ДУЛАМСҮРЭН

Аав тэр жил эсгий хийнэ гэж

Ахар уртын ноос тампуулж

Идэшний шарын шир зөөллөж

Элдэх бул шинээр зорлоо

Гэтэл дайн, атаа жөтөө

Гэрийн үүд татаж ирээд

Ээж биднийг үг ч солиулалгүй

Эцгийг минь дуудаад явлаа

Аавын оочилсон аяга цай

Амсраа даган өрөмтөж үлдлээ

Чөдөр хүртэл ганзганд хүрэлгүй

Зэлэн дээр сарвайж үлдлээ

Эзнээ үгүйлсэн адгуус 

Энэ дайнд хамт гундаж

Тохомны хөлсөө гөвөөгүй хэвээр

Толгой гудайн нуухтаж хоцров

Илүү гэрийг дүүрсэн ноосонд

Эцгийн минь хөлс шингэж гэлтэй

Зунгаг нь арилаагүй содон үнэр

Зунжингаа сэтгэлээс салаагүй билээ

Монгол эсгийн сураг алдруут

Модон бул наранд гандаж

Хаяа дэрлэн бороо салхинд

Хагсаж хагараад цав суулаа

Саарал хаврын гуниг тээсэн

Салхи хүртэл хүйтэн догшин

Эсгий өрх тооно балбаж

Эмзэглэх сэтгэлд тоосоо гөвлөө

Үлдсэн биднийг шаналан нөмөрч

Өвсөн толгойг шарланги дарсан

Тэр зун асгарах хураар

Дэлхий бас уйлахаа байлаа

Цөхөрсөн сэтгэлд нулимс хүртэл

Цөөрч туньж ирдэг юм билээ

Газар сэтгэлд ав адилхан

Ган гачиг тохиодог юм билээ

Арван хэдтэй годгор охин

Аавынхаа эхэлснийг гүйцээх гэж

Айлын өвөөгөөр туслуулж

Ахрын ноос зулж билээ

Салхины тогтуунд ноосоо зулж

Шавшиж усалж бэлэн хийгээд

Шарын ширэнд ороож байтал

Саахалтын жаал давхиад ирлээ

Хоёроор чирэх эсгийн булны

Хоосон эмээлд эзэн олдож

Өдөржин хоёул сул галигуулж

Өвсний толгой газарт давтлаа

Эцгийн дэргэд жаргалтай байсаар

Ингэтэл муу зан сурсан байж уу

Эр хүн бараа болохуй

Эрхгүй сэтгэлд хөнгөн байлаа

Олон алд бахим биш ч

Оймс, тохошны зөөлөн эсгий

Аавын охины сэтгэл бодож

Амь бүрэлдэн бүтэж билээ

"Үртэй хүний үйлс бүтэх

Үнэний хувьтай зүйр юм даа

Эрх охиноо энэтэй болсныг

Эцэг нь үзэхдээ магнай тэнийнэ дээ"

Ингэж хэлээд ижий минь

Ихэр татан уйлж суулаа

Дайртсан энгэрээ дэвтээх нулимсанд

Дайны хилэнц багтарч байлаа

Бул татсан агт морьдын

Буруу зөв сагаг даган

Өвсөн толгойд дуслах хөлсийг

Өнөө жаал хусаж зогслоо

"Монгол хүн, эр хүн гэсэндээ

Морио арчлах ухаантай байна

Газрын дайн яаж ч ирсэн

Гал голомт бөхөх нь үгүй"

Ингэж гүвтнээд ээж минь

Элгэндээ гараа хавсарч зогслоо

Хатавч хоосрон хүйтрэх гэртээ

Хань татаж хүүг цайллаа

                      2

Хар дайнд ганц хүн биш

Халх гол, дорнод тал биш

Хамаг монгол, зөвлөлт гүрэн

Хал үзэн дайтаж байлаа

Үхлээс айх хүн тэнд үгүй ч

Өрөө зурахад ёолохгүй гэж үү

Газар орноо дайсанд алдвал

Галба юүлж сөнөх бус уу...

Аавынхаа амиар амьдрал хийж

Ард нь бид үхэлгүй хоцорч

Эзнээ алдсан гал голомтын

Эвэрсэн нурмыг сахиж хоцрох

Ийм л хувь ээж бидэнд

Энэ дайн үлдээгээд явлаа

Хагацалд дуртай хар дайн

Хоймор бүрмөсөн хоослоод явлаа

                          3

Намайг хичээлдээ явах уу гэх шиг

Намрын шувууд зэл татан

Сургуулийн хонх тэр намар

Сумын төвөөс дуудлага өглөө

Барууны нь дайны барьцаанд өгсөн

Багш залуу солгой гараар

Самбар тэмтрэн уриа бичихдээ

Санаа алдаж уруу байлаа

Дайнд ялсан баатар эр ч

Дандаа инээж баясахгүй юм билээ

Хар дайн туулсан сэтгэл

Хаг сууж эмтэрдэг юм билээ

Хойтон зун нь аавыгаа орлож

Хусуур сойзыг нь бүсэндээ хавчуулж

Хоёр шонд уяа татан

Хонгор соёолонг наадамд сойлоо

Саахалт айлын чацуут ирж

Сар шиг магнайд нь хусуур хүргэж

Битүү нэмнэн хөлс авч

Баярын үсэргээнд хөтлөөд явлаа

Уяа дутсан соёолон үрээ

Урьдын дайтай цулбуур өгөөгүй ч

Эцгийн алдраар хүмүүс нэрлэн

Эдний хонгор гэж шуугьж байхад

Ухаантай эцгийн минь амийг авсан ч

Уяач алдрыг нь хүчрэлгүй үлдээсэн

Бузар дайн эрх чөлөөг

Булаах бүр ч чадалгүйг мэдлээ

Олныхоо дэмээр царай даралгүй

Орон гэрээ өөд татаж

Ажил амьдралд ижил мөртэй

Айлын хиртэй голомт тулж

Өрх гэрээ толгойлж үлдсэн

Өнчин охин хөл дээр тэнцэрч

Саахалтын хархүүд хань болох

Сар өдрийг хүлээж билээ

Эр хүний мэлмий хумьсан

Эцгийн өргөөний хийморь сэргээж

Ороод гарахад дуу нь хүртэл

Орон гэр дүүргээд явдаг

Саахалтын залуугийн хоолой засалт

Сартай уралдан зүрх тогшиж

Эсгий үүд татаад ирэх

Эршүүд алхааг нь хүлээдэг боллоо

Бадриун гарт нь тэнхэл сулран

Баргил хоолойд нь дуу сүлэгдэн

Эр хүний увдис гэдэг

Ижилгүй ихийг ухаарч билээ

                    4

Дайны шарх эмзэг хэвээр

Давч сэтгэлд хорсож байхад

Танкны мөр арилаагүй хэвээр

Дархан хилд хоргодож байхад

Хувь заяанд эрлэг болох гэж

Хорвоод бүхэлд нь эзэн суух гэж

Дараагийн дайн хар сүүдрээ

Долоон мянган бээрийн цаанаас

Хон хэрээний дуугаар хэлмэрчлэн

Хорт мэсний утаагаар зарлан

Элэг сайтай орос нөхрийн

Эв сэтгэл дамнуулж тусгалаа

Үхэл дундуур их дайныг

Үүрч туулсан улаан цэрэгтэй

Эрлэгийн дайны хүйтэн саварт

Элгээ эмтэлсэн олон эхтэй

Итгэл. сэтгэлийн хүж барилцан

Эв нэгдлийн хүч түшилцэн

Уул талдаа монгол түмэн

Улаан армийн "цэрэг" боллоо

Эх орон дайн сонсохуй

Эрчүүд хэзээний буугаа мөрлөж

Эргэж ирэхээ амлаж чадахгүй

Эмээл дээрээ багтарч байлаа

Хавтганд чинь хээ хатган

Ханцуйнд чинь нудрага тавин

Дурдан бүсний нь нэг үзүүрт

Дуламсүрэн гэж шаглаж билээ

Эр нөхрөө дайнд үдэхүй

Эмзэг сэтгэлд аянга ниргэж

Бадриун гарыг нь атгаж салахуй

Барьц бүрмөсөн алдарч билээ

Дуудлага аваагүй хадам эцэг

Дуугаа хураан тамхилж сууснаа

Хаяа дэрлүүлж гэрээ буулгаад

Хамтдаа бас яваад өглөө

Хоёр айлд эр орлож

Хоногийн тоотой тэмцэж байтал

Эр цэргийн ар болж

Ижийстэйгээ тэсэж байтал

Хадам эцгийн сургийг аван

Сумын төвөөс элч ирлээ

Ханцуйнаасаа бичиг сугалаад

Шургуулга дээр дуугүй тавилаа

Түрэмгий дайны эхний мэдээ

Түрүүчийнхтэй адил ирлээ

Орон гэрий нь буйр сэлгэж

Оронд нь чулуугаар шав тавилаа

Олон жилийн энэ дайнд

Орон гэр байрандаа гандаж

Хааяа дуулдах нүглийн сургаар

Хаяандаа бууц зайлж байлаа

                    5

Дайн бол дайн л байдаг

Түүнд ганц эрлэг л баярладаг

Үхлээс олонтаа сонсох юм

Үнэндээ дайнд юусан билээ

Бууж өгөлгүй тэмцсэний гэрч

Буман баатар хүйтэн булшинд

Эрлэгийн дайныг биедээ шингээж

Энх амгалан руу нар шиг жаргажээ

Эсгий бүрээсний сиймхий дамжин

Эрх чөлөөний нар гийж

Хагас нь тасарсан эсгий үүдний

Хамаг зайгаар ялалт түглээ

Ялсан цэргүүд буугаа орхин

Явсан замаараа дуулалдаж ирлээ

Нэгэнт нөмөрсөн дайныг дайсантай нь

Ниргэж дуусгаад шуугилдаж ирлээ

Тэгэвч тэдний туулсан зовлон

Тэнүүн мэлмийд нь үүл шиг хурж

Хамт мордсон нөхрийн нь дурсгал

Харцанд нь бэлнээ зарлал шиг байлаа

Дайсангүй ч унасан газар минь

Дайны нэгэн талбар байлаа

Дайтаагүй ч бид нутаг усандаа

Дайсан хориглосон цэрэг байлаа

 

1979.4.15 Дрезден

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли