ЗҮҮДНИЙ ШАМАРГА

ЗҮҮДНИЙ ШАМАРГА

(найраглал)

 Дээд сургууль дүүргэж

Дээгүүр харц шагнуулах

Дээлийн торго гологдож

Дэлхийн зах самнуулах

Улаанбаатар, суурин газар зүүдлэгдэж

Улаангомын томилолтоос сүр сүлд нь зайчих

Танилын танилыг дам хайлгаж

Тавхай эргэтэл зулаг барах

Таван жилийн сүүлчийн өдрүүд

Тархи эцээсэн сүүлийн өдрүүд

Хааяа нэгхэн ингэж ирнэ

Хаврын салхитай дэгдэж ирнэ

Цолмонгийн “зовлон” өөр

Хөдөөд зовно

Хүн, малд зовно

Өтөг бууц

Өвлийн оторт зовно

Салхи сэвэлзэн

Шамарга хуйсрахад зовно

Намартаа оройтох усны шувууд

Нам нисч буцвал өнө гэж баясна

Навч нь шарлах мод үзүүрээсээ бол

Налгар өвлийн зөн гэж хөөрнө

Хэнхэг цол хэдийн шагнуулж

Хэрэггүй “өвчинд” нялхаараа нэрвүүлж

Уулын бараа харалгүй

Хормой шуусан зэмтэй

Усны зах үзэлгүй

Гутал тайлсан буруутай

Албаны дон шүглэсэн гэж

Ангийхнаараа шоолуулсан

Алс нь дарга болохвий гэж

Амраагаараа “магтуулсан”

Өөрийгээ тамлан асуух Үндсэн хууль бас бий

“Хичээлдээ түүртэх оюутанд

(Дээлэндээ үүртэх нялхастай ижил)

Зөгнөхийн ухаан заяахгүй

Хийлсэн бөмбөлөг шиг салбадайд

Сэтгэхийн ухаан тогтохгүй

Аргацааж болдог шалгалтаар

Ажлын дөрийг хөтлөхгүй

Айж гардсан дипломоор

Амьдралын дөрөөнд дөрөөлөхгүй” гэнэ

Хүн болсон хэрэг бүтээж

Хүсэлд тээсэн жаргал амталж

Бүсгүй хүний бүлээн харц

Бүрэг зүрхийг тосож авахад

Хайртай хүнээ дагуулж одох

Харгуйн зураа алсхан байлаа

“Сум, багийн ажилгүйчүүлийн нэг болох уу?

Шургааган хашаа насаараа сахисан эмгэн явах уу?

Төрийн хүн чиний хаяаг сахиад

Төгрөгийн наймаа, хоол хийсэн зарц явах уу?”

Энэ маань ингэж аашлах нь зөв ч юм шиг

Инженер хүн хөдөө юугаа хийхэв

Эмч, багш, зоо, мал

Эднээс бусдыг тоож харшгүй...

Бодовч зүдэвч бодын шийр дөрөв

Болохгүйг тоочиж бэрхшээвэл

Болдгийн арга олдошгүй

Багийн даргаар гуйгаад очъё

Бас нэг суурьд ахлагч болчихъё

Ямартаа ч хөдөөгөө зүглэе

“Ялтай” малын учрыг олъё

Яахаараа хүн хүч сорьсон ажлаа

Янз бүрээр муулдаг байна?

Амиа гэхээсээ малаа гэж

Аавын үеийхэн жаргаж явсан

Ачаа, төлөө адил үзэж

Амьд бүхэнд баясаж явсан

Хоёр гэр хоног элээж

Хоттой малд эзэн хэмээж

Сүргийн өсөлт гэхчилэн

Сүржин ном айлдаж суудаг

Энэ учрыг эс олвол

Ирээдүйд даатгаад орхиж болшгүй

Улсын аварга Жанцанг хар л даа

Ууц нурууны өвчтэй болтлоо мал дагасан

Гэрийн бараа тоотойхон харж

Гэргий нь хэдэн хүүхдпээ өсгөсөн

Хар хүчээр зүтгэлээ гээд

Халширснаас өөр юу байна

Эв дүй, ухаан сорьдог

Эрдэмт ажлыг хэн мохоов?

Илгээлтийн эздийн сургаар зарим нь

Инээд нь хүрч сууцгаах болж

Ингэх тэгэхийг сургахын оронд

Элдүүрийн аргад дасгах болж

Мал гээд номоо сөхтөл

Маллах гэж сэтгэх гэтэл

Суурь малаар хашиж аваад

Шууд л хариуцлага янших болж

“Ялтай” мал ингэж төрдөг

Яахаа мэдэхгүй нь ингэж хочилдог

Амьдралын үнэнийг чихэх газаргүй

Арга эвээр тайлбарлах аргагүй

Илгээлтийн хамт өвөрлөх

Итгэлийн халуун дөл

Эзэн хүний сэтгэл

Эх орны хөдөөд

Эгшиж гандах учиргүй

Сэтгэл, зүрх хоёрт нь

Нүдээ аньж даатгаад

Итгэл, найдвар хоёроор

“Халамжилж” сууж таарахгүй

Маллах эрдэм зөвлөхийг

Заваа гартал хойшлуулчхаад

Маргаашийг үзэлгүй халширтал

Хариуцлага номлох зохисгүй

“Өндөр шаардлага” нэр зээлдэж

Үгний зөрөөгүй хоосон зангирч

Албан тушаал хоосон зайдалсан

“Арслан” өнөө хаа ч нэмэргүй

Санаж сэрэхийн тоогоор

Салбадай болон жирийж

Хүний амаар будаалсан

Хөхөөний донгуудай бүр ч хэрэггүй

Дал хүрэлгүй өвгөрч

Даанч тамирдуу дүүжигнэсэн

Дандаа авирах тавилантай

“Дайчин шахуу” төлөвлөгөөг

Давж гарвал холгуулж мэдэх

Даалгүй унавал хожиж ч мэдэх

Дулимаг нэгдэл хударганд үлдэх

Дутуу амьтай нь “татаастай” хоцрох

Эдийн засаг эвшээх хооронд

Үхэх нь үхэж сэхэх нь сэхэх

Энэ албаны жолоо цулбуур

Эвхэж түүчээлсэн тэрэг шиг болчхож

Үнэнд өстөн биш бол

Өчигдрөөсөө сурах ёстой

Нийгэмд хэрэв дайсан л биш бол

Нэгийг одоохон бодох хэрэгтэй

Хотоо сонжиж хонио мэдэх

Хорголы нь шинжиж хоолы нь хэмжих

Үнсий нь үзэж өвсөө таних

Өтгөсийн эрдэм ул болж

Малаа гэх ухаан ололгүй

Малчин гэгдэх хайран бус уу?

Нутгийн довыг долоо эргүүлж мөлжөөд

Мал таргалах

Нухацтай үгийг мань бүр мартаж гүйцэж

Манан газарт буухад

Дээр нь дулаан өвөлжих

Малчны гярхай ухаан

Талын хашаанд дарагдаж

Радио телевиз ярих л албатай хойно

Ажил удаж олсноо хоёр хэлээд мартаж байна

Аймгийн төвийн халаалттай байранд

Аваргын халаа малчдаа бэлтгэх нь холгүй байна

“Суурийн хамт олон”

Ингэж хзээ ярих юм

Суурин хоёр айл

Эсвэл авгай нөхөр үү?

Улиг болсон хоёр гэр

Дов, нар тойрсоор

Улсын хөгжил цаасан дээр

Дош нүх сахисаар

Ухааны маань сүвийг

Тос өөх бөглөсөөр

Уриа лоозун хоёртоо

Унтуулах эм шиг тамирдсаар...

Эв нийлсэн гар – арван айл

Эгнэж байж

Элэг нийлсэн сэтгэл – тавин хүн

Эвсэж байж

Халуун бүл – хамт олон болно

Хамгаас хүчтэй эвт олон болно

Тэдний өмнө

Тэнгэр хямрах багадна

Шатааж түлэх нар

Шамарга шуурга ч багадна

Давжаа төлөг ч хоцроолгүй

Богийн сааль бялхааж

Даарьтай гунж ч үлдээлгүй

Хээл төл авахуулж

Сувай суурхайг цээр шиг хантайрч

Суурь идэвхтэй үйлдвэрлэгч болно

“Зохион байгуулалт хүчийг

Арав дахин нэмдэг”

Ихэсийн айлдсан үнэнийг

Эндээс дахин хэлж байна...

Гал шиг хурц илтгэлд

Танхим золтой шатсангүй

Гантай жилийн хур шиг

Газар эгээ л норсонгүй

Алга ташиж, шал дэвсэлж

Агаар хуйларч исгэрч

Танхим тал застал

Даанч дориун илтгэв гэж зүүдлэв

Сандаг деканы хөмсөг буун барайж

Шар үсний нүх томорч судас нь гүрийж

“Шалдан баньд, ажил бүүхэл

Амаа мэдэхгүй

Сайшааж тордохлоор айдсаа мартаж

Аагаа тэвчихгүй

Ахмадаараа тохуу басам хийж

Хоцрогдсон гэв үү

Ажил нь аргатайгаа мохож

Хуучирсан гэнэ үү

Өчигдрийг сүүдэр шигээ хайхрахгүй

Өнөөдрийн өвс, дэрсийг ялгахгүй

Ийм сэхээтэн ихийг бүтээшгүй

Их сургуулийн диплом өгөхгүй”

Деканы зангарга

Хадны цуурай хөлсөөж

Дэлхийн ховч мэдээ

Хэвлэлийн нүүр тахалж

Амьтны доог тохуу

Агаар салхи бохирлож

Арслангийн ам руу

Өөрөө зүтгээд орж явчхуй

Айдас дэлдсэн зүүд

Ашгүй нэг өндөрлөж

Амраагийн халуун харц

Адтай сониуч угтаж

“Өөдлөхөд санах сэрэх

Уруудахад унтах идэх

Нар бэлчээж өндийгөөд байвал

Наад илгээлт чинь ахдахвий” гэж

Инээвхийллээр сануулж

Харцаар наадах нь

Энэ орчлонгийн

Хосгүй эрдэнэ!

 

1987.9.15 Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 жилийн өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли