Ангийн хурлын илтгэл


Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийн 1965 оны төгсөлтийнхний уулзалтад

ангийн дарга Г.Лхагваагийн тавьсан илтгэл

1992.07.18                                                                                          Улаанбаатар хот

Эрхэм хүндэт Багш аа!

Анд найз нар аа !

            Ангийн  хурлын зар сонсуут  догдлон хөөрч, хүүхдүүддээ хүрээд очихсон  гэхдээ хөл нь газар хүрэхгүй нойр нь хөнгөрсөн Багш минь газрыг хол гэлгүй бидэндээ тэмүүлэн ирж учирсанд гялайж, уулзалгүй удсан он  жилүүдийн мэндийг хууч  түүхтэй нь хамт Багшдаа өргөн барьж, Таны өмнө хүүхдүүд нь мэхийн ёсолж  байна. Таныг  зовоосон бас жаргаасан тэр  жилүүд , усанд хаясан чулуу шиг сураг алдарсан хоногуудын өмнөөс Багшдаа хүлцэл өчиж, шавь нар нь ямар эцэг эх, өвөө, эмээ болсноо Танд харуулах энэ учралд  талархаж байна.

            Хязгааргүй их далайн ёроолоос эрдэнэ цуглуулахын адил 30-аад жилийн тэртээх алдуул нөхөд эрэл сурал болж  эвлэрч цугларсан энэ  өлзийт өдөр дэлгэж ярих хууч түүх маань дэлхийг дүүртэл  эрээчхэд ч  хүрэлцэхээр  болжээ.

Нэгэн андын эрэлд гарсан Бямбажав П. хүрч очиж асууруун:

-          Лхагважавынх мөн үү?

Өөдөөс нь эгцлэн ширтэх хархүү хээвнэг хариулруун:

-          Мөөн

-          Лхагважав гэртээ байгаа юу?

-          Байгаа

-          Өөрөө хүүхэд нь үү?

-          Үгүй ээ, би өөрөө  Лхагважав байна.

            27 жил нүүр  учраагүй андууд эрэл сурлын  эцэст  биесээ олох нь энэ  ээ. 1965 оны 6-р сарын 15-ны Мягмар гаригийн тэр нэгэн бага зэрэг үүлтэй, цэлмэгдүү дулаан өдөр сургуулиа, сурагч амьдралаа үүрд орхин гучин хэдэн замаар салж одсон багачууд үсэндээ буурал сортой эргэж цугларахын цагт өөр өөрийн өвөрмөц нэгэн амьдралын дардан замыг биеэрээ  урлаж, араасаа дагуулж авчирсан байх юм.

            Хүүхэд цэлмэг нас маань дуутай дэрвэж, Зангадын дуутай  сэтгэл намируулж, ерөөс дуутай хамт өдөлж явсан залуу нас, сурагч ахуй цагийн  цоглогхон дурсамж, бидний хамтдаа бүтээсэн амьдралын алтан үеийн тухай  дурсамж хүн бүхний хувийн өмч мэт нууцхан оршиж, сэмхэн дурсахуй сэтгэл зүрхийг уянгалуулан мэгшүүлж явсан атал өнөөдөр түүнээ нийтээрээ нэхэн дурсах цаг биднийг таалж сэтгэлийг цалгилуулан суух юутай их завшаан гэлтэй. Эгээ л ноолорч нойрмоглон явсаар 7-р ангийг дүүргэж, Тариатын төв Хоргод шилжин сууршихуй дор Өндөр-Улаанаас хэдэн сөөсгөр охид, хөвгүүд ирж сүжрэн ижилсэж, хорвоод хосгүй Хорго Тэрх нутагт нэгэн элгэмсэг ангийн үр хөврөл бүрэлдэж, улмаар  нутаг усаараа  ч, анги, сургуулиараа ч бахархах үр сад хожим төрөх их өлгийг засжээ.  

            Адъяасүрэнгээс Янжмаа хүртэл  зэллэсэн  ангийн цуваааг Рашийн Цогнэмэх хэмээх  залуухан  физикч багш  урагш залж 10 агуу өндөр даваа давуулалцсан бөгөөд сүүлчийнх нь үнэнхүү өндөр даваа байсийм. Энэ даваанаас цааш өд сөд нь нэгэнт гүйцэж ургасан  залуус  амьдралын  харгуйг  өөрийн зоргоор зориглон туулсан билээ.

            Амьдралд биднийг бэлтгэсэн хүн бүхэнд,  ангийнхаа  хүндэт Багшид болон сургуульдаа одоо цохилж байгаа  зүрх бүхэн гүн талархал агуулж байна. Өнөөдрийг үзээгүй  2 сайхан нөхөр маань эргэж харах бүтэн мөртэй, эгцэлж харах бүтэн нүүртэй хүн шиг хүн  яваад зул шиг жаргасан  байх юм.

                        Аяа хоёр нөхрийн маань

                        Орчлонд онголж тахьсан  алдар нь сэрүүн

                        Овгоо мөнхөлж  биеэсээ тасалж  үлдээсэн  үрс нь сэрүүн

                        Олон жилийн тэртээх андын  дурсамж сэрүүн

                        Огторгуйд шингэж  бурхан  болсон  дүр нь  сэрүүн

            Ингэж шүлэглээд  элж  одсон, гундах яагаачгүй дөмөн эрсийн төлөө  өнөөдөр  бид  бүхний сэтгэлд зул бадамлаж байгаа.

            1964 оны 11-р сарын 4-ний өглөө Гочоо, Лхагваа нар 6 цагт босож Янжинг сэрээгээд Хоргоос 6.30-д хөдөлсөн шуудангийн тэвшинд гурвуул дайгдан 10.30-д Цахирт очиж байснаас авахуулаад 1965 оны 11-р сарын 13-ны \Баасан гариг\ 12 цагт ангийн хүүхдүүд мөнгө нийлж талх 2, элсэн чихэр 500 г, алим 1 кг-ыг авч хувааж идсэн, 1965 оны 4-р сарын 24-ний Бямба гаригт Бямбажав Г., Бямбажав П., Бямбаа, Түмэнбаяр, Отгон, Бүжий, Цээсүрэн, Жавзанжав, Дарьсүрэн, Жийзаа, Лхагважав, Лхагваа нар багшийн хамт Мандал толгойн араар зурамчилж 5 нүхэнд ус цутгаад 2-ыг авласан, 1965 оны 4-р сарын 27-ны шөнө 00.15 цагт сурагчдын дотуур байранд Пүрэвнанзад дурсгалын  дэвтэр чимэглэж, Хүрэлчулуун тамхи  татаж  суусан, 1965 оны 11 сарын 21-ны Бямба гаригт Лхагваа, Отгоныг уурлуулж гэмшихдээ ерөөс Отгон уурладаг гэдгийг 10 жилийн  хойно мэдсэн, 1965 оны 12-р сарын 6-нд Сайнхишиг, Лхагваа нар айл хэсэж хэсчхээд гэдсээ даахгүй явсан, 1965 оны 12-р сарын 22-нд /Мягмар гариг/ Янжин, Туул  хоёр дотуур байрны хоолноос хоцорсон, 1965 оны 12 сарын 10-ны Пүрэв гаригт 18.10-20.30 цагт решений консултацаар 19-42 дугаар бодлогуудыг бодож, Бямбажав багшийн бодсон нэг бодлого самбар 7 дүүргэж байсан, 1964.12.12-ны Бямба гаригт Санжрагчаагаар зуруулсан шугам зургийг Өсөхбаяр, Лхагваа нар дамжуулж үзүүлээд хоёул сайн авсан, 1965.01.26-ны 20 цагаас 27-ны 6 цаг хүртэл Пүрэвдорж, Лхагваа нар нэгдлийн граж галлаж хоноод 30 минут дугхийж  хичээлд явсан, 1964.12.09-ны шөнө галлаагүй байранд хоносон хүүхдүүд золтой л осгож үхэх шахсан зэрэг тоолж баршгүй, бас өчүүхэн хэрнээ  хүүхэд цагийн маань итгэл үнэмшил шингэсэн бүхэн  бидэнд  насны дурдатгал үлдээжээ.

            Бидний хамтдаа туурвисан  эгэлхэн сурагч амьдрал маань бусдынхаас  ялгарах  юмгүй, сэв суугаагүй, хир буртаггүй тансагхан сэтгэл эвсэлдсэн, хар хорыг ариулсан хад цуурайтам ариухан унаган инээд, уурласан ч сэтгэлд  булингар үлдэлгүй гэрэл цохисон хальс мэт цэлмэдэг хүүхэд зан, багшийгаа өвчилж хичээл цонхлоход баярладаг гэнэн нас, нэгийгээ  зэмлүүлэхэд бусдын өр нь  өвддөг  монгол ухаан цөм  байлаа.

            Дотуур байрны сурагчдын нэгэн оройн үйл явдлын дүрслэлийг тэмдэглэж үлдээснээр  Өсөхбаяр Д.Даржаагийн “Одон оронд жуулчилсан нь”, Сайнхишиг “Дөлгөөн дон”-ы 2-р боть, Дагийрааз “Тал нутгийн хавар”, Гочоо “Жагар”, Хүрэлчулуун “Монголын уран зохиолын тойм”, Лхагваа “Шерлок Холмосын тухай тэмдэглэл” номыг уншиж  суусан байна. Эндээс хэзээний ухаалаг, тод томрууныг эрхэмлэдэг Сайнхишигийн философийн чамбай сэтгэлгээ, юманд  нухацтай , бодьтой ханддаг Гочоогийн багын  дүр мэдрэгдэж байна.  Гочоо маань уншихын  их хорхойтон байж сургуулийн тэргүүн шагнал хүртэж байсан, яруу найргийг  шимтэн шүтдэг, ухаалаг хошигнол хэлдэг, бие шигээ налгар уужим, сайхан сэтгэлтэй нэгэн  байсаан.

            1965.04.20-ны  өдрийн ангийн  хурлаар Дагийрааз, Доржпүрэв нарыг бут авч,  эвлэлээс хөөдгийн даваанд тулж, 1964.12.03-нд Хүрэлчулуун байрны тасгийн дарга болж, 1964.12.15-нд Бүжий, Отгон, Бадамханд, Өсөхбаяр, Лхагваа  нарыг ангийн идэвхтнээр сонгож, 1965.01.17-ны  ням гаригт эвлэлийн тайлан  сонгуулийн хурал хийж, 1965.01.25-ны 15-17 цагт ангийн хурлаар 2-р  улирлын дүн, сахилга бат, хийсэн ажил, ариун цэврийн талаар ангийн даргын сонсгол хэлэлцэж, 1964.12.25-нд Адъяасүрэн хуульч Сандагийн зохиолуудаар илтгэл тавьж, 1965.02.26-ны 15-19 цагт концерт бэлтгэж, 1965.03.07-нд ангийн анд В.Бямбаагийн зохиомжоор “Чамин бараа, арын хаалга” хэмээх хошин  үзэгдлийг Цогнэмэх багш зааварлан давтуулж, 1965.03.27-нд зам засахаар ангиараа Тэрхийн Цагаан нуурын дээд тал хүртэл явган алхаж, 1965.05.08-09-нд  болсон спортын наадамд 1-р байр 12, 2-р байр 4, 3-р байр 3-ыг эзэлж, сагсан бөмбөгөөр ёстой л үзүүлээд өгчий байхдаа  бид өөрсдийнхөө  тэрхэн  ертөнцөд хир чинээгээрээ л оргилж буцалж байсан байх юм.

            Бидний хүмүүжилд соёл урлагийн нөлөө ямар байсныг дүгнэх нь хүндхэн хэрэг боловч  бөглүү хөдөө нутагтаа бид бас ч хоосон хаягдсангүй. Аравдугаар ангид сурч байхдаа “Давааны аманд”, “Галт тэрэгний цуваа”, “Түмний нэг”, “Мужийн намын хорооны дарга”,”Киевийн охин” 1, 2, “Иван Бровкин атар газарт”, “Аленка”, “Торгуулийн цохилт”, “Догшин  хөлөг  давалгаат далайн дунд”, “Толбот хивс”, “Максим буцаж ирсэн нь”, “Алжирын өдрийн тэмдэглэл”, “Амьдралын цуурай”, сүүлд 1965.05.16-нд “Ардын элч”-ийг үзэж  дунд сургууль дүүргэжээ. 1964.12.06-нд тавьсан “Үүрээр” киног хүүхдэд хориглосон байх юм. Аравдугаар ангид байхдаа нийт 22 орчим  кино үзсэн  шиг байна.  

            Номын ертөнц хүүхэд амьдралын маань мөнхийн дагуул байж улмаар  бидний дундаас хэлний мэргэжилтнүүд төрөн  гарахад ч  нөлөөлсөн биз ээ.  Монголын болон гадаадын сонгодог зохиолуудын зэрэгцээгээр “Тагнуулчийн  жимээр”, “Улаан наран”, “Эрүүл энх, боловсон гэр бүл”,  “Дурлалын тухай яриа”, “Шадар гурван цэрэг”, “Эрлэгийн эзэн ахмад”, “Мөнгөн хазаарын чимээ” гээд хайр дурлал, адал  явдал, баатарлаг үйлсийн тухай амтархан  уншиж, сэтгэлийн  хямрал сэрэл  өөрт  илүү мэдрэгдэж, бид туйлын уянгалаг хөвөлзүүр болж, зөгнөл мөрөөдөлд умбаж байлаа.

            Биднийг тосч байгаа үл үзэгдэх ирээдүйг хамтаараа ч болов нээх гэж хүүхэд ухааныхаа хирээр хичээн оролдож байсансан.

            Ангийн андууд нэг л өдөр таран одохын тов сэмээрхэн наашилж, аргалж гуйсан ч ахин олдохгүй сурагч амьдралын тоотой хоногийг аргадаж бүүвэйлэн битүүхэн гуниглаж, дурсгалын дэвтэр сэм аялуулсан хаврын өдрүүд ээнэгшин, төлжих нахиа, амилах байгаль, зуны эхний борооны дусалтай найрч, бидний  сэтгэл уран зургийн бүх өнгөөр сүлэлдэн байлаа.

            1965.05.21-нд Монгол хэл, 1965.05.26-нд Орос хэл, 31-нд Решение, 06.05-нд  Физик, 10-нд Нийгэм судлал, 14-нд Химийн шалгалт өгч  сурагч амьдралаа хүүхэд гараараа даллаж үдсэн билээ.

            Энэ өдрийн  тэнгэр гүн цэлмэг, нар бадран гийж бидэнд их зөн совин билэгдэн зуны өдөр яруухан байлаа. Энэхүү үлэмж бадрангуй түүхээ бидний хэн нь ч зөнд нь орхиж сэвтүүлээгүй бөгөөд бидний үдсэн тэр өдрийн совинг дагаж дор бүрнээ амьдралд байраа онож олжээ.  

            Бүр 10 жилийн босго давж гараагүй байхдаа л Цээсүрэн, Пүрэвнанзад, Сумъяасүрэн гээд  улсын зэрэгтэй тамирчид төрж, Цээсүрэн маань улсын  аваргын тэмцээний хүрэл медаль энгэртээ гялалзуулан анги, сургуулиа  мандуулж эхэлсэн нь ангийнхны алдар гавъяаны замыг нээсэн байна. Арван жилд физик, математикийг номхотгож явсан ухааны нь чац Уралын Политехникийн дээдэд улам задран бойжиж,  хожим цахилгааны аварга том үйлдвэрийг өөд татахуйц олон ухааныг олж нээсэн ангийн анхны  шинийг санаачлагч, анхны дэд сайд, БНМАУ-ын Засгийн газрын анхны Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж угаасаа цоорхой төрсөн нэгэн бөгөөд  хожим нь төрийн жолоог барилцах хүү бидэнтэй тохой нийлүүлэн хүн болсон ба эдүүгээ анги, сургуулийнхаа алдар хүндийг бахархалтай дээдэлж явна.

            Монгол орны  хувь заяаг тодорхойлж буй аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, зам тээвэр, холбооны салбарын үйл ажиллагаа эдүгээ нөхрийн маань оюун ухаан, авъяас чадвараар  удирдан зохицуулагдаж, түүх хөрвөж төлөг төөрсөн энэ хүндхэн цаг үед төрийн их ачаа үүрэх сод хөвүүнийг эцэг эх төдийгүй манай анги, сургууль төрүүлсэн бөгөөд тэрээр биднийг урд хойд  хөрштэй холбож улсын нурууг хотойлголгүй авч явна.

            1965.05.27-ны Пүрэв гаригт  бид хүний зэрэгт хүрч төрийн хэрэгт оролцон анхны сонгууль өгч байхад насанд хүрээгүй явсан жаахан банди өнөөдөр сэргэн мандсан төр засгийнхаа их үйлсэд зүтгэх хүртэл бид  амьдралын их зам туулжээ. Дэмид, Лосол нараас хойш тасарсан архангайчуудын төр барих эрдмийг өвлөн залгах шинэ Монгол улсынхаа  Засгийн газрын шадар сайдын  тэнгэрлиг албаны эзнийг сум, сургууль, ангийхан, багш  цөм элбэж хүн болгосон юм.

            Бидний эрхэм дээд бахархал, сурагч ахуйн зөн билэгт зүүдэндээ ч  тодруулж  чадаагүй баатар, ухаант андын маань нэг, эдүгээ Монгол Улсын  төрийн соёрхол цоллуулсанд  тооцогдох зоотехникч Ванчинсүрэнгийн Бямбаа улс гүрэн, ард түмнээрээ  үнэлэгдэх мөнхийн  бүтээл туурвисан билээ. Ийм  нэгэн алдар суутан тэгэхэд  охид хөвгүүдийн дунд үлгэрт гардгийн адил нуугдаж байсан  юмсанж. Доктор Ванчинсүрэнгийн Бямбаа маань шинэ Монгол улсын Үндсэн хуулийг батлалцаж ангиасаа тодорсон  анхны  Ардын Их хурлын депутат, анхны  сум нэгдэл, сангийн аж аж ахуйн сайн дарга, эдүгээ эрдмийн бүтээлээ туурвиж аанай л завгүй, хүүхэд ахуйн туйлын хөдөлмөрч хичээнгүй, өөрийгөө шаардаж  хөдөлгөж амар заяа үзүүлдэггүй нухацтай шаргуу чанараа яг л сурагч үеийнх шигээ хадгалан үлджээ.

Аливаа юмны  учир лаваа гэдэг ихээхэн холын хараатай ажгуу. Гадаад газар сурахаар түрүүлж одсон Бямбажав П, Пүрэвдорж, Сайнхишиг, Лхагваа дөрөв 1965 оны  6 дугаар сарын 29-ны өглөө аймгийн төвөөс АН-2 онгоц гурвыг хөлөглөн агаарт дүүлэхдээ ангийнхныгаа араасаа  дагуулсан  хараацай  байжээ. Тэд эргэж  буухдаа бас ч ганзага хоосон байсангүй.

            Пүрэвбазарын Бямбажав маань цэргийн өндөр зиндааны мэргэжилтэн, радио-холбооны инженерийн давхар мэргэжил эзэмшсэн, байлдааны гавъяаны  улаан тугийн одонт  цэргийн алдар гавъяатан, дэд хурандаа, Чойжилсүрэнгийн Пүрэвдорж  дээр өгүүлсэнчилэн билгийн мэлмий нь нээгдсэн төрийн том  зүтгэлтэн, Гончигийн Сайнхишиг философийн ухааны эрдэмтэн, ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, дэд хурандаагийн өндөр хишиг хүртэж, Гүррагчаагийн Лхагваа техникийн  ухааны дэд эрдэмтэн, яруу найрагч гэгдэн өөрсдөөсөө түрүүлж нисгэсэн нөхдийнхээ, сургуулийнхаа итгэлийг хөсөр гээгээгүй билээ. Энэ замаар манай  ангийнхан зориг шулуухан аялцгаааж дор бүрнээ хийсэн бүтээснээ  ам дүүрэн дэлгэн хүүрнэх үлэмжхэн хууч түүх туурвижээ.

Ч.Пүрэвдоржоос 1965.11.02-нд хүлээн авсан  нэгэн захидалд:  “Нустай шар тос  холилдож, үгүй яанаа гэсээр шар шувууны нуруун дээр сууж Толгойтын Тоосгоны завод хавьд эргэлдэнэ” гэж нөхдийнхөөө хаягийг Лхагваад уламжилсны дагуу тэр бээр тэр дор нь гурван андад захиа бичиж илгээсэн байх юм.

Ийнхүү Гочоо, Юра, Жавзанжав, Хүрэлчулуун, Жийзаа, Чойжилсүрэн, Адъяасүрэн, Пүрэвнанзад нар маань  хэзээ ч бидний төсөөлж байгаагүй тоосгочны ариун хөдөлмөрөөр ажлын гараагаа эхэлж их барилгатай амьдрал холбосноос хойш хүн бүр хос мэргэжил эзэмшиж,  барилгын гурван инженер төрснөөс Юра маань тэрбумаар хэмжигдэх тоосго үйлдвэрлэсэн инженер болтлоо яруу сайхан зам туулжээ. Нөхрийн маань хөдөлмөр шингэсэн энэ их  тоосгоор ноосон эдлэлийн  “Говь” комбинат, Олон улсын геологийн экспедиц, Геологийн төв лаборатор, Чингис зочид буудал, Шинжлэх ухаан-Соёлын төв өргөө гээд  тоолшгүй  барилга  сүндэрлэн босжээ.

Ардын армийн шагналт барилгачин, дэд хурандаа Д.Дашдовдонгийн удирдлагаар Засгийн газрын ордны өргөтгөл, Гадаад худалдааны  яамны барилга, Том шир, Мебель картон, Мод боловсруулах комбинат, Гутлын үйлдвэр зэрэг 10 гаруй  үйлдвэр, ордон шилтгээн  сүндэрлэн босч, улсын тэргүүний геологич Лхачингийн Өсөхбаяр маань хайгуулчийн эрхэм мэргэжилдээ хаан сууж  эдүгээ шил, болрын түүхий эдийг олж илрүүлсний дагуу үйлдвэр барьж эхэлсний дээр гөлтгөнийг дотооддоо хангах ажлыг зохион байгуулсны ачаар Дархан, Дорноговьд альбестрийн үйлдвэр, Хөтөлд цементийн үйлдвэр  байгуулагдан их барилгын амин чухал хэрэгцээг хангаж байна.

1964 онд Хоргын арван жилийн хоёр давхар байшин босоход тэнгэрийн багана мэт гайхацгааж байсан  бидний дунд  эх орондоо ихийг бүтээх их барилгын эзэн 9 сурагч өсөж торниж байсан байх нь ээ. Тухайн  үедээ уншсан номынхоо хэмжээнд мэргэжлийг ойлгож ядан суусан ангийнхан маань 25 мэргэжилд эзэн  сууж, давхардсан тоогоор багш, сурган хүмүүжүүлэгч 8,  цэргийн мэргэжилтэн 5, жолооч 4, барилгын инженер 3, эмнэлэгийн ажилтан 3, эмч 2, ардын аж ахуйтан 2, багийн дарга 2, нийтийн  хоолны ажилтан 3, мөн худалдааны мэргэжилтэн, философич, геологич, криминалист, сэргийлэгч, хэвлэлийн ажилтан, жүжигчин, санхүүч, зураач, хөдөө  аж ахуй, цахилгаан, хүнсний үйлдвэрийн инженер тус бүр 1 байна.

Манай ангиас Ардын гэгээрлийн хийгээд шинжлэх ухааны ба хүнсний аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, улсын тэргүүний геологич тус бүр нэг, шинжлэх ухааны доктор 1, доктор 2, аж үйлдвэрийн зөвлөх инженер 1, яруу найрагч 3, зураач 1, осолгүй манлай тээвэрчин 1, дэд хурандаа 4, алдарт эцэг эх 5 төржээ.

Ангийн шилдэг сайчууд маань байлдааны гавъяаны улаан тугийн одон 3, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2, Алтан гадас одон 4, Хөдөлмөрийн  хүндэт медаль 2, бусад  шагналаар шагнагджээ.

2004 онд Архангай аймгийн  Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол улсын Засгийн газрын Шадар сайд агсан Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн нэрэмжит болголоо.

Ангийнхаа багшийн 60 насны ойд бэлэг болгож тухайн үедээ 50 000 уншигчтай  “Хонгор зул” сонины  нэг дугаарыг арван жилийн ангийн сонин  байдлаар гаргасан  билээ.

 (Дараах бүтээлүүдийг 2023 оны байдлаар шинэчлэн гаргасан болно). Бидний бүтээл ундарсаар агаад андууд маань Ардын их хурлын депутат, Засгийн газрын шадар сайд, Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, сангийн аж ахуйн дарга зэрэг тус тусын мэргэжлийн чиглэлээр алба хашиж, малын шинэ үүлдэр гарган авч (Монгол улсын Төрийн соёрхолт “Сэлэнгэ” үүлдэр), төрөл бүрийн ашигт малтмалын төсөл 40 гаруй,  барилгын материалын ордын шинж чанар, нөөцийн судалгаа 45, судалгааны ажлын тайлан 35 бий болж,  30 гаруй ажил үйлдвэрлэлд нэвтэрчээ.

Шинжлэх ухааны ном зохиол 17, яруу найргийн ном 7, уран сайхны нийтлэлийн ном 2, эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл 105-ыг нийтлүүлж ард олныхоо хүртээл болгожээ. Шинжлэх ухааны 10 гаруй бүлэг нээлт хийгдэж заримыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсний дотор хүн бие дааж өөрийгөө эмчгүй эмчлэх квант технологи, бие махбодийн дотоод эрчмийг ашигтай ажилд хувиргах квант технологи, хүний биед өндөр температур үүсгэх квант технологи, язгуур ба ухамсрын боловсролын квант технологи, хүн ба хүний хөгжлийн цогц шинэ баримтлал, бие махбодийн энергийн хуулиуд ба хоолзүйн онолын шинэчлэл, хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг томоохон нээлтүүд, мөн зохиогчийн эрх хамгаалагдсан бүтээл 9, патент 8 бий болсноос зарим нь гадаадад хэвлэгдсэний дээр Герман улсын шинэ бүтээлийн патент авч, Дрезден хотын Техникийн их сургуулийн 150 жилийн ойн шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.

Бидний  даруухан амжилтын ойрын  жишээ  ийм  бөгөөд бид бүгд хийж бүтээх насныхаа ид үетэй золгож, амьдралын туршлага, ажлын урам биед шүглэж, нэг үгээр хэнхэг залгаж, үр хүүхдийн маань түрүүч эцэг эхийн халааг өвлөж авах  насанд хүрч торнижээ.

Хонь хургыг ижлээс нь салгасан мэт биесээ санан гэгэлзэж, Лхагваагийн тэмдэглэснээр 1965 оны 10-р сараас 1966 оны 3-р сар хүртэлх тавхан сарын хугацаанд ангийхнаасаа 39 захидал авч 63-ыг бичиж явсан исгэсэн айраг шиг оргилуун үе маань юутай  цэнгүүн агаад галт уулын халуун хайлш хэт уярч дуулж явсан нас юутай гайхамшигтай.

Нэг насны ерөөлөөр ийнхүү багш, шавь барилдаж, бид хэд амьдралын туж нэг ангийн хүүхэд гэлцэн  өтөлсөн ч өөр хоорондоо хүүхэд мэт явах хувь зохиол юутай бахдалтай. Даргилан давалгаалж явсан залуу насаа бид тэр  жилийнх шигээ үдэж  ач зээ тэвэрсэн цагийн энэ  туужийг хүүрнэж сууна.  Ач  зээгээ  өндийлгөж  гучийн бараа харахын  цагт  ангийн өргөтгөсөн хурлыг тэднээ  байлцуулан  хийж сэтгэлээ цалгилуулан суухын билиг ерөөл орших болтугай.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ