ДЭЭДЭС МИНЬ

Оройн бүүдгэр тэнгэрээс

Од таслан

Одноос нь оч таслан

Шүлэг туурвинам

Үнэн худлын хооронд

Гүүр тавилцаж

Үхэл мөнхрөлийн хооронд

Махран зуучилнам

Би хүч тэнхээт хүн хойно

Хөлгүй далайд нүдгүй живж

Хөвсөн зоргодос шиг

Хөөрхий болбол

Хөдөө хөхөрч наранд гандсан

Хөх хомоол шиг

Хөсөр хаягдвал

Элгэндээ гараа хумьж

Элээний далавч шиг

Салмаран унана

Мөхөл гэж энэ

Мөхсөнөөс үхсэн нь дээр!

Хийдгээ хийчхээд

Тэтгэврээ хормойлж

Хэдийгээ тоолон тааваараа жаргаж

Засгийн өмнө гэдгэр яваа

Цал буурлууд бидний дууриал

Цамбагарав шиг буурал тэргүүнд нь

Цав суусан бол сумны шарх

Будант нүд нь таниагаа бараад

Будилж дуугарвал насны нь шарх

Хор шарыг буцалгаж нэрсэн

Хорз шиг атаанд сэтгэл булингаргүй

Харзны ус шиг тунарч мэлтрэх

Ханагар оюунд нь үүлэн сүүдэргүй

Мэс атгаж ирсэн хүн

Мэнд амар асууна гэх биш

Мэдсээр байж тийм нэгнийг

Мэхийж ёслоод угтана гэх биш

Өстөн ирэхэд халз үзэлцэж

Өвдөг доороо үгий нь асуусан

Үхлийн сумнаас нөхрөө хаацайлж

Өргөн цээжээ бай шиг зоосон

Миний буурлууд эхээс төрөхдөө

Мэдрэлийн ядаргаагүй, талдаа унасан

Хонины бэлчээрт чулуу хавируулж

Хорвоотой тэд мэнд мэдсэн

Эрэлхэг хирнээ эх захтай

Эмгэндээ л шалигүй тунирхуу зантай

Эрийн хугархай, түүхийн тасархай

Эртний уулсын загвар шиг өвгөд минь!

Ээтэн гуталд нь холгуулж суувал

Элэнцгийн нь эр хүн байхав

Эсгий цаваг даалгүй сөхөрвөл

Эцгийн шийрийг яаж хатаахав

Гунан шаранд тонгороо хийдэг

Гудиггүй занг нь үгүйдээ гэхнээ

Гутлын ул хазгай элээдгүй

Гундуухан алхааг нь дууриалгүй яахав

Хөхүүр айраг ёроолд нь суулгаад

Хөл солбилгүй явчхаа байг

Гожин лонх арвуул султгаад

Гоомой дуугаралгүй харьчхалгүй яахав

Дээдэс минь, алтан ураг минь

Дэлхийн багана тулж явсан

Дээрх нар, дэргэдэх гал шиг

Дээлэндээ ноцож явсан

Дэлтэй агсал чихдэж мордоод

Тив тойрч ухаан суусан

Морин дээр дээлтэйгээ хатаж

Монгол үндсээ газартай гагнасан!


1988 Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли