ХАНДАРМАА

Халуун зүрхэнд хайр багтарч

Хангайн уулс хөлгүй дайвав

Хамаг тавилан нүдгүй хөрвөж

Хан хурмаст захгүй цийлэв

Хайр дуудсан зүрх цочиж

Хангайн зэрэглээ согтуу найгав

Хайрга чулуун хөрс уясч

Хазаартай хүлэг шившин мишээв

Хайр ноцсон сэтгэл хэнзэрч

Хаврын яргуй шиг нүдлэн өндийв

Хаяа нэвт урь үлээж

Ханзрах горхи мэлтрэн цалгив

Хайртай хонгор Хандармаа

Халуун зүрхний Мандармаа

Хажуу айлын Танхилмаа

Хан уулын Хонгормаа

Өнөөдөр чамайг үзлээ гэж үү

Өчигдөр чи хаа байв аа

Жилийн жилд айлсаж буухдаа

Зэрэглээн дунд нуугдлаа гэж үү

Үлгэрийн шидээр дүр хувилсан

Өндгөн цагаан сар юмуу

Үүдэн хоймор зөрөхдөө ажаагүй

Үүлэнд ассан цэвцрүү юмуу

Эрвээхэй нүд чинь нэг л өдөр

Энгэрийн товчинд цахиур цахиж

Элэг эгшээн түймэр тавьж

Эмнэгийн туурай шиг цахиллаа гэж үү...

*   *   *

Хандармаагийн анхны, магадгүй сүүлчийн

Хайрын өчил тэврэн гуньж

Тэнгэрийн хол газрын хатууд

Түвшинхүү барьц алдав

"Маргааш би айлын бэр

Мандах нарнаар төрхөмдөө очно

Амьдрал санаснаар биш хойно доо

Айлын бэр болоод явна

Хотон дотроо хоргодъё гэхээр

Хожмын өдөр ганцаардвал хэцүү

Хорвоог туулах хос далавчны

Хоёр дахь нь өдлөхгүй саатвал хэцүү

Хоёр хөгшин байгаа хойно

Хотоо найз нь эргэж тойрноо

Хонгор сэтгэлээ үлдээсэн хойно

Холбосон тоглоомоо эргэж ирнээ... 

*   *   *

Хорь гартлаа айлсаж суугаад

Хоёр биеийнхээ эрэлд хатсаар

Хорвоогийн өдөр өөрөөр эргэж

Хандармаа заяагаа шийдэж

Өссөн газрын хатуу элэгнээс

Үүл зайдлан хулжмаар болов

Унасан газрын халуун өвөрт

Уулс түшин уйлмаар байв

Эр биеийн нөмөр нөөлөг

Ингэн цувраа уулсаа даллав

Хэц хэдэрч салхи хөдөрч

Хээрцйн жаргал ч зовлон болов

Уулын салхи шуугиулан бодов

Усны урсгал хөврүүлэн бодов

Үдшийн од цойлуулан бодов

Өнчин сар тормойлгон хайлав

Галт бамбар газраас шүүрэн

Гариг ертөнцөд дөхүүлэх юм шиг

Ганц үгний мэндийн солионд

Гачлан бүхэн нүүрлэсэн байх юм

Харсан бүрдээ нүд талимаарч

Хавьтсан бүгдэд үгээ чивчилж

Хайртай дуртайг ус шиг урсгасан

Харанхуй дурлалтан би биш ээ

Хайртай гээч зүрхний үгээ

Чамаасаа харамлаж суугаагүй ээ

Хангайн согоо шиг жавхааг чинь бодож

Харин би өөрөөсөө харамласийм

Өдөр бүр сэмэрч ноорсоор

Өнөөдөр ингээд урагдаж дуусах

Сэтгэлээ би чамаасаа нууж

Сэмхэн дотроо шатаж явсийм

Ууланд нь цэцэгс бөхийлгэн

Усанд нь жараахай саатуулж

Үзэсгэлэн гоод хатан суусан

Үнэнээ чи мартлаа гэж үү

Хайранд чинь гол боломгүй

Хариугүй нэгэн гэж чамлахгүй гэж үү

Амьдралд чинь тал боломгүй

Арчаагүй эр гэж голохгүй гэж үү

Сарны үзүүр ноцоод авсан ч

Шалихгүй гэж бодохгүй гэж үү

Салхины үзүүр нийтгээд барьсан ч

Саваагүй гэж чамлахгүй гэж үү

Нарны цацрагаар сэтгэлээ сүлжээд

Найргийн өлмийд дэвсэн баривал

Насны чинь жавхааг гундаах юм шиг

Надаас чи цэрвэхгүй гэж үү

Зүрхтэй бүхэн өмнө чинь хайлсан

Зүмбэр ялдам хонгор чиний

Зүггүй цалгих инээд гэвэл

Зүсрийн энхэр шиврээ шүү дээ

Сэтгэл бүхэн дэргэд чинь сэмрэн

Сэлүүргүй завь шиг бөмбөрөн дайвж

Сэхээ өгдөггүй торомгор нүд чинь

Шинэдийн онгон сар шүү дээ

Уул хөвчдөө цалгиасан дуу чинь

Унаган үүрсээ энхрий шүү дээ

Уулга хайлган ааль ааш чинь

Ботгон тойрмын халгиа шүү дээ

Чамайг хэрвээ аваад суучвал

Замбуу даяар халаглах шүү дээ

Сарнай дэрлэж халгай ургасан

Саваагүй үлгэр зохиох шүү дээ

Чамаар баян замлин хорвоо

Чамгүй л бол гундах шүү дээ

Цалгих инээд чинь надтай ширгэвэл

Заяа тавилан чинь сэвтэх шүү дээ....

*   *   *

Зүүдэнд ирдэг өнөө л хэвээрээ

Зүрхэнд хадаатай тэр л янзаараа

Дурангийн үзүүрт Хандармаа туяарна

Сэтгэлийн үүл цэлмэтэл гунхана

Аргал хормойлонгоо манай гэрийг

Анх харсийм шиг удаан ширтэнэ

Үе үе хүүхэд гүйлгэж

Үүдээ налан азнаж зогсоно

Уулаа түшсэн эр хүнийг

Уургалж барих хэцүү Хандармаа

Энэ уулнаас маргааш чамайгаа

Эмээл дээр чинь түшиж мордуулнаа

                   2

Үүд сэмхэн сэвхийж

Үүлэн сиймхийд сар бултайв

Хандармаа амьсгаа даран

Хатавчинд дуугүй хярав

Хагарах шахсан зүрхээ тогтоож

Хаалга түшин өөрийгээ аргадав

Бүсгүй хүний ёс алдан

Бүрэнхийгээр хаашаа ирэв

Намайг гэхгүй эр аргадаж

Наашаа би юунд зүглэв

Дуугаа хэрэв чамд хүргэж

Духан дээр чинь уруул хүргэвэл

Өдөр эвхэж хүлээсэн учрал

Өглөөнөөс өрсөж ирэх юм шиг

Үдшийг ардаа бөхөлж хамхиад

Үүлэн чөлөөнд дагжин зогсов

Эрийн өвөр горилон саймширч

Эмийн ёс гудайж ирсэнгүй

Энэ өдөр хайраа ханзалсан

Эмнэг сэтгэл номхотгож явна

Хаяа дэрлэн багаас айлсаж

Харуулдан байж цэргээс хүлээж

Хажууд чинь өтлөх шахатлаа

Хаанаа ийм зориг нуув аа

Чиний өчил үгийг сонсож

Цээжний багтраа тайлъюу гэлээ

Галсан уяачийн Янжинг ятгаж

Гал голомтыг чинь түшүүльюү гэлээ

Ганц хүн айл болохгүй

Ганган сайхан ч хань болохгүй

Арван хуруу тэгш гэвэл

Ар Тээлийн Янжин шүү дээ

Аав ээжийн бий дээр

Ачийх нь барааг харуулахгүй юм бол

Алтан цогцтой эр байлаа ч

Азын гал нь бүхэх байх даа

Айл гэдэг нэрээ гаргаж

Аймаг хошуундаа утаа нэмэлгүй

Аав гэсэн алдраа хэлүүлж

Ач үрсээ түмэндээ нэмэлгүй

Эр нэрийдэн эмээл зайдалж

Энэ насыг элээх хайран

Эхнэр тоохгүй жалга сахиж

Эмийн заяа гомдоовол хайран

Мод толгой сэхээгүй улайсгаж

Морины хурд увайгүй гамнаж

Айл сахиж бөгсөө холговол

Амьдралын ая даахгүй шүү дээ

Ааш зангаа дотно авч

Аргамжааны газраас холгүй өссөн

Би л чамд хэлэхгүй юм бол

Бидний дунд хүйт хургана

Хувиа бодоод эр бараадаж

Хожмын тавиланд заяагаа дэнсэж

Үгний солиогүй арилаад өгвөл

Үлийн сар шиг налмайж хоцрох уу!

Түвшинхүү минь амьдрал гээч

Төмрөөр цутгасан баримал биш дээ

Ухаан сүйхээ уралдаж байдаг

Уртын дуутай түрлэг шүү дээ

Хамт олуулаа давалгаална

Хальтирч магадгүй барьц алдана

Дэм дэмэндээ дээсний эрч шиг

Дэнсэлж явах жаргал шүү дээ...

Хайр энэрэл хайлж дэнсэлж

Хангал бие цогшиж ноцож

Хандармаа халгаж хоргодож

Хаалганы дэргэдээс нөмгөн буцав

Уулзах хувигүй тавилан гээч

Утааны суунаг шиг займарч одно

Урт шөнө ч богино болно

Уяаны газар ч хол бодогдоно

                          3

Түнэр харанхуй сүү шиг сүлэрч

Түмбэнгийн сэрвээнд хад арсайна

Одод тарайн зулайд зулж

Очис хааяа газарт харвана

Түвшинхүү зайдан галигуулж

Түмэн бодол дүүрч сажилна

Төгрөг сартай нутгийнхаа ууланд

Төөрөг заяа үүрч ганхана

Эр болсоор жаргасан зовсон нь

Энэ өдөр байж мэднэ

Эхээс унасаар хайр тэврэн

Эзгүй хярд хүнгүй болзож

Унааны зоргоор өөрийн зүггүй

Учралын хорвоод барьцгүйдэж мэднэ

Айлын банхар хоосон боргуулж

Алаг зүрх хоосон дэргүүлж

Арван тавны сар дэрлэж

Анирхан орчлон зүүдэндээ жаргалтай...

Чиний жигүүрт цагаан өргөө

Чимээгүйн дунд цомцойн торойж

Үргээчихвэл нисчих юм шиг

Үнэгчлэн гүймэг нойрсоно

Миний муу гэр дэргэд нь

Мэндийн сөхөөгүй боолхой нурнийж

Буйрандаа хаягдаж үлдэх юм шиг

Бодолд дарагдан навтайж үзэгдэнэ

Энэ уулнаас чамайгаа үдэж

Эмээлд чинь түшиж мордуулнаа

Эл шөнийг чамдаа бэлэглэж

Энгэрийн дэвсэгт овоо босгоноо...

Тэр л шөнөдөө хад дэндийлж

Тэргэл сарны туяа дэрлүүлж

Тэнгэр өөд цоройлон ургуулж

Тэх олзуурхам цохио босгов

Нуурын амгаланд нугас амгалан

Нутгийн минь сүлд энэ болог !

Хандармаа минь хайраа шингээсэн

Халуун чулуу хөшөө болог!

Хайртай хонгор Хандармаа

Халуун зүрхний Мандармаа

Хажуу айлын Танхилмаа

Хан уулын Хонгормаа

Нутаг усандаа мандаж байх хойно

Нуурандаа эргэсэн хун л шүү дээ

Чамдаа би дэгдэж хүрээд

Цайны чинь дээжийг амсана шүү дээ

Саахалтад чамайгаа байсаар байхад

Сайхан зүүдээр би цангахгүй ээ

Сар шиг мэлтрэн мандсаар байхад чинь

Шандын хөтөлд найз нь алзахгүй ээ!

                           4

Шөнө дууслаа, сүүдэр огшоон

Нар наашилж шөнө дууслаа

Өдөлж гүйцсэн хос ангир

Өглөө эртлэн ганганан шуудрав

Ханийн дөрөө яаран харшуулж

Харгуйн улбаа нэхэн дэргэв

Үүрнээсээ ниссэн алтан хараацай

Өндөр аваад явчхаж халахгүй

Орон гэртээ хоргодон хоргодон

Оносон тавиланг аргагүй дагав

Аз амталсан хорвоо таашааж

Алтан нар тосуулж золгов

Мөнх халуун чулуун овоог

Мөнгөн сар дэрлэж үлдэв

Хандармаа, Хандармаа, Хандармаа

Хавийн шувуу шулганаж хоцров

Хандармаа, Хандармаа, Хандармаа

Хадны цуурай дайвж үлдэв

Халуун зүрхэнд хайр багтарч

Хангайн уулс хөлгүй дайвав

Хамаг тавилан нүдгүй хөрвөж

Хан хурмаст захгүй цийлэв

Ардын дууны Хандармаа

Алиа хонгор Хандармаа

Уул хөвчдөө цалгиасан дуу чинь

Унаган үүрсээ энхрий шүү дээ

Уулга хайлган аапь ааш чинь

Ботгон тойрмын халгиа шүү дээ!

 

1998.2.4. Берлин-Шарнхорст


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли