ДҮҮРИЙМАА НОМ (ҮРГЭЛЖЛЭЛ)

ДҮҮРИЙМАА

Хормойдоо өлгийдсэн тогоруун сүүдэр - чи

Хорьхон насандаа би яасан их олз олоо вэ

Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи

Хорвоо надад ямар их аз хайрлаа вэ

Туургат гэрт минь нүдэлсэн Хатан Сэмбэрүү- чи

Түргэнийхээ уулаас Хан Бүргэдэйг минь ширтэж ургасан

Майхнаар халхалж тэнгэрээс нууж авдаг бишрэлт цэцэг

Миний тоонотыг ширтэн Цагаан Дэглийдээ нүдэлсэн

Тэрх Цагаан нуурынхаа долгис чичрэх мандалд

Тэмүүлж агсчих завь шиг чамайг л гэж би хүн болсон

Үүрэг нуурын шагшуургатай сарны дор бүүвэйлцэн

Үүлэн хадаг дэлгэн барьж дуугаар чамдаа сүй тавьсаан

Тэсийн    цагаан хун чи далавчиндаа давалгаа наадуулж

Тэрхийн голын хаялганаас амслаа гэж зүүдэлсээн

Ардын дуутай мөнхөрсөн алиа хонгор Дүүриймааг

Алтан дэлхийг нэгжээд ч олно доо гэж би зүрхэлсээн

Насны жаргал гэрэлтсэн хосгүй маргад эрдэнэ чи

Нар. Сар, Од хөтлөн намайг л гэж заларсан

Ижилгүй ийм хувь тавилан хаа байдаг юм бэ

Эх хүн чамдаа бишрэлээ дэвсэж сөгдмүү

Миний гурван Маралын тэнтэр тунтар тэнцрээнд

Минж булган хангайн сортой сэрвээ бэдэртэнэ

Миний ботгон үрсийн ээжээ дуудах шулганаанд

Мичид зургаан эрхэсийн үүлтэй өлмий цэлмэнэ

Үртэй хүний жаргал чинийх минийх

Өглөгийн буянт гар нь харин чинийх

Өөдөө дөлтэй амьдрал чинийх минийх

Үүрд халуун илч нь харин чинийх

Туяат амьдралын чинь өөхөн дэнлүү би

Чамгүй бол цагаан голтой чандруу

Тос нэмлээ ч хоймроос хол гэрэлтэхгүй

Тортогтой гуулин цөгцний тал нь сүүдэртэй дэнлүү

Хормойдоо өлгийдсэн тогоруун сүүдэр - чи

Хорьхон насандаа би яасан их олз олоо вэ

Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи

Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ.

  1. 1998.1.21   Берлин-Шарнхорст

 

БИДЭН ХОЁР

(Хонгорхон Дүүриймаа)

"Дүүриймаа" гээч ардын сайхан дууг тэр хэвээр нь амилуулчихсан юм шиг хосгүй эрдэнээ надад хайрласан аав, ээж, тэнгэр бурхан, Их нууруудын сайхан нутагт би насаараа талархаж яваа. Луу жилтэй, гурван хөх мэнгэтэй, тэнгэр язгуурт хүмүүнд хүртээлтэй бүхэн миний ханьд юм орхигдчихвий гэсэн шиг дэндүү өгөөмөр заяагдсан байсийм. Гурван хөх мэнгэний шинжийг илтгэж:

"Бие, хэл, сэтгэл гурваар ариун" гэсэн монгол зурхай юутай мэргэн ажээ.

Миний хань энэ гурван ариун шинжийг дээдийн ариунаар хадгалж төрж, хадгалж амьдарсан юм. Миний хань ерөөс хүний хорвоод ховорхон тохиодгийн нэгэн байсныг хэлэхдээ би хүмүүс аяндаа мэдэх юм хойно бусдыг гомдоосон хэрэг болохгүй биз ээ. Сургууль шинэхэн төгсөж үйлдвэрт ажиллахаар хуваарь авсан залуус 1970 оны зун  яам, үйлдвэрийн конторын доод давхарт цугларан байхад гүн давхраатай дүрлэгэр том алаг нүд, тахимаа шүргэсэн өтгөн урт хар гэзэг, өнгөлөг яралзсан өөгүй тэгш  цав цагаан шүд, дууных шиг, зургийнх шиг уран хөмсөг, гоолиг нуруутай миний хань тэр залуус дотор байсийм.

Нүд бүхэн унаж байхад би тэвдэхдээ л харцаа буруулж байлаа. Би сэтгэпийн жолоо алдахын хирээр амьхандаа азаа л туршиж ядаж явсан болохоос үнэндээ тэр олон сайхан залуусаас намайг гэх юм гэж санаанд багтаж байгаагүй ээ.

Би тэр үед гоёл, ажилд зэрэг өмсдөг ганц ээлжийн бордуу өнгийн, гурван товчтой судалтай педжак, бүдэг ягаан өмд, уртаашаа ганц шаравтар ботинк, тэр үедээ их л гоёл болж байсан хүрэн, хар хөх будмал нейлон цамц, нейлон (резинтэй)
зангиатай бүрэгдүүхэн залуу ойртоод ч оччих сэхээгүй холхноос л дөлж харуулдаж явлаа. Би их хөлрөмтгий, ичиж эмээхээрээ бүр ч их хөлрөх. Үүнээсээ бүр нүүр хийх газаргүй болж зовж гүйцдэгсэн. Өдрийн тэмдэглэлээс:

"Би чамайг анх үйлдвэр дээр конторын доод давхарт харсан билээ. Удаахан  нь чамайг  төв  шуудангийн баруунтаа хоёр эмэгтэйн хамт явахыг чинь харсан. Би улаан усны оочерт зогсож байсан. Анх удаа чамтай толгой дохиж мэндэлсэн. Ажилд ирэх, буцах хоёртоо чиний суугаа машинд суух гэж чармайдаг байлаа. Өглөө би 5 буудлын машиныг хүлээж бусад унааг өнгөрөөж зогсдог боллоо.

Харамсалтай нь танай машин зогсолгүй өнгөрдөг ч чиний барааг олж хараад хоцрохдоо сэтгэл амсхийх шиг болдог байлаа. Би танай машинд хэд хэд суусан боловч чамайг олж харсан төдийхнээр сэтгэл минь тайвширч байлаа.

Үдийн ундан дээр чамайг гөлрөн харж суудаг боллоо.

1970. 10. 15-нд "Дүүриймаа" хэмээх шүлэг,  удалгүй захиа бичлээ. Гэвч захиагаа өгөх аргаар мөхөсхөн байв. Би "Л" гэдэг найзаараа (Лхачинбал) өгүүлэх гэж оролдсон боловч та хоёрын ажлын ээлж  хоорондоо таарахаа байчхаад сүрхий олон хонож, захиа ч нуруугаа холгуулж эргээж авлаа"  (Г.Лхагваа, тэмдэглэл, 1970 он).

"70 оны зуны нэгэн үдэш анх чамтайгаа машин дээр зэрэгцэн сууж дөрвөн зам хүрсэн тэрхэн мөч хэзээ ч миний санаанаас гарахгүй юм даа.

Ээ хүслийг татсан амраг чи минь ээ

Ээ хүрэн зүрхийг жаргаах ч юмуу даа" (Б.Дүүриймаа, тэмдэглэл, 1971.4.9)

1970 оны 12 дугаар сарын 31-ний 19 цагт Хөдөлмөр нийгэмлэгийн (хотын төвд) танхимд болсон Сангийн яамны сүлд модны наадамд  ээжийн олж өгсөн урилгаар орж анхны шинэ жилээ хамт тэмдэглэж, мөн өдрийн 12 цагт чи минь надад "Хайрт найз чинийхээ амьдралд ертөнцийн сайн сайхан бүхнийг билэгдэн ерөөж шинэ жилийн мэндийг дэвшүүлье" гэсэн ерөөлтэй, бамбаруушаа чагнуураар чагнан үзэж буй охины зурагтай ил захидал, өөрийн зурагтай мэндчилгээг дурсган анхны бэлэг өгч, би чамдаа хоёр улаан сарнайн зураггай ил захидлаар цэцгийн баглааг төлөөлүүлж, цэцэг түүсэн охины зургаар үр хүүхэд билэгдэн дурсгаж, 1970 он бид хоёрт аз жаргалын үүдийг цэлийтэл нээж өглөө. Чи минь:

"Сандуу модны мөчир дээр

Самрын боргоцой сагсайж байна

Сайхан чинийхээ хайранд

Салахаа мартаж даслаа даа" гэж сайхан дуулж гитар тоглон, би:

"Чамайг би мартъя гэвээ

Зүрхнээсээ бүрмөсөн хасъя гэлээ

Гэвч,

Чамгүйд өнгөрсөн хоёрхон хоног

Жил сар шиг уртхан байлаа" (Г.Лхагваа, тэмдэглэл, 1971.1.19) гэж бичиж, энэ уянгын цэнхэр хорвоог дуудан биширч, хайрандаа сэтгэл жингүйдэн байцгаалаа.

"Бид 11.30 цагийн орчим босоод энэ тэр гэсээр 15.00 цаг хүргэв. Чинийхээ хоолойд хосолсон гитар хөгжмийн аялгуунд уясч суухдаа зүрхнийхээ цохилт хурдассаныг мэдрэв. Ингэж л чамтайгаа уярч суухын заяа надад иржээ" (Г.Лхагваа, тэмдэглэл, 1971.1. 24, Ням).

"Сандуу мод" гэдэг дуунд чамайгаа мөрөөдөн уярч сууна. Энэ дууг би өдөржин аяллаа. Уйлмаар ч юм шиг. Маргааш чамайгаа харна, сайхнаа" (Г.Лхагваа, тэмдэглэл, 1971.1. 25, Даваа)

"Чамтайгаа уулзана гэхээс яарч догдолсоор арай гэж 12 цаг хүргээд явлаа. Хоёрт 25 минут дутуу байхад аптекийн (40 мянгатын) буудал дээр ирж зогсоод нэг

автобус өнгөрөөв. Арван минут дутуу байхад ирсэн автобусанд алчуурыг чинь хараад орчихлоо гэсэн чиньадилхан алчууртай гурван хүүхэн байна. Урамгүй мэт санагдаад явчихлаа. Юу ч гэсэн урагшилж харахаар дөхсөн чинь чи минь сууж харагдав. Гялайгаад явчихлаа."

(Г.Лхагваа, тэмдэглэл, 1971. 3. 30, Мягмар)

Хавар бид хоёрыг мөрөөдөхийн, хайрлахын жаргалд умбуулж, хөх ногооны униар запгипан мансуурч, тэгсээр намрын цэнхэр зэрэглээ тосож авлаа.

"Намайг тосох учралын азын тотго түших гэж

Намрын цагаан манан шиг тэртээ холоос дөтөлнөм

Насны жаргал үдлэх үүрдийн учрал тосон

Намрын цэнхэр зэрэглээ шиг сэтгэл хөврөн  хөвсөрнөм

Айзам бүрд нь намар хоргодсон салхины үзүүрээс

Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидэлнэ...

Хайртай гэж над уруу шидлэх чиний тунамал харц

Хамаг биеэр шүүгдэн цус давалгаална

Амьдрал сайхан сайхан гэж чих шуугина

Аз эз алив бүхэнтэй асгарах нулиис, баярлах инээдтэй

Амьдрал, тансагт чинь шунаагүй талын хүрэн бүргэд ээ би

Амьдралын  ханасан  уусмал гэж хаа байна

Амтлах гэж, ууж согтох гэж би төрсөөн"

("Намрын цэнхэр зэрэглээ", 1986. 11 23, Берлин).

 1971 оны намар, есдүгээр сарын есөнд миний хонгор Улаан-Үүдэд 45 хоногийн үйлдвэрлэлийн дадлагаар явж, ойроос санадаг биесээ холоос санаж хайрын шаналангаар жаргал хийж явцгаалаа.

"Зургаар чинь сэтгэлээ зогоож л суух юм даа. Палаажийг чинь унтахдаа эвтэйхэн эвхэж дэрлээд өглөөд мөн л тэгээд хурааж байхдаа чамайгаа энхрийлж байгаа мэт санаж тайвширч байна"
(Лхагваа, тэмдэглэл, 1971. 9 15, Лхагва).      

"Найз нь энд ирсээр чамайгаа л санах ажилтай байна Найз нь хэдий эцгээсээ салж өнчирсөн ч дахин эцэгтэй болсон зол заяандаа баярлаж байна. Чи минь л сайн сайхан байвал надад хамгийн дээд жаргал, баясал цэнгэл гээч нь тэр дээ. Найз нь чамдаа хязгааргүй хайртай шүү!!

Мартсанаас найз нь чамайгаа хардаж зүүдэлсэн. Маш гунигтай зүүд зүүдэлж сэрсэндээ уйлсан"

(Дүүриймаа, захидал, 1971. 9. 19, Улаан-Үүд).

"Урд шөнө чамайгаа хардаж зүүдэллээ Сэрэхэд бороо орж байлаа" (Лхагваа, тэмдэглэл, 1971.9.22)

“Чамтайгаа байсан цаг мөчүүд юутай сайхан бэ. Хайрт хосууд хол байх шиг хэцүү юм байдаггүй юм байна. Улаан дэвтрийг чинь харчхаад л чинийхээ зургийг барьж л өнжих юм даа"

(Дүүриймаа, захидал, 1971. 10. 8, Улаан-Үүд).

Бид хоёрын тэвчээрийг намаржин барсан Улаан-Үүдийн их аян арайхийн өндөрлөж, хоёр биеэ санасан хязгааргүй шунал хүслээр хөөрөн учирч, 1971 оны 11 дүгээр сарын 8-ны өлзий учрал бүрдсэн буянт өдөр гал голомтоо бадрааж, өөр хоорондоо уусан шингэж, нэг амь, нэг сэтгэлээр насан үүрдийн жаргалыг олохоор сэтгэл шуударсан билээ. Чи минь арван естэй, би хорин дөрөвтэй байлаа.

Тэр цагаас хойш 25 жаргалтай жилийг үдэж, гурван сайхан  үр хайрлан  хүний зэрэгт хүргэж, зээгээ өндийлгөн ухааны нь түрүүчийг хайрлаж, Лхагваагийнх гэдэг айлыг айлын дайтай авч явсан ачийн чинь хариуд 1996 онд чамдаа яруу найргийн шинэ номоо эрдмийн бүтээлтэйгээ мөнгөн хуримын бэлэг болгон барьсансан.

Чи минь намайгаа тэмүүлэлтэй амьдрахад сургасны ачаар би дүүрэн жаргалтай, дээдийн баяр баясгалантай явсийм шүү. Эрдмийн хоёр зохиол, мэргэжлийн хоёр ном, 100-гаад нийтлэл, яруу найргийн зургаан ном, уран сайхны өгүүлэмжийг голлосон 10 гаруй илтгэлээ би чамаасаа шингээж авсан тэмүүллийн ачаар чамдаа зориулж хамт сууж бүтээсэн билээ. Энэ бүхэн чиний минь уйгагүй хөдөлмөр, их бүтээлийн үргэлжлэл байсан юм.

Чи минь гэр бүлийнхээ түүхийг найман ботид цомоглон үлдээж, бид хоёрын бичилцсэн 167 захидлыг цуглуулан эмхэтгэж, амьдралынхаа бүхэл бүтэн түүхийг бодитой хадгалсан ухааны чинь ачаар бид өнөөдөр 27 жилийн өмнөхийг дэлгэн харж сэтгэлээ сэлбэж сууна. Чиний минь шүтэж тахьдаг зүйл үнэндээ эдэлж хэрэглэхийн төдий өчүүхэн зүйл хэзээ ч байгаагүй бөгөөд өөрийн чинь тэмдэглэсэнчилэн: "Гол боловсрол бол зөв хүн болох боловсрол юм. Би дизайнерийн мэргэжлийг сонирхдог. Мөн балетийг багадаа их сонирхдог, бишрэн шүтдэг байсан" гэсэн энэ зорилго, тэмүүлэл чинь хожим гэр бүлийн маань амьдралын гол үзэл баримтлал болсон билээ.

Чи, цаст хорвоод үдзлсэн цагаан хун

Зүрхэн дээр минь бууж дөрвөн бэрх наадна

Дэвсээд өгсөн сэтгэлийг хайргүй үнгэн эрхэлж

Дээр нь шоо орхиж төөрөг буулгана

Намайг жаргаасан чиний даажигнал аяа хувь заяа минь

Найргаар хурайлж онгодоор тахих шүтээн минь

Намайг хайж дэлхийг нэгжсэн нарны хэлтэрхий минь

Намартаа буцалгүй дэргэд хоцорсон жаргалын цэн хун минь

"Намрын цэнхэр зэрэглээ", 1986

Миний хань ёс зүйн  цэвэр ариун  байдлыг гүн ухаанаа болгон  шүтэж, яруу сайхны  ертөнц рүү тэмүүлж  байсан болохоороо өөрийгөө их аз жаргалтайгаар төсөөлж байлаа. Үнэхээр аз жаргалтай нэгэн байлаа. Эд юм, мөнгө мэтийн зовлон хураагч, хэрэглээний өчүүхэн сэтгэлгээнээс ангижирсан хүн байсан болохоор зовлон гэж байгаагүй юм. Миний хань өөрийгөө үнэлж чаддаг шигээ хань ижлээ үнэлж чаддаг, амьдралаараа бахархаж чаддаг байсан.

Чи минь уран зураг, сонгодог хөгжим, дуурь, бүжгэн жүжиг, яруу найраг, театр, музейн урлаг, байгаль, цэцгийг бишрэн шүтэгчийн хувиар гэр бүлийнхнээ бүхэлд нь уран сайхны энэ ертөнцөд татан оруулж чадсан бөгөөд чиний сэтгэл, гараар бүтсэн уран зургийн номын томоохон цуглуулга  ч хоёр хүүгээ зураачийн мэргэжил эзэмшихэд ач тусаа өгсөн биз ээ. Бид ээжийнхээ хамт Дрездений алдарт Земперийн дуурь бүжгийн театрт (1987. 8. 29, 19.00) "Хайрын уянга" хэмээх сонгодог концертыг ихээхэн аз тааран үзэцгээж, Берлиний Шаушпийлхаус театрын концертын их танхимд (1986. 10. 20, 20.00) ФранцЛистийн 175 насныойн их концертод умбаж, мөн театрт охиноо дагуулан гурвуул 1988. 11. 21, 20 цагт партерийн 4, 5, 6 дугаар суудал эзлэн Дмитрий Шостаковичийн XIII симфонийг сонсож, 1989 оны зул сарын баярын сонгодог хөгжмийн концертыг хоёул (1989. 12. 16) Баруун Берлиний филармоний их танхимд үзэж, шинэ удирдаач Клаудио Аббадогийн анхны концертоо удирдахыг үзэж биширч явахдаа бид хоёр сайн сайхныг жинхэнээр нь мэдэрч хөөрч догдолдогсон. Харин хувийн машинтай болохдоо үнэндээ сэтгэл хөдлөөгүй, хоёр хонуулж байж ёс төдий угааж арчсан юмдаг.

Хэрэглээний соёл гүнзгий шингэсэн, оюуны соёл  нэвтэрхий  туссан хүний хувьд эдийн тухай үзэл нь үнэнхүү даруу, уран сайхны л өвөрмөц чанартай биш бол эдэлж хэрэглэх зүйлийг шохоорхоод байхгүй, амандаа ч авч ярихгүй, тиймэрхүү аахар шаахар ярианд ч оролцох дургүй, нэг биед олон хувцас байхыг "эдийн цуглуулга" гэж нэрлэх, нэг биед олон зүүлт чимэг хэрэглэхийг "ёлкны мод шиг" гэж жигших, алтан эдлэлийг (ээмэг, бөгж, зүүлт) их хожуу хэрэглэсэн бөгөөд ганцыг л эдэлдэг, энэ бүгд нь хэрэглээний талаархи өөрийн  нь соёлтой холбоотой байсан  юм. Хэрэглээний талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэж үлдээхдээ:

"Хүн ямар нэг юмыг эдлэх эрхээ эхлээд олж авах ёстой. 10 дугаар ангийн хүүхэд 72 мянган төгрөгөөр гутал авах, савхин дээл, булга өмсөх, алт эдлэх эрхтэй болохын тулд ядаж түүнээ өөрөө хөдөлмөрлөж олох хэрэгтэй" гэжээ. 1979 онд анх Германд хөл тавьж сар болохдоо буцахынхаа урд өдөр Дрездений их дэлгүүрээр яаруухан орж өөртөө бор шар өнгийн пальто авч өмссөнийг эс тооцвол хотуудаар аялан үзвэр үзэж, гудамжны мухлагаас ойр зуурын худалдаа хийж явсан ба сүүлд нь "томхон дэлгүүрт орж барааны тавилтыг нь сонирхох байж" гэж халагласан юмдаг. Ийм л сонин хүн байсан. Хүүхдүүд ч хэрэглээний болоод сэтгэлгээний тухайд эхийгээ яг дуурайж өссөн.

Харин бид гэр бүлээрээ Дрездений алдарт уран зургийн галарейд аялж, Цвингер, Потсдамын Санссуси шитгээнийг биширч, их цэцэрлэгт нь зугаалж, 800 настай Бад Добераны сүм, Штралзундын далайн музей, Будапештийн үндэсний галарей, Прагийн сүм (храд)-д зочлон Ростокийн гэгээн Маригийн сүмд оргал хөгжмийн концерт сонирхож, эсвэл зурагтаар Бетховены IX симфонийг Лейпцигийн Курт Мазур удирдан тоглуулж байхад л сэтгэл ханаж хязгааргүй баяр хөөртэй байцгаадагсан. Энэ бол эхийн нөлөө байлаа. Хүн төрөлхтөний, ерөөс бусдын оюуны сангаас өөртөө шингээсний хирээр хүн гудамны хэн нэгнээс ялгардаг гэсэн нэн ариун үзэл баримталдагсан. Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэнгийн мэдрэмжтэй содон шүлгүүдийг хуулж бичих дуртай, яруу найргийн наадмыг идэвхийлэн үзэж сайхан шүлэг хүсэн хүлээдэг, алдарт бүжигчин Галина Уланова, Анна Павлова нарыг бүр багаасаа биширч, Чайковскийн "Хунт нуур"-ыг шүтэж, вальсын хаан Штраус, Вундеркинд Моцарт, Шуман, Брамсын тухай киноноос хүний амьдралын дээд утга учрыг мэдэрч, Ж.Чулууны вальсын аялгуунд уярч, хорин гуравхан насандаа байгалийн зургийн гайхамшгийг бүтээсэн Васильевыг өрөвдөж, сохор, дүлий мөртөө дэлхийн хөгжмийг зуун зуунаар хаанчилсан Бах, Бетховенд сүсэглэж, их Да Винчийн "Моно Лиза", Рафаэлийн "Сикстиний дагина"-ыг шүтэж, Брюловын "Морьтон бүсгүй"-г таашааж, кино жүжигчин Вячеслав Тихонов, Кирк Даглас нарыг эр хүний нь хувьд хүндэтгэж явсан юм. Шуманы Кларадаа зориулсан цэнхэр намрын уянгатай сонгодог аялгууг чамдаа дурсгаж, чи минь ханьдаа дэлхийн хамгийн бяцхан шувуутай шаазан урлал бэлэглэж, хоёр биеэ далдуур яасан ч их хүсэж, хайрлаж явсийм дээ.

Уран зургийн номыг тухлан сууж хамт үзэж хамт баясах дуртай, их наргиач, уянгалиг сайхан сафрон хоолойтой, орчин үеийн шалдир булдир дуу мэтийг тоож аялахгүй, түрүү үеийн зохиолын хийгээд мартагдсан ардын дууг сайхан дуулж, гитар сайхан тоглоно. Мөн шанздаж ятга тоглодог, ямар ч бүжгийг сайхан хийдэг. Их уран, миний л мэдэхээр дээл 14, дан дээл 4, цув 1, педжак хоёрыг урлаж, цамц, майк, ороолт, бээлий олныг нэхэж, хатгамал хийж, отгон хүүгийнхээ хамт тохой Цагаан Дар эхийг бүтээсэн. Ногоон Дар эхийг зээгт наамлаар урлах, хатгамлын томхон бүтээл хийхийг их хүсч байсан.

Их уярамтгай, маш цайлган, сайн сайхан юманд үнэн сэтгэлээсээ тэмүүлдэг, яруу тансаг мэдрэмж, гоо сайхны уран сэтгэлгээтэй, хэт авьяаслиг, ер нь цаг үеэсээ хол түрүүлсэн хүнсэн.

Сийлсэн юм шиг дурайтал тод гоё бичнэ. Өөрөө бүх талаараа яг бичиг шигээ сайхан хүн байсийм. Өөрийгөө, бусдыг хэзээ ч зөнд нь орхидоггүй, сэтгэлийн асар их тэвчээртэй, бие сэтгэлээ ухаанаараа бүрэн захирч сурсан, өөрийнхөө аливаа хүсэл сонирхол, бие физиологийн шаардлагыг ч ханийн журамд хатуу захируулдаг, хүний сайн талыг дорхноо олоод харчихдаг, түүнээс өөртөө амархан тусгаад авчихдаг үнэн гайхалтай төгс, төгөлдөр хүн байв.

Журамт ханийн ёсыг эрхэмлэн дээдэлнэ. Эр нөхөртөө дээдийн халамжтай, цай хоолны дээжийг хоёр гардан барьж, малгай бүсийг нь өргөмжлөн хямгадаж, дээд талд нь суух, уралдаж ярих, заах, гэр дотор нэрээр нь дуудах (намайг Фати гэх юм уу, найз аа гэнэ) зэргийг цээрлэж дотуур хувцсаа угаалгах, хог асгуулах мэтийг алдас гэж үзнэ. Эр нөхрөө сайн сайхан авч явахыг эрхэм болгодог, зарим бүсгүйчүүл өөрийгөө гоёж гоодоод нөхөр, хүүхдээ зөнд нь орхихыг үл таашаана. Өөрөөсөө түрүүлж намайг л хувцаслана. Дотуур хувцас сайтай цэвэр явах, нас ахих тусам илүү цэмцгэр байхыг эрхэмлэж захина.

Намайг гадаадад явах зэрэгт өөртөө тусгайлж юм захидаггүй, миний юу авчирсныг л эдэлж хэрэглэж, үүндээ сэтгэл хангалуун байна. Энэ нь бид хоёрын сонголт ойролцоо байсантай холбоотой ч үүнд  миний  хийсэн  бүхнийг дэмжиж урам хайрладаг ухаалиг зан нь нөлөөлдөг байв.

Миний гэсэн бүхэнд (ах дүү, найз нөхөд) ухаан тавьдаг, манай нутгийнханд их элэгтэй, олон хөгшчүүлтэй сүж байсан. Тийм болохоор би ч ханийнхаа талынхныг гомдоохгүйг хичээнэ. Хүн муулах дургүй, хов жив огт ярихгүй, эд юманд шунахгүй, мөнгө, аливааг хураах гэхгүй, нүүрний тосноос өөр будаг шунх хэрэглэхгүй, баяр ёслолоор хумсны болон уруулын тод биш будгаар гоёх ба үсчнээр үйлчлүүлж үзээгүй, унаган үсээ тайрч өөрчлөөгүй, өөрөө сайхан засч янзална.

Гэр орондоо биеэ зөнд нь орхих, хиртэй уранхай элдвийн юм өмсөх зэрэг хайхрамжгүй байдал гаргахгүй, "гэргий нь нөхөртөө, тэр нь эхнэртээ ямагг сайхан харагдаж байх ёстой" гэж үздэг, гэр бүлээрээ хамт сууж хооллохыг  эрхэмлэдэг, хооллох үедээ ном сонин үзэх зэргийг таашаадаггүй, баярын ширээний сайхан засалт, түүнээ тойроод хамт байцгаахаас сэтгэлийн их таашаал авдаг, эрээн мяраан зүйлд дургүй, гэр орондоо дан цулгуй өнгөнд нүдийг нь олсон ганц хоёр шигтгээ мэтийг байршуулах дуртай, найз нөхөд, ер хэнтэй ч нийлэмжтэй сайхан  үерхэж нөхөрлөх ба их цэвэрч нямбай хүн болохоор хүний бүдүүлэг, бохир заваанаас ой нь гутдаг байсийм.

Үг холтой, юмны түрүүнд  дуугарах гэж үгүй, үг нь үнэн, ухаалиг хошигнол хэлдэг, хурдан сэтгэж олон хувилбар гаргаж чаддаг, тэгээд ханийнхаа үгнээс зөрөх бүрдээ би алддаг байсан. Хүрээллийнхээ дотор хүмүүст аяндаа бишрэл төрүүлж бас өөрсдийг нь мэдрүүлдэг байсан. Хувцсаа аятайхан тохируулдаг, өмсөөд дасчихсан хувцсандаа их дуртай, байнгадуу өмсөх гэнэ.

Гэр оронд эн түрүүнд эрхэмлэх зүйл  нь ариун цэврийн  ба угаалгын  өрөөг цэвэр байлгах ба юмыг өөрийн гэсэн тогтсон байртай байлгахыг эрмэлзэж, эмх замбраагүй ундуй сундуй байдлыг үл тэвчинэ. Аяга таваг хагалах, юм хумаа гээх мэт салан задгай байдал үл гаргана.

Гэр орондоо элдэв муу сайн хувцас, хэрэг багатай юмыг цуглуулах, хадгалах гэж үгүй, нөхөж сэлбэж, эсвэл хүнд өгч, үлдсэнийг нь шууд хаячихна. Тийм болохоор манайд элдвийн новш гэж байдаггүй. Харин гэрийнхээ үүх түүхтэй холбоотой бол үзвэрийн билет байсан ч хямгадна.

Арвин гартай, идэээ элбэгтэй, сайхан хоолтой, хармын сэтгэл гэж үгүй, цагаан цайлган, дотроо юм хурааж бугшуулж чаддаггүй, эр нөхрөөсөө юу ч нуудаггүй, юухнаар ч болов аятайхан хоол унд хийчхээс эхлээд даавуун пальтоны гадар гандахад эргүүлчих, цамцны ханцуй, зах сэмрэхэд эргүүлээд үйлдвэрийнх шиг болгочхоос эхлээд хувцас хасаж тааруулахдаа үүртэх түүртэх гэж үгүй.

Их ажилсаг, зүтээр огт суудаггүй, нойронд сэргэг, бие эрүүлдээ өдөр хэвтэж унтаж  үзээгүй, завсрын цэвэр цэмцгэр өнгөнд дуртай, сайн дарс таашаан уруул хүргэж суух дуртай, кивиликор илүү таалагддаг. Өөрөө бусдад аливаа байдлаар түвэг дараа болох, чирэгдэл учруулахаас байнга зайлсхийдэг, 22 цагаас хойш айл руу  утасдаж ая, тух алдуулахаас эмээдэгсэн.

Бид хоёр хувийн ажлаа бүтээх гэж үхэн хатан хөөцөлдөж явж огт үзээгүй, санасан хүссэн маань сэтгэлийн сайнаар бүтдэг, хоорондоо том дуугарч хэрэлдэж юм уу, зодолдож, гарт

таарснаар шидэлцэж үзээгүй, харин ам муруйх бол байсаан. Хань минь намайг тэгсгээд л аргадаад тайтгаруулчихдаг, өөрийнх нь зөв ч уучлал гуйчих зориг ухаан хэдийд ч бэлэн байдагсан. Нусны алчуур, оймс, дотуур өмдөө би ханиараа угаалгалгүй өөрөө цэвэрлэчихдэг нь түүнийгээ хүндэтгэсэн хэрэг байсан юм.

Бид хоёр хаа  л бол хамт яваад дасчихсан, ажил таруут хоёул гэр рүүгээ яарчихдаг, ажил сунжирч оройтоход сэтгэл зовнингуй нөгөө нь хүлээнгүй байдагсан. Би "Дүүриймаа" гээч ардын сайхан дууг аялах их дуртай, аспирантурын хэдэн жилд энэ дууг хань татаж явсан болохоор манайхан "Лхагваагийн сүлд дуу" гэх. Дуутайгаа хамт төрнө гэдэг сайхан юмны нэг ажээ.

Чиний минь нэрээр нэрлэсэн дуу, бас шүлэг байх ахул одоо уран зураг нэмэгджээ. Роземарие чамайг минь дүрсэлсэн "Дүүриймаа" нэртэй зургийн  бүтээлээ Ааханд энэ дөрөвдүгээр сарын 17-нд нээсэн "Амьдралын элемент " зургийн үзэсгэлэндээ тавьж чамайг нээлтэнд урьсан байх юм. Герман хүн хүртэл чамаар минь уран бүтээлээ нэрлэж, чамайг урьж дуудаж онгодоо болгоно гэдэг  миний  ханьд л тохиох учир тавилан биз ээ. Шинжлэх ухаанд одоо арван шинэ хууль чиний минь нэрээр нэрлэгдэх боллоо. Мөнхрөх гэж үүнийг л хэлдэг байх.   Хүний хорвоо гэж.

Нэгэн сайхан эхийн, ханийн тухай хүнд хэлэх л ёстой юмыг энд товчхон өгүүллээ. Сайхан хүний тухай дурсан суух яасан ч сайхан юм бэ дээ. Чи минь өөрөө тэр чигээрээ бие даасан том философ, бүхэл бүтэн үзэл баримтлал байсан болохоор хань чинь ч чамайгаа бүрэн нээчхэж чадалгүй хорвоогийн амьдралыг урт гэж эндүүрч явлаа шүү дээ.

Чинийхээ сэтгэлийг дундуур үлдээсэн бүхэндээ сэтгэл гонсойж, чинийхээ төлөө хийж амжаагүй бүхнийхээ төлөө гутаж гомдож, жаргааж чадаагүй он жилүүдийн өмнөөс гомдол тээн гундаж хоцрох юм гэж санасангүй.

Энэ сэтгэл гэдгийг чинь чинийхээ  л хүчээр өргөж дааж явсан юм байна шүү дээ. Чамаасаа хойш би сэтгэлээ даахгүй  найгаж явна. Баяр баясгалан, ааг омог, бардамнал, хэгжүүрхэл цөм чинийхээ дэргэд аз жаргалтай  явсаны илрэл байж. Агсам тавьж буй  архичин чинь ханийнхаа дэргэд жаргаж яваа нь тэр юмсанж. Найз нь чинийхээ дэргэд жаргадгаа жаргачихсан. Гурван сайхан  үр, бас  зээ  чинь байна. Сайн сайхныг нь бүрэн үзээгүй ч үрсийнхээ амьдралын эс бүхэнд чи минь эхийн хувиар шингэж, цэцэглэж, үргэлжилнэ.

Миний ханийн  амьдрал  үнэндээ дээдийн  үлгэр жишээ юм болохоор ихийг үлдээж, ихийг ухааруулсны чинь төлөө үр удам чинь үеийн үед талархаж явах биз ээ.

ФАТИ ЧИНЬ 1997. 4. 20

 

 Бидэн хоёр

Жил жилийн цэцэгтэй цуг алаглан

Чинийхээ хамт дэлхийг чимж амьдрав

Цэн цэнгийн дусал хуртай хамт бударч

Цийлэн цэнхэр тэнгэрийг цуурайлтал инээж амьдрав

Цаг цагийн салхитай хамт гиншин

Чамаасаа хойш сэтгэлээ даахгүй налмайв

Цаг цагийн шувуутай хамт гунганан

Цал бууралтсан сүүдрээ хань татаж гудайв

 

"ХАНИЙНХАА НЭРИЙГ ДАРААГИЙН

ЗУУНУУДАД ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ

ДУНД МӨНХӨЛНӨ"

(Чамаасаа хойш чинийхээ төлөө би юу хийв?) "Дүүриймаагийн I хууль болох Махбодийн хууль"-ийг 3-р сарын 28-нд нийтэд зарлаж, "Дүүриймаагийн хүнзүйн ангилал"-ыг 4-р сарын 4-нд нээн олж, ханийнхаа амьд сэрүүнд (1997.2.18) хамт сууж дуусгасан диссертацийг ахин үзэж төгсгөн онолын нээлт болох зургаан хуулийг чинийхээ нэрээр нэрлэж, эрдмийн эл бүтээлээрээ чамдаа мөнхийн хөшөө босгон "Дүүриймаа" хэмээх өмнөтгөл хийсний дээр 4-р сарын 11-нд уг диссертацийг чинийхээ өмнөөс хүн төрөлхтөнд өргөн барьж тайлал хийв.

Диссертацийн хураангуйг герман, англи хэлнээ чадан  ядан хөрвүүлж, чинийхээ ёс суртахуун, гүн ухаан, гоо сайхны баримтлалыг үр удамд чинь мэдүүлж өвлүүлэх зорилгоор "Бидэн хоёр" хэмээх түүх-сургаалыг хайлж (1997.4.20), "Дүүриймаа" хэмээх ном (1997. 5. 7) бэлтгэв.

Хүү чинь ээжийнхээ хүсч байсныг гүйцээж бид хоёрын хөргийг эртний монгол хувцастайгаар бүтээлээ.

Зун боллоо. Уулс хөхөмтөөд эхэлчхэж. Дөчин есөн аймшигтай харанхуй хоног өнгөрч байна. Нулимсаар ундалсан тас харанхуй өдрүүдэд ханийнхаа төлөө, эхийнхээ төлөө бид бага боловч юм бүтээлээ. Яг л энэ өдрийн  зэрэглээ шиг амьдралд хөвж үлдэнэ гэдэг хорвоогийн дэндүү хатуу жам юмсанж.

Чамайгаа хүн төрөлхтөний дунд мөнхөлж чадахгүй юм бол намайгаа үлдээсний хэрэг юу юм бэ. Бид хоёрт баяр баясгалан авчирч амжаагүй бүхэн үр хүүхдэд чинь ногдож, насан турш эхээрээ бахархаж явахыг нь орчлонгийн хүн үзэх биз ээ.

Найз нь өөрийнхээ чадах л юмыг чамдаа амлаж, мэдэх л юмаараа чамайгаа аргадъя.

Бидэн хоёрын түүх үнэндээ Ромео-Жулетта, Паул-Паулина, Шасена-Гарбей, Юндэн-Нансалмаа... Нарангарвуугаас  ч хол давах биз ээ.

Ханийнхаа, эхийнхээ төлөө бидний хийх зүйл цааш  хязгааргүй үргэлжилнэ.


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли