Цэцэг тоссон бүсгүй


1985 онд хэвлэгдсэн эл ном нь Нутаг усны зүүд, Гэгээвчээр сэлзэх салхи, Түмэн цэцгийн нэр зэрэг гурван хэсэгтэй, 60 орчим шүлэг, мөн Түмэн цэцгийн нэр, Ажилчин, Гаатай чихэр зэрэг найраглал орсон болно.

1. Эх орон

2. Дуундаа жаргалтай дуулим хорвоо

3. Уурхайчин

4. Ус

5. Эх орны хүү

6. Жаргах нарны үлдээсэн шүлэг

7. Зүрх

8. Нутгийнхны итгэл

9. Морин төвөргөөн

10. Эх оронтын бахархал

11. Эжий

12. Мөнхийн зул

13. Нарыг би өргөж явна

14. Байконурын буудал

15. Нутаг усны зүүд

16. Амьдрал сайхан шүү, сайхан

17. Бахархал

18. Дуугүй хөшөө

19. Хангайн хүү

20. Манайх

21. Намайг дуудах тал

22. Алтнаас үнэтэй

23. Өнчрөл

24. Нутгийн урь

25. Тэрхийн цагаан нуур

 

1. ЭХ ОРОН

Алга дарам газарmаа хүйг минь дархалж

Алтан хөрс дэлхийтэй ураг барилдах шорооноос

Хүн гэж нэрийдэн хорвоогоос миний өмчилсөн

Хөрзөнгийн халуун бууц - аавын гэрийн буйраас 

Удам дамжуулж хайрласан ураг дотно газраас

Унаган өлгий - эх орон эхэлдгийм.

Гурван насны минь хирийг угааж ариулсан шандаас

Гунхах насны минь мөрийг өлгийлж хадгалсан хөрснөөс

Эх орон эхэлдгийм.

Гэр нэвтлэн төөнөх эхийн илчит сэтгэл шиг

Гэрэлт тэнгэрийн өнгөнд ижилсэн шингэх утаанаас

Энэ л утааг таслалгүй өнийн голомт бадраах

Эгэл заяат дээдсийн уужим холч ухаанаас

Эх орон эхэлдгийм.

Энэ орчлонгоос явчихгүй газартаа эргэж хоргодох

Эцгийн унаган хүлгийн туурайн галтай тоосноос

Эе эвийн барилдлага ээжийн цацлын дээжээс

Эх орон эхэлдгийм.

Үр удам дамжуулж дээжлэх энэ ухаанд

Үүрд бидний өлгий эх орон мөнхөрдгийм.

Амьдралын хоёр туйл— жаргал зовлон ээлжлэхүй

Алга шиг энхрий биедээ инээд нулимсыг минь шингээж

Аав ээжийн өмнөөс элгэн цангаа тайлах

Ач буяны өлгий эх орон минь!

1980.8.8    Улаанбаатар хот.

 

2. ДУУНДАА ЖАРГАЛТАЙ ДУУЛИМ ХОРВОО

Нарны дорхи хорвоод юм бүхэн

Дуу хууранд багтах юм

Наргиа хөөр, инээд баясал

Жаргалын өнгөнд багтах юм

Элэг бүтэн хорвоо нэг дуутай

Инээд цалгих баярын айзамтай

Элэг бүтэн хорвоо ганц өнгөтэй

Илчит гал шиг хийморийн өнгөтэй

Энэ дуу шиг сэтгэл авч

Хүн хорвоод ирэх юм

Энэ өнгө шиг жаргал олж

Хүн хорвоог чимэх юм

Хүний авчирсан эгэл баярт

Хүй орчлон хөл алдан умбах юм

Далай их хувь тавиланд

Төгсгөл гэж бий ч

Дагуулж ирсэн дуугаа

Үлдээчхээд явах юм

1980.4.9 Дрезден

 

3. УУРХАЙЧИН

Уулын хүн та

Уул нуруудаа уудалж

Ургаа хатуу чулуу ч

Улан дор тань бутарч

Гарт тань хөрс аяндаа бяцран

Газар дээр эрдэнийн уул босох юм

Хөдөлмөрч хүн та

Хөндий талаа уудалж

Хөлс тань сэвэрч амжилгүй

Хөрсөндөө шингэх юм

Хатахдаа хөлс тань

Нүүрс болон чулуужиж

Шатахдаа харин

Илч болон төөнөх юм.

1980 он

 

4. УС

Газарт цардсан болор толь,

Ган тайлах эрдэнийн ундраа,

Элэг дэвтээх мөнхийн рашаан,

Эх газрын маань усан хошлон —

Энэ булгаас амь бүтэж

Эх авч амьдрал салаална.

Байгаль эхийн өгөөж буян

Бидний хувь, аман хишиг

Эх нутаг маань усан судастай

Энэ судсаар амь, газар холбоотой

Ус үгүй бол ер юу болохсон билээ

Ургамлын хатсан навчаар хангай гашуудаж

Уурын зуух хуртэл илч хүчээ баран

Утаа төдийхнөөр тэнгэрт гомдоллоно

Нар, орчлонгийн түмэн өнгийг

Нэг л өдөр хурааж аваад

Амьсгалаас нь эцсийн цусыг булааж

Амьдралд сүүлчийн цэг хатгана.

Эцсийн шүлсээрээ чийглэн байж нэвтрүүлэгч

«Энэ дэлхийд галав юүлжээ» гэнэ.

Амьдрал, газар дэлхийгээс

Авцаатай заяасан билээ

Угжны хурга шиг нэг насаар

Уснаас нь төлжсөн гэлээ

Ургамал үндсээ ичгүүргүй ховдоглон сунгаж

Устай хошуу холбон найзархнам

Оронд нь харин өглөг болгож

Орчлонд түмэн өнгө бэлэглэнэм

Золбоо хийморийн есөн өнгө

Зол жаргалыг алгандаа дээдлэн

Амьдралд аяндаа шунан шимтэж

Алтан дэлхийд хүн ирнэм

Байгаль эхийн өгөөж буян

Бидний хувь, аман хишиг

Эх нутаг маань усан судастай

Энэ судсаар амь, газар холбоотой!

* * *

Алтан завьяа шиг дэлхийн хээлэнд

Амьдрал тэтгэх эрдэнийн ундарга,

Цэнгэгхэн ус, сэнгэнэсэн ундаа

Цэнгэл жаргал шиг гольдрилоо дагана.

Устайдаж далай тогтоно

Усгүйдэж говь цангана

Ус ингэж орчлонд байгалийг

Уйгагүй хуваарилж явна

Ус ингэж орчлонд амьдралыг

Уйгагүй хүртээж явна.

Ус үнэхээр дэлхийг тэжээдгээрээ

Эхийн цагаан сүү шиг ачтай

Ус үнэндээ амьдралыг тэтгэдгээрээ

Энхжингийн хүндэт донор шиг тустай

Газарт цардсан болор толь,

Ган тайлах эрдэнийн ундраа,

Элэг дэвтээх мөнхийн рашаан,

Эх газрын маань усан хошлон —

Энэ булгаас амь бүтэж

Эх авч амьдрал салаална.

1972. 7. 12. Улаанбаатар хот

 

5. ЭХ ОРНЫ XYY

Усны нь цэнгэгийг шилж

           эх орноо сонголоо

Уулсын нь сүрлэгийг бахархаж

          эх орноо оллоо

Агаарын нь тунгалагт шимтэн

         эх орноо шиллээ

Ардын нь жаргалтайг бодож

        монголдоо төрлөө.

Мянган хувь тавилангаас

        ганцыг лавтай сонгоод

Миний эх орон гэж

        зоригтойяа дуугарваас

Уул хад хариуд нь

        миний хүү гэж цуурайллаа

Ус нуур өөдөөс минь

        миний хүү гэж цалгиллаа.

Монголын унаган хүү гэж

        намайг давтаж хэлүүт

Морины чих хэц шүргэн

        баяр хөөрөөр сортолзож

Хариас ирсэн шувууд

        эх орноо үгүйлэх шиг

Хаа нэг ганганасаар

        нуурын хөвөө тойрлоо.

Эсгий үүдээ хүчрэн

        босго алхаж орохуй

Эжий минь галынхаа гэрэлд

        хөдсөөр сөөхий уллан

Эцэг минь хоймортоо

        хурганы арьс нухалж

Эх орны хүүг

        хүн болгох гэж махран байв.

1980 он. Дрезден

 

6. ЖАРГАХ НАРНЫ ҮЛДЭЭСЭН ШҮЛЭГ

Жаргах нар үдийнх шиг

        дүүрэн гэрэлтэй

Замынхаа алжаалыг тайлан

        уулын хярд зогсоно

Жаргах нар өглөөнийх шиг

        жавхаатай хэр нь

Жалга, гууд сүүдэр тавин

         доошилно

Тэнгэрийн хаяанд гал ноцоон

        сүүлчийнхээ гэрлийг шавхаад

Тэн хагасаа хүртэл

        хөрс рүү шигдсэн байна

Эх оронд минь

        илчээ харамгүй шавхаж өгөөд

Энэ нар дэлхийд

        зул болон жаргаж байна

Нарнаас түмэн бодис

        амьдрал хүртэж

Нас хороох дайны нүглийг

       жигшин өндийнө

Наран сацрал гүйлгэн ширтэх

       нялх үрс

Мянган хээт гэрлийн өнгөнөөс

        ухаан сэлбэнэ

Нарнаас ажилчин

        сацрал шүүрч

Налайхын уурхайг

        өнжин гийгүүлнэ

Нарнаас буман гар

        гэрэл юүлж

Газрын од-чийдэн болгон

        шөнөжин цацраана

Дүнсгэр бодол

        нар үзүүт ухаан сэлбэх шиг

Түрүүчийн бухимдал

        гудамны эхэнд салж одно

Дөлгөөхөн бүсгүй

        харцаар тоглон угтах шиг

Дөмөнг чадлаар дуулам

        сэтгэл оргилно

Аяа нар, би чам шиг

        аагаа багтааж яднам

Амьдралын шүтээн-хүнд

       алганаасаа найраг ургуулан барих гэж

Орой бүр чам шиг

       жаргачихгүйн хүслээр

Ор дэрэндээ ч шөнийн цагаар

        шүлэг хайнам

1981 он

 

7. ЗҮРХ

Амьдралын зүрх, мөнхийн зүрх

Адилхан хоёр зүрх одоо надад цохилж байна

Насны хөдөлгүүр амьдралын дагуул

Намайг ертөнцтэй, хүн зонтой холбож

Агшинхан лугшинхан цурам ч саатах эрхгүй

Амьдралын туж амийг минь тэтгэж явна

Би амьд явахын мөн болсон бэртэгчин биш ээ

Би аз туршиж сүүдэр дагуулсан дүрсхэн биш ээ

Зүрхнээсээ би гал шиг монгол найраг асаасан

Зүрхэндээ би хөх эрийн сөөм ухаан дээдэлсэн

Би, Ажлын аагийг аадрын хур шиг зүрхнээсээ мэдэрсэн

Би, Атрын цэцэг шиг хувь заяаг зүрхнээсээ ургуулсан

Би, Энэ зууныг авч ирсэн, эрх чөлөөг амталж мэдэрсэн

Эрин цагийг хөлөглөж, энх тайвнаар амьсгалж төрсөн

Харин би ганц зүрхээр мөнхөрч чадахгүй

Хар амиа хаацайлах насны зүрхэнд найдахгүй

Галба юүлэвч үлдэх мөнхийн зүрх надад бий

Газар дээр би тийм баян төрсөн хүн!

Эх орон та мөнх цохилох зүрх!

Эгэл түмэн минь миний үүрд амьдрах зүрх!

1981 он Москва

 

8. НУТГИЙНХНЫ ИТГЭЛ

Дуунд маруухан намайг мэдэхгүй байх нь аргагүй

Дуучийн дугарааг надад асуулгүй сөгнөж байна

Учраа гаргаж өчвөл аав чинь дуулдаг байсан гэж

Унаган нутгийн буурал ажиггүйхэн хариулж сууна

Хоёр улаан дүнс ганзгалаад ирэхэд найдаж

Хорин төгрөг атгуулахдаа уучихна гэж хардахгүй ээ!

Нуруутай явсан эцгийг минь нутгийхан цөм андахгүй

Нусгай жаал гэж надаас итгэлээ тэд авчихгүй ээ!

1981 он

 

9. МОРИН ТӨВӨРГӨӨН

Морин туурайн төвөргөөн

Бээрийн цаанаас чимээтэй

Монгол хүний сэтгэл

Бээрийн тэртээх сонортой

Хүүгээ оройтоход хүлэгт нь итгэж

Ижий минь тайтгарна

Хүлгээ саатахад шандаст нь найдаж

Эцэг минь амирлана

Морьгүй бол мохох

Монгол хүн

Эзэнгүй бол гундах

Эрмэг хүлэг

Түүхийн эрхээр ижилдсэн

Түшиг сайн нөхөд

Төмөр амгайн хэлээр

Түмэн санааг ойлголцоно

Бэрх цагт агтнаасаа шилж

Бэлгийн хадагтай нөхөртөө барьсан

Монгол хүн сэтгэл харлаагүй

Монгол морь итгэл алдаагүй

Жаргал зовлон алинд ч

Цулбуур өгсөн хүлэг минь

Заяаны турш хамтдаа

Цурам ч холдоогүй нөхөр минь,

Эр нөхрийн хийморь

Эмээл дээр сэргэнэ

Дөмөн хүлгийн золбоо

Дөрөөн дор сэргэнэ

Морин туурайн төвөргөөн

Бээрийн цаанаас чимээтэй

Монгол хүний сэтгэл

Бээрийн тэртээх сонортой

1979 он Дрезден

 

10. ЭХ ОРОНТЫН БАХАРХАЛ

Хүү нь эх орондоо

Хатуу улаар

Хамаагүй туучиж явна.

Харайж наадаж явна.

Эх орондоо хайртайдаа ингэж

Эрхэлж бардаж явна

Харь газрын хүн

Харин эмээж цэмцийж явна.

1972 он

 

11. ЭЖИЙ

Миний төлөө бурханд ч,

        бугд ч мөргөх хүн

Мэлмийг минь уужилсан ачтан

        эжий минь одоо ганцаараа

(эцэг минь байхдаа хоёулаа)

Намайг төрд даатгаж,

        түмэнд нь залбирах хүн

Нас буяны өлгий —

        эжий минь та ганцаараа

Жаргал, баяр авчрах

        үрийн нь харамгүй инээд

Замбуугийн бүх эрдэнэсээс

        үнэтэй нь танд энэ!

Эхийнхээ дэргэд өтлөвч

        нялхарч явахын учиртай ,

Энэ насны олз —

        үрийн тань хувь энэ!

Хүлээн хүлээн өрдөх

        галынхаа халуун илч шиг

Хүүгээ гэсэн хайранд тань

        халамцан жаргаж явнаа

Хүсэн санан гэгэлзэх

        сэтгэлийн тань тэнцвэр

Хүний орчлонд намайг

        хазаймгуй түшиж байнаа

Дуулан хайлан бүүвэйлэх

        зүрхний уян эгшгээр

Дуулим хорвоод үрээ

        зарлаж өсгөсөн ачтан —

Ерөөн ерөөн өргөх

        цайныхаа шинэхэн цацлаар

Ертөнцийд, хайр түгээх

        миний эжий буянтан!

Аяны жолоо эргээж

       нутаг усаа тэмцэхүй

Амдаж тосох эхгүй бол

        хорвоо дэлхий давчхан

(Аавынхаа үгүйд

нартай өдөр ч бүрхэг)

Эхийнхээ энхрийлэх харцыг

        юутай ч би зүйрлэхгүй

Энэнгүйгээр миний

        инээд хүртэл уйтгартай

«Мянган бурхдын амилсан дүр» ч

        таныг ямар орлох биш

Миний ганц шүтээн

        эжий минь та биеэрээ

Нар, сарны ивээлтэй ч

        таныгаа зүрхэлж жишимгуй

Нас буяны өлгий —

        эжий минь та ганцаараа.

1980-3-14 Дрезден

 

12. МӨНХИЙН ЗУЛ

/Аавынхаа 60 насны ойд\

Сэтгэлдээ хүү тань

        мөнхийн зул бадамлуулж

Сэрвэнгийнхээ нуруунаас

        энэ хүртэл гийгүүлнэм

Эцгийнхээ эгэл дурсгалыг

        сэтгэлдээ ургуулан хайж

Элэг зөөллөн дэвтээх

        нутгийн уулсаа үгүйлнэм

Эцэг үр хоёрын

        жаргал дундуур хөндөлсөх

Ивээл үгүй хорвоогийн

        авал даанч хатуу

Эвийн халуун бүлд

        эцгийн мэлмий дутааж

Элэг бүтэн ерөөлд

         нэхэл даанч хатуу

Агаар зүсэн тэмүүлэх

        нутаг усны шувуудын

Ангир гангар зэллээнээр

        сэтгэл нэгийг тунгаан

Амьсгал уужрам налайх

        урийн зэрэглээт өдрүүдээр

Ачаа хөтлөн гадаалах

        буурлын энэрэл дутаж байна.

Дэлгэр зуны өнгийг

        тэрлэгэн дээлтэйгээ эдэлж

Дэвжээ ногоон талдаа

        хүлгийн тоос хийсгэн

Тэнгэр газрын савсалганд

         аянгын зангирааг намжаах

Тэнхээ түшсэн золбоо -

        эцгийн минь сүр дутаж байна.

Уугуул нутгийн намар

        өвсөн толгой гандааж

Унаган хээр уяандаа

        буурал цан сорлоход

Уяа сойлго таарсан

        арилжаа чамин явдалд нь

Уужим суудал сэлгэх

        эзний намба дутаж байна.

Эцэг, үр хоёрын

        жаргал дундуур хөндөлсөн

Ивээл үгүй хорвоо

        авал даанч хэцүү

Эвийн халуун бүлд

        эцгийн мэлмий дутааж

Элэг бүтэн ерөөлд

        нэхэл даанч хатуу...

Амьдрал өгөх олноосоо

        дутуу бухнээ нөхөж

Алдар сайн нэрийг тань

         ачилж явахаар андгайлав

Буян түшигт эцгийнхээ

        гэгээн дурсгалд хүү нь

Бум халаглах сэтгэлдээ

        мөнхийн зул бадамлаав.

1976.1.7 Улаанбаатар

 

13. НАРЫГ БИ ӨРГӨЖ ЯВНА

Жаргаж арайхан завдаагүй

Эх нутгийнхаа нарыг

Залгуулж аваад

Би энд өргөж явна

Алжаах нарыг жаргаалгүй

Орчлонгийн хүн

Алган дээрээ замбууг тойруулан

Өргөж явна

Нэг л нарны тэнхлэг

Түшиж яваа хүмүүс

Нэр мэдэх дэлхийд

Элгэн садан байнам

Нэмэх хасах туйлтай

Эрээн бараан амьдрал

Нийтэд нь тэгш оногдсон

Ижилхэн заяатай байнам

Хувь оноогоо чамлаж

Амьдралын урсгал сөрвөл

Хожил болгож түших

Хоёр дахь нар байхгүй ээ!

Наран сацрал дамжуулан

Бухенвальдын хонх өнөөдөр

Найман зовхист хүртээлтэй

Энхийн уриа түгээнэм

Нар халхлан нөмрөх

Үүлэн сүүдрээс цочин

Нейтроны гуниг мэдэрсэн

Төмөр хэл нь саргинам

Үхлийг хүсэх хүнгүй

Эв түнжингийн оронд

Энхийн цэгээн тагтаа ч

Нарыг түшиж байнам

Өргөө цагаан гэртээ

Өв тэгш жаргалтай

Өнөр монгол айл

Эвийг түшиж явнам

Нэг л нарны тэнхлэг

Түшиж яваа хүмүүс

Нөр их орчлонд

Ижилхэн жаргаж болном

Нэрээр зөвхөн ялгарах

Ахан дүүсийн сэтгэлээр

Нэгэн дэлхий дотор

Эвийг бүтээж болном

Цэцэг навч наран зүг

Нас нэхэн тэмүүлж

Цэнхэр яргуй наран дор

Аз мэдэн оодорно

Нялх үрс өвдөг шороодолгүй

Нарны сацрал шүүрч тэнцэрнэ

Атгасан сацралдаа хөөр шингээн

Амьдралын баяр залж ирнэ

Жаргаж арайхан амжаагүй

Эх нутгийнхаа нарыг

Залгуулж аваад би энд

Өргөж явна

Алжаах нарыг жаргаалгүй

Орчлонгийн хүн

Алган дээрээ замбууг тойруулан

Өргөж явна

1976 он Дрезден

 

14. БАЙКОНУРЫН БУУДАЛ

1. Гараа

Байконурт энэ хавар

        яргуй эрт нүдэлж

Байгалийн цэцэрлэг нилдээ

        үндэс мөчрөө тэлсэн байв

Гагарины ойд тарьсан

         тавин зургаан модны

Гараг өөд тэмүүлсэн

         мөчир нь хэдийн нахиалсан байв 

Тавин зургуулаа араасаа

          алдар дагуулан

Талын тэхийд араасаа

         амьдрал дагуулан

Мод бүр эзэнтэйгээ

         мөнхөрсөн их заяагаар

Манай эрин зууны

        алдрын дуулганд цэцэглэж байна

Сайн анд нөхдийн

        итгэлийн их буудал

Сансрын олон шонхрын

        эргэх баяртай учрал

Эрин цагийн баатруудын

        ахин мэндэх өлгий

Эцгийн нь хоёр дахь голомт –

        Байконур цэлийж байна

Сансрын хөлөг сойсон

         гарааны их талбарт

Сая сая хүний

        итгэлийн илч хурж

Хорин сая морины

        хөлгийн аварга моторыг

Хорвоогийн тэрбум хүний

        сэтгэлийн хүч асааж байна

Найрамдал бүхээгт

        нар болон сацарч

Насан үүрдийн барилдлага

        зүрх болон цохилж

Зөвлөлт-Монгол

        ахан дүүсийн

Зөн совин

        гал шиг бадамлаж

Газарт мөнхөрсөн

        их найрамдал

Ган жигүүр

        дэлгэн байна

Даахин дор эр –

        монгол ардын үг

Дахан дор хүлэг –

        морьтон ардын зүйр

Эр өсч эсгий сунах

        малчин түмний итгэл

Энэ зууны Монгол

        эх дэлхийгээс тасарч байна.


2. Бариа

Сайн анд нөхдийн

        итгэлийн их буудал

Сансрын олон шонхрын

        эргэх баяртай учрал

Эрин цагийн баатруудын

        ахин мэндэх өлгий

Эцгийн нь хоёр дахь голомт –

        Байконур хүлээж байна

Сансрын хөлөг ирэх

        барианы их талбарт

Сая сая хүний

        зүрхний илч хурж

Итгэл баяр тээсэн

        түм буман зүрх

Ихэр хоёр баатрыг

        Сансрын замд түшиж байна

Алх хадуурт

Зөвлөлтийн далбаа

Алтан соёмбот

Монголын далбаа

Сайн андын

         ургийн холбоог

Сансарт шонхрууд

        гагнаж явна

Сансрын хөлөг эргэх

        барианы их талбар тийш

Саяар хүний сэтгэл

        Байконурт ирсэн байна

Баяр баярын ихээр

        түмэн зүрх баясаж

Бариа ойртох газар тийш

        чих тавин догдолж байна

Газар дэлхийн зууч

        эх дэлхийн элч

Гараг ертөнцөөс

        заларч байна

Эх дэлхий, газар шороо,

         Байконур, хүн ард...

Сансрын шонхрууд

        бууж байна

Байконурт энэ хавар

         яргуй эрт нүдэлж

Байгалийн цэцэрлэг нилдээ

        үндэс мөчрөө тэлсэн байв

Гагарины ойд тарьсан

        тавин зургаан модны

Гараг өөд тэмүүлсэн

        мөчир нь хэдийн нахиалсан байна

Тавин зургуулаа араасаа

         алдар дагуулан

Талын тэхийд араасаа

         амьдрал дагуулан

Мод бүр эзэнтэйгээ

        мөнхөрсөн их заяагаар

Манай эрин зууны

        Алдрын дуулганд цэцэглэж байна.

1981.5.7 Хужирт

 

15. НУТАГ УСНЫ ЗҮҮД

Хүй цөглөсөн тохмон өлгий

Хөлсний минь дусал сэврээгүй бууцаа

Зүрхэндээ хүү нь өвлөн тээж

Зүүд нойрондоо давхар үзэв

Удтал санасан сэтгэл гээч

Учрал ирүүт гялайх нь тэр үү

Зүүдэндээ нутгаа үзсэн даруйд

Зүрхэндээ сэмхэн уйлсан байв

Ус нутгаа би

Үнэрээр нь андахгүй

Ус нутаг минь намайг

Бараагаар нь андахгүй

Нутаг усандаа хамгаас хүндтэй

Нухацтайхан өтгөсөө эцэг шиг үгүйлж

Намбатай төрхөөс нь хулчийх байтлаа

Насыг нь гуйх шиг бараадаж зүүдлэв

Хамрын тамхинд нь ханиаж наатайхдаа

Хавийн хадыг доргиогоо юмсан уу

Ханарсан уулс нэрээр дуудахуй

Ханасан нойроос инээж сэрэв

Нутгийнхаа буурлуудыг би

Овгоор нь андахгүй

Нутгийн буурлууд намайг

Төрхөөр минь андахгүй

1977 он

 

16. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ, САЙХАН

Алга дээшээ хур тосон

Агаар өөдөө нар тосон

Хоёр даль гараа дэлгэн

Хорвоогийн хүн амьдралд бэлэгшээнэ

Амьдрал бидэнд гар сунгаж

Аз жаргал дуртай амлаж

Өлгийд нь дуу ханьсуулж

Үхэхэд нь түүх дэрлүүлж

Та өөрөө амьдрал байлаа гэж

Тансагхан хөрс хөшөө болдгийм

Амьдрал сайхан шүү сайхан

Аз жаргалтай хамт сэтгэлийн түгшүүрийг бас

Амьдрал дундуур би аяархан чирж явна

Хувь тавилангаар оногдсон амьдрал эдлэх эрхээ

Хувьсгалын буун дуутай зүрхэндээ шүтэж явна

Аюулт дайны хорыг амь насаараа ариулж

Аз жаргалын мөрөөдөл, амьдралын очоо бүхээж

Амь эрсэдсэн түмэн баатар эрс

Амьдралд над шиг дуртай байсийм

Эрсэдсэн амь, бэлбэсэрсэн гэргий, өнчирсөн үрс

Өчигдрийн уйг өнөөдрийн амьдралаар ягуухан тайлж

Аз жаргалтай хамт сэтгэлийн түгшүүрийг бас

Амьдрал дундуур би аяархан чирж явна

Хүн олныхоо сэтгэлд хүндлэл болж шингэсэн

Хөшөөтэй хөшөөгүй баатар амьдралын шилдэг байлдагч

Сайхан гэж дуулах ертөнцийн бүх найргийн

Сайхан бүхэнд шингэсэн мөнхийн алдарт цэрэг

Амьдралд над шиг дуртай байсийм

Амьдралд тань шиг хайртай байсийм

* * *

Алганы хээ мэт амьдралын болзол

Арван хуруу шиг сөөлжүү гэлээ ч

Тэмцлээс ирсэн эрх чөлөө маань

Түүн дундуур нэг мөртэй

Хувьсгал хийж байлдагч болохгүй

Хувь заяаны үүрэг хүлээж

Амьдрал дэгжээх эрх эдэлж

Ард олон минь өнийн золтой

Хүн амьдралд "барилгачин" болж

Хөгжил урлах "өрлөгчин" байж

Ажил нэртэй өргөн фронтын

Аль ч хэсэгт "байлдагч" байдгийм

Тангаргаа төрөхдөө дуугаар өргөсөн

Та бид амьдралын байлдагч

Эзэн хичээж заяа бүтээх

Энэ тэмцэлд та байлдагч

Амьдрал сайхан шүү,сайхан.

1981.7.3

 

17. БАХАРХАЛ

«Би» гэдэг баатраар шүлгээ би овоглолоо

Бие минь, жаргал минь ерийн нэгэн билээ...

Малчин удмаа цусандаа шингээж

Монгол овгоо зүрхэндээ тээсэн

Би хүн ардынхаа ерийн нэгэн эс

Би хөрс шороондоо энгийн нэг эзэн

Энэ бол миний бахархал, би зон олонтой хүн!

Энэ бол миний бардамнал, би эх оронтой хүн!

Нар шиг түмнийхээ дэмэнд явахуй

Надаас ердөө хариуцлага нэхнэ.

Уул шиг түмнээ түшиж явахуй

Ургийн сайхан сэтгэл шаардана.

Эв олонтой хүн ганцаардахгүй, би батална

Эх оронтой хүн газардахгүй, би нотолно

Онцгой нэгэнд зориулах шүлэг надад байхгүй

Олноосоо өөрийг би мэдэхгүй,

юун аз!

1981. Гера

 

18. ДУУГҮЙ ХӨШӨӨ

Эр цэрэг элгээрээ хөрс тэвэрснийг

Энэ баримал - дуугүй хөшөө хэлж байна

Газраас, тэнгэрээс алинаас нь ч асуусан

Гарцаагүй үхсэнийг нь дүнсийн хэлж байна.

Хайран амь гэж

        миний алдах сүүрс

Хаврын бүүдгэр тэнгэрийн

       цоорхой зулайд замхарч

Хаанаас чи тэгээд

       аз жаргалыг олоов гэж

Харанга дэлдэх сэтгэлд

       зүрх мохон түгшиж байна

Энэ хөшөө хэнийх болохыг

       би мэднэ

Эр цэрэг чухам яасныг

        бүгд мэднэ

Бэлбэсэн гэргий нь

        өрх толгойлж

Бүлтгэр үрс нь

       эцэггүй торнисныг мэднэ...

Цэрэг эрийн сүнс

        энэ хөшөөнд байна уу гэж

Цэхэлж би өөдөөс нь

        мэлмий тогтоон ширтэж байна.

Наранд бий сүнс минь гэж

        шулуухан хариулах харц

Надаас чанх дээгүүр

        тэнгэрийн мандалд тусаж байна.

Зориг шулуудаж, үүрэг хүлээсэн

        эх орончийн

Зоримог харц

        алсын уулсын дээгүүр

Мананг нэвтлэн,

        хоногтоо багтаж цэлмэх

Маргаашийн цэнхэр тэнгэрт

        тодоос тод тусаж байна.

Эр цэрэг элгээрээ газар тэвэрснийг

Энэ баримал - дуугүй хөшөө хэлж байна

Эр цэрэг эрсэдсэн ч ялсныг

Эх орны эгэл хөшөө хэлж байна.

1980 он Фрайберг

 

19. ХАНГАЙН ХҮҮ

Ороох, Сэрвэн, Хэргэлзийт -

Орчлонгийн нэгэн халуухан буйр

Оломгүй гэнэхэн сэтгэлд минь

Оосор бүч зүүж

Даахьтай нялхад минь

Өлгий болон энхрийлж

Даагатай балчирт минь

Үлийгээ зайлуулж түшсэн юм.

Чулуу нь хүртэл танил

Өег сэтгэлийн тасархай

Цуурай нь чихнээ содон

Өр зүрхний дагуул минь

Удах тусам сүжрэх

Нутгаа гэсэн сэтгэлээр

Ураг чинь би мөн шүү гэж

Уулгалан хэлмээр хангайя!

Тэрх цагаан нуурынхаа

Мэлмий хархан долгисыг

Чинийхээ талимаатай зүйрлэн

Хөхөн баясаж суухуйд

Тэрмэн хүрэн дээл шиг минь

Энгэрээ ярж дулаацуулсан

Тэрхийн унаган хангай минь

Энэ л насанд минийх ээ!

1977.7.26

 

20. МАНАЙХ

Эрхт улсаа нэгэн бүл гэвэл

Эзэн нь мэдээж бид хэвээр байна

Элбэж хамжаад амьдрал юугаа дэгжээх

Эхнэр, хүүхэд, бид цөм ажилчин байна.

Бэлэн юм энэ хорвоод үгүй

Бэрхийг дамжин амьдрал болдог хойно

Зүгээр суух хүн энэ бүлд үгүй

Зүтгэж байж хөдөлмөрөөр амьдралаа тордоно.

Тэмцэлгүй бол сөнөх хорвоогийн жам

Тэнгэр биднийг харж байгаад турааж ална.

Байгаль манайд тал өгч нүүр засахгүй

Барьц алдмагц усны ёроолд хаяна

Тэгэхээр манайх эрвийж дэрвийхээрээ

Тэнцэх хүүхэд хоёр уналгүй

Амьдралд эртэлж барьц хангах гэж

Ажлын маргаашийг хүлээж ядан байнам.

Эрхт улсаа нэгэн айл гэвэл

Эзэн нь мэдээж бид хэвээр байна.

Өрх толгойлж, төр барих ухааныг

Өөрөө ард маань амьдралаас тунгааж олно.

1977 он Лейпциг хот

 

21. НАМАЙГ ДУУДАХ ТАЛ

Чисчүү оодон тэрлэгийнхээ хормойг

Солонготой тань уралдуулж

Цэнхэр ямбуу цамцханаа

Цэцэгтэй тань хамт гандаасан

Насны уяа цэгээхэн тансаг

Намайг дуудах урагхан тал минь

Уулсын хэц түшиж өндийхдээ

Ул хээлэн зоон дээр нь тэнцэрсийм

Амьдралын ээдрээ шиг энхэл зоо нь

Алга шороогүй тэнцрэх ухаан хайрласийм

Таван нас минь тан дээр бий

Талын салхи ч сэвлэгний минь үнэрийг дагуулаагүй

Унахдаа газардсан алганы хээ

Ухаан суугаагүй нялхын минь инээдтэй минь хамт бий

Балчрынхаа төрхийг ч өөртөө үлдээгээгүй

Бага наснаасаа би юу ч авч хоцроогүй ээ!

Гуниггүй багын инээдээ шавхаж өгсөн

Гутрал хорсолгүй тунгалаг нулимсаа юүлж өгсөн

Бүртийх ч толбогүй сэтгэлээ хямгадахаа мэдэлгүй өгсөн

Бүтэн биеэсээ хиргүй бүгдийг талдаа өгсөөн

Тэнгэр ниргэсэн ч талдаа би босоогоороо үлдэнэ

Тэнд хүн чулуу болж таныг манана аа!

Амьдрал үхэл хоёрыг нүүрэлдүүлж

Аз эзийн тавиланд ганц л нүүртэй тал минь

Үхэж гэмээ нь ясаа тавих гэж зүтгэх

Өөдгүй зөрүүд занг надад өгсөн тал минь

Жаргахдаа би инээдээ танд бэлэглэж

Заяаны долоон өнгийг хоолойн чадлаар хашхирнаа

Цуурайнаас нь ахиулж хоосон бүгдийг ухааран

Цурмын жаргалд авталгүй хоолойн хөгийг тааруулнаа

Зовохдоо би нулимсаа тань дээр дуслуулж

Зовхио сөхөж зоон дээр тань дэвхэцнээ

Дүнсгэрхэн талаасаа ухаан нэг сэлбэж

Дөмөн хүлгийнхээ нуруунд чангаас чанга дөрөөлнөө

1982.11.29


22. АЛТНААС ҮНЭТЭЙ ҮГ

Алтнаас үнэтэй үг би хайж байна

Ард түмэндээ

        эх орондоо хэлэх гэсэн юм

Амнаас гарах

        үг бүхэн үнэтэй

Аргагүй сэтгэлийнхийг

       түүнээс би шилж байна

<<Хайртайг>> чамдаа

        үнэнээсээ хэлсэн шиг

Халуухан үг,

       үнэн үг эрж байна.

Хайвч өөрийг нь олшгүй нь,

       хэлэхэд ам дүүрэх

<<Хайрт эх орон, ард түмэн минь>>

        энэ миний зүрхний үг!

 1980 он

 

23. ӨНЧРӨЛ

Эцэг, эхгүйн өнчрөлийг

Хүн мэднэ

Эвт олныхоо дунд бол

Ийж ийгээд болно.

Эх оронгүйн өнчрөлийг

Эдүгээ бид төсөөлөхгүй

Цоожтой айлын уяатай нохой

Хоосон идүүр сахихын адилсан болов уу?...

1976 он

 

24. НУТГИЙН УРЬ

Эх нутгийн минь урь энд

        ирээ юм шиг олзуурхаж

Энэ өдрийн нарыг

        даган даган алхлаа

Хаврын тал зоо тэнийн

       зэрэглээн түрүүч сүүмэлзэх

Халхын домогт нутаг минь

       морин дэл дээр уужимсан.

Эх орон минь амархан байна уу?

Эжий минь та сайн сууна уу?

Хүний өөрийн наранд

       ижилхэн тавирах сэтгэлд

Хөрзөнгийн шивтэр ханхалсан

       өвөлжөө минь илүү дотно юм

Айл айлын хатавчинд

      тог тогхон дуугарч

Арын хаданд цуурайлах

      уур нүдүүр содон юм

Эх орон минь амархан байна уу?

Эжий минь та сайн сууна уу?

1980 оны 4 сар Дрезден


25. ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Тэрхийн Цагаан нуур

        тэнгэр шигээ дөлгөөн юм

Тэндхийн хүний сэтгэл

       шингээд энэ байлгүй

Тэрхийн Цагаан нуур

        хотолсон сүрэг шиг тогтуун юм

Тэнүүн Хорго нутагтаа

       уягдаа юм байлгүй.

Тэрхийн Цагаан нуур

       нутгийн амгалан алдааж

Тэлүүлсэн завь шиг

       сэгсчихгүй

Тэрхийн Цагаан нуур

       шувуудын тух алдаан

Даргилан омгорхож,

       давалгаандаа хөөсрөхгүй

Усны нь амгаланд шимтэн

       Хорго Тэрх нутагт

Урь эртэлж ирдэг юм

       Түрүүчийн шувууны дуу

мөсөнд нь цуурай авчрахуй

      Тэр л шөнөдөө нуур

хадаагаа тайлж өгдөг юм

       Наранд нь, тэнгэрт нь олзуурхан

Хорго Тэрх нутгаас

       Намар оройтож буцдаг юм

Өндрөө авах мөртөө

       явчихаж халахгүй шувууд

Өвлийн хөлдөөм жихүүнээр

      эргэж харзанд нь суудаг юм

Уул усны сайхан

      Хорго Тэрх нутаг

Уран байгалийн дүрд

      дөрвөн улиралдаа тоглох юм

Түүнээс гойд үзэсгэлэнг

      охид нь авч төрснийх үү

Тэрхийн голын бүсгүйг

      харахсан гэж дуулах юм.

Тэрхийн Цагаан нуур

      тэнгэр шигээ дөлгөөн юм

Тэндхийн хүний сэтгэл

      шингээ юм байлгүй

Аль эсвэл нуурынхаа

      амгаланг нь дуурайж

Ард олны нь араншин

       тогтоо юм байлгүй.

1980 он Дрезден

 

26. НАМАР НАДААС ШҮЛЭГ НЭХНЭ

Намар надад найргаа харамлалгүй

Навчин дээр тариан дээр дэлгэж байна

Өвлийг шинжих өтгөсийн гярхай ухаан

Өн авчрахаар тэмцэх хөдөлмөр дээр дэлгэж байна

Хөлс шингэсэн сүрэл хөрзөн аятай дулаан

Хүйт хургах газаргүй дув дулаахан

Нялх төлийн бөөр шиг хав халуухан...

Надад яагаад ч юм чиний ажил таалагдана

Сүрлэн овоод энэ жилийнх илүү том

Сүмбэр уулс босгоод байна уу л гэлтэй

Намирах тариа дандаа чамтай тоглож

Надаас амжин энхрийлэх шиг үзэгдэнэ

Амилж өндийсэн үндэс, алд өссөн тариа

Амьдралаар цолоо дуудуулан наран зүг дэвж

Намрын найраг - тариан тэнгис, оюутны дуутай

Наадмын дэвжээ шиг түмэн хэлээр шаргиж байна

Тариан сиймхийгээр усгал харц уулга алдаан

Тал дундаас ургах нар шиг урдаас мишээн

Инээвэл чинь чиний шүд

Энэ нарны цаанаас яралзаж харагдан

Инээвэл чинь чиний дуу

Энэ тэнгэрийн гүнээс цуурайлж сонсдон

Насны найраг намайг чамтай хамт бүүвэйлнэ.

1981 он

 

Бүтэн унших бол энд дарна уу.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүмүүний нууц бол сэтгэл. Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт бийг мэдэх болно.
(1 сарын өмнө)
БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(3 сарын өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЦЭЦЭГ ТОССОН БҮСГҮЙ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР