ДЭЭДЭС МИНЬ

Оройн бүүдгэр тэнгэрээс

Од таслан

Одноос нь оч таслан

Шүлэг туурвинам

Үнэн худлын хооронд

Гүүр тавилцаж

Үхэл мөнхрөлийн хооронд

Махран зуучилнам

Би хүч тэнхээт хүн хойно

Хөлгүй далайд нүдгүй живж

Хөвсөн зоргодос шиг

Хөөрхий болбол

Хөдөө хөхөрч наранд гандсан

Хөх хомоол шиг

Хөсөр хаягдвал

Элгэндээ гараа хумьж

Элээний далавч шиг

Салмаран унана

Мөхөл гэж энэ

Мөхсөнөөс үхсэн нь дээр!

Хийдгээ хийчхээд

Тэтгэврээ хормойлж

Хэдийгээ тоолон тааваараа жаргаж

Засгийн өмнө гэдгэр яваа

Цал буурлууд бидний дууриал

Цамбагарав шиг буурал тэргүүнд нь

Цав суусан бол сумны шарх

Будант нүд нь таниагаа бараад

Будилж дуугарвал насны нь шарх

Хор шарыг буцалгаж нэрсэн

Хорз шиг атаанд сэтгэл булингаргүй

Харзны ус шиг тунарч мэлтрэх

Ханагар оюунд нь үүлэн сүүдэргүй

Мэс атгаж ирсэн хүн

Мэнд амар асууна гэх биш

Мэдсээр байж тийм нэгнийг

Мэхийж ёслоод угтана гэх биш

Өстөн ирэхэд халз үзэлцэж

Өвдөг доороо үгий нь асуусан

Үхлийн сумнаас нөхрөө хаацайлж

Өргөн цээжээ бай шиг зоосон

Миний буурлууд эхээс төрөхдөө

Мэдрэлийн ядаргаагүй, талдаа унасан

Хонины бэлчээрт чулуу хавируулж

Хорвоотой тэд мэнд мэдсэн

Эрэлхэг хирнээ эх захтай

Эмгэндээ л шалигүй тунирхуу зантай

Эрийн хугархай, түүхийн тасархай

Эртний уулсын загвар шиг өвгөд минь!

Ээтэн гуталд нь холгуулж суувал

Элэнцгийн нь эр хүн байхав

Эсгий цаваг даалгүй сөхөрвөл

Эцгийн шийрийг яаж хатаахав

Гунан шаранд тонгороо хийдэг

Гудиггүй занг нь үгүйдээ гэхнээ

Гутлын ул хазгай элээдгүй

Гундуухан алхааг нь дууриалгүй яахав

Хөхүүр айраг ёроолд нь суулгаад

Хөл солбилгүй явчхаа байг

Гожин лонх арвуул султгаад

Гоомой дуугаралгүй харьчхалгүй яахав

Дээдэс минь, алтан ураг минь

Дэлхийн багана тулж явсан

Дээрх нар, дэргэдэх гал шиг

Дээлэндээ ноцож явсан

Дэлтэй агсал чихдэж мордоод

Тив тойрч ухаан суусан

Морин дээр дээлтэйгээ гандаж

Монгол үндсээ газартай гагнасан!


1988 Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ
Арслан заанууд яагаад 15 минутад амандаа өвстэй үхсэн бэ? Туйлын шилжилт удахгүй болно.
(22 цагийн өмнө)
ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ
2026 он бол аюул нөмрөхөөс өрсөж хувь тавилангаа өөрчлөх сүүлчийн боломж.
(1 өдрийн өмнө)
НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ
Нарны соронзон орон нурж, плазм гадагшилж буй нь мэргэжилтнүүдийг цочирдуулж байна.
(5 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ

Хуанли