ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ


ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ

(Уянгын дурсамж)

 

            Гал нохой жилийн тэр нэгэн билэгт өдөр ээж минь хүү төрүүлж  эх болсон юм. Ингэж сайны ерөөл бүрдэж долоон үрийн заяа түшсэн орчлонгийн нэгэн сайхан эх бөлгөө.

            Чингис хааныг, эсвэл Гитлерийг бас Есенинийг төрүүлсэн эх, миний эх ч өөрцгүй ерөөс хүн төрүүлсэн эгэлхэн мөртөө эгнэшгүй гавьяатнууд билээ. Цэцэгнээс мэндэлсэн Ловонбадамжунай Бурханаас бусад бүх бурхад, түүний дотор Бурхан Багш ч эхээс төрсөн. Эхийн ачаар хүний ертөнц цаглашгүй сониноор цогцлон бүтжээ. Өөрийн өмч газраа Эх орон гэж, төрөлх хэлээ Эх хэл гэж хамгийн хүндтэй бүхнээ эхээр өргөмжлөн нэрлэж бас тийн хайрлаж заншсан монголчууд бид эхийн шүтээнтэй улс.

            Германчууд харин төрсөн нутаг усаа Эцэг орон, төрөлх хэлээ Эх хэл гэж эцэг, эхийг тэнцүү өргөмжлөх нь бий.

            Тэмээнээс дэнжигнүүр, тэрэгнээс дэржигнүүр амьдралын олон өнгө аяс бүхий улбааг нэхэн нэгэн жаран гурван жилийг элээж амьдрахдаа ээж минь хар гэртээ хаан, бор гэртээ Богдын суудалтай бор амьдралдаа сэтгэл хангалуун өгөөмөр талбиун эх явлаа. Ээжийнхээ амьдарсан жилүүдийн дөрөвний нэгийг хүү нь танаасаа алсад сууж, эхийгээ санаж өнгөрөөсөн жилүүд байлаа. Олон ч жил эх, хүү хоёр биенээ санан бэтгэрч явж дээ. Эх нь хүүгээ, хүү нь эхийгээ санаж бэтгэрдэг энэ хорвоогийн уярал аа гэж. Санасны эцэст учирдаг амьдын жаргал гэж юутай нандин бэ. Ээжийнхээ аргал түүж, цай чанаж өгсөн тэр их ачлалыг би мөнх юм шиг эндүүрч явж. Эхийн түмэн зовлонгийн дотор үр хүүхэд нь өөрийг нь ойлгохгүйн зовлон гэж бий.

            Хемингуэй эхийнхээ оршуулганд ч очсонгүй, үхлийн нь тухай цахилгааныг хэнэггүй хүлээн авахдаа: “Эцгийг минь өөрийгээ алахад хүргэж гар бууг нь надад явуулж үхлийн ерөөл дэвшүүлсэн юм” гэж хэлж байдаг. Ийм эх үр ч байдаг. Хүний хорвоог ойлгох бэрх. Энэ бол ердийн хэн нэгэн ч биш, ертөнц даяар нэрд гарсан Эрнест Хемингуэй шүү дээ.

Ингэхээр Монгол эх, үрийн заяа тавилан шиг гал ноцсон хайр, ачлал, энэрэл, шаналал цогцолсон ёс суртахууны эрхэм дээд чанарыг газар сайгүй олохгүй биз ээ.

            “Аугаа их Чингис нохойноос айдаг, эхээсээ айдаг байсан”-ыг Монголын нууц товчоонд онцлон дурджээ. Бид ч ингэж өсөж хүмүүжсэн. Бид долоо цөм л эцэг эхээсээ айж эмээн хүн болсон. Энэ л үр хүүхэд бидний эцэг, эхээ гэсэн хамгийн дээд хүндлэл байсан юм.

            Эцгийн босго алхаж         

                                    борви тэнийн

            Эх газрынхаа шороог

                                    идэж, туучиж явахдаа

            Хүслийн дөрөөг           

                                    Ханхийлгэж жийсэн

            Хүрэн бүргэд би амьдралд          

                                    агсам тавьж  ирсээн

            Амьдралын ханасан уусмал гэж

                                    хаа байна

            Амтлах гэж, ууж согтох гэж

                                    би төрсөөн (Намрын цэнхэр зэргэлээ, 1986)

            Намайг биднийг ингэж бардам дуугарах болтол хүн хийсэн эцэг, эхийн ачийг юутай зүйрлэлтэй билээ.

Ертөнцийн гэрлийг бэлэглэсэн ээждээ

Дурсгаж даанч болохгүй юм

Нар сарыг ч бэлэглэх юмсан гэж дуулдаг казакийн гайхамшигт яруу найраг бий.

 

            Амьдрал сайхан, сайхан гэж чих шуугина

            Аз, эз алив бүхэнтэй

            Асгарах нулимс  баярлах  инээдтэй

            Амьдрал тансагт чинь шунаагүй

            Талын хүрэн бүргэд ээ  би…

Ингэж дуугарахдаа би энэ хорвоогийн уйтанг мэдэрч байсан ч эцэг эхээ мөнхлөхийн хүслэнд автаж явсан болохоор бас л дутуу ухаарчээ.

            Нутгийн уулс шиг эцгийн минь сүр

            Нугын цагаан гэртээ бий

            Нугын цагаан гэр дотроо

            Нутгийн минь тал шиг хоймортоо бий (Эцгийн сүр, 1972)

            Ийм л сайхан өгөөмөр эцгийг минь 1974 он авч одохуй:

            Элгэнд сүжрэх унаган хайраар

            Эцгийгээ үгүйлэн дутааж явна

            Таван ханатын халуухан хоймрын

            Талыг дүүргэж гэж мэрийж явна

            Халамжит эцгийнхээ зайг нөхөх

            Хангайг сүргээр дүүргэхийн адил аа

хэмээн хайлж аргаа олж ядан үлдэхүй эх минь биднийг түшиж орчлонгийн тэнхлэг хазайж тогтсон юмсан. Одоо харин бүтэн нуржээ. Нар мөхсөн мэт болжээ. Эцгийн бийд нуруу үүрэх, эцэг эхийн бийд толгой салаавчилж гэдрэг харан тэрийн хэвтэх, хий санаа алдах, эхийн бийд элгэн чулууг таалж чулуу өхөөрдөх зэргийг цээртэйд тооцож, эцэг эхээ мөнхрүүлэхийн тулд үүнээс ч илүү ихийг эрхэмлэн ёс жаяг сахиж явсан минь одоо талаар болов. Эдүгээ надад энэ хоёр аугаа их өмөг түшгийн аль аль нь алга. Намайг хантайрч тогтоон Хүн гээч их урсгалын дунд голдрилыг олуулж байсан бүх хамжаарга одоо зад тавьж би туйлын замбараагүй нэгний дүрд аяндаа хувирч байна. Миний ёс суртахууныг бүхэлд нь бүрэлдүүлж байсан зүйл одоо үгүй болж, цээжний галтай хамт бадарч байсан Эцэг, Эх гээч том философ, хязгааргүй бясалгал төгсгөл болж байна.

            Хүний орчлонг бүхэлд нь ухааруулаад ээж минь эцгийн араас биднээсээ өдөр өдрөөр алслан аймшигтай холд одож байна. Төмөр бичин жилийн зуны адаг сарын хорин тавны дүйцэн өдөр. Энэ өдөр манайд хоёр дахь жилдээ түмэн гэлэнгийн хайлан хурж байлаа. Олон жил Ар Монголд тасалдсан бурханы энэ номын учир ийм  ажээ.

            Бурхан багшийн эх Маха Мани насан өөд болсон авч бурханы оронд бус харин тэнгэрт төрсөн байх тул Бурхан Багш бээр өөрийн биеэр тэнгэрт заларч дөчин таван хоног хайлан хийж  байж бурханы оронд төрүүлжээ. Үүнээс хойш жил бүрийн зуны адаг сарын арван таванд хайлан хурж эхлээд намрын тэргүүн сар дуусах битүүнд жонжоо хуран тайлал хийж заншсан юмсанж. Энэ хурал Өвөр Монголд болон буддын шашинт орнуудад огт тасраагүй явсаар манайд хоёр жилийн өмнөөс сэргэжээ. Мянган бурхан эхийгээ мөнхрүүлэх гэж ээлжилж сахисаар нэг мэдэхнээ  эх нь хойт төрөлдөө буцсан тухай домогт өгүүлсэн байх юм. Үхлийн өмнө бүгд хүчгүй ажээ.

            Эхээсээ хагацсан уй манан дунд энэ дэлхийг онож гишгих бэрх явахуй дор хүүхдүүд нь ээжийнхээ төрсөн нутаг, бидний хүн болсон Сэрвэнгээ бараадаж, уул усаа хань татаж, нутгаа царайчилж явлаа. Тэгээд би “Намайг дуудах тал” хэмээх шүлгээ өөрийн эрхгүй саналаа.

            Чисчүү оодон тэрлэгийнхээ хормойг

            Солонготой тань уралдуулж

            Цэнхэр ямбуу цамцханаа

            Цэцэгтэй тань хамт гандаасан

            Насны уяа цэгээхэн тансаг

            Намайг дуудах урагхан тал минь ээ

гэж эхэлсэн энэ шүлгийг хүү нь ээжийгээ дагуулж, төрсөн газраа хүрч жаргасан тэр жилийн (1982 оны зун) намар бичсэн бөгөөд уг шүлэг ингэж төгсжээ.

            Зовохдоо би нулимсаа тань дээр дуслуулж

            Зовхио сөхөж зоон дээр тань дэвхэцнээ

            Дүнсгэрхэн талаасаа ухаан нэг сэлбэж

            Дөмөн хүлгийнхээ нуруунд чангаас чанга дөрөөлнөө

     (Намайг дуудах тал, 1982.11.29 Улаанбаатар хот)

            Арван жилийн хойно би шүлэгтэйгээ, нутагтайгаа уйлж хайлж уулзав. Очирхайрхан, Цагаан уул, Хөх уул, Туулай уул Дөрвөн их хайрхан дүнсийн угтав. Аав, ээжийг минь үгүйлсэн уулс, жалга, гол, харз цөм уйтай, шувууд нь орхисон нуур шиг буурлууд нь эзгүйрсэн нутаг эл хуль, гэвч би аав, ижийнхээ унаган хангай, өөрийн төрсөн газраа тэмцэж ирсэний хүчээр хязгааргүй өмөг түшгийг олж сэтгэлийн ганг бага ч болов тайлж  хэсэг уужирлаа.

             Амьдралын хоёр туйл –

                                    жаргал зовлон ээлжлэхүй

            Алга шиг энхрий биедээ

                                    инээд нулимсыг минь шингээж

            Аав ээжийн өмнөөс

                                    элгэн цангаа тайлах

            Ач буяны өлгий

                                    эх орон минь ээ  (Эх орон, 1980.8.8)

гэж уулгалсан шүлгийнхээ тайллыг би яг арван жилийн хойно мөнөөх 8 дугаар сарын 19-нд Нүхэн хадныхаа намаржаанд хөл тавьж, намаржаагаа хань татаж хоносон тэр үдэш олж, эхийгээ дагуулан арван жилийн өмнө мөнөөх нь найман сард энэ намаржааны хонхон цэцгийн аагтай үнэрт цоргиулан Ороохын голын харгиаг эх, үр ижилхэн зүүдэндээ манаж явсан жаргалтай цагийн дурсамжаар зүрхээ нэгэн үе баясаан, нэгэн үе шимшрээн байж голынхоо хүйтэн усаар зулайгаа нэгэнтээ шавшиж  уужирлаа.

            Ээжийг минь орчлонд эх болгосон өвөлжөө, миний төрсөн бууц өөр хэнийх ч бус ердөө миний л өмч шиг бодогдоно.

                         Эцгийн алдраар нэрийдсэн

                         Өвөлжөө бууцаа эргэж

                         Энгэр талыг хаяалсан

                         Гэрүүдийн буйрыг тойрч

                         Ээвэр талын бууцны

                         Үүдэн зүгээр очлоо

                         Ээжийнхээ  галладаг талын

                        Тулган чулууг түшлээ         (Өвөлжөөнөөс эргэхүй, 1974)

            Дөчин таван жилийн тэртээ тэр нэгэн хавар ээж минь гэрийнхээ зүүнтээ араг түшин хөлсөндөө нэвчиж, эх болох аугаа хувийг тэвчин хүлээж, төрөх үхэхийн тэмцэл дунд төөрөг заяагаа таамнан байсан биз ээ.

 

            Тугалын зэлнээс саяхан салсан

            Дуншиж байхдаа ч саалиа манасан

            Үрээ гэж өвчнөө нуусан

            Өвдөх бүүхэл үхлээ  нуусан

            Орчлонгийн час халуун хайр     

            Оочиндоо гал зуусан бүсгүй        (Хөхөө ижийн зар, 1988.1.26)

гэж хүү нь арав төрсөн эхийгээ хожим ухаарч шүлэглэсэн нь энэ. Нутаг даан ч сайхан байна даа ээжээ.

                          Манай нутагт зун шилэрч

                          Хөх ногооны униар хөшиглөн

                         Магнаг цэнхэр торго ч юм шиг

                         Хөхөмтөн суунаглаж уулс дуниартан …

                         Алдуул адгуус хаачхаа мартан

                         Аяны шувууд харихаа мартан

                         Ааг шим нь ханаж чинэсэн

                         Алаг цэцгийн орон байна

                                                            (Хөтөлгөө морьтой эцэг. 1986.12.11.Берлин)

            Ухаанд багтаж буумгүй Орос орны хязгааргүй их алсад хүүгээ нулимстай үдэж сэтгэлээ бөөдийлгэн сүүтийж хоцорсон ээжийг минь санагдуулсан тэр зуны Навтар толгойн бууцанд намрын шинж оржээ.

                        Хөтөлгөө морьтой эцгийнхээ

                        Тамирыг барсан таван жил

                        Хүүгийн нь агсагдаж туулсан зам

                        Таны зөнгөөрөө мэдэрсэн орчлон

                        Аяа, хөөрхий

                        Цахиур бууныхаа цэнэг шиг

                        Нэг л дуусах насыг тань

                        Замбууг тойровч хүрэлцэх

                        Мөнхөд санаж явсансан

                                                                        (Хөтөлгөө морьтой эцэг)

Ертөнцийн үл мэдэх зүг рүү дүүгүүрийн чулуу шиг арилж одохдоо ардаа аав ээж хоёрынхоо цээжний махыг барж, алдаг оногхон эрээн хуудсаар амар асуухдаа амьдын жаргалтай золгуулж явсан хүү нь эцэг эхээ жаргаах хүслээр эрээн хорвоогийн энд тэндгүй гон бие зориглон явж  байлаа.

            Олон бээрийн тэртээгээс хүүгийн нь аав ээждээ адган адган зорьж явсан жаргалтай үе саяхансан. Энэ үе аз болоход тэмдэглэгдэж үлджээ. Би 17 настай Хоргын сургуульд сурч байлаа.

1964.11.3. Мягмар гариг

Өглөө эртлэн босов. Энэ өдөр тэнгэр цэлмэг бага зэрэг жавартай байв. 5 дугаар цагийн хичээлийн завсарлагаагаар эрхлэгч дээр очиж чөлөө гуйлаа, өгсөнгүй. Орой 6 цагийн үед очсон чинь чөлөө олгов. Химийн хичээл дээр асуугдаж дүнгээ засаад явахдаа яарч эхлэв. Шууданг 5 цагаас 12 цаг хүртэл хүлээв.

                         Шулуудсан сэтгэл гэрийн зүг тэмүүлж

                         Шуудан ирэхийг тэсэн хүлээнэ

                         Утасны дэргэд олон цаг хүлээж

                         Учраа олохгүй дэмий гайхахдаа хий л хөлхөнө

                         Төрсөн гэр минь ямар байгааг төсөөлж бодоход

                        Төрүүлсэн эцэг эх ямархан байгааг дурсан санахад

                        Гиюүрэн байгаа миний сэтгэлийг улам зовоон

                        Гэрээ санахын нэгэн зовлонд аргагүй учруулна

Шуудан 12 цагт ирэв. Явахгүй учир байрандаа очиж унтав.

1964.11.4. Лхагва гариг

Өглөө 6.00 цагт босож Гочоогийн хамт Янжинг сэрээгээд гурвуул шуудан дээр очиж суув. Шуудан 6.30 цагт хөдлөв. 10.30 цагийн үед Цахирт ирэв. Аав минь намайг угтаж  авлаа.

            Гэртээ ирж  баяр хөөр болов. (Би гэртээ 6 хоноод 10-нд буцжээ. Г.Л)

1965.1.2. Бямба гариг

Өглөө 9.30 цагт босов. Шуудан ирснийг дуулаад тун их яаравчлав. Камаар (гуанз Г.Л) дайрч талхаа авч өвөртлөөд шуудан дээр ирж суув. Шуудан өглөө 10-д гараад орой 7 цагт гэртээ ирэв. Нэлээд даарав.

(1965.1.11-нд Хоргод эргэж иржээ. Г. Л)

1965.6.16. Лхагва гариг

Өглөө Хоргоос 7 цагт гараад Цахирт 1 цагийн үед ирэв. Шагдар ахын гаанан хээрээр орой 7.20 цагийн үед гэртээ ирж  баяр хөөр болов. Маш их зүдэрч ирэв.

            Үг үсэг хазайлгалгүй хуулсан арван долоо, найман насны минь тэмдэглэл энэ.

            Сурагчдын дотуур байрнаас тэлүүлэн алдарч, шуудангийн тэрэг, морь, ер шувуунаас бусдыг хөлөглөн тэмцэж ирэх хүүгээ үзэж энэ орчлонд нар бийг мэдэрсэн аав ээж минь олон сар жилд ганц л удаа жаргаж, нэг л удаа магнайгаа тэнийлгэн баярлаж, эцэг эх үр гурав нарыг наашлуулж сарыг саатуулж уулздагсан. Амьдын жаргал гэж энэ. Эргээд уулзахад ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан. Эх үрийн тухай Монгол гүн ухаан ийм ажгуу.

                          Нарийн сайхан хээрийгээ

                          Намрын сардаа сойгоорой

                          Настан буурал ээждээ

                          Намрын сардаа золгоорой

гэж утга уянга төгс ардын сайхан дууг ээжээсээ холд нулимстай дуулж явлаа.

            Торойж хоцорсон ижийн бараа одоо ч сүүтэлзэн, намар намрын зэрэглээ нулимстай нь үелзэж  хөвөлзөн, нутаг маань хүртэл эцэг эхтэй минь хамт уймарч үлдэн, сумын шуудангийн хөндий тэвшинд ганцаар дайгдсан хүүгээ бодон бодон багтарч хөтөлгөө морьтой эргэхдээ сэтгэл нь эмтэрсэн аав минь, жилийн урт хоногуудыг чадан ядан эвхэж алдагдсан хүү арай нэг эргэж үзэгдсэн зун зуны цурамхан жаргал, аяа бидний учирсан, салсан сэтгэлийн давалгаатай уянгын түүх.

                         Сургаар учрах ерөөлтэй

                         Сургууль номын таван жил

                         Жилдээ ганцхан учрал

                         Цэцгийн зунаар таардагсан

                         Саальчин эхийн элэг дэвтээж

                         Сарнисан чимх нойр нь болж

                         Саальтай дээлийн нь хормой болж

                         Сар гаруйхан жаргаадагсан

                         Адуучин эцгийн өвөр дүүрсэн

                         Азын цагаан ембүү байдагсан

                         Айлын хооронд санаад эргэдэг

                         Амны салиатай дэгдээхэй байдагсан

                                                            (Хөтөлгөө морьтой эцэг, 1986.12.11 Берлин)

Арай нэг эргэж учрахуй ээж аавд минь надаас өөр энхрий нялх үр гэж үгүй болоод намайг чадан ядан тойглож байж л сэтгэл нь амсхийдэгсэн. Эцэг эхийн агуу их хайр энэрэлд халамцуу явсан нас буурал сортой цантаж, ачлуулж хараахан ханаагүй явтал эрдэнэсийг минь биднээс булааж авчээ. Эцэг эхийн хайр энэрэл гэдэг өнгөлөг, тунгалаг, амтлаг, уянгалиг, ерөөс хүнлэг нүнжигтэй бүхэн яруу сайхнаар цогцолсон, зүйрлэвэл хором ч завсарлахгүй төөнөх нарны илч, үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт болой.

 

                         Гэгэл цайлган сэтгэлд нь

                         Насны хир угаагдаж

                         Эгэл уужим хайранд нь

                         Ухааны сэв ариусна

гэж ээжийнхээ ачийг “Эвийн хорвоо” (1977 он, Лейпциг) шүлэгтээ онголж мөнхөлсөн билээ.

            Монгол эхийн эрхэм гавьяаг ухаарах өчүүхэн миний Монгол яруу найрагт оруулах мөхөсхөн хувь энэ болой. Намар оройн бороогоор сэтгэлээ шавшин сууж, нартад эхтэйгээ өнгөрөөсөн уянгын жилүүдийг шивнэн дуудаж эхээсээ хойш жар дахь хоногт хүү нь энэ дуулийг дуусгаж хайлав.

            Миний эжийг үр сад мэдтүгэй гэж таныхаа дуртгалыг бүтээж, Герман оронд зочилсон дурсгалыг тань түүх болгосныг та мэднэ. Ээжээсээ хойш “Эх” хэмээх хайлал, “Эх үрийн дуулал”-аа зориглон хайлав. Эхтэй бүхэн хайлж, эцэгтэй бүхэн дуулж явсуу гэж ийн зүрхлэв. Эцэг эхээ жаргаасаа үрсийн халуун хайр нэмэн нэмэн арвижих болтугай.

Ууган хүү Гүррагчаагийн Лхагваа

1992.9.22. Улаанбаатар хот



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ