ГААТАЙ ЧИХЭР

ГААТАЙ ЧИХЭР

(Найраглал)

1. Нийслэлийи шөнө

Нэргүй эрхсээ цувуулж залсаар
Нийслэл хот дүүрэгтээ налайна
Тоймгүй их хөл хөлсөөөн
Тоогоо хумьсаар хот амирлана
Сувд хэлхсэн шөнийн тэнгэр
Суудал засан нойрмог анивчна
Сунаж тэлсэн бараан уулс
Сугаа хавчин дороо зүүрмэглэнэ
Өтгөн мөчирт сүрээ нуусан
Үдшийн цэцэрлэг зочдоо үдээд
Хар даран зүүрмэглэв гэлтэй
Хайлаасны навчис салхинд сэрчигнэнэ
Ухаа  хонгорыг тэнгэрт  дүүлгэсэн
Төв талбай цэлийж байнам
Урдаас тэмүүлэн хийморь сэргээх
Төрийн далбаа намиран байнам
2. Гаатай  чихэр
Үзвэрт тэр жил чамтай таараад
Үнэн их баярлаж билээ
Гаатай чихэр өгснийг чинь
Ганц ч хазалгүй хадгалж билээ
Хүлхэж халдгүй боодол чихэрт
Хүж сэтгэл шингээд тэрүү
Аль эсвэл миний хайр
Арга мухардаад шингээ юмуу
Он жил надад чамайг
Орлож байгаа гаатай чихрээс
Одоо би чинийхээ үнэрийг
Оддын доор хүртэж суунам
Салхи тогтуунд чамтай зөрсөн
Санаанд тод тэр өдөр
Үнэрээ үлдээсэн цэнхэр даалимба
Өөрийн чннь шинэхэн тэрлэг
Мартагдахгүй одоо хэр нь
Магнай самсаа тэлж байнам
Хайр туурвисан он жилийн
Хамгийн нандин дурсамж байнам
Дээр гялалзах олон эрхэст
Дэргэд найгах ногоон шугуйд
Гомдол мэдүүлэн жаргал  нэхэж
Гонсойх гэж би энд ирээгүй ээ
Олны хөлөөс зайдуу явж
Орь сэтгэлдээ чөлөө өгч
Онгон сарыг хань татан
Олон  шөнийг өнгөрөөж  билээ
Хайр дурлалын оргил дээрээс
Хальтрах үнэхээр хэцүү юм билээ
Сэтгэлд хэдий цав суулаа ч
Шийдээ өөрчилж чадахгүй юм билээ
Хүнийг зүрхээрээ хайрлах гэдэг
Хүй орчлонд зол юм билээ
Нээж тайлаагүй нууцхан дурлал
Нэхэж бодоход жаргал юм билээ
Сэтгэлээс оч үсэртэл дурлаж
Зүрхнээс гал  ноцтол хайрлаж
Чамаас өөрийг ухаарах сэхээгүй
Жаргалтай явсан минь аз билээ
Сэтгэл гэдэг эмзэг хэдий ч
Ширүүлсэн зоргоор дайжих гэж үгүй!
Шим хөрсний цэцэг аятай
Шиврээ борооноор дэвжих гэж үгүй!
3.  Амьдрал
Зуны шувтарганд тачир ногоо
Суудлаас дөнгөж өндийсөн байнам
Зулгаах шүдтэй  амьтанд  гэвэл
Зугаа гаргах төдий байнам
Гэвч энд амьдрал байна
Гэрэлт нар өөд огдойн цойлсон
Тэмтрэх төдий огтор өвс
Тиймээ энд амьдрал байна
Амьдрал тэгэхээр тэмцэл юм байна
Аз тавилан аль нь ч биш байна
Өөдлөх хувийг хүртье гэвэл
Үүрэг хүлээж амьдрах бус уу
Амьдрал хэмээх яруу найраг
Адармаатай тууль урлах
Хүн гэдэг хувь заяаг
Хүслийн зоргоор эдлэх бус уу
Анагаах ухааны дээд сургууль
Амьдралын нэгэн том  сургууль
Ард нэгэнт хоцорсон болохоор
Ахиад би цааш эрэлд гарлаа
Арван зүгтэй замбуу тивийн
Аль нэгт нь зүгээ гаргаж
Амьдралыг өөрөө гараараа залахаар
Амраг минь би маргааш явлаа
4. Шийд
Өлгий хотод суухаар шийдэж
Өргөдөл болж байж хуваарь аваад
Аавыг туниан гарч ирэхэд
Ангийнхан маань гайхаад байсан
«Нүдний нь харц зөөлөрсөн байна
Нүүрэндээ бас галтай байна
Сээмээний гааны шинж мөн» гэж
Шивнэлдээд тэд инээлдэж байсан
«Арай ч Нараа минь үгүй байгаа
Архангайнх бишсэн билүү
Аавыгаа хөдөөнөөс дуудуулсан чинь
Арын хаалгадах гээгүй хэрэг үү»
Ингэж шуугиад үнэмших хүнгүй
Эхэндээ намайг мухардуулсан
Гарын үсэг нь хатаагүй байгаа
Галиг тамга нь сэврээгүй байгаа
Дөнгөж гардсан томилолтоо сарвайж
Дөчин нүдний нь өмнө барилаа.
«Тэгнээ ойрд нэг л сэмбэлзээд
Дээгүүр доогүүр  гүйж хөөцөлдөөд
Бэрх их «настрийнтай» амьтан
Бидэнд бүр оногдохоо  больсон юм»
«Урьдаас сонсговол ятгуулж мэднэ гээд
Уул шугамандаа хаширлаад байж гэм
Хотод санаатай Дунгааг ухуулаад
Ховдод болгуулснаас сэв цохиодхож»
«Одоо нэгэнт явдгийм хойно
Олон таавар огт хэрэггүй
Эх оронч санаачилга гээд
Энэнд нь цөмөөрөө баяр хүргэе
Хасаг түмний эрүүлийг хамгаалах
Хариуцлагатай ажилд нь амжилт хүсье»
Өөр улсад суухаар явах
Өлгий хотод томилолтоор очих
Дүндээ дүн гэж найзууд хошигноод
Дөрөөг маань чангалж байсан
Хол газар суунаа гэдэг
Хорвоогийн хагацал хараахан бишээ
Олныхоо төлөө тангараг өргөсөн
Охнноо хөгшид минь мэдээж зэмлэхгүй ээ!
5.  Алтайнхны ариншин
Ажилд  нэг л яараад  бололгүй
Аавтайгаа уулзахаар хотод дуудуулж
Томилолтын  зардал газраар өгөхөд   нь
Тоолгүй бас онгоцоор захиалж
Нутаг орны  заншил мэдэхгүй
Нүүр түлэгдвэл ичгүүр хэмээн
Бүкээ найзыг шалгаан байж
Бүтэн өдөр ном сонслоо
Өвгөн хасаг зуун  насаа
Өөрийн хүний ялгаа үгүй
Насны нь тоог сунгахаар очиход
Надад ч гэсэн өгнө гэнэ
Хүүхэд, өтгөсгүй доомброо аваад
Хүний хэлээр яриулах шахаад
Цаст Алтайгаа магтан дуулах нь
Замбууд хайхаар ховор юм гэнэ
Алтайн  уулсын сэрвийх оройг
Айлын тооноор үзнэ гэнэ
Бүргэд дүүрсэн өвгөн хасаг
Бүр ч ховор гайхамшиг гэнэ
Хүн таньж, газар мэдэхгүй
Хөгөө тарьж мэднэ хэмээн
Эрүүлийг хамгаалахын даргатай
Эртээд утсаар хэл авалцлаа
Сургуулиа төгссөнд баяр хүргэж
Шуудхан залгуулж ажил яриад
Яамаар орвол захиалгат эмийг
Яаравчлуулахыг мэдээрэй гэлээ
"Ажлын боломж байдаг болоод
Ая нь таарвал хөдөө л суухсан
Сурч мэдэхэд тэр нь дээрсэн" гэж
Шуудхан би хэлээд тавьчихлаа.
Толгой хоргодох байр юмаар л
Тун ч маруухандаа хүүхээ гэж байна
Магадтай шийд сонсох хүртлээ
Манайхаар хэсэгтээ байл даа гэж байна
Сайхан сэтгэлт олныхоо дунд
Санаа нийлбэл бүдрэх учиргүй!
Хөлийн гишгэлд  тэнцвэр олуулах
Хүн ардынхаа дунд ажрахгүй!
6. Ажлын  дөр
Ингээд л би аймгийн данстай
Эмч болоод ажилдаа орж
Захиалгат эмийг нь бэлэн хийх гэж
Чармайж  явсаар  жин  тан  болголоо
Өчүүхэн ч болтугай ажил бүтээсэн
Өөртөө  би  урамтай   байна
Ажил хөөцөлдөж  бүтээх гэдэг
Аавын хэлдгээр  эрдэм  байна
Өвчин  анагаах  л  ажил  гэж
Үүнээс  өмнө  боддог  байж
Номоо л ганц  сайн сурч
Насны хэрэг бүтээх гэж байж
Өнгөрсөн гурав хоногт
Өдөржингөө л гүйдгийм байна
Үдийн хоол ч бодох  завгүй
Үйлээ  хэрдээ  үздгийм  байна
Албан ёсны захиалгат тангаа
Авъя гэсээр додигор очив оо
Май ав гээд гаргаад  өгвөл нь
Машингүй яана гэж зовж зогсов оо
Гэтэл тэр нь захиалгаар өгдөг ч
Хүссэн  өдрөө  зоргоор авдаг
Баруун  зүүний   солио   биш   байж
Барьц бүр алдуулж орхив оо
Гаднаас авдаг олон эм
Гарцаагүй  үхлийн  түмэн     аврал
Энэнгүйгээр   анагаах   ухаан
Элгэндээ  гараа  хумина  гэсэн  үг
Ажил  хөөцөлдсөн   гурав  хоногт
Аминдаа  сүрхий  дадлага  олж
Өөрийн, хүний ажлыг ойлгох
Өөр нэг эрдэм мэдэж авлаа
7. Хайр  сзтгэлийн  бадар
Үнэндээ би сайханд нь болоод
Өлгийд очиж жаргах гээгүй ээ
Эх орныхоо хаана нь ч гэсэн
Илгээлт  авахад бэлэн байна
Эх орон минь эндээс
Эхэлсэн болоод ч тэр үү
Төө зайгүй унаган хангай
Төрсөн нутаг минь сайхаан!
Аав, ээж минь насаа өгсөн
Архангай буяны өлгий!
Тэрх Цагаан нуурын маань
Тэлмэн мандал хайрын мэлмий!
Тамир, Тэрхийн усаар угаалгаагүйсэн бол
Заяа нэгээр дутах
Тарвагатай, Хангайн нуруунд нөмөрлөөгүйсэн бол
Аз нэгээр харих
Уулнаас нь уул төрж арсалдсан
Арын сайхан хангай
Уснаас ус ундарч цэнхэрлэсэн
Халхын сайхан хангай!
Азаар чамтайгаа  тэнд  учирч
Анхны хайрын дуудлага авсан
Зүрхээ өөрөө ч мэдэхээ болиод
Зөнгөөр зөвхөн амьдарч явсан
Хайр хайрдаа хачин халуун
Халуун цөмийн урвал уу гэлтэй
Чамайг хараагүйд  бүр  ч даврах
Чамайг  үзүүт улам ч даврах
Учир зүггүй их дурлал
Ургуулаад чи ирж  билээ
Ухаан жолоогүй сэтгэл эзлэн
Учрал золгуулаад ирж билээ...
Надаас чи нэг анги дүү
Навсгар эгчийгээ тоохгүй явав  уу
Аль эсвэл ахлах ангийнханд
Ам нээж зүрхлэхгүй байв уу
Эм нь эхэлж дуугаа хүргэдэг
Ийм ёс мэдэхгүй болоод
Эрийн ам харж хүлээхдээ
Эцэж цөхрөх гэж үгүй байсаар
Халуун хайраа дотроо нууцалж
Хатан зүрхэндээ үлдээж бунхаллаа
Хат нь уярсан зүрхээ өрөвдөж
Хажуунаас чинь холдохоор шийдлээ
Нутаг усандаа сууяа  гэхээр
Нуух юун сэтгэл нялхарч
Өссөн газрын содон зураг
Өөртэй чинь адил дотно байх юм
Нийслэл хотдоо сууяа гэхээр
Нэрлэхэх юун чамд  татагдаж
Амьдрал өгөхгүй дурлалдаа шатаж
Аврал эрсэн гэмтэн шиг болчих юм
Ерийн тохиолоор гудманд таарах
Ертөнцийн ховор сайхан учрал
Хоёр нүдний нулимс бүрхээж
Хоолой зангируулдгийг чи мэдэхгүй ээ
Нэг дорын хоёр гэхээс
Нээрээ чи илүүг мэдэхгүй
Нэмэх туйлд татагдаж яваа
Нэгэн бүсгүйг чи хараагүй
Чамаар хайрлуулаад хоцорч гэмээ нь
Заяандаа би гомдох гомдолгүй
Тэгэвч чамаас хайрыг олсон
Тэнгэрлиг заяагаа чамлах учиргүй ээ
Дуундаа жаргалтай дуулим хорвоод
Дутаж гэмээ нь хайр л биз ээ
Нэгэнт түүнээ олсон болохоор
Нэмж би илүүг горилохгүй
Дурлалыг чамд  тулган хүлээлгэх
Дутуу сэтгэлтэн байхаа больж
Амьдрал, жаргалд  аз турших
Аймаар нүглээс ангид байж
Чамдаа би хайртай хэвээр
Залуу нас азтай явъя
Бөхөж унтрахгүй дурлалынхаа хишгээр
Бүрэг бие жаргалтай явъя
Одон тэмдгийн хоёр тал шиг
Ондоо тэрсүү хувь тавилан!
Ар нь тиймээ би байсийм
Аль нь ч тэгээд нэг л юм шүү дээ
Ооны эвэр шиг салангид
Хайр, учрал хоёр  л
Орой, өглөөн нар шиг
Хоногийн зайд үдэлж байна
Хайрт минь би амьдралын тааллаар
Хайр сэтгэлийн бадар барьж
Өлгий хот руу эмч сэтэртэй
Өнөө өглөө жолоо зална
Алтан гартай эмч болох
Алдар горилж яваа биш ээ
Андгай тавьсан тангараг бодож
Ардынхаа төлөө би явлаа
Зон олноо гэсийм хойно
Зориг нэгэнт шулуун байна
Цаг алдалгүй одоохон явбал
Зовлонгоос нэгийг салгаж мэднэ
Өөр өөр заншил номтой  ч
Үхэл гэдэг бүгдэд нь ижил
Энэнд ганц «арын хаалга»
Эмч хүн өөрөө байгаа юм
Үхлийг эмч «хаалгадаж» чадвал
Үнэндээ тэгээд «Бурхан» болно
Энэ цагийн амьд бурхдын
Энэрэлт гарт «диваажин» бий
Тийм бурхдын нэгэн болсных
Тэнгэрлиг чинийхээ ойр байж
Хамрын шуухниа хүрч гэмээ нь
Ханхар цээжийг чинь чагнавал сайхан аа!
Цээжинд  чинь алгаа тавиад
Чигчий хуруугаар тогшиж үзвэл
Зүрхгүй юм шиг хэнхдэг чинь
Цүнхээлийн мөс шиг хөндий гэж үү
Сайхан нүдний чинь зовхийг татан
Сар шиг тунарах мэлмийд хүрвэл
Салгалж чичрэх хуруугаа болгоож
Шанааны чинь судсыг дарж анирдвал
Хайрын гүйдэл чамтай холбон
Халуун ялгарч хөлс чийхарна
Зүрхэн хонх хэлмэрч болох гэж
Зүггүйтэн дэнсэлж гарна
Амь дүйн өмнө чинь байгааг
Анзаарч чи мэдэх болов уу
Аль эсвэл тохуу болгон
Арчаагүйд нь хүрч шоолох болов уу
Задгай цамцны энгэр дамжин
Зөөлөн сэвших амьсгалд чинь
Чагнуурынхаа төмөр хэлээр
Чамд хайртай гэж хэлж чадвал
Он улирсан хайрын цэнэг
Одонд харвах мэт сэтгэл уужирна
Нүсэр ачааг зайчилж орхиод
Нүдний аяга нулимстай хоцорно...
Үзвэрт тэр жил чамтай таараад
Үнэхээр баярлаж билээ
Гаатай чихэр өгснийг чинь
Ганц ч хазалгүй хадгалж билээ
Хүлхэж халдгүй алаг чихэрт
Хүний сэтгэл шингээд тэрүү
Аль эсвэл миний хайр
Арга мухардаад шингээ юмуу
Он жил надад чамайг
Орлож  байгаа энэ  чихрээс
Одоо би чинийхээ үнэрийг
Оддын  доор хүртэж суунам
Хайр сэтгэлийн гал харьж
Хэтэнд  хавирсан цэцэг  шиг мөхөж
Сэтгэлээ даалгүй би унаж
Ширгэсэн харз шиг болох гэж үү?            
Үгүй, тэгэхгүй, би л хувьдаа
Үйлийн үртэй дурлал гэж мэдэхгүй!
Хайр дурлалын боол болон
Хайлж   явах   жаргалтай  байлаа!
8. Оюутны байр
Нэргүй эрхсээ цувуулж халсаар    
Нийслэл хот дүүрэгтээ яралзана
Тоймгүй их хөл хөөрцөг
Тоогоо нэмсээр хот хөлсөнө
Үүр тэмдгэрэх бүдэг хяраанаар
Үүрээ орхин шувууд зэллэж
Айзамхан ганганасаар холдож одох нь
Ардаа сэтгэлийн утас доргионом
Үүрээ орхивч ижлээ гээдгүй
Энэ шувууд жаргалтай юм даа
Амьтан хүртэл хосоор явах
Азын хорвоо учиртай юм даа
Оюутан гээч сонин амьдрал
Одоо ингээд дурсгалд үлдэж
Үүрээ орхиод шувуудыг даган
Өнөөдөр би нисээд одно
Таван   жилийн   намтартай
Оюутан ахуй цаг
Тогоруун цэнхэр цуваа шиг
Танхимаа орхин алсарч байна
Нэг суудалд хэд ч жаргаж
Нэг мөчид хэд ч зовох
Ижилхэн, энгийн тавилан
Энэ насанд заяасан байх юм
Шинжлэх ухааныг хяначих юм шиг
Сүржин лоозон өөртөө тавьчхаад
Номын цаана гарчих юм шиг
Ноорог хуудсаар оюунаа дарж
Бэлнээс ганц толгойгоо
Хоёр болтол ачаалаад
Бийгээс ганц биеэ
Хүний юм шиг дайчлах юм
Хар нялхаараа үс нь цайж
Халзарч хоцорсон хүн бий
Эрдэм номын шүүлт хийж
Эрдэнэ тунгаах амаргүй даваа!
Нэг судраас танил залгаж
Нэг багшаас ном хүртэж
Эрдэм номын их аянд
Ингэтэл дотноссон андууддаа
Мэндийн үг дуулгаж явахаар
Мэлмийн нулимс дүүргэж салахаар
Таван давхар оюутны байрын
Тагт ширтэн алхалж байнам
Оюутны дотно цагаан байранд
Олон хөлийн чимээ бий
Орчлон бүхэлдээ чуулах мэт
Олон хэлийн наргиа бий...

                                                1979.4.12  Дрезден хот


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 жилийн өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли