гэсэн бодлоо би ямагт зөвтгөж санадаг. Энэ ерөөлт тавилангаа олон шүлэгт дуудан хайлсан бөгөөд энэ холын санаа бол басхүү бидэн хоёрын нээсэн учир тавилангийн нууц төдийгүй яруу найргийн маань шинэ өгүүлэмж юм.

            Хүн үүссэн цагаас биесээ хайсан эрэлд

            Хэдэн галвыг мөхөөж ханьтайгаа учрахуй

            Хэлтгий тогтсон сарны зовлон сая л дуусч

            Хээр хонож бэтгэрсэн шаналан нэг амарсийм

                                    (Хадам Эх, 1996)

Бидний учрал наанадаж сарны зовлонг нимгэлсэн гэвэл энэ нь ойр зуурын сонирхол, бие биедээ ээнэгшин дасах ч юмуу чамгүй бол үхлээ, хатлаа гэсэн сэтгэлийн илэрлээс хавьгүй холын утга агуулах бөгөөд үүний гүн ухаан нь дараачийн шүлэг болой.

          Эмээлийн бүүрэг зуурч унаж үхчихгүй гэж

          Элж ширгэсэн горхи тойрч живж үхчихгүй гэж

          Эдгэрч аньсан үлий тойрч цөмөрч үхчихгүй гэж

          Эгшиг минь чамдаа гийгүүлэгч байх л гэж

                        (Эгшиг гийгүүлэгч, 1996)

энэ олон зууныг аргадаж, ань гэж явж биесээ олно гэдэг дэндүү ховорхон аз завшаан, дэндүү сайхан ерөөл гээч биз ээ. Бидэн хоёрыг чадан ядан байж учруулсан бүх сүнсэнд, хувь тавиланд би тэнгэрийг дуудан байж хоёр биеийнхээ өмнөс талархъя. Тэгээд энэхүү учралын эцэст намайгаа дэндүү жаргалтай явуулсан ханьдаа  бас талархъя.

                        Найрын эрмэг шуранхайнаас

                                                найман шаргатай алдуурч

                        Намрын цэнхэр салхитай

                                                дэгдэж ирсэн хайр аа

                        Нар сар хурайлж

                                                дэлхийг хөлд оруулахад

                        Намайг л гэж бүрэлдсэн

                                                хувь заяаны төөрөг өө чи

                                                (Дүүриймаа, 1998)

Яруу найраг гэж байгаагүйсэн бол  чамайгаа би юугаар баярлуулж, юугаар чамайгаа аргадаж тайтгаруулах байсан юм бэ.

                        Мэргэдийн судар шившиж

                                                ардын дуу шивнэхэд

                        Мөрийтэй тоглоом шиг амьдралаас

                                                амжиж шүүрсэн Аз минь

                        Мэнгэний чинь өнгө

                                               Долоон Бурханд тодроход

                        Миний чацуут Од

                                              уулга алдан дайвалзсаан

                                                             (Хайрын ханасан уусмал, 1995)

Таван настайд минь миний хань мэндлэхэд Долоон бурханд харгалзсан оноолт  од нь минийхтэй  ханьсан хөөрч, бид хоёрын заяа тавилан тэнд нэгэнт шийдэгдсэн юмсанж. Сүнснийхээ ерөөлөөр чамайгаа гэж хүний хорвоод ирэхэд минь намайг угаах ус -Тэрхийн хаан гол боргиондоо хахан баярлаж, ханийн минь гол -Тэсийн хатан ус эргэндээ бялхан баясаж,  Хан Бүргэдэйн минь дуулганд нар сар дальдрахад   Хархираа, Түргэний их уулс навтасхийн цуурайлж, ийм их дуулиантай биесээ олж хорвоод ирсэн гэсэн санааг магадгүй монгол яруу найрагт бид хоёр авчирсан ч байж мэднэ. Хүүгээ төрснийг зөнгөөрөө мэдэрсэн хадам аав "дөрөө чангалж", хүүгийн нь төрснийг  дуулгаж хавь ойрын шаазгай гадна нь цуглаж шулганахад хадам эх уулга алдсан гэх учир шалтгааны монгол гүн ухааныг Хадам Эх шүлгэнд дэлгэхдээ ухаарлын шинэ аяс уруу яруу найргийг хөтөлсөн ч байж магад. Энэ мэт монгол ахуйгаа даамай дөвийлгэж яруу найрагт хүчтэй барилдуулсан гэмээр уран бүтээлийн олзыг  бидэн хоёрт  амьдрал аяндаа хайрласан юм.

                        Балчир тоглоомоо өрж айлын охинтой наадахуй

                        Баруун чих хангинасийм, чи төрсөн байж

                        Бага цэнхрийг эмнэгт нь овоодож дараад сөхрүүлэхэд

                        Баруун зовхи татсийм, чи торнисон байж

                                                (Уяхан замба тивийн нар, 1996)

 Үүний л ачаар ханийн тухай хэн хэн маань  лавхан ухаарсан ч байж болох л доо. Ийн зуун зуунаар хайсан эрлийн олз нь бидэн хоёр биеэрээ байлаа.

                        Хоёр биеийнхээ эрэлд хорвоогийн бөөрөнд уулзаагүй бол

                        Хойноос дагасан нар сульдаж унах байсан

                        Холын хол эрлээс шантарч өөрийг таалсан бол

                        Хоймсож зүүгдсэн сар гомдож гундаж байсаан

                                                (Хань, 1993)

Уран гулгалтын хос үзүүлбэр шиг ихэмсэг, тансаг, яруу төгөлдөр, уянгалиг амьдрал бидэн хоёрынх байсийм аа. Яруу найргийн тэнгэр дор жигүүртэй юм шиг л явж.

                        Зуун гол бэлчирлэж загас ижилсэх холоос

                        Зуны нар саатуулж гэрлийн сиймхийгээр шивнэлцэж

                        Зуун нуруу бэдэрлэж саахалт буух алсаас

                        Зулхай цагаан үүлний хормойгоор шагайлцаж

                                                (Уяхан замба тивийн нар, 1996)

байж учирсан сэтгэлийн өнгө монгол яруу найрагт ингэж  буусийм. Энэ бол хоёр биеэ олж учрах гээч маш бага магадлалтай, ихээхэн адармаатай үйл тавиланг Монгол эх орныхоо асар уужим алслалаар тодотгон харуулж буй хэрэг.

                        Азарга азарга адуу дэлээрээ тэнгэр хурайлах мэт

                        Алдрай хайрын жаргалан зэрэглээ шиг цамнасан

                        Арван засгийн унага тоосоороо зэрэг тоглох шиг

                        Аз жаргал өөд хоёул шуурга мэт тэлүүлсээн

                                                (Уяхан замба тивийн нар, 1996)

Хоёр биеэ гэсэн сэтгэлийн өнгийг би бээр монголын долоон сая адуу нэг зэрэг дэлээрээ тэнгэр хурайлахтай ч юмуу өчнөөн сая унага тоосоороо зэрэг тоглохтой зүгээр нэг санамсаргүй зүйрлээгүй билээ. Энэ агуу зураг хүн төрөлхтөнд тайлбаргүйгээр ойлгогдох биз ээ. Үүнийг л бид хоёр монгол сэтгэл, бас монгол яруу найраг гэж ухаарсан хэрэг.            

Бид хоёрын хамтдаа туурвисан амьдралын их хөлгөн судар аз болоход дэндүү сайхан өнгө будаг, хөг айзмаар бүтсэн бөгөөд миний хань яруу найргийн тэнгирлиг дүрд хувилж мөнхөрсийм.

                          Амьдрал  гээч атгахан үрлийг  хувааж хүртэхэд

                          Амраг минь  надад Гоолингоог аялсийм

                          Азнаарай миний хань дуугаа бүү дуусга аа                      

                          Аргалын утаа шиг цэнхэр уянга гогцоорч л байг ээ                                              

                          Амьдрал нэртэй Их Хөлгөн задлах хэрэг байна уу даа

                          Ахиад нэгийг хоёул шинээр зохиое

                          Бүх хэлээр уянгалсан найраг юм гэе

                          Бүх өнгөөр таталсан зураг юм гэе

                          Бүх хөгөөр эгшиглэсэн хөгжим юм гэе

                          Бөмбөрцгийг улайстал дүрэлзэх хайр юм гэе

                          Бүгээнтэй адуу, нурманд нь манасан гал юм гэе

                          Бүрхээрт цамнах нэрмэл, тогорууны доголон  нулимс юм гэе

                                                            (Цус сэлбэх шүлэг, 1998)

Амьдралыг аргадаж, Их Хөлгөний зиндаанд шинээр бүтээж, энэ шүлгэнд өгүүлсэн шиг монгол сэтгэл минь бохирдвол шүлгээр минь сэлбээрэй гэхдээ  сэтгэлийн ариухан дуудлага бүтээж, үүлс уулс талцуулан найргийн хурим хийж, үүр өглөөг булаалданхан тоглож  байв л. Бид хоёрын тоглоом хүртэл аахар шаахар зүйл байгаагүйг монгол яруу найраг мэдтүгэй гэсэн санааг энэ мөрүүд эрхбиш агуулж буй.

                        Үсэргээ морьдын тоостой солонго хөлөглөн бууж

                        Үдшийн од дайвтал бүжиж цас уналж байхад

                        Үүлс уулс талцуулан найргийн хурим хийж

                        Үүр өглөөг булаалдан тоглож байхад

                                                            (Дурлалын вальс, 1999)

                        Инээхэд чиний шүд энэ нарны цаанаас

                                                   яралзаж харагдан

                        Инээхэд чиний дуу энэ тэнгэрийн гүнээс

                                                   цуурайлж сонсдоно

                                                            (Тэр жилийн наадам, 1998)

гэж амьдрал маань уран бүтээлийн бүх хэлээр ярьж, үүнийг л бид аз жаргал гэж битүүхэн биширч байлаа.        

                        Айзам бүрд нь намар хоргодсон  салхины үзүүрээс

                        Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидэлнэ

                        Ахиулж чи анхны цасан ширхэг шүүрч шидэлнэ

                        Чи цаст хорвоод нүдэлсэн цагаахан хун

                        Зүрхэн дээр минь бууж дөрвөн бэрх наадна

                        Дэвсээд өгсөн сэтгэлийг хайргүй үнгэн эрхэлж

                        Дээр нь шоо орхиж төөрөг буулгана

                                                            (Намрын цэнхэр зэрэглээ, 1986)

Биесээ олсон баяр зөвхөн бидэн хоёрынх байгаагүй юм.

                        Эрэвгэр алаг нүд тогоотой сүүнд тусаж

                        Ижий минь надаас урьтаж уулга алдахад

                                                            (Намуунаа, 1986)               

                         Хайртай дөрвөн буурал минь

                                                шүлсэндээ цацаж

                        Ханарч зэллэх шувууд өндөртөө тогтнож

                                                дурлачихсан байсан

                                             (Эрдэнэ засгийн шуранхай, 2000)

                        Чи надад бэлгэнд ирсэн цэгээн дууны хорвоо байсан

                        Би чиний баланд ханасан бичил байгалийн хаан байсан

                                                            (мөн шүлэг)

Бидэн хоёр бие биедээ ийм том бэлэг, бас шагнал байсан болохоор бэлгэнд наанадаж :

                        Бага шаргаа зүслэн

                                                чам уруу сэтгэлийн аадар илгээж

                        Баруун уулаа чамдаа

                                                бэлэглэхсэн гэх дэврүү

                                                            (Адуу янцгаах цаг, 2000) явсансан.

Энэ дэлхийг барьцаанд авчхаад би чамд ухаангүй дурлачихсан,  хэрвээ үгүй гэвэл нь сөнөөхөд ч бэлэн байтал аз болж тэр минь инжиндээ нар амлаад надад бас дурлачихсан байсийм гэж  үүний өмнөх шүлгэнд бий. Сэтгэлийн хязгааргүй орчлонг монгол яруу найрагт нээхэд хань минь надад тусалсны ачаар уртын дуугаараа сэтгэлийг туйлд нь хүртэл дэврээн цэнэглэсэн байх агаад Эрдэнэ засгийн унага энд шуранхайлахад цуурай нь саранд хадаж,  Эр борын түрлэгэнд дөрвөн далай цухалдаж  (“Эрдэнэ засгийн шуранхай”, 2000), ерөөс монголчуудын бүтээсэн бүхэн ямархан их хүчтэй байх ахул бид хоёрын сэтгэл мөн тийм л байж, бидний ачаар энэ дэлхий бүхэлдээ хайранд буцалж байхад Дүүриймаа гээч нэрэндээ яв цав нийцсэн хүний бүсгүй үр бээр надад

                        Хархираа, Түргэний нуруунаас тасарч ирсэн уулсан

                        Хархираа, Түргэний голоос цалгиж ирсэн уссан

                                                            (Дүүриймаа, 1998)

                        Хормойдоо өлгийдсэн тогоруун сүүдэр чи

                        Хорьхон насандаа би ямар ч их олз олоо вэ

                        Хотондоо хотлуулсан цагаахан хун чи

                        Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ

                                                            (Дүүриймаа, 1988)

гэж уулгалахгүй байж би яахин чадах билээ. Тиймдээ ч

                        Туяат амьдралын чинь өөхөн дэнлүү би

                        Чамгүй бол цагаан голтой чандруу

                        Тос нэмлээ ч хоймроос хол гэрэлтэхгүй

                        Тортогтой гуулин цөгцний тал нь сүүдэртэй дэнлүү

                                                            (мөн шүлэг)

гэж  амьдралаа хямгадан аргадаж, эс бөгөөс  хүний орчлонгоос явахдаа л чамайгаа хэнд захъя даа (Хань, 1993) гэж  эмзэглэн шүлэглэсний аль нь ч ханиа гэсэн хамгийн халуун мэдрэхүйгээр бүтсэн билээ.

                        Газартай харгалдаж би

                        Гал гаргаж

                        Одтой шүргэлцэн

                        Оч үсэргэж явсан

(Харцанд чинь жиргэх шувуухай, 1993) залуу нас

                        Амьдралын ханасан уусмал гэж хаа байна

                        Амтлах гэж ууж согтох гэж би төрсөөн

                                              (Намрын цэнхэр зэрэглээ, 1983)

гэж бардамхан явахнаа нь нэг мэдэхэд:

                        Цаг цагийн салхитай хамт гиншин

                        Чамаасаа хойш сэтгэлээ даалгүй налмайж

                        Цаг цагийн шувуутай хамт гунганан

                        Цал бууралтсан сүүдрээ хань татна чинээ саналгүй

                        Жил жилийн цэцэгтэй цуг алаглан

                        Чинийхээ хамт дэлхийг чимж амьдрав

                        Цэн цэнгийн дусал хуртай хамт бударч

                        Цийлэн цэнхэр тэнгэрийг цуурайлтал инээж амьдрав

                                    (Бидэн хоёр, 1997)

                        Сэтгэлээс чинь савсах уур зун байсийм

                        Шимэлж охилж нэрсэн нуур байсийм

                        Мөнхийн зунтай нууранд жаргалдаа согтсон

                        Мөрөөдлийн хан хүү би үлгэр байсийм

                                                            (Төөргийн хүрд, 1999)

Амьдрал бол бүх өнгөөр зурсан зураг, бүх хөгөөр дуугарсан хөгжим юм.

Бид хоёр сэтгэлийн дээд хөгийг хөглөж дээд өнгийг дуугаргасан болохоор нэгэнт дуугарсан тэр дээд өнгө биднийг үгүйд ч дуугарч л байх ёстой.

Амьдралын ийм гэгээт бадрангуй өнгөтэй нэгэн зуурт тас хар өнгө  холилдохыг үзүүт дуу алдахуй  бидний хөллөгөөнд дүүхэлзэж  давхисан гурвалсан агсал морьд, инээдээр дүүрсэн цэнхэр тэнгэр, бидний жаргалыг арай ядан дааж байсан хөрст орчлон цөм  нүүр буруулахад сая Амьдрал гээч Их Хөлгөний сүүлчийн цэг хатах авай.

                           Сольж хөдрөх хувцас шиг энэ амьдралыг

                           Солгой хоолойн өнгөөр засаж би барсангүй

                           Шатааж самууруулж агсамнуулж, тэгэж тэгэж

                           Шартуулж үхлүүт болгох сархад шиг амьдрал

                           Үйлийн үрээр тарьсан гэдэг нь үнэн

                           Үзүүр торгон зүүн дээр инээж сууснаа мэдсэнгүй

                           Шалбархайн тоогоор хөндүүрлэж

                           Сэтгэлээс шүүрэх цус өвөл байлаа

                           Сар хүрээлж, дагжин чичирч

                           Санаанаас олгойдох сүүрс мөс байлаа

                                    (Сэтгэлээс шүүрэх цус, 2000)

                          Яртсанаас долоон дор сэтгэлийн халцархай

                          Яанам бэ энэ шорвог заяаг, яанам

                                    (Чөтгөр амсхийх цаг, 2000)

гэж хашгирахуй өмнөөс цуурай л давтахад амьдралын амт шорвог мэдрэгдэнэ.

2001.12.15, Улаанбаатар хот


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли