Нарнаас юугаа ч нуугаагүй чармаа нүцгэн нас
Намайг хүн болж ядаж явсаныг тэнгэр мэднэ
Найрагчийн өвчнөөр өвдөж үг төрүүлэх гэж үүлгэртэн дуншиж
Насныхаа талаас эмтэлж явсаныг хань минь мэднэ
Үхэж, сэхэж, үхэр бууны суманд сийчүүлж байхад
Өнчин янзага шиг хажууд чи л байсан
Өвөлжөөний хад ганхуулж гэрийн бууц өндөлзүүлэн
Үг төрөхөд эх барьж чи авсан
Шүлэг хамт эрхлүүлж сүүтэй цай хувааж суухад
Зүүд өврөөс сугарч зэрэглээтэй томолдон
Зөн совин тоосорч зүрх зүрхтэй хөөцөлдөн
Зүсэр борооны дусал алган дээр нааддаг
Нарны бодрол, сарны зүүд чиний санаа алдалт шиг
Намар оройн бороо цэцэгний хатсан навч шиг
Найргийн эхэн төгсгөл солир мэт жин дарна
Намайг тэнгэрийн буюу дэлхийн болохыг хэн ч үл таана
Эс хөнөөж шүлэг төрөхөд сэнсэрсэн бие жингүйднэ
Эгэл бүхэнд хувилж дуусаад нялхарсан сэрэл тайтгарна
Шүлэг чамд сүнс, хувь таслан өгч өрх тусгаарлахуй
Шүүдрийн дуслаар булхаж сэрээд диваажингаас буцаж ирэх мэт ээ
Солонго хөөсөн гэнэн нас аргалын чийгтэй эвэрч
Согтуу мэт эсэргэн залуу нас цойлж одохоос өрсөж
Солир тэнгэрээс нулимах зуурт зугтах эгшинд амжиж
Сарны даялга туйвуулан шүлгэн бороо асгарна
Найргийн үерт хайр самардаж залуус согтуу
Нар гуйвж, сар дайвж дэлхий согтуу
Шүлгэн бороо залгилсан бүхэн шал согтуу
Сүг хадны зураг цуурайгаа давтаж агсамдуу
Шувуудын ганганаа тэнгэр цалгиахуйд буусан хур шиг
Бугын урамдаа газрыг мялаахад өндийсэн цэцэгс мэт шүлгэн бороо шаагина
Сэтгэлдээ түймэр тавьж үгийн ган ширээн хорыг ариулахуй дор
Ширэн богц хөлөргөж найргийн ганзгалаа солир мэт жин дарна
1994.7.17