ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ

ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ

Арван наймтай эх араг тэврэн дуншиж

Адсага, шар өтөг амийг нь сахина

Сэтэрт халзан эргэ хотондоо яраглан

Шинэ оны битүүн сараа нууж дуншина

Эрлэг хатавчинд цомцойж хоёр амь анана

Эхийн ёолох бүрийг амтархан залгилах гэж

Эвэрсэн амаа эцсийн овоор шүлсдэнэ

Эцгийн улайссан мод толгойноос чийрхэнэ

Сэрвэнгийн эхний өвөлжөө эхийн дор эвхэрч

Тэмээн чулууны цохио орвонгоороо ганхана

Үйртэл зуусан шүд чихран үхлийг тас хазахад

Үрийн зулайд хөлс чийхарч өвөлжөө амсхийлээ

Эрмэг хээр азарга чонотой ноцолдож хонов

Эмээлийн бүүрэг шон дээрээ өндөлзөж хонов

Эр хар сур ханын толгойд тийчилж хонов

Эргийн нэхий гурван бүс шаналж хонов

Гурван их нуруу хотолзож хонов

Гучин гурван говь давалгаалж хонов

Гурван мөнгөн мичид ороолж хонов

Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо

Өмөрч зулгарсан эх дорхноо сэвхийж

Үрийн цолгин дуунд нулимсаа инээж юүлэв

Одноос одонд халих эх үрийн дуу

Орчлонгийн хазгай тэнхлэгийг тэгшилж тогтов

Найман шаргын хатираа эх талыг дундалж

Нарны шинэхэн гялбаа их уулсыг өгсөж сонсов

Настан буурлын сүнс диваажин руу хөтөлж

Найрын зар бэр буулгахаар довтолгож сонсов

Халгин цалгих баяр сэтгэлийн сүүнд үерлэж

Хавар хаврын цэцэг найган найган дуулав

Насны хоёр амь элгэн хайранд бүрэлдэж

Намар намрын шувуу зэллэн зэллэн дуулав

1996.8.28, Улаанбаатар

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(12 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(16 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(16 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли