ДҮҮРИЙМАА НОМ

     

  Намайгаа дэндүү их аз жаргалд бөөцийлөн хүний дайтай авч явсан ачийн чинь хариуд амьдралын минь утга учир төгс шингэсэн миний сайхан Хань, мөнх эгшиглэх Эх Балжиннямын Дүүриймаадаа Бурханы, Эрдмийн, Уран бүтээлийн суварга бүтээж мөнхийн хөшөө босгов.

Ханьдаа бүтээсэн Ногоон Дар Эхийн Суварга

Дашчойлон хийд 1997.12.13

ДҮҮРИЙМАА

Хормойдоо өлгийдсэн тогоруун суүдэр - чи

Хорьхон насандаа би яасан ч их олз олоо вэ

Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи

Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ                                                              

                                                 ("Дүүриймаа", 1988. 1. 21)

Ертөнцийн бишрэлт гоо сайхны өмнө залуу бие сөхөрч, хязгааргүй шингэн алдсан мэт туйван бахардаж, тэнгэрийг дуудан талархаж, газрыг онож ядан жингүйдэж явсан хорин гурван нас азаар чамтай минь учруулж, 1970 онтой тохиожээ. Гүн давхраатай дүрлэгэр том алаг нүд яг л энэ дэлхий шиг дүүрч эргэлдэн, тахимаа шүргэсэн урт өтгөн гэзэг, зургийн юм шиг хөмсөг, яралзсан тэгш цагаан шүд... ер ийм зохицол гэж байдгийг би яахин мэдэх ажээ. Тэгээд аз намайг нэгэнт таалсаны хойно анзаарваас чамд минь уянгалиг ухаалиг сэтгэл, яруу сэтгэмж, тансаг мэдрэмж, ур дүйн гайхамшиг, ая дуу айзам эгшиг, ерөөс билэг авьяас тэгшхэн заяасан, ёстой л "Дар эхийн бүрэлбаа" гээч нь биеэрээ байж байхад хүний хорвоог бишрэн гялайхгүй байж би яахан чадах билээ                             

                                                 ("Бидэн хоёр" дурсамж захидлаас, 1996. 11. 5)

Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шуүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө Долоон Бурханд тодроход

Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан

                                                 ("Хайрын ханасан уусмал" 1995. 11. 21)

 

“Найз нь өдөр өнжөөд л чинийхээ алаг нүдний эргэлдэхийг харан талимаарсаар сэтгэл минь сайхан уужрах шиг болох юм. Найз нь чамтайгаа учрах энэ сайхан цагийг мэддэг ч байсан юм шиг... Мөн ч сайхнаа. Чинийхээ суугаа зүг рүү явахад хорвоо хүртэл намайг дэмжих юм. Ийм болохоор урам ороод сэтгэл минь намайг жолоодон чамайгаа зүглээд алхчих юм даа, хонгор минь. Ухаалиг чинийхээ сайхан аалинд аргагүй хөтлөгдсөн намайг үхлээс бусад нь салгахгүй ээ. Өнөөдөр маш сайхан өдөр. Би чинийхээ хамт дэмий нааш цааш явсаар хятад эмнэлгийн урд талын довжоон дээр бараг 9 цаг өнгөртөл суулаа. Дув дугуй сайхан сар гарсан байв”

                                                 (Б.Дүүриймаагийн тэмдэглэлээс, 1971. 4. 9)

Хүн болох төөргийг бурхантай булаалдаж олсон

Хүүхэн болох төөргийг бусадтай булаалдаж авсан

Минийх болох төөргийг эхтэйгээ зөрөлдөж олсон

Мичин жилийн өвөл шиг дуулиантай надад ирсэн

Хумхийн тоос ч хүрээгүй хурайлж бөөцийлсэн охии тэнгэр

Хушны хос боргоцой шиг бидэн хоёр ижилхээн

Хоёр биеийнхээ эрэлд хорвоогийн бөөрөнд уулзаагүй бол

Хойноос дагасаи нар сульдаж унах байсан

Холын хол эрлээс шантарч өөрийг таалсан бол

Хоймсож дагасан сар гомдож гундах байсан

                                              ("Хань", 1993. 8. 16)

Хүн үүссэн цагаас биесээ хайсан эрэлд

Хэдэн галвыг мөхөөж чамтайгаа учрахуй

Хэлтгий тогтсон сарны зовлон сая л дууслаа

                                                ("Хадам эх", 1996. 8. 25)

  Дүүриймаа минь манай нутгийн бэр болсоор энэ газар шороонд хөл хүнд айлчилж ирсэнсэн. Миний охин ээжийнхээ хэвлийд хүн болж, аав ээж хоёртоо анхдагч үрийн аз жаргал билэгдэн сэмхэн баярлуулж явсан цагсан. Харь холын Дүүриймаа бүсгүйг дагуулан өөрийн өмч газраа  энэ хир сэтгэл дүүрэн явах юм гэж чухам хэзээ саналаа. Хожим бодоход би үүнээ бүр балчрын мэдэж байсан ч юм шиг. Намайг гуравдугаар ангид байх хавар манайх Цахирын Нарийны аманд Даваажав ахын хадам хөгшин Дарь гуайнтай айл хаваржлаа. Яг тэр хавар ээж минь "Дүүриймаа" гээч ардын дуу аяламтгай байж, шорооны ч ширхэггүй талын цагаан салхи өрхний оосор дэрвээсэн тэр хавар миний санаанд тэр айзамтай сайхан дууны нэр ая хоёр зэрэгцэн ирж хоногшжээ. Тэгээд хожим нь тэр дуу шиг тэнгэрлиг бүсгүй биеэрээ байж байхад тэсгэлгүй надад тэр хаврын зураг, ээжийн минь дуутай санагджээ. Одоо би Дүүриймаатайгаа дөрөө харшуулж Салтын нуурыг хөвөөлөн явлаа.

Нуур дөлгөөхөн дүнсийж лавхан цайсан үүрийн гэгээнд цайвалзах нь энэ нуурыг анх үзэж байх шиг сонин агаад болчимгүй цагийн бодолдоо ч би ингэж ургуулан дүрсэлж чадаагүй явжээ.

Амьдрал баян болохоор бодлоор ч түүнийг туулж дийлэхгүй нь энэ ажгуу.

Бидний зөнгөөр алгуурхан урагшлах арилжаа хээр, Адиагийн бор хээр хааяа толгой шидлэн, эргэн тойрон чив чимээгүй, бид хоёр орчиндоо автах мэт аяархан ярилцаж, аав минь шар хөсөгтэйгээ төө хол түрүүлэн ганцаараа бодол бясалгаж, ээж, амаа хоёр тэрхэн хөтлийн цаана шанагаа барьсаар нулимстай зогсоодоо гэж бодогдоно. Гэдсэнд тээсэн үрийн амьсгал мэдрэгдэм ийм даан ч намуухан нутгийн өглөө миний амьдралын гайхамшигтай уран зураг, шилдэг яруу найргийн нэгэн болж үлджээ.

                                   ("Эцгийнхээ дэргэд жаргалтай явсан минь" дурсамжаас, 1974 он)

Азарга азарга адуу дэлээрээ тэнгэр хурайлах мэт

Алдрай хайрын жаргалан зэрэглээ шиг цамнасан

Арван засгийн унага тоосоороо зэрэг тоглох шиг

Аз жаргал өөд хоёул шуурга мэт тэлүүлсэн

Миний баярыг би бүүхэл дэлхий даахад ч бэрх

Мичдээр даруулж хоёр эрхэс тэгнэсэн ч газарт тогтоох бэрх

Гал ус нийлэх мөртөө түймэр шатаж байхад

Гадаад дэлхийг юүлэвч унтраах гэдэг бэрх

Эх болсон зургаан зүйл хамаг амьтантай

Энэ аугаа их хайраа харин ч нэг хуваалцахгүй ээ

Бүтэн зууныг халиргагч ихэмсэг яруу сайхан

Бүх хүн төрөлхтөнөөс чамд л буйгаар нь өгнөө

Дурлалын хаан намайг монголчууд минь толгой дээрээ залж

Дуулга цагаан Алтайгаа бүтэн жил тойрооч!

Дурлалын хатан хаан чамайг минь дэлхийгээрээ өргөж

Дуутай аргадаж бүүвэйлэн бүтэн зуун жаргаагаач!

                                                 ("Уяхан замбативийн нар" 1995. 1. 12)

Туяат амьдралын чинь өөхөн дэнлүү би

Чамгүй бол цагаан голтой чандруу

Тос нэмлээ ч хоймроос хол гэрэлтэхгүй

Тортогтой гуулин цөгцний тал нь сүүдэртэй дэнлүү

                                                 ("Дүүриймаа", 1988. 1. 21)

Надад он жилээр хайр залгилуулж, аз жаргалыг дуусамгүй байлтай харамгүй өгч миний төлөө амьдарсан агуу хүн - Хань минь чи яруу найрагт үлдсэн шигээ дэлхийн шинжлэх ухаанд нэрээ үлдээж, дараах зуунуудад хүн төрөлхтөний дунд мөнхрөх болно.

Хамт сууж, хамт бүтээлцсэн өдрүүдийн дурсгалд эрдмийн энэ бүтээлээ Чамдаа зориулж, шинжлэх ухааны нээлтээ Чинийхээ нэрээр нэрлэе:

  • Дүүриймаагийн хүнзүйн ангилал
  •  Дүүриймаагийн хүнзүйн ерөнхий онол
  • Дүүриймаагийн I хууль -  "Махбодийн хууль"
  • Дүүриймаагийн II хууль - "Махбодийн энергийн түвшний хууль"
  • Дүүриймаагийн III хууль"Махбодийн илч зарцуулалтын хууль"
  •  Дүүриймаагийн IҮ хууль "Махбодийн наслалтын хууль"         
  • Дүүриймаагийн Ү хууль -  "Махбодийн энерги зохицуулалтын хууль
  • Дүүриймаагийн хүний чадавхи ба хоолхүнсний хамаарлын онол
  • Дүүриймаагийн мөнхийн усны онол
  • Дүүриймаагийн ҮI хууль - "Тэжээлийн бодисын илчлэгийн онол"

Чиний минь шинжлэх ухааны  эдгээр онол нь бидэн хоёрыг, эх үрийг хагацаасан энэ нүгэлт хорвоогийн нулимсыг хатаахад туслаж, хүн төрөлхтөнд хэмжээлшгүй буян үйлдэж, аз жаргал бэлэглэх болно.

Фати чинь*  1997. 04. 04

(фати буюу аавыг энхрийлсэн дуудлагатай герман үг. Би ханиа мути буюу ээж гэдэгсэн)

 

ТАЙЛАЛ

Амьдрал гээч энэхүү тоглоомыг яажшуухан нэг дуусгана даа гэж бодол болох цаг ирэх юм гэж зүүдлээгүй явж. Би ер нь хайртай юмандаа дэндүү харам хүн юм. Хүн гээч хэн ч бай ялгаагүй ийм л байдаг биз. Миний ёс суртахууныг бүхэлд нь бүрэлдүүлж, цээжний галтай хамт бадарч байсан Эцэг, Эх, Хань гээч том философ, хязгааргүй бясалгал төгсгөл болж, эдгээр асар том Хүн уулс одоо цөм элж нурж унав.

Амьдралд өөрт нь ямар нэгэн баяр баясгалан байхгүй болохыг мэдрэх шиг гунигтай юм ер байдаг гэж үү.

Эрдмийн энэ бүтээлийн гар бичмэлийг дуусгасан 1997 оны хоёрдугаар сарын 18-ны 22 цаг 57 минут бидэн хоёрт ямар их баяр хөөр авчирч, хоёр биенийхээ тэрхэн ертөнцөд бид юутай аз жаргалтай байсан юм бэ.

Амьдралд маань ийм баяр бишгүй их байсан болохоор, амьдралыг зөвхөн иймээр л төсөөлж сурчихсан болохоор сайн сайхан юманд үнс нурам шиг гунигт төгсгөл байдгийг бидэн хоёр яахин мэдэх билээ.

Амьдралын маань хамт хуваалцсан сүүлчийн баяр, чиний минь эх барьж авсан сүүлчийн бүтээлийг чинийхээ өмнөөс хүн төрөлхтөнд өргөн баръя.

Эцэг, Эх, Хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь талаар болсон ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна.

Фати чинь 1997. 4. 11

ХАНЬ

Хүн болох төөргийг бурхантай булаалдаж олсон

Хүүхэн болох төөргийг бусадтай булаалдаж авсан

Минийх болох төөргийг эхтэйгээ зөрөлдөж олсон

Мичин жилийн өвөл шиг дуулиантай надад ирсэн

Хумхийн тоос ч хүрээгүй хурайлж бөөцийлсэн охин тэнгэр

Хушны хос боргоцой шиг бидэн хоёр ижилхэн!

Дэлхийг тэмтчиж чамайг хайсан жилүүдийг

Дээрх нар мэднэ, би явсаар л

Дээлтэйгээ хатаж дээс шиг хөвөрч эрсээр л

Дээрх сар мэднэ, сүүдрээ дагуулж хайсаар л ...

Олно л гэж шүд зуусан эрлийн хоногуудыг

Од мэднэ, харваснаас бусад нь хэлнэ

Ондоо тийш миний харц хальтраагүй

Одоо түүнээ нотолж чөтгөртэй ч нүүрэлдэж чаднаа

Гангар шаазан шиг эмзэг миний энхэр хань

Гартаа лавхан атгахгүй бол эргээд нисчих шувуухай

Гэвч хөөрхий,

Хувь заяаны гагнаасыг таслах шидтэн ганц л хойно

Хүний орчлонгоос явахдаа л чамайгаа хэнд захъя даа

Нар уруу цойлсон эмнэгт бугуйл зэхэж

Намайг хайж нартыг дунгуйлсан

Заяаны мөнгөн хун минь аяа алтан хараацай минь

Чамайг надад бурхан шивнэсэн

Хоёр биеийнхээ эрэлд хорвоогийн бөөрөнд уулзаагүй бол

Хойноос дагасан нар сульдаж унах байсан

Холын хол эрлээс шантарч өөрийг таалсан бол

Хоймсож дагасан сар гомдож гундах байсан

Хүн болох төөргийг бурхантай булаалдаж олсон

Хүүхэн болох төөргийг бусадтай булаалдаж авсан

Минийх болох төөргийг эхтэйгээ зөрөлдөж олсон

Мичдээр болзоо тавьж надад ирсэн хань минь!

                                 (1993.8.16 Цэцэрлэг хот)

 

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли