ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ ЭЦЭГ


Сургаар учрах ерөөлтэй

Сургууль номын таван жил

Жилдээ ганц учрал

Цэцгийн зунаар таардагсан

Хангайн уулс зүүрмэглэх завгүй

Халуун өвөр хөрөх завгүй

Хайртай бүхнээ ардаа даллан

Харийг ганцаар зорих амаргүй ээ

Тэглээ ч 6и эх орондоо

Тэмцэж ирдэг хараацай байлаа

Төрсөн гэр, эцэг эхдээ

Тэмүүлж хүрдэг цагцгайхан байлаа

Сайхан нутагтаа сар нь юм шиг

Саатан саатан манддагсан

Нутгийхны хайраар эрхэлсэн

Нуурын мөнгөн хаялга байлаа

Сайхан нутагтаа нар нь юм шиг

Сар гаруйхан манддагсан

Айл бүхэн хоймроо залсан

Алтан гүнгэрваа би л байдагсан

Саальчин эхийн элэг дэвтээж

Сарнисан чимх нойрыг нь цуглуулж

Сэхээгүй харуулдсан нүдий нь амрааж

Сар гаруйхан жаргаадагсан

Адуучин эцгийн өвөр дүүрсэн

Азын цагаан ембүү байдагсан

Айлын хооронд санаад эргэдэг

Амны салиатай дэгдээхэй байдагсан

Санаж бэтгэрсэн унаган хээр

Сайхан зүүдтэй уяанд зүүрмэглэн

Үнэрлэх бүрдээ толгой хаялан

Өөдөөс сүжрэн шилгээж байдагсан

Манай нутагт зун шилэрч

Хөх ногооны униар хөшиглөн

Магнаг цэнхэр торго ч юм шиг

Хөхөмтөн суунаглаж уулс дуниартан

Алдуул адгуус хаачхаа мартан

Аяны шувууд харихаа мартан

Ааг шим нь ханаж чинэсэн

Алаг цэцгийн орон байдагсан

Сэтгэлийн гижиг хөндөн хөндөн

Шиврээ хураар дайлж намжирдан

Тоодог бүжих нутгаа уйлуулж

Торойх бараа бүдгэрч оддогсон

Хангайн уулс сүүтийн хоцорч

Харгуйн зураа зүггүй алсалж

Хайртай бүхнээ ардаа даллан

Харийг ганцаар зорих амаргүй ээ

Хүүгээ үдсэн эцгийн дотор

Хөө тортог шиг харлан харлан

Хөтөлгөө морьтой эргэж хатируулан

Хөндийг туулах жил шиг уртхан!

Хөтөлгөө морьтой эцгийнхээ

Тамирыг барсан таван жил

Хүүгийх нь агсагдаж туулсан зам

Таны зөнгөөрөө мэдэрсэн орчлон

Аяа хөөрхий

Цахиур бууныхаа цэнэг шиг

Нэг л дуусах насыг тань

Замбууг тойровч хүрэлцэх

Мөнхөд санаж явсансан...

Тэглээ ч би эх орондоо

Тэмцэж ирдэг хараацай байлаа

Төрсөн гэр, эцэг эхдээ

Тэмүүлж очдог цагцгайхан байлаа

Сайхан нутагтаа нар нь юм шиг

Сар гаруйхан манддагсан

Айл бүхэн хоймроо залсан

Алтан гүнгэрваа би л байдагсан

Сайхан нутагтаа сар нь юм шиг

Саатан саатан манддаг байлаа

Нутгийхны хайраар эрхэлсэн

Нуурын мөнгөн хаялга байлаа

1986.12.11 Берлин-Шарнхорст


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли