ХУРИМЫН ЕРӨӨЛ


Зээ,

Хангайн хүү Тайван говийн сайхан Нямаа

Халзан Бүргэдэй, Хан Тайширын харж ургасан уулс

Ханийн заяатай хорвоод нарны унага шиг тэлүүлсэн

Хайрын дуутай амьдралд хаврын нахиа шиг цэцэглэсэн

Буянтай хүний үрс жаргах гэж төрсөн залуус 

Бурхан таалсан өлзийт өдөр гал голомтоо бадрааж

Буурал эцгийн өргөө баяраа дааж ядан

Бум орших хуримын дуулианд хөл алдсаны учир,

Эр хоёр загалын туурын чимээтэй төвөргөх

Эзэн Чингисийн хаан хуур дэлхий уяраасны учир,

Их сөн цалгиах уртын дууны шуранхайд

Эе эвийн хорвоо хайлан жаргасны учир,

Од огшоон нар наашлуулж

Орчлон тэлж дуулан жаргахын учир,

Отгон хүүгийн заяа тэгширч

Эцгийн голомт мөнхрөхийн учир

Зээ,

Алтан ургийн тавиланд бид ахан дүүс барилдаж

Азын хоёр Од онож тохиосны учир,

Амьдын жаргал аав ижийст амласнаараа ирж

Алдрай үрс нь хань түшиж айлын голомт бадарсны учир

Ая дууны тань дугараанд найраг дэвсэн хурайлж

Азын Долоон одны сүлдэнд өргөн баръя

Аймгаараа төрөлсөж саахалт буусны учир

Ачийн хариу санаж бэлгэ ерөөл дүүргэе

Дүүрэн жаргалтай буян, өөдлөх хувьтай тавилан

Дөрвөн буурлын тулсан тулгын зургаан чулуу

Өөдөө дөлтэй амьдралын дээшээ яргах үндэс

Өнөөдөр галаа бадраасан шинэ айлын голомт

Монгол овогтон бид өөдөлж явахын бэлгэ энэ буюу

Миний хоёр дүү өнө их жаргаж явахын бэлгэ энэ буюу

Хорвоод хүн болж инээж ирэх амаргүй

Холын хоёр Од онож тохиох амаргүй

Хар элгийн бидэн аймаг бүтэн алгасч

Хаа холын ерөөлөөр ингэж учрах амаргүй

Амаргүй бүхэн тавилангаараа бүтэж аз тохиосны учир

Айлын хоёр багана мөнх оршихыг ерөөе

Аз хийморь тэгшхэн энэ өдрийн найр шиг

Арвин их буян дэлгэрч явахыг ерөөе

Азын мэргэн зоосны есөн цагаан тохиож

Аз жаргалын үүд цэлийтэл нээгдсэний учир

Ажнай хүлгийн дөрөө эв дэрлэн харшиж

Аав ээжийн алдрай хослон жиргэсний учир

Аяа их баярын түмэн эхийг түрье

Амраг хоёр үрдээ сүүн цацал өргөе

Бидний их Уулс оройн дээд шүтээн

Биеэсээ тасалж төрүүлж амиараа хайрласан Бурхад

Аргадаж амьдрах тавиланд ганц л олдох Эрдэнэ

Аав ээжийн сүлдэнд нэгэн цацал өргөе

Илч хурсан дэлхий хүмүүн их төрөлтөн

Эв ургийн холбоонд нэгэн цацал өргөе

Эцэг эхийн буян үр хүүхдийн заяа

Эрдэнийн мөнх тавиланд нэгэн цацал өргөе

Түмэн учрал бүрдэж буман ерөөл тэгширсэн

Төрийнхээ алтан сүлдэнд нэгэн цацал өргөе

Цацал бүр нь бэлгэтэй, бэлгэ бүр нь биелэлтэй

Цагаан сүүний буян оршсон монгол түмний шүтээн

Дүнжингарав тэргүүтэй дөрвөн их хайрхан

Очирхайрхан тэргүүтэй орчлонгийн дөрвөн зулай

Мэндийн цагаан сэтгэл сүр сүлд оршсон

Мичид түших хангайдаа нэгэн цацал өргөе

Хун цэнгийн жигүүр дэвэлт дундаа баясалтай

Хурд давилуун хүлэг давхиан дундаа шандастай

Хуудуугүй хүний үр удах тусмаа ханилгаатай

Голомт түших нөхөрт нь эцгийн тань золбоог ерөөе

Гарын арван хуруу тэгшхэн гэж хэлэгдэг

Голомт бадраах гэргийд нь эхийн тань намбыг ерөөе

Галын амьд бурхан зантай ч, цайтай ч гэж хэлэгдэг

Ханийн халуун сэтгэлд хайрын тун хязгааргүй

Хамт заяасан эвийн гагнаас батыг ерөөе

Үүл сүлэн цалгих хурын мөнгөн будар шиг

Үүрд багын инээд халгиж байхыг ерөөе

Үүдэн хомрын зайд биесээ санаад бэтгэрдэг

Үнэнчийн цэлмэг тэнгэр будрахгүй байхыг ерөөе

Нар уулга алдтал насалж жаргаж яваарай!

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли