ЭР ЦЭРГИИН ДУУЛЬ

Герман, Япон хоёр

                   тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч

                   дэлхий, зүрх шархадсийм

Мал адгуус, хот балгас

                   устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун

                   өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

                   тэр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг

                   хүүгээр нь нэрийдсийм

Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй

                   тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас

                   авлагатай хоцорсийм

            *   *   *

 

Гал атгаж цэрэг төрдөггүй

Ган ширээж цэрэг болдоггүй

Эх оронтой хүн бүхэн

Элгэн хайраараа цэрэг болдгийм

Аз жаргалдаа хайртай бүхэн

Аваа өгөөнд цэцэн болж

Заавал дийлэхийг өөртөө даатгаад

Замгаа шүүрэн босдог юм

Гэнэгүй байсан зүүд цочроон

Гэмгүй явсан зүрх эмзэглээн

Түгшүүрийн дохио дорно зүгээс

Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд

Дуулга цагаан Алтай

Уулга алдан сүүрсч

Дуулим дорно тал минь

Ууцаа нугалам хотойсийм

Өстний сургаар унаагаа юүлээд

Өрхийн тэргүүн цэрэг болсийм

Явуулын хүн шиг уяа хоослоод

Яаруу гээч нь мордоод явчийм

Ган сэлмийн ир хялайвч

Чин сэтгэл дуулга болж

Гацсан замаг цэнэгээ баравч

Эр зориг цайз болж

Эх орны эр цэрэг

Их анд орос нөхөр

Газрын дөлийг атгаж унтраан

Гавъяа нэхэлгүй эрсдээ билээ

Булгих зүрхэнд эх орон

Буцлах цусанд эв олон

Алтан амиа бөхлөх юмтай

Аадрын үер шиг шаагисан эрс

Бууны сумаар мөндөр буусан

Бузар хэргийн зарга шүүж

Дайны талбарт эзний ёсоор

Дархан цолтой үлдсэн билээ

Хангал морьд дайнд омгорч

Хар үйлтэнд хамт өширч

Харайлт бүрдээ нутаг усаа

Харь хэлтнээс булааж байсийм

Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож

Эр цэрэг хүлэггүйдэн явгарч

Эх орны алхам газрын төлөө

Эрчилсэн цусаа тогтоох завгүй

Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө

Эмээлийн бүүрэг даван унаж байхад

Ингэн сүү шиг мэлмий тал минь

Элгэн дээрээ зовлонг тэвчиж

Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь

Итгэлтэйеэ манаж байсийм

Дайныг үүрч, дайныг туулсан

Тал, эр, морь гурав

Нэгэн хүйгээр амин холбоотой

Нутаг усандаа ээлээ өгч

Нэхэл хатуу тулаан дундаас

Нэрийг нь авч гарсийм

Үхэл сэхэл хоёрт

Гомдол баяр үгүй

Үүрэг хүлээсэн цэрэг

Энэ гурав байсийм

Цусаа юүлсэн амиар

Цулбуур алдарсан мориор

Цурам ч аниагүй талаар

Ялалт ирсийм

Ялалтын сүрээ туганд мандуулж

Ялсан урмаа дуунд шингээж

Явсан эрс буцаж ирсийм

Хонгио тэгэхэд дариа хоосолж

Хорвоо эмзэглэн амиа хоосолж

Аз жаргалын үнэ цэн

Асгарсан цусны төлбөр байсийм

Дарийн хороор хонгио зэвэрч

Дайны гамшгаар дэлхий гасалж

Амь эрсдэн, газар шархадсан ч

Аз жаргал буцаж ирсийм

           *    *    *

Герман, Япон хоёр

                   тэр жил галзуурахад

Газар, элэг цөмөрч

                   дэлхий, зүрх шархадсийм

Мал адгуус, хот балгас

                   устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун

                   өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар

                   тэр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг

                   хүүгээр нь нэрийдсийм

Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй

                   тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас

                   авлагатай хоцорсийм

1975 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(17 цагийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(3 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

Хуанли