ЭЗЭН БОГД ӨРШӨӨЖ ХАЙРЛА

ЭЗЭН БОГД ӨРШӨӨЖ ХАЙРЛА

Эхээс унасан цагаас

                 эвдрэлийн цүнхээлд хаягдан

Эндүү андууд нухчуулан

                 эрэмдэг нэр хөдөрсөн ч

Эх орноо эвлүүлсэн

                 эрэлхэг шулуун дээдэс минь!

Хахир зууны шуурга

                 нүдгүй даран өчиг асууж

Хар тамд дээдсийг минь

                 өмгөөлөгчгүй яллаж

Эрлэг түүхийн цаазаар

                 үхсэн хойно нь ч аваачиж

Эрин цагийн хуулиар

                сүнсий нь тонилгож ядав

Дээдсийнхээ эсрэг

                тэрсэлсэн намайг гэсгээж хайрла

Дээлий нь дамжуулж нөмрөөд

                ял тулгасан намайг

Дээврийг нь даалгүй

                шургаж унаад

Хараал зүхлээр буримдсан

                үрсээ гэсгээж хайрла!

Дээдсийнхээ ивээлд

                багтаагүйсэн бол

Дээрээ тэнгэргүй, дороо газаргүй

                цөмрөх байж

Алга дарам газраа

                эх орон гэж өмөөрөн

Айдасгүй ганц хонох

                эрхээ хулжаан алдах байж

Үндсээ аварсан лайд

               долоон зуундаа зүхүүлж

Өрлөг эзэн Чингис

               надад хүртэл чичлүүлж

Хүний өөрийн элбэн

               хөрөөний ир унуулж

Хөшөөг нь хамт буулгалцсан

               өршөөлгүй үрсээ хэлтрүүл!

Үхэгсдийг тавлахдаа бид

               ямархан аймшиггүй билээ

Өнөөдөр сэрүүн гэмээ нь

               ямархан хүлцэнгүй билээ

Нөхрөө хялайж нүнжгээ баран

               хумсаа нуух

Нүгэл хилэнц биш байлтай

               юутай цэцэн билээ бид

Өнөөдөр би гэв гэнэт

               өмгөөлөгч нь болж

Үйл лайгаа наминчлан

               нирвааны дүрд хувилж

Өндийж, унаж эзнээ хамгаалсан

               үзэг нэгтний хэрэгт

Өнгөрсөн хойно хошуу дүрэх

               юутай баатарлиг билээ бид

Тулгар төрөө май гэж өгснийг

               гавъяагүй гэж эндүүрч

Тулгын чулуу нь мөнхөрснийг

               чааваас гэж андуурч

Ертөнцийн эвийг түшиж

               түнжин холбое гэснийг тэнь

Ердөө л улайд шунасан

               яргачны гэм тулгаж

Хүн алсан хүмүүнд

               тулгадаг л нэг ялыг

Хүнтэй хамсаж тандаа

               дааж ядан үүрүүлсээн бид

Хойтойдоггүй нурууг тань

               дэлхийгээрээ дэвслэвч

Холгож эс дийлээд

               Хөх Монгол үлдсээн.

Тогооны гурван усаар тэнь

                цангаа тайлан хөлчүүрч

Таван хошуу малыг тэнь

               баран баран цэнгэв

Тоомжиргүйхэн таныгаа

               тамын ёроолд унагачхаад

Толгой дээр хүүхдүүд нь

               далан жил найрлав

Долоон түм орчсон

               гэнэн монгол ухаан минь

(Долоон зуунд огшоосон

               гэм зэмгүй сэтгэл минь)

Дорнын бухимдуу тэнгэрээс

               хулжаад арай явчхаагүй байж

Довоо тойрч тонгочсон

               хүн, мал хоёр нь

Дошоо манаж үлдээд

               удам угсаа тасраагүй байж

Сувсыг арз гэж

               эндүүрсэн шигээ

Суутныг алуурчин гэж

               андуурав, өршөө!

Суваргалсан их улсыг тань

               ангалд унагаах шахан

Сураг удам таслах

               мунхаг шүглэв, өршөө!

Хүн дуурайж, хөхөөтэй хамт

               хөлөө хөлдөөж

Цагийн агсал цалманд

               замаа төөрөн завдахуй

Эргэж буух газар нь

              эзэн Чингисийн үлдээсэн

Эх орон мөнийг

              эндүүрэх шахав, өршөө!

Буян нүгэл хоёрыг тань

              тэнцүүлж ухаарах эгшинд

Буурал түүхийн хилэнцэнд

              ганц шад өргөв.

 

1989 он, Берлин хот

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли