ДЭЭД БЯСАЛГАЛ БА ХҮМҮҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ БОЛОМЖ


Г.Лхагваа (ШУ-ны доктор, профессор)

“Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Сэтгэлийн хүч маш их болохоор Диваажины орныг бүтээж, Эрлэг тамын орныг эвдэж чадна. Аливаа бүхэн цөм энэхүү сэтгэлд л байгаа юм” /Гимлайн нуруунд бясалгасан нь, 4-р боть/ гэж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нэгэнтээ хэлсэн билээ. Тэрээр 1987 онд Тайбэйн Шиньдяньд ном тайлахдаа: “Гималайн нуруунд их олон бясалгагч сууж байна. Тэд нэг хоёрхон жилээр бясалгахгүй, хэдэн арван жил, зуун жил, мянган жилээр бясалгадаг. Тэдний заримынх нь нас асанги галавтай чацуу. Тэд бидний оршиж байгаа дэлхийн бөмбөрцөг буй болохоос эхлээд одоо болтол амьдарч байгаа юм. Тэд хэдийгээр хэдэн мянга, сая жилийн настай боловч хорин тав буюу гучаад настай юм шиг залуухан харагдана. Тэд маш нууц номын ёс болох Аръяабалын номын цогцыг хамгаалж байна” /Моломын үүсвэр, 4-р боть/ гэж айлдсан юм.

Хүний болон түүний хөгжлийн дээд мөн чанарыг таньж мэдсэний үндсэн дээр гүн гүнзгий сэтгэлгээний хөгжлийн үр дүнд Дээд буюу Аръяабалын бясалгал их эрт бий болж эдүгээ хүртэл хамгаалагдан уламжлагджээ.

Бясалгалын мөн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь бидний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хүчний түвшинг дээшлүүлнэ, хөгжүүлнэ гэсэн  хоёр санаа үүдэн гарч байна. Тэгэхлээр хүний хөгжил гэдэг бол энергийн хөгжил юм. Үүнтэй дүйцүүлэн бодвоос бясалгана гэдэг бол өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг юм.

Олон бясалгалын мөн чанар нь эцсийн үр дүнд ямар түвшинд хүрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бүрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хөгжүүлэх зэргээр тодорхой шатанд хүнийг өөд татах нь зайлшгүй. Гагцхүү аль шатанд хүртэл хөгжүүлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хүрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.

А.Эйнштейны онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог байна. Чухамдаа энергийн энэхүү хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүнийг гэгээрсэн хүн, энэхүү үйл явцыг гэгээрэл гэнэ. Өдгөө цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор  гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө эдгээр гурван цагийн бүтээгдэхүүн юм.  Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг юм. Сансрын олон хэмжээс уруу нэвтрээд гарахлаар ертөнцийн буюу физик вакуумд орж байгаа хэрэг юм.  Энэ вакуумд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор оршиж байдаг аж. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд үйлчилдэггүй. Бүх юм, бүх цаг нэг дороо учраас бүгдийг зэрэг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм уруу орж байгаа хэрэг юм. Ийм хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн хүн л тэр аугаад хүрч чадна.  Тэрхүү физик вакуумыг эдүгээ торсион орныг зөөгч гэж үзэж байгаа ба ингэснээр ертөнцийн биет нь  цахилгаан-соронзон хүч, таталцлын буюу гравитацийн хүч, атом ба түүний бичил хэсгүүдийн хооронд үйлчлэх сул ба хүчтэй харилцан үйлчлэлийн хүч гэсэн 4 хүчний нөлөөнд оршино гэх үзэлд нэмэлт орж, эд бүгд нэг эх үүсвэртэй, тэр нь физик вакуумд үйлчлэх тав дахь хүч буюу торсион орон гэж үзэж байна. Мөн хий, шингэн, хатуу, плазм гэсэн бодисын 4 төлөв дээр вакуум /торсион/ гэсэн 5 дахь төлөв бас оршиж эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сүнс/ болохыг онолын физик нэгэнтээ зөвшөөрөөд байна /С.Хүрэлсүх, С.Очирсүх, 2005/. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1см3 эзлэхүүн дэх нягтрал нь атомын цөмийн нягт /1014 г /-тай харьцуулахад төсөөлшгүй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоосон  /А.Туваанжав, 2004/. Тэнд хүрэхийг дорно дахины гүн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ төсөөлшгүй орчныг Чин Хай Багш тодорхойлохдоо: “Хэрэв давхарлан өмсөж байгаа билэгт цогцын хувцсаа бүгдийг  нь тайлж хаявал сүнс маань нүцгэрнэ. Тэр үед сүнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад, нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж үгүй болно. Энэ нь тун өндөр зэрэгт хүрснийг харуулж байгаа юм. Ийм сүнс хааяагүй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, Замбуулингийн оронд ч, Буддагийн оронд ч байна. Тэр үед “хотол зохилдогч” болж хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг /Будда хэрхэн эгэл хүн болох вэ, 4-р боть/. Энэхүү түвшинд зөвхөн бясалгалын ачаар сүнсний хөгжлөөр хүрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгүй юм.

Ийнхүү Дээд бясалгалын эцсийн дүн нь хүн өөрийгээ нээж олох явдал юм байна. Оюун санааны хувьд явагдаж байгаа бүхэн нь энергийн түвшинд болж байгаа зүйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хөгжлийн үйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сүнс буюу цөм энергийн түвшинд болж байгаа процесс юм. Улмаар энэ бүхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн түвшинд болж байна гэсэн үг. Эсийн удирдлага, хөтөлбөр болж  байгаа хэрэг.

Бидний бие 70-100 тэрбум эсээс бүтдэг. Тийм их амьд биетийг удирдах хөтөлбөрийг бид бясалгалаар өөрчлөн хөгжүүлж болдог гэсэн үг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол  сүнсээ төдийгүй физик биеийг хөгжүүлэх хэлэхийн аргагүй асар ач холбогдолтой дадал юм. Хүмүүн бээр зуун зуунаар хэрэгжүүлж ирсэн гайхамшиг юм. Өдгөө хүн төрөлхтөн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь  үүнтэй холбоотой.

Бясалгал нь тухайн хувь хүн өөртөө, өөрийнхөө төлөө, хүн зоны төлөө оюуны их хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.

Энерги бол юуны түрүүнд мэдээллийн үр дагавар, үйлдлийн үр дүн гэж ойлгож болно.  Энэ мэдээлэл буюу үйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай. Энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бүхнийг зохицуулах ба үүнийг мэдчихвэл хүн өөрөө өөрийгээ хялбархан удирдчихна. Энерги хямрахын хирээр улс оронд ч, хувь хүнд ч зовлон гамшиг нүүрлэнэ. Материаллиг зүйл тархинд нь овоолоостой, материаллиг зүйлээр сэтгэл нь чихээстэй хүн хаанахын хэн ч бай ялгалгүй энергийн хямралтан юм.  Энэ нь гай түүтгэрийн үүдийг нээдэг түлхүүр юм. Энерги хямарч, бохирдож доройтохыг бузартах гэнэ. Үүнийг бас ад хорлол ч гэдэг. Бясалгал бол энергийн биетийн удирдлага, эс бүрийнх нь программчлал буюу удирдлага нь юм. Удирдлагын энэ тогтолцоо алдагдсан, эс бөгөөс үүнийг ухаарч мэдэхгүйгээс бий болсон сөргүү мэдээлэл /энерги/ үүсэх синдром /солиот дадал/ нь нэг төрлийн ад хорлол юм. Ийм хүмүүнийг ад шүглэсэн хүн гэж нэрлэдэг. Үүнийг ном уншлагаар засчих арга мөхөс, гагцхүү бясалгал л аврана. Үйлдэл ямар бол энерги, үр дагавар нь мөн тийм байна. Энэ хоёр үзүүлэлт шууд хамааралтай гэж ойлгож болно. Ийм болохоор энергийн хууль шиг хатуу, бас байг яг онож үйлчилдэг өөр хууль байхгүй. Яг бууны сум шиг тусна. Энэ өгүүлэл хэн нэгэнд аятай сэтгэл үүсгэж байгаа бол та аядуу сайн энергитэй юм байна. Баяр хүргэе. Харин хилэн үүсгэж эмлэрэмгүй байгаа бол таны энерги сөргүү /хар/ талдаа байна гэж оношлоорой. Үүнийг бас хорлол ч гэдэг. Танд ном, лам тус болж магадгүй ч бясалгалаас илүү нь үгүй. Харамсалтай нь бясалгал танаас даан ч хол зайтай байна даа.

Нэг юмыг хоёр өөрөөр хүлээж авахыг одоогийнхоор үзэл бодол гэдэг. Энэ нь эергүү, сөргүү энерги гэсэн үг. Эдгээр энерги харшилдсанаас /үзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хүнгүй үзэл бодлоо энэ өгүүллээр оношлоод үзээрэй. Хариу нь зөв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны үзүүрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм. Хүмүүний амьдрал хоёр хэсгээс бүтдэг юм байна л даа. Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаах нь дараа насны буюу сүнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хүн амьдралаар нотолсон зүйл тул үүнтэй маргах нь илүүц юм. Энэ түвшинд хүрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас үүсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болно. Энэ асуултанд термодинамикийн I хуулийн 1 ба 3-р заалт хариу хэлнэ. Энэ нь энергийн биет болох хүмүүн /шууд утгаараа энерги/ оргүй хоосноос бий болохгүй гэсэн 1-р заалт. Тэгвэл юунаас үүсэлтэй вэ гэхлээр “энерги нь устаж үгүй болохгүй /2-р заалт/, тэгэхээр хүн устаж үгүй болохгүй нь/, гагцхүү нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ /3-р заалт/” гэснээс үзвэл хүн ямар нэг энергээс үүсэх тухай заалт юм  /энэ нь энергит бусад аливаа биед нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цөм буюу хамгийн гол амин хэсгийг  сүнс гэдэг. Тэгэхээр хүмүүний үүсэл сүнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчилан хүмүүн /энерги учраас/ устаж үгүй болохгүй болохоор хүмүүний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сүнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ өөрчилнө” /3-р заалт/ гэсэн хуулийн заалт байж  байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хүмүүн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу үйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн үйл нь эергүү энергийн утгад, муу үйл нь сөргүү энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая хууль үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын үйлчлэл нь та энэ насандаа ямар үйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн үйл хурааж  арвижуулсан бол санаа амар байх нь. Өндөр дээд түвшний энергийн дамтамжинд аяндаа очиж нийлэх нь. Үүнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хүмүүний хүрч дээшилж болох таван их ертөнцийн эхний хэсэг юм. Цаашихыг Бурханы орон гэнэ. Эхнийх нь асурийн ертөнц бөгөөд энэ нь 120 гаруй дэд ертөнцөөс бүтдэг байна. Энгийнээр 120 гаруй энергийн долгионы түвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гарахуйцаар өөрийгээ /сүнсээ/ хөгжүүлвэл хоёрдугаар ертөнцид хүрнэ. Энэ нь басхүү олон дэд ертөнц /долгион/-өөс бүтдэг юм байна. Энэчилэн цааших олон дэсийн ертөнцийг Бурханы орон гэнэ.  Харин энэ насандаа “Санаа муут яван хатна” гээч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн өчүүхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энүүхэнд унахнээ. Үүнийг там гэх бөгөөд 22 муухан долгионы түвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зүйл гэвэл нь “энерги устаж үгүй болохгүй” тухай дээрх хуулийн 2-р заалт юм. Энэ нас дууссаны дараа 3-р заалтын дагуу сонгогдон байрлах газартаа 2-р заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж үгүй болохгүй хойно/ сүнсний амьдралаар амьдарна гэсэн үг. Тийм болохоор мөнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, түрүү үеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсаны учир тайлагдаж  байгаа нь энэ. 

Жирийн нөхцөлд хүний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг /Б.Болдсайхан, 2005/ нь энэхүү материаллиг ертөнцийн үйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, түрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хүч нь сансрын энергийн доод түвшинд байж оюун ухааны дээд түвшинтэй холбогдох ямар ч боломжгүй гэсэн үг юм. Дурын нэг агшинд хүний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг /Тони Бьюзен, 2004/ нь материаллиг ертөнцийн материалжсан үйл ажиллагааны зовлонг өгүүлж байгаа хэрэг юм.  Хүний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа түвшинд 1 секундэд 7 удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета түвшинд давтамж нь 4 болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дүрслэх үед  холбоо тогтоож, дельта түвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дүрслэх үед бүрэн холбогдоно /Б.Болдсайхан, 2005/. Энэ байдал цаашид гүнзгийрэн лавшрахыг  самади агуулах буюу өөрийгээ огоорох үзэгдэл гэнэ. Самадид орохын нэг жишээ бол өнөөгийн шинжлэх ухааны үзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гаргасан түүний шарил юм.  Унтаж байгаа хүн шиг түүнд үхлийн шинж тэмдэг огт байгаагүй байна. Үүнийг өөрийгээ огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том үр дүн юм. Бурханы ухамсарт автан оршиж байгаа дүр гэсэн үг. Ухамсраараа өөрийгээ захирахын үлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хүн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнүүд олж олон зууны турш хэрэгжүүлсний нэг жишээ нь энэ юм. Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгүй мухардаад байгаа тэр Итгэл хамба маань бясалгалын өндөр дэсэд хүрсэн, сүнсний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хүн байхнээ.

Дараагийн үзэгдэл бол хүний хоёр тал тархины баруун нь зүүнээсээ  дутуу хөгжсөн явдал юм. АНУ-ын ихэнх мужийн хүн амын дунд явуулсан судалгаагаар хүмүүс цагийнхаа 70 хувийг зүүн тархи ажиллуулах зүйлд, ердөө 30 хувийг нь баруун тархи ажиллуулах зүйлд зарцуулдаг ажээ. Энэ нь математик, хэл, логик, дүн шинжилгээ зэргээр хэт хөөцөлдсөнийх гэж эрдэмтэд үзсэн бөгөөд баруун тал тархины үйл ажиллагаанд холбогдох дүрслэл, өнгө, хөг айзмын мэдрэмж  бага хөгжсөн байна. Профессор Орнстейн баруун тал бөмблөгийг  зүүний түвшинд аваачих туршилтаараа нэг тархи нөгөөтэйгээ нийлэн ажиллахад үйлдлийн үр дүн нь  тооцоолж байсан шиг 2 дахин бус харин  5-10 дахин нэмэгддгийг тогтоосон байдаг /Тони Бьюзен, 2004/. Энэ үзүүлэлтийг бясалгалаар бий болгож  болно гэсэн үг.  Тархины судалгааны өөр нэг мэдээгээр хүмүүн /бас дельфин, халим/-д хожуу үүссэн хоёр тал бамбөлөгийн дээд буюу ухамсарлагч, оюунлиг шинэ тархи /анагаахын хэлээр төв доод тархины хэсэгт хунирсан атираат хавхаг/ нь оюуны үүргийг гүйцэтгэдэг бөгөөд доод тархи буюу ухамсрын нөлөөнд ажилладаг зөнч, сэтгэл хөдлөлийн хуучин тархи нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, биеийн хэм, цусны даралт, химийн тэнцвэр, хоол боловсруулалт, сэтгэл хөдлөлийг хянаж байдаг. Хувьслын явцад доод тархи  нь доод төрөлт амьтны хувьд ноёрхогч байдалтай болсон гэж үздэг. Харин бясалгалаар дээд буюу ухамсрын тархи нь доод тархиа хөтлөх боломж бүрдэх юм. Энэтхэгийн йогч Свами Рама 1970 онд Канзасийн Фонд Меннинжерт болсон оюун ухаанаар биеийг удирдах эрдэмтдийн туршилтанд оролцож тархины долгион, амьсгалын хэм, арьсны хариу үйлдэл, зүрхний ажиллагаа, биеийг дулааныг хянаж, цусны эргэлтээс зүрхээ салгаж, биеийн баруун зүүн хэсгийн дулааныг сольж өөрчилж  үзүүлсэн юм. Тайван бөгөөд гипноз /хагас унтаа/-ын төлөв нь дээд, доод тархины хооронд чөлөөтэй хурдан холбогдох боломж  бий болгодог байна. Энэ үр дүнд бясалгалаар хүрэх боломжтой юм. Профессор Розенцвейгийнхаар хэрвээ тархийг өдөөж  /мэдээж зөв өдөөх хэрэгтэй/ байвал наснаас үл хамааран тархины торны тэмтрүүлд сэртэн бий болж, тархины холбоосыг нэмэгдүүлдэг байна. Бясалгалын үед тархины цусан хангамж  35% нэмэгддэг хийгээд Нью Йоркийн телефон харилцааны компаний ажилчид өдөрт 2 удаа 15-20 минут бясалгаснаар бүтээмж нь ихэссэнийг тогтоосон байна.

Атлантидийн болон түүнээс өмнөх үеийн хүмүүст байсан гуравдагч нүд буюу билгийн мэлмий дотоглож ширгэхдээ толгойн орой /зулай/-гоос  доош босоо чиглэлд, гуравдагч мэлмийгээс арагш хэвтээ чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж  тогтсон гэж зарим эрдэмтэд үздэг /Э.Р.Мулдашев, 2005/. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтхий эсүүдтэй болохыг судлаачид тогтоосон бөгөөд эдгээр мэдрэг эсүүд нь нүдний торлогийн адил харах чадвартай учраас чухамхүү энэ чадавхийг нь бясалгаж хөгжүүлснээр хүмүүний гэрэл мэдрэх чадавхийг хөгжүүлэх бас нэг боломж юм. Уг булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал үүсэхээс сэргийлж, цусны даралт унах, зүрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийгсдийн цусанд энэхүү булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдгийг бас тогтоосон. Сэтгэцийн өвчтөнд энэ даавар жирийн хүнийхээс багасдаг. Мелатонины ялгаралт ихсэхэд хүн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах үйлдэлтэй эм хүртэл гаргаад байгаа. Энэ үүднээс бясалгал нь эрүүлжүүлэх нөлөөтэй юм.

Гэхдээ бясалгалын гол асуудал бол эрүүлжих мэтийн физик биеийн хүрээний багавтар үр дүнд хүрэх явдал огт бус, харин сүнсний энергийг хөгжүүлэх явдал юм. Сүнсний хөгжлийг хангах нь бясалгалын хамгийн гол зорилго, гол үр дүн мөн. Сүнсийг материаллиг хүлээснээс нь чөлөөлж сэтгэлгээний хүрээнд хөгжүүлэх нь сүнсний хэрэгцээ юм. Үүнийг бясалгалаар бүтээдэг юм байна.

Ертөнцийн хүнийх магадгүй 90 гаруй хувь нь шугаман сэтгэлгээ юм. Шугаман гэдэг нь оролт, гаралт нь мэдэгдэж байна гэсэн үг. Бясалгаад та эрүүлжинэ  гэх жишээтэй. Гэтэл бясалгал маань өөрөө ийм нэг шугаман хамааралд харъяалалгүй, орон зайн сэтгэлгээний асар том үйл явц юм. Харин хүн болохоор шугаман сэтгэлгээтэй хирнээ шугаман хамаарлын хамгийн гол хуулийг мартсан байна. Өөрөөр хэлбэл бие махбодийн болон сүнсний энергийн байдал нь хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйлтэй шууд хамааралтайг умартжээ. Энэ нь хүнийг хүн-робот болгосон байна. Тиймдээ ч XIII, XXI зууны монголчууд хоёр өөр хүмүүс юм. Өмнөхөд нь шугаман бус сэтгэлгээ амьдралын бүх хэлбэрт тууштай нэвтэрсэн байж л дээ. Тэгвэл өнөөгийн хүний тархи, компьютер хоёр хоёулаа компьютер юм байна. Түрүү үеийнх нь арай дээр байж. Компьютерийн хөгжлийн дүнд багтаамжийг нь 1 мм зайг 1000 –аас одоо 1 сая болтол шахах боломжтой боллоо. Харин бид өөрийн компьютер /тархи/-ийг ингэж  ашиглавал сүнсний хөгжлийн өндөр түвшинд хүрнэ. Компьютерт атомыг атомаар нөхөж  багтаамжийг нь ихэсгэж байгаа бол хүмүүнд ийм хэрэгцээ байхгүй, байгаагаа зөв ашиглавал болчих нь тэр. Компьютерийн мэдээллийг нэг чиглэлд нэвтрүүлэх асуудлыг шийдсэн нь харин хүнээс давуу юм. Хүмүүн энэ сул талаа өөрчилж, анхаарлаа шулуутгаж, “Би”-гээс түр ч болов салж хагацаж чадвал сул талаа харин ч давуу тал болгож болохнээ.

Бясалгалаас ийм тийм үр дүн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагүй юм. Ихэнх зүйлийн хариуг бид төсөөлж мэддэг шугаман сэтгэлгээний үйлдэлтэн юм. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зүйл.  Энэ нь өнөөгийн бүх хөгжлийн, түүний дотор хүмүүний хөгжлийн чөдөр тушаа юм байна. Бясалгалын явцад хүмүүнд өөрт нь урьдаас хэлж таах аргагүй олон процесс, үйл явц аяндаа өрнөж, эмх замбраагүй байдалд орж, тэндээсээ аяндаа эрэмблэгдэх зэргээр санаснаас хавигүй өөр үр дүн гарна. Энэ үйл явц нь бясалгалын арга бүрд, бясалгагч бүрд адилгүй учир нэг тийм юм болно гээд урьдаас төсөөлчихвөл тэр юмнаасаа хэтрэхгүй, өөрөөр хэлбэл шугаман бус хамаарал алдагдаж, хайрцаглагдсан шугаман үр дүн гарна. Нөгөө нэг зүйл бол зөвхөн дээд бясалгалаар дээд үр дүн гарна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Өнөөгийн шинжлэх ухаан бүхэлдээ махан бодид төвлөрсөн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн үүсэлтэй физик бие,  мах, цусны систем төдий юм. Түр настай, тордлого авах боломжгүй систем юм. Тийм болохоор гени /удамшил/-ийн кодыг бүрэн нээгээд ч, хүнийг хувилаад ч үр дүнгүй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар өнөөдөр хүн төрөлтөн оносон философгүй, нийгмийн зөв онол хуульгүй, хүнтэй холбоотой бүхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хөгийн тоглоомондоо улайрч, материаллиг зүйл уруу үхэлдэн тэмүүлцгээж, бүр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллиг ертөнцийн буюу зах зээлийн хуулийг хүний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Үүгээр хүмүүний үнэн төрх, мөн чанар дуусч байгаа юм. Ингэж хүн-роботыг хоёр зууны өмнөөс бүтээжээ. Тэр цагаас хүн сэхэл авах тэнхэлгүй, өндрөөс шидсэн чулуу шиг доройтож байна. Үүнийг дорны сургаальд “цөвүүн цаг” гэж нэрлэж. Хүн-роботын хувьд цөвүүн цагийн 5 үзүүлэлт болох буруу үзэл дэлгэрэх /үзлийн цөв/, уур омог, шунал тачаал, атаа жөтөө зэргээр сэтгэл санаа муудах /нисваанисийн цөв/, өвчин тахал, ган зуд, дайн дажинд нэрвэгдэх /цагийн цөв/, насан хутаг, заяа буян хомсдох /насны цөв/, өнгө зүс, бие бялдар, сэтгэхүйн чадавхи доройтох /амьтны цөв/ явдал биеллээ олж  буй хэрэг юм.

Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал, гэгээрэл, ухаарал юм. Хүмүүний өөрийн оролдлого, хичээл зүтгэл нь аяндаа өөрөө гэгээрэл, тэр хүмүүн бээр гэгээнтэн юм. Оролдлого, чармайлт гэдэгт мэдээж хэрэг байшин барьж мөнгө олох гэхчилэн материаллиг зүйлийг оруулж хэлээгүй юм. Сургууль дүүргэж мэргэжилтэн болдог шиг бясалгал дүүргэж гэгээнтэн, бурхад болох юм  байна л даа.

Оролт = бясалгал   ®  гаралт ?

Сэтгэхүйн энэ бодлогыг бодож  сурах хэрэгтэй шиг байна.

Гэхдээ эцсийн гаргалгыг нь төсөөлж  бас болохнээ. Энэ нь мэдээллийн буюу дээд ухамсрын түвшинд харилцаа гайхалтай чөлөөтэй явагддаг, уураг тархины өчүүхэн боломжоос хэтийдсэн тэр шийдэлд махран хүрч, мөнхийн гэгээрэл, мөнхийн нас, мөнхийн жаргалыг олох явдал юм.

Бясалгалын дээд үр дүнгийн нэг нь хувь заяаны ариусгал болно. Сайн, муу аль ч үйл нь үр дүн дагуулдаг. Энэ нь хүмүүн бээр сансрын хүлээсэнд уягдан улмаар төрөх, өвдөх, үхэхийн хүрдэнд эргэлдэх шалтаг болдог байна. Хүмүүсийн үйлдлийн үр дүн нь цахилгаан-соронзон мэдээллийн хэлбэрээр бичигдэж үлдэхдээ тухайн хүний хувь заяаны дэнсийг хувирган өөрчлөх программ болж байдаг байна. Энэ программ нь махбодийн энергийн утгыг хийгээд эсийн программыг өөрчилж байна гэсэн үг. Энэ нь хүмүүний хөгжил хийгээд доройтлын шалтгаан болно.

Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй  хувь заяагаа доройтуулдаг байна. Хүний тархины багтаамж нь 9,5 сая километр цувиж сунгасан хальстай тэнцүү болохыг эрдэмтэд тогтоосон байна /Д.К. Анохин, 1985/. Энэ соронзон хальсан дээр хүмүүний төрөл төрөлдөө, үе үедээ бичиж үлдээсэн буюу бичиж байгаа бичлэг нь цахилгаан-соронзон хэлбэртэй энергийн төлөөлөл болох учраас энерги устаж үгүй болохгүй тухай термодинамикийн 1-р хуулийн 2-р заалт ёсоор арчигдаж арилахгүй мөнх юм. Үүнийг галд шатаагаад ч, хар салхи дайраад ч, лантуугаар давтаад ч устгаж чадахгүй юм. Харин цахилгаан-соронзон баллуур буюу цахилгаан соронзон долгионы их үелзлийн хүчээр баллуурдаж бүдгэрүүлэх юмуу бүрэн цэвэрлэн арилгаж болох юм байна. Зөвхөн Аръяабалын бясалгал нь энэхүү гайхамшигтай баллуурын үүргийг гүйцэтгэж чадах цорын ганц арга бөгөөд үүний дүнд хувь заяаны төөргөө бүрэн өөрчлөх боломжтой гэсэн үг юм.

Удамшлыг эдүгээ зөвхөн физик биед л хамааруулж ойлгодог ба харамсалтай нь хүний тухай илүү дээд ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогүй юм. Зүй нь гени буюу удамшлын өнөөгийн ойлголт нь физик биед хамаарна. Энэ нь хүн гэсэн утгыг бүрэн илэрхийлэхгүй ба хүний тухайд физик бие нь хувцастай адилтгахуйц зүйл гэсэн үг. Шинжлэх ухааны ойлгож буйгаар хүний үүслийн 30% нь л генийн гаралтай юм. Профессор Х.Сүхбаатарын тооцсон гэр бүлийн математик загвараар бол хүмүүний эцэг эхээс өвлөн авах зүйл хамгийн ихдээ 41% байна. Ийм өчүүхэн зүйлийг хүн хэмээн ойлгосон одоогийн шинжлэх ухааны ойлголтын хүрээ нь бидний өчүүхэн хэсгийг эзэлж байгаа физик биеийн судалгаа төдий юм. Бидний өмсгөл хувцсыг хичнээн солиод ч тухайн хүний мөн чанарыг өөрчилж чадахгүйтэй адил физик биеийг яаж ч судлаад хүний мөн чанарыг танин мэдэж  чадахгүй юм.

Хүний мөн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нөхцөлддөг болж таарч байна. Иймээс айлын 10 хүүхэд 10 янзын ааш ариншин, авъяас чадавхи, бие бядар, оюуны хөгжилтэй. Тэдгээрийг угтаа сүнс буюу энергийн нь мөн чанар тодорхойлж байгаа хэрэг. Сүнс нь биологийн системд болохоор термодинамикийн 1-р хуулийн ойлголттой тохирно. Энэ хуулиар энергийг устаж үгүй болохгүй гэж заасан.  Наанадаж  5000 жилийн өмнө айлдсан Энэтхэгийн шашны   Бхагавад-Гита хэмээх сурвалж бичигт сүнсийг “үл устаж сөнөх, хэмжихийн аргагүй, мөнх” гэж заасан нь дээрх онолтой дүйж байна.  Хүний мөн чанарыг энэхүү цөм энерги тодорхойлдог байна. Тэгэхээр хүний хөгжил гэдэг нь энергийн хөгжил, түүний дотор сүнслиг энергийн хөгжил юм. Энэхүү хөгжлийг бясалгалаар олж авах боломжтой бөгөөд бясалгалын хамгийн гол үр дүн юм. Энэ хөгжлийг гэгээрэл гэдэг байна. Бичиг үсэгт тайлагдсаныхаа хирээр уншиж үзэж мэдлэг хуримтлуулахыг эрдэм гэдэг. Энэ нь гэгээрэл хараахан биш юм. Гэгээрэл нь хүн өөрийгээ дотроос нь хөгжүүлж жинхэнэ мөн чанараа таньж нээж олохыг хэлнэ. Хүн төрөлхтний Алтан үе эхлээд дөрөв дэх жилдээ орж байна. Алтан үеийн өөр нэг онцлог нь шашны ялгаа үгүй болж, хүн бүхэнд төрөлхөөс заяагдсан бурханлиг мөн чанараа нээн олох боломж юм. Энэ боломжийг дэлхийн олон сая хүн эрхэм зорилгоо болгоод байгаа нь нэн талархууштай. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн дээд шат, ухаарлын дээд шат, хүмүүний хөгжлийн дээд шат болох гэгээрэл уруу тэмүүлцгээж байгаа хэрэг юм.

 

Хэвлэл

Чин Хай  Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр /Үлгэр дэвтэр/

Чин Хай  Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр, 4-р боть

Анохин Д.К., Философский мысл проблемы естественного и искуственного интеллекта, Кн. Кибернетика живого, Изд. Наука, Москва, 1985

Баасанжав Д. Уураг тархины биоцахилгаан идэвхжил, насны хөдлөлзүй, Улаанбаатар, 1982

Boldsaikhan B. Бясалгал ба орчин үе, Papers and Introductions of Books of Buddhist Culture, Mongolian State University and Tibet Fondation in London, Book 3, 2005

Лхагваа Г.  Хүн төрөлхтний энергийн хууль, Улаанбаатар, 2006

Сүхбаатар Х. Гэр бүлийн математик загвар, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, Улаанбаатар, 2007

Мулдашев Э.Р.  Хүн бичнээс үүсээгүй, УБ, 2005

Тони Бьюзен  Тархины хүч чадлаа дээд зэргээр ашиглая, Улаанбаатар, 2004

Туваанжав А. Хүн бүр ид шидтэй, Бурханлиг  Өдрийн сонин №235, 2004

Hurelsukh S, Ochirsukh S. Physik of Religion, Papers and Introductions of Books of Buddhist Culture, Mongolian State University and Tibet Fondation in London, Book 2, 2004

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(9 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.