ХҮСЛИИН ХАВАР

Адууг сүргээр

Өвлөж аав үзээгүй

Аргамжны хоёр унаанаас

Өөрийг аав мэдэхгүй

Зүүд болсон нөгөө л анжсанд

Зүрх гаргаж нэгий нь өгчхөөд

Амьдралыг бүхэлд нь худалдаад авсийм шиг

Аав өвөлжингөө хөөр боллоо

Гарч орж сэвэлзээд

Тогтож суухаа болилоо

Газрын тухай яриа

Дэлгэж суудаг боллоо

"Хүлэг эр хоёр

Хийморьтой л доо хөөрхий

Хүн гэдэг бодгаль

Хүслээр баян юм хойно

Хүлгийн нуруунд дэрвэж

Хөхүүн явах дуртай л даа

Морьгүй бол эр хүн

Мохдог л гэлцдэг

Яахав, үзээд л алдъя

Морио энэ жил

Анжистай холбоод авъя

Хөрс ус хоёртой

Азаа туршаад үзэлтэй

Хүрз шороо хоёртой

Амьдрал холбоход учиртай

Газрын савдаг догшроохвий гэж

Нутгийхан дургүй л байна

Гал голомтоо түйвээхвий гэж

Намайг зарим нь гоочилж л байна

Илч хурсан ганц юм

Энэ газар л байгаа юм

Амьдрал агуулсан ариун сахиус

Атар хөрс л байгаа юм

Тэр сахиуст хүрч чадвал

Тэнгэрийн хишиг хүртэх л юмсан

Айж наана нь дагжаад байвал

Амьдрал харин хилэгнэхвий

Тариа будаа тарих

Тамын ажил гэлцэх л юм

Тариа будаа тарих

Тарчгийн зовлон гэлцэх л юм

Алив ажилд сураагүйн зовлон их

Адаглаад мэдэхгүйн зовлон бэрх

Эзэн хэрэв хичээвэл

Заяа бас хичээнэ

Элбэж хамжаад хичээвэл

Заавал нэгийг бүтээнэ

Хүн ер юу л гэнэв

Хүсэл зориг өөрөө л шийддэг

Хөдөлмөрийг муулаад бэрхшээж суувал

Хүн болсон нэрээ гутаана

Алхайж суухад сайхан муухай

Аль ч бай ялгал үгүй

Ажлын аагийг амтлахын наана

Аз жаргалыг мэдэрч чадахгүй

Хэн гуайн хэлдэг үнэн л үг

Хэдэн хүүхэд ажил сураг

Насыг би хэдийг элээхэв

Намайг бийд амьдрал таниг

Орчлонг ухаарнаа гэдэг чинь

Очиж үзэхийн нэр биш ээ

Амьдрал таньсан хүн гэдэг

Аргагүй эрдэнэ гээч нь юм"...

Аав үнэн голоосоо ярина

Амьдралд бие сэтгэлээрээ дурлана

Малын хошуу эргүүлэхээс өөр

Ажил хорвоод үгүй юм шиг

Манай айлынхан юманд тоосон шинжгүй

Аав л ганцаараа ийм их хүсэлд автана

Алтан говьдоо найгах тарианд

Аав үнэхээр итгэж байлаа

Арвай тариа, амтат гурил

Амьдын их хүсэл нь байлаа

Хүссэн хавар хүрээд ирэхүй

Хөл хөөрцөг аавыг дуудаж

Хөрс шороотой ураг барилдан

Хөлсний дуслаа газартаа өргөлөө

"Бадрах чи гүндүүгүй хүн

Авбал ав

Бариа мөнгө энэ тэр

Гэшгүй заяа нь

Ургацаасаа нугалаад төлчихнө л биз

Уржнангийхаар юу хийхэв

Урд жилийнхээс тампуулаад ав"

Ингэж олдсон үрийн арвайгаар

Энэ хаврын газар мялааж

Анжисны хэргийг сая л гаргаж

Азтай хаврын түрүүч ирлээ

Ус баривал одоо болох нь тэр

Ус барих од бугуйлдахтай ижилгүй

Тэгэвч говьд ус тогтоох

Түүнээс бэрх нь юусан билээ

Арын хяраас ус буухыг хүлээж

Аав олон шөнө нойргүй хонолоо

Ханзрах цас горхи болон дэгдэж

Хан уулаас бууж ирэхийг отож

Хүрз тэврээтэй газраар зүүрмэгпэж

Хүй орчлонг олон шөнө чагнаж хонолоо

Аавыг яг одоо хэн нэг нь ятгаж

Арван наймтай хархүү болгоод өгье гээсэй

Үгүй гэж аав лав амь тавьж зөрнө

Өнөөх хүслээсээ хагацаж яавч чадахгүй

Үзэж туулсан зам нь үнэн хайран

Үхлийн даваа наашилсан ч нас гуйшгүй

Тэмцэж туулсан амьдрал хичнээн үнэтэйг

Тэгэж өчих үгнээс нь сайн мэдэж байлаа

Олон хоногийн нойрноос ус барьж зүүдлээд

Одоо л хэргээ бүтээсийм шиг хөөр болж өндийх

Эцгийн догдлол ажлын ааг амтаар бялхана

Эргэж хургахгүй амьдралын их үнийг батална

"Ус барих" гэж аавын хэлдэг

Учир битүү энэ үгэнд

Аз, эз, аврал, гутрал

"Амьдрал барих" ухаан байсийм

Ам зурвас тариан талбай руу

Алсаас айсуй цасны чийгээс

Амьдрал аяндаа хавиар дүүрч ханхийн

Аавын нүднээс баярын нулимс мэлмэрээн

Хүслийн хавар нэг л шөнө

Хүрзний мөр дагаад ирлээ

Тэр хаврын хүслийн өдөр

Тэмүүлж айсуй ус эрдэнэ

Аавд минь нас хайрласан

Ам бүлийн жаргал байлаа

Эх дэлхийгээ тэнхээгээрээ тэвэрч хэвтээд

Ээж, биднийг цөмийг дуудаад

Ирж яваа усыг чагна гэж

Эцэг минь бөөн хөөр боллоо

Аавын минь эвэршсэн алга руу

Ам бүлийн минь ядмаг тогоо руу

Эрчлэн яваа ус эрдэнийг

Эцгийнхээ дэргэд хэвтэж чагналаа

Уулын гишгүүр дэрлэн буух

Усны чимээ

Саахалтын айлд дуулдам дэлсэх

Аавын зүрх

Ээжийн мэгшээ, эгчийн амьсгаа

Их орчлон цөм надад сонсдоно

"Ээ - ээ, их орчлоон

Энэрэл аврал, газар дэлхий ээ,

Ус ирж явна!

Ус!

Аав минь хаваржин хүлээсэн

Амьдралыг надад үзүүлэх гэсэн

Ач буянтай

Ус ирж явнаа"

Орчлонгоор нэг ингэж хашгармаар

Орчлонг даадаг л юм бол нь

Инээдээ дуустал шавхаж

Энэ газар шороонд ханатал цацмаар...

Аав босож тэнхээгээрээ гүйлээ

Анжсаа үнсэлж дээр дээр өргөлөө

Хавартаа жаахан өнгө гандсан ч

Халуухан юм шиг нүдэнд дулаахан

Молор эрдэнэ, гэрийн минь шүтээн

Модон анжсаа үнсэлж өргөж

Энэ хорвоод хамгийн азтай хүн

Эцэг минь одоо ганцаараа байлаа

1983 он, Улаанбаатар

 

Эл найраглалыг Говь-Алтайд дээр үед тариа тарьж байсан тухай Б.Алзахгүйн хуучаас сэдэвлэн бичсэн.


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(2 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли